| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2020/0525/Э |
| Дугаар | 848 |
| Огноо | 2020-06-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Ганхөлөг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 848
2020 6 30 2020/ДШМ/848
Б.Х, Т.Э нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч М.Алдар, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Ганхөлөг,
хохирогч О.Төгөлдөр, М.Баярсайхан, тэдний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,
шүүгдэгч /хохирогч/ Б.Х, түүний өмгөөлөгч Ц.Баяртогтох,
шүүгдэгч Т.Э,
нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЗ/1178 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч шүүгдэгч /хохирогч/ Б.Хгийн өмгөөлөгч Ц.Баяртогтохын гаргасан давж заалдах гомдлоор Б.Х, Т.Э нарт холбогдох эрүүгийн 2005009500719 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Бундаг овгийн Түмэнбаярын Т.Э, 1995 оны 5 дугаар сарын 30-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер мэргэжилтэй, “Монгол шуудан” ХХК-д ялгах менежер ажилтай, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо Тэмүүлэн хотхоны 101-40 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:ЙЮ95053015/,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн.
Сартуул овгийн Болдбаатарын Б.Х, 1987 оны 2 дугаар сарын 24-нд Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, “Авжынхан” ХХК-д ажилладаг, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо Тэмүүлэн хотхоны 102-119 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:ФМ87022454/,
Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 183 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 124 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Т.Э нь 2020 оны 2 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэмүүлэл” хотхоны 102 дугаар байрны гадаа хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар Б.Хгийн нүүр рүү цохиж биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Б.Х нь 2020 оны 2 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэмүүлэл” хотхоны 102 дугаар байрны гадаа хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар хохирогч О.Төгөлдөр, М.Баярсайхан нарын нүүрийг хутгаар зүсэх, нүүр рүү нь цохих зэргээр биед нь халдаж хоёр хүний эрүүл мэндэд онц харгис хэрцгийгээр хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Хгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Т.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Шүүх хуралдаанд шүүгдэгч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.6 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх, хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх” талаар огт ойлголтгүй байна. Энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт ”...энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана” гэж заасан хуулийн үндэслэлд хамаарах тул шүүгдэгч Б.Х, Т.Э нарт холбогдох хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцаав. Нөгөөтэйгүүр прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл оногдуулах ялын төрөл хэмжээг үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх Эрүүгийн хуулийн Шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлбэл зохино. ...” гэж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Хгийн өмгөөлөгч Ц.Баяртогтох тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний үйлчлүүлэгч Б.Х нь 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогч О.Төгөлдөр, М.Баярсайхан нартай эвлэрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж, хохирогч нарт төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож байсан учраас прокурортой ял тохиролцож хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. Мөн миний үйлчлүүлэгч Б.Х нь энэ гэмт хэргийн улмаас хохирч, биедээ хөнгөн зэргийн гэмтэл авч яллагдагч Т.Этай эвлэрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж хуульчлан заажээ. Миний үйлчлүүлэгч Б.Х нь прокурортой ял тохиролцож, прокурор хуульд заасан үндэслэл журмын дагуу ял оногдуулж байхад анхан шатны шүүх миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэр гаргаж байгаа нь Эрүүгийн хуулийн зорилгод нийцэхгүй юм.
Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЗ/1178 дугаарт прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэлэх тайлбар байхгүй...” гэв.
Шүүгдэгч Т.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэлэх тайлбар байхгүй...” гэв.
Хохирогч О.Төгөлдөр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэлэх тайлбар байхгүй...” гэв.
Хохирогч М.Баярсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэлэх тайлбар байхгүй...” гэв.
Хохирогч нарын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд хор уршгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай оролцсон...” гэв.
Прокурор Г.Ганхөлөг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч болон хохирогч нар анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцсон. Хэрэв шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд цаашид үүсэх үр дагаврыг бүрэн ойлгож байгаа талаар хэлсэн. Шүүгчийн асууж байгаа асуултыг шүүгдэгч нар буруу ойлгосны хууль зүйн үр дагаврыг ойлгоогүй гэж үзсэн. Шүүгдэгч нар хохирлыг нөхөн төлсөн цаашид гарах гэм хорын хохирлыг төлнө гэдгээ илэрхийлсэн учир захирамжийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Х, Т.Э нарт холбогдох хэргийг хянаад хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам хангагдаагүй гэж үзээд прокурорт буцаасан нь хууль зүйн хувьд үндэслэл муутай болжээ.
Прокуророос Т.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Б.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
Хэрэгт шүүгдэгч Б.Хгийн “...2 хүний эрүүл мэндэд хохирол учруулж гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрч байна, ...хэргийг хялбаршуулан шийдэж өгнө үү. ...” /хх 156/, шүүгдэгч Т.Эын “...гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. ...хэргийг хялбаршуулан шийдэж өгнө үү. ...” /хх 163/, хохирогч О.Төгөлдөрийн “...Б.Хурцад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй. ...” /хх 157/, хохирогч М.Баярсайханы “...миний бие иргэн Б.Хд зодуулж өөрийн биедээ хөнгөн хохирол авсан. Энэ хэргийг цаашид шүүхэд хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйл алга. ...” /хх 158/ гэх хүсэлтүүд авагджээ.
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор уг хүсэлтүүдийг хүлээн авч 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 141, 142 дугаар тогтоол /хх 160, 165/-ыг гаргажээ.
Түүнчлэн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 141, 142 дугаартай прокурорын санал /хх 161, 166/-аар Б.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял, Т.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг үйлдэж, түүнийг яллагдагч нарт танилцуулж гарын үсэг зуруулсан нь хуульд нийцжээ.
Мөн шүүгдэгч Б.Х мөрдөн байцаалтын шатанд “...М.Баярсайхан, О.Төгөлдөр нарын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна, баримтаар хохирлыг бүрэн барагдуулах болно, уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг шүүхээс хүсэх болно. ...”, шүүгдэгч Т.Эын “...сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна, ...би нүүр хэсэгт нь цохисон юм. ...” /хх 92-96/, анхан шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч нар “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 185/ гэж тус тус мэдүүлж байгаа нөхцөл байдлаас Б.Х, Т.Э нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.6 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэх үндэслэлтэй.
Шүүх аливаа эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, харилцан зөрүүтэй нотлох баримтуудын аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг зааж, хэргийн үйл баримтад тулгуурлан шүүгдэгчийг гэм буруутэй эсэх, ямар гэмт хэргийн шинжид тохирч байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийдэг учиртай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, Шүүхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “Шүүх шүүн таслах ажиллагааны мэтгэлцэх зарчмыг хангахдаа шүүх хуралдаанд талууд, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч болон улсын яллагчид асуулт асуух, хариулах, нотлох баримтыг танилцуулах, өөрсдийн тайлбар өгөх, үндэслэлээ хамгаалах, үгүйсгэх боломжийг тэгш олгоно” гэж тус тус заажээ.
Хохирогч, шүүгдэгч нар мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” эрхээр хангагдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцсон нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх талаар огт ойлголтгүй гэж үзэхгүй.
Түүнчлэн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл 4 дэх хэсгийн 4.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх” талаар огт ойголтгүй гэж үндэслэлээ ерөнхий байдлаар дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.
Прокурорын хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал болох торгох ялын чухам ямар хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нар огт ойлгоогүй, прокурорын шатанд хэрхэн түүнийг арилгах талаар тусгагдаагүй, тодорхойгүй, үндэслэлээ тайлбарлаж чадаагүй нь шүүхийн шийдвэр ойлгомжтой, тодорхой, бодитой, хэрэгжихүйц, шударга байдалд нийцсэн байх агуулгыг алдагдуулах юм.
Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрээс гарах үр дүн бодит байдалд хэрэгжих боломжтой байх нь түүний заавал биелэгдэх шинжтэй шууд холбоотой байдаг.
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтад заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.
Шүүхээс хэрэгт авагдсан гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийх бүрэн боломжтой.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэнтэй нийцэх юм.
Анхан шатны шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулан мэтгэлцээний үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг нотлох замаар прокуророос шилжүүлсэн хэргийн хэмжээнд бодит байдлыг тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудалд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлүүлэх нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Б.Х, Б.Т.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг цугларсан нотлох баримтад үнэлэлт, дүгнэлт өгч хянан шийдвэрлэх боломжтой байх тул шүүгдэгч Б.Хгийн өмгөөлөгч Ц.Баяртогтохын гаргасан гомдлыг хүлээн авч, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Үүнээс гадна шүүгдэгч Б.Х, Т.Э нарт холбогдох хэргийг хянан хэлэлцсэн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд “2020 оны 5 дугаар сарын 28”, шийтгэх тогтоолд “2020 оны 5 дугаар сарын 27” гэж тус тус зөрүүтэй бичигдсэн нь ноцтой алдаа биш боловч цаашид анхаарвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЗ/1178 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Х, Т.Э нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Б.Х, Т.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ