Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2023/00116

 

Ц.А, А.Жнарын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

   Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2023/00081 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2023/00480 дугаар магадлалтай,

Ц.А, А.Жнарын нэхэмжлэлтэй

П.Эд холбогдох

   520,655,919 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Т.Г, Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Ц.А, А.Жнар нь хариуцагч П.Эд холбогдуулан 520,655,919 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2023/00081 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Эгээс 268,823,184 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ат олгож, нэхэмжлэл шаардлагаас үлдэх 251,832,735 төгрөг, нэхэмжлэгч А.Жийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.А, А.Жнараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,766,000 төгрөгөөс 2,761,229 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 4,771 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 1,502,065 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ат олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2023/00480 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2023/00081 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг тус тус хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ц.Аээс төлсөн 1,418,000 төгрөгийг, хариуцагч П.Эгээс төлсөн 1,502,100 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мийн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1 Нэхэмжлэгч Ц.А, А.Жнар нь хариуцагч П.Э-д холбогдуулан нийт 520,655,919 төгрөг гаргуулахаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн №000081 дугаар шийдвэрээр хариуцагч П.Эгээс 268,823,184 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ат олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна. Учир нь: Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 12 дах хэсэг “...зохигчдын тайлбараас үзвэл хөлслөгч нь орон сууцнаас 2020 оны 01 дүгээр сард гарсан байна... ” гэх хэсэгт тайлбар гаргах нь: Хариуцагч П.Э нь анх нэхэмжлэл гардаж авахдаа, хариу тайлбар гаргахдаа мөн шүүх хуралдааны үед ч “...би н.М гэх хүний компанид жолоочоор ажиллаж байсан. 2014.07.22-ны өдөр манай захирал н.М БНХАУ-ын иргэнд байр хөлслүүлж өгөх хүсэлтэй байна гэж намайг дуудаад энэ байрны хүмүүстэй яваад гэрээ хийгээрэй гэсний дагуу байрны эзэмшигч нартай уулзаж гэрээ байгуулсан. Намайг ажиллаж байх хугацаанд байрны түрээсийн мөнгийг надад өгч би цааш нь нэхэмжлэгч нарт өгдөг байсан, н.М, БНХАУ-ын иргэд хоорондоо хамааралтай... ” гэх тайлбарыг удаа дараа өгдөг. Өөрөөр хэлбэл хариуцагч П.Э нэг ч удаа иргэн Ц.Аийн орон сууцанд очиж байгаагүй, амьдраагүй, түүний гэр бүл, төрөл, садангийн хүн ч тэр орон сууцанд амьдарч байгаагүй. Зөвхөн жолоочийн хувьд өөрийн удирдах албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэж тухайн гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Мөн нэхэмжлэгч тал анх нэхэмжлэл гаргахдаа мөн шүүх хуралдааны явцад ч орон сууцанд хариуцагч амьдраагүй, БНХАУ-ын иргэн байсан гэдгийг мэдэж байсан нь нэхэмжлэгчийн тайлбар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогддог, хариуцагч талаас ч бүх цаг үед Ц.Аийн байранд БНХАУ-ын иргэд амьдарч байсан, намайг ажлаас гарснаас хойш хэн амьдарсан талаар огт мэдэхгүй байна гэх тайлбарыг удаа дараа өгсөн.

4.2 Түүнчлэн нэхэмжлэгч тал орон сууц хөлслүүлэх гэрээний дагуу болон Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 /... орон сууцны өрөөг хөлслүүлэгчийн эзэмшилд шилжүүлэх/-д заасны нэхэмжлэгч Ц.А нь орон сууц хөлсүүлэх гэрээний дагуу хариуцагчийн эзэмшилд орон сууцыг шилжүүлэх үүрэгтэй байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй ба хүлээлгэж өгөөгүй, түлхүүр болон эд хөрөнгө, байрыг хүлээлгэж өгсөн талаарх акт үйлдээгүй, хүлээлгэж өгөөгүй учир хариуцагчийн эзэмшилд орон сууцыг хүлээлгэж өгсөн талаарх ямар ч баримт хавтаст хэрэгт байдаггүй. Гэтэл анхан шатны шүүхээс зөвхөн гэрээ болон тооцоо нийлсэн актыг үндэслэж хариуцагч П.Э тус байранд 2020 оны 01 сар хүртэл амьдарч байсан гэж үзэж хариуцагчаас 268,823,184 төгрөгийг гаргуулан шийдвэрлэсэн тус шийдвэрийн үндэслэл нь мөн дараах байдлуудаар няцаагдаж байхад давж заалдах шатны шүүхээс анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээсэнд гомдолтой байна. Учир нь нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй бөгөөд тухайн орон сууцанд П.Э амьдарч байсан эсэх, өөр хүн амьдарч байсан бол амьдарч байсан талаарх баримт /байр ашиглалт, ус дулаан, сөх төлбөрийг төлж байсан баримт/-т гаргаж өгөх үүрэгтэй байсан ч энэ үүргээ биелүүлээгүй буюу нэхэмжлэлийн шаардлагаа хангалттай нотолж чадаагүй гэж үзэж байна. Харин хавтаст хэрэгт авагдсан баримт талуудын тайлбараар хариуцагч П.Э өөрийн удирдах албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврын дагуу гэрээ байгуулсан, тус орон сууцанд хариуцагчийн ажиллаж байсан ажлын захирал н.М, түүнтэй хамаарал бүхий БНХАУ-ын иргэд амьдарч байсан гэдэг нь нотлогдож байна. Анхан шатны шүүх зөвхөн гэрээ байгуулагдсан гэсэн үндэслэлээр талуудын тайлбарт дурдаж байгаа н.М болон түүнтэй хамаарал бүхий БНХАУ-ын иргэдийн талаар тодруулалгүйгээр, хангалттай нотлох баримт цуглараагүй байхад хэргийг шийдвэрлэсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан үндэслэлээр нэг удаа хойшлуулж хэрэгт хамааралтай баримтуудыг цуглуулсны дараа болон хариуцагчийн тайлбарт дурдагдаж байгаа маргаан бүхий байдлыг тодруулсны дараа шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна.

4.3 Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 11 дэх хэсэг “...хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-д зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно... ” гэх хэсэгт тайлбар гаргах нь: Орон сууц хөлслүүлэх гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу гэрээний хугацаа 2015.07.22-ны өдөр дууссан байна. 3.2-д хөлслөгч нь гэрээний хугацаа дуусахаас 1 сараас доошгүй хугацааны өмнө энэхүү гэрээг цаашид сунгах саналыг хөлслүүлэгчид тавих эрхтэй. Хөлслүүлэгч уг саналыг хүлээн авснаар гэрээний хугацааг сунгахаар болсон тохиолдолд түрээсийн төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх эсэх тухай зах зээлийн тухайн үеийн үнийг харилцан тохиролцож тогтооно гэж заасан байна. Хавтаст хэрэгт авагдсан баримт, хариуцагчийн тайлбараар хөлслөгч буюу П.Э нь гэрээ сунгах саналыг амаар болон бичгээр огт тавиагүй мөн хариуцагч уг орон сууцанд огт амьдраагүй гэдгээ өөрийн тайлбараар нотолсоор байхад зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэж хариуцагч уг орон сууцанд амьдарсаар байсан тул гэрээ сунгагдсан гэж үзнэ гэх шүүхийн шийдвэр хангалттай нотлох баримтад тулгуурлаагүй, бодит бус, үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэж байна. Учир нь хавтаст хэрэгт авагдсан баримтад 2020.01 сар хүртэл хариуцагч амьдарч байсан талаарх ямар ч баримт байхгүй, хариуцагч талаас тус орон сууцанд амьдарч байсан гэх ямар ч тайлбарыг өгөөгүй, нэхэмжлэгч тал ч хариуцагч П.Э тухайн байранд амьдраагүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн атал зөвхөн тооцоо нийлсэн актыг үндэслэж анхан шатны шүүх 2020.01 сар хүртэл амьдарсан гэж үзсэн нь шүүх хэргийг тал бүрээс нь бодитойгоор шийдвэрлэж чадаагүй гэж үзэхээр байна. Тухайн тооцоо нийлсэн акт нь мөн хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байгаа болно.

4.4 Хавтаст хэргийн 12-р талд авагдсан баримтаар нэхэмжлэгч Ц.А нь Хан-уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах улсын бүртгэлийн Ү-.........дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 2009.11.05-ны өдөр худалдах, худалдан авах гэрээний дагуу авсан байх бөгөөд 2022.09.23-ны өдрийн лавлагаагаар 2016.02.29-ний өдөр тус орон сууц иргэн А.Жийн өмчлөлд шилжсэн байдаг. Иймд 2016 онд Ц.Аийн өмчлөх эрх дуусч Иргэний хуулийн 121 дүгээр зүйлийн дагуу бусад гэрээний эрх үүрэг мөн дуусгавар болсон байхад. 2014 онд байгуулагдсан гэрээг 2020 оны 01 сар хүртэл тооцсон тооцоо нийлсэн актыг үндэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна. Мөн нэхэмжлэгч нь А.Ж, Ц.Анар байхад А.Жийг шаардах эрхгүй гэж дүгнэн мөн бусдын өмчлөлд гэрээний зүйл шилжсэн байхад шилжсэн үеийн тооцоог оруулж зөвхөн Ц.Аийг шаардах эрхтэй байхаар шийдвэрлэж, өмчлөх эрх шилжсэн нэхэмжлэгч А.Жийн шаардах эрхтэй эсэх, А.Жийн өмнөөс Ц.Ашаардах эрхтэй эсэх талаар дүгнэлт хийлгүй орхисон нь үндэслэл бүхий болоогүй гэж үзэж байна. Энэ нь Иргэний хуулийн 123.6, 123.8-ыг зөрчсөн буюу шаардах эрх хуулийн дагуу шилжээгүй байхад үүнийг харгалзан үзэлгүйгээр шийдвэрлэсэн гэж үзэж байна.

4.5 Xавтаст хэргийн 7-р талд хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол байх бөгөөд уг тогтоолд иргэн н.Эын гэрчээр өгсөн мэдүүлэгт “...мөнгийг П.Э гэж хүн хийдэг, байранд өөр хүн суудаг... ” гээд “...2019 онд Этэй тооцоо нийлэх үед 298,000,000 төгрөгийн түрээсийн төлбөр байсан бөгөөд үүнээс увуулж цувуулж явсаар 49,800,000 төгрөг төлж үлдэгдэл 249,023,184 төгрөгийн үлдэгдэлтэй болж... ” гэх тайлбарыг өгдөг. Хоорондоо зөрүүтэй байдал хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байхад аль баримтыг хөдөлбөргүй үнэн гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоод байгаа нь өөрөө нотлох баримтад тулгуурлаагүй үндэслэл бүхий болоогүй гэж үзэхээр байгаа юм. Тодруулбал нэхэмжлэгч болон н.Э гэх хүний мэдүүлгүүд өөр хоорондоо зөрдөг. Мөн БНХАУ-ын иргэд тухайн байранд амьдарч байсан гэдгийг мэдсээр байж яагаад орон сууцны түрээсийн төлбөрийг П.Эгээс шаардаж байгаа талаарх асуудлыг тодруулах шаардлагатай байсан гэж үзэж байна.

4.6 Xавтаст хэргийн 13-р талд авагдсан Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт нь иргэн н.Э, П.Э нарын хооронд хийгдсэн байдаг бөгөөд уг баримт нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй орон сууцтай хэрхэн холбогдож байгаа эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэлд дурдагдаж буй орон сууцтай холбоотой гэж нэхэмжлэгч тайлбар гаргаж өгснөөс тухайн тооцоо нийлсэн актад тэр талаар дурдагдаагүй, давхар нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Мөн Ц.Аийн өмнөөс н.Э гэх хүн тооцоо нийлсэн гэх ямар ч баримт хавтаст хэрэгт байхгүй. Н.Э нь Ц.Аийг төлөөлж баримт үйлдэх, тодорхой үйлдэл хийх эрх бүхий этгээд мөн гэх баримт хавтаст хэрэгт байхгүй. Дээрх тооцоо нийлсэн акт нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.3, 68 дугаар зүйлийн 68.1, мөн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулийг зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул уг баримт нотлох баримтыг шаардлага хангахгүй, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дах хэсгүүдийг зөрчсөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй баримтыг үндэслэн шүүх шийдвэрлэж байгаа учраас шүүхийн шийдвэр мөн үндэслэл бүхий болоогүй гэж үзэж байна.

4.7 Иргэний хуулийн 288.2.3 дах хэсгийг зөрчсөн, Орон сууц хөлслүүлэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.2-р зүйлд “...хөлслөгч гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа... ” зөрчсөн тохиолдолд гэрээний 6.4-д зааснаар гэрээг цуцлахыг шаардах эрх нэхэмжлэгч нарт байсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа 2017 оноос хойш огт мөнгө төлөөгүй гэж тайлбарладаг. Гэтэл эрх нь байсаар байхад яагаад, ямар шалтгаанаар гэрээг цуцлах санал гаргаагүй, гэрээг цуцлаагүй вэ гэдэг нь тодорхойгүй. Нэхэмжлэгч талаас 2 жил гарангын хугацаанд хариуцагчийн маргааш, нөгөөдөр гэсэн тайлбараас үүдэн огт түрээсийн төлбөр авахгүй итгэж суулгасан гэх тайлбар нь үндэслэлгүй бөгөөд хариуцагч тухайн орон сууцанд огт очиж байгаагүй, өөрөө амьдраагүй учир удахгүй өгнө гэх тайлбар өгсөн байх боломжгүй, өгөөгүй гэж тайлбарладаг. Мөн 2019 онд тооцоо нийлсэн акт үйлдчихээд яагаад дахин 2 жил гарангын хугацаанд гэрээ цуцлах санал гаргаагүй вэ гэдэг нь ойлгомжгүй. Мөн орон сууцанд өөр хүмүүс амьдарч байгаа гэдгийг мэдсээр байж яагаад П.Эгээс түрээсийн төлбөрийг шаардаж байгаа нь ойлгомжгүй байна.

4.8 Мөн “Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 /... Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэхийг хориглоно/, 4.4 /Банк, банк бус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгсэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулж болно/ гэж заасан байдаг. Талуудын хооронд байгуулагдсан орон сууц хөлслүүлэх гэрээг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйлдсэн боловч гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 2.6-д түрээсийн төлбөрийг гадаад валютаар тооцсон байна. Гэвч “Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай” хуулийн 4.1-д заасны дагуу зөвшөөрлийг Монгол банкнаас аваагүй, авсан тухай баримт байхгүй байх тул уг гэрээний заалт Иргэний хуулийн 56.1.1 д заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэл гаргахдаа үндэсний мөнгөн тэмдэгтээр шаардсан тул дээрх хэлцлийн тус хэсэг нь хүчин төгөлдөр байна гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Нэгэнт нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гэрээний төлбөр тогтоосон хэсэг нь хүчин төгөлдөр бус байхад тухайн үнэлгээ, мөн хүчин төгөлдөр бус тооцоо нийлсэн акт зэргийг үндэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр өөрөө хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, нотлох баримтад тулгуурлаагүй, үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй шийдвэр болсон гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлал мөн үндэслэл бүхий болоогүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсгийг үндэслэн тус гомдлыг гаргаж байна гэжээ.

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2023.04.20-ны өдрийн 001ШХТ2023/000430 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

ХЯНАВАЛ:

6. Давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв.

7. Нэхэмжлэгч Ц.А, А.Жнарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн нь хариуцагч П.Эд холбогдуулан 520,655,919 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шаардлагын үндэслэлээ “... эрхийн улсын бүртгэлийн Ү-.........дугаартай, ............. талбайтай орон сууцыг авто зогсоолын хамт сар бүр 3,300 ам.доллароор хөлслүүлэхээр тохирч орон сууц хөлслүүлэх тухай гэрээг хариуцагч П.Этэй 2014.07.22-ны өдөр байгуулсан. ... байранд захирал Б.Мын эмч ... БНХАУ-ын иргэнийг суулгана ... бүх асуудлыг П.Э өөрөө хариуцна гэсэн. ... 2017 оноос эхлэн нэг ч төлбөр төлөөгүй. ... Цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дараа хариуцагч П.Э тооцоо нийлье, төлбөрөө төлье гэсэн ... 2019.12.16-ны өдрийг дуустал хугацаагаар 268,823,184 төгрөгт тооцоо нийлсэн. Тооцоо нийлснээс хойш төлбөрөө төлөөгүй. ... 2019.12.17-ны өдрөөс орон сууц хүлээж авсан өдөр болох 2022.04.11-ний өдөр хүртэл 251,832,735 төгрөг гарсан. ... Орон сууц хөлслүүлэх гэрээний үүрэгт хариуцагч П.Эгээс 520,655,919 төгрөгийг нэхэмжилж байна” гэж тодорхойлжээ.

8. Хариуцагч П.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч ““ЧМ” ХХК-ийн захирлын даалгаснаар Ц.А гэдэг хүнтэй түрээсийн гэрээг нэг жилийн хугацаатай хийсэн. ... Тухайн түрээсийг захирал н.М, эсвэл хятадуудын хэн нь өгдөг байсныг мэдэхгүй. ... Түрээсийн хугацаа болохоор Ц.Э над руу залгадаг, би даргадаа хэлдэг, мөнгийг Ц.Э ажлын гадаа ирээд бэлнээр авдаг байсан. 2017 оныг дуустал түрээсийн төлбөр ямар нэг асуудалгүй байсан. 2018 оноос хойш юу болсныг би сайн мэдэхгүй. Надад ийм хэмжээний мөнгө байхгүй. Би захирлын жолооч хийдэг байсан, Ц.Атэй гэрээ хийчих гэснээр гэрээ хийсэн. Би 2019 оны сүүл 2020 онд ажлаасаа гарсан. ... байранд сууж байсан хүмүүс нь цагаан сараар нутаг буцаж 2020 онд гарсан. ... Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй” гэж тайлбар ирүүлжээ.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.Аийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 268,823,184 төгрөгт холбогдох хэсгийг ханган, үлдэх хэсэг болон нэхэмжлэгч А.Жийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шийдвэрийн үндэслэлд “... Хариуцагч нь өөрийгөө гэрээний үүргийг хариуцах этгээд биш гэж тайлбарласан боловч үүргийг гүйцэтгэх үүрэг үүсээгүй, хэлцэл хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. ... Ц.А, П.Э нарын хооронд Иргэний хуулийн 302.1-д заасан орон сууц хөлслөх гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан. ... эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцдог. ... хариуцагч П.Э 2017.01-р сараас 2019.12.16-ны өдрийг дуустал хугацааны төлбөр 298,923,184 төгрөг, үүнээс 30,000,000 төгрөг төлөгдсөнийг хасаж, үлдэх 268,823,184 төгрөгийг төлөх тооцоог гаргаж, тооцооны үлдэгдлийн баталгааны баримт үйлдсэн байна. Зохигчдын тайлбараас хөлслөгч нь орон сууцнаас 2020.01-р сард гарсан ... хариуцагч 2019.12.17-ны өдрөөс хойш үргэлжлүүлэхээр тохиролцсон нь баримтаар тогтоогдохгүй. ... Хөлслүүлэгч нь хөлслөгчийг орон сууцнаас гарсан талаар мэдсэн учир тухайн үед гэрээг дуусгавар болгох, чөлөөлүүлж авах эрхээ хэрэгжүүлэх боломжтой юм. ... Нэхэмжлэгч А.Жорон сууцны өмчлөгч байх боловч гэрээний дагуу шаардах эрхгүй.” гэж дүгнэжээ.

10. Давж заалдах шатны шүүх “... Иргэний хуулийн 302.1-д заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан, ... орон сууцанд хөлслөгч буюу хариуцагч оршин сууж байсан эсэх нь гэрээнд заасан хөлс төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул орон сууцыг хариуцагч ашиглаагүй гэх гомдол үндэслэлгүй, ... гэрээ байгуулах үед орон сууц Ц.Аийн өмчлөлд, 2016.02.29-ний өдөр А.Жийн өмчлөлд, 2020.01.06-ны өдөр буцаад нэхэмжлэгч Ц.Аийн өмчлөлд шилжсэн ... өмчлөгч солигдсон нь хөлслүүлэгчийн шаардах эрхийг хязгаарлахгүй....” гэж дүгнэн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо хариуцагч П.Э орон сууц хөлслөх гэрээг “ЧМ” ХХК-ийн захирал н.Мыг төлөөлж байгуулсан, бусдын даалгавраар гэрээ байгуулсан, хөлслөгч биш этгээдэд орон сууцны эзэмшлийг шилжүүлсэн, хариуцагч орон сууцанд амьдарч байгаагүй, гэрээний хугацаа дуусгавар болсон, гэрээний сунгалтыг бичгээр үйлдээгүй, орон сууцны өмчлөгч өөрчлөгдсөн бөгөөд өмчлөгч нь бусдын байгуулсан орон сууц хөлслөх гэрээний дагуу хөлс төлөхийг шаардах эрхгүй, өмчлөгч хоорондоо шаардах эрхээ шилжүүлээгүй, хөлслүүлэгч гэрээг тэр даруй цуцлах боломжтой боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүйд хариуцагч буруугүй, гэрээнд төлбөр тооцоог ам.доллароор тохирсон нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсгийг зөрчсөн, гэрээний тал биш, төлөөлөх эрхгүй этгээдийн үйлдсэн тооцоо нийлэх актыг үндэслэсний зэрэгцээ н.М болон БНХАУ-ын иргэний талаар тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж дурджээ.

12. Хоёр шатны шүүх нэхэмжлэгч Ц.А (хөлслүүлэгч) болон хариуцагч П.Э (хөлслөгч) нарын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь хуульд нийцжээ. Хариуцагч орон сууц хөлслөх гэрээг  “ЧМ” ХХК-ийн захирал н.Мыг төлөөлөн, түүний даалгавраар байгуулсан гэж маргаж байх боловч энэ талаар нотлох үүргээ биелүүлээгүй байна. Тэрээр “ЧМ” ХХК-д жолоочийн ажил эрхэлж байсан гэх боловч энэ тухай баримтгүй, н.Мыг төлөөлж гэрээ байгуулснаа нотлох зорилгоор шүүхийн журмаар баримт бүрдүүлэх, гэрч асуулгах хүсэлт гаргаагүйд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр шүүхийг буруутгах боломжгүй. Иймд зохигчийн хооронд 2014.07.12-ны өдөр гарын үсэг зурж, бичгээр байгуулсан орон сууц хөлслөх гэрээ, 2017 оныг хүртэлх хугацаанд хөлс төлбөрийг хариуцагч П.Эгээс бэлнээр хүлээн авч байсан талаарх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, гэрчийн мэдүүлэгт үндэслэн Ц.А, П.Э нарын хооронд гэрээ байгуулагдсан гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв гэж үзнэ.

13. Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтаас гэрээний зүйл болох орон сууцанд хөлслөгч П.Э өөрөө амьдарч байгаагүй, гэрээний талуудаас өөр этгээд эзэмшиж ашиглаж байсан нь тогтоогдож байна. Зохигч энэ талаар маргаагүй. Энэ нөхцөл байдлыг талууд гэрээ байгуулах тухайн цаг өмчид ярилцан тохирсон байх ба орон сууцанд БНХАУ-ын иргэнийг Монголд байх хугацаанд амьдруулах зорилгоор хөлсөлж байгаа талаараа П.Э тайлбарлаж байсныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байна. Өөрөөр хэлбэл, хөлслөгчөөс өөр хүн гэрээний зүйлийг эзэмших, ашиглах хэдий ч гэрээний үүргийг хариуцагч хүлээх тухайгаа илэрхийлсэн тул П.Этэй гэрээ байгуулсан гэх тайлбарыг нэхэмжлэгч гаргажээ.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагдах үед хөлслөгч нь орон сууцыг өөр этгээдэд бодитой ашиглуулах хүсэлтэй байгааг хөлслүүлэгч хүлээн авч, зөвшөөрсөн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, орон сууцанд хөлслөгч өөрийн биеэр амьдраагүй, гэрээний талууд гэрээ байгуулах үедээ харилцан зөвшөөрч, тохиролцсон этгээд орон сууцыг эзэмшиж ашигласан явдал нь нэхэмжлэгч ба хариуцагчийг орон сууц хөлслөх гэрээний талууд биш гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд орон сууцанд П.Э бодитой амьдраагүй, эзэмшиж, ашиглаагүй тул орон сууц хөлслөх гэрээ байгуулагдаагүй гэсэн хариуцагчийн гомдол үндэслэлгүй болжээ.

14. Талуудын хооронд нэг жилийн хугацаатай орон сууц хөлслөх гэрээ 2014.07.02-ны өдөр байгуулагдсан бөгөөд хугацааг бичгээр сунгахаар гэрээнд заасан боловч орон сууцыг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй, хөлслөгч 2017 оныг дуустал хугацаанд төлбөрийг төлсөн, 2019.12.16-ны өдрийг хүртэлх төлбөрийг төлөхөөр зөвшөөрсөн нөхцөл байдлыг дүгнэж, Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.4, 296 дугаар зүйлийн 296.1-д заасныг баримтлан гэрээний хугацааг 2019.12.16-ны өдрийг хүртэл сунгасан гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй. 

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо н.Э нь хариуцагч П.Этэй тооцоо нийлэх акт үйлдсэнийг нотлох баримтаар үнэлэх үндэслэлгүй талаар дурдсан. Өөрөөр хэлбэл, н.Э нь Ц.Аийг төлөөлөх эрхгүй, гэрээний тал биш гэж маргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад н.Эоос гэрчийн мэдүүлэг авсан байх ба тэрээр орон сууц хөлслөх гэрээ байгуулах үеэс эхлэн, хөлс төлбөрийг төлөх харилцаанд тодорхой хэмжээгээр оролцож ирсэн, хэргийн үйл баримтыг мэдэх талаараа тайлбарласан байна. Н.Э хариуцагч П.Этэй тооцоо нийлсэн гэх баримтад маргаан бүхий орон сууцны хөлс төлбөрийн талаар тохиролцсон нь тогтоогдож байна. Ийнхүү маргаж байгаа орон сууц хөлслөх гэрээний төлбөрийн талаар тооцоо нийлсэн н.Эын үйлдлийг хөлслүүлэгч Ц.А үгүйсгээгүй, дэмжин зөвшөөрчээ. Иймд хоёр шатны шүүх уг баримтыг маргаан бүхий орон сууцны хөлс төлбөрийн хэмжээг тодорхойлохдоо харгалзан үзсэнийг буруутгахгүй.

15. Гэрээний зүйл болох орон сууц нь гэрээ байгуулах үед нэхэмжлэгч Ц.Аийн өмчлөлд, гэрээ хэрэгжиж байх хугацаанд буюу 2016.02.29-ний өдөр нэхэмжлэгч А.Жийн өмчлөлд, 2020.01.06-ны өдөр дахин Ц.Аийн өмчлөлд шилжиж, одоогийн байдлаар Ц.Аийн өмчлөлд байгаа талаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн лавлагаа хэрэгт авагдсан байна. Нэхэмжлэгч нар төрөл садны холбоотой буюу эх, хүүгийн харилцаатай тухайд зохигч маргаагүй. Иргэний хуулийн 308 дугаар зүйлийн 308.1-д заасны дагуу бусдад хөлслүүлсэн орон сууцыг өмчлөх эрх өөр этгээдэд шилжихэд орон сууц хөлслөх гэрээ хүчин төгөлдөр хэвээр үлдэхээр заасан. Өөрөөр хэлбэл, шинэ өмчлөгч хуучин хөлслүүлэгчийн эрх, үүргийг шилжүүлэн авах бөгөөд хөлслүүлэгчийн гэрээний дагуу гаргах шаардлага, үүргээ хэрэгжүүлэх боломжтой.

Иймд тэдгээрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг орон сууц өмчлөлд нь байсан зохих хугацаанд нийцүүлэн дүгнэх боломжтой тул өмчлөгч өөрчлөгдсөн үндэслэлээр шаардах эрхгүй, өмчлөгч нар шаардлагаа харилцан шилжүүлсэн нь тогтоогдохгүй гэх агуулга бүхий хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Орон сууц нэхэмжлэгч А.Жийн өмчлөлд 2016.02.29-ний өдрөөс 2020.01.06-ны өдрийг хүртэл 46 сар 8 хоногийн хугацаанд байсан ба зохигч 2017 оныг хүртэлх хугацаанд төлбөрийн маргаангүй гэж тайлбарласан. Иймд 2017.01.01-ний өдрөөс 2019.12.16-ны өдрийг хүртэлх хугацааны хөлс төлбөр болох 268,823,184 төгрөг нь А.Жийн өмчлөлийн хугацаанд хамаарна.

Нэхэмжлэгч Ц.А 2020.01.06-ны өдрөөс өмчлөх эрхийг буцаан олж авсан байх тул хэрэв тэрээр шаардах эрхтэй гэж үзвэл мөн хугацаанаас хойших хөлс төлбөр нь нэхэмжлэгч Ц.Аийн өмчлөлийн хугацаанд хамаарч байна.

Хоёр шатны шүүх  2017.01.01-ний өдрөөс 2019.12.16-ны өдрийг хүртэлх хугацааны хөлс төлбөр болох 268,823,184 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэгдмэл ашиг сонирхол бүхий этгээд Ц.Ат олгож шийдвэрлэсэнд хамтран нэхэмжлэгч А.Жгомдол гаргаагүй байх тул энэ талаарх хоёр шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй.

16. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 251,832,735 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй гэж үзсэн, нэхэмжлэгч шүүхийн дүгнэлт, шийдэлд хяналтын журмаар гомдол гаргаагүй байна.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо нэхэмжлэгч орон сууцны хөлс төлөх үүргээ зөрчиж, гэрээ цуцлах нөхцөл байдал нэгэнд бүрдсэн байхад шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, хөлс төлбөрийг үндэслэлгүй нэмэгдүүлсэн гэх агуулгатай үндэслэл дурджээ. Хэргийн баримтаас үзвэл орон сууцыг ашиглаж байсан хөлслөгч талын этгээдүүд орон сууцыг 2020.01-р сард сулласан талаар зохигч маргаагүй байна. Хоёр шатны шүүх уг нөхцөл байдалд дүгнэлт өгч орон сууцыг чөлөөлснийг хөлслүүлэгч мэдсэн, 2019.12.16-ны өдрөөс хойш гэрээг сунгасан гэх баримт үгүй тул энэ өдрөөс хойших хугацааны нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзсэн нь зөв. Иймд энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

17. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т заасныг зөрчсөн гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байна. Энэ үндэслэлээр анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд маргаагүй, давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо дурджээ. Давж заалдах шатны шүүх “Талууд гэрээгээр ам доллароор тохирсон боловч нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан шаардлагаа төгрөгөөр тодорхойлсон байх тул ... ам.доллароор тохирсон заалт хүчин төгөлдөр бус гэх давж заалдах гомдлыг хангахгүй” гэжээ.

Гэрээний талууд хөлс төлбөрийг гадаад валютаар тохиролцсон нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан хориглосон хэм хэмжээг зөрчсөн байх боловч ийнхүү ам доллароор тохирсноор талуудын байгуулсан тухайн төрлийн гэрээ бүхэлдээ хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй. Түүнчлэн хоёр шатны шүүхээс хангаж шийдвэрлэсэн хугацааны хөлс төлбөрийг талууд гадаад валютаар бус Монгол улсын үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр тогтоосон тухай тооцоо нийлсэн акт хэрэгт авагдсан байна. 

18. Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч П.Эгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2023/00081 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2023/00480 дугаартай магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч П.Эгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан хариуцагч П.Э хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023.04.04-ний өдөр төлсөн 1,502,070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

                       

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                       Н.БАЯРМАА

                                                                                                   П.ЗОЛЗАЯА

                                                                                                   Д.ЦОЛМОН

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД