Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2023/00730

 

 

 

 

 

 

 

2023 02 01

101/ШШ2023/00730

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ц ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н.Э холбогдох

 

21 нэр төрлийн 98,963,956 төгрөгийн өртөг бүхий цонхны үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг, түүнийг ашигласан хугацааны түрээсийн төлбөр 30,000,000 төгрөгийн хамт гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагвацэрэн,

Хариуцагч Н.Э,

Хариуцагчийн өмгөөлөгч А.Билгүүн,

Гэрч Г.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ЦХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нь иргэн Г.Гтай тохирч түүний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 0 тоот хаягт байрладаг үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг ашиглаж, түүний дотор вакум цонхны үйлдвэрлэл явуулдаг байсан. Гэтэл Г.Г нь өөрт нь мөнгөний хэрэг гарсан гээд манай компани ашиглаж, вакум цонхны үйлдвэрлэл явуулж байсан өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөө газрын хамт 2021 оны 01 дүгээр сарын 19-нд манай үйлдвэрт ажилладаг байсан Н.Эд худалдсан тул манайх үйлдвэрээ ажиллуулах байргүй болсон, мөн цар тахалын улмаас үйлдвэрлэл саатаж, борлуулалт буурсан, вакум цонхны үйлдвэрлэх үйл ажиллагаагаа явуулах зөвшөөрлийн хугацаа дуусаж сунгуулж чадаагүй удсан зэргээс болж үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зогссон. Н.Э нь үйлдвэрийн байрыг худалдаж авсны дараахан манай компанийн захирал Г.Нтэй тохиролцож түүний Г.Гаас худалдаж авсан гэх объект дотор байсан манай үйлдвэрийн тоног төхөөрөмжийг түр хугацаагаар сарын 1,000,000 төгрөгөөр түрээслэн ашиглахаар амаар тохиролцон, манай тоног төхөөрөмжийг ашиглан вакум цонх үйлдвэрлэсээр өдий хүрсэн. Гэтэл Н.Э нь тоног төхөөрөмжийг ашигласан түрээсийн төлбөрөө алдаг оног төлж байгаад сүүлдээ ямар ч түрээс төлбөр төлөөгүй. Улс оронд тархсан цар тахалаас болж манай компанийн явуулдаг бусад үйлдвэрлэл үйл ажиллагаа алдагдалд орж, орлого буурч өр төлбөрүүд үүссэн тул манайх вакум цонхны тоног төхөөрөмжөө худалдаж өр төлбөрөө төлөх шаардлагатай болж энэ талаар Н.Эд хэлэхэд худалдаж авна гэчихээд мөнгийг нь өгнө гэж худлаа хэлж 3 удаа хугацаа авч, гэрээ ч хийхгүй, мөнгөө ч төлөхгүй бултаад, худалдаж аваагүй тул манай компани арга буюу бусдад төлөх өр төлбөрөө төлж барагдуулахын тулд 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр иргэн Б.Чтой худалдах худалдан авах гэрээ байгуулж, түүнд төлөх байсан өр төлбөртөө тооцуулж, вакум цонхны тоног төхөөрөмжөө бүгдийг анх худалдаж авсан үнээр нь буюу 98,863,956 төгрөгөөр үнэлэн нь худалдсан юм. Н.Э нь манайд урьд нь ажиллаж байсан, уг тоног төхөөрөмжүүд манай компанийх гэдгийг сайн мэдэж байсан бөгөөд тэрээр Г.Гаас зөвхөн үйлдвэрлэл үйлчилгээний зориуллалттай үл хөдлөх хөрөнгийг түүний байрлаж буй газартай нь худалдаж авсан болохоос бус манай компанийн өмчлөлийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг Г.Гаас ч, манай компаниас ч худалдаж аваагүй билээ. Гэтэл Н.Э нь тоног төхөөрөмжийг худалдаж авна, мөнгө олно гэж хугацаа авч хуурч, хүлээлгэж байснаа сүүлдээ худалдаж авахаас татгалзаж, би үл хөдлөх хөрөнгөтэй нь Г.Гаас худалдаж авсан гээд маргаж, өдий хүртэл тоног төхөөрөмжийг маань худалдаж ч авахгүй, түрээс ч төлөхгүй, буцааж ч өгөхгүй, ашигласаар байгаагийн улмаас манайх өөрийн өмч болох тоног төхөөрөмжөө ашиглаж ч чадахгүй, түрээсийн төлбөрч авч чадахгүй, захиран зарцуулах эрхээ ч хэрэгжүүлж чадахгүй хохирч байгаагийн улмаас манай компани өөрийн өмч болох вакум цонхны тоног төхөөрөмжөө манай компаниас худалдаж авсан Б.Чийн өмчлөлд шилжүүлж өгөх худалдах худалдан авах гэрээний үүргээ биелүүлж чадахгүй, өр төлбөр үүсээд байгаа учир уг төхөөрөмжөө Н.Эгийн хууль бус өмчлөлөөс гаргуулж авч, улмаар Б.Чтой байгуулсан худалдах худалдан авах гэрээний үүргээ биелүүлж, түүний өмчлөлд шилжүүлж өгч өр төлбөрөө барагдуулах шаардлагатай болоод байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасныг үндэслэн Н.Эгийн хууль бус эзэмшлээс өөрийн компанийн өмч болох вакум цонхны үйлдвэрлэлийн, 21 нэр төрлийн 98,863,956 төгрөгийн өртөг бүхий вакум цонхны үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг гаргуулж авах, мөн манай тоног төхөөрөмжийг ашиглан 20 гаруй сар үйлдвэрлэл явуулж ашиг олж байгаа атлаа манай компанийн тоног төхөөрөмжийг худалдаж авна гэж хуурсаар 20 сар ашиглан ашигласан хугацааны түрээсийн хөлсийг ч төлөхгүй, буцааж ч өгөхгүй хохироосон тул түүнийг ашигласан хугацааны хохиролд түрээсийн жишигийн доод хэмжээгээр тооцож сарын 1,500,000 төгрөгөөр тооцоход 30,000,000 төгрөг гарч байна.

Иймд Н.Эгаас хавсралтад заасан ,түүний өмч болох Баянзүрх дүүргийн 0 тоот дахь үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн байранд ашиглаж буй манай компанийн өмч болох 21 нэр төрлийн 98,863,956 төгрөгийн өртөг бүхий вакум цонхны үйлдвэрлэлийн иж бүрэн тоног төхөөрөмжийг гаргуулж, төхөөрөмжийг ашигласан түрээсийн төлбөр 30,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн шаардлагаас 21 нэр төрлийн тоног төхөөрөмж гаргуулах шаардлагаа 19 нэр төрлийн гэж багасгаж, мөн түрээсийн төлбөр 28,500,000 төгрөгийг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна гэв.

 

2. Хариуцагч Н.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.Э би 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч ЦХХК-д вакум цонхны үйлдвэрийн ажилтнаар ажилд орсон бөгөөд 2019 оны 01 дүгээр сар хүртэл тус компанийн вакум цонхны үйлдвэрт ажиллаж байгаад БНСУ руу явах шаардлагатай болсон учраас тус үйлдвэрээс гарсан. Улмаар 2019 оны 7 дугаар сард БНСУ-аас Монгол Улсад буцаж ирсэн. Монгол Улсад ирсний дараагаар буюу 2019 оны 7 дугаар сарын дундуур нэхэмжлэгч компанийн захирал Г.Нтэй уулзаж, вакум цонхны үйлдвэр дээр очиход тус үйлдвэр нь үйл ажиллагаа явуулахгүй удчихсан, техник тоног төхөөрөмжүүд нь тоосондоо дарагдчихсан, туслах багаж хэрэгслүүдээ өөрийн ажиллуулж байсан модон эдлэлийн үйлдвэртээ оруулсан, үйлдвэрийн байр нь үндсэн тоног төхөөрөмжүүдтэйгээ л байсан. Г.Н нь тухайн үед вакум цонхны үйлдвэрээ цаашид өөрсдөө ажиллуулж чадахгүй, хөрөнгө мөнгөгүй, ажиллах хүн хүчгүй болсон, чи түрээслээд ажиллуулчих гэсний дагуу би 2019 оны 9 дүгээр сараас эхлэн тухайн үйлдвэрийг, тоног төхөөрөмжийн хамт түрээслэн ажиллуулах болсон. Ингэж ажиллуулж байх хугацаанд буюу 2020 оны 10 дугаар сард Г.Н нь үйлдвэр дээр ирж ...уг үйлдвэрийн байр, тоног төхөөрөмж болон модон эдлэлийн үйлдвэр нь Хас банк болон Капитрон банкны зээлийн барьцаанд хураагдах болчихлоо, одоо удахгүй дуудлага худалдаанд оруулах юм байна, вакум цонхны үйлдвэрээ зарж зээлээ төлмөөр байна, чи худалдаад авчих... гэсний дагуу би худалдаж авахаар болж Хаан банкнаас зээл гаргуулж авахаар хөөцөлдсөн. Тухайн үед нэхэмжлэгч компани нь Хас банкинд вакум цонхны үйлдвэрийг барьцаалсан зээлийн үлдэгдэл төлбөр нь 60,000,000 төгрөг, Капитрон банкинд модон эдлэлийн үйлдвэрийг барьцаалсан зээлийн үлдэгдэл төлбөр нь 100,000,000 төгрөг байсан бөгөөд дээрх зээлийн төлбөрүүдийг төлж барагдуулах шаардлагатай тул банкны барьцаанд байх вакум цонхны үйлдвэрийг тоног төхөөрөмжийн хамт буюу бэлэн бизнесийг нийт 160,000,000 төгрөгөөр надад худалдахаар тохиролцсон. Намайг банкны зээл хөөцөлдөж байх хугацаанд тухайн үйлдвэрийг олон хүмүүс ирж үзэж байсан боловч шийдвэр гүйцэтгэх газарт албадан дуудлага худалдаанд орж байсан учраас тухайн хүмүүс нь худалдаж аваагүй. Миний зээлийг нэхэмжлэгч компанийн захирал Г.Н болон компанийн нягтлан бодогч н.Лхагвасүрэн нар хөөцөлдөж, зээлийн материалыг бүрдүүлж өгсөн бөгөөд намайг зээл авах үед тухайн үйлдвэрийн байр болон газар нь Г.Нгийн дүү болох Г.Гын нэр дээр байсан бөгөөд надад зээлийн шаардлага хангах буюу урьдчилгаа 30 хувийн төлбөр байгаагүй тул үйлдвэрийн байр, газар, тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээг 220,000,000 төгрөгөөр байгуулж, зээлийн 160,000,000 төгрөгөө банкнаас 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гаргуулан авсан. Үйлдвэрийн байр, үйлдвэрийн газар, тоног төхөөрөмжүүд нь нийт 160,000,000 төгрөгийн үнэтэй бөгөөд би тухайн хөрөнгүүдийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан. Бидний хооронд төлбөрийн үлдэгдэл болон үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө хүлээлцсэн талаар ямар нэгэн маргаан байхгүй, бүх эд хөрөнгөө хүлээлцээд тухайн үед асуудал бүрэн дууссан. Бидний хоорондын тохиролцоо бол үйлдвэрийн байр, үйлдвэрийн газар, үйлдвэрийн техник, тоног төхөөрөмж гээд бэлэн бизнесийг 160,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцох л байсан бөгөөд би 2019 оны 9 дүгээр сараас 2021 оны 01 дүгээр сар хүртэл түрээслэн ажиллуулж байсан түрээсийн төлбөрөө бэлнээр болон бэлэн бусаар бүрэн төлж барагдуулж, худалдаж авснаас хойш буюу 2021 оны 02 дугаар сараас эхлэн бие даан үйл ажиллагаа явуулж байгаа. Миний хувьд түрээсэлж байсан үеийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, тоног төхөөрөмжүүдийг худалдаж авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 21 төрлийн тоног төхөөрөмж биш, Хаан банкинд барьцаалсан жагсаалтаас үзвэл 12 нэр төрлийн хөрөнгө байгаа.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 1 дүгээр хавсралт, ЦХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, уг компанийн дүрэм, итгэмжлэл, 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ, уг гэрээний хавсралт, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, 0 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 0 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Н.Э болон Г.Г нарын иргэний үнэмлэх, ЦХХК-ийн тусгай зөвшөөрөл, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШЗ2022/17270 дугаартай захирамж, итгэмжлэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нэхэмжлэгчийн нэмэлт тайлбар, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 3131 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн эвлэрлийн гэрээ, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/00020 дугаартай захирамж, харилцсан мессеж, Тооцоо нийлсэн акт, Бараа бүтээгдэхүүн худалдан авах гэрээ, ЦХХК-ийн Үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэлийн товчоог тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.

Хариуцагчийн хариу тайлбар, 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ЗГ/202145943384 дугаартай зээлийн гэрээ, мөн өдрийн БГХ/202145943384 дугаартай барьцааны гэрээ, БГҮ/202145943384 дугаартай барьцааны гэрээ, ЭХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн албан бичиг, тус компанийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, тоног төхөөрөмжийн жагсаалт, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 0 тоот үйлдвэрийн байр, тоног төхөөрөмжийн зургууд, хариуцагчийн өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг тус тус хариуцагч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

4. Зохигчдын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 4-227/20927 дугаартай албан бичгээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн гүйцэтгэх хуудас, 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, Хас банкны 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хүсэлт, Б.Лгийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хүсэлт, мөн өдрийн Г.Г, Г.Г нарын хүсэлт, ЦХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хүсэлт, Хас банкны 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хүсэлт, 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоол, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, ЦХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хүсэлт, Хас банкны 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хүсэлт, 0 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 0 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн шинжээч томилох тухай тогтоол, шинжээчтэй холбоотой баримтууд, М ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 4-227/41915, 4-227/41914 дугаартай мэдэгдэл, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 4-227/40 дугаартай мэдэгдэл, Хас банкны 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хүсэлт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг ирүүлсэн, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гэрч Г.Гаас авсан мэдүүлэг, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэрч Ш.Агаас авсан мэдүүлэгийг тус тус зохигчдын хүсэлтээр бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ЦХХК нь хариуцагч Н.Эд холбогдуулан 21 нэр төрлийн 98,963,956 төгрөгийн өртөг бүхий цонхны үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг, түүнийг ашигласан хугацааны түрээсийн төлбөр 30,000,000 төгрөгийн хамт гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

1а. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн явцад нэхэмжлэгч нь тоног төхөөрөмжийг ашигласан хугацааны түрээсийн төлбөрт 30,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 2020 оны 11,12 дугаар сар болон 2021 оны 01 дүгээр сарын түрээсийн төлбөрийг сарын 1,000,000 төгрөгөөр тооцон нийт 3,000,000 төгрөг, 2021 оны 02 дугаар сараас 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сарын 1,500,000 төгрөгөөр тооцон нийт 25,500,000 төгрөг, бүгд 28,500,000 төгрөгийг нэхэмжилэхээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, багасгасан.

 

1б. Улмаар нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагаа багасгасаны дараа тоног төхөөрөмжийг ашигласан хугацааны түрээсийн төлбөрт нэхэмжилсэн 28,500,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу энэхүү татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

1в. Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн явцад 21 нэр төрлийн 98,963,956 төгрөгийн өртөг бүхий цонхны үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд 21 нэр төрлийн тоног төхөөрөмжөөс Блокны шавар зуурагч болон блокны машин гэсэн 2 нэр төрлийн эд хөрөнгийг хасч, хариуцагчаас үлдсэн 19 нэр төрлийн тоног төхөөрөмжийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.

 

2. Хариуцагч Н.Э нь нэхэмжлэгчийн банкны барьцаанд байсан вакум цонхны үйлдвэрийг тоног төхөөрөмжийн хамт буюу бэлэн бизнесийг нийт 160,000,000 төгрөгөөр Г.Гаас худалдан авч, улмаар банкны барьцаанд тавьж зээл авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3а. Баянзүрх дүүрэг, 0 тоотод байрлах, нэгж талбарын 0 дугаартай, улсын бүртгэлийн Г-0дугаарт бүртгэгдсэн, 508 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгчөөр Г.Г нь 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр бүртгэгдэж, 0 дугаартай газар өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээ олгогджээ.

 

Дээрх хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэгдсэн, 258,75 мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Г.Г нь 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр бүртгэгдсэн 0 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байна.

 

3б. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/00020 дугаартай Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар ЦХХК, Г.Г нар нь 320,494,629 төгрөгийг 12 сарын хугацаанд Хас банкинд төлөхөөр, төлбөрөө заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд үүргийг гүйцэтгэлийг Б.Лгийн өмчлөлийн 5 өрөө орон сууц болон Г.Гын өмчлөлийн дээрх 508 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний өмчлөлийн газар болон 258,75 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3в. Энэхүү шүүхийн шийдвэрийн дагуу 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 20260422 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн, ажиллагаа явагдаж эхэлсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаанууд болох ЦХХК-ийн үйлдвэрийн барилгыг газрын хамт битүүмжилж, хураан авч, үнэлгээ тогтоох ажиллагааг явуулсан, Хас банкны 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2б/206 дугаартай хүсэлтийг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 21/02/66 дугаартай тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцсон байна.

 

3г. Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх цаг хугацаанд Г.Г нь хариуцагч Н.Этай 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Худалдах худалдан авах гэрээ-г байгуулж, өөрийн өмчлөлийн 508 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний өмчлөлийн газар болон 258,75 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 221,120,000 төгрөгөөр худалдахаар, хоёр талын хооронд хийгдсэн тооцоо нийлсэн актад тусгагдсан 61,120,000 төгрөгийг гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөнд тооцохоор, үлдэгдэл төлбөр 160,000,000 төгрөгийг худалдан авагч тал гэрээний хугацаанд банкнаас авах зээлийн хөрөнгөөр төлж барагдуулахаар харилцан тохирсон байна.

 

3д. Н.Э болон ЭХХК нь 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Хаан банктай ЗГ/202145943384 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 154,000,000 төгрөгийг хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлж, мөн өдрөө БГҮ/202145943384 дугаартай барьцааны гэрээ байгуулж, дээрх 508 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний өмчлөлийн газар болон 258,75 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, БГХ/202145943384 дугаартай барьцааны гэрээ байгуулж, бараа материал болон тоног төхөөрөмжийг тус тус барьцаалжээ.

 

Дээрх барьцааны гэрээний дагуу хөрөө вакум, нэг толгойтой булан наагч машин, өнцөгт хөрөө, шил дарагч, булан цэвэрлэгч, тусгаарлагч, 2 толгойт хөрөө, нүх цоологч, угаагч, наагч, вакумжуулагч, цавуу түрхэгч гэсэн нийт 12 нэр төрлийн тоног төхөөрөмжийг барьцаалсан болох нь Тоног төхөөрөмжийн жагсаалт-аар тогтоогдож байна.

 

4. Эдгээрээс үзвэл ЦХХК-ийн вакум цонхны үйлдвэрлэл явуулж байсан Г.Гын өмчлөлийн газар болон үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг ЦХХК болон бусад этгээдүүд Хас банкнаас авсан зээлийн барьцаанд тавьж, улмаар энэхүү зээлтэй холбоотой асуудал шүүхээр шийдвэрлэгдсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явагдаж байх үед Г.Г нь Н.Этай үйлдвэрийн барилга болон газрыг худалдахаар харилцан тохиролцож, Н.Э нь уг гэрээний үүргийг биелүүлэхийн тулд Хаан банкнаас эдгээр үл хөдлөх эд хөрөнгийг болон бусад эд хөрөнгийг барьцаалан зээл авч, үүний дараа ЦХХК болон Г.Г нар нь Хас банкинд төлөх өр төлбөрөө төлснөөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байна.

 

5. Г.Г болон Н.Э нарын хооронд байгуулагдсан 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Худалдах худалдан авах гэрээ-гээр талууд Г.Гын өмчлөлийн 508 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний өмчлөлийн газар болон 258,75 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдахаар тохирсон, харин гэрээний агуулгаас үзвэл үйлчилгээний зориулалттай ЦХХК-ийн вакум цонхны үйлдвэрлэл явуулж байсан объект дотор байсан вакум цонхны үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн хамт худалдсан болох нь тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заажээ.

 

5а. Дээрх объект дотор байсан вакум цонхны үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг одоо болтол хариуцагч Н.Э нь ашиглаж байгаа бөгөөд Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж зааснаар түүнийг дээр дурдсан үйл баримтаас үзэхэд тоног төхөөрөмжийг шударгаар эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэлгүй, нөгөөтэйгүүр гэрээний дагуу өмчлөх эрх ч үүсээгүй байна.

 

6. Нэхэмжлэгч ЦХХК нь наагч 4 толгой, угаагч, вакуумжуулагч, цавуу түрхэгч, ажлын ширээ, силикон түрхдэг ширээ, тусгаарлагч нугалагч, 2 толгойт хөрөө, нүх цоологч, V хөрөө, шил дарагч огтлогч, булан цэвэрлэгч, гар булан цэвэрлэгч, дотор булан, гадар булан, хамрын ховил татагч, булан пресслэгч, хэмжээ тасдагч, компрессор гэсэн нийт 19 нэр төрлийн 98,863,956 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байх боловч эдгээрийн үнэлгээ нь 98,863,956 төгрөг болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

6а. Дээрх 19 нэр төрлийн тоног төхөөрөмжүүдээс зарим тоног төхөөрөмжийг ЦХХК нь 2015 оны 4 дүгээр сард БНХАУ-ын хуулийн этгээд болох Lianfeng компаниас Бараа бүтээгдэхүүн худалдан авах гэрээ-ний дагуу худалдан авч, өөрийн хөрөнгөдөө бүртгэсэн, эдгээр тоног төхөөрөмжүүд нь ЦХХК-ийн эд хөрөнгө мөн болох талаар хариуцагч маргадаггүй, үл хөдлөх эд хөрөнгийг худалдахаас өмнө Н.Э нь объектыг тоног төхөөрөмжийн хамт түрээсэлж байсан болох нь Бараа бүтээгдэхүүн худалдан авах гэрээ, ЦХХК-ийн Үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэлийн товчоо, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч ЦХХК нь шаардах эрхтэй байна.

 

6б. Г.Г болон Н.Э нарын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Худалдах худалдан авах гэрээ байгуулагдахаас өмнө болон хойно тухайн объект дотор байсан тоног төхөөрөмжийг хэн хэндээ хүлээлцсэн баримт үйлдээгүй, энэ талаар хэрэгт бичгийн баримт авагдаагүй, харин хариуцагч Н.Э нь Хаан банктай байгуулсан БГХ/202145943384 дугаартай барьцааны гэрээний дагуу 53,022,200 төгрөгийн үнэлгээтэй Хөрөө вакум, нэг толгойтой булан наагч машин, өнцөгт хөрөө, шил дарагч, булан цэвэрлэгч, тусгаарлагч, 2 толгойт хөрөө, нүх цоологч, угаагч, наагч, вакуумжуулагч, цавуу түрхэгч гэсэн 12 нэр төрлийн тоног төхөөрөмжийг барьцаалсан байх бөгөөд эдгээр тоног төхөөрөмжийг хариуцагч нь хууль бусаар эзэмшиж байна гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 19 нэр төрлийн бус дээр дурдсан 12 нэр төрлийн тоног төхөөрөмжийг хариуцагч Н.Эгийн хууль бус эзэмшлээс гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй, харин тоног төхөөрөмжүүд нь 98,863,956 төгрөгийн үнэлгээтэй болох нь баримтаар тогтоогдоогүй тул энэхүү үнэлгээ бүхий тоног төхөөрөмжийг гаргуулах агуулгаар шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 802,270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Эгаас нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 423,061 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ЦХХК-д олгох нь зүйтэй.

 

Хариуцагчаас гаргуулах улсын тэмдэгтийн хураамжийг Хаан банктай байгуулсан БГХ/202145943384 дугаартай барьцааны гэрээний дагуу 53,022,200 төгрөгийн үнэлгээгээр тооцон тоног төхөөрөмжүүдийг барьцаалсан үнийн дүнгээс тооцох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Эгийн хууль бус эзэмшлээс цонхны үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж болох Хөрөө вакум, нэг толгойтой булан наагч машин, өнцөгт хөрөө, шил дарагч, булан цэвэрлэгч, тусгаарлагч, 2 толгойт хөрөө, нүх цоологч, угаагч, наагч, вакуумжуулагч, цавуу түрхэгч гэсэн 12 нэр төрлийн тоног төхөөрөмжийг гаргуулж, нэхэмжлэгч ЦХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ЦХХК-ийн тоног төхөөрөмжийг ашигласан хугацааны түрээсийн төлбөрт нэхэмжилсэн 28,500,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 802,270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Эгаас улсын тэмдэгтийн хураамжид 423,061 /дөрвөн зуун хорин гурван мянга жаран нэг/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ЦХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ