Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 182/ШШ2021/00146

 

                                                                                                                                         

 

 

 

 

 

 

 

 

                                     2020        01         19

     182/ШШ2021/00146

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ц. Р

Хариуцагч: “НФК ББСБ” ХХК

 

Хариуцагч: СНЛ” ХХК

 

Гуравдагч этгээд: Н. Э

 

12,500,000 төгрөгийг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Р, хариуцагч “НФК ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энх-Амгалан, хариуцагч “СНЛ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Даваасүрэн, түүний өмгөөлөгч С.Алтансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Ц.Р миний бие 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Япон улсаас “Toyota lite ace” маркийн, арлын S412M0012751 тоот дугаартай, 2014 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн, бензин хөдөлгүүртэй автомашиныг импортлон оруулж ирсэн. Энэхүү автомашиныг “НФК ББСБ”-аар дамжуулан 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Н.Эт 12,500,000 төгрөгөөр лизингээр худалдан борлуулсан. Иргэн Н.Э нь “СНЛ” ХХК-тай 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 407202733 тоот зээлийн гэрээ байгуулж, 7,500,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 2.90 хувийн хүүтэй зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож “Фидуцийн гэрээ” байгуулж, худалдан авсан автомашинаа “СНЛ” ХХК-ийн нэр дээр болгосон байдаг.

Ийнхүү худалдан авахдаа Н.Э автомашины зээлийн урьдчилгаанд 30 хувь төлсөн байх ёстой гээд төлбөрт 5,000,000 гаруй төгрөгийг миний дансаар дамжуулж “СНЛ” ХХК-д төлсөн ба одоо cap бүр төлөлтийг хуваарийн дагуу тогтмол хариуцлагатай төлдөг байна. Миний импортоор оруулж ирсэн дээрх автомашин 77-03 УАК улсын дугаартай замын хөдөлгөөнд оролцож байгаа. Автомашинаа худалдан борлуулснаас хойш миний бие гар дээрээ нэг ч төгрөгийн төлбөр хүлээн аваагүй бөгөөд энэ асуудлаар Н.Этай уулзах үед дүү нь ямар ч асуудалгүй зээлээ банк бусдаа төлж байгаа, зээлийн мөнгийг би аваагүй, та банк бус мөнгөө авах ёстой гэдэг. Харин хариуцагчтай мөнгөө авахаар утсаар удаа дараа ярих үед иргэн надтай хамааралгүй шалтаг, шалтгаан хэлж хохироосоор байна. Хувиараа Ө эдийн засагчтай иргэний харилцаанд ороогүй. Урьд нь хэд хэдэн автомашин худалдахад энэ банк бус санхүүгийн байгууллагатай хамтран ажилласан ба худалдан авагчийн урьдчилгаанд өгсөн мөнгийг аваад автомашины үнийг бүхэлд нь над руу шилжүүлдэг байсан. Компани миний автомашиныг дамжуулан борлуулахдаа хүүгийн орлогоо тооцон алдагдалгүй авч байгаа нь үнэн болно. Автомашин маань зээлдүүлэгчийн өмчлөлд бүртгэлтэй байгаа. Гэрээ нь СНЛ” ХХК-тай хийгдсэн байх тул уг компаниас автомашины үнэ 12,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч СНЛ” ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Н.Э нь 2020 оны 04 сарын 24-ний өдөр “Toyota lite ace” маркийн автомашиныг худалдан авахаар манай компанитай 7,500,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний 2.2-т Х тоот дансанд уг зээлийн төлбөрийг хийснээр зээл олгосонд тооцно гэж заасан ба үүний дагуу Монгол банкнаас Н.Эын зээлийн дансны хуулга болон депозит дансны хуулгаар 2020 оны 05 сарын 01-ний өдөр манай компаниас 7,500,000 төгрөгийг Н.Эын өөрийн эзэмшлийн данс руу шилжүүлсэн, ингэснээр манай зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон. Н.Э 7,500,000 төгрөгийн зээлийн төлөлтөө хугацаандаа төлж байгаа. Н.Э автомашины үнэ болох 12,500,000 төгрөгийн 30 хувь буюу 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Ргийн данс руу шилжүүлсэн байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. Манайхаас зээл авсан авахдаа урьдчилгаа төлбөрөө төлсөн учраас манай зүгээс 7,500,000 төгрөгийг Н.Эт олгосон. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч “НФК ББСБ” ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “НФК ББСБ” ХХК нь Ц.Ргийн нэхэмжлэлтэй хэрэгтэй ямар нэгэн хамаарал байхгүй, түүнтэй гэрээ байгуулаагүй учраас хариуцагчаар оролцох ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна гэв. 

 

Гуравдагч этгээд Н.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие “СНЛ” ХХК-тай 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 7,500,000 төгрөгийн дүнтэй, 12 сарын хугацаатай, 2.90 хувийн хүүтэй 407202733 тоот зээлийн гэрээ, 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 407202733 тоот “Фидуцийн гэрээ” байгуулж Ц.Ргийн 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Япон улсаас импортлон оруулж ирсэн “Toyota lite ace” маркийн, арлын S412M0012751 тоот дугаартай, 2014 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн, бензин хөдөлгүүртэй автомашиныг худалдан авсан. Одоо цаг тухай бүрт нь зээлээ төлж байгаа. Гэтэл Ц.Рд зээлийн мөнгийг өгөөгүй байна. Зээлийн мөнгийг би аваагүй бөгөөд Ц.Р авах ёстой мөнгө юм. Автомашины үнийн урьдчилгаа буюу 30 хувийг би Ц.Ргийн дансанд шилжүүлсэн гэжээ.

 

Шүүх нэхэмжлэл, зээлийн гэрээ, зээл олголт, зээл эргэн төлөлтийн хуваарь, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ, кассын орлогын баримт, депокит дансны дэлгэрэнгүй хуулгууд, зээлийн дансны хуулга, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай, хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай прокурорын тогтоолууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад                 

 

 

                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч хариуцагч нарт холбогдуулж банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Н.Эт автомашин лизингээр худалдан борлуулсан үнэ  12,500,000 төгрөгийг нэхэмжилж шүүхэд хандсан байна. Хариуцагч СНЛ” ХХК, “НФК ББСБ” ХХК-иуд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргахдаа нэхэмжлэгчтэй ямар нэгэн гэрээний харилцаанд ороогүй, СНЛ” ХХК нь иргэн Н.Этай зээлийн гэрээ байгуулж гэрээний үүргээ биелүүлсэн гэж марган мэтгэлцэж байна.

 

            Н.Э нь Ц.Ргийн 2020 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Япон улсаас импортлон оруулж ирсэн “Toyota lite ace” маркийн, арлын S412M0012751 тоот дугаартай, 2014 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн, бензин хөдөлгүүртэй автомашиныг худалдан авахын тулд “СНЛ” ХХК-тай 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 407202733 тоот зээлийн гэрээ байгуулж, 7,500,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 2.90 хувийн хүүтэй зээлдэн авч, 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 407202733 тоот “Фидуцийн гэрээ” байгуулж, дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож худалдан авсан автомашинаа “СНЛ” ХХК-ийн өмчлөлд шилжүүлжээ. Автомашины үнийн 30 хувь буюу 5,227,000 төгрөгийг Н.Э нь Ц.Ргийн Хаан банкны 5011119214 тоот дансанд урьдчилж шилжүүлсэн нь талуудын тайлбар, дансны хуулгаар тогтоогдож байна.

 

            “СНЛ” ХХК зээлийн 7,500,000 төгрөгийг зээлдэгч Н.Эын Худалдаа хөгжлийн банкны мони дамжуулалтын Х дансанд 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр шилжүүлсэн боловч Н.Э уг мөнгийг данснаас гаргаж аваагүй, банк шимтгэл, даатгалд суутган 7,274,000 төгрөгийг Р.Цэрэндорж гэгчид өглөг болгон гүйлгээ хийсэн нь дансны хуулгаас харагдаж байна. Н.Э одоо 7,500,000 төгрөгийн зээлийн төлөлтийг хийж байх бөгөөд зээлийн мөнгө автомашины үнэнд Ц.Рд шилжих байсан тул данснаас гаргаж аваагүй гэж Н.Э мэдүүлсэн болно.

 

            Хариуцагчийн зээлийн эдийн засагчаар ажиллаж Ц.Р, Н.Э нартай харьцаж байсан Ц.Ө нь албан тушаалын байдлаа ашиглан мөнгө завшсан асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татагдан шалгагдаж, “НФК ББСБ” ХХК-ийн зүгээс 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт Ц.Ргийн автомашиныг зээлийн гэрээгээр борлуулж өгөхдөө эрх мэдлээ урвуулан ашиглаж мөнгө завшсаныг хохиролд нэмж тооцуулах тухай өргөдөл гаргасан зэрэг баримтыг хариуцагч шүүхэд ирүүлсэн байна.

 

            Нэхэмжлэгч Ц.Р Н.Эын автомашины урьдчилгаанд шилжүүлсэн 5,227,000 төгрөгийг эдийн засагч Ц.Өын шилжүүл гэсэн данс руу тэр өдөрт нь шилжүүлсэн гэсэн үндэслэлээр автомашины үнэ болох 12,500,000 төгрөгийг бүхэлд нь “СНЛ” ХХК-иас нэхэмжилдэг боловч Ц.Өын данснаас “СНЛ” ХХК руу энэ мөнгө шилжсэн байдал харагдахгүй байна. Харин зээлийн 7,500,000 төгрөгөөс шимтгэл, даатгалыг суутган 7,274,000 төгрөгийг зээлдэгч Н.Э болон автомашиныг худалдагч Ц.Р нарын алинд ч өгөөгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Ц.Рд энэ мөнгийг “СНЛ” ХХК-иас гаргуулж олгох нь зүйтэй байна. Ц.Р 5,227,000 төгрөгийг Ц.Өаас нэхэмжлэх боломжтой юм.

 

            “СНЛ” ХХК Ц.Ртай эрх зүйн харилцаанд ороогүй гэж тайлбарлах боловч энэ нь үндэслэлгүй байна. Ц.Р Н.Эт автомашинаа худалдсан, “СНЛ” ХХК Н.Эт автомашин худалдан авахын тулд зээл олгосон, ингэхдээ зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор Ц.Ргийн автомашиныг “СНЛ” ХХК өөрийн өмчлөлд шилжүүлж авсан гэрээнүүд хоорондоо холбоотой, эдгээр гэрээнүүд 3 талтай санхүүгийн түрээсийн гэрээний шинжийг агуулж байна. Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.2-т түрээслүүлэгч нь түрээслэгчийн хүсэлт, зааврын дагуу гэрээний зүйл болох эд хөрөнгийг өөрөө үйлдвэрлэх буюу гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлэх, эсхүл худалдан авах үүрэгтэй., 312.3-т түрээслэгч гэрээний хугацаа дууссаны дараа гэрээний зүйл болох эд хөрөнгийг худалдан авах буюу үргэлжлүүлэн түрээслэхээр санхүүгийн түрээсийн гэрээнд зааж болно гэж заажээ. “СНЛ” ХХК автомашиныг Ц.Ргаас авч, Н.Эт түрээслүүлэх байдлаар эцэст нь худалдаж өмчлөлд нь өгч байгаа нь дээрх гэрээний шинжийг агуулж байх боловч Ц.Р энэ гэрээнд оролцож бичгээр хийгээгүй нь хуулийн 313 дугаар зүйлийн 313.3-т зааснаар гэрээг хүчин төгөлдөр бус болгож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлийг 492 дугаар зүйлийн 492.1.1 гэж тодорхойллоо.

 

            “СНЛ” ХХК нь бие даасан хуулийн этгээд байх тул нэхэмжлэгч хариуцагчаар “НФК ББСБ” ХХК-ийг хамт татсан нь үндэслэлгүй байна.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон  

 

                                                                                                         ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-ийг баримтлан “СНЛ” ХХК-аас 7,274,000 төгрөгийг гаргуулж Ц.Рд олгож, 5,227,000 төгрөг гаргуулах тухай болон “НФК ББСБ” ХХК-д холбогдох нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжинд төлсөн 214,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “СНЛ” ХХК-аас 131,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Рд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

            

 

 

                        ДАРГАЛАГЧ                                   С. БУД