Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 548

 

А.Од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Алтан-Уяа, Т.Одгал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 267 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 841 дүгээр магадлалтай, А.Од холбогдох 1910026620279 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Алтан-Уяагийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 2000 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт А.О нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх А.Оыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, А.О нь хохирогчид Dell загварын зөөврийн компьютерийг биет байдлаар нөхөн төлсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.О, хохирогч Б.Г нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Text Box: Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Алтан-Уяа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Хавтаст хэрэгт А.Оыг орон байранд хууль бусаар нзвтэрсэн талаар нотлох баримт байдаггүй. Харин А.Оыг хохирогч Б.Гийн гэрт байнга байдаг талаар хохирогч Б.Гийн өгсөн “...А.О нь манайд байнга байж байдаг. Манай гэрийн цоожны нууц кодыг мэддэг...” гэх, мөн гэрч Б.Гийн “...А.О бид хоёр 11 жил найзалж байна... А.О нь манайд байнга байдаг. Манай гэрийн түлхүүр хаана байдаг, цоожны код зэргийг маш сайн мэддэг...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримт авагдсан байдаг. Мөн хохирогч Б.Гийн гэрт хууль бусаар нэвтрээгүй, А.Од оногдуулсан ял хүндэдсэн талаарх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар хууль бус нэвтрэлт биш болох нь хангалттай нотлогдож байхад шүүх эдгээр нотлох баримтыг үнэлэхгүй шийдвэрлэсэн. А.О нь одоо 20 настай, МҮИС-ийн 2 дугаар курст суралцдаг. Хохирогч нь А.Оыг орон байранд хууль бусаар нэвтрээгүй хэмээн нотолсоор байхад шүүх Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар гэм буруутайд тооцон ял халдааж байгаа нь түүний эрх зүйн байдлыг дордуулж байна. А.О нь 2019 оны 11 сарын 12-ны өдөр ямар нэг байдлаар хулгай хийх санаа өвөрлөж хохирогчийн гэрт очоогүй, харин малгайгаа авахаар очсон, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлж барагдуулсан, энэ хэргийн улмаас учирсан нийгмийн хор аюулын хэр хэмжээ бага зэргийг харгалзан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Одгал хэлсэн саналдаа: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан. А.О нь 19 настай эмэгтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан. А.О нь хойд эцэгтэй бөгөөд түүнээс зугтааж багаасаа найзалсан найзынхаа гэрийн үйлчлэгч хийж гэрт нь байнга байсан. Мөн А.О нь хоёрдугаар дамжааны оюутан бөгөөд цаашид эх хүн, ээж болно. Иймд хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлаж, түүнд 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Ц.Бурмаа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.О нь хохирогч Б.Гийн гэрт хууль бусаар нэвтэрч зөөврийн компьютер хулгайлсан болох нь тогтоогдсон. Түүний үйлдсэн хэргийн зүйлчлэл тохирсон. Шүүх А.Од холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Гэвч түүний гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээсэн, хохирол төлбөргүй, хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг баримтлан оногдуулсан ялыг багасгах боломжтой гэж үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Алтан-Уяагийн гаргасан гомдлыг үндэслэн А.Од холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч А.О нь 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 23 дугаар гудамж 54а тоотод байх Б.Гийн өвлийн сууцанд хууль бусаар нэвтэрч “Dell” загварын зөөврийн компьютер хулгайлж, 779.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласны улмаас шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд А.Оын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг сэргээн тогтоож, шүүгдэгч А.Оыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин шүүгдэгч А.О нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан 2 жил хорих ялыг хөнгөрүүлэх талаар хохирогч болон шүүх хуралдаанд оролцсон прокурор, өмгөөлөгчийн саналыг хүлээн авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар А.Од 1 жил хорих ял оногдуулж, энэ талаар шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 267 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 841 дүгээр магадлалд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч А.Од 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

                                                   ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                                   ШҮҮГЧ                                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                           С.БАТДЭЛГЭР

                                                                                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                                                           Ч.ХОСБАЯР