Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2023/00113

 

Ж.Ц-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2023/00447 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2023/00594 дүгээр магадлалтай,

Ж.Ц-ын нэхэмжлэлтэй,

“.............” ХХК-д холбогдох,

Даатгалын гэрээний үүрэгт 13,808,418 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ж.Ц нь хариуцагч “.............” ХХК-д даатгалын гэрээний үүрэгт 13,808,418 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

2.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2023/00447 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Цын нэхэмжлэлтэй, хариуцагч “.............” ХХК-д холбогдох 13,808,418 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226,993 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2023/00594 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2023/00447 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “.............” ХХК-аас 12,328,418 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Ц-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,480,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтын “56.1” гэснийг “56.2” гэж, “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч “.............” ХХК-аас 212,205 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Ц-д олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс 2023.01.26-ны өдөр хянан шийдвэрлэж, 447 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн юм. Тус хэргийг давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн гомдлоор хянаж, нэхэмжлэлийн шаардлагаас 12,328,413 төгрөгийн шаардлагыг хангаж, 1,480,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд давж заалдах шатны шүүхийн магадлалд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул Магадлалыг хуульд заасан үндэслэлээр хянан үзэж, хүчингүй болгож шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү. Гомдлын үндэслэлүүд:

4.1.Иргэний хуулийн 433-р зүйлийн 433.1-р зүйлийг өөрөөр болон буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:

4.1.1.Анхан шатны шүүх даатгагчийг Иргэний хуулийн 433-р зүйлийн 433.1-т заасан үүргээ биелүүлсэн гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх даатгагч нь гэрээний стандарт нөхцөлийг танилцуулаагүй гэж дүгнэсэн. Ингэхдээ Иргэний хуулийн 433-р зүйлийн 433.1-т заасныг буруу тайлбарласан.

4.1.2.Даатгуулагч нь тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ болон хариуцлагын даатгалын гэрээг шүүхэд гаргаж өгөхдөө хариуцлагын даатгалын гэрээний баталгаа хуудас болон гэрээний нөхцөлийг аль алинийг ирүүлдэг атлаа тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний зөвхөн даатгалын баталгааг ирүүлж, түүнд заавал хавсаргадаг тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний нөхцөлийг гаргаж ирүүлээгүй нь ойлгомжгүй байдаг.

4.1.3.Даатгалын гэрээ байгуулсан гэж үзэхэд Иргэний хуулийн 431-р зүйлийн 431.4-т заасан нөхцөлүүдийг заавал тусгасан байхыг шаарддаг бөгөөд даатгуулагч нь даатгалын гэрээ байгуулсан гэж, өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 431.4-т заасан нөхцөлийг бүрэн тохиролцсон гэж нөхөн төлбөр шаардаж байгаа атлаа даатгалын гэрээний гол нөхцөл болох даатгалын хураамжийн хэмжээ, түүнийг төлөх хугацаа, даатгагч даатгуулагчийн эрх, үүрэг хариуцлага зэргийг тусгасан тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний нөхцөлүүдийг батлаагүй, байхгүй гээд өөрт байгаа хувийг шүүхэд гаргаж өгөөгүй.

4.1.4.Иймд “.............” ХХК нь энэхүү тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний өөрт үлдсэн хувийг архиваас гаргуулж, даатгалын баталгааны ард хуулбарлан олгосон даатгалын төлөөлөгчийн дардастай, даатгалын баталгаатай хамт даатгуулагчид олгосон даатгалын гэрээний нөхцөлийг шүүхэд гаргаж өгсөн юм.

4.1.5.Иргэний хуулийн 433-р зүйлийн 433.1-р зүйлд зааснаар даатгагч нь даатгалын баталгааг гардуулж, даатгалын гэрээний нөхцөлийг танилцуулах үүрэг хүлээдэг бөгөөд энэ үүргээ биелүүлж даатгалын баталгаа буюу гарын үсэг зурсан нүүр хуудсыг гардуулж, түүнд хавсаргасан даатгалын гэрээний нөхцөлийг дардас тэмдэгтэйгээр гаргаж өгсөн бөгөөд энэ нь “.............” ХХК-ийн архиваас авсан баримт, талуудын тайлбар, нотлох баримтыг харилцан уялдаа холбоо /дээрх 1.2-р догол мөрнөөс харна уу/ болон даатгалын гэрээний гол нөхцөлийг тохиролцож байгуулсан гэх /талууд маргаагүй/ нэхэмжлэгчийн тайлбараар нотлогддог.

4.1.6.Гэтэл давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 433-р зүйлийн 433.1-р зүйлд тодорхой заасан, даатгалын гэрээний нөхцөлийг танилцуулах үүргийг зөрчсөн байна гэж дүгнэхдээ даатгуулагчийн гарын үсгийг нь зуруулаагүй гэж тайлбарлаж, гэрээний стандарт нөхцөлд заавал гарын үсэг зуруулсан байхыг шаардах мэтээр хууль тайлбарласан, даатгалын тухай хуульд заасан тодорхой зохицуулалтыг анхан шатны шүүхээс өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн нь үндэслэлгүй байна.

4.2.Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-р зүйлийг өөрөөр болон буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:

4.2.1Анхан шатны шүүх даатгуулагчийг даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-т заасныг зөрчсөн буюу даатгалын тохиолдолд бий болох орчин нөхцөлийг бүрдүүлсэн гэж дүгнэдэг. Ингэж дүгнэхдээ даатгуулагчийг хурд хэтрүүлсэн, тээврийн хэрэгслийг ослын аюултай нөхцөл байдлын үед зогсоох арга хэмжээ аваагүй гэж замын цагдаагийн шийтгэл хүлээлгэсэн тухай нотлох баримтыг үндэслэн даатгуулагч Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д заасан үүргээ биелүүлээгүй байх тул Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-р зүйлд заасныг баримтлан шийдвэрлэсэн.

4.2.2.Даатгуулагч нь осол гаргаж торгууль хүлээсэн тухай замын цагдаагийн газрын албан бичгээр ирүүлсэн лавлагаа, “.............” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар, хариуцагчийн бичгээр гаргасан хариу тайлбарт даатгуулагч нь зам тээврийн осол гаргасан, замын хөдөлгөөний дүрмийн 12.3-р заалтыг зөрчсөн нь нөхөн олговор олгохоос татгалзах үндэслэл болж байгааг тодорхой дурдсан байхад нэхэмжлэгч энэ нөхцөл байдлыг үгүйсгээгүй байдаг.

4.2.3.Харин давж заалдах шатны шүүхээс Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-р зүйлийг өөрөөр тайлбарлаж, даатгагчийг даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

4.3.Хэрэглэх ёстой хууль буюу Иргэний хуулийн 438 дугаар зүйлийн 438.5-ийг хэрэглээгүй тухайд:

4.3.1.Давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 438 дугаар зүйлийн 438.5-д заасныг хэрэглэх үндэслэлгүй байсан гэж үзэхдээ даатгагч даатгуулагчид учирсан хохирлыг даатгуулсан эд хөрөнгийн өртөгт даатгалын үнэлгээний хэмжээг хувь тэнцүүлэн бодож нөхөн төлбөр олгох тухай зохицуулалтыг тайлбарлан өгөөгүй тул энэ зохицуулалтыг хэрэглэсэн нь үндэслэлгүй гэж дүгнэсэн нь буруу байна.

4.3.2.Иргэний хуулийн 438 дугаар зүйлийн 438.5-р заалт нь даатгагч тайлбарлан өгсөн тохиолдолд л хэрэгждэг, хэрвээ тайлбарлаагүй бол хэрэглэж болохгүй заалт биш юм.

4.3.3.Даатгуулагч нь даатгалын зүйлийг өөрөө үнэлэх эрхтэй байдаг бөгөөд 29 сая төгрөгийн машиныг бүхэлдээ 20 сая төгрөгийн үнэтэй гэж даатгалын гэрээ байгуулахдаа өөрөө үнэлсэн атлаа түүнд учирсан гэмтлийг 20,980,000 төгрөгийн үнэтэй гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд нөхөн төлбөрийг хувь тэнцүүлэн олгох тухай зүйлийг даатгалын баталгаанд хавсаргаж гарган өгсөн даатгалын гэрээний нөхцөлүүдэд тусгасан байдаг.

4.3.4.Иймд давж заалдах шатны шүүхээс тухайн тохиолдолд заавал хэрэгжих, хуульд заасан императив заалтыг гэрээний нэг тал нь нөгөө талдаа тайлбарлаж өгөөгүй гэж үндэслэлгүй дүгнэж хэрэглээгүй нь алдаатай болжээ.

Иймд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж өгнө үү гэжээ.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н-гийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023.05.25-ны өдрийн 001/ШХТ2023/00612 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

7.Нэхэмжлэгч Ж.Ц нь хариуцагч “.............” ХХК-д холбогдуулан 13,808,418 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...тус компанитай 2021.11.27-ны өдөр тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулж, ........ улсын дугаартай Lexus RX-400М-Х1130 маркийн автомашинд даатгалын эрсдэл үүссэн нөхцөлд даатгалын нөхөн төлбөрийг 100 хувиар тооцож авахаар харилцан тохиролцсон. Мөн Ж.Ц, Д.Ж, Ц.М нар жолоочийн хариуцлагын даатгалын гэрээг мөн өдөр байгуулсан. Д.Ж 2022.06.27-ны өдөр дээрх автомашиныг жолоодон ............. гэх газарт явж байгаад замын хажуу руу онхолдон зам тээврийн осол гаргаснаас даатгалын тохиолдол бий болсон. Автомашинд 20,980,000 төгрөгийн хохирол учирсан нь “.............” ХХК-ийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон, мөн Д.Ж-ын гар хугарч, биед нь гэмтэл учирсан. Хариуцагчаас даатгалын гэрээнд зааснаар даатгалын нөхөн төлбөрийг 100 хувиар тооцож олгох мөн гэрээний нэмэлт үйлчилгээ болох эмчилгээний зардал 500,000 төгрөгийг олгох хүсэлтийг гаргасан. “.............” ХХК 2022.09.07-ны өдөр 7,671,582 төгрөгийн нөхөн төлбөр олгож, талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заагаагүй үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн олгохоос татгалзсан тул зөрүү мөнгийг гаргуулна уу” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...Талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээнд даатгалын зүйлд эрсдэл учирсан ямар ч тохиолдолд 100 хувь нөхөн төлбөр олгохоор заасан гэж нэхэмжлэгч буруу ойлгож байна. Даатгалын гэрээний даатгуулагчийн хамгаалах хувь, “өөрийн хариуцах хэсэг” гэсэн 1.4.1-т даатгалаар олгогдож буй нөхөн төлбөрийн дүнгээс хасагдах мөнгөн дүнгийн хэмжээ гэх ойлголтын хувьд даатгалын эрсдэлийн тодорхой хувийг даатгуулагч өөрөө хариуцах тухай ойлголт юм. Хэрэв гэрээнд өөрийн хариуцах хэсэг байхгүй бол даатгагч даатгалын эрсдэлийг 100 хувь хариуцах бөгөөд даатгалын тохиолдол бий болсон даруй гэрээнд заасан нөхцөлийн дагуу нөхөн төлбөрийг даатгагч 100 хувь хариуцан олгоно гэсэн утгатай. Даатгуулагч тээврийн хэрэгслийг даатгуулахдаа тээврийн хэрэгслээ 20,000,000 төгрөгөөр үнэлсэн боловч зах зээлийн үнэлгээг 28,000,000 төгрөг, ослын улмаас даатгалын зүйлд 20,980,000 төгрөгийн хохирол учирсан гэж хохирол үнэлгээгээр тогтоогдсон бөгөөд гэрээний 2.3-д нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо даатгалын үнэлгээг зах зээлийн үнэд харьцуулсан хувиар хувь тэнцүүлж тооцно гэж заасны дагуу 15,342,857.1 төгрөгөөр нөхөн төлбөрийн хэмжээ тооцогдсон. Мөн тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.Ж нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасныг зөрчсөнөөс Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгөөр торгож шийдвэрлэснийг үндэслэн гэрээний 2.6-д “Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.2, 12.3-т заасан нөхцөлийг зөрчсөн бол нөхөн төлбөрийн 50 хүртэл хувиар хязгаарлана” гэж заасны дагуу 15,342,857 төгрөгөөс 50 хувийг хасаж 7,671,582.57 төгрөг олгосон. Эмчилгээний зардлын тухайд даатгагчаас нөхөн төлбөрийн материалыг шийдвэрлэх хугацаанд эрүүл мэндэд учирсан хохирлын баримтыг ирүүлээгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу даатгуулагчид нөхөн төлбөрийг олгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

8.Анхан шатны шүүх “...талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 431.3 дахь хэсэгт зааснаар даатгалын гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр. Хариуцагч нь нэхэмжлэгчид гарын үсэг зурсан даатгалын баталгааг гардуулсан, даатгалын тохиолдол бий болсон, нөхөн төлбөрт 7,671,582 төгрөг олгосон талаар зохигч маргаагүй, хариуцагч гэрээний нөхцөлийг хэрэгжүүлж нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосон, Д.Ж Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж арга хэмжээ авагдсан болох нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр нотлогдсон, Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д заасан үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй” гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх “...“.............” ХХК нь “Авто тээврийн хэрэгслийн даатгал”-ын гэрээ байгуулахдаа гэрээний стандарт нөхцөл, даатгалын хууль тогтоомж, даатгуулагчийн хүлээх үүрэг, нөхөн төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг олгохоос татгалзах үндэслэлийг нэхэмжлэгчид тайлбарлаагүй байна. Хариуцагч нь Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй тул гэрээний стандарт нөхцөлд заасан үндэслэлээр даатгалын нөхөн төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг олгохоос татгалзах үндэслэлгүй. Даатгагч нь даатгуулагчийн даатгалын гэрээгээр хүлээсэн үүргийг тайлбарлан өгөөгүй тул нэхэмжлэгчийг Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д заасан даатгалын зүйлийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даатгалын тохиолдол болсон үед хохирлыг багасгах зорилгоор бололцоотой арга хэмжээг авах үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй” гэж, хариуцагчаас 12,328,418 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор, 1,480,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

9.Дээрх байдлаар анхан шатны шүүх гэрээний үүргээ хариуцагч биелүүлж олгогдвол зохих нөхөн төлбөрийг бүрэн төлсөн гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх хариуцагч нь гэрээний стандарт нөхцөлийг тухайлбал, даатгуулагчийн эрх үүрэг, нөхөн төлбөрийг бүрэн эсхүл хэсэгчлэн олгохоос татгалзах нөхцөлийг тайлбарласнаа нотлоогүй гэж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж өөр өөр шийдвэр гаргасан байна.

10.Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж маргааны үйл баримтыг тогтоож, хэрэглэвэл зохих Иргэний хуулийн болон Даатгалын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэв.

11.Зохигчийн хооронд сайн дурын буюу эд хөрөнгөө зохих эрсдэлээс хамгаалан даатгуулж хураамж төлөх, даатгалын тохиолдол бий болсон үед нөхөн төлбөр олгох харилцан үүрэг бүхий Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан даатгалын гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

Даатгалын зүйл буюу ........ улсын дугаартай Lexus RX-400М-Х1130 маркийн автомашиныг Д.Ж жолоодон явахдаа осол гаргаж даатгалын тохиолдол бий болсон, уг ослын улмаас автомашинд 20,980,000 төгрөгийн хохирол учирсан, хариуцагч компани даатгалын нөхөн төлбөрт 7,671,582.57 төгрөг олгосон талаар зохигч маргаагүй байна.

Дээрх гэрээнээс гадна зохигчийн хооронд албан журмын буюу жолоочийн хариуцлагын даатгалын гэрээ байгуулагдсан байх бөгөөд энэхүү гэрээгээр даатгуулагч нь Ж.Ц, Д.Ж, Ц.М нар байна.

12.Хариуцагч “.............” ХХК нь гарын үсэг зурсан тээврийн хэрэгслийн болон жолоочийн хариуцлагын даатгалын баталгааг нэхэмжлэгчид гардуулсан нь тогтоогдсон, нэхэмжлэгч эдгээр баталгаа болон жолоочийн хариуцлагын даатгалын гэрээг нотлох баримтаар гаргаж даатгалын тохиолдлын улмаас эд хөрөнгөд учирсан хохирлыг 100 хувь төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзсэн бөгөөд зохигчийн хооронд даатгалын тохиолдлоос үүссэн хохирлыг бүрэн хэмжээгээр эсхүл хувь тэнцүүлэн бодох, үүнээс гадна жолоочийн гэм буруутай үйлдэлтэй холбоотой бууруулж олгох эсэх нь маргааны зүйл болжээ.

13.Хариуцагч “.............” ХХК нь даатгалын үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэгч тул тухайн компанийн нэхэмжлэгч Ж.Цтай байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д зааснаар стандарт нөхцөл бүхий гэрээнд хамаарах тул гэрээний стандарт нөхцөлийг тодорхой тайлбарлан өгөөгүй, тухайн нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй хоёрдмол утгатай байгаа бол гэрээг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана.

14.Тээврийн хэрэгслийн даатгалын баталгааны хүснэгтэд хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэлийн нөхцөлд зам тээврийн ослыг хамааруулж, хамгаалагдах хувийг 100 гэж бичиж, өөрийн хариуцах дүн, нэг удаагийн хязгаар гэсэн хэсэгт ямар нэгэн хувь, дүн тусгаагүй байна.

Нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийн болон жолоочийн хариуцлагын даатгалын баталгаа, жолоочийн хариуцлагын гэрээнээс өөр баримтыг хариуцагч олгоогүй гэж тайлбарласан бөгөөд Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6-д даатгагч нь даатгалын хууль тогтоомж, гэрээний нөхцөлийг даатгуулагчид танилцуулах үүргийг хүлээнэ гэж заасан тул тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулахдаа гэрээний дагуу хэн нь ямар эрх, үүрэг хүлээхийг хариуцагч нь нэхэмжлэгчид бүрэн тайлбарлаж өгснөө нотолно.

Өөрөөр хэлбэл, даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгалын нөхөн төлбөрийг бүрэн буюу хэсэгчлэн олгохоос татгалзах үндэслэлийг заасан стандарт нөхцөл бүхий гэрээний заалтыг нэхэмжлэгчид тайлбарлаж ойлгуулснаа хариуцагч бичгээр баталгаажуулах үүрэгтэй ба ийм баримтыг шүүхэд гаргаагүй байна.

15.Хариуцагчаас тухайн компанийн стандарт нөхцөл бүхий хэрэглэгчид санал болгодог гэрээг нотлох баримтаар гаргаж уг гэрээг нэхэмжлэгчтэй байгуулсан, түүнд танилцуулсан гэрээ гэж тайлбарласан боловч нэхэмжлэгч уг гэрээтэй танилцаж гарын үсэг зурсан байдал тогтоогдоогүй. Иймд нэхэмжлэгч даатгуулагчийн хувьд мэргэжлийн даатгагч компаниас даатгалын нөхөн төлбөрийг тооцох, бууруулах нөхцөлийн талаар бүрэн мэдээллийг аваагүй гэж үзнэ. Анхан шатны шүүх энэхүү гэрээг хариуцагчтай байгуулсан тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ гэж үзсэн нь учир дутагдалтай болсон байна.

16.Иймд тус компанийн байнга хэрэглэдэг тээврийн хэрэгслийн стандарт нөхцөл бүхий гэрээний 2.3, 2.6 дахь хэсэг болон Иргэний хуулийн 438 дугаар зүйлийн 438.5-д заасныг хэрэглэж даатгалын зүйлийн бодит үнэ буюу автомашины зах зээлийн үнэ, даатгалын гэрээгээр тохиролцсон даатгалын зүйлийн үнэлгээ, даатгалын тохиолдлоос учирсан хохирлын хэмжээ, эдгээр гурван үнэлгээг харьцуулан даатгалын нөхөн төлбөр олгох дүнг тодорхойлж нөхөн төлбөрийг 15,342,857.1 төгрөгөөр тогтоож, үүнээс даатгуулагчийн буруутай үйлдэл нөлөөлсөн үндэслэлээр нөхөн төлбөрийг 50 хувиар бууруулж 7,671,582.57 төгрөг олгосон нь үндэслэлгүй, энэ талаар давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

17.Дээр дурдсанаар хариуцагч даатгалын компани нь тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд үүссэн даатгалын тохиолдлоос учирсан нэхэмжлэгчид эд хөрөнгийн хохирлыг бүрэн төлөх бөгөөд олгогдоогүй зөрүү төлбөрт 12,328,418 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасантай нийцсэн гэж үзэв.

18.Д.Ж нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн зохицуулалтыг зөрчсөний улмаас Зөрчлийн тухай хуулиар торгуулийн шийтгэл хүлээсэн байна. Харин түүний энэ үйлдэл нь даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэж нөхөн төлбөрийг бүрэн эсхүл түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болох Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д заасан үндэслэлд хамаарахгүй гэж давж заалдах шатны шүүх үзсэн нь хууль зөрчихгүй.

19.Дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2023/00594 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “.............” ХХК-ийн 2023.05.02-ны өдөр төлсөн 262,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦОЛМОН

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ                                                    

ШҮҮГЧИД                                                       Н.БАЯРМАА

                                                                        П.ЗОЛЗАЯА

                                                                        Х.ЭРДЭНЭСУВД