Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/00699

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/00699

 

W ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Н.Батзориг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2023/00730 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: W ХХК

Хариуцагч: Н.Эд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 21 нэр төрлийн 98,963,956 төгрөгийн өртөг бүхий цонхны үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг, түүнийг ашигласан хугацааны түрээсийн төлбөр 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Н.Э, хариуцагчийн өмгөөлөгч А.а, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 W ХХК нь Г.Гтай тохирч, түүний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 00 хороо, 0 хэсэг, Х 000 тоот хаягт байрладаг, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг ашиглаж, дотор нь вакум цонхны үйлдвэрлэл явуулдаг байсан. Гэтэл Г.Г нь үл хөдлөх хөрөнгөө газрын хамт 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдар Н.Эд худалдсан тул манайх үйлдвэрээ ажиллуулах боломжгүй болж үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зогссон.

Н.Э нь үйлдвэрийн байрыг худалдаж авсны дараа манай компанийн захирал Г.Нтэй тохиролцож, манай үйлдвэрийн тоног төхөөрөмжийг сарын 1,000,000 төгрөгөөр түрээслэхээр амаар тохиролцон, манай тоног төхөөрөмжийг ашиглан вакум цонх үйлдвэрлэсэн. Тэрээр түрээсийн төлбөрөө төлөөгүй.

1.2 W ХХК нь вакум цонхны тоног төхөөрөмжөө худалдаж, өр төлбөрөө төлөх шаардлагатай болсон талаар Н.Эд хэлэхэд тэрээр худалдаж авна гэсэн боловч худалдаж аваагүй. Иймд нэхэмжлэгч нь 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр БЧтой худалдах-худалдан авах гэрээ байгуулж, түүнд төлөх байсан өр төлбөртөө тооцуулж, вакум цонхны тоног төхөөрөмжөө бүгдийг нь анх худалдаж авсан үнээр нь буюу 98,863,956 төгрөгөөр үнэлэн нь худалдсан.

Н.Э нь Г.Гаас зөвхөн үйлдвэрлэл үйлчилгээний зориуллалттай үл хөдлөх хөрөнгийг газрын хамт худалдаж авсан болохоос бус манай компанийн өмчлөлийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг худалдаж аваагүй.

Иймд Н.Эгийн хууль бус эзэмшлээс өөрийн компанийн өмч болох вакум цонхны үйлдвэрлэлийн, 19 нэр төрлийн тоног төхөөрөмжийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Миний бие 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр W ХХК-д вакум цонхны үйлдвэрийн ажилтнаар ажилд орж, 2019 оны 01 дүгээр сард үйлдвэрээс гарсан. Улмаар 2019 оны 07 дугаар сарын дундуур нэхэмжлэгч компанийн захирал Г.Нтэй уулзаж, вакум цонхны үйлдвэр дээр очиход тус үйлдвэр нь үйл ажиллагаа явуулахгүй удчихсан, үйлдвэрийн байр нь үндсэн тоног төхөөрөмжүүдтэйгээ л байсан. Г.Н нь тухайн үед вакум цонхны үйлдвэрээ цаашид өөрсдөө ажиллуулж чадахгүй болсон тул 2019 оны 9 дүгээр сараас эхлэн би тухайн үйлдвэрийг, тоног төхөөрөмжийн хамт түрээслэн ажиллуулах болсон.

Ажиллуулж байх хугацаанд буюу 2020 оны 10 дугаар сард Г.Н нь вакум цонхны үйлдвэрээ зарж, зээлээ төлмөөр байна гэсэн бөгөөд би вакум цонхны үйлдвэрийг тоног төхөөрөмжийн хамт буюу бэлэн бизнесийг нийт 160,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон.

2.2 Худалдан авах миний зээлийг нэхэмжлэгч компанийн захирал Г.Н, нягтлан бодогч н.Л нар хөөцөлдөж, зээлийн материалыг бүрдүүлж өгсөн бөгөөд намайг зээл авах үед тухайн үйлдвэрийн байр болон газар нь Г.Нгийн дүү болох Г.Гын нэр дээр байсан. Надад зээлийн шаардлага хангах буюу урьдчилгаа 30 хувийн төлбөр байгаагүй тул үйлдвэрийн байр, газар, тоног төхөөрөмж худалдах-худалдан авах гэрээг 220,000,000 төгрөгөөр байгуулж, зээлийн 160,000,000 төгрөгөө банкнаас 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гаргуулан авч, тухайн хөрөнгүүдийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан.

Бидний хооронд төлбөрийн үлдэгдэл болон үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө хүлээлцсэн талаар ямар нэгэн маргаан байхгүй. Бүх эд хөрөнгөө хүлээлцээд тухайн үед асуудал бүрэн дууссан. Би 2019 оны 9 дүгээр сараас 2021 оны 01 дүгээр сар хүртэл түрээслэн ажиллуулж байсан. Түрээсийн төлбөрөө бэлнээр болон бэлэн бусаар бүрэн төлж барагдуулсан. Худалдаж авснаас хойш буюу 2021 оны 02 дугаар сараас эхлэн бие даан үйл ажиллагаа явуулж байгаа. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Эгийн хууль бус эзэмшлээс цонхны үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж болох Хөрөө вакум, нэг толгойтой булан наагч машин, өнцөгт хөрөө, шил дарагч, булан цэвэрлэгч, тусгаарлагч, 2 толгойт хөрөө, нүх цоологч, угаагч, наагч, вакуумжуулагч, цавуу түрхэгч гэсэн 12 нэр төрлийн тоног төхөөрөмжийг гаргуулж, нэхэмжлэгч W ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч W ХХК-ийн тоног төхөөрөмжийг ашигласан хугацааны түрээсийн төлбөрт нэхэмжилсэн 28,500,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 802,270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Эгаас улсын тэмдэгтийн хураамжид 423,061 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч W ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн байсан хэмээн тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, хариуцагчтай байгуулсан түрээсийн гэрээний дагуу хариуцагчийн эзэмшилд түрээсийн журмаар шилжүүлсэн тоног төхөөрөмжөө түрээсийн төлбөрийн хамт гаргуулахаар шаардсан.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч W ХХК нь түрээсийн гэрээний дагуу хариуцагчаас тоног төхөөрөмж шаардаж байгаа тохиолдолд талуудын хооронд мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр түрээсийн гэрээ байгуулагдсан байхыг шаардахаас гадна тус гэрээний дагуу өөрийн өмчлөлийн зүйлээ хариуцагчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн, хүлээлгэн өгсөн гэдгээ нотлох үүрэгтэй. Гэтэл хэрэгт цугларсан баримт болон шүүхэд гаргасан талуудын тайлбараар дээрх нөхцөл байдал хангалттай тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

4.2 Нэхэмжлэгчийн хариуцагчаас гаргуулахаар шаардаж буй 21 нэр төрлийн тоног төхөөрөмжүүдийг гэрээнд тусгайлан нэрлэн зааж, дурдаагүй байхад анхан шатны шүүх маргаан бүхий тоног төхөөрөмжүүдийг энэхүү гэрээгээр худалдаж авсан байна гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Түүнчлэн, W ХХК-ийн үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэлийн товчоо гэх баримтыг нэхэмжлэлийн шаардлагад хамааруулж дүгнэсэн нь үндэслэлгүй.

4.3 Нэхэмжлэгч нь өр төлбөрөө дарахын тулд аман хэлцэл хийж тохиролцсоны дагуу хариуцагч банкны зээлээр дээрх эд хөрөнгүүдийг худалдаж авсан. Тэгэхдээ хариуцагчийн нэр дээрх Хаан банкнаас авах зээлийг нэхэмжлэгч компанийн захирал Г.Н болон тус компанийн нягтлан бодогч н.Л нар хөөцөлдөж бүрдүүлж өгсөн. Үүнийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Б нь шүүхэд гаргасан тайлбартаа хүлээн зөвшөөрч дурдсан. Зээлийн материалыг бүрдүүлэх үед тухайн үйлдвэрийн байр болон газар нь Г.Нгийн төрсөн дүү, нэхэмжлэгч W ХХК-ийн хувьцаа эзэмшигч Г.Гын нэр дээр байдгийг анх мэдсэн. Тиймээс Г.Гтай Худалдах-худалдан авах гэрээ байгуулах үед газар, үйлдвэрийн байр, тоног төхөөрөмжүүдийг банкны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалж байгааг нэхэмжлэгч анхнаасаа мэдэж байсан.

4.4 Нэхэмжлэгч Худалдах, худалдан авах гэрээ-д тоног төхөөрөмжүүдийг дурдаагүй байдлыг далимдуулан тоног төхөөрөмжүүдийг түрээсийн журмаар ашиглуулж байсан, хариуцагчаас буцааж авах эрхтэй мэтээр тайлбарлаж байгаа нь нэхэмжлэгчийг шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Түүнчлэн, хариуцагчийн зүгээс шүүх хуралдааны явцад барьцааны гэрээний дагуу барьцаалсан 12 нэр төрлийн тоног төхөөрөмжид өөрийн худалдаж авсан зарим нэр төрлийн тоног төхөөрөмж багтсан талаар нэр заан тайлбарласаар байхад анхан шатны шүүх хариуцагчийн тайлбарыг харгалзаж үзэхгүйгээр барьцааны гэрээнд дурдагдсан л бол нэхэмжлэгч компанийн өмч мөн байх ёстой мэтээр дүгнэж, хөрөнгийг ялгаж салгахгүйгээр 12 нэр төрлийн тоног төхөөрөмжийг бүгдийг нь хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

4.5 Тухайн үед үйлдвэрийг худалдах-худалдан авах гэрээний төслийг нэхэмжлэгч талын хамаарал бүхий хүмүүс өөрсдөө хийж, надаар гарын үсэг зуруулан, нотариатаар батлуулсан. Тэр үед гэрээнд тоног төхөөрөмжүүдийг тусгасан уу, үгүй юу гэдгийг анзаараагүй. Наймаа хийгдэж дууссанаас хойш буюу 2021 оны 02 дугаар сараас хойш бидний хооронд өглөг авлага, төлбөр тооцооны асуудал яригдаж байгаагүй, тооцоо бүрэн дууссан байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч W ХХК нь хариуцагч Н.Эд холбогдуулан тус бүр нь 1 ширхэг наагч 4 толгойт, угаагч, вакамжуулагч, цавуу түрхэгч, ажлын ширээ, силикон түрхдэг ширээ, тусгаарлагч нугалагч, 2 толгойт хөрөө, нүх цоологч, V хөрөө, шил дарагч огтлогч, булан цэвэрлэгч, гар булан цэвэрлэгч, дотор булан, гадар булан, хамрын ховил татагч, булан пресслэгч, хэмжээт тасдагч, компрессор, нийт 19 ширхэг нэр төрлийн цонхны үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж гаргуулах тухай шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...W ХХК нь Г.Гын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд вакум цонх үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байсан. Г.Г нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг Н.Эд худалдсан. W ХХК нь Н.Эд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг худалдаагүй гэж тайлбарласан.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг ...Г.Гаас үл хөдлөх эд хөрөнгийг вакум цонхны үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хамт 160,000,000 төгрөгөөр худалдан авсан гэж үгүйсгэн маргасан.

3. Хэрэгт W ХХК-ийн дүрэм авагдсан байх бөгөөд дүрмээр тус компанийн нийт хувьцааны 33 хувийг В.Ганбаатар, 33 хувийг Г.Н, 34 хувийг Г.Г нар тус тус эзэмшдэг, улсын бүртгэлд Г.Н гүйцэтгэх удирдлагаар бүртгэлтэй байна. /хх 7-9/

4. W ХХК-ийн хувьцаа эзэмшигч Г.Г болон Н.Э нарын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан Худалдах худалдан авах гэрээ-д талуудын маргаж буй тоног төхөөрөмжүүд тусгагдаагүй байна. /хх 15-17/

5. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

5.1 Анхан шатны шүүх хариуцагчийг 12 ширхэг нэр төрлийн тоног төхөөрөмжийг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэн, нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт нийцээгүй байна.

Учир нь, мөн зүйлд зааснаар өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардахад тухайн хөрөнгийн хууль ёсны өмчлөгч гэдгээ баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд нотолсон тохиолдолд хариуцагчийн эзэмшил нь хууль бус болно.

5.2 Хэргийн 5 дугаар талд авагдсан 21 нэр төрлийн жагсаалт, 187-188 дугаар талд авагдсан Lianfeng ХХК болон W ХХК-ийн хооронд байгуулагдсан гэх Бараа түтээгдэхүүн худалдан авах гэрээ, 189-194 дүгээр талд авагдсан Үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэлийн товчоо гэх баримтууд нь нэхэмжлэгчийг маргааны зүйл болох тоног төхөөрөмжийн өмчлөгч гэдгийг эргэлзээгүй нотолж чадахгүй байна.

5.3 Нөгөөтээгүүр, Г.Г болон Н.Э нарын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан гэх Худалдах худалдан авах гэрээ-ний 6.2-т Гэрээний үнийн үлдэгдэл төлбөр болох 160,000,000 төгрөгийг худалдан авагч тал гэрээний хугацаанд банкнаас авах зээлийн хөрөнгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэж заасан. /хх 17/ Хариуцагч нь Хаан банк ХХК-тай 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан ЗГ/202145943384 дугаартай зээлийн гэрээгээр 154,000,000 төгрөг зээлэх, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд маргааны зүйл болох дээрх тоног төхөөрөмжөөс 12 нэр төрлийн тоног төхөөрөмжийг барьцаалах тухай БГХ/202145943384 дугаартай барьцааны гэрээг байгуулсан үйл баримт тогтоогдсон байна. /хх 44-46, 52/ Уг үйл баримтаас үзвэл хариуцагчийг тухайн тоног төхөөрөмжийг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэх боломжгүй.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2023/00730 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Н.Эд холбогдох, наагч 4 толгойт, угаагч, вакамжуулагч, цавуу түрхэгч, ажлын ширээ, силикон түрхдэг ширээ, тусгаарлагч нугалагч, 2 толгойт хөрөө, нүх цоологч, V хөрөө, шил дарагч огтлогч, булан цэвэрлэгч, гар булан цэвэрлэгч, дотор булан, гадар булан, хамрын ховил татагч, булан пресслэгч, хэмжээт тасдагч, компрессор, нийт 19 ширхэг нэр төрлийн цонхны үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж гаргуулах тухай W ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 423,061 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД  Н.БАТЗОРИГ

 

М.БАЯСГАЛАН