Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2023/00132

 

Ц.Н, “НТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2023/00540 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 210/МА2023/00633 дугаар магадлалтай,

Ц.Н, “НТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Б.Б, “ДГ” ХХК-д тус тус холбогдох

Компанийн хувьцаа, эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 851,869,590 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч “ДГ” ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 715,324,995 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М, хариуцагч “ДГ” ХХК-ийн төлөөлөгч Б.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, өмгөөлөгч Т.М, хариуцагч Б.Б, өмгөөлөгч Ц.Б, хариуцагч “ДГ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц, өмгөөлөгч У.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Ц.Н, “НТ” ХХК нь хариуцагч Б.Б, “ДГ” ХХК-д холбогдуулан Компанийн хувьцаа, эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 851,869,590 төгрөг гаргуулах, хариуцагч “ДГ” ХХК нь нэхэмжлэгч “НТ” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 715,324,995 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2023/00540 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Бгаас Компанийн хувьцаа, эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 851,869,590 /найман зуун тавин нэгэн сая найман зуун жаран есөн мянга таван зуун ер/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Нд олгож, нэхэмжлэгч “НТ” ХХК болон хариуцагч “ДГ” ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “НТ” ХХК-д холбогдуулан гаргасан хариуцагч “ДГ” ХХК-ийн Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт ажлын хөлсний үлдэгдэл 476,883,330 төгрөг, алданги 238,441,995 төгрөг, нийт 715,324,995 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,417,298 төгрөг болон хариуцагч “ДГ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,734,575 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 4,417,298 /дөрвөн сая дөрвөн зуун арван долоон мянга хоёр зуун ерэн найм/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Нд олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 210/МА2023/00633 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2023/00540 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 353 дугаар зүйлийн 353.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт тус тус заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Б.Б, “ДГ” ХХК-аас 851,869,590 төгрөг гаргуулах тухай Ц.Н, “НТ” ХХК-ийн нэхэмжлэлийг, нэхэмжлэгч “НТ” ХХК-аас 715,324,995 төгрөг гаргуулах тухай “ДГ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Бгийн төлсөн 4,417,300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагч “ДГ” ХХК-аас төлсөн 3,734,580 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1 Давж заалдах шатны шүүх магадлалын хянавал хэсгийн 4.1-т “Иргэний хуулийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна”, 4.3-т “Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг Иргэний хуулийн 240.1, 5-д зааснаар дуусгавар болсон” гэж дүгнэсэн байдаг. Энэхүү гэрээний төрөл нь эд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулах бөгөөд худалдагчийн хувьд өөрийн эзэмшлийн хуулийн этгээдийн хувьцаа, түүний эд хөрөнгийг 100 хувь, тодорхой үнийн дүнгээр тооцож худалдан авагчид шилжүүлсэн байдаг. Ингэснээр нөгөө талаас гэрээний үнийг төлөх үүрэг үүссэн бөгөөд талууд гэрээгээр тохиролцохдоо гэрээний дүнг 2,000,000,000 төгрөг, үүнээс 979,757,353 төгрөгийг хасаж 1,020,242,647 төгрөгийг ажил хийж өгөхөөр тохиролцсон. Тухайн үнийн дүнгээс 2020.07.01-ний өдөр ажлын гүйцэтгэлийн барьцаа болох 158,373,057 төгрөгийг суутгаж 861,869,590 төгрөгийн үлдэгдэлтэй болсон бөгөөд 2021.04.01-нд Б.Бгийн зүгээс 10,000,000 төгрөг шилжүүлснээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 851,869,590 төгрөгийн үлдэгдэлтэй болсон.

4.2. Давж заалдах шатны шүүхээс худалдах худалдан авах гэрээ гэж дүгнэсэн хэрнээ утга агуулгын хувьд зөрүүтэй дүгнэж хянавал хэсгийн 4.3-т “...1,020,242,647 төгрөгийг мөнгөн хэлбэрээр бус хариуцагч талаар ажил гүйцэтгүүлж барагдуулахаар талууд тохиролцсон тул нэхэмжлэгч Ц.Н худалдах-худалдан авах гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шаардах эрхгүй гэж дүгнэсэн байна. Энэ дүгнэлт нь утга агуулгын хувьд зөрүүтэй, хэрэгт авагдсан үйл баримтыг буруу үнэлж тухайн шийдвэрийг гаргасан байна. Учир нь хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар гэрээний үнийн дүнд тохирсон ажил гүйцэтгүүлж худалдах худалдан авах гэрээний үүргийг хангуулахаас хэн аль нь татгалзсан болохыг давж заалдах шатны шүүхээс анхаарч үзээгүйн улмаас буруу дүгнэлт өгсөн гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүхээс үндэслэх хэсгийн 3г-д “...үлдэгдэл төлбөр 1,020,242,647 төгрөгнөөс ... нийт 851,869,590 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн байдаг. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25.4-т "Улсын дээд шүүх давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хянан үзэх замаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангана” гэж заасан байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалаар нэг үйл баримтыг 2 өөрөөр дүгнэсэн байгаа нь хуулийн нэгдмэл байдлыг хангах хүрээнд зайлшгүй шийдвэрлэх асуудал гэж үзэхээр байна.

Мөн хянавал хэсгийн 5.1-т “... мэдэгдэл хүргүүлж байсан гэх баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн боловч энэ нь нэг талын баримт байх бөгөөд хариуцагч талд хамтран ажиллах, ажил гүйцэтгүүлэх саналыг хүргүүлсэн, хариуцагч тал хүлээн авсан нь талуудын тайлбар, хэргийн баримтаар тогтоогдоогүй” гэж дүгнэсэн байдаг. Нэхэмжлэгч талаас Б.Б, “ДГ” ХХК руу удаа дараа худалдах-худалдан авах гэрээний үүрэг болох үлдэгдэл төлбөрөө ажил гүйцэтгэх гэрээ байгуулан төлж барагдуулах талаар саналыг гаргаж байсан /хх-20-26/ ба хариуцагч тухайн баримтыг хүлээн аваагүй гэх амаар гаргасан тайлбарыг үндэслэн хэргийн үйл баримтыг буруу дүгнэсэн байна.

Дээрх баримтуудын агуулга нь манайд гүйцэтгэх ёстой үүргээ биелүүлэхийг шаардаж байсан байдаг ба тухайн цаг үед хариуцагчийн зүгээс баримтуудыг хүлээн авсан даруйдаа нэхэмжлэгчтэй уулзаж байсан үйл баримт болж байсан байдаг. Гэвч бичмэл баримт байхгүй нь тухайн үйл баримтыг үгүйсгэх үндэслэл болохгүй бөгөөд зохигчдын тайлбар нь нотлох баримт болох талаар хуульд заасан байдаг.

Түүнчлэн нөгөө талд шуудангаар албан ёсны хаягаар хүргүүлсэн дараах баримтыг хэрхэн үгүйсгэж байгаагаа шүүх дүгнээгүй байдаг. Хариуцагчид гэрээний үүргийг биелүүлэх хугацаа олгож 2022.04.29-ний өдөр, 2022.05.05-ний өдрүүдэд түүний албан ёсны хаягаар баталгаат шууданд хүргүүлсэн байгаа нь түүнд хүлээлгэн өгсөнд тооцогдоно гэж үзэхээр байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан байдаг ба шүүхийн болоод бизнесийн харилцаанд тогтсон бүх нийтээр хүлээн зөвшөөрдөг арга хэрэгслийг буруу үнэлж тухайн дүгнэлтийг гаргасан байна.

Анхан шатны шүүхээс ажил гүйцэтгүүлэх үүргээс татгалзсан гэж үзэж Иргэний хуулийн 205.2.1-т “гүйцэтгэсэн үүргийн шинж чанараас шалтгаалан биет байдлаар эргүүлж өгөх боломжгүй" тохиолдолд мөнгөн дүнгээр тооцож үүргийг буцаах тухай зохицуулалттай бөгөөд үүргийн гүйцэтгэвэл зохих дүнгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байдаг. Гэвч давж заалдах шатны шүүхийн хянавал хэсгийн 5.2-т “Хариуцагч тал гэрээний 2.2.3-т заасан ажил гүйцэтгэж худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрийг барагдуулах үүргээс татгалзаагүй байна” гэж дүгнэсэн байгаа нь хэрэгт авагдсан баримтыг буруу үнэлсэн гэж үзэхээр байна. Учир нь хариуцагчийн зүгээс өгсөн тайлбарт “2021.04.01-ний өдөр тооцоо хийж байгаад 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж, ар авлага дуусан” гэх тайлбар, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээнд авагдсан “ДГ” ХХК өглөг хаав /хх-14/ баримтуудаар дээрх дүгнэлт няцаагдаж байна.

Гэрээнээс татгалзах урьдач нөхцөлийн тухайд хуульд Иргэний хуулийн 225.1, 226.1.1-т заасан байх ба хэргийн баримтаас үзвэл “нэмэлт хугацаа тогтоосон”, түүнчлэн гэрээ байгуулагдсанаас хойш хуанлийн хугацаагаар 5 жил өнгөрсөн зэрэг нөхцөл байдлаас дүгнэж үзвэл “үр дүн гарахгүй нь илт” зэрэг хуулийн шаардлагуудыг хангасан гэж үзэхээр байна.

Давж заалдах шатны шүүхээс тухайн хэргийг шийдвэрлэхдээ хэргийн баримтад буруу үнэлэлт өгч анхан шатны шүүхээс зөрүүтэй шийдвэрлэсэн байгаа бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1-т “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” бол хяналтын гомдол гаргах үндэслэл болно гэж зааснаар хяналтын гомдлыг гаргаж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч “ДГ” ХХК-ийн төлөөлөгч Б.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсгийг зөвшөөрөхгүй байгаа тул хяналтын журмаар гомдол гаргаж байна.

5.1 “ДГ” ХХК нь 2014.05.31-ний өдөр дугаар 14-297 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан (холбогдох өөрчлөлтүүд оруулсан). “Ажил гүйцэтгэх гэрээ”-ээр ажил гүйцэтгэгч нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 11-р хорооны нутаг дэвсгэрт баригдсан бага тэнгэр аялал жуулчлалын цогцолборын ажил гүйцэтгэх, захиалагч нь 3,001,417,710 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Гүйцэтгэгч “ДГ” ХХК нь гэрээгээр тохиролцсон үүргээ зохих журмын дагуу гүйцэтгэж хүлээлгэж өгсөн. Гэтэл захиалагч нь 2014.10.15-ны өдрөөс 2016.07.08-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 1,286,283,542 төгрөгийг төлсөн (энэ мөнгөн төлбөрийг гэрээнд заасан хугацаандаа ч шилжүүлж байгаагүй, “ДГ” ХХК-аас шаардуулж байж шилжүүлдэг байсан)

Манай компанийн хувьд энэхүү “ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, “НТ” ХХК-ийн ажлыг гүйцэтгэж өгөөд өөрсдөө алдагдалд орж, ажлын хөлсөө ч бүтэн авч чадалгүй, ашиггүй ажиллаж хохирсон. Хариуцагчаас төлсөн гэх 1,286,283,542 төгрөг нь манай компанийн тус ажлыг гүйцэтгэхэд гаргасан бодит зардлыг төлөхөд хүрэлцэхгүй мөнгөн хөрөнгө юм. Манай компани нэгэнт гэрээ байгуулаад уг ажлыг гүйцэтгэж эхэлсэн учраас өөрсдөөсөө зардлаа гаргаад ч хамаагүй ажлыг гүйцэтгэж, дараагаар гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгийг авахдаа харилцан тооцож болно итгэж ажлыг гүйцэтгэж дуусгасан. Гэтэл “НТ” ХХК, түүний хувьцаа эзэмшигч, ерөнхий захирал Ц.Анар нь төлбөр (ажлын хөлс)-ийг төлөх талаар ямар ч арга хэмжээ аваагүй. Б.Б миний зүгээс төлбөрөө шаардаж тэдний ажилтан шиг л өдөр бүр л очиж төлбөрөө төлөхийг шаарддаг байсан. Эхэндээ нөгөө “...гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгөө өгнө...” гэж байсан боловч хожим нь уг эд хөрөнгийг өөр хүн худалдаж авчихсан болж таарсан. Ингээд 2017.05.11-ний өдөр дугаар 01 тоот компанийн хувьцаа, эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж үлдэгдэл төлбөр (ажлын хөлс)-ийн 979,757,353 төгрөгийг төлж (тооцож), 3,001,417,710 төгрөгөөс 2,266,040,895 төгрөгийн төлбөр (ажлын хөлс)-ийг төлж, 735,376,815 төгрөгийг төлөөгүй. “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3-т зааснаар Ажил гүйцэтгэгч нь зохих үр дүнг бий болгож (захиалагчийн эсхүл өөрийн материалаар) захиалагчийн өмчлөлд шилжүүлж, захиалагч үр дүнгийн хэмжээгээр хөрөнгөжиж, ажлын хөлс буюу төлбөрийг гүйцэтгэгчид төлдөг. Гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн үр дүн нь захиалагчийн төлж буй ажлын хөлс, төлбөрөөр солигддог харилцаа юм. Нөгөөтээгүүр иргэн, хуулийн этгээдээр өөрийн ажлыг гүйцэтгүүлж үр дүнг олж авч, өөрийн өмчлөлд хөрөнгөтэй болсон боловч төлбөр (ажлын хөлс)-ийг төлөхгүй байх нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “...захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг... хүлээнэ” гэж заасантай огт нийцэхгүй. Иймээс “НТ” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 476,883,330 төгрөг, уг төлбөрт (гэрээнд заасны дагуу ногдох алданги) 238,441,665 төгрөг, нийт 715,324,995 төгрөгийг төлөх үүргээ өнөөдрийг хүртэл гүйцэтгээгүй байна.

5.2 “ДГ” ХХК, “НТ” ХХК нарын хооронд байгуулагдсан гэх ажил гүйцэтгэх гэрээнд ажлын хөлсөнд үл хөдлөх эд хөрөнгө өгөхөөр тохиролцож, хожим өөрчилсөн байдаг. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараах тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ” 75.2.2-т “үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил” 76 дугаар зүйлийн 76.1.Т “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” 79 дүгээр зүйлийн 79.1-т “...үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх,... бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж тус тус заасан. “НТ” ХХК-ийн өр төлбөрийн холбогдох хэсгийг нэхэмжлэгч Ц.Н төлөхөөр тохиролцож тодорхой хэсгийг төлсөн цаг хугацаанаас хойш тоолж үзсэн ч хөөн хэлэлцэх дуусгавар болоогүй. Түүнчлэн Ц.Н нь уг төлбөрийг төлөхөөс өмнө ч үл хөдлөх эд хөрөнгөөр ажлын гүйцэтгэлийн хөлсийг төлөх талаар нэхэмжлэгчээс удаа дараа албан бичиг өгч байсан нөхцөл байдалд анхан шатны шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй, хөөн хэлэлцэх хугацааг дуусгавар болсон гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн 2017.05.11-ний өдрийн дугаар 1 тоот гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-т “энэхүү гэрээ нь хувьцааны эрхийг шилжсэнийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэж, худалдан авагч тал төлбөрийн үүргээ энэ болон ажил гүйцэтгэх гэрээний дагуу бүрэн биелүүлснээр дуусгавар болно” гэж хугацааны асуудлыг өөрчлөн тогтоосон нөхцөл байдалд хууль хэрэглээний хувьд анхан шатны шүүх ач холбогдол өгч дүгнэлт хийгээгүй.

5.3 Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т “Хүүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ” 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасан. Иймээс анз тооцох хууль зүйн үндэслэл нь гэрээний үүргийн зөрчил гаргасан байх явдал юм. Үүрэг гүйцэтгэгч зөрчил гаргаагүй байхад харилцан тохиролцож анз тооцох гэх ойлголт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.4-т байхгүй бөгөөд хуульд заасантай огт нийцэхгүй. Нөгөөтээгүүр алданги (анз) тооцохын тулд гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа тодорхой байх, үүрэг гүйцэтгэх хугацаа зөрчигдсөн байх, гүйцэтгээгүй үүргийн хэмжээ тодорхой байх, алданги (анз)-ийн тохиролцсон байх алданги тооцох урьдчилсан нөхцөл юм. Шүүх нэхэмжлэгчийг алданги тооцсон гэж дүгнэхдээ ямар үүргийг, хэдий хугацаанд гүйцэтгээгүй талаар огт дүгнэхгүйгээр хариуцагчийг үүргийн гүйцэтгэлийн зөрчил гаргасан мэтээр таамагласан шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар хэргийн оролцогч өөрийн тайлбар татгалзлыг нотлох үүрэгтэй. Хэрэв нэхэмжлэгч нь 476,883,330 төгрөгийг алданги тооцогдохуйц зөрчил (953,766,660 төгрөгийн үүргийг гүйцэтгээгүй гэж)-ийг гаргасан гэж байгаа бол 953,766,660 төгрөгийн үүргийг хэдийнээс хэдий хүртэл гүйцэтгээгүй гэдгийг нотлох үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгчийн огт нотлоогүй зөрчлийг нотлох баримтад үндэслэлгүйгээр хэргийн оролцогчоос гаргаагүй (харилцан тохиролцож хасахаар тохиролцсон гэх) тайлбарыг, шүүх өөрийн байр сууриар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн хэлж байгаа шиг алданги тооцсон ч нэхэмжлэгч нь 2015 онд 196,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн ба алданги 459,260,088 төгрөг гэж үзвэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас ч давсан байгаа юм. Нөгөөтээгүүр Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-т “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж заасан тул аливаа иргэний эрх зүйн, захиргааны эрх зүйн, эрүүгийн эрх зүйн асуудалд буруутгагдаж байгаа этгээд нь ямар асуудлаар хэрхэн буруутгагдаж, шийтгэгдэж байгаагаа мэдэх эрхтэй. Гэтэл “ДГ” ХХК нь гэрээний үүргийг зохих журмын дагуу гүйцэтгэж ирсэн байхад 2014, 2015 оны буюу тухайн үед үүргийн гүйцэтгэлийг дүгнэх үед 476,883,330 төгрөгийн алданги буюу хариуцлага байгаагүй атлаа 2017 онд мөнгөн төлбөр төлөх болсон нөхцөл байдлаа далимдуулж алданги нэрийдлээр төлөх төлбөрөө багасгасан баримт бичигт гарын үсэг зуруулсан нь үндэслэлгүй, бодит нөхцөл байдалтай (огт ийм үүргийн зөрчил гарч байгаагүй)-гаа ч огт нийцэхгүй.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчсөн. 2017.05.11-ний өдрийн дугаар 1 тоот “Компанийн хувьцаа, эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-ний Гэрээний 2 дугаар зүйлийн 2.3.6-д “...Тариалан эрхлэлтийг дэмжих санд 210,110,660 төгрөг...-ийн өглөгийг Худалдагч тал бүрэн хариуцна. Дээрх байгууллагуудтай худалдан авагч тал эрх үүргийн харилцаа үүсгэхгүй” гэж заасан боловч Тариалан эрхлэлтийг дэмжих санд төлбөл зохих 200,838,465.05 төгрөгөөс 91,935,082 төгрөгийг Б.Б би “ГЧ” ХХК-аас төлсөн байхад энэ талаар шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хуульд нийцсэн дүгнэлт огт хийгээгүй. “ДГ” ХХК-ийн хувьд анхан шатны шүүхийн шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн магадлалын 715,324,995 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул улсын тэмдэгтийн хураамжид 3,734,580 төгрөгийг төлж, иргэн Б.Б би магадлалын хянавал хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул 70,200 төгрөгийг төлж хяналтын журмаар гомдол гаргав. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

6. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2023.05.18-ны өдрийн 001ШХТ2023/000582 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М, хариуцагч бөгөөд хариуцагч “ДГ” ХХК-ийн төлөөлөгч Б.Бгийн гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

ХЯНАВАЛ:

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг, хариуцагч “ДГ” ХХК-ийн төлөөлөгч Б.Бгийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

8. Нэхэмжлэгч Ц.Н, “НТ” ХХК нар нь хариуцагч Б.Б, “ДГ” ХХК-д холбогдуулан Компанийн хувьцаа, эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 851,869,590 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нар шаардлагын үндэслэлээ “Иргэн Ц.Н болон иргэн Б.Б нар 2017.05.11-ний өдөр Компанийн хувьцаа, эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. ...гэрээний үнийн дүн 2,000,000,000 төгрөг бөгөөд гэрээний дагуу худалдагч Ц.Н “ГЧ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, компанийн нэр дээрх газар эзэмших эрх, газар дээр баригдсан хашааг худалдан авагч Б.Бд шилжүүлэн өгөх, Б.Б нь гэрээнд заасан нөхцөлийн дагуу үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. ... худалдагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж компанийн 100%-ийн хувьцаа, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, газар, хашааг худалдан авагч талд хүлээлгэж өгсөн. Худалдан авагч Б.Б нь гэрээнд заасан нөхцөлийн дагуу төлбөр тооцоогоо бүрэн дуусгахгүй байна. ... гэрээний үнийн дүн болох 2,000,000,000 төгрөгөөс 1,138,130,410 төгрөгийг “ДГ” ХХК-ийн “НТ” ХХК-аас авах авлагад тооцон суутгаж төлсөн. Нэхэмжлэгч иргэн Ц.Н болон “НТ” ХХК нар нь хоорондоо нэгдмэл ашиг сонирхолтой этгээдүүд тул худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 851,869,590 төгрөгийг Б.Б болон “ДГ” ХХК-аас шаардана” гэж тодорхойлсон байна.

9. Хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “... “ДГ” ХХК нь 2014.05.31-ний өдөр “НТ” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. ...гэрээний дагуу “ДГ” ХХК нь 3,001,417,710 төгрөгийн өртөгтэй ажил гүйцэтгэсэн. ... захиалагч “НТ” ХХК ... 1,286,283,542 төгрөгийг манай компанид шилжүүлсэн, ... үлдэгдэл төлбөр төлөөгүй удааширсан ... сүүлдээ мөнгө байхгүй өгч чадахгүй гэж хэлдэг болсон. Талууд ... тооцоо нийлэхэд манай компаниас үндэслэлгүй 861,869,590 төгрөгийн авлага үүсгэж манайд өгөх ажлын хөлснөөс уг мөнгийг суутгах, ... “ГЧ” ХХК-ийг 2 тэрбум төгрөгийн үнэлгээтэйгээр тооцох санал тавьсан. ... уг саналыг зөвшөөрөхгүй бол өөр өгөх зүйлгүй гэсэн тул компанийн хувьцааг авах болсон. “ГЧ” ХХК нь Тариалан эрхлэлтийг дэмжих санд 187,753,563 төгрөгийн өртэй байсан. ... уг өрийг бид хариуцна гэсэн боловч өр барагдуулахыг шаардсан мэдэгдэл манайд ирсний дагуу бид шаардсан 210,110,650 төгрөгийн өрийг төлж барагдуулсан. ... худалдах-худалдан авах гэрээний 2.2.3-т зааснаар худалдан авагч нь худалдагчид өгөх төлбөрийг ойрын хугацаанд “НТ” ХХК болон “ДГ” ХХК нарын байгуулах ажил гүйцэтгэх гэрээгээр тохиролцсон ажил үүргийг гүйцэтгэж “НТ” ХХК-д хүлээлгэн өгч талууд харилцан акт үйлдэж баталгаажуулснаар төлөгдсөнд тооцно. ... гэж зохицуулсан боловч нэхэмжлэгч болон “НТ” ХХК-ийн зүгээс “ДГ” ХХК-д ямар нэг ажил өгөөгүй, тохиролцсон ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй. ... "ГЧ” ХХК-ийн хувьцааг худалдах-худалдан авах гэрээг 2017.05.11-ний өдөр байгуулснаас хойш 5 жил гаруй хугацаа өнгөрсөн тул хөөн хэлэлцэх гурван жилийн хугацаа  дууссан.” гэж мэтгэлцсэн байна. 

10. Хариуцагч “ДГ” ХХК нь тус компанид нэхэмжлэлийн шаардлагыг холбогдуулсан үндэслэл тодорхойгүй. ... “ДГ” ХХК нь нэхэмжлэгчдийн эрхийг зөрчсөн зүйлгүй тул зөвшөөрөхгүй гэж маргасан ба “НТ” ХХК-д холбогдуулан 715,324,995 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Сөрөг нэхэмжлэлдээ ““НТ” ХХК-тай байгуулсан 2014.05.31-ний өдрийн "Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу үүргээ биелүүлсэн. ... талууд 2016.06.22-ны өдөр гэрээ дүгнэсэн протокол үйлдэж, ажил гүйцэтгэх явцад олгосон 1,266,283,542 төгрөгийн санхүүжилт, гүйцэтгэлийн зөрүү, чанарын баталгааны мөнгө болон бусад зардлуудыг хасаж тооцоод ажлын хөлсөнд 1,456,640,683 төгрөгийн үлдэгдэлтэйг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан. ... энэ гэрээний төлбөрт өдий хүртэл  476,883,330 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.24, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу алданги 238,441,665 төгрөг, нийт 715,324,995 төгрөгийг “НТ” ХХК-иас гаргуулна” гэжээ.

11. Нэхэмжлэгч “НТ” ХХК сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа ““НТ” ХХК болон “ДГ” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээгээр захиалагч тал болон гүйцэтгэгч тал төлбөрөө бүрэн төлж гүйцэтгэсэн. ... Харилцан тохиролцож, зөвшөөрсөн учраас 2,000,000,000 төгрөгийн гэрээ байгуулсан. Үлдэгдэл төлбөрийг ажил хийж төлнө гэдэг гэрээ байгуулсан. ... энэ хугацаанд “ДГ” ХХК болон “НТ” ХХК-аас нэг ч албан бичиг мэдэгдэл ирж байгаагүй. ...талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой тооцоо бүрэн дуусгавар болсон” гэв.

12. Анхан шатны шүүх хариуцагч Б.Бд холбогдох Ц.Нгийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,  “НТ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг болон “ДГ” ХХК-ийн “НТ” ХХК-д холбогдох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шийдвэрт “... “ДГ” ХХК ба “НТ” ХХК нарын хооронд 2014.05.31-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Гэрээний гүйцэтгэлийн тухайд талууд тооцоо нийлж, ажлын хөлс 3,001,417,710 төгрөгөөс 979,757,353 төгрөгийг “НТ” ХХК нь “ДГ” ХХК-д төлөх үлдэгдэлтэй гэж тохирсон.  Улмаар “ГЧ” ХХК-ийн хувьцаа, хөрөнгийг 2,000,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээг Ц.Н ба Б.Б нар 2022.05.11-ний өдөр байгуулж, “НТ” ХХК-ийн “ДГ” ХХК-д төлөх 979,757,535 төгрөгийн өрийг худалдагч Ц.Нгийн 2,000,000,000 төгрөгийн авлагаас хасаж, үлдэх дүн 1,020,242,647 төгрөгт тохирсон ажлыг “ДГ” ХХК хийж гүйцэтгэх замаар төлөхөөр харилцан тохирсон үйл баримт тогтоогдсон. Нэгэнт үлдэгдэл төлбөрт тохирсон ажлыг хийж гүйцэтгээгүй тул ... 168,373,057 төгрөгийг хасан үлдэх дүнг мөнгөн хэлбэрээр шаардах эрхтэй” гэж дүгнэн 851,869,590 төгрөгийг хариуцагч Б.Бгаас гаргуулж нэхэмжлэгч Ц.Нд олгохоор шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх хариуцагч “ДГ” ХХК нь Ц.Нгийн нэхэмжлэлийн хариуцагч биш байхын зэрэгцээ нэхэмжлэгч “НТ” ХХК нь шаардлага гаргах эрхгүй гэж, хариуцагч “ДГ” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээг үндэслэн сөрөг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр тус тус үндсэн ба сөрөг шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосон байна.

13. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн ба сөрөг шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосон байна. Магадлалд “ДГ” ХХК ба “НТ” ХХК нарын хооронд 2014.05.30-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн талаар тооцоо нийлсэн байдал, Ц.Н ба Б.Б нарын хооронд 2017.05.11-ний өдөр байгуулсан худалдах-худалдан авах гэрээнд Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрийг тооцсон талаарх үйл баримтуудын тухайд анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгаагүй. Харин худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл үнэ 1,020,242,647 төгрөгийг мөнгөн хэлбэрээр бус ажил гүйцэтгэх замаар төлөхөөр тохирсон бөгөөд хариуцагч тал ажил гүйцэтгэж төлбөр төлөх үүргээсээ татгалзаагүй, нэхэмжлэгч талаас ажил санал болгож байснаа баримтаар нотлоогүй гэж дүгнэн үндсэн ба сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгожээ. 

14. Зохигч өөр хоорондоо холбоотой ажил гүйцэтгэх болон хувьцаа, хөрөнгө худалдах-худалдан авах агуулга бүхий хоёр гэрээг үндэслэн харилцан мөнгөн төлбөр гаргуулахаар үндсэн ба сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан байна. Нэхэмжлэгч Ц.Н өөрийн хамаарал бүхий компани болох “НТ” ХХК-ийн 2014.05.31-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээнээс үүссэн ажлын хөлсний үлдэгдэл өрийг төлөх зорилгоор өөрийн эзэмшдэг “ГЧ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа, бусад хөрөнгийг Б.Бд 2,000,000,000 төгрөгт тооцон шилжүүлж, авлага болон үлдэх зөрүү төлбөрийг Б.Бгийн хамаарал бүхий компани болох “ДГ” ХХК-аар ажил гүйцэтгүүлэх замаар төлүүлэхээр тохирсон үндэслэл зааж мөнгөн төлбөр нэхэмжилсэн. Хариуцагч Б.Б нь 2014.05.31-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээний тооцоо нийлсэн үйл баримтыг эс зөвшөөрч үндэслэлээ тодорхойлон үндсэн нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн байна. Улмаар түүний хамаарал бүхий компани болох “ДГ” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсийг, алдангийн хамт нэхэмжилж сөрөг шаардлага гаргажээ.

15. Хоёр шатны шүүх, “ДГ” ХХК, “НТ” ХХК нарын хооронд 2014.05.31-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, энэ гэрээний нийт ажлын хөлс нь 3,001,417,710 төгрөг байсан, нэхэмжлэгч Ц.Н нь “НТ” ХХК-тай, хариуцагч Б.Б нь “ДГ” ХХК-тай хамаарал бүхий буюу нэгдмэл ашиг сонирхолтой этгээд болох үйл баримтуудыг зөв тогтоож, адил агуулга бүхий дүгнэлт өгсөн нь хууль зөрчөөгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 979,757,353 төгрөгийг “НТ” ХХК нь “ДГ” ХХК-д төлөхөөр тооцоо нийлж, энэ төлбөрийг Ц.Нгийн Б.Бгаас шаардах 2,000,000,000 төгрөгийн авлагаас хасах замаар төлсөнд тооцохоор талууд харилцан тохиролцсон гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх буруутгаагүй, үндэслэл бүхий дүгнэлт гэж үзсэн байна.

Зохигчийн хооронд 2017.05.11-ний өдөр байгуулсан Компанийн хувьцаа, эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний 2.2.2-т “худалдагч талын нэгдмэл сонирхол бүхий хуулийн этгээд болох “НТ” ХХК-аас Худалдан авагч талд АГ-14/1297, АГ14/1614 тоот ажил гүйцэтгэх гэрээ, 15/1261 тоот нэмэлт гэрээний дагуу төлбөл зохих 979,757,353 төгрөгийг энэ гэрээний 2.2.1-д заасан гэрээний үнийн дүнгээс хасч тооцохыг талууд хүлээн зөвшөөрч байгаа ...” гэж заасан байх ба гэрээнд холбогдох этгээдүүд гарын үсэг зурж баталгаажуулжээ. Иймд 2014.05.31-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдлийн талаар тооцоо нийлэхдээ “ДГ” ХХК-ийн эрхийг зөрчсөн, буруу тооцсон, үндэслэлгүй төлбөрүүдийг суутгасан гэх агуулга бүхий хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй.

16. Улмаар ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрийг төлж дуусгах зорилгоор Ц.Н, Б.Б нарын хооронд байгуулсан “ГЧ” ХХК-ийн хувьцаа, хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээний үнэ 2,000,000,000 төгрөгөөс “ДГ” ХХК-ийн авлага 979,757,353 төгрөгийг хасаж үлдэх 1,020,242,647 төгрөгийг хэрхэн төлөх тухай талуудын тохиролцоо маргааны зүйл болжээ.

Нэхэмжлэгч Ц.Н “... энэ төлбөрийг ажил гүйцэтгэх замаар төлөхөөр тохирсон. “НТ” ХХК-д “ДГ” ХХК-аар гүйцэтгүүлж болох ажил цөөнгүй байсан боловч “ДГ” ХХК энэ талаар санаачлага гаргаагүй, гэрээний саналаа ирүүлээгүй, идэвхигүй байр сууринаас хандаж төлбөрийг удаашруулж байх тул мөнгөн хэлбэрээр гаргуулна” гэж тайлбарлаж байгаа бол хариуцагч Б.Б “худалдах худалдан авах гэрээний дагуу төлбөрийн үүрэг бүрэн төлөгдөж дууссан, харин ч ажил гүйцэтгэх гэрээний дагуу бид авлагатай” гэж маргасан байна.

Хоёр шатны шүүх энэ маргааны зүйлийн тухайд ялгаатай дүгнэлт өгсөн бөгөөд анхан шатны шүүх Ц.Н төлбөрийг мөнгөөр тооцон Б.Бгаас шаардах эрхтэй гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх Ц.Нд ийнхүү шаардах эрхгүй, ажил гүйцэтгэх хэлбэрээр хариу үүргийг гүйцэтгэж дуусгахаас “ДГ” ХХК татгалзаагүй, энэ үүрэг нь тус компанид хадгалагдсаар байна гэж үзэж шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

17. Давж заалдах шатны шүүхийн Ц.Н, Б.Б нарын хооронд байгуулсан гэрээний үлдэгдэл хөлсийг Ц.Н мөнгөн хэлбэрээр шаардах эрхгүй, энэ нь “ДГ” ХХК-ийн үүрэг гэж үзсэн дүгнэлт зөрчилтэй бөгөөд үндэслэл бүхий байж чадсангүй. Хэрэв ийнхүү ажил гүйцэтгэх хэлбэрээр төлбөрөө төлөх нь “ДГ” ХХК болон Б.Б нарын үүрэг бол үүрэг гүйцэтгэгч нь энэ үүргээ биелүүлэхээр санаачилгатай хандах, холбогдох арга хэмжээ авах талаар идэвхтэй байр сууринаас хандах учиртай. Гэвч хэрэгт энэ тухай нэхэмжлэгч талаас шаардлага мэдэгдэл хүргүүлж байсан талаарх албан бичгүүд нотлох баримтаар авагдсан байх боловч хариуцагч талаас үүргээ биелүүлэхээр хандаж байсан тухай аливаа баримт гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл, төлбөрөө ажил гүйцэтгэх хэлбэрээр төлөх нь хариуцагч талын үүрэг гэж үзвэл энэ үүргээ биелүүлсэн талаараа нотлох үүргийг хариуцагч хүлээнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ хариуцагч биелүүлж чадсангүй. Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ 2017.05.11-ний өдөр байгуулагдсан бөгөөд  нэхэмжлэгч Ц.Н хувьцаа, хөрөнгө шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн тухайд зохигч маргаагүй, энэ талаар хоёр шатны шүүх адил агуулгатай дүгнэлт хийсэн нь хуульд нийцсэн.

Нэгэнт гэрээний нэг тал гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн бол хариу үүргийн гүйцэтгэлээ шаардах нь хоёр талын гэрээний үндсэн зарчим бөгөөд хариуцагчид ажил гүйцэтгэх хэлбэрээр үүргээ биелүүлэх боломжийг нэхэмжлэгч олгоогүй гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул гэрээ байгуулснаас хойш 5 жил орчмын дараа (нэхэмжлэлийг шүүхэд 2022.05.18-ны өдөр гаргасан) хариу үүргийг мөнгөн хэлбэрээр гүйцэтгүүлэхээр шүүхэд хандсаныг буруутгах боломжгүй.

18. Зохигчийн хооронд байгуулсан гэрээний хөлс төлбөрийг ажил гүйцэтгэх хэлбэрээр төлж барагдуулах тухай тохиролцоо нь худалдах худалдан авах гэрээний бүлэгт хамаарах Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасан арилжааны гэрээний шинжийг агуулах бөгөөд тус гэрээний харилцаанд худалдах худалдан авах гэрээний зохицуулалт нэгэн адил үйлчлэхээр заасан. Тодруулбал, гэрээний дагуу шилжүүлсэн эдийн ба эдийн бус хөрөнгийн хариуд тодорхой хөрөнгө, ажил үйлчилгээний үр дүнг шилжүүлэх үүргийг нөгөө тал хүлээнэ. Улмаар энэхүү үндсэн үүргээ биелүүлээгүй үед нэг тал ийнхүү үүргээ биелүүлээгүй талд хандан ямар шаардлага гаргах нь худалдах-худалдан авах гэрээний холбогдох зохицуулалтаас хамаарна гэж ойлгоно. Түүнчлэн энэ шаардлагын хариуд нөгөө талаас гаргах татгалзал, үгүйсгэл ч мөн нэгэн адил худалдах-худалдан авах гэрээний зохицуулалтын хүрээнд өрнөх боломжтой.

Тус хэргийн тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг шаардсан худалдагч талын шаардлагыг худалдан авагч хэрхэн үгүйсгэсэн нь ойлгомжгүй байна. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа “... хувьцаа худалдах худалдан авах гэрээг аргагүйн эрхэнд байгуулсан” талаар дурдсан боловч энэ талаараа аливаа баримт гаргаагүйн зэрэгцээ аргагүй гачигдсан, сонголтгүй болсон нөхцөл байдлаа нотлох үүргээ биелүүлээгүй байх тул энэ татгалзал дангаараа гэрээний дагуу шилжүүлэн авсан хөрөнгийн хариу төлбөрийг төлөхгүй байх үндэслэл болохгүй.  Иймд хариу үүргийн төлбөрийг ажил гүйцэтгэх гэрээний хэлбэрээр төлөх үүрэг хэвээр хадгалагдсаар байгаа гэх үндэслэлээр Ц.Нгийн Б.Бд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

19. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.Нгийн дээрх шаардлагыг гаргах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, 2021.04.01-ний өдөр 10,000,000 төгрөгийн төлбөр шилжүүлснээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэн үүргийг ажил гүйцэтгэж бус, мөнгөн төлбөрөөр төлж болох талаар үндэслэл бүхий дүгнэсэн боловч үүргийн хэмжээг нийт 851,869,590 төгрөг гэж үзсэн нь буруу болсон.

Нэхэмжлэгч худалдах, худалдан авах гэрээнд ажил гүйцэтгэх хэлбэрээр төлөхөөр тохирсон 1,020,242,647 төгрөгөөс 2020.07.01-ний өдөр барьцаа 158,373,057 төгрөг, 2021.04.01-ний өдөр ““ДГ” ХХК авлага авч Содын өглөг хаав” гэсэн утгатайгаар хариуцагч Б.Бгаас шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг тус тус хасч, 851,869,590 төгрөгөөр шаардлагаа тодорхойлсон. Хариуцагч Б.Б ““ГЧ” ХХК-ийн Тариалан эрхлэлтийг дэмжих санд үүсгэсэн өр 210,110,660 төгрөгийг бид төлж барагдуулсан, энэ өрийг нэхэмжлэгч өөрөө хариуцахаар гэрээнд заасан” гэж маргасан байна. Талуудын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээний 2.3.6-д “Компани нь гэрээ байгуулах өдрийн байдлаар ... Тариалан эрхлэлтийг дэмжих санд төлөх 210,110,660 төгрөг ...-ийн өглөгтэй байгаа, бүх өглөгийг худалдагч тал бүрэн хариуцна. ...” гэж заасан байна.

Худалдагчийн хариуцах өр төлбөрийг өмнөөс нь төлж барагдуулсан тухайд нэхэмжлэгч маргаагүй бөгөөд хариуцагч Б.Б энэ төлбөрийг суутгах эрхтэй тул нэхэмжлэгч Ц.Нд төлөх 851,869,590 төгрөгөөс хасаж тооцох нь зүйтэй. Энэ үндэслэлээр хариуцагч Б.Бгаас 641,758,930 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Нд олгох нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасантай нийцэх юм. Энэ талаар гаргасан хариуцагч “ДГ” ХХК-ийн төлөөлөгч Б.Бгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.

20. Анхан ба давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч “НТ” ХХК-ийн хариуцагч Б.Б, “ДГ” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгч Ц.Нгийн хариуцагч “ДГ” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй. Энэ талаар анхан ба давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдсонгүй. Тодруулбал, нэхэмжлэгч “НТ” ХХК нь хариуцагч нараас хувьцаа, хөрөнгө худалдах худалдан авах гэрээний дагуу мөнгөн төлбөр гаргуулах шаардлага гаргах эрх үүсээгүй, ийнхүү шаардах эрхгүй бол нэхэмжлэгч Ц.Н хариуцагч “ДГ” ХХК-аас  ямар үндэслэлээр мөнгөн төлбөр гаргуулахаар шаардаж байгаа нь ойлгомжгүй, энэ талаарх “ДГ” ХХК-ийн хариу татгалзал үндэслэлтэй.

21. Түүнчлэн хариуцагч “ДГ” ХХК нь дуусгавар болсон гэрээний үүргийг “НТ” ХХК-аас шаардах эрхгүй гэж дүгнэн хоёр шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

22. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мын давж заалдах шатны шүүх “...1,020,242,647 төгрөгийг мөнгөн хэлбэрээр бус хариуцагч талаар ажил гүйцэтгүүлж барагдуулахаар талууд тохиролцсон тул нэхэмжлэгч Ц.Н худалдах-худалдан авах гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь утга агуулгын хувьд зөрүүтэй, хэрэгт авагдсан үйл баримтыг буруу үнэлж тухайн шийдвэрийг гаргасан”  гэх гомдол, хариуцагч Б.Бгийн “Тариалан эрхлэлтийг дэмжих санд 210,110,660 төгрөгийн өглөгийг Худалдагч тал бүрэн хариуцна гэсэн атал би төлж барагдуулсан” гэх гомдлыг тус ус хангаж давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 210/МА2023/00633 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2023/00540 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

“Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Бгаас 641,758,930 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Нд олгож, нэхэмжлэгч “НТ” ХХК-ийн хариуцагч Б.Б, “ДГ” ХХК-д холбогдох болон нэхэмжлэгч Ц.Нгийн хариуцагч “ДГ” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн 3 дахь заалтын “4,417,298” гэснийг “3,366,745” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч “НТ” ХХК нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023.05.01-ний өдөр төлсөн 4,417,298 төгрөгийг, хариуцагч “ДГ” ХХК нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023.05.08-ны өдөр төлсөн 3,734,580 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

                       

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ЭРДЭНЭСУВД

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                        Н.БАЯРМАА

                                                                                                        П.ЗОЛЗАЯА

                                                                                                        Д.ЦОЛМОН