Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 267

 

 

 

 

 

 

 

  

    2020            04           29                                        2020/ШЦТ/267                                 

                                                                                                                      

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт А-ны О-д холбогдох эрүүгийн 19100 2662 0279 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: улсын яллагч Х.Эрдэнэтуяа, шүүгдэгч А.О, түүний  өмгөөлөгч Д.Гомбо, Г.Анхбаяр нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга М.Солонго шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, МҮИС-ийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт А-ны О- /РД:,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч А.О нь 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хххх тоотод байх Б.Г-ийн өвлийн сууцанд хаалганы цоожны кодыг нь тааруулан онгойлгон хууль бусаар нэвтэрч Делл маркийн зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 779.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч А.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр найзынхаа гэрээс малгайгаа авах гээд явсан. Намайг очиход гэр нь цоожтой байсан. Би хаалганых нь кодыг мэддэг болохоор онгойлгоод ороход миний малгай буйдан дээр нь байсан. Тухайн үед малгайгаа аваад жоохон сууж байгаад гаръя гэж бодоод сууж байхад тавиур дээр нь зөөврийн компьютер харагдахаар нь аваад гараад явсан. Би анх гэрт нь орохдоо зөөврийн компьютер байгаа гэж мэдээгүй. Ямар нэгэн зүйл хулгай хийх гэсэн санаа байгаагүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 19100 2662 0279 дугаартай хэргээс:

 

1. Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 12-54а тоотод үзлэг хийсэн тухай 2019 оны 11 сарын 14-ний өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 09-11х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Г-ийн хохирогчоор өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 12-54а тоотод амьдардаг юм. 2019 ны 11 дүгээр сарын 14-ний өглөө гэрээ түгжээд гарах гэхэд гэрийн цоож эвдэрчихсэн байсан. Би өөрийн төрсөн дүү Гантуяа, Ганчимэг нар руу залгаж асуух гэсэн боловч хоёулаа гар утсаа аваагүй. Тэгээд би гэрийнхээ хойд талд байдаг дэлгүүрээс цоож авч, гэрээ цоожлоод ажилдаа явсан. Орой 20 цагийн орчим манай дүү Ганчимэг гэртээ ирээд над руу утасдаж “гэрт байсан компьютер байхгүй байна” гэхээр нь би “цагдаад дуудлага өг” гэж хэлээд дуудлага өгүүлсэн. 2019 оны 11 сарын 13-ны өдөр 11 цагийн үед манай дүү Гантуяа гэрээсээ гарахдаа бүх хаалгаа түгжээд гарсан гэж хэлсэн.

Би сүүлд зөөврийн компьютерийг хэзээ ашигласнаа санахгүй байна, ер нь нээх ашиглаад байдаггүй. Манай хоёр дүү ойр зуур хичээлдээ ашигладаг юм. Уг компьютерийг 2019 оны 4 сарын 27-ны өдөр 1.700.000 төгрөгөөр худалдаж авч байсан, одоо тухайн ханшаар нь үнэлнэ. ...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, яг адилхан зөөврийн компьютерийг авч өгсөн байгаа. Үзүүлэлт нь алдагдсан нөүтбүүкээс арай илүү байсан, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 14х, 60х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Ганчимэгийн гэрчээр өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 12-54а тоотод өөрийн эцэг, эх, ах, эгч нарын хамт амьдардаг юм. Өнөөдөр буюу 2019 оны 11 сарын 14-ний өдөр 08 цагийн үед гэрээсээ гарч, хичээлдээ явсан ба тэр үед гэрт ах Г үлдсэн. Ингээд орой 21 цагийн үед би гэртээ түрүүлж ирээд байшингийн хаалганы кодоор онгойлгодог төмөр цоожийг сольсон байхаар нь гайхаад ах Г рүү утсаар ярьж асуухад “байшингийн хойд талд түлхүүрийг нуусан байгаа” гэхээр нь түлхүүрийг авч онгойлгож орсон.

Тэгээд гэртээ ороход гэрийн эд зүйлс эмх замбараатай, харин байшингийн зүүн тал руу харсан цонхны дээд талын жижиг салхивч онгойсон байхаар нь гэрийн эд зүйлсийг үзэхэд Dell i5 загварын зөөврийн компьютер алга болсон байсан. Өчигдөр байсан эсэхийг би мэдэхгүй байна, анзаарч хараагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 20-21х/,

 

4. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2020 оны 3 сарын 17-ны өдрийн ХУ2-20-160 дугаартай:

“...Үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 11 сарын 14-ний өдрийн байдлаар 779.400 /долоон зуун далан есөн мянга дөрвөн зуу/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч Б.Г-ийн алдагдсан эд зүйлсийн үнэлгээг тогтоосон үнэлгээний тайлан, дүгнэлт /хэргийн 29-30х/,

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Оын яллагдагчаар өгсөн:

“...Би 2019 оны 11 сарын 12-ны өдөр 11 цагийн үед гэрээсээ гараад найз Ганчимэгтэй уулзах гээд гэрт нь очиход гэрт нь хүн байхгүй, цоожтой байхаар нь би 0188 гэсэн кодыг нь хийгээд гэрт орсон. Тэгэхэд зурагтны хажууд тавиур дээр нөүтбүүк байхаар нь аваад, куртикны доогуураа хийгээд гэрээс нь гараад, цоожийг нь буцааж цоожлоод явсан. Хар хорин зах ороод, нэг танихгүй ах явж байхаар нь тэр ахад хандаж “ахаа, мөнгөний хэрэг гараад энэ нөүтбүүкийг зарах гэсэн юм” гэхэд “хэдээр зарах гэж байгаа юм бэ” гэж асуусан. Би “500.000 төгрөгөөр зарна” гэж хэлэхэд тэр ах нөүтбүүкийг асааж шалгаж үзээд, бэлнээр 500.000 төгрөг тоолж өгөөд нөүтбүүкийг аваад явсан. Одоо би тэр хүнийг харвал танихгүй.

Мөнгөний хэрэг гараад ийм зүйл хийсэн. Нөүтбүүк худалдсан мөнгөөрөө Бөмбөгөр худалдааны төвөөс 90.000 төгрөгөөр гутал, 60.000 төгрөгөөр цүнх худалдаж авсан, үлдэгдэл мөнгийг нь өөртөө хэрэглээд дууссан. Миний авсан нөүтбүүк нь Делл брендийн, хар өнгийн дунд зэргийн хэмжээтэй байсан. Ганчимэг гэртээ орохдоо 0188 гэж код хийж байхад нь би 3-4 удаа харж байсан болохоор кодыг нь мэдсэн.

Би түүнтэй зүгээр уулзах гэж очоод, гэрт нь малгайгаа үлдээчихсэн байсан болохоор кодыг нь хийгээд гэрт орсон. Миний малгай буйдан дээр байхаар нь аваад, гарах гэж байгаад зурагтны тавиур дээр байсан нөүтбүүкийг аваад гарсан. ...Миний буруу, би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлыг нь барагдуулсан, яг адилхан, үзүүлэлт нь арай илүү нөүтбүүкийг худалдан авч Г ахад хүлээлгэж өгсөн байгаа.” гэсэн мэдүүлэг /хэргийн 55-56х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч М.Цэвэлмаа /хэргийн 61-62х/, А.Амартайван /хэргийн 68х/, Г.Бурмаа /хэргийн 69х/ нарын мэдүүлэг, шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 44х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 45х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрхийг зөрчиж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй зэргээс шүүх тэдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд А.Од холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.    

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч А.О нь 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хххх тоотод байх Б.Г-ийн өвлийн сууцанд хаалганы цоожны кодыг нь тааруулан онгойлгож, хууль бусаар нэвтэрч Делл маркийн зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 779.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:

- Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 12-54а тоотод үзлэг хийсэн тухай 2019 оны 11 сарын 14-ний өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 09-11х/,

- хохирогч Б.Г-ийн: “...Би Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 12-54а тоотод амьдардаг юм. 2019 ны 11 дүгээр сарын 14-ний өглөө гэрээ түгжээд гарах гэхэд гэрийн цоож эвдэрчихсэн байсан. Би өөрийн төрсөн дүү Гантуяа, Ганчимэг нар руу залгаж асуух гэсэн боловч хоёулаа гар утсаа аваагүй. Тэгээд би гэрийнхээ хойд талд байдаг дэлгүүрээс цоож авч, гэрээ цоожлоод ажилдаа явсан. Орой 20 цагийн орчим манай дүү Ганчимэг гэртээ ирээд над руу утасдаж “гэрт байсан компьютер байхгүй байна” гэхээр нь би “цагдаад дуудлага өг” гэж хэлээд дуудлага өгүүлсэн. 2019 оны 11 сарын 13-ны өдөр 11 цагийн үед манай дүү Гантуяа гэрээсээ гарахдаа бүх хаалгаа түгжээд гарсан гэж хэлсэн. Би сүүлд зөөврийн компьютерийг хэзээ ашигласнаа санахгүй байна, ер нь нээх ашиглаад байдаггүй. Манай хоёр дүү ойр зуур хичээлдээ ашигладаг юм. Уг компьютерийг 2019 оны 4 сарын 27-ны өдөр 1.700.000 төгрөгөөр худалдаж авч байсан, одоо тухайн ханшаар нь үнэлнэ. ...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, яг адилхан зөөврийн компьютерийг авч өгсөн байгаа. Үзүүлэлт нь алдагдсан нөүтбүүкээс арай илүү байсан, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 14х, 60х/,

- гэрч Б.Ганчимэгийн: “...Би Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 12-54а тоотод өөрийн эцэг, эх, ах, эгч нарын хамт амьдардаг юм. Өнөөдөр буюу 2019 оны 11 сарын 14-ний өдөр 08 цагийн үед гэрээсээ гарч, хичээлдээ явсан ба тэр үед гэрт ах Г үлдсэн.

Тэгээд гэртээ ороход гэрийн эд зүйлс эмх замбараатай, харин байшингийн зүүн тал руу харсан цонхны дээд талын жижиг салхивч онгойсон байхаар нь гэрийн эд зүйлсийг үзэхэд Dell i5 загварын зөөврийн компьютер алга болсон байсан. Өчигдөр байсан эсэхийг би мэдэхгүй байна, анзаарч хараагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 20-21х/,

-  Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2020 оны 3 сарын 17-ны өдрийн ХУ2-20-160 дугаартай: “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 11 сарын 14-ний өдрийн байдлаар 779.400 /долоон зуун далан есөн мянга дөрвөн зуу/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч Б.Г-ийн алдагдсан эд зүйлсийн үнэлгээг тогтоосон үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 29-30х/, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт  А.Оын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг /хэргийн 55-56х, шүүх хуралдааны тэмдэглэл/ бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд Иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх болон орон байрны халдашгүй дархан байдал нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан.  

 

“Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн улмаас алдагдсан эд юмс хэний өмчлөлд байгаагаас үл шалтгаалан эд юмсыг гэмт этгээд өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор үнэ төлбөргүйгээр, нууц далд аргаар, хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авахыг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгийг захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдоно. 

 

Түүнчлэн хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу “тусгайлан хамгаалсан байр, агуулах, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн нь”  тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг үлэмж ихэсгэсэн, материаллаг бус, гэмт хэргийн хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байхаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тухайлан зааж зохицуулсан.    

 

Хэргийн нөхцөлд шүүгдэгч А.О нь 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хххх тоот дахь хохирогч Б.Г-ийн “гэрт нь малгайгүй орхисон” нэрээр хүн байнга амьдрах зориулалттай өвлийн сууцных нь хаалганы цоожны кодыг тааруулан онгойлгож, бусдын гэрт зөвшөөрөлгүйгээр хууль бусаар нэвтрэн орж, улмаар зурагтны тавиур дээр байсан Dell маркийн зөөврийн комьпютерийг нууж авч гаран, бусдад худалдан борлуулж, мөнгийг өөрийн хувийн хэрэглээнд захиран зарцуулж ашигласан үйл баримт тогтоогдсон ба шүүгдэгчийн энэхүү гэмт үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад заасан “Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийг шинжийг бүрэн агуулсан байна.

 

Хэргийн шүүгдэгч А.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болно.     

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч А.Оын дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч А.Оыг шунахай сэдлээр, шууд санаатай үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж,  ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлон заасан. 

 

Шүүгдэгч А.Оын үйлдсэн дээрх хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Б.Г-ийн эд хөрөнгөд хэрэгт нийт 779.400 /долоон зуун далан есөн мянга дөрвөн зуу/ төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийн хохирол учирсан нь хэрэгт шинжээчээр ажилласан, хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, шинжилгээ хийх эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй, Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2020 оны 3 сарын 17-ны өдрийн ХУ2-20-160 дугаартай /хэргийн 29-30х/ хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлт, хохирогч Б.Г-, шүүгдэгч А.О нарын мэдүүлэг баримтаар тус тус нотлогдож тогтоогдсон ба дээрх эд хөрөнгийн үнэлгээ дүгнэлтэд хэргийн хохирогч болон шүүгдэгч талууд маргаагүй болно.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” хуулийн зохицуулалттай.

 

Хохирогч Б.Г- нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус заасан эрхийнхээ хүрээнд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцон шүүгдэгчээс ижил төрлийн зөөврийн компьютерийг биет байдлаар хүлээж авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаар мэдүүлсэн /хэргийн 60х/ мэдүүлэг баримттай тул шүүгдэгч А.Оын хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцон энэ тогтоолоор гаргуулах төлбөргүй гэж үзнэ.

 

Шүүгдэгч А.О нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МНБГ-ын ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 44х/ тогтоогдсон тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болж байна.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох зүйтэй. 

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн харуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан, хохирогч гомдол саналгүй гэснийг тус тус харгалзан А.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт А.О нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв. 

 

Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч А.Оын өмгөөлөгч нараас гаргасан “хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх, шүүгдэгчийн үйлдэлд хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинж үгүйсгэгдэнэ, анхнаасаа бусдын эд хөрөнгийг хулгайлах санаа зорилго агуулж хохирогчийн гэрт нэвтрээгүй, гэрт нь орхисон байсан малгайгаа авах гэж орсон, гэрт ороод малгайгаа аваад гарах явцад нүдэнд харагдсан эд зүйлийг авч гарсан байгаа, хохирогчийн дүүтэй найз, гэрээр нь орж гардаг, хаалганы цоожны кодыг мэддэг байсан гэх зэрэг үндэслэл зааж хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргээр зүйлчилж өгнө үү” гэсэн дүгнэлт, санал гаргаж мэтгэлцсэнийг шүүх хүлээн авч хангах эрх зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                              

 

                                                                ТОГТООХ нь:

1. Б овогт А-ны О-ыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар А.Од 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Од оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт А.О нь хохирогчид Dell загварын зөөврийн компьютерийг биет байдлаар нөхөн төлснийг тэмдэглэж, хохирогч нь “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй” гэснийг дурьдсугай.

 

5. Энэ хэрэгт А.О нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба А.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд А.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          С.БАЗАРХАНД