Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2021/01215

 

 

Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2021/00593 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 784 дүгээр магадлалтай,

 

Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ц.Банзрагчид холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 5,466,628 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Саулегүлийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

 

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Саулегүль, хариуцагч Ц.Банзрагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК нь Ц.Банзрагчаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2,031,835 төгрөг, хүү 2,983,621 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 448,171 төгрөг, хохиролд 3,000 төгрөг нийт 5,466,628 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 2016.10.07-ны өдрийг хүртэлх хугацааны үндсэн зээлийн 2,031,835 төгрөг, хүүгийн 1,299,632 төгрөг нийт 3,331,477 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, ...зээлийн гэрээний хугацаа дууссан тул хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн 2,132,151 төгрөгийг төлөх үндэслэлгүй хэмээн маргажээ.

 

2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2019/00593 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Банзрагчаас 5,466,628 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,417 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 102,417 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 784 дүгээр магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2021/00593 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...5,466,628 төгрөг гэснийг ...3,334,477 төгрөг, ...олгосугай гэснийг ...олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,132,151 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж, 2 дахь заалтын ...56 дугаар зүйлийн 56.1 гэснийг ...56 дугаар зүйлийн 56.2, ...102,417 төгрөг гэснийг ...68,301 төгрөг гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68,300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Саулегүль хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.05.17-ны өдрийн 784 тоот магадлалыг 2021.06.07-ны өдөр гардаж аваад бүхэлд нь эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Хэргийн үйл баримтын хувьд: Худладаа хөгжлийн банк ХХК нь Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020.12.18-ны өдөр дараах нэхэмжлэлийг гаргасан. Үүнд: Зээлдэгч Ц.Банзрагч нь 2013.10.07-ны өдөр 0402/131007 дугаартай Цалингийн зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийг, сарын 1,6 хувийн үндсэн хүү, 20 хувийн нэмэгдүүлсэн хүүтэйгээр 36 сарын хугацаатай зээлдсэн. Зээлдэгч нь зээлийн төлбөрийг төлөх хугацааг хэтрүүлэн, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул банкнаас зээлийн төлбөрийг гаргуулахаар шаардахад хариуцагч нь хаяг дээрээ оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.11.28-ны өдрийн 2320 дугаартай шүүгчийн захирамжаар эрэн сурвалжлах шийдвэр гарч Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс зээлдэгчийг эрэн сурвалжилж Сонгинохайрхан дүүрэг, 7 хороо, Баянхошууны 29-р гудамж 33 тоот хаягт оршин суудаг болохыг тогтоосон тул 2020.12.18-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 2,031,835.53 төгрөг, зээлийн үндсэн хүүнд 2,983,621.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 448,171.82 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдсон зардалд 3,000 төгрөг, нийт 5,466,628.43 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

Анхан шатны шүүх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Тус шийдвэрт хариуцагчийн өмгөөлөгч зээлийн гэрээний хугацаа 2016.10.07-ны өдөр дуусч мөн өдрөөс банк шүүхэд нэхэмжлэл гаргах эрх үүссэн байхад хариуцагчийг олдоогүй гэх шалтгаанаар 2020 оны 12 дугаар сард зээлийн гэрээний үүрэгтэй холбоотойгоор нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Түүнчлэн цагдаагийн байгууллагаас хариуцагч Ц.Банзрагчийн хаягийг олж тогтоосон тодорхойлолтоор Ц.Банзрагч нь банкнаас зээл авах үеийн хаягтаа өнөөдрийг хүртэл оршин сууж байгаа нь тогтоогдсон. Иймд зээлийн гэрээний үүрэгт 2016.10.07-ны өдрийн байдлаар 3,331,477 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч үлдэх 2,135,151 төгрөгийг хэрэгсэхгүй болгуулах-аар давж заалдах журмаар гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчийн гомдлыг хангав. Ийнхүү давж заалдах шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэж дараах үндэслэлүүдийг гаргаж байна.

 

Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээ хэд байх нь тодорхой бус байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй тухайд: Давж заалдах шатны шүүхийн магадлалаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон гол үндэслэл нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэг байна. Магадлалын Хянавал хэсэгт ...Хэдийгээр иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан хэдий ч нэхэмжлэгч банк нь бусад этгээдтэй гэрээ байгуулахдаа зээлийн үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан хууль болох банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн заалтуудыг баримтлах үүрэгтэй. Тус хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зээлийг заасан хугацаанд нь төлөөгүй бол гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр ерөнхийд нь зохицуулсан ч мөн хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хугацаа хэтэрсэн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгахаар үүрэг болгожээ. Талуудын гэрээний 2.4-т гэрээнд заасан хугацаа дууссан нь хугацаа хэтэрсэн зээл түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж заасан хэдий ч дээрх хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгаагүй. Өөрөөр хэлбэл хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээ хэд байх нь тодорхой бус байна гэжээ.

 

Магадлалын энэхүү хэсгийг дараах үндэслэлээр үгүйсгэж байна. Нэгдүгээрт, Талуудын хооронд байгуулагдсан Цалингийн болон барьцааны гэрээ-ний 1.1-д Зээлдэгч зээл авсан өдрөөс түүнийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлийн өрийн үлдэгдэлд сарын 1.60 хувийн үндсэн хүү төлнө гэж заасан нь зээл бүрэн төлөгдөх хүртэл 1.60 хувийн үндсэн хүүгийн хэмжээгээр хугацаа хэтрүүлсэн хүүг тооцохоор зааж өгсөн. Түүнчлэн, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж хэтэрсэн хугацаанд хүү төлөх болохыг хуульд заасан. Хоёрдугаарт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24.3-т зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү төлнө..., 25.2-т Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24.3-т заасан хэмжээнээс хэгрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэх хуулийг шаардлагыг гэрээний 1.1 дэх заалт хангасан байна.

 

Тайлбарлавал: Зээл бүрэн төлөгдтөл зээлийн үндсэн хүү болох 1.60 хувиар хүү тооцно. Энэ нь хэтэрсэн хугацаанд хамааралтай болох нь гэрээний 2.4-т ...энэхүү гэрээний хугацаа дууссан нь хугацаа хэтэрсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй гэснээс тодорхой ойлгогдож байна. Иймд, талуудын гэрээ хуульд нийцсэн байх тул зээлдүүлэгч хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхтэй байна. Дээрх үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэж хяналтын журмаар гомдол гаргаж байгаа бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.05.17-ны өдрийн 784 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.03.10-ны өдрийн 184/ШШ2021/00593 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хянан хэлэлцсэн үндэслэлийн талаар:

 

Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК нь Ц.Банзрагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,466,628 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэжээ.

 

Давж заалдах шатны шүүх ...хариуцагчаас 3,331,477 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх 2,115,151 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулсан байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо ...талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хуульд нийцсэн тул зээлдүүлэгч хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхтэй. ... анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэж хяналтын журмаар гомдол гаргаж байгаа ...магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

Магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлыг Хяналтын шатны шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 001/ШХТ2021/00372 дугаар тогтоол гаргажээ.

 

2. Маргааны үйл баримт, шийдвэр, магадлалын үндэслэлийн талаар:

 

Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК нь Ц.Банзрагчаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2,031,835 төгрөг, хүү 2,983,621 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 448,171 төгрөг, хохиролд 3,000 төгрөг нийт 5,466,628 төгрөг гаргуулахаар шаардсан, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 2016.10.07-ны өдрийг хүртэлх хугацааны үндсэн зээлийн 2,031,835 төгрөг, хүүгийн 1,299,632 төгрөг нийт 3,331,477 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, ...зээлийн гэрээний хугацаа дууссан тул хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн 2,132,151 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Ц.Банзрагч нь Худалдаа хөгжлийн банк ХХК /тухайн гэрээ байгуулах үед Улаанбаатар хотын банкны Картын төв/-тай 2013.10.07-ны өдөр 0402/131007 дугаартай Цалингийн зээлийн болон барьцааны гэрээ-г бичгээр байгуулж, 4,000,000 төгрөгийг сарын 1.6 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлбэл 20 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлтэйгээр, 36 сарын хугацаатай буюу 2016.10.07-ны өдрийг хүртэл хугацаатай зээлсэн байх ба зээлдэгч нь гэрээ байгуулсан мөн өдөрт банкнаас зээлийн 4,000,000 төгрөгийг авсан, зээлдүүлэгч мөнгөн хөрөнгийг хуульд заасан журмын дагуу шилжүүлсэн байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс иргэнд олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар шүүхүүд зөв дүгнэжээ.

 

Зээлдэгч Ц.Банзрагч зээлийн гэрээний хугацаанд үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлд 1,968,164 төгрөг, хүүнд 1,216,386 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 7,587 төгрөг, нийтдээ зээлийн төлбөрт 3,192,137 төгрөгийг төлсөн, талууд эдгээр үйл баримттай маргаагүй болно.

 

Зохигч зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлтэй эсэхэд маргасан, анхан шатны шүүх маргаанд хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж хэргийг шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Давж заалдах шатны шүүх ...Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгахаар үүрэг болгожээ. ...гэрээнд хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээ хэд байх нь тодорхой бус байна. ...хариуцагч нь 3,331,477 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд нийцэж байх тул уг үнийн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ...хугацаа хэтэрсэн хүүгийн тохиролцоо байхгүй тул 2,132,151 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж, хуулийн зохицуулалтыг маргааны үйл баримтад буруу тайлбарлан хэрэглэсэн тул магадлалыг хүчингүй болгоно.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг

хангах үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулжээ.

 

Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК болон хариуцагч Ц.Банзрагч нарын хооронд 2013.10.07-ны өдөр байгуулагдсан Цалингийн зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, ...төлнө, 25 дугаар зүйлийн 2-т Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэж тус тус заасан.

 

Зохигчийн хооронд байгуулсан Цалингийн зээлийн болон барьцааны гэрээ-ний 1.1-д Зээлдэгч зээл авсан өдрөөс түүнийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлийн өрийн үлдэгдэлд сарын 1.60 хувийн үндсэн хүү төлнө, 1.3-т ...зээлдүүлэгч зээлийг эргүүлж төлөх, хугацаа хэтэрвэл тухайн төлбөрийг бүрэн төлж барагдуулах хүртэлх хугацаанд зээлийн үлдэгдлээс энэхүү гэрээний 1.1-д заасан үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг хугацаа хэтэрсэн хоногоор тооцно гэж тохиролцжээ.

 

Монгол Улсын дээд шүүхийн 2006.12.21-ний өдрийн Иргэний хуулийн 44, 45, 46 дугаар бүлэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 53 дугаар тогтоолын 2.4-т Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү ...төлөх үүрэгтэй гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ гэж заасан.

 

Дээрх байдлаар талууд зээлийн гэрээний 1.1, 1.3-т зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү төлөхөөр харилцан тохиролцсон тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.

 

Анхан шатны шүүх хариуцагч Ц.Банзрагчаас гэрээний дагуу зээлийн үндсэн төлбөрт 2,031,835 төгрөг, зээлийн үндсэн хүү 2,983,621 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 448,171 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал 3,000 төгрөг, нийт 5,466,628 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасан зохицуулалтад нийцжээ.

 

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3

дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 784 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2021/00593 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,065 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Х.СОНИНБАЯР