Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 181/ШШ2023/00436

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 01 31 181/ШШ2023/00436

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,........................... тоот хаягт оршин суух, Долоон гэлэн овогт Тунгалагийн ******* /РД:ВР93012931/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, .........................................тоотод оршин байрлах,******* ХХК /РД:5027551, гүйцэтгэх захирал Л.Бямбасүрэн/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зуулчлалд төлсөн төлбөр 3,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Лхамсүрэн,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нарангуа,

Гэрч Р.Мөнгөнцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номин нар оролцов.

/Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амгаланбаатар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, түүний өмгөөлөгч эзгүйд нь хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч шийдвэрлэв/

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч******* ХХК-д холбогдуулан зуулчлалд төлсөн төлбөр 3,800,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Миний бие Т.******* нь 2020 онд Япон улсад ажил хийх хүсэлтэй хүмүүсийг ажилд зуучилж өгдөг******* ХХК-тай холбогдож Япон улсруу зуучлуулан очиж ажил хийхээр харилцан тохиролцсон.

Монгол Улсад коронавирусын халдварын анхны дотоодын тохиолдол 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр батлагдсанаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж Олон Улсын нислэг хөдөлгөөний хязгаарлалт тавигдаж, хилийн боомтууд хаагдаж, Япон улс ч мөн Монгол Улсаас ямар ч хүн авахгүй байх шийдвэрийг гаргасан байдаг. Гэтэл хариуцагч нь энэхүү нөхцөл байдлыг мэдсээр байж 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Удахгүй Япон улс хилээ нээнэ тэр үед явж болно хэмээн намайг төөрөгдүүлэн гэрээ байгуулж, зуучлалын хөлсний урьдчилгаа болох 3,800,000 төгрөгийг өөрийн Хаан банкан дахь 5027510812 тоот дансаар шилжүүлэн авсан.

2020 оноос хойш Япон улсруу явна гэсээр өнөөг хүртэл яваагүй, хэзээ явах нь тодорхойгүй байсаар байгаа бөгөөд зуучлалын төлбөрөө эргүүлэн авах хүсэлт гаргахад хариуцагч Төлбөрийг эргүүлэн өгөх боломжгүй гэсэн хариуг өгсөн. Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4-т Гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй. хэмээн заасан байдаг. Миний бие Япон улсруу явахаа 2 жилийн хугацаанд тэвчээртэйгээр хүлээсэн боловч өнөөг хүртэл яваагүй, хэзээ явах нь тодорхойгүй байсаар байгаа төдийгүй одоо Боловсрол соёл эрх зүйн дээд сургуульд Боловсролын удирдлагын магистрын хөтөлбөрт суралцаж байна.

Ийнхүү миний Япон улсруу явах боломжгүй нөхцөл байдал нь Иргэний хуулийн 221 дугаар зүйлийн 221.2-т заасан Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ. гэсэн заалтад хамаарч байгаа тул хариуцагч******* ХХК-тай байгуулсан зуучлалын гэрээнээс татгалзаж, зуучлалын төлбөрт төлсөн 3,800,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

2.Хариуцагч хариу тайлбартаа: Манай байгууллага нь ур чадварын дадлагажигчаар зуучлуулах иргэдийг дараах шат дарааллаар Япон улсруу илгээдэг. Үүнд: 1.Япон хэлний сургалтанд хамрагдах

2.Ажлын ярилцлаганд орох

3.Ажлын ярилцлаганд тэнцсэн тохиолдолд бичиг баримт бүрдүүлэх, зуучлалын хураамж болох 5.800.000/ таван сая найман зуун мянган/ төгрөгийг төлөх

4.Бүх бичиг баримт бүрдэж төлбөр төлсний үндсэн дээр шаардлагатай бичиг баримтыг боловсруулж Япон улсын хүлээн авагч нийгэмлэг рүү илгээх

5.Хүлээн авсан бичиг баримтыг үндэслэн Япон улсын иммигрэйшнээс оршин суух зөвшөөрөл олгох

6.Оршин суух зөвшөөрөл манай байгууллагад эх хувиар ирсэн үед визний ярилцлаганд орох

7.Япон улс руу зорчих гэсэн шат дарааллын дагуу ур чадварын дадлагажигчийг илгээдэг.

Т.******* нь 2020 оны 10 сараас Япон хэлний Н5 түвшин буюу анхан шатны сургалтанд танхимаар сууж эхэлсэн бөгөөд тухайн үед Ковид-19-өөс хамаараад сургалтууд цахим хэлбэрт шилжсэн бөгөөд сургалтын төлбөрийг танхимаар ордог үеэс багасган нэг түвшний /3 сар/ сургалтыг 300,000 төгрөг болгон хөнгөлөлт үзүүлсэн. Т.******* нь 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 150,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 150,000 төгрөгөөр тус тус төлж Н5 түвшний сургалтын төлбөрийг бүрэн барагдуулсан болно.

Ингээд сургалтанд сууж байх хугацаандаа буюу 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Япон улсын хяналтын байгууллага болох Ига информэйшн нэтворк коопиратив нийгэмлэгийн Нагацүжи /Энүтек/ компаний Токарын цахимаар болох ажлын ярилцлаганд нийт 18 иргэн өөрийн хүсэлтээр орсноос 2 компани тус бүр дээр 3, 3 хүн сонгогдсон. Үүний дотор Т.******* нь сонгогдож, манай байгууллагатай хөдөлмөр эрхлэх, болон оршин суух зөвшөөрөл авахтай холбоотой бичиг баримтуудаа бүрдүүлүүлж 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр манай Хаан банкны 5027510812 тоот дансанд 3.800.000 төгрөгийг урьдчилгаа болгон тушаасан.

Мөн оршин суух зөвшөөрөл нь Япон улсад материал очсоноос хойш ойролцоогоор 6 сарын дараа гардаг бөгөөд шаардлагатай бүх материалыг 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр шуудангаар илгээсэн.

Ингээд материал шалгагдсаны үндсэн дээр 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Т.*******гийн оршин суух зөвшөөрөл албан ёсоор гараад Монголд эх хувиараа 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдөр ирсэн. Тухайн үед Ковид-19-өөс хамаараад хил гааль хаалттай Япон улсруу нислэг хийгдэхгүй байсан, мөн Монгол дахь Япон улсын элчин сайдын яам шинээр олгох визний ярилцлага хаалттай байдалтай байсан учир бид хүлээхээс өөр аргагүй байсан.

Бидний зүгээс шаардлагатай бичиг баримтыг Япон руу илгээснийг үндэслэн оршин суух зөвшөөрөл Япон улсын иммигрэйшнээс албан ёсоор олгогдсон учир манай байгууллагын зүгээс Т.*******гийн зуучлалын хураамжийн урьдчилгаа болгон төлсөн 3,800,000/гурван сая найман зуун мянган/ төгрөгийг буцаан олгох боломжгүй. Тухайн үед ажлын ярилцлаганд Т.*******тэй хамт ороод тэнцсэн иргэд бүгд 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Элчингийн ярилцлаганд орж визээ аваад 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн нислэгээр Япон улсад очоод чиглүүлэх сургалтандаа бүрэн хамрагдаж одоо ажил үүргээ гүйцэтгэн ажиллаж, амьдарч байгаа.

Гэтэл Т.******* нь 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Япон улс руу явж ажиллах боломжгүй болсон тул зуучлалын хөлсөө буцаан авах хүсэлт гаргасан нь өөрөөс нь болсон учир манайх гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн тул тус хөлсийг буцаан олгох үндэсгүй учир түүний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3.Гэрч Р.Мөнгөнцэцэг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би тус компанид 2017 оны 5 сараас эхлэн 6 дахь жилдээ ажиллаж байгаа. 2019 оноос эхлэн бичиг баримт боловсруулсан, хичээлийн цагаас бусад үед бичиг баримт боловсруулж, 2019 оны 9 сараас хойш Япон улс руу******* ХХК-аас дамжуулж явж байгаа хүүхдүүдийн бичиг баримт боловсруулах үйл ажиллагааг хийж эхэлсэн. Манай захирал өөрөө хийдэг байж байгаад 2019 оноос би хийж эхэлсэн. Тийм учраас бүх бичиг баримтыг би өөрөө гардаж үйлдэж байсан гэсэн үг. Япон улс руу явах хүсэлтэй хүүхдүүд манай дээр өдөр бүр 15 цаг 30 минутаас дэлгэрэнгүй ярилцлага, таниулга, ярианд суудаг. Тэгсний үндсэн дээр бид нар анкет бөглүүлж сургалтад хамруулдаг. Тэр нь зуучлалын гэрээ гэсэн үг. Анх ирсэн хүн бүрт 1 цаг гаран Япон хэлний сургалтанд хамрагдах болон ур чадварын дадлагажигчаар зуучлуулах иргэний дагаж мөрдөх журам-ыг дэлгэрэнгүй тайлбарлаж өгдөг, гарын үсэг зуруулдаггүй. Амаар маш сайн тайлбарлаж өг гэсэн сануулга Япон талаас ирдэг учраас бид нар тайлбарлаж өгдөг, утсаар мэдээлэл өгдөггүй. Залгах юм бол өөрийн биеэр ирж мэдээлэл ав гэдэг шаардлага тавигддаг. Журмыг бид нар бүгдийг нь танилцуулаад, ангидаа хүртэл өлгөдөг. Хүүхдүүд сургалтад суух хугацаандаа дахин дахин хараад, танилцаад явдаг. Үүнийг хүлээн зөвшөөрч сургалтад суугаад зуучлалын үйл ажиллагаанд оролцоно гэсэн хүүхдүүд сургалтад сууж эхэлдэг. Сургалтад суух хугацаандаа сонгон шалгаруулалтад ордог. Коронагийн үед онлайнаар танилцуулга, ярилцлага хийж эхэлсэн. Түүнээс өмнө Япон компанийн захирлууд өөрсдөө ирээд яриа, тайлбар, сонгон шалгаруулалт хийдэг байсан. Ярилцлаганд орж сонгогдсоны дараа бичиг баримт бүрдүүлнэ. Олон бичиг баримтууд хэрэг болдог. Төгссөн сургуулийн бичиг баримт, гадаад паспорт, зарим хүмүүс гадаад паспорт гаргуулаагүй хугацаа алдах тохиолдол байдаг. Бүх бичиг баримтаа бүрдүүлээд Хөдөлмөрийн яамнаас тодорхойлолт авдаг. Бичиг баримт бүрдүүлээд бид нар Япон улс руу шуудангаар ч юм уу, эсхүл манайхаас тэр газар руу явах гэж байгаа хүүхдүүдээр дамжуулж явуулдаг. Бичиг баримт явуулснаас хойш дор хаяж 4 сар болно. Урт хугацаандаа 1 жил хүлээнэ гэж хүүхдүүдэд тайлбарлаж өгдөг. Япон улсад очоод 2 газраар бичиг баримт шалгагддаг. Эхний байгууллагад 3 сар орчим болдог. Түүнээс удах ч тохиолдол байдаг. Япон компанийн гаргаж өгөх материал уддаг ч юм уу, уг компанийн захирлууд гадаад хүн хүлээж авахад сургалтад зайлшгүй суух ёстой байдаг. Түүндээ суугаагүй байдаг ч юм уу, янз бүрийн шалтгаанаас болж удах тохиолдол байна. Зөвшөөрөл гарчих юм бол хилийн хяналтын байгууллагад 1 сар орчмын дараа шар хуудас гээд гарчихсан байгаа оршин суух зөвшөөрөл хилийн хяналтын байгууллагаас гардаг юм. Энэ явц 4-6 сар болдог. Уртдаа 1 жил хүлээх тохиолдол ч байдаг. Энэ бол манай компаниас хамааралгүй Япон улсын хилийн хяналтын ачааллыг харгалзаж олгодог зөвшөөрөл юм. Зөвшөөрөл гарсны дараа тэрийг шуудангаар нааш нь явуулна. Бас арваад хоногийн дараа хүрч ирнэ. Шуудангаар явуулсны дараа эх хувийг нь хүлээж аваад элчингийн ярилцлагын цаг авдаг, цаг нь сарын дараа байх асуудал ч байдаг. Цаг аваад тухайн хүүхдийг элчингийн ярилцлагад бэлдэж өгөөд элчин дээр очоод ярилцлаганд тэнцээд визээ даруулж аваад онгоцны билетийг нь захиалдаг. Онгоцондоо суугаад, түүнээс өмнө бэлтгэл сургуулилт гэж сургалт орно. Япон улсад очоод 1 сарын хэлний бэлтгэлд сууна. Япон улсаас эхний 2 сар хоолны мөнгө олгодог. Сарын дараа тэр хүн ажил дээр гараад ажлын гэрээ байгуулагдаад, баталгааждаг. Удаан явцтай байдаг. 2020 оны 10 сарын эхээр Т.******* найзтайгаа манайд ирсэн. Хөдөлмөрийн яамнаас зөвшөөрөл авдаг байгууллага. Энэ хүнийг найзтай нь цуг Япон руу явуулаад өгөөч гэсэн хүсэлт ирсэн. Түүний дагуу бид нар 1 цаг орчмын танилцуулга, яриагаа өгөөд анкет бөглөсөн, сургалтад сууж эхэлсэн. 10 сарын 05-ны өдрөөс эхлэн оройны ангид найзтайгаа хамт суусан. 10 сарын 16-ны өдөр ярилцлага өгсөн, 18 хүн оролцсноос 6 хүн сонгогдсоны дотор Т.*******, найз нь сонгогдсон. Бид нар тодорхой хэмжээгээр яамнаас захисан хүн гэдэг байдлаар хэлсэн. 6 хүн сонгогдоод бичиг баримт бүрдүүлээд 12 сарын 08-ны өдөр зуучлалын хураамжийг өгнө. Япон явахаас өмнө сургалт ордог, түүний зардал, бичиг баримт бүрдүүлэх гээд 5,800,000 төгрөгийг хувь хүнээс авдаг. Үүний урьдчилгаа болгож 3,800,000 төгрөг аваад үлдсэн 2 сая төгрөгийг Япон явах баталгаатай болсон үед нь авдаг. Шар хуудас гэдэг нь энэ хүн Япон улс руу дадлагажигчаар явах гэж байна гээд оршин суух эрх олгогдсон гэсэн үг. Япон улсын хил рүү орох ёстой хүн бүр тэр шар хуудасгүй бол орж чадахгүй, шар хуудас нь Япон явах баталгаатай болсон гэсэн үг гэв.

4.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамжид 75,750 төгрөг төлсөн баримт, Боловсрол соёл эрх зүйн дээд сургуулийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, Т.*******гийн Хаан банкан дахь 5022636104 тоот данснаас******* ХХК-ийн Хаан банкан дахь 5027510812 тоот данс руу 3,800,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн баримт, Т.Лхамсүрэнг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцуулах тухай хүсэлт, Б.Амгаланбаатарыг төлөөлөн оролцуулахаар олгосон итгэмжлэл зэрэг баримтыг гаргаж өгсөн.

Хариуцагчаас нотлох баримтаар: Э.Сайнжаргалд компанийг төлөөлж нэхэмжлэлийн хувийг гардан авах эрх олгосон итгэмжлэл,******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, Ур чадварын дадлагажигчаар ажиллагчтай байгуулах хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн нөхцөл заасан бичиг, Цалингийн олголт, Ур чадварын дадлагын бэлтгэлтэй холбоотойгоор өөрийн улсад байхдаа төлсөн төлбөрийн тайлан,******* ХХК-ийн Хаан банкан дахь 5027510812 тоот депозит дансны хуулга, Мэргэжил дээшлүүлэгчтэй хийх үндсэн гэрээ, Япон хэлний сургалтанд хамрагдах болон ур чадварын дадлагажигчаар зуучлуулах иргэний дагаж мөрдөх журам 2018.12.19, Н.Нарангуад төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Ур чадварын дадлагажигчийн баталгаажуулалт Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батцэцэгийн тодорхойлолт,******* ХХК-ийн Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд хүргүүлсэн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 20/087 тоот тодорхойлолт гаргуулах хүсэлт, Оршин суух зөвшөөрлийн бичиг Япон болон Монгол хэл дээрх орчуулгын хамт, Япон хэлний анхан шатны мэдлэг олгох сургалтын гэрээ, Ангид мөрдөх журам, Мэгүн ХХК-д Т.*******гийн 2022.02.17-ны өдөр гараар бичиж гаргасан хүсэлт, Япон улсад нэвтрэгчийн эрүүл мэндийг баталгаажуулах системээс хүлээж авсан 2022.02.28-ны өдрийн тодорхойлолт Япон, Монгол хэл дээрх орчуулгын хамт,******* ХХК-иас Япон Улсын элчин сайдын яаманд 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 22/019 тоот виз хүсэх тухай хүсэлт зэргийг гаргаж өгчээ.

Шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр 2022.12.19-ний өдрийн 181/ШЗ2022/1780 дугаар Хүсэлт хянан шийдвэрлэх тухай шүүгчийн захирамжаар Япон хэлний сургалтад хамрагдах болон ур чадварын дадлагажигчаар зуучлуулах иргэний дагаж мөрдөх журам-ыг нэхэмжлэгч Т.*******д танилцуулсан эсэх, танилцуулсан бол тэр талаархи баримтыг нотлох баримтын шаардлага ханган гаргуулахыг хариуцагч******* ХХК-д үүрэг болгосон боловч хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс танилцуулж гарын үсэг зуруулдаггүй тул шүүхэд гаргаж өгөх баримт байхгүй, гэрчээр нотлуулах ажиллагаа хийлгэнэ гэсэн тайлбар, хүсэлт гаргаж, гэрч Р.Мөнгөнцэцэгийг шүүх хуралдаанд оролцуулж, мэдүүлэг авсан.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч******* ХХК-д холбогдуулан зуучлалын төлбөрт төлсөн 3,800,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: Миний бие Япон улс руу явахаа 2 жилийн хугацаанд тэвчээртэйгээр хүлээсэн боловч өнөөг хүртэл яваагүй, хэзээ явах нь тодорхойгүй байсаар байгаа төдийгүй одоо Боловсрол соёл эрх зүйн дээд сургуульд Боловсролын удирдлагын магистрын хөтөлбөрт суралцаж байгаа тул явах боломжгүй нөхцөл байдал нь Иргэний хуулийн 221 дугаар зүйлийн 221.2-т заасан заалтад хамаарч байгаа тул хариуцагч******* ХХК-тай байгуулсан зуучлалын гэрээнээс татгалзаж, зуучлалын төлбөрт төлсөн 3,800,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлсон.

3.Хариуцагч татгалзлын үндэслэлээ: Манай зүгээс шаардлагатай бичиг баримтыг Япон руу илгээснийг үндэслэн оршин суух зөвшөөрөл Япон улсын иммигрэйшнээс албан ёсоор 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр олгогдсон учир зуучлалын үүргээ биелүүлсэн. Тухайн үед ажлын ярилцлаганд Т.*******тэй хамт ороод тэнцсэн иргэд бүгд 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Элчингийн ярилцлаганд орж визээ аваад 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн нислэгээр Япон улсад очоод чиглүүлэх сургалтандаа бүрэн хамрагдаж одоо ажил үүргээ гүйцэтгэн ажиллаж, амьдарч байгаа. Т.******* нь 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Япон улс руу явж ажиллах боломжгүй болсон тул зуучлалын хөлсөө буцаан авах хүсэлт гаргасан тул өөрөө яваагүй, манайх гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн тул зуучлалын хөлсийг буцаан олгох үндэсгүй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

4.Хэрэгт авагдсан баримт, зохигчдын маргаагүй тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:

Хариуцагч******* ХХК нь нэхэмжлэгч Т.*******тэй 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Япон улсын хяналтын байгууллага болох Ига информэйшн нэтворк корпиратив нийгэмлэгийн Нагацүжи Сэйко ХХК-ийн токарын мэргэжлийн сургалтанд явж суралцахад зуучлахаар Япон хэлний сургалтанд хамрагдах болон ур чадварын дадлагажигчаар зуучлуулах иргэний дагаж мөрдөх 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр батлагдсан журмыг танилцуулсан бөгөөд тухайн өдрөө Мэргэжил дээшлүүлэгчтэй хийх үндсэн гэрээ-г байгуулж, журмын 3-т Сонгон шалгаруулалтанд ороод тэнцсэн тохиолдолд -3,800,000/гурван сая наймаан зуун мянга/ төгрөгийг төлнө гэж заасны дагуу******* ХХК-ийн Хаан банкны 5027510812 тоот дансанд Т.*******гийн 5022636104 тоот данснаас 2020.12.08-ны өдрийн 15:5 цагт 3,800,000 төгрөгийг төлсөн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Дээрх гэрээг байгуулсантай нэхэмжлэгч маргаагүй, Япон хэлний сургалтанд хамрагдах болон ур чадварын дадлагажигчаар зуучлуулах иргэний дагаж мөрдөх 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр батлагдсан журмыг танилцуулаагүй гэж маргасан.

Нэхэмжлэгчийн дээрх маргаж буй үйл баримт шүүх хуралдаанд оролцсон гэрч Г.Мөнгөнцэцэгийн ...2020 оны 10 сарын эхээр Т.******* найзтайгаа манайд ирсэн. Хөдөлмөрийн яамнаас зөвшөөрөл авдаг байгууллага энэ хүнийг найзтай нь цуг Япон руу явуулаад өгөөч гэсэн хүсэлт ирсэн. Түүний дагуу бид нар 1 цаг орчмын танилцуулга хийж, Япон хэлний сургалтанд хамрагдах болон ур чадварын дадлагажигчаар зуучлуулах иргэний дагаж мөрдөх журмыг танилцуулаад анкет бөглөөд 10 сарын 05-ны өдрөөс эхлэн оройны ангид найзтайгаа хамт сургалтанд суусан. 10 сарын 16-ны өдөр ярилцлага өгсөн, 18 хүн оролцсноос 6 хүн сонгогдсоноос Т.*******, түүний найз нь сонгогдсон. Бид нар тодорхой хэмжээгээр яамнаас захисан хүн гэдэг байдлаар хэлсэн. 6 хүн сонгогдоод бичиг баримт бүрдүүлээд 12 сарын 08-ны өдөр зуучлалын хураамжийг өгнө. Япон явахаас өмнө сургалт ордог, түүний зардал, бичиг баримт бүрдүүлэх гээд 5,800,000 төгрөгийг хувь хүнээс авдаг. Үүний урьдчилгаа болгож 3,800,000 төгрөг аваад үлдсэн 2 сая төгрөгийг Япон явах баталгаатай болсон үед нь авдаг. Шар хуудас гэдэг нь энэ хүн Япон улс руу дадлагажигчаар явах гэж байна гээд оршин суух эрх олгогдсон гэсэн үг. Япон улсын хил рүү орох ёстой хүн бүр тэр шар хуудасгүй бол орж чадахгүй, шар хуудас нь Япон явах баталгаатай болсон гэсэн үг... гэсэн мэдүүлгээр няцаагдаж байна.

Зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-т Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зуучлалын гэрээний харилцаа үүссэн байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг 2020 оны 10 дугаар сараас эхлэн Япон хэлний сургалтанд хамруулсан бөгөөд сургалтын төлбөрт 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 150,000 төгрөг, мөн оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 150,000 төгрөг, нийтдээ 300,000 төгрөгийн төлбөр төлж, Япон хэлний Н5 түвшин буюу анхан шатны сургалтанд танхимаар болон цахимаар тус тус суралцсан болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдсон энэ үйл баримттай нэхэмжлэгч маргаагүй.

Ийнхүү Япон хэлний сургалтанд суралцаж байх хугацаанд нь буюу 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Япон улсын хяналтын байгууллага Ига информэйшн нэтворк коопиратив нийгэмлэгийн Нагацүжи /Энүтек/ компаний токарын цахимаар болох ажлын ярилцлаганд нийт 18 иргэн өөрийн хүсэлтээр орсноос 2 компани тус бүр дээр 3, 3 хүн сонгогдоход Т.******* нь сонгогдож, хариуцагчтай хөдөлмөр эрхлэх, болон оршин суух зөвшөөрөл авахтай холбоотой бичиг баримтуудаа бүрдүүлүүлж 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Хаан банкны 5027510812 тоот дансанд 3.800.000 төгрөгийг урьдчилгаа болгон тушаасан талаархи хариуцагчийн тайлбарт маргаагүй, энэхүү үйл баримт хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч******* ХХК нь зуучлалын гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч Т.*******г Япон улсын хяналтын байгууллага болох Ига мэдээллийн сүлжээний нийгэмлэгийн Нагацүжи Сэйко компанд токарын мэргэжлээр ур чадварын дадлага хийх сургалтанд явж суралцахад нь зуучлах үүргээ гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Ур чадварын дадлагажигчийн баталгаажуулалт Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батцэцэгийн тодорхойлолт,******* ХХК-ийн Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд хүргүүлсэн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 20/087 тоот тодорхойлолт гаргуулах хүсэлт, Оршин суух зөвшөөрлийн бичиг /шар хуудас/, Япон хэлний анхан шатны мэдлэг олгох сургалтын гэрээ, Япон улсад нэвтрэгчийн эрүүл мэндийг баталгаажуулах системээс хүлээж авсан 202 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн тодорхойлолт Япон, Монгол хэл дээрх орчуулгын хамт тус тус авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч Миний бие Япон улс руу явахаа 2 жилийн хугацаанд тэвчээртэйгээр хүлээсэн боловч өнөөг хүртэл яваагүй, хэзээ явах нь тодорхойгүй байсаар байна гэж шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлсон нь хэргийн үйл баримтаар үгүйсгэгдэж байх бөгөөд харин нэхэмжлэгч өөрөө зуучлалын гэрээний дагуу Оршин суух зөвшөөрлийн бичиг /шар хуудас/ Япон болон Монгол хэл дээрх орчуулгатай баримт 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гарсан ба уг бичиг нь Монголд ирснийг Т.*******д мэдэгдсэн байхад өөрөө 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ...Япон улс руу явж ажиллах боломжгүй болсон... гэсэн өөрийнх нь гараар бичиж өгсөн хүсэлтийн баримтаар хариуцагчийг зуучлалын гэрээний үүргээ биелүүлээгүй гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын бас нэг үндэслэлээ ...2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр удахгүй Япон улс хилээ нээнэ тэр үед явж болно хэмээн намайг төөрөгдүүлэн гэрээ байгуулж, зуучлалын хөлсний урьдчилгаа 3,800,000 төгрөгийг авсан гэж тодорхойлсон боловч хэргийн үйл баримтаар нэхэмжлэгч Т.*******тэй, хариуцагч******* ХХК-ийн зүгээс Иргэний хуулийн 58 дугаар зүйлд зааснаар ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Дээрхээс дүгнэхэд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдох байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 75,750 төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасан журмын дагуу улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн дугаар зүйлийн 410 дугаар зүйлийн 410.1, 410.3, 227 дугаар зүйлийн 227.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч******* ХХК-иас 3,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хараамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 75,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ