Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2023/00633

 

2023 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2023/00633

 

 

Ц.А-, “Б-” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2023/00540 дугаар шийдвэртэй,

 

Ц.А-, “Б-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Б.В-, “Г-” ХХК-д тус тус холбогдох,

 

Компанийн хувьцаа, эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 851,869,590 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Г-” ХХК: “Б-” ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 715,324,995 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, нэхэмжлэгч “Б-” ХХК-ийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргил, хариуцагч Б.В-, өмгөөлөгч Ц.Батхүү, хариуцагч “Г-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэцгээ, өмгөөлөгч У.Түвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Ц.А- болон Б.В- нар 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Компанийн хувьцаа, эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан, хамтран ажилласан. Гэрээний үнийн дүн 2,000,000,000 төгрөг бөгөөд гэрээний дагуу худалдагч тал болох Ц.А- “Д- “ХХК-ийн 100 хувийн хувьцаа, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, компанийн нэр дээрх газар, газар дээр баригдсан хашааг тус тус шилжүүлэн өгөх, Б.В- гэрээнд заасан нөхцлийн дагуу үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Ц.А- гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Гэтэл Б.В- нь гэрээгээр хүлээсэн үүргээ эс биелүүлж, төлбөр тооцоогоо бүрэн дуусгахгүй байна.

1.2. Б.В- гэрээний үнэ 2,000,000,000 төгрөгөөс 1,138,130,410 төгрөгийг өөрийн нөхрийн компани болох “Г-” ХХК-ийн “Б-” ХХК-аас авах авлагад тооцон суутгаж төлсөн. “Б-” ХХК нь Ц.А-гийн харилцан хамаарал бүхий компани буюу төрсөн ээжийн компани болно. Нэхэмжлэгч иргэн Ц.А- болон “Б-” ХХК хоорондоо харилцан хамаарал бүхий нэгдмэл ашиг сонирхолтой этгээдүүд болно.

1.3. Худалдан авагч тал үлдэгдэл 851,869,590 төгрөгийг “Г-” ХХК-аар “Б-” ХХК-д ажил гүйцэтгэх гэрээгээр барилгын ажил гүйцэтгэж төлөхөөр тохиролцсон боловч үүргээ биелүүлээгүй. Ц.А- үлдэгдэл төлбөрөө төлөхийг амаар болон бичгээр удаа дараа шаардсан боловч төлөхгүй байна.

1.4. Гэрээ байгуулснаас хойш худалдан авагч тал шилжүүлэн авсан компанийн нэр дээрх газар болон хөдлөх ба үл хөдлөх эд хөрөнгийг ашиглан газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулан тодорхой хэмжээний ашиг орлого олсоор байна.

1.5. Иймд Ц.А- болон “Б-” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нэгэн адил тул талуудын хооронд байгуулсан Компанийн хувьцаа, эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 851,869,590 төгрөгийг Б.В- болон “Г-” ХХК-аас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч Б.В-гийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. “Г-” ХХК нь 2014 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “Б-” ХХК-тай харилцан тохиролцож Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хорооны нутаг, Бага Тэнгэрийн аялал жуулчлалын цогцолборын 53 ширхэг, \/IР зочид буудлын 78 мм профилтэй 7054627 м.кв металл вакуум цонх, 450 м.кв металл вакуум хаалга /тагтны/ хийж угсрах ажлыг /цонх үйлдвэрлэл угсралтын ажил/ 3,001,417,710 төгрөгийн өртөгтэйгөөр хийж гүйцэтгэхээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хамтран ажилласан.

Бид гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд захиалагч талаас 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд 17 удаагийн гүйлгээгээр 1,286,283,542 төгрөгийг “Г-” ХХК-ийн дансанд шилжүүлсэн бөгөөд гэрээний санхүүжилтийг тухай бүр өгөхгүй байснаас шалтгаалж вакуум цонх, хаалга угсрах ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгээгүй удааширсан.

2.3. Захиалагч талтай гэрээг дүгнэж тооцоо нийлэхэд 509,163,547 төгрөгийн алданги, зам усалгааны 1,200,000 төгрөг, гүйцэтгэлийн зөрүү 75,689,319 төгрөг, нийт 586,052,866 төгрөг үндэслэлгүйгээр суутгаж, нийт 861,869,590 төгрөгийн авлагыг үндэслэлгүй үүсгэсэн бөгөөд манай гүйцэтгэсэн ажлын хөлснөөс суутгах, харин өрөндөө “Д-” ХХК-ийг 2,0 тэрбумын үнэлгээтэйгээр тооцож өгөх саналыг гаргаж, дарамт үүсгэснээс хүлээн зөвшөөрч компанийг шилжүүлж авсан.

“Б-” ХХК-аас Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас “Д-” ХХК нь өр төлбөргүй гэсэн санхүүгийн тамга бүхий баримтыг хуурамчаар гаргуулан авч манайд хүлээлгэн өгсөн. Өр төлбөртэй аж ахуйн нэгж шилжүүлж, үндэслэлгүй авлага нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2.4. Ц.А- нь өр төлбөр барагдуулах талаар ямар нэгэн шаардлага ирүүлж байгаагүй бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 17, 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр шаардлага хүргүүлж байсан гэх хуурамч баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна. Ч.А-, Б.В- нарын хооронд байгуулагдсан 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Компанийн хувьцаа, эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 2.2.3-т “худалдан авагч нь худалдагчид өгөх төлбөрийг ойрын хугацаанд “Б-” ХХК болон “Г-” ХХК-ийн хооронд байгуулах ажил гүйцэтгэх гэрээгээр тохиролцсон ажил үүргийг гүйцэтгэж “Б-” ХХК-д хүлээлгэн өгч талууд харилцан акт үйлдэж баталгаажуулснаар төлөгдсөнд тооцно” гэж зохицуулж өгсөн боловч нэхэмжлэгч болон “Б-” ХХК-ийн зүгээс “Г-” ХХК-д ямар нэг ажил өгөөгүй, тохиролцсон ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй. Гэрээгээр тохирсон нөхцөлөө нэхэмжлэгч тал өөрсдөө зөрчсөн учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

2.5. Үүнээс гадна Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан бөгөөд "Д- ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээг 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан бөгөөд дээрх гэрээ байгуулснаас хойш 5 жил гаран хугацаа өнгөрсөн байна. 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр тооцоо хийж байгаад 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж, өр авлага дууссан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Хариуцагч “Г-” ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

3.1. “Г-” ХХК-ийг энэ гэрээний дагуу төлбөр төлөх эрх, үүрэгтэй этгээд бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад хэдэн төгрөгийн төлбөртэй байсан гэх агуулга харагдахгүй байна.

3.2. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд “Г-” ХХК нэхэмжлэгч нарын эрхийг зөрчсөн гэх агуулга байхгүй. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах этгээд “Г-” ХХК биш байна.

3.3. Гэрээний 2.3.6-д “компани гэрээ байгуулах өдрийн байдлаар “MВ инжеринг” ХХК-д төлөх төлбөр, Тариалан эрхлэлтийг дэмжих санд төлөх .... өглөгийг худалдагч тал бүрэн хариуцна...” гэж заасан хэрнээ төлбөрийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй.

3.4. “Б-” ХХК нь “Г-” ХХК-д өр төлбөртэй бөгөөд энэ төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй.

Иймд Компанийн хувьцаа, эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний төлбөрт мөнгөн төлбөр шаардаж байгаа нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4. Хариуцагч “Г-” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

4.1. “Г-” ХХК нь “Б-” ХХК-тай 2014 оны 05 дугаар сарын 31-ний өдөр "Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, нутагт дэвсгэрт “Б-” ХХК-ийн барьсан Бага тэнгэр аялал жуулчлалын цогцолборын 53 ширхэг, Ви ай пи (VIР) зочид буудлын 78 мм зузаантай шилэн профилтэй 7,054.627 м.кв металл вакуум цонх, 450 м.кв металл вакуум хаалга угсрах ажлыг хийж гүйцэтгэх, ажлын хөлсөнд захиалагч тал 3,001,417,710 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн.

Ажлыг гүйцэтгэх явцад захиалагч талаас тохиролцсон вакуум цонхны ажлаас 2 ширхэг цонхыг гүйцэтгүүлэхээс татгалзаж, гэрээний хугацааг сунгах болон нэмэлт ажил гүйцэтгэх өөр гэрээг тухай бүр байгуулан гүйцэтгэж, ажлын үр дүнг үе шат бүрээр нь хүлээлгэн өгч, акт үйлдэж байсан ба гэрээний үүргээ зөрчөөгүй.

4.2. Талууд 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гэрээг дүгнэсэн протокол үйлдэж, ажил гүйцэтгэх явцад олгосон санхүүжилт, (1,266,283,542 төгрөг) гүйцэтгэлийн зөрүү, чанарын баталгааны мөнгө болон бусад зардлуудыг хасаж тооцоод “Б-” ХХК нь “Г-” ХХК-д ажлын хөлсний үлдэгдэлд 1,456,640,683 төгрөгийг төлөхөөр харилцан хүлээн зөвшөөрч баталгаажуулсан. Уг баталгаажуулсан протоколд 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “М-” ХХК-ийн ерөнхийлөгч Ц.Р- гарын үсгээ зурж, үлдэгдэл төлбөрийг бартераар төлнө гэж хүсэл зоригоо илэрхийлж зөвшөөрсөн. (Гэрээний нэг тал болох “Б-” ХХК нь “М-” ХХК-ийн охин компани болно)

Гэвч дээрх үлдэгдэл төлбөрийг төлөхгүй, бартерийн гэрээгээ хийхгүй байсан учир манай компаниас үлдэгдэл санхүүжилтээ авах тухай, бартерт өгөх байшингаа шилжүүлэхийг хүссэн албан бичгийг удаа дараа “Б-” ХХК-д хүргүүлэхэд хариу өгөөгүй.

4.3. Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр А блокийн 602.4 м.кв талбайтай хаусыг 1,225,000 ам.долларт тооцож өгөх, зөрүү 433,744 ам,долларыг төлөх тухай саналыг ирүүлсэн. Манай компани уг саналыг хүлээн авсан ч биелэгдэхгүй байсан учир уг 602.4 м.кв хаусыг төлбөртөө шилжүүлэхийг шаардсаар газар дээр нь очиж үзэхэд бусдад зарчихсан, худалдаж авсан айл нь орох гээд засвар хийж байсан тул “Б-” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Ж.Ж-той уулзахад “... Ц.Р- захирал зарсан, би мэдэхгүй, энэ асуудлыг захиралд хэлж гэрээний төлбөрийг чинь өгүүлэх талаар уламжилна" гэж хэлсэн боловч түүний амлалт мөн биелэгдээгүй.

4.4. Бид Ц.Р- захирлаас ажлын хөлсний үлдэгдэл 1,456,640,683 төгрөгийн өр төлбөрийг барагдуулахыг амаар болон албан бичгээр удаа дараа хандаж шаардсан. Хариуцагч “Б-” ХХК нь манай компанид төлөх ажлын хөлснөөс 459,260,088 төгрөгийг өгөхгүй хохироосоор байна.

Иймд ажлын хөлсний үлдэгдэл 476,883,330 төгрөгт 2014 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 14-1297 тоот гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.24, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу алданги авах эрхтэй тул ажлын хөлсний үлдэгдэл 476,883,330 төгрөгийг уг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох 238,441,665 төгрөгийн алданги /2016 оны 07 дугаар сарын 06-наас хойш тооцсон/, нийт 715,324,995 төгрөгийг “Б-” ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.

 

5. Нэхэмжлэгч “Б-” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

5.1. Гэрээнд н.Р- гэж хүний нэр байдаггүй. “Б-” ХХК болон “Г-” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээгээр захиалагч тал болон гүйцэтгэгч тал төлбөрөө бүрэн төлж гүйцэтгэсэн. Тооцоо нийлсэн акт үйлдээд баримт бичгээр баталгаажуулсан. “Г-” ХХК-ийн захирал Б.В-, нягтлан нь гарын үсэг зурсан.

5.2. “Г-”-нд төлөх ёстой үүргийн хүрээнд “Б-” ХХК-аас 2,000,000,000 төгрөгийн үнэтэй компанийн эрх болон эд хөрөнгийг гэрээний дагуу шилжүүлсэн бөгөөд 1,020,242,667 төгрөгт ногдох үүргийг “Г-” ХХК нь ажил гүйцэтгэж дуусгавар болгохоор тохиролцож, шинэ үүрэг үүссэнээр ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой тооцоо бүрэн дуусгавар болсон. 

5.3. Үүнээс гадна 2017 оны ажил гүйцэтгэх гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.В-гаас Компанийн хувьцаа, эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 851,869,590 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.А-д олгож, нэхэмжлэгч “Б-” ХХК болон хариуцагч “Г-” ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б-” ХХК-д холбогдуулан гаргасан хариуцагч “Г-” ХХК-ийн Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт ажлын хөлсний үлдэгдэл 476,883,330 төгрөг, алданги 238,441,995 төгрөг, нийт 715,324,995 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.А-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,417,298 төгрөг болон хариуцагч “Г-” ХХК-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,734,575 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.В-гаас улсын тэмдэгтийн хураамжид 4,417,298 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.А-д олгож шийдвэрлэжээ.

 

7. Хариуцагч “Г-” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

7.1. Хэргийн үйл баримтын хувьд “Г-” ХХК нь 2014 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дугаар 14-297 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулан, уг гэрээгээр ажил гүйцэтгэгч нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа бага тэнгэр аялал жуулчлалын цогцолборын ажлыг гүйцэтгэх, захиалагч нь 3,001,417,710 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн.

Гүйцэтгэгч “Г-” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ зохих журмын дагуу гүйцэтгэж, хүлээлгэж өгсөн. Гэтэл захиалагч нь 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд 1,286,283,542 төгрөгийг төлж, үлдэх төлбөрийг төлөөгүй гэрээний үүргээ гүйцэтгээгүй.

Талууд 2014, 2015 онд тооцоо нийлсэн гэх баримтын агуулгаас харвал 459,260,088 төгрөгийн алданги гэх зүйл огт байдаггүй. 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр “Компанийн хувьцаа эд хөрөнгө худалдах. худалдан авах гэрээ”-г байгуулах үед үйлдсэн баримтад алданги гэх байдлаар, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт дурьдаж зааснаар “...үүнээс хасагдах тооцоо болох 587,732,029 төгрөг....” гэх байдлаар захиалагчийн төлөх төлбөрөөс үндэслэлгүйгээр хассан.

7.2. Гэрээний нэг тал нь нөгөө талдаа алданги буюу хууль зүйн хариуцлага ногдуулахын тулд үүргийн гүйцэтгэлийн зөрчил, үүргийн зөрчлийн хэмжээ, үүргийн гүйцэтгэлийн зөрчил гаргасан хугацаа зэргийг тодорхой тогтоогдсон байх шаардлагатай.

“Г-” ХХК нь гэрээний үүргийг зохих журмын дагуу гүйцэтгэж ирсэн байхад 2014, 2015 оны буюу тухайн үед үүргийн гүйцэтгэлийг дүгнэх үед 476,883,330 төгрөгийн алданги буюу хариуцлага байгаагүй атлаа 2017 онд мөнгөн төлбөр төлөх болсон нөхцөл байдлаар далимдуулж алданги нэрийдлээр төлөх төлбөрөө багасгасан баримт бичигт гарын үсэг зуруулсан нь үндэслэлгүй.

Захиалагчаас шаардсан 475,883,330 төгрөгийн алданги нь гэрээний аль үүргийг, хэдий хугацаанд зөрчсөнд ногдуулж байгаа нь тодорхойгүй байхад шүүх талууд тохиролцсон тул хасч тооцох шаардлагатай гэх байдлаар дүгнэж, ажил гүйцэтгэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд хохироосон шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй , гомдолтой байна.

7.3. Иймээс хууль зүйн хувьд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн эсхүл өөрийн материалаар зохих үр дүнг бий болгож захиалагчийн өмчлөлд шилжүүлж, захиалагч үр дүнгийн хэмжээгээр хөрөнгөжиж, ажлын хөлс буюу төлбөрийг гүйцэтгэгчид төлдөг. Агуулга зүйн хувьд гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн үр дүн нь захиалагчийн төлж буй ажлын хөлс, төлбөрөөр солигддог энгийн харилцаа ба энэ нь шударга ёс, хууль ёсонд нийцэх юм. Иймээс “Б-” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 476.883.330 төгрөг, уг төлбөрт гэрээнд заасны дагуу ногдох алданги 238,441,665 төгрөг, нийт 715,324,995 төгрөгийг төлөх үүргээ өнөөдрийг хүртэл гүйцэтгээгүй байгаа.

7.4. “Г-” ХХК, “Б-” ХХК-ийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсөнд үл хөдлөх эд хөрөнгө өгөхөөр тохиролцож, хожим өөрчилсөн байдаг. “Б-” ХХК-ийн өр төлбөрийн холбогдох хэсгийг нэхэмжлэгч Ц.А- төлөхөөр тохиролцож тодорхой хэсгийг төлсөн цаг хугацаанаас хойш тоолж үзсэн ч хөөн хэлэлцэх дуусгавар болоогүй.

Түүнчлэн Ц.А- нь уг төлбөрийг төлөхөөс өмнө ч үл хөдлөх эд хөрөнгөөр ажлын гүйцэтгэлийн хөлсийг төлөх талаар нэхэмжлэгчээс удаа дараа албан бичиг өгч байсан нөхцөл байдалд анхан шатны шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй, хөөн хэлэлцэх хугацааг дуусгавар болсон гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн дугаар 1 тоот гэрээний 5.1-д “энэхүү гэрээ нь хувьцааны эрхийг шилжсэнийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэж, худалдан авагч тал төлбөрийн үүргээ энэ болон ажил гүйцэтгэх гэрээний дагуу бүрэн биелүүлснээр дуусгавар болно” гэж хугацааны асуудлыг өөрчлөн тогтоосон нөхцөл байдалд хууль хэрэглээний хувьд анхан шатны шүүх ач холбогдол өгч дүгнэлт хийгээгүй.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт “Б-” ХХК-аас 715,324,995 төгрөгийг гаргуулж “Г-” ХХК-д олгож өөрчлөлт оруулж өгнө үү.

 

8. Хариуцагч Б.В-гийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

8.1. Иргэн Б.В- нь Ц.А-тэй 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн дугаар 1 тоот гэрээг байгуулсан. Тус гэрээгээр худалдагч нь “Д-” ХХК-ийн 100 хувийн хувьцаа болон эд хөрөнгийг шилжүүлж өгөх, худалдан авагч нь төлбөр төлөх үүргийг харилцан тохиролцсон. Худалдагч нь гэрээний 2.3.6-д заасан төлбөрийг хариуцаж төлөхөөр харилцан тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл төлбөрийг төлөөгүй байна. Шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үедээ худалдагч гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлсэн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөөгүйг хүлээн зөвшөөрөхгүй байна.

8.2. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь уг төлбөрт холбогдох хэсгээсээ татгалзсан. Гэтэл шүүгч дахин тодруулж байна гэх байдлаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед нэхэмжлэгчийн татгалзсан шаардлагыг хэлэлцсэн. Иргэний хэргийн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процесс нь нэхэмжлэгч шаардлагаасаа татгалзсан бол уг шаардлагыг хуралдаанаар хэлэлцдэггүй гэж ойлгож байна. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нь нэгэнт татгалзсан шаардлагаа дахин шүүхэд гаргаж хэлэлцүүлэх боломжгүй гэж бодож байна.

8.3. Мөн Ц.А- нь уг компанийг худалдахдаа төлбөрийн зарим хэсгийг “Б-” ХХК-аас “Г-” ХХК-д төлөх өр төлбөрт тооцож өгсөн. “Б-” ХХК нь “Г-” ХХК-д төлөх ажлын гүйцэтгэлийн төлбөр, түүнд ногдох алдангийг бүрэн төлөөгүй байгаа. Иймээс уг мөнгөн хөрөнгийг тооцож үзвэл Б.В- нь Ц.А-д төлөх төлбөргүй.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өөрчлөлт оруулж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч “Г- “ ХХК-ийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч Б.В-гийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч Ц.А-, “Б-” ХХК нь хариуцагч Б.В-, “Г-” ХХК-д тус тус холбогдуулан Компанийн хувьцаа, эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 851,869,590 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч хариуцагч “Г-” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 715,324,995 төгрөгийг “Б-” ХХК-д холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3. “Б-” болон “Г-” ХХК нь 2014 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 14-1297 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Бага тэнгэр аялал жуулчлалын цогцолборын 53 ширхэг “VIP” зочид буудлын 78 мм зузаантай профилтэй 7,054.627 м.кв металл вакуум цонх, 450 м.кв металл вакуум хаалга /тагны/ хийж угсрах ажлыг 3,001,417,710 төгрөгөөр хийж гүйцэтгэх, санхүүжилтийг 6 үе шаттайгаар гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон, талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.   

 

3.1. Талууд дээрх гэрээнд 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 14-1614 дугаартай, 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 3 дугаартай, мөн оны 11 дүгээр сарын 21-ний өдөр тус тус нэмэлт, өөрчлөлт оруулж гэрээний хугацааг 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл сунгажээ.

 

3.2. Захиалагч нь 2014, 2015 онд ажлын гүйцэтгэлийг хүлээн авч, 2016 оны 01 дүгээр сарын 15, мөн оны 06 дугаар сарын 22-ны өдөр “Г-” ХХК-ийн гэрээт ажлын явцыг дүгнэж, мөн оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 14-1297 дугаартай гэрээний нэмэлт 3 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ болох 15-1261 дугаартай гэрээний ажлын гүйцэтгэлийг дүгнэсэн байх бөгөөд захиалагч нь ажлын хөлсөнд нийт 1,286,283,542 төгрөгийг шилжүүлсэн, үлдэгдэл төлбөр 979,757,353 төгрөгт бартераар байр өгөхөөр тооцоо нийлсэн актыг тус тус үйлдсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.  

 

4.1. Ц.А- болон Б.В- нарын хооронд 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Компанийн хувьцаа, эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр Ц.А-гийн 100 хувийн эзэмшлийн “Д-” ХХК-ийн нэг бүр нь 10,000 төгрөгийн үнэ бүхий нийт 100 ширхэг хувьцааг бүхэлд нь, компанийн өмчлөлийн үл хөдлөх, хөдлөх хөрөнгө, тэдгээрт холбогдох эрхийн хамт 2,000,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч гэрээний үнийг төлөх үүргийг тус тус хүлээжээ.

Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

4.2. Гэрээний 2.2.2-т “Худалдагч талын нэгдмэл сонирхол бүхий хуулийн этгээд болох “Б-” ХХК-аас худалдагч талд АГ-14/1297, АГ-14/1614 тоот Ажил гүйцэтгэх гэрээ, 15/1261 тоот нэмэлт гэрээний дагуу төлбөл зохих 979,757,353 төгрөгийг энэ гэрээний 2.2.1-д заасан гэрээний үнийн дүнгээс хасч тооцохыг талууд хүлээн зөвшөөрч байгаа ба худалдан авагч нь худалдагчид 1,020,242,647 төгрөгийг энэ гэрээнд заасан нөхцөлөөр худалдагчид төлнө”, 2.2.3-т “худалдан авагч нь 2.2.2-т заасан худалдан авагчийн төлбөл зохих үнийн дүнг “Б-” ХХК болон “Г-” ХХК-ийн хооронд ойрын хугацаанд байгуулах ажил гүйцэтгэх гэрээгээр тохиролцсон ажил үүргийг тус гэрээний нөхцөл болзлын дагуу бүрэн гүйцэтгэж, “Б-” ХХК-д хүлээлгэн өгч, талууд хүлээлцсэн акт үйлдэж, баталгаажуулснаар төлөгдсөнд тооцно. Дээр дурдсан ажил гүйцэтгэх гэрээ нь энэхүү Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний салшгүй хэсэг байна” гэж тус тус заажээ.

 

4.3. Нэхэмжлэгч “Б-” ХХК-ийн Ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүрэг буюу хариуцагч “Г-” ХХК-д төлөх ажлын хөлс болох 979,757,353 төгрөгийг Худалдах, худалдан авах гэрээний 2,000,000,000 төгрөгөөс хасаж, Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний үүрэг дуусгавар болжээ.

Харин худалдах, худалдах авах гэрээний үлдсэн үнэ 1,020,242,647 төгрөгийг мөнгөн хөрөнгийн хэлбэрээр бус хариуцагч талаар ажил гүйцэтгүүлж барагдуулахаар талууд тохиролцсон байх тул нэхэмжлэгч Ц.А- худалдах, худалдан авах гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шаардах эрхгүй.

 

5.1. Нэхэмжлэгч талаас хариуцагч талд барилгын ажилд үнийн саналаа ирүүлэн хамтран ажиллах тухай албан бичиг, гэрээний төлбөрийг барагдуулах талаар мэдэгдэл хүргүүлж байсан гэх баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн боловч энэ нь нэг талын баримт байх бөгөөд хариуцагч талд хамтран ажиллах, ажил гүйцэтгүүлэх саналыг хүргүүлсэн, хариуцагч тал хүлээн авсан нь талуудын тайлбар, хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар гэрээг цуцлахад гэрээний нөгөө тал үүргийн зөрчил гаргасан гэдгийг нотлоогүй тул гэрээ цуцлах эрхийг хэрэгжүүлэх үндэслэл тогтоогдож байна.

 

5.2. Хариуцагч тал гэрээний 2.2.3-т заасан ажил гүйцэтгэж худалдах, худалдах авах гэрээний үлдэгдэл төлбөрийг барагдуулах үүргээс татгалзаагүй байна.

 

6. Түүнчлэн “Г-” ХХК нь дуусгавар болсон ажил гүйцэтгэх гэрээний хөлс төлөх үүргийг “Б-” ХХК-аас Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхгүй, ийнхүү үндсэн үүрэг шаардах эрхгүй тул гэрээгээр тохиролцсон алдангийг Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар шаардах эрхгүй юм.

Иймд анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

7. Дээрх үндэслэлээр хариуцагч “Г-” ХХК-ийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч Б.В-гийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2023/00540 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 353 дугаар зүйлийн 353.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Б.В-, “Г-” ХХК-аас 851,869,590 төгрөг гаргуулах тухай Ц.А-, “Б-” ХХК-ийн нэхэмжлэлийг, нэхэмжлэгч “Б-” ХХК-аас 715,324,995 төгрөг гаргуулах тухай “Г-” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.В-гийн төлсөн 4,417,300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагч “Г-” ХХК-аас төлсөн 3,734,580 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.БЯМБАСҮРЭН                                          

         ШҮҮГЧИД                                             Д.НЯМБАЗАР                                                                                   

Э.ЗОЛЗАЯА