Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2020/ДШМ/841

 

 

                                                       

А.Од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Гүнсэл,

хохирогч Б.Г,

шүүгдэгч А.О, түүний өмгөөлөгч Э.Алтан-Уяа,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/267 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.О, хохирогч Б.Г нарын гаргасан давж заалдах гомдлуудаар А.Од холбогдох 1910026620279 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Аны О, 2000 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монголын үндэсний их сургуулийн 2 дугаар дамжаанд суралцдаг, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 8 дугаар гудамжны 314 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;

            А.О нь 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 23 дугаар гудамжны 54а тоотод байрлах Б.Гийн өвлийн сууцны хаалганы цоожны кодыг нь тааруулан онгойлгон орж, “Dell” загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 779.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас: А.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овогт Аны Оыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар А.Оыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Од оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт А.О нь хохирогчид “Dell” загварын зөөврийн компьютерыг биет байдлаар нөхөн төлснийг тэмдэглэж, хохирогч нь “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэснийг, энэ хэрэгт А.О нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч А.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 23 дугаар гудамжны 54а тоотод байх айл нь миний багын найз Б.Ганчимэгийн гэр бөгөөд бид 1 дүгээр ангиасаа хоёр биенийхээ гэрээр орж, гарч хонодог байсан. Би Б.Ганчимэгийн гэрийн түлхүүр хаана байгааг мэддэг, мөн кодтой цоожоор цоожилсон үед кодыг мэддэг юм. Би тэдний гэрийнхнийг байхгүй үед гэрт нь чөлөөтэй орж, гардаг бөгөөд хоол хийж тавих зэргээр тэд нарыг хүлээдэг үе зөндөө байсан. 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр би тэднийхээс малгайгаа авахаар очсон ба ямар нэг байдлаар хулгай хийх санаа өвөрлөж очоогүй. Би өөрийнхөө үйлдлийг орон байранд хууль бусаар нэвтэрсэн үйлдэл гэж бодохгүй байна. Мөрдөн байцаалтын явцад мөрдөгч намайг энэ байдлаа хэлэхэд “тэгж хэлж болохгүй, кодыг нь өмнө харсан байсан гэж хэл, ах нь чамайг яах ч үгүй, шоронд явуулахгүй” гэж ятгаж байгаад мэдүүлгийг өгүүлсэн. Мөн Д.Гомбо, Г.Анхбаяр гэх өмгөөлөгч нарыг авахыг санал болгож өмгөөлүүлсэн. Мөн тухай үед Б.Ганчимэг, Б.Г нарын ээж миний бүх байдлыг мэдэх учир мэдүүлэг өгнө гэж байсан боловч мэдүүлэг аваагүй байна. Б.Г ах өөр газар амьдардаг, гэр бүлтэй хүн учир энэ байдлыг сайн мэдэхгүй юм. Хэргийн талаар гэрч Б.Ганчимэгээс намайг гэрт нь байх байхгүй үед нь орж, гардаг байсан талаар мэдүүлэг аваагүй, зөвхөн зөөврийн компьютерыг хэрхэн алдсан талаар мэдүүлэг авсан нь миний эрх зүйн байдлыг дордуулсан байна. Мөн хулгайлсан гэх зөөврийн компьютер нь Б.Ганчимэгийнх бөгөөд Б.Г ахын компьютер биш юм. Би урьд өмнө хэрэгт холбогдож байгаагүй, анх удаа ийм үйлдэл хийсэндээ маш их ичиж гэмшиж байна. Анх удаа хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан байхад шүүхээс надад ял оногдуулахдаа хөнгөрүүлэхгүй шийдсэнд гомдолтой байна. Миний аав, ээж, ах, дүү нарын хамт амьдардаг болон Монголын үндэсний их сургуулийн 2 дугаар дамжаанд суралцдаг зэрэг хувийн байдлыг харгалзан үзнэ үү. Би хэргийг үнэн зөвөөр шалгуулах хүсэлтэй байх тул намайг бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэх зүйлчлэлийг өөрчилж өгнө үү. ...” гэв.

            Хохирогч Б.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие ажил хийдэг ба гэртээ оройтож ирдэг байсан. Мөн А.Оыг багаас нь мэддэг ба манай хоёр дүүтэй найзалж, хааяа манай гэрт ирж хонодог байсан. Манай гэрийн кодыг мэддэг ба манайхаар байнга орж, гардаг байсан. Би А.Оыг зөөврийн компьютер авсныг мэдээгүй гомдол гаргасан байна. Иймд А.О нь манайд хууль бусаар нэвтэрч ороогүй тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч А.Оын өмгөөлөгч Э.Алтан-Уяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Хэргийн нөхцөл байдлаас харахад хууль бус нэвтрэлт байсан эсэхийг бүрэн шалгаж тогтоолгүйгээр орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэж дүгнэсэн. Гэтэл хавтас хэрэгт авагдсан хохирогч Г, гэрч Ганчимэг нарын мэдүүлгээр А.О нь тэдний гэрт байнга орж, гардаг байсан бөгөөд хүнгүй байсан ч ордог, хаалганых нь кодыг мэддэг гэдэг. Ийм байхад шүүх энэ талаар огт дүгнэлт хийлгүйгээр орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэж үзсэн нь бодит байдалтай нийцээгүй. А.Оын хувийн байдлын хувьд хойд эцэгтэй, найз Ганчимэгийн гэрийг хоёр дахь гэрээ болгосон, орж гараад явдаг нөхцөл байдалд байдаг. Хэдийгээр найзынхаа гэрээс хулгай хийсэн үйлдэл нь буруу боловч хууль бусаар нэвтэрсэн үйлдэл нь тогтоогддоггүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж үзэж байна. А.Оаас мэдүүлэг авах үйл ажиллагааны хувьд, энэ хэрэг илэрснээс хойш цагдаагийн байгууллагаас “чи мэдүүлэгтээ тааруулах ёстой” гэх байдлаар удаа дараа ятгаж байцаалт авсан гэх нөхцөл байдал байдаг. ...” гэв.

            Прокурор Б.Гүнсэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн үйл баримтад прокуророос дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзэж хэргийг шүүхэд шилжүүлсний дагуу шийдвэрлэсэн. Нийгмийн харилцаанд орж байгаа нийтлэг хэм хэмжээнүүд гэж бий. Үүнд нэмэгдэж иргэдийн ёс суртахууны хэм хэмжээ авагдсан байх ёстой. Тодруулбал, иргэн А.Оын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хохирогчийн гэрээр орж, гардаг, кодыг нь мэддэг гэж ярьж байгаа боловч шүүгдэгч нь тухайн орон байранд нэвтрэх зөвшөөрөлтэй этгээд биш гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан байх тул хэвээр үлдээх саналтай байна” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

А.О нь 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 23 дугаар гудамжны 54а тоотод байрлах хохирогч Б.Гийн өвлийн сууцны хаалганы цоожны кодыг нь тааруулан онгойлгон орж, “Dell” загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 779.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Гийн “...Би ... гэрээ цоожлох гэтэл цоож болохгүй эвдэрсэн, дээд хэсэгтээ цохигдсон байхаар нь ... дэлгүүр ороод ... цоож аваад цоожлоод ажилдаа явсан. ...Орой дүү Ганчимэг ... утсаар “та зөөврийн компьютер аваад явсан юм уу, ...гэрт байхгүй байна” гэхээр нь ... “цагдаад дуудлага өг, гэрийн цоож чинь эвдэрсэн байсан, би дэлгүүрээс өөр цоож авч цоожилсон” гэж хэлсэн. ...Манай гэрийн цоож кодоор онгойдог ба уг кодыг О мэддэг байсан. ...” /хх 13-17, 60/,

гэрч Б.Ганчимэгийн “...Зөөврийн компьютероор хичээлээ хийх гээд хайгаад олдохгүй байхаар нь эгч Гантуяа, ах Г хоёр руу утсаар яриад “Зөөврийн компьютер авч явсан уу” гэж асуухад ... ах Г “цагдаад дуудлага өгчих, цоож чинь эвдэрсэн байсан” гэж хэлэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. ...О ... манай цоожны кодыг мэддэг. ...” /хх 20-22, 63/,

А.Оын яллагдагчаар өгсөн “...Хичээлдээ явахаасаа өмнө найз Ганчимэгтэй уулзаад гаръя гэж бодоод гэрт нь очсон чинь хүнгүй, цоожтой байхаар нь би “0188” гэсэн кодыг нь хийгээд гэрт орсон чинь зурагтын хажууд тавиур дээр зөөврийн компьютер байхаар нь аваад куртикны дотуур хийгээд, гэрээс нь гараад цоожийг нь буцаагаад цоожилсон. Тэгээд ... “Хар хорин” зах ороод нэг танихгүй ах явж байхаар нь “...энэ зөөврийн компьютерыг зарах гэсэн юм” гэж хэлсэн чинь ... бэлнээр 500.000 төгрөг тоолж өгөөд зөөврийн компьютерыг аваад явсан. ...Би мөнгөөрөө “Бөмбөгөр худалдааны төв”-өөс 90.000 төгрөгийн гутал, 60.000 төгрөгийн цүнх худалдаж аваад, үлдэгдэл мөнгийг нь өөртөө хэрэглээд дууссан. Ганчимэг гэртээ орохдоо “0188” гэж код хийж байсныг 3-4 удаа харж байсан. ...” /хх 55-56/ гэх мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 6-8/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 9-11/, “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх 28-30/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч А.Оыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Орон байр гэдэгт хүн байнга буюу түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгох ба орон байр нь хөдөлгөөнтэй, түр шинжтэй байж болно.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, хохирогч Б.Г Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 23 дугаар гудамжны 54а тоотод эхнэр, хүүхдүүд болон дүү Б.Ганчимэг нарын хамт амьдардаг ба А.О нь найз Б.Ганчимэгийн хамт гэрт нь хэд хэдэн удаа очихдоо тэдний хаалганы цоожны кодыг мэдэж, улмаар түүний гэрт хууль бусаар нэвтэрч, тухайн орон зайд хадгалан хамгаалагдаж байсан бусдын эд хөрөнгийг өөрийн болгон авч, захиран зарцуулах бодит бололцоог бий болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

Шүүгдэгч А.Оын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заажээ.

Шүүгдэгч А.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэл бүхий болжээ.

Дээрх үндэслэлээр шүүгдэгч А.Оын “...Би тэднийхээс малгайгаа авахаар очсон ба ямар нэг байдлаар хулгай хийх санаа өвөрлөж очоогүй. Би өөрийнхөө үйлдлийг орон байранд хууль бусаар нэвтэрсэн үйлдэл гэж бодохгүй байна. ...Анх удаа хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан байхад ялыг шүүхээс надад ял оногдуулахдаа хөнгөрүүлэхгүй шийдсэнд гомдолтой байна. ...Намайг бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэх зүйлчлэлийг өөрчилж өгнө үү. ...” гэсэн,

хохирогч Б.Гийн “...Би А.Оыг зөөврийн компьютер авсныг мэдээгүй гомдол гаргасан байна. Иймд А.О нь манайд хууль бусаар нэвтэрч ороогүй тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч А.Оын давж заалдах гомдолд дурдсан “мөрдөгч намайг ятгаж мэдүүлэг өгүүлсэн” гэх үндэслэл хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.О, хохирогч Б.Г нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/267 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.О, хохирогч Б.Г нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                                       Б.АРИУНХИШИГ

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ