Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2023/00130

 

                                                                       “ДОББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2023/00760 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 210/МА2023/00785 дугаар магадлалтай,

“ДОББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Х.Бт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 142,715,280 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Пын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Н.Б, өмгөөлөгч Г.Минжмаа (цахим), хариуцагчийн өмгөөлөгч Б.У(цахим), шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч “ДОББСБ” ХХК нь хариуцагч Х.Бт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 142,715,280 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2023/00760 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Хоондойн Бт холбогдох 142,715,280 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “ДОББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 871,530 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 210/МА2023/00785 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2023/00760 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 871,530 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Пхяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Магадлалын хянавал хэсгийн 6.1-т Х.Б нь өөрийн эрхийг зөрчигдсөн гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасныг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.11-ний өдрийн 182/11132020/04914 дүгээр захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг зээлдүүлэгч болох “ДОББСБ” ХХК-ийн зээлийн гэрээний шаардах эрхийн хугацааг тасалдсан гэж дүгнэхгүй юм. Өөрөөр хэлбэл, “ДОББСБ ” ХХК-ийн гэрээний үүрэг шаардах эрхийн хугацааг тасалдсан гэж үзэх Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан байх үндэслэл нь “ДОББСБ” ХХК-ийн нэхэмжлэлд хамаарахаас зээлдэгч Х.Бийн гаргасан нэхэмжлэлд хамаарахгүй болно” гэжээ.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Х.Б миний зөрчигдсөн эрхийг сэргээж тус зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс үндсэн зээл болох хүүний төлбөрт төлсөн 27,750,000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 39,150,000 төгрөг төлөх ёстой болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэл 2020.05.04-ний өдөр гаргасныг шүүх хянаж үзээд 2020.05.11-ний өдөр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан 182/Ш32020/04914 дугаартай шүүгчийн захирамжийг хариуцагч Х.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтаар гаргаж өгсөн. Мөн хариуцагч Х.Б 2022.12.26 өдрийн гаргасан хариу тайлбартаа “Гэтэл огт мөнгө өгөөгүй мэт их хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байна. Миний зүгээс тухайн зээлийг нь төлж барагдуулж чадахгүй нь ээ гэдгээ хэлж барьцаалсан эд зүйлсээ өгье гэсэн боловч мөн л татгалзаж надаас бүр их хэмжээний мөнгө нэхэж байсан. ... Иймд тухайн нэхэмжилж байгаа их хэмжээний мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нотлох баримтуудаа шүүх дээр гаргаж мэтгэлцэх хүсэлтэй байна” /1 хх 29/ гэж тус зээлийг төлөх үүргийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж харин зээлийн хүүгийн төлбөр өндөр” гэж маргасан.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасан. Иргэний хуульд хөөн хэлэлцэх хугацаа тасалдах нэг үндэслэлийг үүрэг хүлээсэн этгээд үүргээ хүлээн зөвшөөрөх юм гэж тайлбарласан. Үүргээ хүлээн зөвшөөрөх гэдгийг үүрэг хүлээсэн этгээдээс үүргээ хүлээн зөвшөөрсөн зан үйлийг ойлгож болох бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгчид биш өөр этгээдүүдэд өр төлөх талаар мэдэгдсэн байх зэрэг олон хэлбэрээр энэ зан үйл нь илэрч болно гэж тайлбарласан байна. Х.Б нь үүргээ гүйцэтгэхийг өөр этгээдэд буюу шүүхэд мэдэгдсэн тул 2020.05.04-ний өдрөөс хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бөгөөд хариуцагч үүнийг үгүйсгээгүй.

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-т Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг үүрэг гүйцэтгэгч мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй гэж заасан. Гэтэл хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр 142,715,280 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцэхгүй байна.

Мөн анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгчид 2023.03.03-ны өдөр гардуулсан /1 хх 113/. Гэвч шүүхийн шийдвэрийг гардан авахад 2023.02.15-ны өдрийн анхан шатны шүүх хурлын тэмдэглэл гаргаагүй байсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэг, 51.5 дэх хэсэгт заасан оролцогчийн эрхийг хязгаарласан ноцтой зөрчлийг гаргасан. Иймд хариуцагч X.Бээс 142,715,200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэр, магадлалыг өөрчилж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2023.06.07-ны өдрийн 001ШХТ2023/00660 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгч “ДОББСБ” ХХК-ийн төлөөлөгч Б.Пын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах үндэстэй байна.

 7. Нэхэмжлэгч “ДОББСБ” ХХК нь Х.Бт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 142,715,280 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шаардлагын үндэслэлээ ““ДОББСБ” ХХК нь Х.Бтэй 2018.07.06-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 44,600,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлсэн. Дээрх гэрээний үүрэгт зээлдэгч нь 2018.11.05-ны өдрөөс 2019.04.06-ны өдрийг хүртэл 12,350,000 төгрөг төлсөн. Иймд зээлийн үндсэн төлбөр 44,600,000 төгрөг, зээлийн хүү 81,591,142 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,524,138 төгрөг, нийт 142,715,280 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг гаргуулж өгнө үү” гэж тодорхойлжээ.

8. Хариуцагч Х.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “...Нэхэмжлэгч “ДОББСБ” ХХК-ийн захирал Б.Поос иргэд хоорондын зээлээр 40,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй зээлж авсан. Гэрээний дагуу зээлийн хүүд 6,450,000 төгрөг төлсөн. Үүнээс хойш зээлийн хүүг төлж чадахгүй байдалд хүрэхэд Б.Пнь төлөөгүй сарын хүүг нэмээд 44,600,000 төгрөгийн зээлийн гэрээг “ДОББСБ” ХХК-ийн нэрээр байгуулсан. ... гэрээний төлбөрт нийт 27,750,000 төгрөгийг төлсөн. Зээлийг төлж чадахгүй байдлаа хэлж “ДОББСБ” ХХК-д шилжүүлсэн болон орж ирсэн бенз маркийн автомашин өгч, зарж борлуулаад зээлийн мөнгөн дүнгээс хасаад үлдсэн мөнгийг төлөх саналыг хүлээн аваагүй. ... Цагдаад хандсан, иргэний шүүхэд хандсан хүлээж аваагүй. Нэхэмжлэгчийг шүүхэд хандахыг хүлээхээс өөр аргагүй болсон Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. ...” гэсэн тайлбар ирүүлжээ.

9. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... Хэрэгт авагдсан баримтуудаар шаардах эрхийг шилжүүлэх замаар үүрэг гүйцэтгүүлэгч солигдсон гэх үндэслэл тогтоогдохгүй, ... энэ талаарх тайлбар, татгалзлаа хариуцагч нотлоогүй, ... гуравдагч этгээдийн шаардах эрх нэхэмжлэгчид шилжсэн гэж үзэхгүй. ...Талуудын байгуулсан гэрээнд зээлдэгчийг зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүүг хэдий хэмжээгээр тооцож төлөх талаар заагаагүй байх тул үндсэн хүүгийн хэмжээгээр хэтэрсэн хугацааны хүүг тооцох үндэслэлгүй ... нэхэмжлэгч нь зээлийн гэрээний шаардах эрхээ 2018.10.06-ны өдрөөс 3 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. ... хариуцагч нь хамгийн сүүлд 2019.04.06-ны өдөр зээлийн төлбөр төлсөн. ... энэ өдрөөс 3 жилийг тооцвол 2022.04.06-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан. ... Хэрэгт авагдсан баримтуудаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэх үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэлгүй.” гэж дүгнэжээ.

10. Давж заалдах шатны шүүх “... Анхан шатны шүүх хариуцагч ... 2022.04.06-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасантай нийцсэн. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний үр дагавар болох үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхийг зохицуулсан Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсгийн зохицуулалтыг анхан шатны шүүх тайлбарлаж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй. ... Х.Б нь өөрийн эрхийг зөрчигдсөн гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасныг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.11-ний өдрийн 182/ШЗ2020/04914 дүгээр захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг зээлдүүлэгч болох “ДОББСБ” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийг шаардах эрхийн хугацааг тасалдсан гэж дүгнэхгүй ... Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан үндэслэл нь “ДОББСБ” ХХК-ийн нэхэмжлэлд хамаарахаас зээлдэгч Х.Бийн гаргасан нэхэмжлэлд хамаарахгүй.” гэж дүгнэн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

11. Нэхэмжлэгч “ДОББСБ” ХХК нь хяналтын журмаар гаргасан гомдолдоо хоёр шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан эсэх асуудлаар Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 82 дугаар зүйлийн 82.2 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлийг дурдсан байна. Хяналтын шатны шүүх гомдлын энэ үндэслэлийг дараах байдлаар хангах нь зүйтэй гэж үзлээ.

11.1. Талууд зээлийн гэрээ байгуулсан эсэх талаар маргасан байна. Нэхэмжлэгч “ДОББСБ” ХХК нь 44,600,000 төгрөгийг сард 4 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай хариуцагч Х.Бт 2018.07.06-ны өдөр бэлнээр шилжүүлж, зээлийн гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байх бол хариуцагч Х.Б иргэн Б.Поос 2017.12.23-ны өдөр 40,000,000 төгрөгийг сард 4 хувийн хүүтэй, хугацаагүйгээр зээлж авсан,  “ДОББСБ” ХХК-тай зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж тайлбарлаж байна.

Анхан шатны шүүх “шаардах эрхийг шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдоогүй” гэж дүгнэснээрээ зээлийн гэрээ Б.Пболон Х.Б нарын хооронд байгуулагдсан гэж үзсэн байх боловч нөгөө талаас “ДОББСБ” ХХК-ийн зээлийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосноороо зээлийн харилцаа “ДОББСБ” ХХК, Х.Б нарын хооронд байгуулагдсан гэж ойлгогдохоор хоёрдмол утгатай дүгнэлт хийжээ. 

Давж заалдах шатны шүүх хэргийг гагцхүү давж заалдах гомдлын хүрээнд хянаж, хөөн хэлэлцэх хугацааны асуудлаар дүгнэлт хийж шийдвэрийг хэвээр үлдээсэн байх ба хэргийн үйл баримтыг бүрэн гүйцэд хянаагүй, анхан шатны шүүхийн хоёрдмол утгатай дүгнэлтийг нэг мөр болгож эрх зүйн харилцаа ямар этгээдүүдийн хооронд үүссэнийг тогтоолгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан хэргийг бүхэлд нь хянах үүргээ биелүүлж чадсангүй. 

Хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хяналтын шатны шүүхээс зээлийн гэрээг “ДОББСБ” ХХК, Х.Б нарын хооронд байгуулагдсан гэж үзлээ. Хариуцагч Х.Б 2017.12.23-ны өдөр 40,000,000 төгрөгийг иргэн Б.Поос зээлдсэн хэмээн тайлбарлаж байх боловч зээлийн гэрээний зээлдүүлэгч нь Б.Пбус “ДОББСБ ХХК гэж үзэх үндэстэй байна. Тодруулбал, зохигч талууд Б.Пнь “ДОББСБ” ХХК-ийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээд буюу захирал болох үйл баримтын талаар маргаагүй, тухайн үед зээлдэгч Х.Б энэ талаар мэдэж байсан талаараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбарласан байна. Түүнчлэн Б.Поос 40,000,000 төгрөгийг шилжүүлэн авах тухайн цаг мөчид тус үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор  2017.12.21-ний өдөр ...... улсын дугаартай Тоёота Ланд Крузер Прадо маркийн тээврийн хэрэгсэл, 2017.12.22-ны өдөр ...... улсын дугаартай Форд-250 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ дэх эзэмшигчийн нэрийг тус тус “ДОББСБ” ХХК-ийн нэр дээр  шилжүүлсэн нь Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдож байна.

Иймд зээлийн гэрээг 2017.12.23-ны өдөр байгуулсан бөгөөд хожим нь буюу 2018.07.06-ны өдөр зээлийн үндсэн төлбөр 40,000,000 төгрөг дээр төлөгдөөгүй хүү болох 4,600,000 төгрөгийг нэмж 44,600,000 төгрөг зээлдүүлсэн мэтээр гэрээг бичгээр байгуулсан гэх хариуцагч Х.Бийн тайлбар үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, 40,000,000 төгрөгийг сард 4 хувийн хүүтэй зээлдүүлэх тухай гэрээг нэг талаас “ДОББСБ” ХХК, нөгөө талаас Х.Б нар 2017.12.23-ны өдөр байгуулж, мөнгөө шилжүүлэн авсан бөгөөд энэ талаарх аман тохиролцоог 2018.07.06-ны өдөр бичгээр баталгаажуулсан гэж үзэхээр байна. Харин уг гэрээнд дурдагдсан үндсэн төлбөр нь 44,600,000 төгрөг гэсэн нь үндэслэлгүй бөгөөд зээлийн үндсэн төлбөр нь 40,000,000 төгрөг байх ба хүүгийн хэмжээг амаар тохиролцсоныг хүлээн зөвшөөрч төлж байсан нөхцөл байдал, үндсэн тохиролцоог хожим бичгээр баталгаажуулсан зэргийг харгалзан “ДОББСБ” ХХК болон Х.Б нарын хооронд зээлийн гэрээ хүчин төгөлдөр байгуулагдсан гэж үзнэ.

Энэ үндэслэлээр маргаан бүхий эрх зүйн харилцаа “ДОББСБ” ХХК, Х.Б нарын хооронд 2017.12.23-ны өдрөөс үүсжээ.  

11.2. Дээрх зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх талаар холбогдох зохицуулалтыг хоёр шатны шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Тодруулбал, анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг зээлдэгч сүүлийн төлбөрөө хийсэн 2019.04.06-ны өдрөөс эхлэн тоолж 2022.04.06-ны өдөр дуусгавар болсон гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх зээлдэгч Х.Б 2020.05.04-ний өдөр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Х.Б миний зөрчигдсөн эрхийг сэргээж тус зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс үндсэн зээл болох хүүний төлбөрт төлсөн 27,750,000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 39,150,000 төгрөг төлөх ёстой болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргасныг хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэл биш гэж үзэн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-т Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг үүрэг гүйцэтгэгч мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй гэж заасан. Зээлдэгч Х.Б 2020.05.04-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ Х.Бийн хүсэл зоригийн илэрхийлэл гэж ойлгогдоно. Хэрэгт нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.05.11-ний өдрийн захирамж авагдсан байх ба захирамжийн удиртгал ба тодорхойлох хэсгийн агуулгаас үзвэл Х.Б “ДОББСБ” ХХК-ийг хариуцагчаар татаж 2017.12.23-ны өдөр 40,000,000 төгрөгийн зээлийн гэрээ болон үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг хэрэглэж хоёр автомашины нэр шилжүүлсэн болохоо дурдан нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна. Ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд зээлийн гэрээний шаардах эрх зээлдүүлэгчид хадгалагдсаар байгааг зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгч ухамсарлаж, энэ нөхцөл байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасныг Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-т заасан зээлийн гэрээний зээлдүүлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байсан гэж үзнэ.

Иймд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн хэдий ч үүрэг гүйцэтгэгч хүлээн зөвшөөрсөн байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр үүрэг гүйцэтгэхээс татгалзах боломжгүй болно. Энэ талаарх хариуцагчийн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй.

12. Нэхэмжлэгч зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлийн үндсэн төлбөр 44,600,000 төгрөг, зээлийн хүү 81,591,142 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,524,138 төгрөг, нийт 142,715,280 төгрөг гаргуулахаар шаардаж байна. Хяналтын шатны шүүх үндсэн төлбөрт 40,000,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 45,759,994 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 9,151,998 төгрөг, нийт 94,911,992 төгрөгөөс хариуцагчийн нэгэнт төлсөн 18,828,460 төгрөгийг хасаж, үлдэх 76,083,532 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч “ДОББСБ” ХХК-д олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасантай нийцнэ гэж үзэв.  

Талуудын хооронд байгуулсан гэрээнд 40,000,000 төгрөгийг, сард 4 хувийн хүүтэй зээлэх, нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байхаар харилцан тохиролцжээ. Хяналтын шатны шүүх зээлдэгчийн үндсэн хүү төлөх үүрэг зээлийн гэрээний зөрчил нэгэнт үүссэн бөгөөд цаашид үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг хэрэглэн үүргээ төлж дуусгах зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргаж байсныг шүүхээс хүлээн авахаас татгалзаж захирамж гаргасан 2020.05.11-ны өдөр хүртэл хугацаагаар бодох нь Иргэний хуулийн 193 дугаар зүйлийн 193.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг шударга ёсны зарчимд нийцүүлэн тодорхойлох, 206 дугаар зүйлийн 206.1-д заасан үүргийг шударгаар гүйцэтгэх зарчимд тус тус нийцнэ гэж үзлээ. Зээлдэгчийн зүгээс санхүүгийн хувьд бэрхшээлтэй байдлаа илтгэж, үүрэг хэт урт хугацаагаар зөрчигдөж буйг ухамсарлан боломжит хэлбэрээр үүргээ гүйцэтгэхийг санал болгож, бодитой үйлдэл хийж байсан нь автомашинуудаас үүргийн гүйцэтгэл хангуулахаар санал гаргасан тухай зохигчийн тайлбар, үлдэгдэл тооцоог шүүхээр тогтоолгож нэг мөр маргаан бүхий харилцааг цэгцлэх оролдлогуудаас харагдаж байна. 

Дээрх үндэслэлээр зээлийн үндсэн хүүг 2017.12.23-ны өдрөөс 2020.05.11-ний өдрийг хүртэл 28 сар 8 хоногоор тооцвол үндсэн хүүд 45,759,994 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 9,151,998 төгрөг төлөхөөр байна. Хариуцагчийн үндсэн төлбөрт 40,000,000 төгрөг төлөх үүрэгтэй бөгөөд эдгээр дүнг нэгтгэн тооцвол 2020.05.11-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 94,911,992 төгрөгийн үүрэг үүсжээ.

Хариуцагч Х.Б өнгөрсөн хугацаанд нийт 27,750,000 төгрөгийг зээлийн төлбөрт төлж барагдуулсан гэж, нэхэмжлэгч “ДОББСБ” ХХК нь 12,350,000 төгрөг буцаан төлсөн гэж маргаж байх ба хэрэгт авагдсан зохигчоос өгсөн болон шүүхийн журмаар шаардан гаргуулсан дансны хуулга, орлогын баримт зэргээс үзвэл хариуцагч Х.Б зээлийн төлбөрт нийт 18,828,460 төгрөг төлсөн байна. Иймд дээрх 94,911,992 төгрөгөөс түүний буцаан төлсөн дүн 18,828,460 төгрөгийг хасаж үлдэх 76,083,532 төгрөгийг хариуцагч Х.Бээс гаргуулж нэхэмжлэгч “ДОББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

13. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 76,083,532 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх 66,631,748 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 210/МА2023/00785 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2023/00760 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг 

“Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Х.Бээс 76,083,532 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ДОББСБ” ХХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 66,631,748 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 871,530 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Бээс 538,368 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ДОББСБ” ХХК-д олгосугай.” гэж тус тус өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч “ДОББСБ” ХХК нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023.05.11-ний өдөр төлсөн 871,527 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

                          

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦОЛМОН

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                         Н.БАЯРМАА

                                                                                                        П.ЗОЛЗАЯА

                                                                                                        Х.ЭРДЭНЭСУВД