Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2023/00111

 

“..........” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2023/00730 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА2023/00699 дүгээр магадлалтай,

“..........” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Н.Э-д холбогдох,

19 нэр төрлийн цонхны үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Н болон түүний өмгөөлөгч Ш.Уранчимэг, Б.Лхагвацэрэн нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагвацэрэн, Ш.Уранчимэг, хариуцагч Н.Э, түүний өмгөөлөгч А.Билгүүн, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “..........” ХХК нь хариуцагч Н.Э-д холбогдуулан тус бүр нь 1 ширхэг наагч 4 толгойт, угаагч, вакумжуулагч, цавуу түрхэгч, ажлын ширээ, силикон түрхдэг ширээ, тусгаарлагч нугалагч, 2 толгойт хөрөө, нүх цоологч, V хөрөө, шил дарагч огтлогч, булан цэвэрлэгч, гар булан цэвэрлэгч, дотор булан, гадар булан, хамрын ховил татагч, булан пресслэгч, хэмжээт тасдагч, компрессор, нийт 19 ширхэг нэр төрлийн цонхны үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж гаргуулах тухай шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

2.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2023/00730 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Эгийн хууль бус эзэмшлээс цонхны үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж болох “Хөрөө вакум, нэг толгойтой булан наагч машин, өнцөгт хөрөө, шил дарагч, булан цэвэрлэгч, тусгаарлагч, 2 толгойт хөрөө, нүх цоологч, угаагч, наагч, вакумжуулагч, цавуу түрхэгч” гэсэн 12 нэр төрлийн тоног төхөөрөмжийг гаргуулж, нэхэмжлэгч “..........” ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч “..........” ХХК-ийн тоног төхөөрөмжийг ашигласан хугацааны түрээсийн төлбөрт нэхэмжилсэн 28,500,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 802,270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Эгаас улсын тэмдэгтийн хураамжид 423,061 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “..........” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА2023/00699 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2023/00730 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Н.Э-д холбогдох, наагч 4 толгойт, угаагч, вакумжуулагч, цавуу түрхэгч, ажлын ширээ, силикон түрхдэг ширээ, тусгаарлагч нугалагч, 2 толгойт хөрөө, нүх цоологч, V хөрөө, шил дарагч огтлогч, булан цэвэрлэгч, гар булан цэвэрлэгч, дотор булан, гадар булан, хамрын ховил татагч, булан пресслэгч, хэмжээт тасдагч, компрессор, нийт 19 ширхэг нэр төрлийн цонхны үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж гаргуулах тухай “..........” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 423,061 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр гомдол гаргаж байна.

Гомдлын агуулга: “..........” ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.Эд холбогдох 21 нэр төрлийн 98,963,956 төгрөгийн өртөг бүхий цонхны үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг, түүнийг ашигласан хугацааны түрээсийн төлбөр 30,000,000 төгрөгийн хамт гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Эгийн хууль бус эзэмшлээс цонхны үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж болох “Хөрөө вакум, нэг толгойтой булан наагч машин, өнцөгт хөрөө, шил дарагч, булан цэвэрлэгч, тусгаарлагч, 2 толгойт хөрөө, нүх цоологч, угаагч, наагч, вакумжуулагч, цавуу түрхэгч” гэсэн 12 нэр төрлийн тоног төхөөрөмжийг гаргуулж нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй” болгож шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 730 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Н.Эд холбогдох, наагч 4 толгойт, угаагч, вакумжуулагч, цавуу түрхэгч, ажлын ширээ, силикон түрхдэг ширээ, тусгаарлагч нугалагч, 2 толгойт хөрөө, нүх цоологч, V хөрөө, шил дарагч, огтлогч, булан цэвэрлэгч, гар булан цэвэрлэгч, дотор булан, гадар булан, хамрын ховил татагч, булан пресслэгч, нийт 19 ширхэг нэр төрлийн цонхны үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж гаргуулах тухай “..........” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэсэн.

Тодруулбал, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6а хэсэгт “19 нэр төрлийн тоног төхөөрөмжүүдээс зарим тоног төхөөрөмжийг “..........” ХХК нь 2015 оны 04 дүгээр сард БНХАУ-ын хуулийн этгээд болох “........” компаниас “Бараа бүтээгдэхүүн худалдан авах гэрээ”-ний дагуу худалдан авч, өөрийн хөрөнгөдөө бүртгэсэн, эдгээр тоног төхөөрөмжүүд нь “..........” ХХК-ийн эд хөрөнгө мөн болох талаар хариуцагч маргадаггүй, үл хөдлөх эд хөрөнгийг худалдахаас өмнө Н.Э нь объектыг тоног төхөөрөмжийн хамт түрээсэлж байсан болох нь “Бараа бүтээгдэхүүн худалдан авах гэрээ”, “..........” ХХК-ийн “Үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэлийн товчоо”, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч “..........” ХХК нь шаардах эрхтэй байна.” гэж дүгнэсэн.

Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсгийн 5 дахь хэсэгт “Анхан шатны шүүх хариуцагчийг 12 ширхэг нэр төрлийн тоног төхөөрөмжийг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэн, нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт нийцээгүй байна. Учир нь, мөн зүйлд зааснаар өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардахад тухайн хөрөнгийн хууль ёсны өмчлөгч гэдгээ баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд нотолсон тохиолдолд хариуцагчийн эзэмшил нь хууль бус болно. Хэргийн 5 дугаар талд авагдсан 21 нэр төрлийн жагсаалт, 187-188 дугаар талд авагдсан “........” ХХК болон “..........” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэх “Бараа бүтээгдэхүүн худалдан авах гэрээ”, 189-194 дүгээр талд авагдсан “Үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэлийн товчоо” гэх баримтууд нь нэхэмжлэгчийг маргааны зүйл болох тоног төхөөрөмжийн өмчлөгч гэдгийг эргэлзээгүй нотолж чадахгүй байна... хариуцагчийг тухайн тоног төхөөрөмжийг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэх боломжгүй байна” гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан шаардах эрхийн үндэслэлд хамаарч байгааг хоёр шатны шүүх зөв дүгнэсэн боловч зохигчийн хооронд үүссэн маргааны зүйл, маргааны зүйлтэй холбоотой үйл баримтыг өөр өөрөөр үнэлснээс нэхэмжлэгч нь тухайн эд зүйлийн өмчлөгч байх, хариуцагчийн эзэмшил нь хууль бус байх эрх зүйн үндэслэлийн талаар хоёр шатны шүүх зөрүүтэй дүгнэлт хийсэн.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийг хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосныг дараах үндэслэлээр тайлбарлая.

4.1.Нэхэмжлэгч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар шаардах эрх үүссэн тухай,

Нэхэмжлэгч “..........” ХХК нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.” гэж заасны дагуу хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагад дурдсан тоног төхөөрөмжийг гаргуулахаар шаардах эрхтэй бөгөөд шаардах эрхийн урьдчилсан нөхцөл болох тоног төхөөрөмжийн өмчлөгч байх, хариуцагч нь эзэмших эрхгүй буюу эд хөрөнгийг эзэмших эрхээ алдсан шударга эзэмшигч нь хууль бус болсон байх шаардлага нь хавтаст хэрэгт авагдсан баримт болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдсон бөгөөд дараах үндэслэлээр дэлгэрүүлэн тайлбарлая.

4.1.1.“..........” ХХК нэхэмжлэлийн шаардлагад дурдсан тоног төхөөрөмжийн өмчлөгч мөн тухай:

Хавтаст хэргийн 187-188 дахь талд “..........” ХХК нь 2015 оны 04 дүгээр сард БНХАУ-ын хуулийн этгээд болох “........” компаниас “Бараа бүтээгдэхүүн худалдан авах гэрээ”-ний дагуу маргааны зүйлийг худалдан авч, өөрийн хөрөнгөдөө бүртгэсэн /хавтаст хэргийн 189-194 дэх тал/ байдаг.

Түүнчлэн эдгээр тоног төхөөрөмжүүд нь “..........” ХХК-ийн эд хөрөнгө мөн болох талаар хариуцагч маргадаггүй. Хариуцагч Н.Э нь 2019 оны 09 сараас маргааны зүйлийг түрээсэлж байсан болохоо хариу тайлбартаа тодорхой дурдсан /хавтаст хэргийн 38-39 дэх тал/.

Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Компанийн балансад тусгагдсан биет болон биет бус хөрөнгийн дүнгээс компанийн нийт өр төлбөрийг хасаад үлдсэн хэсгийг компанийн өөрийн хөрөнгө гэнэ.” гэж заасан. “..........” ХХК-ийн “Үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэлийн товчоо”-нд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан вакум цонхны үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд бүртгэлтэй тул түүнийг эд хөрөнгийн өмчлөгч гэж үзэх үндэслэлтэй.

Хавтаст хэргийн 11-14 дэх талд нэхэмжлэгч “..........” ХХК Б.Ч-той 2021.09.07-ны өдөр 21/01 дугаартай нэхэмжлэлийн шаардлагад дурдсан вакум цонхны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 98,863,956 төгрөгт худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээний 4.1-т “Худалдагч нь гэрээнд заасан тоног төхөөрөмжийг худалдан авагчийн хүлээж авахыг хүссэн хугацаа болон заасан газарт нийлүүлнэ гэж худалдах-худалдан авах гэрээний зүйлийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Хийсвэрлэх зарчмын үүднээс үүргийн хэлцэл хийгдсэн хэдий ч өмчийн хэлцэл биелээгүй.

Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.”, мөн зүйлийн 111.2.3-т “эд хөрөнгө нь гуравдагч этгээдийн эзэмшилд байвал өмчлөгч шаардах эрхээ өмчлөх эрхийг олж авч байгаа этгээдэд шилжүүлсэн гэрээ байгуулснаар” эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч “..........” ХХК Б.Чтой байгуулсан гэрээний үүргээ хариуцагч Н.Э түүний хууль бус эзэмшлээс нэхэмжлэлийн шаардлагад дурдсан эд хөрөнгийг гаргаж өгөхгүй байгаатай холбоотойгоор биелүүлж чадахгүй байгаа бөгөөд “..........” ХХК нь эд хөрөнгийг Б.Чт шилжүүлж өгөөгүй тул эд хөрөнгийн өмчлөх эрх дуусгавар болоогүй, хууль ёсны өмчлөгч гэж үзэх нь зүйтэй байна.

4.1.2.Н.Э тоног төхөөрөмжийг эзэмших эрхгүй тухай:

Хавтаст хэргийн 15-20 дахь талд авагдсан баримтаар хариуцагч Н.Э нь Г.Г-тай 2021.01.19-ний өдөр “Худалдах-худалдан авах гэрээ” байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Тус гэрээгээр Нийслэлийн ............... тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн ............... дугаартай 508 м.кв гэр бүлийн хэрэгцээний өмчлөлийн газар, Нийслэлийн ............... тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн ............... тоот дугаартай 258.57 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 221,120,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон.

Тодруулбал, Н.Э нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа вакум цонхны үйлдвэрийг тоног төхөөрөмжийн хамт буюу бэлэн бизнесийг нийт 160,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон гэж тайлбарладаг. Гэвч хариуцагч Н.Э-гийн Г.Г-тай 2021.01.19-ний өдөр байгуулсан “Худалдах-худалдан авах гэрээ”-нд вакум цонхны үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд гэрээний зүйл болоогүй.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна.” гэж хуульчилсан. Н.Эгийн Г.Гтай 2021.01.19-ний өдөр байгуулсан “Худалдах-худалдан авах гэрээ”-нд вакум цонхны үйлдвэрийн тоног төхөөрөмж гэрээний зүйл болоогүй учир маргааны зүйл болох тоног төхөөрөмжийг худалдаж авсан, өмчлөх эрхтэй этгээд гэж үзэх боломжгүй.

Нөгөөтэйгүүр хариуцагч Н.Э Г.Гтай Нийслэлийн ............... тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний газар болон үл хөдлөх хөрөнгийг худалдан авахдаа Иргэний хуульд заасан хэлбэрээр бичгээр гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн байх тул өөрийн хүсэл зоригийг хангалттай тодорхой илэрхийлж хүчин төгөлдөр гэрээ байгуулсан гэж үзнэ.

Хэрэв хариуцагч Н.Э нь Г.Г-тай байгуулсан гэрээгээр вакум цонхны үйлдвэрийг тоног төхөөрөмжийн хамт буюу бэлэн бизнес худалдан авсан гэж ойлгосон бол хэлцлийн зүйлийн хувьд ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл гэж үзэн Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.6-д зааснаар Г.Г-т нэн даруй мэдэгдэж, хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шүүхэд хандах эрх нээлттэй байсан ч энэхүү эрхээ хэрэгжүүлээгүй бөгөөд маргааны зүйлийг өмчлөх эрхтэй эсхүл хууль ёсны эзэмшигч болохоо нотлоогүй байна.

Тодруулбал, Н.Э болон “..........” ХХК маргааны зүйл болох вакум цонхны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 2019 оны 09 дүгээр сараас эхлэн түрээсэлж, вакум цонх үйлдвэрлэж байсан тухайгаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлаж энэ тухай хариуцагч маргаагүй. Өөрөөр хэлбэл, зохигчид Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан түрээсийн гэрээний харилцаатай байсан боловч мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ.” гэх хэлбэрийн шаардлагыг биелүүлээгүй тухай мөн маргадаггүй.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т “Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.”, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” хүчин төгөлдөр бус байх тухай заасан бөгөөд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т “Энэ хуулийн 56.1.2-56.1.4, 56.1.8-д заасан хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.” гэж заасны дагуу хожим хуульд заасан хэлбэрээр буюу бичгээр гэрээ байгуулаагүй тул анхнаасаа эрх зүйн үр дагавар үүсгээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-т “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ.” гэж заасан. Үүнийг Монгол Улсын дээд шүүхийн 2009 оны 17 дугаартай “Иргэний хуулийн 10, 11 дүгээр бүлгийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 2 дахь хэсэгт “Хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д “хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ” гэж зааснаар зөвхөн хууль болон гэрээнд заасан үндэслэлээр үүссэн эзэмшил нь эрх зүйн үр дагавар буюу шаардах эрхийг үүсгэнэ.” хэмээн тайлбарласан.

Хариуцагч Н.Э нь Г.Г-тай 2021.01.19-ний өдөр байгуулсан “Худалдах-худалдан авах гэрээ”-гээр вакум цонхны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг худалдан аваагүй, мөн маргааны зүйлийг нэхэмжлэгч “..........” ХХК-ийн өмчлөх эрхтэй зүйл гэдгийг мэдэж, 2019 оны 09 дүгээр сараас түрээсэлж байсан болохоо хүлээн зөвшөөрч тайлбарлаж, зохигчид энэ талаар маргадаггүй ч Иргэний хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаж бичгээр гэрээ байгуулаагүй тул хууль болон гэрээнд заасан үндэслэлээр хариуцагч Н.Эд эзэмших эрх үүсээгүй байна.

Анхан шатны шүүх “...тоног төхөөрөмжүүд нь “..........” ХХК-ийн эд хөрөнгө мөн болох талаар хариуцагч маргадаггүй, үл хөдлөх эд хөрөнгийг худалдахаас өмнө Н.Э нь объектыг тоног төхөөрөмжийн хамт түрээсэлж байсан болох нь “Бараа бүтээгдэхүүн худалдан авах гэрээ”, “..........” ХХК-ийн “Үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэлийн товчоо”, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч “..........” ХХК нь шаардах эрхтэй байна...” гэж зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн үндэслэлтэй дүгнэлт хийсэн.

Монгол Улсын дээд шүүхийн 2009 оны 17 дугаартай “Иргэний хуулийн 10, 11 дүгээр бүлгийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 3.1-т “Энэ зүйлийн 90.1-д заасан “шударга эзэмшигч” гэдэгт мөн зүйл, хэсэгт заасан этгээдээс гадна өөрийн эзэмшлийг хууль ёсны гэж ойлгож, эзэмшлээ хууль бус болохыг мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан хууль бус эзэмшигчийг хамааруулж болно. Хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д эзэмшил нь эд юмсыг зөвхөн хууль ёсоор мэдэлдээ авах замаар үүсэхээр заасан боловч мөн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, 94.3, 493 дугаар зүйлийн 493.6-д заасан зохицуулалтын агуулгаар хууль бусаар олсон эзэмшил нь шударга, шударга бус гэсэн хэлбэртэй байна.” гэж тайлбарласан.

Иймд хариуцагч Н.Э нь маргааны зүйл болох вакум цонхны үйлдвэрийн тоног төхөөрөмж бүхий эд хөрөнгийг эзэмших эрхгүй этгээд байна.

4.1.3.Тоног төхөөрөмжийн эзэмшил нь хариуцагчийн хууль бус эзэмшилд байгаа тухай:

Монгол Улсын Иргэний хуулийн шинжлэх ухааны тайлбарт “Өмчлөгчийн шаардлагыг биелүүлэх үүрэг бүхий эд юмстай харьцагч этгээд тухайн эд юмсыг эзэмших эрхгүй байна. Иргэний хуулийн 106.1 дэх хэсгийн зохицуулалт нь Иргэний хуулийн 93.1, 94.1 дэх хэсэгтэй нийцнэ. Бодитойгоор эзэмших эрхгүй эзэмшигч нь өмчлөгчийг шаардахад эд юмсыг буцаан өгөх үүргийг хүлээнэ. Харин үүнд эзэмшигч өөрийгөө эзэмших эрхтэй гэж итгэсэн, итгээгүй нь огт нөлөөлөхгүй болно.” гэсэн. Түүнчлэн Монгол Улсын дээд шүүхийн 2009 оны 18 дугаартай “Иргэний хуулийн 12 дугаар бүлгийн 1, 2 дугаар дэд бүлгүүдийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 3-т “Хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах” нь зөвхөн хууль бус эзэмшилд хамаарна. Харин хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д зааснаар хууль ёсны эзэмшлээс өмчлөгч ч эд хөрөнгө шаардах эрхгүй.” гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т “Эд хөрөнгийг эзэмших эрхгүй буюу энэ эрхээ алдсан шударга эзэмшигч нь уг эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэгтэй”, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.” гэж тус тус заасан.

Маргааны зүйл болох вакум цонхны үйлдвэрийн тоног төхөөрөмж Н.Э-гийн өмчлөх эрхтэй Нийслэлийн ............... тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн ............... тоот дугаартай 258.57 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөд байгаа тухай маргаагүй.

Хариуцагч Н.Э нь хууль ёсны эзэмшигч биш тухай хяналтын гомдлын 1.2 дахь хэсэгт дэлгэрэнгүй тайлбарласан. Иймд вакум цонхны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг Н.Э нь өөрийн хууль бус эзэмшилд байлгаж байгаа бөгөөд түүнийг шаардах эрхтэй эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэгтэй байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсгийн 5.3-т “Г.Г болон Н.Э нарын хооронд 2021.01.19-ний өдөр байгуулагдсан гэх “Худалдах-худалдан авах гэрээ”-ний 6.2-т “Гэрээний үнийн үлдэгдэл төлбөр болох 160,000,000 төгрөгийг худалдан авагч тал гэрээний хугацаанд банкнаас авах зээлийн хөрөнгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцов” гэж заасан. Хариуцагч нь “...............” ХХК-тай 2021.02.08-ны өдөр байгуулсан ............... дугаартай зээлийн гэрээгээр 154,000,000 төгрөг зээлэх, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд маргааны зүйл болох дээрх тоног төхөөрөмжөөс 12 нэр төрлийн тоног төхөөрөмжийг барьцаалах тухай ............... дугаартай барьцааны гэрээг байгуулсан үйл баримт тогтоогдсон байна. Уг үйл баримтаас үзвэл хариуцагчийг тухайн тоног төхөөрөмжийг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэх боломжгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Учир нь Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-т “Гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно.” гэж заасан бөгөөд Монгол Улсын дээд шүүхийн 2009 оны 17 дугаартай “Иргэний хуулийн 10, 11 дүгээр бүлгийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 3.1-т тайлбарласнаар хууль бусаар олсон эзэмшил нь шударга, шударга бус гэсэн хэлбэртэй байна гэсэн. “...............” ХХК-ийн хувьд Н.Эгийн худалдаж авсан үл хөдлөх эд хөрөнгөд маргааны зүйл болох вакум цонхны үйлдвэрийн тоног төхөөрөмж байсан тул түүнийг банкны зүгээс Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар өмчлөгч гэж ойлгосон. Энэ нь Н.Эг тухайн тоног төхөөрөмжийг Иргэний хуулийн 89.1-т зааснаар хууль болон гэрээний үндсэн дээр шаардах эрхтэй болсон этгээд гэж үзэх үндэслэлгүй гэдгийг анхаарах шаардлагатай байсан боловч буруу дүгнэлт хийсэн байна.

Иймд нэхэмжлэгч “..........” ХХК нь маргааны зүйлийн эзэмшлийг шаардах эрхтэй этгээд болох нь дээр тайлбарласанчлан үндэслэлтэй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг үндэслэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагвацэрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг нэхэмжлэгч “..........” ХХК-ийн өмгөөлөгч би эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн172.1, 172.2.1-д заасныг үндэслэн анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэж, хяналтын гомдол гаргаж байна.

Учир нь анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хариуцагч Н.Эг “..........” ХХК-ийн тоног төхөөрөмжийг хууль бусаар эзэмшиж байгаа гэж дүгнэн, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Э-гийн хууль бус эзэмшлээс цонхны үйлдвэрлэлийн 12 нэр төрлийн тоног төхөөрөмжийг гаргуулж “..........” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх эсрэгээр нь буюу хариуцагчийг тухайн тоног төхөөрөмжийг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэх боломжгүй гэж дүгнэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэлгүй тул Н.Э-д холбогдох 19 нэр төрлийн вакум цонхны үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж гаргуулах тухай, “..........” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэсэн байна. Үүнээс дүгнэвэл анхан болон давж заалдах шатны шүүхүүд цонхны үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн хууль ёсны болон хууль бус эзэмшлийн талаар эсрэг, 2 өөрөөр зөрүүтэй дүгнэлт хийж, анхан шатны шүүх нь нэхэмжлэлийг хангаж, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх заалтыг зөрүүтэй хэрэглэсэн, давж заалдах шатны шүүх үндэслэлгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль бус гэж үзэж гомдолтой байна. Үндэслэл:

5.1.Нэхэмжлэгч тал нь ИХШХШ тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолж, өөрийн өмчөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхээ нотолж гаргаж өгсөн дараах нотлох баримтуудыг давж заалдах шатны шүүх хооронд нь болон хэрэгт авагдсан бусад нотлох баримттай тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэн зөв үнэлээгүйгээс буруу дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрийг үндэслэлгүйгээр хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна. Тухайлбал:

5.1.1.Иргэн Г.Г Н.Э нарын хооронд 2021.01.19-нд байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ гэх баримт нь /хх15-17/ уг гэрээнд маргаж буй үйлдвэрийн тоног төхөөрөмжийг худалдсан талаарх ямар нэг заалт, үг үсэг байхгүй байгаа нь уг гэрээгээр “..........” ХХК болон Г.Г нар нь Н.Эд цонхны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг худалдаагүй болохыг болон Г.Г нь “..........” ХХК -ийн хувьцаа эзэмшигч мөн боловч тухайн худалдах-худалдан авах гэрээг хувьцаа эзэмшигчийн хувьд хийгээгүй, өмчлөгч иргэн Г.Г Н.Э нарын хооронд гэрээ хийгдсэн болохыг нотолсон байна.

5.1.2.Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ............... дугаартай бүртгэлтэй ............... тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний өмчлөлийн газар болон Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ............... дугаартай бүртгэлтэй ............... тоот хаягт байршилтай 258.75 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийн хуулбар /хх-19-20 хуудас/ баримт нь Г.Гын Н.Эд худалдсан үл хөдлөх хөрөнгө, газар нь түүнийг ашиглан үйлдвэрлэл явуулж байсан “..........” ХХК-ийн өмч биш, иргэн Г.Гын хувийн өмч болох нь нотлогдсон.

5.1.3.Гэрч Г.Гын “би Н.Эд өөрийн үл хөдлөх хөрөнгө үйлдвэрийн байр, газраа160,000,000 төгрөгөөр худалдсан, үнийг нь би бүрэн авсан, дотор нь байсан вакум цонхны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг худалдаагүй, уг тоног төхөөрөмж минийх биш, миний Н.Этай хийсэн худалдах-худалдан авах гэрээгээр худалдсан үл хөдлөх хөрөнгийн үнийн дүнд тоног төхөөрөмжийн үнэ ороогүй, газар болон үйлдвэрийн байрыг “..........” ХХК түрээсэлж байсан асуудал байгаа, албан ёсны түрээсийн гэрээ байхгүй, бэлэн бизнес “..........” ХХК-ийнх, надтай хамааралгүй, объект болон газар нь л минийх” гэсэн мэдүүлэг нь дараах үйл баримтыг нотолсон байна. Үүнд:

а/ Г.Г өөрийн өмч үйлдвэр үйлчилгээний зориулалттай объект, газраа Н.Эд худалдсан, үнийг нь өөрөө бүрэн авсан болохыг,

б/ Г.Гын үл хөдлөх хөрөнгө доторх вакум цонхны үйлдвэрлэлийг түүнтэй тохиролцон “..........” ХХК үйлдвэрлэл бизнесийн үйл ажиллагаа явуулж байсан болохыг,

в/ тухайн үйлдвэрийн тоног төхөөрөмж нь Г.Гын өөрийнх нь өмч биш учир түүнийг Г.Г худалдах эрхгүй болохыг,

г/ Г.Г үл хөдлөх хөрөнгөө худалдахдаа доторх үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг Н.Эд худалдаагүй болохыг,

Д/ Н.Эд худалдсан үл хөдлөх хөрөнгийг худалдсан 160,000,000 төгрөгийн үнэнд тоног төхөөрөмжийн үнэ ороогүй болохыг тус тус гэрчилж нотолжээ.

5.1.4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2022.10.25-нд гаргасан тайлбартаа Г.Г нь манай үйлдвэрийн тоног төхөөрөмжийг Н.Эд худалдах тухай болон Н.Э худалдан авах тухай хэн аль нь ч манай компанитай гэрээ хэлцэл хийгээгүй. Г.Г манай тоног төхөөрөмжийг худалдах эрхгүй, Н.Э тоног төхөөрөмжтэй нь бэлэн бизнес худалдаж авсан гэж худлаа ярьж байна гэсэн тайлбар гаргасан нь үндэслэлтэй болох нь гэрч Г.Гын дээрх мэдүүлэг болон, Г.Г, Н.Э нарын байгуулсан худалдах-худалдан авах гэрээгээр нотлогдож байна.

5.1.5.Мөн нэхэмжлэгчийн тайлбарт тоног төхөөрөмжийг ...............ны барьцаанд тавих талаар манай компаниас зөвшөөрөл аваагүй, мөн Н.Э өөрөө банктай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, зээл авч Г.Г-т төлбөрөө төлсөн юм гэсэн тайлбар нь хариуцагчийн нотлох баримтаар гаргаж өгсөн ..............., Н.Э нарын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээгээр нотлогддог.

5.1.6.Н.Э нь “..........” ХХК-ийн захирал, Г.Н, ня-бо н.Л нар зээлийн баримтыг хөөцөлдөж бүрдүүлж банктай ярьж зээл авч өгсөн гэж тайлбарласан тайлбар нь худлаа бөгөөд харин Г.Г Н.Э нар нь 2021.01.19-нд зээлийн гэрээ байгуулаад, банкнаас зээл хөөцөлдөх үед нь Г.Гаас худалдан авч буй объект болон газар нь “..........” ХХК болон н.Ганцог нарын ..........наас авсан зээлийн барьцаанд, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллага дээр хураагдах шийдвэр гарсан байсан тул түүнийг чөлөөлүүлж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авч өгч байж ...............анд барьцаалуулах боломж бүрдүүлэх шаардлагатай болсон тул ..........ны өр төлбөрийг төлж гэрчилгээг чөлөөлүүлж авах талаар “..........” ХХК-ийн ня-бо н.Л, Г.Г нар хөөцөлдөж байж, 2021.02.01-нд үлдэгдэл өр төлбөрийг төлж барагдуулж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгож үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авч өгч барьцаанд тавих боломжийг нь олгож тусалсан байна. Мөн Н.Э нь зээлийн урьдчилгаа 30%-ийг төлөх мөнгөгүй байсан тул урьдчилгаа төлбөрийг төлсөн болгохын тулд хэргийн 18 тал дахь тооцооны нийлсэн гэх баримтыг үйлдэж, өгч тусалсны үндсэн дээр түүнээс хойш Н.Э үл хөдлөх хөрөнгийг барьцаалуулж байж, банкнаас зээл авсан, банк зээл олгосон байна. Түүнээс биш ...............тай уулзаж зээл авч өгөх талаар хөөцөлдсөн ямар нэг үйлдэл хийгээгүй, ............... ч зээлдэгчээс өөр хүнтэй тохирч, тохирсноосоо өөр хүнтэй гэрээ байгуулж зээл олгохгүй нь ойлгомжтой илэрхий асуудал юм. Эдгээр нь хэргийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон тухай Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Д-гийн 2021.02.01-ний өдрийн 21/02/66 дугаартай тогтоол, гэрээнд хавсаргагдсан 30 %-ийн төлбөрт бараа бүтээгдэхүүн авсан тухай тооцоо нийлсэн акт, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсноос хойш 8 хоногийн дараа буюу 2021.02.08-нд ...............наас Н.Эд зээл олгосон баримт, Н.Э ...............ны хооронд зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан зөвхөн Н.Эгийн гарын үсэгтэй гэрээ /хх-44-52/ зэрэг бичгийн баримтаар нотлогдож байна.

5.1.7.Вакум цонхны үйлдвэрлэл эрхлэн явуулах тусгай зөвшөөрөл авсан баримт “..........” ХХК нь вакум цонхны үйлдвэрлэл явуулж байсныг нотолж байна.

5.1.8.“..........” ХХК, “........” ХХК-тай байгуулсан бараа бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээ /хэргийн 188-189/ нь маргаж буй тоног төхөөрөмжүүдийг БНХАУ-ын “........” ХХК-аас “..........” ХХК худалдаж авсан, түүний өмч болох нь нотлогдсон.

5.1.9.“..........” ХХК-ийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн баримтад Г.Г-ын худалдсан үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй байгаагүй, маргаж буй тоног төхөөрөмжүүд бүртгэгдсэн байгаа санхүүгийн албан ёсны баримт нь тоног төхөөрөмжийг “..........” ХХК-ийн өмч болохыг нотолсон бусад баримтуудтай нийцэж байгаа бөгөөд уг баримтыг хуурамч гэдгийг нотолсон болон хариуцагч талаас няцаасан үндэслэл бүхий нотлох баримт байхгүй.

5.1.10.Маргаан бүхий тоног төхөөрөмжийг “..........” ХХК-ийн өмч биш өөр хэн нэгний өмч гэдгийг нотолсон баримт болон миний өмч гэж булаалдаж нэхэмжилсэн гуравдагч этгээд байхгүй.

5.1.11.Уг тоног төхөөрөмжийг Г.Г Н.Э-д үл хөдлөх хөрөнгийн хамт худалдсан, “..........” ХХК-аас худалдаж авсан гэх хууль ёсоор бэхжүүлсэн, цуглуулсан нотлох баримт хэрэгт байхгүй. Хариуцагч тал нэхэмжпэлийн шаардлагыг хангахас татгалзсан үндэслэлээ нотлосон баримт гаргаагүй , зөвхөн өөрөөл ярьдаг ярьсныг нь үнэн гэж нотлох баримт байхгүй.

5.1.12.Үйлдвэрлэл явуулж байгаа тоног төхөөрөмжүүд “..........” ХХК-ийн өмч гэдгийг хариуцагч хүлээн зөвшөөрдөг, мэддэг байсан, “..........” ХХК-ийн өмч биш гэж маргаагүй,

5.1.13.Хариуцагч Н.Э нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа “..........” ХХК-ийн вакум цонхны үйлдвэрт ажиллаж байгаад, хожим түрээслэн ажиллуулж байсан, үйлдвэрийн тоног төхөөрөмж нь “..........” ХХК-ийн өмч мөн, “..........” ХХК-ийн захирал нь Г.Н гэдгийг мэдэж байсан талаар тайлбарласан тайлбар зэрэг нь түүнийг үйлдвэрийн тоног төхөөрөмж Г.Гын өмч биш учир Г.Г худалдах эрхгүй, “..........” ХХК-ийн өмч болохыг хариуцагч мэддэг, Г.Нтэй тоног төхөөрөмжийг худалдах-худалдан авах гэрээ байгуулж байж худалдаж авах ёстой гэдгээ мэдэж байсан буюу мэдэх бүрэн боломжтой байсан.

5.1.14.Г.Нтэй Н.Э тоног төхөөрөмжийг худалдаж, худалдан авах талаар ямар нэг гэрээ байгуулаагүй, тоног төхөөрөмжийн үнэ төлбөр гэж нэг ч төгрөг “..........” ХХК-д болон Г.Нд төлөөгүй.

5.1.15.Н.Э нь 2019 оны 10 сараас “..........” ХХК-ийн вакум цонхны үйлдвэрийг дотор нь байсан тоног төхөөрөмжийг нь ашиглан үйлдвэрлэл явуулж, амаар тохирч, түрээслэн ажиллуулж байсан болох нь түрээсэлж байсныг хүлээн зөвшөөрсөн тайлбар болон түрээсийн төлбөрийг хэрхэн төлдөг байсан талаарх талуудын тайлбараар нотлогддог бөгөөд түрээсийн гэрээг амаар байгуулсан, тоног төхөөрөмжийг албан ёсоор хүлээлцээгүй боловч түрээсээр ажиллуулахаар авах үед нь бүх тоног төхөөрөмж нь дотор нь бүрэн байсан болохыг хариуцагчийн “2015.06.02-нд “..........” ХХК-д вакум цонхны ажилтнаар орж 2019 оны 01 сар хүртэл ажиллаж байгаад БНСУ-руу яваад 7 сард ирээд үйлдвэр дээр очиход үйл ажиллагаа явуулахгүй удсан, тоног төхөөрөмжүүд нь тоосонд дарагдчихсан, үйлдвэрийн байр нь үндсэн тоног төхөөрөмжүүдтэйгээ байсан. Г.Н захирал чи түрээслээд ажиллуулчих гэсний дагуу би 2019 оны 09 сараас үйлдвэрийг тоног төхөөрөмжийнх нь хамт түрээслэн ажиллуулах болсон.” гэсэн тайлбараас үзэхэд Н.Э нь үйлдвэрийг бүх тоног төхөөрөмжтэй нь түрээсээр ажиллуулж байгаад буцааж өгөөгүй хууль бусаар эзэмшиж байсан болох нь нотлогддог.

5.1.16.Н.Э нь шүүх хуралдаан дээр зарим тоног төхөөрөмжийг өөрөө худалдаж авсан байсан мэтээр худлаа тайлбарласан. Энэ нь ямар нэртэй хэдэн ширхэг тоног төхөөрөмжийг хэзээ хаанаас ямар үнээр худалдаж авсан талаар ямар ч нотлох баримт гаргаагүй нь түүний тайлбар худлаа болохыг, болон нэхэмжлэгчийн нэхэмжилсэн бүх тоног төхөөрөмж бүрэн байсныг үйлдвэрлэл явуулахдаа “..........” ХХК-ийн бүх тоног төхөөрөмжийг ашиглаж байсан болох нь нотлогддог.

5.1.17.Н.Э нь үйлдвэрийн байрыг худалдаж аваад “..........” ХХК-ийн тоног төхөөрөмжийг үргэлжлүүлэн түрээслэхээр ам хэлцэл хийсэн атлаа түрээсийн төлбөрөө төлөөгүй тул 2021 оны 03 сараас “..........” ХХК-ийн захирал Г.Н нь тоног төхөөрөмжөө буцааж авахаар шаардахад худалдаж авна 20 сая төгрөгийг урьдчилгаанд өгнө үлдэгдлийг дараа өгөхөөр тохирсон боловч урьдчилгаа мөнгөө өгөлгүй 2 удаа удахгүй өгнө, тэдийд эдийд өгнө гэж хойшлуулсаар өгнө гэж тохирсон мөнгөө өгөөгүй тул Г.Н тоног төхөөрөмжөө Н.Э-д худалдахаас татгалзаж, үйлдвэрийн ажилчин өөрийн хамаатан н.Чт төлөх материал, цалингийн өр төлбөртөө оролцуулж 98 сая төгрөгөөр худалдсан. н.Ч тоног төхөөрөмжийг авах гэтэл Н.Э өгөөгүй. Тэр үед н.Ч-т худалдсан гэрээ хийснээс хойш Н.Э 20 сая төгрөг авч ирээд тоног төхөөрөмжийг 20 саяд авъя гэж Г.Нгээс гуйж, Г.Н тийм хямд өгөхгүй, тэгээд ч нэгэнт н.Чт зарсан тул худалдах боломжгүй, тоног төхөөрөмжийг түүнд өг гэсэн боловч Н.Э өгөөгүй тул н.Ч нь Н.Э Г.Н нарыг залилсан гэж Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасны дагуу цагдаагийн хэлтсээс шалгаад иргэд хоорондын гэрээний маргаан гээд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж хаагаад, шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн.

н.Ч нь гэрээний зүйл болох тоног төхөөрөмжөө авч байж, зөрүү төлбөрийг төлнө гээд одоо болтол төлбөр төлөхгүй байгаагаас нэхэмжлэгч тал тоног төхөөрөмж ч үгүй, худалдсан мөнгө ч авч чадахгүй хохирч байгаа юм. Үүнийг шүүх хуралдаан дээр хариуцагч талаас оруулсан гэрчийн “тоног төхөөрөмж худалдаж авсан гээд 20 сая төгрөг өгнө” гэж байсан талаар мэдүүлсэн мэдүүлэг, Н.Эгийн Г.Нд “Ц ахаа, 2-уулаа ингэж олон жил ах дүү шиг явчхаад заавал шүүх цагдаа болох хэрэг байгаа юм уу, анх ярилцаж тохирсноороо 20 сая төгрөгөө өгөлцөж авалцаад салья л даа” гэсэн чат ирүүлсэн баримтаар нотлогддог.

Ийнхүү дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн нэхэмжилсэн төхөөрөмжүүд нь нь нэхэмжлэгч “..........” ХХК-ийн өмч болох нь болон Н.Э нь тоног төхөөрөмжийг н.Ганбаяртай байгуулсан гэрээгээр болон “..........” ХХК-аас худалдаж аваагүй, 2019 оны 09 сараас үйлдвэрийг тоног төхөөрөмжтэй нь түрээслэн ашиглаж байгаад, үйлдвэрийн байрыг газрын хамт худалдан авснаар түрээсийн гэрээ дуусгавар болсон боловч, тоног төхөөрөмжийг буцааж өгөлгүй хууль бусаар эзэмшиж байгаа болох нь нотлогдож, улмаар “..........” ХХК өөрийн өмчөө бусдын хууль бус эзэмшлээс буцаан шаардах эрхтэй болох нь тогтоогдсон байхад давж заалдах шатны шүүх ИХШХШТ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ. 40.2.Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ. 40.3.Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчиж буруу үнэлснээс шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүйгээр хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

5.2.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож буй хууль зүйн үндэслэлээ тодорхой заагаагүй, өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсгийн аль заалтыг нь үндэслэж хүчингүй болгож байгааг заагаагүй нь магадлалыг хууль ёсны үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй байна.

Иймд хяналтын шатны шүүхээс хэргийг хянан үзэж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Уранчимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалтай танилцаад үүнийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.1 ,172.2 дахь хэсэгт заасныг үндэслэн дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.Үүнд:

6.1.Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй ,хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүхийн магадлал шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх ийнхүү шийдвэр гаргахдаа хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг зөрүүтэй дүгнэснээс гадна шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой эсэхийг анхаараагүйгээс маргааны үйл баримтыг бүрэн дүгнэж чадаагүй нь хууль хэрэглээний алдаатай үр дүнд хүргэсэн гэж үзэж байна.

6.2.Давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн тухайд:

Давж заалдах шатны шүүхийн магадлалын 5 дахь хэсэгт Иргэний хуулийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Магадлалын 5 дахь хэсгийн 5.1-т Анхан шатны шүүх хариуцагчийг 12 ш нэр төрлийн тоног төхөөрөмжийг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэн, нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт нийцээгүй байна гэж дүгнэсэн нь хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэж байна.

Хэргийн баримтаас үзвэл: Г.Г болон Н.Э нарын хооронд 2021.01.19-ний өдөр Иргэний хуулийн 243-р зүйлээс 261-р зүйлийг үндэслэн байгуулагдсан “Худалдах-худалдан авах гэрээ”-гээр талууд Г.Гын өмчлөлийн 508 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний өмчлөлийн газар болон 258.75 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдахаар тохирсон. Харин нэхэмжлэгч “..........” ХХК-ийн вакум цонхны үйлдвэрлэл явуулж байсан объект дотор байсан вакум цонхны үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн хамт худалдсан болох нь тогтоогдоогүй.

Худалдах-худалдан авах гэрээний зүйл нь тоо ширхэг, хэмжээ, чанар, тодорхой байх бөгөөд гэрээний зүйл хэд хэдэн эд хөрөнгө байвал тус тусдаа үнийг тохиролцож нийт дүнгээр нь гэрээнд заадаг. Гэрээнд үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө гэж заасан болохоос вакум цонх үйлдвэрлэхэд зориулагдсан техник тоног төхөөрөмж гэж заагаагүй юм.

6.3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд:

Гэрээнээс үүсэх маргаан шинж байдлын талаар төөрөгдсөн.

6.3.1.Г.Г нь 2021.01.19-ний өдөр байгуулагдсан “Худалдах-худалдан авах гэрээний 2-р зүйлийн 1-д заасан үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч боловч доторх хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч биш тул хариуцагч Н.Эд худалдсан байх боломжгүй юм. Тус гэрээний 2.1-д үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тоног төхөөрөмжийн хамт гэж заагаагүй юм.

6.3.2.Хариуцагч Н.Э нь 2022.09.08-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: ...үйлдвэрийн байр болон газар нь Г.Гын нэр дээр байсан ... гэсэн боловч тоног төхөөрөмжийг хариуцагч өөрөө өмчлөх эрхтэй гэдгээ бичгийн нотлох баримтаар нотлоогүй.

6.3.3................ны 2021.02.08-ны өдөр байгуулсан ............... дугаартай зээлийн гэрээ ............... дугаартай барьцааны гэрээнд үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмжүүд нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар барьцаа хөрөнгө биш юм.

6.3.4................ны 2021.02.08-ны өдөр байгуулсан ............ дугаартай зээлийн гэрээ ............... дугаартай барьцааны гэрээний зүйл нь Иргэний хуулийн 154 дугаар зүйлийн 154.1 дэх хэсэгт зааснаар: Нийслэлийн ............ тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн ............... дугаартай 508 м.кв гэр бүлийн хэрэгцээний өмчлөлийн газар, Нийслэлийн ............ тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн ............... тоот дугаартай 258.75 м.кв талбайтай Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө байна.

6.3.5.Үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмж нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар Зээлийн гэрээний барьцаа болсныг нэхэмжлэгч мэдэх боломжгүй. ............... мэдээлэл өгөх боломжгүй. Г.Г нь тоног төхөөрөмжийг худалдах эрх байхгүи юм.

6.3.6.Нотариат үйлчилгээний зориулалттай эд хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээн дээр үнэлгээ хийж хавсаргасан нь тун ойлгомжгүй байгаа юм. Үл хөдлөх, хөдлөх хөрөнгөө ялгаж зааглаагүй үнэлэлт дүгнэлт өгсөн. Харин тоног төхөөрөмж нь үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн бүрдэл хэсэг гэж үзсэн бол өөр асуудал болох юм. Давж заалдах шатны шүүх үүнийг дүгнэж хянаагүй нотлох баримтад хийсвэр дүгнэлт өгсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна.

Вакум цонхны үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж нь Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээнд нэрлэгдээгүй учир гэрээний зүйл биш юм.

Хариуцагч Н.Э нь вакум цонхны үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг 20,000,000 төгрөгөөр худалдан авах санал гаргаж байсныг нотлох баримт байгаа. (мессеж бичиж байсан)

Нэхэмжлэгч нь хариуцагч Н.Эд Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр тоног төхөөрөмжийг худалдсан бол н.Ч-той худалдах-худалдан авах гэрээ хийх шаардлагагүй байсан.

...............ны зээлийн барьцаанд үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө гэсэн болохоос тоног төхөөрөмжийн хамт гэж байхгүй.

Хариуцагч Н.Э нь уг тоног төхөөрөмжийг хууль буюу гэрээний дагуу өмчлөх эрхтэй болохоо баримтаар нотлоогүй.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь нийцүүлэн үнэлж дүгнээгүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116-р зүйлийн 2-т зааснаар, хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр гаргах хуулийн шаардлагыг хангаагүй бөгөөд тоног төхөөрөмжийг худалдсан гэж гүтгэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлжээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167-р зүйлийн 5-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

7.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Н болон түүний өмгөөлөгч Ш.Уранчимэг, Б.Лхагвацэрэн нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023.05.18-ны өдрийн 001/ШХТ2023/00583 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

8.Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэв.

9.Нэхэмжлэгч “..........” ХХК нь хариуцагч Н.Эд холбогдуулан хууль бус эзэмшлээс эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлийг “...“..........” ХХК нь Г.Г-ын өмчлөлийн ............ тоот хаягт байрладаг, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг ашиглаж, дотор нь вакум цонхны үйлдвэрлэл явуулдаг байсан. Гэтэл Г.Г нь үл хөдлөх хөрөнгөө газрын хамт 2021.01.19-ний өдөр Н.Э-д худалдсан тул үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зогссон. Н.Э нь “..........” ХХК-ийн захирал Г.Нтэй тохиролцож, үйлдвэрийн тоног төхөөрөмжийг сарын 1,000,000 төгрөгөөр түрээслэхээр амаар тохиролцон, манай тоног төхөөрөмжийг түрээслэн вакум цонхны үйлдвэрлэл явуулах болсон, гэвч түрээсийн төлбөрөө төлөөгүй. “..........” ХХК нь тоног төхөөрөмжөө худалдахаар болоход тэрээр худалдаж авна гэсэн боловч худалдаж аваагүй. Иймд 2021.09.07-ны өдөр Б.Ч-той худалдах-худалдан авах гэрээ байгуулж, түүнд төлөх байсан өр төлбөртөө тооцуулж, вакум цонхны тоног төхөөрөмжөө бүгдийг нь анх худалдаж авсан үнээр нь буюу 98,863,956 төгрөгөөр үнэлэн худалдсан. Н.Э нь Г.Гаас зөвхөн үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг газрын хамт худалдаж авсан болохоос бус манай компанийн өмчлөлийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг худалдаж аваагүй. Түүний хууль бус эзэмшлээс тус бүр нь 1 ширхэг наагч 4 толгойт, угаагч, вакумжуулагч, цавуу түрхэгч, ажлын ширээ, силикон түрхдэг ширээ, тусгаарлагч нугалагч, 2 толгойт хөрөө, нүх цоологч, V хөрөө, шил дарагч огтлогч, булан цэвэрлэгч, гар булан цэвэрлэгч, дотор булан, гадар булан, хамрын ховил татагч, булан пресслэгч, хэмжээт тасдагч, компрессор, нийт 19 ширхэг нэр төрлийн цонхны үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж өөрийн компанийн өмч болох вакум цонхны үйлдвэрлэлийн, 19 нэр төрлийн тоног төхөөрөмжийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...өмнө нь “..........” ХХК-ийн вакум цонхны үйлдвэрт ажиллаж байсан. Солонгос явж ирээд 2019 оны 07 дугаар сарын дундуур нэхэмжлэгч компанийн захирал Г.Н-тэй уулзахад тус компани вакум цонхны үйл ажиллагаа явуулахаа болиод удчихсан, тоног төхөөрөмж нь үйлдвэрийн байранд тоосондоо  дарагдсан байсан. Г.Н нь тухайн үед  үйлдвэрээ цаашид ажиллуулж чадахгүй болсон, чи түрээслээд ажиллуул гэсэн тул 2019 оны 09 дүгээр сараас эхлэн би тухайн үйлдвэрийг, тоног төхөөрөмжийн хамт түрээслэн ажиллуулах болсон. Ажиллуулж байх хугацаанд 2020 оны 10 дугаар сард Г.Н нь вакум цонхны үйлдвэрээ зарж, зээлээ төлмөөр байна гэсэн бөгөөд би вакум цонхны үйлдвэрийг тоног төхөөрөмжийн хамт буюу бэлэн бизнесийг нийт 160,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Зээл авахаар болсон, зээлийг захирал Г.Н, нягтлан бодогч н.Л нар хөөцөлдөж, зээлийн материалыг бүрдүүлж өгсөн. Зээл авах үед тухайн үйлдвэрийн байр болон газар нь Г.Нгийн дүү болох Г.Г-ын нэр дээр байсан. Надад урьдчилгаа 30 хувийн төлбөр байгаагүй тул үйлдвэрийн байр, газар, тоног төхөөрөмж худалдах-худалдан авах гэрээг 220,000,000 төгрөгөөр байгуулж, зээлийн 160,000,000 төгрөгөө банкнаас 2021.02.08-ны өдөр гаргуулан авч, тухайн хөрөнгүүдийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан. Бүх эд хөрөнгөө хүлээлцээд тухайн үед асуудал бүрэн дууссан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу” гэсэн тайлбарыг гаргасан байна.

10.Анхан шатны шүүх “...үйлдвэрлэлийн байр, газрыг худалдсан тухай Г.Г, Н.Э нарын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээний агуулгаас үзвэл объектыг дотор нь байсан вакум цонхны үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн хамт худалдсан болох нь тогтоогдохгүй байна. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т зааснаар Н.Эг тоног төхөөрөмжийг шударгаар эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэлгүй, нөгөөтэйгүүр гэрээний дагуу өмчлөх эрх ч үүсээгүй байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч “..........” ХХК нь тоног төхөөрөмжөө шаардах эрхтэй байна. Хариуцагч Н.Э нь ...............тай байгуулсан барьцааны гэрээний дагуу 53,022,200 төгрөгийн үнэлгээтэй 12 нэр төрлийн тоног төхөөрөмжийг барьцаалсан байх бөгөөд эдгээр тоног төхөөрөмжийг хариуцагч нь хууль бусаар эзэмшиж байна.” гэж дүгнэн 12 нэр төрлийн тоног төхөөрөмжийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх “...“..........” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Г.Г болон Н.Э нарын хооронд 2021.01.19-ний өдөр байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээнд талуудын маргаж буй тоног төхөөрөмжүүд тусгагдаагүй байна. Гэвч анхан шатны шүүх хариуцагчаас 12 нэр төрлийн тоног төхөөрөмжийг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэн шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт нийцээгүй. Нэхэмжлэгч нь эдгээр тоног төхөөрөмжийн өмчлөгч болох нь тогтоогдоогүй, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд маргааны зүйл болох дээрх тоног төхөөрөмжөөс 12 нэр төрлийн тоног төхөөрөмжийг барьцаалж гэрээг байгуулсан үйл баримтаас үзвэл хариуцагчийг тухайн тоног төхөөрөмжийг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэх боломжгүй” гэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

11.Хоёр шатны шүүх хэргийн үйл баримтыг өөрөөр үнэлж, зохигчийн хооронд үүссэн эд хөрөнгө гаргуулах эсэх талаарх маргааныг шийдвэрлэхдээ эрх зүйн ялгаатай дүгнэлт хийж, зөрүүтэй шийдвэр гаргасан талаар нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын гомдлын үндэслэл нь хэргийг хяналтын шатны шүүх хянан хэлэлцэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлд хамаарсан байна.

12.Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

12.1.Хэрэгт авагдаж, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар .......... тоотод байрлах, 508 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, тус газарт байрлах 258.75 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Г.Г байсан, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/00020 дугаартай захирамжаар “..........” ХХК, Г.Г нар нь 320,494,629 төгрөгийг 12 сарын хугацаанд “..........” ХХК-д төлөхөөр, төлбөрөө заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг Б.Л-гийн өмчлөлийн 5 өрөө орон сууц болон Г.Гын өмчлөлийн дээр дурдсан газар болон үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Энэхүү шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж, “..........” ХХК-ийн төлбөрт үйлдвэрийн барилгыг газрын хамт битүүмжилж, хураан авч, үнэлгээ тогтоох ажиллагааг явуулсан, энэ цаг хугацаанд Г.Г нь Н.Э-тай 2021.01.19-ний өдөр худалдах-худалдан авах гэрээг байгуулж, өөрийн өмчлөлийн газар болон үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 221,120,000 төгрөгөөр худалдахаар 61,120,000 төгрөгийг төлсөнд тооцох, үлдэгдэл 160,000,000 төгрөгийг Н.Э банкнаас авч, зээлийн хөрөнгөөр төлж барагдуулахаар харилцан тохирсон байна.

Н.Э болон “...........” ХХК нь 2021.02.08-ны өдөр ...............тай ............... дугаартай зээлийн гэрээ байгуулж, 154,000,000 төгрөгийг хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлж, мөн өдрөө ........... дугаартай барьцааны гэрээ байгуулж, дээрх газар болон үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, ............... дугаартай барьцааны гэрээ байгуулж, бараа материал болон тоног төхөөрөмжийг тус тус барьцаалжээ. Энэхүү ............... дугаартай барьцааны буюу хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд зохигчийн хооронд үүссэн маргааны зүйл болсон хөрөө вакум, нэг толгойтой булан наагч машин, өнцөгт хөрөө, шил дарагч, булан цэвэрлэгч, тусгаарлагч, 2 толгойт хөрөө, нүх цоологч, угаагч, наагч, вакумжуулагч, цавуу түрхэгч гэсэн нийт 12 нэр төрлийн тоног төхөөрөмж багтсан байна.

Эдгээрээс үзвэл вакум цонхны үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, уг үйлдвэрлэл явуулж байсан үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, уг хөрөнгө байрлах газрыг Н.Э барьцаалж зээл авч, уг зээлийн мөнгөөр “..........” ХХК болон Г.Г нарын “..........” ХХК-д төлөх өр төлбөр төлөгдөж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байна.

12.2.Г.Г болон Н.Э нарын хооронд 2021.01.19-ний өдөр бичгийн хэлбэрээр байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээнээс үзэхэд худалдагч тал нь Г.Г, худалдан авагч тал нь Н.Э, гэрээний зүйл нь Г.Гын өмчлөлийн газар болон үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө гэж тусгагдсан.

12.3.Зохигчийн хооронд үүссэн маргааны зүйл нь нэхэмжлэлд дурдсан тоног төхөөрөмж нь худалдах-худалдан авах гэрээний зүйл болсон эсэх бөгөөд анхан шатны шүүх дээрх гэрээг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д заасны дагуу үгийн шууд утгаар тайлбарлаж, “..........” ХХК-ийн вакум цонхны үйлдвэрлэл явуулж байсан объект дотор байсан вакум цонхны үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж худалдагдсан болох нь тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл, бичгийн гэрээнд зааснаар газар, үйлдвэрийн зориулалттай барилгыг хариуцагч Н.Э нь Г.Г-аас худалдан авсан гэж дүгнэжээ.

12.4.Харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нь маргааны зүйл болсон тоног төхөөрөмжийн өмчлөгч болох нь, хариуцагчийн эзэмшил хууль бус болох нь тогтоогдоогүй гэж үзсэн байна.

Хэрэгт тухайн тоног төхөөрөмжийн өмчлөгч нь нэхэмжлэгч “..........” ХХК гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар бүрэн тогтоогдоогүй байна. Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хэргийн 5 дугаар талд авагдсан 21 нэр төрлийн жагсаалт, 187-188 дугаар талд авагдсан “......” ХХК болон “..........” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэх бараа бүтээгдэхүүн худалдан авах гэрээ, 189-194 дүгээр талд авагдсан Үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэлийн товчоо гэх баримтууд нь “..........” ХХК-ийг тоног төхөөрөмжийн өмчлөгч гэдгийг эргэлзээгүй шууд нотолж чадаагүйг давж заалдах шатны шүүх магадлалдаа заасан нь нотлох баримтыг үнэлэх өөрийн бүрэн эрхээ хэрэгжүүлсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчөөгүй.

12.5.Нөгөө талаар нэхэмжлэгч “..........” ХХК-ийн дүрмээр тус компанийн нийт хувьцааны 33 хувийг В.Г, 33 хувийг Г.Н, 34 хувийг Г.Г нар тус тус эзэмшдэг, Г.Н гүйцэтгэх захирлаар ажилладаг болох нь тогтоогджээ.

12.6.“..........” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Н нь вакум цонхны үйлдвэрлэлээ зогсоосон байсан цаг хугацаанд хариуцагч Н.Э уг үйлдвэрлэлийг дахин сэргээж үйл ажиллагаа явуулах зорилгоор эхлээд бүхэлд нь түрээсэлсэн, улмаар худалдан авсан нөхцөл мөн нотлогдсон.

12.7.Хэдийгээр худалдах-худалдан авах гэрээ Г.Г, Н.Э нарын хооронд бичгээр хийгдсэн боловч нэг талаас нэхэмжлэгч “..........” ХХК-д ашиг сонирхол нэгтэй гэж үзэж болох ах, дүү хувьцаа эзэмшигч нар болон нөгөө талаас Н.Э нарын хооронд вакум цонхны үйлдвэрлэлийг худалдах-худалдан авах тохиролцоо явагдсан гэж үзэх үндэслэлтэй тул гэрээний зорилго, үндэслэл, зохигчийн тайлбарыг харьцуулан дүгнэхэд үйлдвэрийн зориулалттай эд хөрөнгийг бүхэлд нь худалдсан, тодруулбал, худалдах-худалдан авах гэрээний зүйлд тоног төхөөрөмж орсон, уг тоног төхөөрөмжгүйгээр хариуцагч нь үйлдвэрийн байр, газар худалдах-худалдан авах хүсэл зориг байсан гэхэд дутагдалтай байна.

Өөрөөр хэлбэл, үйлдвэрийн зориулалттай хөрөнгөө худалдсан талуудын тохиролцооны хүрээнд дурдагдаж байгаа тоног төхөөрөмж нь дагалдах зүйл болох ба худалдах-худалдан авах гэрээний зүйлд хамаарч байна гэж үзнэ.

Иймд нэхэмжлэлийг хангах нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасантай нийцэхгүй байна.

13.Нэхэмжлэгчээс хариуцагчтай мессэжээр харилцсан гэх тоног төхөөрөмжийн үнэд 20 сая төгрөг төлж маргааныг дуусгая гэсэн агуулгатай баримтыг гаргасан нь хэргийн 85-р талд авагдсан, энэхүү баримтын эх сурвалж хуульд зааснаар бүрдээгүй байна. Түүнчлэн Б.Ч-той байгуулсан тоног төхөөрөмжөө худалдсан гэх 2021.09.07-ны өдрийн гэрээ нь (хх-11-13-р тал) маргааны зүйлийг нотлох баримт болохгүй.

14.Дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА2023/00699 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “..........” ХХК-ийн 2023.05.01-ний өдөр төлсөн 423,061 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ                                                    

ШҮҮГЧИД                                                       Н.БАЯРМАА

                                                                        Д.ЦОЛМОН

                                                                                    Х.ЭРДЭНЭСУВД