Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2023/00763

 

Т.П-гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 181/ШШ2023/00436 дугаар шийдвэртэй,

 

Т.П-гийн нэхэмжлэлтэй,

М- ХХК-д холбогдох,

 

Гэрээнээс татгалзаж, 3,800,000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.П-, түүний өмгөөлөгч Т.Лхамсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нарангуа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие 2020 онд М- ХХК-тай тохиролцон, А- улсад ажиллахаар болсон. Монгол Улсад коронавирусын халдварын анхны тохиолдол 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр бүртгэгдэж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Үүнтэй холбоотойгоор олон улсын нислэг цуцлагдсан. Гэтэл хариуцагч нь энэхүү нөхцөл байдлыг мэдсээр байж 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр намайг төөрөгдүүлэн гэрээ байгуулж, зуучлалын хөлсний урьдчилгаа болох 3,800,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5027510812 тоот дансаар шилжүүлэн авсан. Гэвч өнөөдрийг хүртэл А- улс руу явж чадаагүй. Зуучлалын төлбөрөө эргүүлэн авах хүсэлт гаргахад төлбөрийг эргүүлэн өгөх боломжгүй гэсэн хариуг өгсөн. Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4 дэх хэсэгт гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан байдаг. Ийнхүү миний А- улсруу явах боломжгүй нөхцөл байдал нь Иргэний хуулийн 221 дугаар зүйлийн 221.2 дахь хэсэгт заасанд хамаарч байгаа тул зуучлалын төлбөрт төлсөн 3,800,000 төгрөгийг хариуцагч М- ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Т.П- нь 2020 оны 10 сараас А- хэлний Н5 түвшин буюу анхан шатны сургалтанд танхимаар сууж эхэлсэн бөгөөд тухайн үед ковид-19 цар тахлаас хамаараад сургалтууд цахим хэлбэрт шилжсэн бөгөөд сургалтын төлбөрийг танхимаар ордог үеэс багасган нэг түвшний /3 сар/ сургалтыг 300,000 төгрөг болгон хөнгөлөлт үзүүлсэн. Т.П- нь 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 150,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 150,000 төгрөгөөр тус тус төлж Н5 түвшний сургалтын төлбөрийг бүрэн барагдуулсан. Сургалтанд сууж байх хугацаандаа ажлын ярилцлаганд сонгогдсон. Ингээд хөдөлмөр эрхлэх болон оршин суух зөвшөөрөл авахтай холбоотой бичиг баримтуудаа бүрдүүлж, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр манай Хаан банкны 5027510812 тоот дансанд 3,800.000 төгрөгийн урьдчилгаа төлсөн. Мөн оршин суух зөвшөөрөл нь А- улсад материал очсоноос хойш ойролцоогоор 6 сарын дараа гардаг бөгөөд шаардлагатай бүх материалыг 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр шуудангаар илгээсэн. 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Т.П-гийн оршин суух зөвшөөрөл албан ёсоор гарч, Монголд 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ирсэн. Тухайн үед ковид-19 цар тахлаас хамаарч, хил гааль хаагдсан. Мөн Монгол дахь А- улсын элчин сайдын яамны визний ярилцлага хаалттай байсан. А- улсын иммигрэйшнээс албан ёсоор оршин суух зөвшөөрөл олгогдсон учир 3,800,000 төгрөгийг буцаан олгох боломжгүй. Тухайн үед ажлын ярилцлаганд тэнцсэн иргэд 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр элчингийн ярилцлаганд орж, визээ аваад 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр А- Улс руу явсан. Гэтэл Т.П- нь 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр А- улс руу явж ажиллах боломжгүй болсон нь өөрөөс нь хамаарсан учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн дугаар зүйлийн 410 дугаар зүйлийн 410.1, 410.3, 227 дугаар зүйлийн 227.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М- ХХК-аас 3,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.П-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хараамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүхээс нэхэмжлэгч нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр батлагдсан А- хэлний сургалтад хамрагдах болон ур чадварын дадлагажигчаар зуучлуулах иргэний дагаж мөрдөх журмыг танилцуулаагүй гэж маргасан хэдий ч гэрчийн мэдүүлгээр няцаагдаж байна хэмээн дүгнэсэн. Гэрч хэргийн бодит үнэнд нийцээгүй, худал мэдүүлэг өгсөөр байхад ийнхүү худал мэдүүлэгт үндэслэн хэргийг шийдвэрлэсэнд нэхэмжлэгчийн зүгээс гомдолтой байна. Тодруулбал, гэрчийн Манай байгууллагад анх ирсэн хүн бүрт 1 цаг гаруй А- хэлний сургалтад хамрагдах болон ур чадварын дадлагажигчаар зуучлуулах Иргэний дагаж мөрдөх журам-ыг дэлгэрэнгүй тайлбарлаж өгдөг, гарын үсэг зуруулдаггүй. Журмыг танилцуулаад ангидаа өлгөдөг. Хүүхдүүд сургалтад суух хугацаандаа дахин дахин хараад, танилцаад явдаг гэх тайлбар нь үндэслэлгүй, худал мэдүүлэг юм. Мөн хариуцагч талаас гаргаж өгсөн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр батлагдсан А- хэлний сургалтад хамрагдах болон ур чадварын дадлагажигчаар зуучлуулах иргэний дагаж мөрдөх журам нь талуудын хоорондын тохиролцооны зүйл биш бөгөөд нотолгооны ач холбогдолгүй болох нь дараах байдлаар тогтоогдож байна. Үүнд: хавтаст хэргийн 9 дэх талд авагдсан компанийн улсын бүртгэлийн гэрчилгээг авч үзвэл М- ХХК нь Монгол Улсын иргэдийг А- улсад /ур чадварын дадлагажигч/ хөдөлмөр эрхлэхэд зуучлах үйл ажиллагааг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд эрхлэхээр байгаа нь харагдаж байна. Гэтэл уг журам нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс хойш манайд мөрдөгдөж байгаа журам хэмээн нотлох баримтаар гаргаж өгсөн нь компанийн А- улсад хөдөлмөр эрхлэхэд зуучлах үйл ажиллагааг эрхэлж эхэлсэн огноотой таарахгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, тус үйл ажиллагааг эрхэлж эхлэхээс өмнө журам нь гараад хэрэгжиж эхэлсэн байна. Хоёрдугаарт, Хавтаст хэргийн 33 дахь талд авагдсан дээрх журмын Сургалтын төлбөр болон зуучлалын хураамжийн хэмжээ, төлөх хэлбэр гэсэн 4 дэх хэсэгт А- хэлний сургалтын төлбөр болон зуучлалын хураамжийн талаар зааж өгчээ. Журмаас үзэхэд зуучлалын хураамж нь 2018 онд 5,800,000 төгрөг, 2019, 2020,2021 онуудад ч мөн 5,800,000 төгрөг байна. Миний бие 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тус компанид 3,800,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд зөвхөн надад зориулсан мэт тус журмын 4.3-т ... 3,800,000 төгрөг, гэж заажээ. Гуравдугаарт, нэхэмжлэгчийн өмгөөлөгч тус журмыг нэхэмжлэгчид танилцуулж байсан эсэх талаарх баримтыг хариуцагчаас гаргуулахаар хүсэлт гаргасан бөгөөд хариуцагч энэ талаар баримт гаргаж өгөөгүй. Ийнхүү надад танилцуулаагүй журмаа танилцуулсан мэтээр хариуцагч компанийн ажилтан, тухайн зуучлалын ажлыг зохион байгуулсан хүнээр худал мэдүүлэг өгүүлж тус мэдүүлэгт үндэслэн хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.а.А- улсруу явах боломжтой болсон талаар надад мэдэгдэлгүйгээр намайг орхиж хохироосон тухайд 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хариуцагчийн оффис дээр очиж А- улсруу явах боломжгүй болсон төлбөрөө буцааж авах талаар хэлэхэд хүсэлтээ бичээд өгчих гэж хэлсэн. Ингээд хүсэлт бичиж өгөөд 3 сарын хугацаанд ямар ч хариу өгөөгүй. Энэ хооронд А- улс хилээ нээж, А- улсын элчин сайдын яам визний ярилцлагын цаг өгч эхэлсэн талаар надад мэдэгдээгүй. 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр А- улсын элчин сайдын яаманд виз хүсэх тухай бичиг явуулж, онгоцны билет захиалга хийсэн байгаагаас харагдаж байна. Ийнхүү миний 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гаргасан хүсэлтэд хариу өгөлгүйгээр намайг орхиод зуучлалын ажлаа үргэлжлүүсэн байгаагаас харахад хүсэлтийг хүлээн авч зөвшөөрсөн гэж үзэхээр байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүх нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, үнэн зөв талаас нь үнэлсэн. А- хэлний сургалтанд хамааруулах тухай журмыг талууд тохиролцоогүй, зуучлалын гэрээ байгуулагдаагүй хүчин төгөлдөр бус гэрээ хэлцэл гэж тайлбарладаг боловч энэ талаар давж заалдах гомдолд дурдаагүй. Мөн шүүхэд гэрчид хууль сануулж мэдүүлэг авсан. Түүнийг шүүх нотлох баримтаар үнэлсэн. Хөдөлмөр Нийгмийн хамгааллын яамнаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр А- улсад дадлагажигчийг илгэхдээ М- ХХК нь А- улсын яамтай харилцан тусалцах гэрээний дагуу хамтран ажилласан. Хэдийгээр нийтийг хамарсан ковид-19 цар тахал гарсан хэдий ч үйл ажиллагаа явуулж байсан. Иймээс Т.П-гийн гаргасан хүсэлтийн дагуу бүх үйл ажиллагаа явагдсан. Иргэний хуулийн 410 дугаар зүйлд заасны дагуу хөдөлмөр эрхлүүлэх, тухайн компанитай холбож өгөх үүргийг М- ХХК нь хангалттай биелүүлж үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт талуудын мэтгэлцээний хүрээнд хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч Т.П- нь хариуцагч М- ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзаж, 3,800,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

3.а.Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараас үзвэл нэг тал нь А- Улсад ажиллахад зуучлуулах, нөгөө тал нь холбогдох бичиг баримтыг бүрдүүлж, зохих этгээдтэй холбож өгөх үүргийг хүлээсэн буюу зохигчийн хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын болон даалгаврын гэрээ холимог хэлбэрээр байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.

3.б.Нэхэмжлэгч Т.П- нь хариуцагч М- ХХК-д 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр зуучлалын хөлсний урьдчилгаа төлбөрт 3,800,000 төгрөг төлсөн болох нь талуудын тайлбар, Хаан банк ХХК-ийн шилжүүлгийн баримт зэргээр тогтоогджээ. /хх-ийн 6-р тал/

3.в.Дээрх гэрээ байгуулагдсан цаг хугацаанд ковид-19 цар тахал гарч, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, тухайн цаг хугацаанаас хойш бүх нийтийн бэлэн байдлын зэрэг болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн нь нийтэд илэрхий үйл баримтад тооцогдох юм.

3.г.Нэхэмжлэгч Т.П- нь А- улсад ажиллахад зуучлуулахаар хариуцагч М- ХХК-д зуучлалын хөлс төлсөн боловч энэ ажил удааширсан, мөн ковид-19 цар тахал гарч хил гааль хаасан тул гэрээнээс татгалзаж, 3,800,000 төгрөгийг хариуцагч М- ХХК-аас гаргуулна гэсэн бол хариуцагч эс зөвшөөрч манай компани шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж, А- улсад оршин суух зөвшөөрлийг тус улсын иммигрэйшнээс албан ёсоор авсан, нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан явдалд манай компани буруугүй гэж тайлбарлажээ.

3.д.Нэхэмжлэгч Т.П-гийн хувьд А- Улс руу явах боломжгүй бодит нөхцөл байдал бий болсон байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, 3,800,000 төгрөгийг шаардах эрхтэй.

3.е.Хэргийн 32 дугаар талд А- хэлний сургалтанд хамрагдах болон ур чадварын дадлагажигчаар зуучлуулах иргэний дагаж мөрдөх журам авагдсан бөгөөд тус журмын 5.3-т Дадлагажигч нь А- улс руу явахаас өөрийн хүсэлтээр татгалзсан нь зуучлагч байгууллагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаагүй тохиолдолд зуучлалын хураамж буцаан олгохгүй гэж заажээ.

3.ё.Хариуцагч тал дээрх журамд зааснаар зуучлалын хураамжийг буцаан олгохгүй гэж тайлбарлаж байх боловч тус журмыг нэхэмжлэгч Т.П-д танилцуулсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Гэрч Р.Мөнгөнцэцэг нь тус журмыг нэхэмжлэгч Т.П-д танилцуулсан талаар мэдүүлсэн боловч тус мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтаар давхар нотлогдоогүй, мөн гэрч нь хариуцагч М- ХХК-ийн ажилтан байгаа зэрэг нөхцөл байдлыг харьцуулан дүгнэвэл гэрчийн мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан үнэн зөв, эргэлзээгүй гэж дүгнэх боломжгүй.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч М- ХХК-аас 3,800,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.П-д олгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31ий өдрийн 181/ШШ2023/00436 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 410 дугаар зүйлийн 410.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М- ХХК-аас 3,800,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.П-д олгосугай. гэж,

 

2 дах заалтын ... үлдээсүгэй. гэснийг үлдээж, хариуцагч М- ХХК-аас 79,750 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.П-д олгосугай. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Т.П-гээс төлсөн 75,750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Г.ДАВААДОРЖ