Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/00784

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/00784

 

 

 

ХХБХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Мөнхзул, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2021/00593 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч ХХБХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Б-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 5 466 628 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Саулегуль, хариуцагч Ц.Б түүний өмгөөлөгч Ц.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Ц.Б нь 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №0402/131007 дугаар зээлийн болон барьцааны гэрээний дагуу 4 000 000 төгрөгийг, сарын 1,6 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 20 хувийн нэмэгдүүлсэн хүүтэйгээр 36 сарын хугацаатай зээлсэн.

Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Банкнаас зээлийн төлбөрийг гаргуулах гэсэн боловч хариуцагч нь хаягтаа оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2320 дугаар шийдвэрээр эрэн сурвалжилж, СХД 7 хороо тоот хаягт оршин сууж байгааг тогтоосон.

Зээлдэгчээс 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар зээл 2 031 835 төгрөг, хүү 2 983 621 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 448 171 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал 3 000 төгрөг, нийт 5 466 628 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр УБ ХХК-аас 4 000 000 төгрөгийн цалингийн зээл авсан. Тухайн үед байгууллагын шинэчлэлт, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөс үүдэн цомхотголд орж, орлогын эх үүсвэргүй болсноос үүдэн гэрээний үүргээ биелүүлж чадахгүй хүрсэн.

Зээлийн гэрээний хугацаа дуусаад 4 жил гарангийн хугацаанд оршин суух албан ёсны хаягаар мэдэгдэл хүргүүлэх, утсаар холбогдох, биечлэн уулзалт хийх зэргээр зээлийг шаардаж байгаагүй. Гэтэл нэхэмжлэгчээс 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн төлбөрөөс давсан хүүг нэхэмжилж байгаад гомдолтой. Зээл 2 031 835 төгрөг түүнд тооцогдох хүү 1 299 642 төгрөгийг зээлийн гэрээний хугацаа буюу 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд тооцож 3 331 477 төгрөг төлөхөд маргаангүй. Гэрээний хугацаа дууссанаас хойшхи хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Б-аас 5 466 628 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХБ ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102 417 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 102 417 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Зээлийн гэрээ 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр дуусч мөн өдрөөс банк шүүхэд нэхэмжлэл гаргах эрх үүссэн байхад хариуцагчийг олдоогүй гэх шалтгаанаар 2020 оны 12 дугаар сард нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй.

Гэтэл банкны зүгээс хариуцагч олдохгүй, холбоо барьж чадаагүй гэдгээ нотлосон баримтыг гаргаагүй. Хариуцагч өөрийн оршин суух хорооны засаг даргын тодорхойлолтыг хавсаргаж өгсөн. Түүнчлэн цагдаагийн байгууллагын тодорхойлолтоор Ц.Б нь банкнаас зээл авах үеийн хаягтаа өнөөдрийг хүртэл оршин сууж байгаа нь тогтоогдсон. Иймд зээлийн гэрээний үүрэгт 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 3 331 477 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул үлдэх 2 135 151 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч ХХБ ХХК нь хариуцагч Ц.Б-д холбогдуулан 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №0402/131007 дугаар зээлийн гэрээний үүрэгт зээл 2 031 835 төгрөг, хүү 2 983 621 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 448 171 төгрөг, хохиролд 3 000 төгрөг нийт 5 466 628 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч №0402/131007 тоот гэрээний хугацаа дууссан 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх зээл 2 031 835 төгрөг, хүү 1 299 632 төгрөг нийт 3 331 477 төгрөгийг төлнө гэж маргажээ. /хх 1-2, 31/

Хэрэгт зээлдэгч Ц.Бнь ХХБХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №0402/131007 дугаар зээлийн гэрээг бичгээр байгуулж 4 000 000 төгрөгийг сарын 1,6 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлбэл 20 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлөөр 36 сарын хугацаатай зээлсэн үйл баримт зээлийн гэрээ, талуудын тайлбараар тогтоогджээ. /хх 10-11/

Зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаа хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тухайд талууд маргахгүй тайлбарлаж байна.

Хариуцагч нь дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлд 1 968 164 төгрөг, хүүд 1 216 386 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 7 587 төгрөг төлсөн болох нь зээл, зээлийн хүүгийн тооцлол гэх бичгийн баримтаар нотлогджээ. /хх 12-22/

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2320 дугаар шийдвэрээр хариуцагчийг эрэн сурвалжилсан үйл баримт шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон. /хх 23/

Хэрэгт Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн албан бичиг авагдсан байх бөгөөд уг бичигт Ц.Б нь Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо,  хаягт оршин суудаг болохыг тогтоосон талаар нэхэмжлэгчид мэдэгджээ. /хх 24/

Талууд зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлтэй эсэхэд маргаж байна.

Анхан шатны шүүхээс зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

Гэрээний талууд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг тогтоосон газар хугацаанд, зохих ёсоор гүйцэтгэх үүрэгтэй. Талуудын гэрээ хуульд нийцэж буй эсэхэд шүүх дүгнэлт өгөх шаардлагатай.

 

Нэхэмжлэгч гэрээний үүрэг шаардаж байгаа бол Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт зааснаар хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцлээс л иргэний эрх зүйн харилцаа үүсэх юм. Нэхэмжлэгч банк нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд бөгөөд уг этгээдээс бусдад санал болгож байгаа, бусад этгээдтэй байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлд заасан стандарт нөхцөл бүхий гэрээ юм.

 

Хэдийгээр иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан хэдий ч нэхэмжлэгч банк нь бусад этгээдтэй гэрээ байгуулахдаа зээлийн үйл ажиллагааг нарийвчилан зохицуулсан хууль болох банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн заалтуудыг баримтлах үүрэгтэй.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр ерөнхийд нь зохицуулсан ч мөн хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгахаар үүрэг болгожээ.

 

Талуудын гэрээний 2.4-т гэрээнд засан хугацаа дууссан нь хугацаа хэтэрсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж заасан хэдий ч дээрх хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгаагүй. Өөрөөр хэлбэл хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээ хэд байх нь тодорхой бус байна.

 

Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан гэрээний нэг тал нь нөгөө талд санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэнэ.

 

Хуулийн заалтыг тодотгож хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээ хэд байхыг тодорхой тусгаагүй, Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлах юм.

 

Иймд зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн мөнгөн хөрөнгөөс төлөөгүй үлдсэн үлдэгдэл, гэрээнд заасан хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү, зардлыг төлөх үүрэгтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

 

Талуудын гэрээний үүргийн биелэлтийг шалгаж үзэхэд хариуцагч нь зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээл 4 000 000 төгрөг, хүүд 2 304 000 төгрөг нийт 6 304 000 төгрөг төлөх үүрэгтэйгээс хариуцагчийн төлсөн 3 192 137 төгрөгийг /зээлд 1 968 164 төгрөг, хүүд 1 216 386 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 7 587/ хасч тооцвол 3 111 863 төгрөгийн үүрэг үлдэж байна. Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдуулан гаргасан зардал 3 000 төгрөгийг нэмж тооцвол хариуцагчаас 3 114 863 төгрөг гаргуулахаар байна.

 

Хариуцагч нь 3 331 477 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд нийцэж байх тул уг үнийн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үүн дээр нэхэмжлэл гаргахад гарсан зардал 3 000 төгрөгийг нэмж 3 334 477 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв. Хугацаа хэтэрсэн хүүгийн тохиролцоо байхгүй тул шүүхээс 2 132 151 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, холбогдох улсын тэмдэгтийн хураамжийн заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2021/00593 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...5 466 628 төгрөг гэснийг ...3 334 477 төгрөг, ...олгосугай гэснийг ...олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 132 151 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж,

 

2 дах заалтын ...56 дугаар зүйлийн 56.1 гэснийг ...56 дугаар зүйлийн 56.2, ...102 417 төгрөг гэснийг ...68 301 төгрөг гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68 300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Ш.ОЮУНХАНД