Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00480

 

 

 

 

 

 

 

 

 

2023 03 06 210/МА2023/00480

 

 

Ц.А, А.Ц нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Энэбиш, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2023/00081 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Ц.А,

Нэхэмжлэгч: А.Ц

Хариуцагч: П.Эд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 520,655,919 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., хариуцагчийн өмгөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Ц.А нь эрхийн улсын бүртгэлийн Ү дугаартай, Хан-Уул дүүрэг, , хотхон, Бгийн тойруу гудамж, дугаар байр, тоот хаягт байршилтай, 200 м.кв талбайтай орон сууцыг авто зогсоолын хамт сар бүр 3,300 ам.доллароор хөлслүүлэхээр хариуцагч П.Этэй Орон сууц хөлслүүлэх тухай гэрээ-г 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан. Тухайн үед П.Э ...манай захирал Б.Б нь өөрөө суухгүй, байнга гадагшаа явж эмчилгээ хийлгэж чадахгүй байгаа тул өөрийн эмч болох БНХАУ-ын иргэнийг суулгана гэсэн. Хариуцагч нь гэрээний төлбөр тооцоог төлж, гэрээтэй холбоотой үүсэх харилцааг хариуцахаар гэж гарын үсэг зурсан.

1.2 2017 он хүртэл төлбөр мөнгөний асуудалгүй байсан ба 2017 оноос эхлэн төлбөр төлөөгүй. Цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дараа хариуцагч П.Э тооцоо нийлэхээр болсон ба 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг дуустал хугацаагаар үлдэгдэл төлбөр нь 268,823,184 төгрөгт тооцоо нийлсэн. Тооцоо нийлснээс хойш төлбөрөө төлөөгүй тул Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст гаргасан гомдол гаргасны дагуу Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 258 дугаар тогтоолоор гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн.

1.3 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр орон сууцыг суллаж хүлээж авсан. 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс орон сууцыг хүлээж авсан өдөр болох 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл 251,832,735 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй. Тооцоо нийлсэн актаар 268, 823,184 төгрөг болсон.

Иймд гэрээний үүрэгт хариуцагч П.Эгээс 520,655,919 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Чингис майнинг ХХК-ийн захирал ...гэрээ хийгээд ир гэж хэлсний дагуу гэрээнд гарын үсэг зурсан. Ц.Атэй түрээсийн гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан. Би төлбөрийн асуудлыг мэдэхгүй. Түрээсийн хугацаа болохоор Ц. над руу залгаж, би цааш даргад дамжуулдаг байсан. Төлбөрийг бэлнээр өгдөг. 2017 оныг дуустал түрээсийн төлбөрийн асуудалгүй байсан. 2018 оноос хойш юу болсныг мэдэхгүй байна. Би 2019 оны сүүл 2020 он хавьд ажлаасаа гарсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Эгээс 268,823,184 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ат олгож, нэхэмжлэл шаардлагаас үлдэх 251,832,735 төгрөг, нэхэмжлэгч А.Цийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.А, А.Ц нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,766,000 төгрөгөөс 2,761,229 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 4,771 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 1,502,065 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ат олгож шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Анхан шатны шүүхээс Хөлслүүлэгч нь хөлслөгчийг орон сууцнаас гарсан талаар мэдсэн учир тухайн үед гэрээг дуусгавар болгох, чөлөөлүүлж авах эрхээ хэрэгжүүлэх боломжтой юм гэж дүгнэн шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч П.Э нь тооцоо нийлсэн акт үйлдэх үедээ ...орон сууцанд амьдарч байсан Хятад улсын иргэн хил хаалттайгаас шалтгаалан ирж чадахгүй байгаа, ирэнгүүтээ үргэлжлүүлэн амьдарна гээд орон сууцыг хүлээлгэн өгөөгүй. Нэгэнт орон сууцыг хүлээлгэн өгөхгүй байсан тул үргэлжлүүлэн хөлслөх зорилготой байна гэж үзсэн.

4.2 Харин тооцоо нийлсэн актаар гарсан төлбөрийг төлөхгүй, хүн нь хэзээ ирэх нь мэдэгдэхгүй, орон сууцыг хүлээлгэн өгөхгүй байсан тул цагдаагийн байгууллагад гомдол, мэдээлэл гаргасны дагуу 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн. Хөлслүүлэгч хөлслөгчийн эд хөрөнгө орон сууцанд байгаа тохиолдолд хөлслөгчийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн орон сууцыг онгойлгон хүлээн авах боломжгүй байсан. Хариуцагч П.Э нь цагдаагийн байгууллагад тайлбар мэдүүлэг өгөхдөө ...орон сууцыг хүлээлгэж өгөхөд татгалзахгүй, одоо хүн байхгүй гэсний дагуу 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр суллаж, хүлээн авсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хэрэгсэхгүй болгосон 251,832,735 төгрөгийг ханган, бусад хэсгийг хэвээр үлдээн нэмэлт, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

Хариу тайлбар давж заалдах гомдолтой давхцаж байгаа учир давж заалдах гомдлоо тайлбарлая гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1 Хариуцагч П.Э нь анх нэхэмжлэл гардаж авахдаа, хариу тайлбар гаргахдаа мөн шүүх хуралдааны үед ч ...2014 оны 07 дугаар сарын 22-ны өдөр манай захирал н.Б БНХАУ-н иргэнд байр хөлслүүлж өгөх хүсэлтэй байна гэж намайг байрны эзэмшигч нартай уулзаж гэрээ байгуулчих гэсний дагуу гэрээ байгуулсан. Намайг ажиллаж байх хугацаанд байрны түрээсийн мөнгийг надад өгч би цааш нь нэхэмжлэгч нарт өгдөг байсан. н.Б, БНХАУ-н иргэд хоорондоо хамааралтай... гэх тайлбарыг удаа дараа өгдөг. Өөрөөр хэлбэл, хариуцагч П.Э нэг ч удаа иргэн Ц.Аийн орон сууцанд очиж байгаагүй, амьдраагүй, түүний гэр бүл, төрөл, садангийн хүн тэр орон сууцанд амьдарч байгаагүй. Зөвхөн жолоочийн хувьд өөрийн удирдах албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэсэн байдаг. Мөн нэхэмжлэгч тал анх нэхэмжлэл гаргахдаа, мөн шүүх хуралдааны явцад ч ...орон сууцанд хариуцагч амьдраагүй. БНХАУ-ын иргэн байсан гэдгийг мэдэж байсан, хариуцагч талаас ч бүх цаг үед Ц.Аийн байранд БНХАУ-н иргэд амьдарч байсан, намайг ажлаас гарснаас хойш хэн амьдарсан талаар огт мэдэхгүй байна гэх тайлбарыг удаа дараа өсгөн. Түүнчлэн нэхэмжлэгч тал орон сууц хөлслүүлэх гэрээний дагуу хариуцагчийн эзэмшилд уг орон сууцыг шилжүүлээгүй, хүлээлгэж өгөөгүй, түлхүүр болон эд хөрөнгө, байрыг хүлээлгэж өгсөн талаарх акт үйлдээгүй, хүлээлгэж өгөөгүй учир хариуцагчийн эзэмшилд орон сууцыг хүлээлгэж өгсөн талаарх ямар ч баримт хавтаст хэрэгт байдаггүй.

Гэтэл анхан шатны шүүхээс зөвхөн гэрээ болон тооцоо нийлсэн актыг үндэслэж ...хариуцагч П.Э тус байранд 2020 оны 01 сар хүртэл амьдарч байсан гэж үзэж хариуцагчаас 268,823,184 төгрөгийг гаргуулан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь, нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй бөгөөд тухайн орон сууцанд П.Э амьдарч байсан эсэх, өөр хүн амьдарч байсан бол амьдарч байсан талаарх баримт гаргаж өгөх үүрэгтэй байсан ч энэ үүргээ биелүүлээгүй.

6.2 Орон сууц хөлслүүлэх гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу гэрээний хугацаа 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр дууссан. Гэрээний 3.2-д хөлслөгч нь гэрээний хугацаа дуусахаас 1 сараас доошгүй хугацааны өмнө энэхүү гэрээг цаашид сунгах саналыг хөлслүүлэгчид тавих эрхтэй. Хөлслүүлэгч уг саналыг хүлээн авснаар гэрээний хугацааг сунгахаар болсон тохиолдолд түрээсийн төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх эсэх тухай зах зээлийн тухайн үеийн үнийг харилцан тохиролцож тогтооно гэж заасан. Хавтаст хэрэгт авагдсан баримт, хариуцагчийн тайлбараар хөлслөгч буюу П.Э нь гэрээ сунгах саналыг амаар болон бичгээр огт тавиагүй, мөн хариуцагч уг орон сууцанд огт амьдраагүй гэдгээ өөрийн тайлбараар нотолсоор байхад зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэж ...хариуцагч уг орон сууцанд амьдарсаар байсан тул гэрээ сунгагдсан гэж үзнэ гэх шүүхийн шийдвэр хангалттай нотлох баримтад тулгуурлаагүй, бодит бус, үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэж байна.

6.3 Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасны нэхэмжлэгч Ц.А нь орон хөлсүүлэх гэрээний дагуу хариуцагчийн эзэмшилд орон сууцыг шилжүүлэх үүрэгтэй байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй. Хавтаст хэргийн 12 дугаар талд авагдсан баримтаар нэхэмжлэгч Ц.А нь үл хөдлөх эд хөрөнгийг 2009 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр худалдах-худалдан авах гэрээний дагуу авсан байх бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн лавлагаагаар 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр тус орон сууц н.Цийн өмчлөлд шилжсэн байдаг.

6.4 Хэргийн 7 дугаар талд хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол байх бөгөөд уг тогтоолд н.ын гэрчээр өгсөн мэдүүлэг болон нэхэмжлэгч нарын мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүтэй байдаг. Мөн БНХАУ-н иргэд тухайн байранд амьдарч байсан гэдгийг мэдсээр байж яагаад орон сууцны түрээсийн төлбөрийг П.Эгээс шаардаж байгаа талаарх асуудлыг тодруулах шаардлагатай байсан гэж үзэж байна.

Хэргийн 13 дугаар талд авагдсан Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт нь н., П.Э нарын хооронд хийгдсэн бөгөөд уг баримт нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй орон сууцтай хэрхэн холбогдож байгаа эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэлд дурдагдаж буй орон сууцтай холбоотой гэх баримт хавтаст хэрэгт байхгүй. Мөн Ц.Аийн өмнөөс н. гэх хүн тооцоо нийлсэн гэх ямар ч баримт хавтаст хэрэгт байхгүй. н. нь Ц.Аийг төлөөлж баримт үйлдэх, тодорхой үйлдэл хийх эрх бүхий этгээд мөн гэх баримт хавтаст хэрэгт байхгүй. Дээрх тооцоо нийлсэн акт нь Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулийг зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул уг баримт нотлох баримтыг шаардлага хангахгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

6.5 Орон сууц хөлслүүлэх гэрээний 4.2.2 зүйлд ...хөлслөгч гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа... зөрчсөн тохиолдолд гэрээний 6.4-д зааснаар гэрээг цуцлахыг шаардах эрх нэхэмжлэгч нарт байсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа 2017 оноос хойш огт мөнгө төлөөгүй гэж тайлбарладаг. Гэтэл эрх нь байсаар байхад яагаад, ямар шалтгаанаар гэрээг цуцлах санал гаргаагүй, гэрээг цуцлаагүй гэдэг нь тодорхойгүй.

6.6 Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.4-т зааснаар талуудын хооронд байгуулагдсан орон сууц хөлслүүлэх гэрээг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйлдсэн боловч гэрээний 2.1, 2.6-д түрээсийн төлбөрийг гадаад валютаар тооцсон байна. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу зөвшөөрлийг Монгол банкнаас аваагүй, авсан тухай баримт байхгүй байх тул уг гэрээний заалт хүчин төгөлдөр бус.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

7.1 Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй. Талуудын эрхийг хаасан, хүсэлтийг хангаагүй зүйл байхгүй. Орон сууцыг хүлээж аваагүй болон гэрээ байгуулсан, мөн гэрээ болон актад гарын үсэг зурсан, акт байгуулсан талаар маргаангүй. Бусад асуудлаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Иймд гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Ц.А, А.Ц нар нь хариуцагч П.Эд холбогдуулан Орон сууц хөлслүүлэх гэрээ-ний үүрэгт 520,655,919 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ...удирдлагаас өгсөн даалгаврын дагуу гэрээг байгуулсан, ...орон сууцанд би амьдраагүй, 2019 оны сүүл 2020 он хавьд ажлаасаа гарсан гэж үгүйсгэн маргасан.

3. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, маргааны зүйлд хэрэгт хамааралтай хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

4. Ц.А болон П.Э нар нь 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Орон сууц хөлслөх тухай гэрээг байгуулсан. Гэрээгээр хөлслүүлэгч Ц.А нь Хан-Уул дүүрэг, , хотхон, Бгийн тойруу гудамж, дугаар байр, тоот хаягт байршилтай, 200 кв.м талбайтай орон сууц, зоорийн давхрын тоот авто зогсоолыг 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 1 жилийн хугацаатай, сарын 3,000 ам.доллараар хөлслөгч П.Эд хөлслүүлэхээр талууд тохиролцож, хэн аль нь гарын үсэг зурсан үйл баримт тогтоогдсон байна. /хх 9-11/

Анхан шатны шүүх талуудыг дээрх гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан тул хэлцэл хийсэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2 дахь хэсэгт нийцнэ. Мөн уг гэрээг байгуулснаар талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...хариуцагч нь захирлын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

4.2 Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Өөрөөр хэлбэл, гэрээний дагуу хариуцагчид орон сууц хөлсөлсөн төлбөрийг хөлслүүлэгч буюу нэхэмжлэгчид төлөх, нэхэмжлэгчид орон сууцыг хариуцагчид шилжүүлэх үүрэг үүсэх бөгөөд орон сууцанд хөлслөгч буюу хариуцагч оршин сууж байсан эсэх нь гэрээнд заасан хөлс төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Түүнчлэн, хариуцагч нь гэрээний дагуу хөлсийг 2017 оныг дуустал төлж байсан нь түүний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдсон байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...орон сууцыг хариуцагч ашиглаагүй, ...нэхэмжлэгч орон сууцыг хариуцагчид шилжүүлж өгөөгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

5. Гэрээний хугацаа 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөр дуусгавар болох байсан боловч хариуцагч нь гэрээг дуусгавар болгоогүй, гэрээний зүйлийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй, үргэлжлүүлэн ашигласаар байсан нь хариуцагчийн ...2017 оныг дуустал түрээсийн төлбөр ямар нэг асуудалгүй байсан гэх тайлбараар, мөн нэхэмжлэгч нь хариуцагч үргэлжлүүлэн ашиглаж байгаад татгалзаагүй нь ...2017 он хүртэл төлбөрийн асуудалгүй байсан гэх тайлбараар тус тус тогтоогдож байх тул анхан шатны шүүх түрээсийн гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцлөөр сунгагдсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт нийцсэн байна.

6. Хэргийн 55 дугаар талд Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт авагдсан. Уг баримтаар 2017 оны 01 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг дуусталх хугацааны орон сууцны төлбөрийн үлдэгдлийг 268,823,184 төгрөг болох талаар Б. болон хариуцагч П.Э нар нь харилцан зөвшөөрсөн. Мөн хариуцагч нь уг баримтыг орон сууц хөлслөх гэрээний үлдэх төлбөртэй холбоотой үйлдсэн болох нь түүний цагдаагийн байгууллагад өгсөн ...түрээсийн төлбөр төлөөгүй явж байгаад 2019 оны 12 дугаар сарын 10-ны орчим ...би 118,000 ам.доллар төлөхөөр тооцоо нийлж тухайн үеийн Монгол банкны ханшаар 200 гаруй сая төгрөг төлөхөөр болж байсан гэх тайлбараар нотлогджээ. /хх 7-8/

Түүнчлэн, Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт нь хэргийн нотлох баримт бөгөөд уг баримтыг нэг талаас Б. үйлдсэн үйл баримтад нэхэмжлэгч маргаагүй, хүлээн зөвшөөрсөн байх тул уг баримтын хүчин төгөлдөр хэлцэл эсэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт нь тухайн орон сууцтай хамааралгүй, ...Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэх агуулга бүхийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

7. Гэрээний 4.2.2-т зааснаар хариуцагч буюу хөлслөгч нь гэрээнд заасан үүргээ удаа дараа эсхүл ноцтой зөрчсөн тохиолдолд хөлслүүлэгч буюу нэхэмжлэгч нь гэрээг цуцлах эрхтэй. Мөн гэрээний 6.4-т аль нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн нь гэрээг үргэлжлүүлэх боломжгүйд хүргэснийг үндэслэн нөгөө талын санаачилгаар гэрээг цуцалж болно гэж заажээ.

7.1 Хариуцагч нь гэрээний төлбөрийг 2017 оноос төлөөгүй, улмаар талууд 2017 оны 01 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг дуусталх хугацааны орон сууцны хөлсний талаар тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсэн боловч хариуцагч төлбөрийг төлөөгүй нь гэрээнд заасан үүргийн ноцтой зөрчилд тооцогдоно. Хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн хэмжээ ихсэхэд нэхэмжлэгчийн зүгээс гэрээнд зааснаар гэрээг цуцлах, шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүй нь нөлөөлсөн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нэхэмжлэгчийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөр гэрээг цуцалсан тул мөн өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг шаардах эрхгүй гэж үзсэн нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна. Иймд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй.

8. Маргааны зүйл болж буй орон сууц нь гэрээ байгуулах үед нэхэмжлэгч Ц.Аийн өмчлөлд улсын бүртгэлд бүртгэлтэй байсан, гэрээ хэрэгжих хугацаанд буюу 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгч А.Цийн өмчлөлд шилжсэн, улмаар 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэгч Ц.Аийн өмчлөлд шилжсэн талаар үл хөдлөх хөрөнгийн лавлагаа хэрэгт авагдсан. /хх12/ Уг баримтаас үзвэл гэрээний хугацаанд тухайн орон сууцны өмчлөгч солигдож байсан нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан хөлсүүлэгчийн шаардах эрхийг хязгаарлахгүй. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...орон сууц А.Цийн өмчлөлд шилжсэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

9. Талууд гэрээгээр хөлсийг ам.доллараар тогтоосон боловч нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан шаардлагаа төгрөгөөр тодорхойлсон байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...гэрээнд хөлсийг ам.доллараар тохирсон заалт хүчин төгөлдөр бус гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

10. Хэрэгт авагдсан нотлох баримтаар хэргийн үйл баримт тогтоогдсон байх тул анхан шатны шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь нэхэмжлэлийн шаардлага, татгалзалын үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар маш олон тодорхойгүй асуултууд байхад зөвхөн гэрээг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2023/00081 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ц.Аээс төлсөн 1,418,000 төгрөгийг, хариуцагч П.Эгээс төлсөн 1,502,100 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

М.БАЯСГАЛАН