Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00249

 

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00249

 

МАГАДЛАЛ0202.

 

ц.р гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Э.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2021/02087 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ц.ргийн нэхэмжлэлтэй, хариуцагч НФ-Б ХХК, НЛ- ХХК-иудад холбогдох 7,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзориг илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

ц.р нь 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Япон улсаас Toyota lite ace маркийн, арлын S412M0012751 тоот дугаартай, 2014 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн, бензин хөдөлгүүртэй автомашиныг импортлон оруулж ирсэн. НФ-Б ХХК-аар дамжуулан уг автомашиныг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Н.Эт 12,500,000 төгрөгөөр зээлээр худалдан борлуулсан. Н.Э нь НЛ- ХХК-тай 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 7,500,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 2,9 хувийн хүүтэй зээлж үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Фидуцийн гэрээ байгуулсан. Н.Э автомашины зээлийн урьдчилгаа төлбөрт 5,000,000 төгрөгийг миний дансаар дамжуулж НЛ- ХХК-д төлсөн ба хуваарийн дагуу cap бүр төлөлтийг тогтмол төлсөн. Гэвч автомашины үнийг надад төлөөгүй, тус санхүүгийн байгууллагаас автомашины төлбөрийг шилжүүлэн өгөөгүй. Энэ асуудлаар Н.Этай уулзахад ... зээлээ банк бус санхүүгийн байгууллагад төлж байгаа, зээлийн мөнгийг аваагүй, та банк бус санхүүгийн байгууллагаас мөнгөө авах ёстой ... гэсэн. НФ-Б ХХК-д 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр өргөдөл гаргасан боловч мөн оны 08 дугаар сарын 03-ны өдрийн NC-02/134 дугаартай албан бичгээр ... НФ-Б ХХК-д ажиллаж байсан Ц.Өсөхбаяртай холбоотой асуудлыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгаж байгаа, хэрэг шийдвэрлэгдэх хүртэл хариу өгөх боломжгүй... гэсэн нь шударга бус бөгөөд бусдын зардлаар үндэслэлгүй хөрөнгөжсөөр байна. ц.р нь Ц.Өсөхбаяртай ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Иймд НЛ- ХХК-аас автомашины үнэ 12,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:

Н.Э нь НЛ- ХХК-тай 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Toyota lite ace маркийн автомашиныг худалдан авахаар зээлийн гэрээ байгуулсан. Гэвч манай компани тус төлбөрийн төлөх үндэслэлгүй. Урьдчилгаа төлбөр 5,000,000 төгрөг НЛ- ХХК-ийн дансанд орж ирээгүй. НЛ- ХХК-аас Н.Эт 7,500,000 төгрөгийг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн. ц.р нь НЛ- ХХК-тай иргэний эрх зүйн болон гэрээний эрх зүйн харилцаанд ороогүй. Нэхэмжлэгч нь хариуцагчаар НЛ- ХХК эсхүл НФ-Б ХХК-ийн алинд нь холбогдуулж нэхэмжлэл гаргаж байгаа болон хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхой бус байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Эын тайлбарын агуулга:

ц.ргаас 2020 оны 04 дшгээр сарын 25-ны өдөр Toyota lite ace маркийн автомашин авахаар НЛ- ХХК-аас зээл авсан. Автомашины үнийг ц.рд өгөөгүй байна. Энэ асуудлаар НЛ- ХХК-аас лавлахад ... бид мэдэхгүй, төв газар мэдэж байгаа... гэсэн. ц.ртай хамт 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Худалдаа хөгжлийн банк ХХК-д очиж дансаа шалгуулахад Гигант брос ХХК-ийн данс болохыг мэдсэн гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 493 дугаар зүйлийн 493.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч НЛ- ХХК-аас 7,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ц.рд олгож, үлдсэн 5,000,000 төгрөгийг гаргуулах, НФ-Б ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч ц.ргийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 214,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч НЛ- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 134,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ц.рд олгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар Ц.Р нь Н.Эын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж НЛ- ХХК-д тээврийн хэрэгслийг шилжүүлсэн боловч НЛ- ХХК нь Н.Эт 7,500,000 төгрөгийг бодитоор шилжүүлээгүй, 7,500,000 төгрөгийг Н.Эаар төлүүлж үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэсэн.

НЛ- ХХК болон Н.Э нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд ц.р нь гэрээний тал биш тул шаардах эрхгүй. НЛ- ХХК-аас зээлийн гэрээний дагуу Н.Э 7,500,000 төгрөгийг шаардах эрхтэй бөгөөд ц.р нь Н.Эаас худалдах, худалдан авах гэрээний дагуу 7,500,000 төгрөгийг шаардах ёстой. Тус харилцаанууд нь өөр өөр гэрээний харилцаа байна.

Нэхэмжлэлийн шаардлага бол тээврийн хэрэгслийг шаардаагүй, 12,500,000 төгрөгийг хариуцагч нараас шаардсан. НЛ- ХХК-ийн өмчлөлд тээврийн хэрэгсэл нь байхгүй. Н.Эын өмчлөлд шилжсэн. Манай компани гэрээний үүргээ биелүүлж Н.Эт зээлийг олгосон, Н.Э зээлийг төлж барагдуулсан. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, хариуцагчаар аль этгээдийг татаж байгаа нь анхан шатны шүүх хуралдааны үед тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нэг бол НЛ- ХХК-аас, нэг бол НФ-Б ХХК-аас нэхэмжилж байна гэж тайлбарласан. Энэ байдал маш ойлгомжгүй байсан тул нэхэмжлэлийн шаардлыг тодорхой болгох, нэхэмжлэгчийг хууль зүйн туслалцаа авахыг хариуцагчаас хүсэж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч өөрөө хариуцагчийг тодорхойлох бус шүүх хариуцагчийг тодорхойлж, мөн шаардлага үндэслэлийн талаар шүүх хуралдааны үед маргаангүй асуудлыг хөндөж шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

1.    Хэргийн үйл баримт болон анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар.

1.а. Нэхэмжлэгч Ц.Р нь хариуцагч НФ-Б ХХК болон НЛ- ХХК-д холбогдуулан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж 12,500,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар зөвшөөрөхгүй гэж маргажээ.

1.б. ц.р нь Н.Эт 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Toyota lite ace маркийн автомашиныг 12,500,000 төгрөгөөр худалдсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдсон ба энэ талаар зохигчид маргаангүй боловч нэхэмжлэлийн шаардлага уг худалдах, худалдан авах гэрээнд үндэслээгүй, уг гэрээ талуудын хоорондох маргааны зүйл болоогүй байна.

1.в. Дээрх худалдах, худалдан авах гэрээний үнийг төлөх зорилгоор гуравдагч этгээд Н.Э нь НЛ- ХХК-тай 2020 оны 04 дүгээр зүйлийн 24-ний өдөр 7,500,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор фидуцийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч ц.ргийн өмчлөлийн автомашиныг хариуцагч НЛ- ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн, зээлийн гэрээний үүрэг биелэгдсэн учраас гуравдагч этгээд Н.Эын өмчлөлд шилжсэн зэрэг үйл баримт талуудын тайлбар, фидуцийн гэрээ, тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн мэдээлэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон. (1 хав-6-10, 249/) Фидуцийн гэрээний талаар зохигчид мөн маргаангүй байна.

Харин худалдах, худалдан авах гэрээний үүрэг НЛ- ХХК-д шилжсэн эсэх, ц.р нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлээр шаардах эрхтэй эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

Зээлийн гэрээ нь гуравдагч этгээд Н.Э болон хариуцагч НЛ- ХХК-ийн хооронд байгуулагдсан бөгөөд тус гэрээнийн 2.2-т зээлийн олгох хэлбэрийг Зээлдэгчийн Мост Мони дахь харилцах 407202732 дансанд шилжүүлснээр олгосонд тооцно гэж талууд тохиролцсон байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч НЛ- ХХК нь зээлийн мөнгөн хөрөнгө 7,500,000 төгрөгийг зээлдэгч Н.Эт шилжүүлэх үүрэг хүлээсэн, харин нэхэмжлэгч ц.рд шилжүүлэн өгөхөөр үүрэг хүлээсэн гэх тохиролцоо хийгдээгүй байна.

1.г. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй талаар зохицуулсан. Иймд нэхэмжлэгч ц.р болон хариуцагч НЛ- ХХК-ийн хооронд гэрээний болон гэрээний бус үүрэг үүсээгүй тул зээлийн мөнгөн хөрөнгө болох 7,500,000 төгрөгийг автомашины үлдэгдэл төлбөр гэж нэхэмжлэгч нь хариуцагч компаниас шаардах эрхгүй гэж дүгнэв.

Нөгөө талаар нэхэмжлэгч ц.р нь хариуцагч НЛ- ХХК-аас үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр шаардах эрх бүхий этгээд биш байх бөгөөд Н.Эаас түүнд Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2 дахь хэсэгт зааснаар шаардах эрх шилжүүлсэн гэх байдлыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

1.д. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй этгээдийг хэлнэ гэж заасан. Нэхэмжлэгч ц.ргийн хариуцагчаар тодорхойлсон НЛ- ХХК, НФ-Б ХХК нь нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан эсхүл үүргээ биелүүлээгүй гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

1.е. НЛ- ХХК, НФ-Б ХХК нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэгч ц.ргийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр хариуцагчаар оролцвол зохих этгээдээр сольж болох бөгөөд ийнхүү нэхэмжлэгч хүсэлт гаргаагүй байхад хэн нэгэн этгээдийг хариуцагчаас татах эрхгүй болно.

Анхан шатны шүүх энэ талаар нэхэмжлэгч талд сануулсан, түүнчлэн давж заалдах шатны шүүхийн магадлалд хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг тодруулах талаар заасан байна. (хх-ийн 228, 3 хх-ийн 41)

Нэхэмжлэгч ц.р нь бусадтай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу автомашины үнийг шаардахад энэ магадлал саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч НЛ- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч ц.ргийн, хариуцагч НЛ- ХХК, НФ-Б ХХК-иудад холбогдуулан гаргасан автомашины үлдэгдэл төлбөр 7,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2021/02087 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч ц.ргийн 7,500,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч НЛ- ХХК, НФ-Б ХХК-иудад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 134,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Н.БАТЗОРИГ