Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2023/00081

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ................ тоотод оршин суух, Ө ургийн овогтой Ц А /РД:/,

Нэхэмжлэгч: ................4 тоотод оршин суух, Х ургийн овогтой А Ж /РД:/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:........тоотод оршин суух, Т ургийн овогтой П Э /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 520,655,919 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д,

Хариуцагч П.Э ,

Гэрч: Ц.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.У нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ц.А , А.Ж нар нь хариуцагч П.Э д холбогдуулан 520,655,919 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

2.Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага: Ц.А нь эрхийн улсын бүртгэлийн ............... дугаартай, ......................... тоот 200 кв.м талбайтай орон сууцыг авто зогсоолын хамт сар бүр 3,300 ам.доллароор хөлслүүлэхээр хариуцагч П.Э тэй Орон сууц хөлслүүлэх тухай гэрээг 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан. Тухайн үед П.Э манай захирал Б.М нь өөрөө суухгүй, байнга гадагшаа явж эмчилгээ хийлгэж чадахгүй байгаа тул өөрийн эмч болох БНХАУ-ын иргэнийг суулгана гэсэн байдаг ба тухайн асуудлыг П.Э би хариуцаад явах тул би гэрээ байгуулна. Гэрээний төлбөр тооцоог би төлнө гэрээтэй холбоотой үүсэх харилцааг би хариуцна гэж хэлж гарын үсэг зурж энэ гэрээг байгуулсан. Ингээд 2017 он хүртэл төлбөр мөнгөний асуудалгүй явж байгаад 2017 оноос эхлэн нэг ч төлбөр төлөөгүй бөгөөд цаашид яах нь огт мэдэгдэхгүй болсон. Түүнээс хойш төлбөр мөнгө авъя, уулзъя гэхэд за одоохон, удахгүй өгнө, бөөнд нь өгнө, хүү, алданги төлнө гэх зэргээр байнга хуурч, утас нь холбогдохгүй, гэрт нь очиход гэртээ байхгүй, энд амьдрахаа больсон гэх зэргээр уулзах ямар ч боломжгүй, илт зугтааж байсан. Улмаар ... дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст залилан мэхэлсэн, орон сууцыг суллаж авах, хохирол барагдуулж хариуцлага тооцуулах талаар гомдол гаргасан. Цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дараа хариуцагч П.Э тооцоо нийлье, төлбөрөө төлье гэсэн ба 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг дуустал хугацаагаар үлдэгдэл төлбөр нь 268,823,184 төгрөгт тооцоо нийлсэн. Тооцоо нийлснээс хойш төлбөрөө төлнө, орон сууцыг чөлөөлж өгнө гэдэг боловч бас л төлөлгүй алга болсон. ... дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст гаргасан гомдол, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж дуусгаад Нийслэлийн ... дүүргийн Прокурорын газрын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн..... дугаартай Прокурорын тогтоолоор гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Хариуцагч П.Э Цагдаагийн байгууллагад тайлбар мэдүүлэг өгөхдөө орон сууцыг хүлээлгэж өгөхөд татгалзахгүй, одоо хүн байхгүй гэсний дагуу 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр орон сууцыг суллаж хүлээж авсан. 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс хүлээж авах буюу 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл 251,832,735 төгрөг гарсан. Гэрээгээр улирлаар тооцоо нийлнэ гэж тохирсон байдаг. Тооцоо нийлсэн актаар 268, 823,184 төгрөг болсон. 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл 251,832,735 төгрөг болсон. Орон сууц хөлслүүлэх гэрээний үүрэгт хариуцагч П.Э гээс 520,655,919 төгрөгийг гаргуулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

  3.Хариуцагчийн нэхэмжлэлд гаргасан тайлбар: Чингис майнинг компанийн захирал намайг яваад түрээсийн гэрээ хийчих гэсэн. Би Ц.А гэдэг хүнтэй түрээсийн гэрээг нэг жилийн хугацаатай хийсэн. Би мөнгө төгрөгийн асуудлын нарийн ширийнийг мэдэхгүй. Тухайн түрээсийг манай компанийн захирал н.М өгдөг байсан уу, хятадууд өгдөг байсан уу гэдгийг мэдэхгүй байна. Түрээсийн хугацаа болохоор Ц.Б над руу залгадаг би цааш уламжилж даргадаа хэлдэг. Мөнгө төгрөгийн бэлнээр өгдөг. Ц.Б ажлын гадаа ирээд бэлнээр авдаг байсан. 2017 оныг дуустал түрээсийн төлбөр ямар нэг асуудалгүй байсан. 2018 оноос хойш юу болсныг би сайн мэдэхгүй байна. Надад тийм их мөнгө төгрөг байхгүй. Би тэр компани захирлын жолооч хийдэг байсан. Намайг Ц.А тэй хамт яваад гэрээ хийчих гэхээр би хамт явж гэрээ хийсэн. Би 2019 оны сүүл 2020 он хавьд ажлаасаа гарсан. 2020 онд байранд сууж байсан хүмүүс нь гарсан. Цагаан сараас өмнө нутаг буцсан. Түүнээс хойш дахиж энэ талаар мэдэх юм байхгүй болсон. Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

4.Хэрэгт нэхэмжлэгчээс Нийслэлийн ... дүүргийн прокурорын газрын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 258 дугаар тогтоол /хх-ийн 7,8/, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-ийн 12/, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа /хх-ийн 13-23/, шүүхээс Нийслэлийн ... дүүргийн прокурорын газрын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1/4380 тоот албан бичиг /хх-ийн 36, Орон сууц хөлслүүлэх гэрээ /хх-ийн 37-42/, тооцооны үлдэгдлийн баталгаа /хх-ийн 55/, А.Жийн төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 58/ зэрэг баримтууд бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Ц.А , А.Ж нар нь хариуцагч П.Э д холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний дагуу төлбөрт 520,655,919 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч гэрээний үүргийг хариуцах үүрэггүй гэж маргажээ.

 

3.Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Ц.А , А.Ж нар хариуцагч П.Э тэй эрхийн улсын бүртгэлийн ............... дугаартай, ......................... тоот 200 кв.м талбайтай орон сууцыг авто зогсоолын хамт сар бүр 3,300 ам.доллароор хөлслүүлэхээр Орон сууц хөлслүүлэх тухай гэрээ-г 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан. Тухайн үед П.Э манай захирал Б.М нь өөрөө суухгүй, байнга гадагшаа явж эмчилгээ хийлгэж чадахгүй байгаа тул өөрийн эмч болох БНХАУ-ын иргэнийг суулгана гэсэн байдаг ба тухайн асуудлыг П.Э би хариуцаад явах тул би гэрээ байгуулна. Гэрээний төлбөр тооцоог би төлнө гэрээтэй холбоотой үүсэх харилцааг би хариуцна гэж хэлж гарын үсэг зурж энэ гэрээг байгуулсан. ...Гэрээний харилцаа 2017 он хүртэл асуудалгүй явж, төлбөр төлөгдөж байсан. 2017 оноос эхлэн төлбөр төлөөгүй бөгөөд төлбөр мөнгө авъя, уулзъя гэхэд за одоохон, удахгүй өгнө, бөөнд нь өгнө, хүү, алданги төлнө гэх зэргээр байнга хуурч, утас нь холбогдохгүй, гэрт нь очиход гэртээ байхгүй, энд амьдрахаа больсон гэх зэргээр уулзах ямар ч боломжгүй болсон. ... Цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дараа хариуцагч П.Э тооцоо нийлье, төлбөрөө төлье гэсэн ба 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг дуустал хугацаагаар үлдэгдэл төлбөр нь 268,823,184 төгрөгт тооцоо нийлсэн. Тооцоо нийлснээс хойш төлбөрөө төлнө, орон сууцыг чөлөөлж өгнө гэдэг боловч бас л төлөлгүй алга болсон. Нийслэлийн ... дүүргийн Прокурорын газрын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 258 дугаартай Прокурорын тогтоолоор гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Хариуцагч П.Э Цагдаагийн байгууллагад тайлбар мэдүүлэг өгөхдөө орон сууцыг хүлээлгэж өгөхөд татгалзахгүй, одоо хүн байхгүй гэсний дагуу 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр орон сууцыг суллаж хүлээж авсан. Гэрээгээр улирлаар тооцоо нийлнэ гэж тохирсон байдаг. 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг дуустал тооцоо нийлсэн актаар 268, 823,184 төгрөг болсон. 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл 251,832,735 төгрөг болсон. Иймд 27 сар 24 өдөр Орон сууц хөлслүүлэх гэрээний үүрэгт хариуцагч П.Э гээс 520,655,919 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.

 

  4.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн татгалзлаа ...Би Чингис майнинг компанид захирал захирал н.Мын жолооч хийдэг байсан. Манай захирал намайг яваад түрээсийн гэрээ хийчих гэсэн. Би Ц.А гэдэг хүнтэй түрээсийн гэрээг нэг жилийн хугацаатай хийсэн. Би төлбөрийн асуудлыг мэдэхгүй. Түрээсийн төлбөрийг манай компанийн захирал н.М өгдөг байсан уу, хятадууд өгдөг байсан уу гэдгийг мэдэхгүй байна. Түрээсийн хугацаа болохоор Ц.Б над руу залгадаг, би цааш уламжилж даргадаа хэлээд төлбөрийг бэлнээр өгдөг байсан. Ц.Б ажлын гадаа ирээд бэлнээр авдаг байсан. 2017 оныг дуустал түрээсийн төлбөрт ямар нэг асуудалгүй байсан. 2018 оноос хойш юу болсныг би сайн мэдэхгүй байна. Намайг Ц.А тэй хамт яваад гэрээ хийчих гэхээр би хамт явж гэрээ хийсэн. 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр тооцоо нийлсэн акт хийсэн. Би 2019 оны сүүл 2020 он хавьд ажлаасаа гарсан. 2020 онд байранд сууж байсан хүмүүс нь гарсан. Миний ажиллаж байсан компани байрлаж байсан газраасаа нүүгээд явсан байсан учир хайгаад олоогүй. Би тухайн үед ийм юм болон гэж бодоогүй. Надад ийм их мөнгө байхгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж тайлбарлажээ.

 

5.Нэхэмжлэгч Ц.А нь хариуцагч П.Э тэй 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр, эрхийн улсын бүртгэлийн ..... дугаартай, ......................... тоот 200 кв.м талбайтай орон сууц, зоорийн давхрын ..... тоот авто зогсоолыг сар бүр 3,300 ам.доллароор, 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 1 жилийн хугацаатай хөлслүүлэхээр Орон сууц хөлслүүлэх тухай гэрээ-г байгуулсан байна.

 

6.Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1.-д заасан орон сууц хөлслөх гэрээний зохицуулалтад хамаарч байх ба гэрээгээр хөлслүүлэгч тал нь нэхэмжлэгч Ц.А , хөлслөгч нь П.Э байна. Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

7.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.

 

8.Хариуцагч уг орон сууц, зогсоол хөлслөх гэрээг ...Би Чингис майнинг компанид захирлын жолоочоор ажилладаг. Манай захирал намайг түрээсийн гэрээ хийчих гэсэн. Би Ц.А гэдэг хүнтэй түрээсийн гэрээг нэг жилийн хугацаатай хийсэн. Би төлбөрийн асуудлыг мэдэхгүй. Түрээсийн төлбөрийг хэн өгдөг байсныг мэдэхгүй байна. Түрээсийн хугацаа болохоор Ц.Б над руу залгадаг, би цааш уламжилж даргадаа хэлээд төлбөрийг бэлнээр өгдөг байсан. Ц.Б ажлын гадаа ирээд бэлнээр авдаг байсан гэж тайлбарласан боловч гэрээг нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, гэрээний дагуу үүргийг гүйцэтгэх баталгаа болгон гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Гэрээний гол нөхцөлийн талаар талууд сайн дураар харилцан тохиролцсоноор хэлцэл хийгдсэн тооцно. Ийнхүү талуудын хооронд гэрээний дагуу эрх үүрэг бий болно. Гэрээний дагуу шаардах эрх гэрээний талуудад үүсгэнэ. Нэхэмжлэгч А.Ж орон сууцны өмчлөгч байх боловч гэрээний дагуу шаардах эрхгүй.

 

9.Хариуцагч нь өөрийгөө гэрээний үүргийг хариуцах этгээд биш гэж тайлбарласан боловч үүргийг гүйцэтгэх үүрэг үүсээгүй, хэлцэл хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

10.Нэхэмжлэгч орон сууцны хөлсийг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг дуустал тооцоо нийлсэн актаар 268, 823,184 төгрөг, 2020 оны 1 сарын 01-ний өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сарын 3,300 ам.доллар, төлбөрийг 3 сараар хийхээр гэрээнд тохиролцсон учир тухайн үеийн Монгол банкнаас зарласан ам.долларын ханшаар тооцож 251,832,735 төгрөг нийт 520,655,919 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

 

11.Талуудын хооронд 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээ 1 жилийн хугацаатай байгуулагдсан учир 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болох байжээ. Гэрээнд жил бүр хугацааг сунгах агуулга бүхий заалт байгаа боловч талууд гэрээний хугацааг тухай бүр бичгээр сунгаагүй байна. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.4.-т зааснаар орон сууц хөлслөх гэрээнд энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарах учир эд хөрөнгө хөлслөх гэрээний нийтлэг зохицуулалт тухайн гэрээнд хамааралтай. Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.1-д зааснаар гэрээний хугацаа дууссан бол гэрээ дуусгавар болно. Мөн хуулийн 296 дугаар зүйлийн 296.1-д зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцдог.

 

12.Зохигчдын тайлбараас үзвэл хөлслөгч нь орон сууцнаас 2020 оны 01 дүгээр сард гарсан байна. Мөн орон сууцны хөлс төлөгдөхгүй учир хариуцагч П.Э 2017 оны 01 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг дуустал хугацааны төлбөр 298,923,184 төгрөг, үүнээс 30,000,000 төгрөг төлөгдсөнийг хасаж, үлдэх 268,823,184 төгрөгийг төлөх тооцоог гаргаж, тооцооны үлдэгдлийн баталгааны баримт үйлдсэн байна.

 

13.Орон сууцыг хөлслөгч хариуцагчаас өөр этгээд байсан талаар, 2020 оны 01 дүгээр сард орон сууцнаас гарсан талаар зохигч маргаагүй. Нэхэмжлэгч хөлслөгчийг орон сууц хүлээлгэн өгөөгүй гэх үндэслэлээр 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацааны төлбөрийг шаардсан боловч хөлслөгч энэ хугацаанд орон сууцанд амьдраагүйг нэхэмжлэгч мэдсэн, хариуцагч 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс хойш үргэлжлүүлэхээр тохиролцсон нь баримтаар тогтоогдохгүй байна. Хөлслүүлэгч нь хөлслөгчийг орон сууцнаас гарсан талаар мэдсэн учир тухайн үед гэрээг дуусгавар болгох, чөлөөлүүлж авах эрхээ хэрэгжүүлэх боломжтой юм.

 

14.Иймд дээрх үндэслэлээр хариуцагч П.Э гээс 268,823,184 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.А т олгож, нэхэмжлэгчийн шаардлагаас үлдэх 251,832,735 төгрөг болон нэхэмжлэгч А.Жийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.

 

15.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,766,000 төгрөгөөс 2,761,229 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 4,771 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 1,502,065 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Э гээс 268,823,184 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.А т олгож, нэхэмжлэл шаардлагаас үлдэх 251,832,735 төгрөг, нэхэмжлэгч А.Жийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.А , А.Ж нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,766,000 төгрөгөөс 2,761,229 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 4,771 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 1,502,065 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.А т олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР