Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 184/ШШ2021/00593

 

 

 

 

 

2021            03            10                                                  184/ШШ2021/00593

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө-00, 000 хаягт байрлах “Х” ХХК /РД:0000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүрэг, 0 дугаар хороо, Баянхошууны 00 дүгээр гудамж, 00 тоотод оршин суух, Х овогт Ц Б /РД:000000/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 5,466,628 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд 2021 оны 01–р сарын 14–ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С, хариуцагч Ц.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Гэрэлтуяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтдээ:

Зээлдэгч Ц.Б нь 2013 оны 10-р сарын 07-ны өдрийн №0000 дугаар Цалингийн болон барьцааны гэрээний дагуу 4,000,000 төгрөгийг, сарын 1.6 хувийн үндсэн хүү, 20 хувийн нэмэгдүүлсэн хүүтэйгээр 36 сарын хугацаатайгаар зээлсэн.

Зээлдэгч нь зээлийн төлбөрийг төлөх хугацааг хэтрүүлэн, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул банкнаас зээлийн төлбөрийг гаргуулахаар шаардахад хариуцагч нь хаяг дээрээ оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11-р сарын 28-ны өдрийн 0000 дугаар шийдвэрээр эрэн сурвалжилж ******* дүүрэг, 0 дугаар хороо, 00 дүгээр гудамж, 00 тоот хаягт оршин суудаг болохыг тогтоосон.

Зээлдэгч нь 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: үндсэн зээл 2,031,835 төгрөг, зээлийн үндсэн хүү 2,983,621 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 448,171 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал 3,000 төгрөг.

Зээлдэгч Ц.Б зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардалд нийт 5,466,628 төгрөгийг гаргуулж Х олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтдээ:

Миний бие 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “У” ХХК-тай 4,000,000 төгрөгийн цалингийн зээлийн гэрээ байгуулсан. Тухайн үед шүүхийн байгууллагын шинэчлэлт, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөс үүдэн цомхотголд орж, орлогын эх үүсвэргүй болсноос үүдэн цалингийн зээлийн гэрээний үүргээ биелүүлж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн.

Зээлийн гэрээний хугацаа дуусаад 4 жил гарангийн хугацаа өнгөрсөн, би 2018 оны 08 дугаар сарын 29-ны өдөр хүүхэдтэй болсон бөгөөд өвлийн улиралд орон сууц түрээсэлдэг, бусад улиралд өөрийн хашаанд, гэр бариад амьдардаг. Дээр хугацаанд нэхэмжлэгч нь миний оршин суух албан ёсны хаягаар мэдэгдэл хүргүүлэх, мөн надтай утсаар холбогдож, биечлэн уулзалт хийж зээлийн төлбөр, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг шаардаж байгаагүй байтал 2020 оны 12 дугаар сарын 18-ныг хүртэлх хугацаанд хүү тооцож байсанд гайхаж байна.

Дээрх хугацаанд гэрээний үүргээ шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээлттэй байхад яагаад хандахгүй хүү тооцож үндсэн зээлийн төлбөрөөс давсан хүүг нэхэмжлээд байгаад гомдолтой байна. Үндсэн зээлийн төлбөр 2,031,835 төгрөг түүнд тооцогдох хүү 1,299,642 төгрөгийг зээлийн гэрээний хугацаа буюу 2016 оны 10 дугаар сарын 07-ы өдрийг хүртэлх хугацаанд тооцож 3,331,477 төгрөг төлөхөд маргах зүйлгүй.

Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойшхи зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Миний бие ******* дүүргийн 00 дүгээр хорооны 00 дүгээр гудамжны 00 тоотод 2009 оноос хойш шилжин очиж одоог хүртэлх хугацаанд оршин сууж байгаа болно гэжээ.

            Хариуцагч Ц.Б өмгөөлөгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

            Улаанбаатар хотын банкнаас хариуцагч У.Б нь 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зээл авсан. Х зүгээс нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн гэж эрх олгосон зүйл тогтоогдохгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дах хэсэгт зааснаар төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс үндсэн зээл 2,031,835 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацааны хүү 1,299,632 төгрөг, нийт 3,331,477 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн үлдэх хэсгийг нь хүлээн зөвшөөрөхгүй.

Х зүгээс “Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч хариуцагч хавтаст хэрэгт 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 146 дугаартай ******* дүүргийн 00 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолтыг гаргаж өгсөн. Уг тодорхойлолтод Ц.Б нь тус хорооны 00 гудамжны 00 тоот хаягт ах, эгч, дүү нарын хамт ам бүл тавуулаа 2009 онд шилжин ирж, одоог хүртэл амьдардаг нь үнэн болно гэж тодорхойлсон. Тухайн үед банкны зүгээс хариуцагч Ц.Б ямар нэгэн байдлаар холбоо тогтоосон зүйл огт байдаггүй.

Энэ мэт байдлаас харахад Ц.Б нь оргон зайлсан зүйл байхгүй, тухайн хаягтай оршин суудаг байсан. Тухайн үед банкнаас нэхэмжлэл гаргаж шүүхэд өгөх боломж байсан. Банкны зүгээс өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байж хорооноос нь хаягт дээрээ бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн тодорхойлолт гаргуулж, шүүхээр эрэн сурвалжлуулах ажиллагаа хийлсэн. Үүнээс болоод үндсэн төлбөрөөс давсан хүү нэхэмжлээд байна. Хариуцагч Ц.Б нь тухайн үед тус хаягтаа оршин суудаг байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул тухайн үеийн үндсэн зээл болон зээлийн хүүг төлөх үүргээ хүлээнэ. Бусад хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Ц.Б зээлийн гэрээний үүрэгт 5,446,628 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ц.Б“... нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 3,331,477 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх 2,115,151 төгрөг гаргуулах хэсгийг төлөхгүй” хэмээн маргана.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Зохигч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар “...2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан №00000 дугаартай цалаингийн болон барьцааны гэрээгээр зээлдүүлэгч “Х” ХХК, зээлдэгч Ц.Б 4,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 1.6 хувийн хүүтэй зээлдүүлсэн” гэх үйл баримт, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, шүүх хуралдаан гаргасан зохигчийн тайлбараар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс иргэнтэй зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хуулийн хүчин төгөлдөр, зээлдэгч гэрээний хугацаанд болон хэтэрсэн хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зэрэг үйл баримт тогтоогдлоо.

Зээлийн гэрээ нь хоёр талын хүсэл зоригийн үндсэн дээр, гэрээний нэг тал нь мөнгө зээлдүүлэх санал гаргаж, нөгөө тал нь үүнийг хүлээн зөвшөөрснөөр байгуулагддаг хоёр талт гэрээ бөгөөд зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ... шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ... мөнгийг, хүүгийн хамт тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Хэрэв хугацаа хэтрүүлбэл зээлийг төлж дуусах хүртэл хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг хүлээдэг онцлогтой.

Хэрэгт авагдсан дээрх баримт, хариуцагчийн тайлбар зэрэг баримтаар зээлдэгч Ц.Б нь зээлдүүлэгч “Х” ХХК-иас 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 4,000,000 төгрөгийг авсан, зээлдүүлэгч мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар, баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймээс талуудын хооронд Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс иргэн Ц.Б Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна. 

Мөн хууль /452.1, 452.2/-д “... Зээлдүүлэгчээс олгосон зээл нь хүүтэй байж болно, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно,

Мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар “...Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус заасныг баримтлан үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна.

Үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэдэг нь зээлдэгч банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй байгаа зээлд ноогдох үндсэн хүүгийн хорин хувиас хэтрүүлэхгүй нэмэгдүүлсэн хүү тооцож төлнө гэж, 

мөн зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү ... төлөх үүрэгтэй гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг,

мөн ...гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэдэг нь зээлдэгч зээлийн гэрээгээр нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээсэн бол зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүгээс нэмэгдүүлсэн хүүг гэрээгээр тохирсон хувиар тооцож төлөхийг тус тус ойлгоно.

Зээлдэгч уг гэрээний 1.2-д зааснаар зээлийн үйлчилгээний 1.50 хувийн шимтгэлийг зээлдэгч төлнө гэж, 1.3-д ... зээлдүүлэгч зээлийг эргүүлж төлөх, хугацаа хэтэрвэл тухайн төлбөрийг бүрэн төлж барагдуулах хүртэлх хугацаанд зээлийн үлдэгдлээс энэхүү гэрээний 1.1-д заасан үндсэн хүүгийн 20 хувьтэй тэнцэх нэмэгдүүлсэн хүүг хугацаа хэтэрсэн хоногоор тооцно гэж тохиролцжээ. /хх-10-11/,

Зээлдүүлэгчийн гэрээгээр шаардсан зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нь зээлийн гэрээ болон Иргэний хуульд нийцсэн, нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүгийн 20 хувиас хэтрээгүй байна.

2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан №000000 тоот зээлийн гэрээний хугацаа 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр дууссан боловч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “... гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-д “... Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ” гэж заажээ.

Нэхэмжлэгч нь шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болж хариуцагчийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2017/0000 дугаар шийдвэрээр Ц.Б эрэн сурвалжлуулжээ. ******* дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 000 дугаар албан бичгээр Ц Б ******* дүүргийн 0 дугаар хороо, 00 дүгээр гудамж, 00 тоот хаягт оршин сууж байгаа болохыг тогтоожээ. /хх-23, 24, 44/

Хариуцагчийн нотлох баримтаар ирүүлсэн ******* дүүргийн 00 дүгээр хорооны тодорхойлолт нь гэрчилж тодорхойлсон бичмэл баримтад тооцогдох хэдий ч бусад баримтаар дэмжигдээгүй, дангаараа хариуцагчийг оршин суугаа хаягтаа бодиттойгоор байсныг нотлохгүй байна. Түүнчлэн хариуцагч Ц.Б шүүх хуралдаанд “... өөр газар байр, орон сууц хөлслөж байсан” гэх агуулга бүхий мэдүүлэг тайлбар гаргасан болно.

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.******* нь ...нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргасан бөгөөд нэхэмжлэгчээс хэрэгт хуулийн этгээдийн гэрчилгээг гаргаж өгсөн, уг баримтын 20, 21 дэх тэмдэглэлд бичигдсэн хэсгийг дүгнээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдоогүй тул мөн хуулийн 66 дугаар зүйлд заасныг баримтлан иргэний хэрэг үүсгэж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно. /хх-6-7, 8, 25-26/

Дээрх гэрээний хугацаа болон хэтрүүлсэн хугацаанд хариуцагч үүргээ биелүүлээгүйд хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй, зээлдэгч дэлхий нийтийг хамарсан цар тахал, нийслэл Улаанбаатар хотод тогтоосон хатуу хөл хорионы улмаас үүргээ биелүүлж чадаагүй, гэрээний хугацаа хэтрүүлсэн, ажил орлогогүй болсон зэрэг үйл баримт тогтоогдоогүй тул зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүйд хүндэтгэн үзэх болон давагдашгүй хүчин зүйл нөлөөлөөгүй гэж үзлээ.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгч Ц.Б нь үүргээ хугацаанд нь биелүүлээгүй байна. Мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-д зааснаар хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.4-д зааснаар хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгэгч нь түүнд ямар нэг тохиолдол нөлөөлсөн эсэхийг харгалзахгүйгээр хохирол /3,000 төгрөг/-ыг хариуцна. Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй.

Иймд хариуцагч Ц.Б зээлийн үндсэн төлбөрт 2,031,835 төгрөг, зээлийн үндсэн хүү 2,983,621 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 448,171 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 3,000 нийт 5,466,628 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,417 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 102,417 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Б 5,466,628 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,417 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 102,417 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба уг хугацаанд гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              В.АМАРТҮВШИН