Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2023/00122

 

Т.Пгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 181/ШШ2023/00436 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 210/МА2023/00763 дугаар магадлалтай,

Т.Пгийн нэхэмжлэлтэй,

“.........” ХХК-д холбогдох,

Зуучлалын төлбөрт төлсөн 3,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Лхамсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Т.П нь хариуцагч “.........” ХХК-д холбогдуулан зуучлалын төлбөрт төлсөн 3,800,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

2.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 181/ШШ2023/00436 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 410.3, 227 дугаар зүйлийн 227.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “.........” ХХК-аас 3,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Пгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 75,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 210/МА2023/00763 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 181/ШШ2023/00436 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 410 дугаар зүйлийн 410.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “.........” ХХК-аас 3,800,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Пд олгосугай” гэж, 2 дахь заалтын “... үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч “.........” ХХК-аас 79,750 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Пд олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 410.3, 227 дугаар зүйлийн 227.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Пгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан ба Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 410 дугаар зүйлийн 410.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч “.........” ХХК-аас 3,800,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Пд олгохоор шийдвэрлэсэн байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.3 дахь хэсэгт тус тус зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн дараах үндэслэл байгаа тул хяналтын гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, мөн хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг үндэслэн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

4.1.Хариуцагч “.........” ХХК нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 410.3 дахь хэсэгт зааснаар зуучлалын гэрээний дагуу хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлсэн талаарх үйл баримтын тухайд:

-2020.04.28-ны өдөр нэхэмжлэгч Т.Птэй Япон хэлний анхан шатны мэдлэг олгох сургалтын гэрээ байгуулсан ба тэрээр сургалтын төлбөрийг 2020 оны 10 дугаар сард хэсэгчлэн төлсөн тул мөн хугацаанаас эхэлж, Япон хэлний анхан шатны мэдлэг олгох Н5 түвшний сургалтад хамруулсан. Сургалт эхлэхээс өмнө болон сургалтын явцад Япон улсад дадлагажигчаар зуучлуулах иргэдэд холбогдох дүрэм, журмыг танилцуулж, заавар, зөвлөгөө өгөх ажлыг тогтмол хийж ирсэн.

-Нэхэмжлэгч Т.Пг Япон улсад ажиллах “ажлын ярилцлага”-ыг зохион байгуулж, улмаар Япон улсын ......... компани токарьчнаар ур чадварын дадлагажигчаар ажиллуулахаар сонгогдсон.

-2020.11.11-ний өдөр Япон улсын ......... компанид нэхэмжлэгч Т.Пг токарьчнаар ур чадварын дадлагажигчаар ажиллуулахаар шийдвэрлэснийг Монгол улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамаар баталгаажуулсан.

-2020.12.08-ны өдөр нэхэмжлэгч Т.Птэй Мэргэжил дээшлүүлэгчтэй хийх үндсэн гэрээ болон Ур чадварын дадлагажигчаар ажиллагчтай байгуулах Хөдөлмөрийн гэрээг тус тус байгуулсан байдаг.

-2020.12.15-ны өдөр нэхэмжлэгч Т.П болон М.Мөнхдалай, Э.Бауыржан, Т.Энэбиш, Ц.Сумъяабазар, А.Сансарбаатар нарын хамт Япон улсад ур чадварын дадлагажигчаар ажиллах болсонтой холбогдуулан Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тодорхойлолт гаргуулахаар хүсэлт гаргасан байдаг.

-2021.04.23-ны өдөр нэхэмжлэгч Т.Пгийн Япон улсад оршин суух зөвшөөрлийн бичиг /шар хуудас/ гарсныг 2021.06 дугаар сард хүлээн авсан байдаг.

-Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас Япон улс тодорхой хугацаагаар гадаадын иргэдийг эх орондоо нэвтрүүлээгүй ба ур чадварын дадлагажигч хүлээн авах ажлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байсан ч хариуцагч “.........” ХХК-нь тогтвортойгоор сургалт, зуучлалын ажиллагааг үргэлжлүүлж ирсэн байдаг ба Япон улсад оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгах ажлыг амжилттай зохион байгуулж ирсэн.

-2022.02.28-ны өдөр Япон улс дахь хүлээн авагч байгууллага болох Ига мэдээлэл сүлжээний хамтын нийгэмлэгээс нэхэмжлэгч Т.Пд 2021.04.23-ны өдөр олгогдсон Япон улсад оршин суух зөвшөөрлийн бичгээр /шар хуудас/ түүнийг Япон улсад хүлээн авах боломжтой болохыг илэрхийлсэн өргөдлийг хүлээн авч, түүнд танилцуулсан байдаг.

-2022.03.22-ны өдөр Япон улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яаманд визийн хүсэлт гаргасан ба Т.П нь 2022.02.17-ны өдөр өөрийн хүсэлтээр Япон улсад ур чадварын дадлагажигчаар ажиллахгүй гэсэн тул түүний хамт явах байсан М.Мөнхдалай, А.Сансарбаатар, Ц.Сумъяабазар, Т.Энэбиш нарын хамт бусад ур чадварын дадлагажигч нарт виз хүссэн.

-Дээрх ур чадварын дадлагажигч нар 2022.04.11-ний өдөр Япон улс руу явж, сонгогдсон мэргэжлээрээ хүлээн авагч байгууллагадаа очиж ажиллаж эхэлсэн байдаг.

4.2.Нэхэмжлэгч Т.П нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 410.3 дахь хэсэгт зааснаар зуучлалын гэрээний үүргээ хэрхэн биелүүлсэн, гэрээ цуцлах санал, хүсэлт гаргасан талаарх үйл баримтын тухайд:

-2020.04.28-ны өдөр байгуулсан Япон хэлний сургалтын гэрээний дагуу сургалтын төлбөрийг 2020.10.06-ны өдөр 150,000 төгрөгийг, 2020.11.10-ны өдөр 150,000 төгрөгийг тус тус төлсөн.

-Эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, өөрийн боловсролын гэрчилгээ, диплом зэргийг авчирч өгсөн.

-Япон улсад ур чадварын дадлагажигчаар сонгогдох “ажлын ярилцлага”-д орж, тэнцсэн.

-Япон улсын ......... компанид токарьчнаар ажиллахаар сонгогдсон.

-2021.12.08-ны өдөр зуучлалын хөлс /хураамж/ 3,800,000 төгрөгийг төлсөн боловч Япон улсад оршин суух зөвшөөрлийн бичиг /шар хуудас/ гарсны дараа төлөх ёстой байсан зуучлалын хөлс /хураамж/ болох 2,000,000 төгрөгийг төлөөгүй болно.

-2022.02.17-ны өдөр нэхэмжлэгч Т.П нь Япон улсад ур чадварын дадлагажигчаар ажиллах хүсэлгүй байгаагаа илэрхийлж өргөдөл гаргасан байдаг.

Анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүнийг нотлох баримт, хариуцагчийн хариу тайлбар, татгалзал, хэрэгт цугларсан бичгэн нотлох баримт, гэрчийн мэдүүлэг, шүүх хуралдааны явц дахь талуудын мэтгэлцээнд үндэслэн хэргийг шударгаар, үнэн зөвөөр шийдвэрлэж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрийг гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгчийн “анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.

4.3.Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсгийн З.а-д: “...хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараас үзвэл нэг тал нь Япон улсад ажиллахад зуучлуулах, нөгөө тал нь холбогдох бичиг баримтыг бүрдүүлж, зохих этгээдтэй холбож өгөх үүргийг хүлээсэн буюу зохигчийн хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын болон даалгаврын гэрээ холимог хэлбэрээр байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй” гэж дүгнэсэн нь буруу болжээ.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 410.3 дахь хэсэгт зааснаар зөвхөн Зуучлалын гэрээ байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан бичгэн нотлох баримт, бичгээр гаргасан хариу тайлбар, гэрчийн мэдүүлэг, талуудын мэтгэлцээнээр /шүүх хуралдааны тэмдэглэл/ зуучлуулагч буюу нэхэмжлэгч Т.П нь Япон улсад ур чадварын дадлагажигчаар ажиллахаар, зуучлагч буюу хариуцагч “.........” ХХК-нь Япон улсын ......... компанид токарьчнаар зуучилж байгаа үйл баримтаар нотлогдож байгаа болно.

Харин Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт зааснаар Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээдэг буюу хэлцэл хийх этгээдтэй л холбож өгдөг, тодорхой болон тодорхой бус хугацаагаар хийгддэг гэрээний төрөл билээ. Харин мөн хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасан Даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс хууль зүйн тодорхой үйлдэл хийж байдгаараа зуучлалын гэрээнээс ялгарах онцлогтой билээ.

4.4.Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсгийн З.д-д: “...нэхэмжлэгч Т.Пгийн хувьд Япон улс руу явах боломжгүй бодит нөхцөл байдал бий болсон байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, 3,800,000 төгрөгийг шаардах эрхтэй” гэж хуулийг буруу хэрэглэжээ.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “...хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч Т.П нь хариуцагч “.........” ХХК-д гэрээний ямар гүйцэтгэлийг буцаах нь тодорхой бус байхын дээр нэхэмжлэгч Т.Пг 2022.02.17-ны өдөр гэрээг цуцлах тухай хүсэлт гаргасан бичгэн нотлох баримтыг давж заалдах шатны шүүх тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна.

Мөн түүнчлэн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт “...гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан байгаагаас дүгнэхэд хариуцагч “.........” ХХК-нь гэрээний ямар үүргийг хэрхэн зөрчсөн болохыг нэхэмжлэгч Т.П нь нотлоогүй байх бөгөөд энэ талаар давж заалдах шатны шүүх дүгнээгүй байна.

4.5.Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсгийн З.ё-д: “...хариуцагч тал дээрх журамд зааснаар зуучлалын хураамжийг буцаан олгохгүй гэж тайлбарлаж байх боловч тус журмыг нэхэмжлэгч Т.Пд танилцуулсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Гэрч Р.М нь тус журмыг нэхэмжлэгч Т.Пд танилцуулсан талаар мэдүүлсэн боловч тус мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтаар давхар нотлогдоогүй, мөн гэрч нь хариуцагч “.........” ХХК-ийн ажилтан байгаа зэрэг нөхцөл байдлыг харьцуулан дүгнэвэл гэрчийн мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан үнэн зөв, эргэлзээгүй гэж дүгнэх боломжгүй” гэж дүгнэсэн хэт өрөөсгөл дүгнэлт болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт “...хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно” гэж заасныг зөрчиж, гэрч Р.Мийн мэдүүлгийг үнэлээгүй. Өөрөөр хэлбэл зохигчдын хэн аль нэгэнтэй хамааралтай буюу “ажилтан+ажил олгогч” гэдэг байдлаар гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй нь цаашид аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрч оролцуулахад эргэлзээтэй, ойлгомжгүй байдлыг үүсгэж байна.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр, гэрчээс мэдүүлэг авах ажиллагааг шүүх хуралдааны явцад хийхдээ хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчөөгүй, гэрчид зохих хууль сануулж мэдүүлэг авсан нь нотолгооны хэрэгсэл болохгүй байх боломжгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “...хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”, мөн хуулийн 37.2 дахь хэсэгт “...хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэж тус тус заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Т.П нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох зорилгоор Боловсролын соёлын эрх зүйн дээд сургуулийн 2022.05.25-ны өдрийн тодорхойлолтыг нэхэмжлэлдээ хавсарган өгсөн ба анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад түүний өмгөөлөгч нь нэхэмжлэгч Т.Пгийн эхнэр жирэмсэн болсон талаар тайлбар хийсэн нь түүнийг Япон улсад явах боломжгүй нөхцөл байдалтай болсныг нотолж байх бөгөөд гэрээ цуцлах болсон шалтгаан нөхцөлийг тодорхой илэрхийлж байна.

Гэвч давж заалдах шатны шүүх гомдлоор хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянасан хэрнээ хариуцагч “.........” ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй мэтээр дүгнэсэн нь алдаа болжээ. /анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл/ Мөн нэхэмжлэгч Т.П нь 2022.02.17-ны өдөр хариуцагч “.........” ХХК-д гаргасан өргөдөлдөө Япон улсад явах боломжгүй болсон шалтгаанаа тодорхой дурдаагүйн дээр хариуцагч “.........” ХХК-ийг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй талаар мөн дурдаагүй болно.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2 дахь хэсэгт “...нэг тал нь гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол энэ хуулийн 227.1-д заасан үндэслэл хамаарахгүй” гэж заасны дагуу нэхэмжлэгч Т.П гэрээнээс татгалзсан явдалд хариуцагч “.........” ХХК-нь буруугүй болохыг давж заалдах шатны шүүх зөв үнэлж, дүгнэж чадаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг үндэслэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нгийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023.06.07-ны өдрийн 001/ШХТ2023/00662 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

7.Нэхэмжлэгч Т.П нь хариуцагч “.........” ХХК-д холбогдуулан 3,800,000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа “...2020 онд “.........” ХХК-тай тохиролцон, Япон улсад ажиллахад зуучлуулахаар болсон. Монгол Улсад коронавирусын халдварын анхны тохиолдол 2020.11.11-ний өдөр бүртгэгдэж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн, хариуцагч нь энэхүү нөхцөл байдлыг мэдсээр байж 2020.12.08-ны өдөр намайг төөрөгдүүлэн гэрээ байгуулж, зуучлалын хөлсний урьдчилгаа болох 3,800,000 төгрөгийг шилжүүлэн авсан боловч өнөөдрийг хүртэл Япон улс руу явж чадаагүй, төлбөрийг эргүүлэн өгөх боломжгүй гэсэн хариуг өгсөн. Гэрээ байгуулахад урьдчилан мэдэх боломжгүй хүндэтгэн үзэх нөхцөл үүссэн тул хариуцагчаас мөнгийг гаргуулж өгнө үүгэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...Т.П нь 2020 оны 10 сараас Япон хэлний Н5 түвшин буюу анхан шатны танхимын сургалтад сууж төлбөрөө төлсөн. Сургалтад сууж байх хугацаандаа ажлын ярилцлагад орж сонгогдсон. Ингээд хөдөлмөр эрхлэх болон оршин суух зөвшөөрөл авахтай холбоотой бичиг баримтуудаа бүрдүүлж, 2020.12.08-ны өдөр зуучлалын хөлсний урьдчилгаанд 3,800,000 төгрөг төлсөн, шаардлагатай бүх материалыг 2021.02.19-ний өдөр шуудангаар илгээсэн. 2021.04.23-ны өдөр Т.Пгийн оршин суух зөвшөөрөл албан ёсоор гарч, 2021.05.06-ны өдөр ирсэн. Тухайн үед ковид-19 цар тахлаас хамаарч, хил гааль хаагдсан. Мөн Монгол дахь Япон улсын элчин сайдын яамны визний ярилцлага хаалттай байсан. Япон улсын иммигрэйшнээс албан ёсоор оршин суух зөвшөөрөл олгогдсон учир 3,800,000 төгрөгийг буцаан олгох боломжгүй. Тухайн үед ажлын ярилцлагад тэнцсэн иргэд 2022.03.22-ны өдөр элчингийн ярилцлагад орж, визээ аваад 2022.04.11-ний өдөр Япон улс руу явсан. Гэтэл Т.П нь 2022.02.17-ны өдөр Япон улс руу явж ажиллах боломжгүй болсон нь өөрөөс нь хамаарсан учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

8.Анхан шатны шүүх “...талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-т заасан зуучлалын гэрээний харилцаа үүссэн, хариуцагч “.........” ХХК нь зуучлалын гэрээнд заасны дагуу нэхэмжлэгчийг Япон улсын хяналтын байгууллага болох Ига мэдээллийн сүлжээний нийгэмлэгийн ......... /........./ компанид токарьчны мэргэжлээр ур чадварын дадлага хийх сургалтад явж суралцахад нь зуучлах үүргээ гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул төлсөн мөнгөө буцаан шаардах эрхгүй” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх “...зохигчийн хооронд зуучлалын болон даалгаврын гэрээ холимог хэлбэрээр байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй. Нэхэмжлэгчийн хувьд Япон улс руу явах боломжгүй бодит нөхцөл байдал бий болсон байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, 3,800,000 төгрөгийг шаардах эрхтэй. Хариуцагч нь Япон хэлний сургалтад хамрагдах болон ур чадварын дадлагажигчаар зуучлуулах иргэний дагаж мөрдөх журмыг нэхэмжлэгчид танилцуулсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

9.Хоёр шатны шүүх хэргийн үйл баримт, зохигчийн хооронд үүссэн харилцааг тодорхойлохдоо эрх зүйн өөр дүгнэлт хийж, зөрүүтэй шийдвэр гаргасан талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын үндэслэл нь хэргийг хяналтын шатны шүүх хянан хэлэлцэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэл болсон, бөгөөд харин шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн гэх гомдлыг хүлээн аваагүйг дурдав.

10.Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

11.Зохигчийн хооронд гэрээний харилцаа эхлээд аман хэлбэрээр, хожим нь 2020.12.08-ны өдөр бичгээр байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр болох тухайд хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Гэрээг анхан шатны шүүх зуучлалын гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх зуучлалын болон даалгаврын холимог хэлбэртэй гэж тодорхойлсон.

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д “зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс шагнал төлөх үүргийг тус тус хүлээх” зуучлалын гэрээ зохигчийн хооронд байгуулагдсан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Учир нь зуучлалын гэрээгээр зуучлуулагчийг хэлцэл хийх этгээдтэй холбож өгснөөр зуучлагчийн үүрэг дуусгавар болдог бөгөөд талуудын хэлэлцэн тохиролцсоноос үзвэл хариуцагч “.........” ХХК нь нэхэмжлэгч Т.Пгийн хүсэлтээр Япон улсад токарьчны ур чадварын дадлагын ажил хийхэд тус улсын ......... /........./ компанитай холбон өгөх үүрэг, нэхэмжлэгч хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн нь тогтоогджээ.

Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д заасан даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Давж заалдах шатны шүүх гэрээг зуучлалын ба даалгаврын холимог гэрээ гэж үзсэн боловч эдгээр гэрээний шинжийг илэрхийлж байгаа нөхцөлийг ялгамжтай тайлбарлаагүй байна.

Нэхэмжлэгч Т.Птэй токарьчны ур чадварын дадлагын ажил хийлгэх хөдөлмөрийн гэрээ байгуулж ажлын сургалтад хамруулах Япон улс дахь ......... /........./ компанитай холбохын тулд хариуцагч “.........” ХХК нь холбогдох дүрэм, журмыг танилцуулах, зөвлөгөө өгөх, тодорхой бичиг баримт бүрдүүлж, ярилцлага зохион байгуулахаар тохиролцсон нь зуучлалын гэрээний шинжтэйгээс бус үүний зэрэгцээ нэхэмжлэгчийн заавар, даалгавраар, түүний зардлаар тодорхой ажил гүйцэтгэж, үүний хариуд хөлс авсан гэж үзэх буюу даалгаврын гэрээний агуулга зохигчийн тохиролцоонд үгүйсгэгдсэн байна.

Өөрөөр хэлбэл, зохигчийн хооронд байгуулагдсан гэрээгээр тохиролцсон талуудын эрх, үүрэг, хариуцлага нь зөвхөн зуучлалын гэрээний үүргээр хязгаарлагдаагүй, даалгаврын гэрээний шинжийг бүрэн агуулсан гэж үзэх нөхцөл нотлогдоогүй болно.

12.Хариуцагч нь нэхэмжлэгчийг 2020 оны 10 дугаар сард япон хэлний анхан шатны сургалтад хамруулж, тохиролцсоны дагуу 300,000 төгрөгийн хөлс авсныг зуучлалын гэрээнээс тусдаа тохиролцоо гэж үзэх үндэслэлтэй.

Харин зуучлалын гэрээний дагуу хариуцагч нь Япон улс дахь компанийн төлөөлөгчтэй хийх ярилцлагыг 2020.10.16-ны өдөр зохион байгуулснаар нэхэмжлэгч Т.П токарьчны ур чадварын дадлагажигчаар ажиллахаар сонгогдсоныг Хөдөлмөрийн яаманд уламжилж баталгаажуулан тодорхойлолт гаргуулсан, 2021.02.19-ний өдөр оршин суух зөвшөөрөл хүссэн баримт бичгийг Япон улс руу илгээсэн, зөвшөөрлийн хуудсыг 2021.06 сард эх хувиар хүлээн авсан эдгээр ажиллагааг хариуцагч хийжээ.

13.Нэхэмжлэгч нь зуучлалын хөлсөнд 5,800,000 төгрөг төлөхөөр тохиролцсоноос 3,800,000 төгрөгийг хариуцагчид 2020.12.08-ны өдөр төлсөн бөгөөд хариуцагч нь зуучлалын гэрээний дагуу тодорхой ажлыг гүйцэтгэсэн, нэхэмжлэгч хил нээгдсэн 2022.03 сараас виз мэдүүлж, улмаар Япон улс явах боломжтой үедээ 2022.02.07-ны өдөр гэрээнээс татгалзжээ.

14.Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.

Гэвч гэрээнээс татгалзах саналыг хэн, ямар шалтгаанаар гаргасан, гэрээний талууд ямар үүргийг гүйцэтгэхээр тохиролцсон, уг үүргээ хэрхэн гүйцэтгэсэн, гүйцэтгэсэн үүргийг буцаан шилжүүлэх боломжтой эсэхэд шүүх зайлшгүй дүгнэлт хийх үүрэгтэй.

Гэрээнээс татгалзах саналыг нэхэмжлэгч гаргасан бөгөөд нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзахад хариуцагчийн буруутай үйлдэл буюу үүргийн зөрчил нөлөөлсөн гэж үзэх Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй байна.

Нэхэмжлэгч гэрээнээс татгалзах үндэслэлийг Ковид-19 цар тахлаас шалтгаалж буюу нөхцөл байдал өөрчлөгдсөн хүндэтгэн үзэх шалтгаантай гэсэн боловч 2020.12.08-ны өдөр буюу гэрээ байгуулсан цаг хугацааны хувьд цар тахлын нөхцөл байдал бий болсныг мэдэж байсан, мөн өдөр 3,800,000 төгрөг төлсөн, энэ үед хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргийн буюу зуучлуулагчийг хэлцэл хийх этгээдтэй холбох үүргийн дийлэнх хэсгийг гүйцэтгэсэн байжээ. Нэхэмжлэгч цаашид Япон улс руу явах хэрэгцээ шаардлагагүй болсон үндэслэлээр гэрээнээс татгалзах эрхтэй боловч ийм тохиолдолд нэхэмжлэгч хэлцлээр шилжүүлсэн мөнгийг буцаан шаардах эсэхийг шүүх дүгнэхдээ Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасан гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврыг зохицуулсан бүх нөхцөлийг шалгах шаардлагатай бөгөөд давж заалдах шатны шүүх үүнийг харгалзан үзээгүй байна.

Тухайлбал, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.3-т “хэрэв үүрэг гүйцэтгэгч нь гэрээ ёсоор хариу ямар нэгэн үүрэг гүйцэтгэсэн бол мөнгөн төлбөрийн оронд хариу гүйцэтгэсэн үүргийг орлуулж болно” гэж заасан ба зохигчийн байгуулсан гэрээнд зуучлалын нийт үнийг 5,800,000 төгрөг гэж тохиролцсон төлбөрийн талаарх гэрээний заалтад зуучлуулагч буюу нэхэмжлэгч Т.П нь ажлын ярилцлагад орж тэнцсэн тохиолдолд 3,800,000 төгрөг төлөх, Япон улсад ажиллах зөвшөөрлийн хуудас гарсан бол үлдэх 2,000,000 төгрөгийг төлөх гэж тусгагдахын зэрэгцээ уг мөнгөн төлбөрийн задаргааны талаар сайтар ойлгуулж хураан авсан гэж тэмдэглэгджээ.

Давж заалдах шатны шүүх дээрх нөхцөлийг, тодруулбал, зуучлалын гэрээний дагуу тодорхой ажлыг хариуцагч “.........” ХХК гүйцэтгэсэн, нэхэмжлэгч Япон яваагүйд тус компанийг буруутгах боломжгүй тул хэн алины гүйцэтгэсэн үүрэг нь харилцан тооцогдохыг анхаараагүй байна. Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар нэхэмжлэгч шилжүүлсэн мөнгийг хариуцагчаас буцаан шаардах боломжгүй юм.

15.Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 210/МА2023/00763 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 181/ШШ2023/00436 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “.........” ХХК-ийн 2023.05.18-ны өдөр төлсөн 75,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАЯРМАА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ                                                    

ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

                                                                        Д.ЦОЛМОН

                                                                        Х.ЭРДЭНЭСУВД