Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2023/00540

 

 

 

 

 

 

 

2023 01 23

101/ШШ2023/00540

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ц.Н,

 

Нэхэмжлэгч: Н ХХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Б

 

Хариуцагч: Д ХХК холбогдох

 

Компанийн хувьцаа, эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 851,869,590 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Д ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 715,324,995 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М,

Хариуцагч Б.Б

Хариуцагч Б.Бгийн өмгөөлөгч Ц.Б,

Хариуцагч Д ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц,

Хариуцагч Д ХХК-ийн өмгөөлөгч У.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Н болон НХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Ц.Н болон иргэн Б.Б нарын хооронд 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Компанийн хувьцаа, эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулан хамтран ажилласан болно. Гэрээний үнийн дүн 2,000,000,000 төгрөг бөгөөд гэрээний дагуу худалдагч тал болох иргэн Ц.Нгийн зүгээс гэрээ болон гэрээний хавсралтад заасан Г ХХК-ийн 10%-ийн хувьцаа, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, компанийн нэр дээрх газар, газар дээр баригдсан хашааг тус тус шилжүүлэн өгөх, иргэн Б.Б гэрээнд заасан нөхцлийн дагуу үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн болно. Худалдагч тал болох иргэн Ц.Нгийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж компанийн 100%-ийн хувьцаа, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, газар хашааг худалдан авагч талд бүрэн шилжүүлж хүлээлгэж өгсөн. Гэтэл худалдан авагч иргэн Б.Б нь гэрээгээр хүлээсэн үүргээ эс биелүүлж гэрээнд заасан нөхцлийн дагуу төлбөр тооцоогоо бүрэн дуусгахгүй байгаа болно. Иргэн Б.Б гэрээний үнийн дүн болон 2,000,000,000 төгрөгөөс 1,138,130,410 төгрөгийг өөрийн нөхрийн компани болох Д ХХК-ийн НХХК-иас авах авлагад тооцон суутгаж төлсөн. НХХК нь худалдагч иргэн Ц.Нгийн харилцан хамаарал бүхий компани буюу төрсөн ээжийн компани болно. Худалдан авагч тал үлдэгдэл төлбөр болох 851,869,590 төгрөгийг нөхрийн компани болох Д ХХК-иар худалдагч талын ээжийн компани болох НХХК-д ажил гүйцэтгэх гэрээ байгуулан барилгын ажил гүйцэтгэж төлөхөөр тохиролцсон боловч үүргээ биелүүлээгүй. Иргэн Ц.Нгийн зүгээс худалдан авагч талыг үлдэгдэл төлбөрөө гэрээнд заасны дагуу болон мөнгөөр төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөхгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Худалдагч талын зүгээс үлдэгдэл төлбөрөө төлөхийг амаар болон бичгээр удаа дараа шаардсан боловч төлөхгүй цаг хугацаа өнгөрөөсөн байдалтай байсаар байна. Гэрээ байгуулснаас хойш худалдан авагч тал худалдагч талаас шилжүүлсэн компанийн нэр дээрх газар болон хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийг ашиглан газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулан тодорхой хэмжээний ашиг орлого олсоор байгаа болно.

НХХК болон Д ХХК нар нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу хамтран ажилласан бөгөөд тус гэрээтэй холбоотой хоорондын төлбөр тооцоонд талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр Компанийн хувьцаа, эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан НХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч З.Б миний төрсөн охин болох Ц.Нгийн нэр дээрх Г ХХК-ийг компаний нэр дээрх газар, үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, техник тоног төхөөрөмжийн хамт 100% хувь Д ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Бгийн нэр дээр шилжүүлсэн байдаг. Тус гэрээний дагуу дээрх компани, газар, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, техник тоног төхөөрөмжийн зөрүү төлбөрийг Д ХХК болон иргэн Б.Б нар буцаан төлөх байсан болно. Нэхэмжлэгч иргэн Ц.Н болон НХХК нар нь хоорондоо харилцан хамаарал бүхий нэгдмэл ашиг сонирхолтой этгээдүүд болно.

Иймд Ц.Н болон НХХК нарын нэхэмжлэлийн шаардлага нэгэн адил тул талуудын хооронд байгуулсан Компанийн хувьцаа, эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 851,869,590 төгрөгийг Б.Б болон Д ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д ХХК нь 2014 оны 5 дугаар сарын 31-ний өдөр НХХК-тай харилцан тохиролцож Баянзүрх дүүрэг 0 ширхэг, \/IР зочид буудлын 78 мм профилтэй 7054627 м кв металл вакум цонх, 450 м кв металл вакум хаалга /тагтны/ хийж угсрах ажлыг /цонх үйлдвэрлэл угсралтын ажил/ 3,001,417,710 төгрөгийн өртөгтэйгөөр хийж гүйцэтгэхээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хамтран ажилласан билээ. Бид гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд захиалагч талаас 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд 17 удаагийн гүйлгээгээр 1,286,283,542 төгрөг манай компанийн дансанд шилжүүлсэн бөгөөд гэрээний санхүүжилтийг тухай бүр төлөөгүй удааширснаас шалтгаалж бид вакум цонх хаалга угсрах ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгээгүй удааширсан. Манай компани нь гэрээнд заасан ажлаа дуусгаж хүлээлгэн өгсөн байхад НХХК нь ажлын хөлс, материалын үнийг өгөөгүй, санхүүжилтийг удаашруулсан, сүүлдээ мөнгө байхгүй өгч чадахгүй гэж хэлдэг болсон. Захиалагч талтай гэрээг дүгнэж тооцоо нийлэхэд 509,163,547 төгрөгийн алданги, зам усалгааны 1,200,000 төгрөг, гүйцэтгэлийн зөрүү 75,689,319 төгрөг нийт 586,052,866 төгрөг үндэслэлгүйгээр суутгаж нийт 861,869,590 төгрөгийн үндэслэлгүй авлага үүсгэсэн бөгөөд манай өгөх ажлын хөлснөөс уг мөнгийг суутгах, түүнчлэн Танд байх тариалангийн талбай, техник тоног төхөөрөмж бүхий үндсэн хөрөнгөтэй Г ХХК-ийг 2 тэрбум төгрөгийн үнэлгээтэйгээр тооцож өгөх санал тавьж уг саналыг зөвшөөрөхгүй бол өөр өгөх зүйл байхгүй энэ компанийг авбал ав, авахгүй бол мөнгөтэй болохоороо өгнө гэсэн санал тавьсан. Мөн танай компаниар үргэлжлүүлж ажил хийлгэнэ гэж хэлэхээр нь бид арга буюу саналыг зөвшөөрсөн. Тухайн үед Г ХХК нь Тариалан эрхлэлтийг дэмжих санд 187,753,563 төгрөгийн өртэй байсан бөгөөд уг өрийг бид хариуцна гэж хэлээд 2018 онд тариалан эрхлэх дэмжих санд өрөө төлж барагдуулсан өр төлбөргүй гэсэн санхүүгийн тамга бүхий бичиг авч манай талд өгсөн. Гэтэл Тариалан эрхлэх дэмжих санд Г ХХК нь өр төлбөртэй гэж өр барагдуулахыг шаардсан мэдэгдэл манайд ирүүлсэн. НХХК нь барилгын ажил гүйцэтгэх явцад удахгүй ажлын хөлсийг өгнө гэж хэлэн биднээр ажил гүйцэтгүүлж байсан бөгөөд ажил бүрэн дууссаны дараа гэрээгээр тохирсон мөнгөө өгөхгүй удааширсан тул арга буюу саналыг нь зөвшөөрч өрөндөө Г ХХК-ийн хувьцааг 100 хувь шилжүүлж авсан. НХХК-ийн зүгээс өөрсдийн танил талаа ашиглан Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас Г ХХК нь өр төлбөргүй гэсэн санхүүгийн тамга бүхий баримтыг хуурамчаар гаргуулан авч манайд хүлээлгэн өгсөн, түүнчлэн өр төлбөртэй аж ахуйн нэгж шилжүүлж, үндэслэлгүй авлага нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. НХХК нь олон иргэн, аж ахуйн нэгжээр ажил гүйцэтгүүлчихээд ажлын элсийг өгөхгүй араасаа гүйлгэдэг, бөгөөд тооцоо нийлэхээр очиход баахан хүмүүс овоорчихсон ажлын хөлсөө авахаар оочирлоод зогсож байдаг байсан. Гэрээг дүгнэхдээ 2 талын эрх ашгийг бодолцдоггүй, зөвхөн нэг талын буюу өөрсдийн эрх ашгийг өндөрт тавьж бусдыг хохироож байгаа үйлдэл гаргасан, түүнчлэн хуурамч баримт үйлдсэн асуудал нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Иргэн Ц.Нгийн зүгээс Б.Б миний нэр дээр өр төлбөр барагдуулах талаар ямар нэгэн шаардпага ирүүлж байгаагүй бөгөөд 2018 оны 5 дугаар сарын 17, 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр шаардлага хүргүүлж байсан мэтээр хуурамч баримтыг бүрдүүлэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хавсаргасан байна. Ч.Н, Б.Б нарын хооронд байгуулагдсан 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн компанийн хувьцаа, эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 2.2.3-т зааснаар худалдан авагч нь худалдагчид өгөх төлбөрийг ойрын хугацаанд НХХК болон Д ХХК нарын байгуулах ажил гүйцэтгэх гэрээгээр тохиролцсон ажил үүргийг гүйцэтгэж НХХК-д хүлээлгэн өгч талууд харилцан акт үйлдэж баталгаажуулснаар төлөгдсөнд тооцно... гэж зохицуулж өгсөн боловч нэхэмжлэгч болон НХХК-ийн зүгээс Д ХХК-д ямар нэг ажил өгөөгүй, тохиролцсон ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй. Гэрээгээр тохирсон нөхцөлөө нэхэмжлэгч тал өөрсдөө зөрчсөн учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Нөгөө талаас Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан бөгөөд "Г ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан бөгөөд дээрх гэрээ байгуулснаас хойш 5 жил гаран хугацаа өнгөрсөн байна. 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр миний бие тооцоо хийж байгаад 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж, өр авлага дууссан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хариуцагч Д ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн агуулгыг харвал нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхой байх ёстой. Нэхэмжлэлийн үндэслэлийг харахаар анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Б.Бгаас 851,869,590 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ хэргийг хамтран хариуцах этгээд нь Д ХХК байна гэж тодорхойлсон. Нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг ярьж байгаа шалтгаан нь юу вэ гэхээр нэхэмжлэлийн үндэслэл гэдэг нь тухайн этгээдийн шүүхэд хандах болсон шалтгаан нөхцөл, шаардлага гэдэг нь хүсэж байгаа үр дүнг хэлнэ. Процесс хуульд заасан агуулгыг харвал хариуцагч гэж хэнийг хэлэх вэ гэхээр нэхэмжлэлийн шаардлагыг хариуцвал зохих этгээд буюу нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөд байгаа этгээдийг ойлгоно. Өөрөөр хэлбэл энэ төлбөр төлбөл зохих этгээдийг ойлгоно. Гэтэл өнөөдөр Д ХХК-ийг энэ гэрээний дагуу төлбөр төлөх эрх, үүрэгтэй этгээд байна уу гээд харахаар тийм эрх, үүрэгтэй этгээд биш байна. Өөрөөр хэлбэл ийм төлбөртэй байж гэсэн агуулга ерөөсөө харагддаггүй. Хоёрдугаарт нэхэмжлэлийн үндэслэл шаардлага дээр Д ХХК-ийг ийм учраас нэхэмжлэгч нарын эрхийг зөрчсөн шүү гэх агуулга ерөөсөө харагддаггүй. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах этгээд Д ХХК биш байна. Аливаа өр төлбөрийг бусдаас гаргуулах гэж байгаа бол тодорхой шалтгаан нөхцөл байх ёстой. Гэтэл анх гэрээ хийсэн нөхцөл байдлыг харахад гэрээ дээр байгаа 2.3.6-д компани гэрээ байгуулах өдрийн байдлаар MВ инжеринг ХХК-нд төлөх төлбөр, Тариалан эрхлэлтийг дэмжих санд төлөх төлбөрийг өөрсдөө хариуцна гэж байгаа. Гэтэл тухайн төлбөрийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулсан зүйл байдаггүй. НХХК гэх хамтран нэхэмжлэгч нь Д ХХК-д өр төлбөртэй, өөрөөр хэлбэл Иргэний хуульд байгаа эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх юм бол ажил гүйцэтгэх гэрээний дагуу өгөх үед хүлээж аваад хөрөнгөжөөд байгаа бол ийм хэмжээний төлбөрийг төлөх ёстой. Гэтэл энэ төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй. Өөрөөр хэлбэл Д ХХК-д өөрсдийн гэсэн өр төлбөр нь байгаа. Ийм асуудал байгаа учраас манай компанийн зүгээс сөрөг нэхэмжлэл гаргасан. Тэгэхээр энэ компанийн хувьцаа, эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний төлбөрт мөнгөн төлбөр шаардаад байгаа нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Хариуцагч Д ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Иргэн Ц.Нгийн нэхэмжлэлтэй иргэн Б.Бд холбогдох иргэний хэрэгт хамтран хариуцагчаар татагдсан Д ХХК нь хамтран нэхэмжлэгч НХХК-тай 2014 оны 5 дугаар сарын 31-ний өдөр "Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, Баянзүрх дүүрэг, 0 хороо, нутагт дэвсгэрт НХХК-ийн барьсан Б аялал жуучлалын цогцолборын 53 ширхэг, Ви ай пи (VIР) зочид буудлын 78 мм зузаантай шилэн профилтэй 7054.627 м.кв металл вакум цонх, 450 м.кв металл вакуум хаалга угсрах ажлыг хийж гүйцэтгэх, ажлын хөлсөнд захиалагч тал 3,001,417,710 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Ажпыг гүйцэтгэх явцад захиалагч талаас тохиролцсон вакум цонхны ажлаас 2 ширхэг цонхыг гүйцэтгүүлэхээс татгалзаж, гэрээний хугацааг сунгах болон нэмэлт ажил гүйцэтгэх өөр гэрээг тухай бүр байгуулан гүйцэтгэж, ажлын үр дүнг үе шат бүрээр нь хүлээлгэн өгч акт үйлдэж байсан ба гэрээний үүргээ зөрчөөгүй. Талууд 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр гэрээ дүгнэсэн протокол үйлдэж, ажил гүйцэтгэх явцад олгосон санхүүжилт, (1,266,283,542 төгрөг ) гүйцэтгэлийн зөрүү, чанарын баталгааны мөнгө болон бусад зардлууд гэх мэтийг хасаж тооцоод НХХК нь Д" ХХК-д ажлыг хөлсний үлдэгдэлд 1,456,640,683 төгрөгийг төлөхөөр харилцан хүлээн зөвшөөрч баталгаажуулсан байдаг. Уг баталгаажуулсан протокол дээр 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр С ХХК-ийн ерөнхийлөгч Ц.Агарын үсгээ зурж үлдэгдэл төлбөрийг бартераар төлнө гэж хүсэл зоригоо илэрхийлж зөвшөөрсөн. (Гэрээний нэг тал болох НХХК нь С ХХК-ийн охин компани болно) Гэвч дээрх үлдэгдэл төлбөрийг ч төлөхгүй, бартерийн гэрээгээ ч хийхгүй байсан учир манай компанийн зүгээс үлдэгдэл санхүүжилтээ авах тухай, бартерт өгөх байшингаа шилжүүлэхийг хүссэн албан бичгийг удаа дараа НХХК-д хүргүүлсэн боловч ямар ч хариу өгөхгүй байснаа гэнэт 2016 оны 0 сарын 10-ны өдөр А блокийн 602,4 м2 талбайтай хаусыг 1,225,000 долларт тооцож өгөх, зөрүү 433,744 ам,долларыг төлөх тухай саналыг ирүүлсэн. Манай компани уг саналыг хүлээн авсан ч биелэгдэхгүй байсан учир уг 602 4 мкв хаусыг төлбөртөө шилжүүлэхийг шаардсаар сүүлдээ газар дээрнь очиж үзэхэд аль хэдийн бусдад зарчихсан, худалдаж авсан айл нь орох гээд засвар хийж байсан тул НХХК-ийн захирлаар ажиллаж байсан Ж.Гтой уулзахад ... Ц.Азахирал зарсан би мэдэхгүй, энэ асуудлыг захиралд хэлж гэрээний төлбөрийг чинь өгүүлэх талаар уламжилна" гэж хэлсэн боловч түүний амлалт мөн биелэгдээгүй.

Ингээд бид ажлын хөлсөний үлдэгдэл 1,456,640,683 төгрөгийг шаардаж, өдөр бүр Ц.Азахиралтай уулзах гэж очдог. Зарим үед ажил дээрээ байхгүй тохиолдолд хэдэн цагаар ч хамаагүй өрөөний үүдэнд хүлээж суудаг, эсхүл байсан ч хүлээж авдаггүй байсан. Түүнээс өр төлбөрөө барагдуулахыг амаар болон албан бичгээр удаа дараа хандаж шаардсан. Хариуцагч НХХК нь манай компанид төлөх ажлын хөлснөөс 459,260,088 төгрөгийг өгөхгүй өдий хүртэл хохироосоор байгаа юм.

Иймд ажлын хөлсний үлдэгдэл 476,883,330 төгрөгт 2014 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 14-1297 тоот гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.24 дэх заалт, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу алданги авах эрхтэй тул ажлын хөлсний үлдэгдэл 476,883,330 төгрөгийг уг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох 238,441,665 төгрөгийн алданги /2016 оны 7 дугаар сарын 06-наас хойш тооцсон/, нийт 715,324,995 төгрөгийг НХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

5. Нэхэмжлэгч НХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Хариуцагч сөрөг нэхэмжлэлээ 476,883,330 төгрөгийг алдангийн хамт гаргуулна гэж нэхэмжилсэн. Хариуцагч н.Агэж хэлээд байх боловч шүүх дээр иргэн Ц.Н болон Б.Б гэдэг хүнтэй холбоотой асуудлыг хянан хэлэлцэж байна. Гэрээнд н.Агэж хүний нэр байдаггүй гэдгийг хэлье. 476,883,330 гээд хоёр янзаар дурдаад байдаг. НХХК болон Д ХХК-ийн хооронд байгуулсан гэрээгээр захиалагч тал болон гүйцэтгэгч тал төлбөрөө бүрэн төлж гүйцэтгэсэн. Тооцоо нийлсэн акт үйлдээд баримт бичгээр баталгаажуулсан байдаг. Д ХХК-ийн захирал Б.Б, нягтлан нь гарын үсэг зурсан. Захиалагч талаас дээрх төлбөрийг Г ХХК болон Танд байгаа газрыг авахаар тохирсон. Эсвэл үүнийг авахгүй гэх хүсэл зориг илэрхийлээгүй. Харилцан тохиролцож, зөвшөөрсөн учраас 2,000,000,000 төгрөгийн гэрээ байгуулсан. Үлдэгдэл төлбөрийг ажил хийж төлнө гэдэг гэрээ байгуулсан. Хэзээ хэн энэ хугацаанд Д ХХК болон НХХК-иас нэг ч албан бичиг мэдэгдэл ирж байгаагүй. Тооцоо нийлсэн актын талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой тооцоо бүрэн дуусгавар болсон. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

6. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 1 дугаартай Компанийн хувьцаа, эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, уг гэрээний хавсралт 1 Г ХХК-ийн шилжүүлж буй эд хөрөнгийн жагсаалт, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 1 дугаартай Г ХХК-ийн хувьцаа эзэмшигч солигдсонтой холбогдуулан хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө болон баримт хүлээлцсэн протокол, НХХК-ийн харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, Г ХХК-ийн 0 дугаартай аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, Тын Засаг даргын 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн А/91 дугаартай захирамж, 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Ц.Нгийн төлбөр тооцооны талаар иргэн Б.Б болон Д ХХК-д явуулсан бичиг, НХХК-ийн 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 67/17 дугаартай албан бичиг, 2018 оны 5 дугаар сарын 17, 2020 оны 7 дугаар сарын 01, 2022 оны 4 дүгээр сарын 25, 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Ц.Нгийн иргэн Б.Бд шаардлага хүргүүлэх тухай бичгүүд, Монгол шуудан компанийн шуудангийн тасалбарууд, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 342 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, НХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, мөн компанийн дүрэм, нэхэмжлэгчийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн итгэмжлэл, нэхэмжлэгч НХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн итгэмжлэл, 2022 оны 8 дугаар сарын 22-гы өдрийн эвлэрлийн санал, Г ХХК-ийн дансны хуулга, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Г ХХК-тай холбоотой өглөг, авлагын дэлгэрэнгүй журналууд, 2022 оны 0 сарын 09-ний өдрийн нэхэмжлэлийн нэмэлт тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч оролцуулах хүсэлтийг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

Хариуцагчийн 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн итгэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, 2014 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, Д ХХК-ийн 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн үнийн санал, Д ХХК-ийн 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 102 дугаартай албан бичиг, 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 13 дугаартай албан бичиг, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 142 дугаартай албан бичиг, НХХК-ийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 17/128 дугаартай албан бичиг, Д ХХК-ийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 27 дугаартай албан бичиг, 2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 402 дугаартай албан бичиг, 2016 оны 0 сарын 17-ны өдрийн 123 дугаартай албан бичиг, 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 14-1297 тоот гэрээний нэмэлт №3, 2015 оны 0 сарын 21-ний өдрийн гэрээний нэмэлт, өөрчлөлт, 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 14-1297 тоот гэрээний нэмэлт, НХХК-ийн 364-04 загварын 6 ш барилгын цонхны хэмжилтийн тооцоо, зургууд, Д ХХК-ийн ажлын гүйцэтгэлийн акт, 2016 оны 0 сарын 10-ны өдрийн гэрээ дүгнэсэн протокол, 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн гэрээт ажлын явцыг дүгнэсэн протокол, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээт ажлыг дүгнэсэн протокол, 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн гүйцэтгэсэн ажил хүлээлцсэн акт, 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн НХХК-ийн захиалгаар баг тэнгэрийн аманд баригдаж буй аялал жуучлалын цогцолборын 51 хаусад хийгдсэн цонх хаалганы бариул хүлээлгэж өгсөн акт, 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээ дүгнэсэн протокол, 2014 оны 0 сарын 06-ны өдрийн гүйцэтгэсэн ажил хүлээлцсэн акт, 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн гүйцэтгэсэн ажлын явцын акт, 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дугаартай НХХК-ийн захиалгаар Бийн аманд баригдаж буй аялал жуучлалын цогцолборын 51 хаусны металл цонхны ажлыг хүлээлцсэн тухай хурлын протокол, Инженер А.Цгийн хариуцсан 15ш барилгын цонх угсралтын ажлын явцын тооцоо, Цонхны рам суулгалтын явц дүгнэсэн акт, Инженер Б.Цын хариуцсан 18ш барилгын цонх угсралтын явцын тооцоо, Д ХХК-тай хийсэн гэрээт ажлын тооцоо нийлсэн актууд, Г ХХК-ийн өглөг, авлагын дэлгэрэнгүй журнал, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн тодорхойлолт, Б.Бгийн иргэний үнэмлэх, Д ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тус компанийн дүрэм, 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн эрх зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн эрх зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ, хариуцагч Д ХХК-ийн 2022 оны 0 сарын 07-ны өдрийн итгэмжлэл, хариуцагч Д ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2014 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээг тус тус хариуцагч нараас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

7. Зохигчдын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 4/6048 дугаартай албан бичгээр Г ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааг зохигчийн хүсэлтээр бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Н болон НХХК нь хариуцагч Б.Б болон Дайман гласс ХХК-д холбогдуулан компанийн хувьцаа, эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 851,869,590 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д ХХК нь нэхэмжлэгч НХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 715,324,995 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаас 200,838,465 төгрөгийг хасахыг зөвшөөрсөн агуулга бүхий хүсэлтийг гаргасан боловч өнөөдрийн шүүх хуралдаанд анхны гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон болохыг үүгээр тэмдэглэх нь зүйтэй.

 

Зохигчид нь үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэн хэн нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

2а. НХХК болон Д ХХК нь 2014 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 14-1297 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, Баянзүрх дүүрэг, 0 хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Б аялал жуучлалын цогцолборын 53 ширхэг VIP зочид буудлын 78 мм зузаантай профилтэй 7054,627 м2 металл вакум цонх, 450 м2 металл вакум хаалга /тагтны/ хийж, угсрах ажлыг хийж гүйцэтгүүлэхээр, гүйцэтгэхээр, гэрээний хугацаа 2014 оны 9 дүгээр сарын 15-ны дуусахаар, цонх үйлдвэрлэл, угсралтын ажил нийт 3,001,417,710 төгрөг байх ба санхүүжилтийг 20%, 10%, 10%, 5%, 10%, 45%-иар 6 үе шаттайгаар хийхээр тус тус харилцан тохиролцсон байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

 

2б. Дээрх гэрээнд 2014 оны 10 дугаар сарын 08-ний өдөр, 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр, 2015 оны 0 сарын 21-ний өдөр тус тус нэмэлт, өөрлөлт оруулж, гэрээний хугацааг сунгасан байна.

 

2в. Гэрээний талууд 2014, 2015 онд гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч, гэрээг зохих журмын дагуу дүгнэж явсан байх бөгөөд Д ХХК-ийн гэрээт ажлыг дүгнэсэн протоколыг 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр, 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр тус тус үйлдэж, улмаар ажлын гүйцэтгэлийн акт болон гэрээ дүгнэсэн протоколыг талууд 2016 оны 0 сарын 10-ны өдөр хийсэн байна.

 

2г. Ингээд Д ХХК-тай хийсэн гэрээт ажлын тооцоо нийлсэн актыг талууд үйлдэж, Д ХХК нь гэрээний дагуу ажлаа хийж гүйцэтгэсэн, НХХК нь гэрээний дагуу хийх санхүүжилтийн хувьд 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл нийт 3,001,417,710 төгрөгийн санхүүжилтээс 1,286,283,542 төгрөгийг төлж, үүнээс хасагдах тооцоо болох 587,732,029 төгрөг болон барьцаа 150,070,886 төгрөгийг хасч, 977,331,253 төгрөг гарч байх боловч талууд нийт санхүүжилтийн үлдэгдэл төлбөрийг 979,757,353 төгрөг гэж тооцоо нийлэн, НХХК-ийн нягтлан бодогч, Д ХХК-ийн захирал болон нягтлан бодогч нар гарын үсэг зурж, тамгаа дарж баталгаажуулжээ.

 

3. Г ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь Ц.Н байсан, Д ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал нь Б.Б болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Д ХХК-ийн улсын бүртгэлийн 0 дугаартай гэрчилгээ, компанийн дүрэм зэргээр тогтоогдож байна.

 

3а. Г ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.Н нь Б.Бтай Компанийн хувьцаа, эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр байгуулж, өөрийн 100 хувийн эзэмшлийн нэг бүр нь 10,000 төгрөгийн үнэ бүхий нийт 100 ширхэг хувьцааг бүхэлд нь түүнчлэн энэ гэрээний хавсралт 1-д дэлгэрэнгүй заасан компанийн өмчлөлийн үл хөдлөх, хөдлөх хөрөнгө, тэдгээрт холбогдох эрхийн хамт Б.Бд худалдах, Б.Б нь гэрээнд заасан үнийг төлөхөөр тохирсон.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар худалдах-худалдан авах гэрээ байгуулагджээ.

 

3б. Дээрх гэрээний 2.2.1-д Худалдан авагч нь энэхүү гэрээнд заасан нөхцөл, болзлыг хүлээн зөвшөөрч гэрээнд заасан нөхцлөөр худалдагчийн эзэмшлийн нэг бүр нь 10,000 төгрөгийн үнэтэй, 100 ширхэг хувьцаа болон энэ гэрээний хавсралт 1-д дэлгэрэнгүй тусгасан компанийн эзэмшлийн газар, өмчлөлийн эд хөрөнгийн нийт үнэ 2,000,000,000 төгрөгөөр худалдан авахыг зөвшөөрч байна гэж, 2.2.2-т Худалдагч талын нэгдмэл сонирхол бүхий хуулийн этгээд болох НХХК-иас худалдан авагч талд АГ-14/1297, АГ14/1614 тоот ажил гүйцэтгэх гэрээ, 15/1261 тоот нэмэлт гэрээний дагуу төлбөл зохих 979,757,353 төгрөгийг энэ гэрээний 2.2.1-д заасан гэрээний үнийн дүнгээс хасч тооцохыг талууд хүлээн зөвшөөрч байгаа ба худалдан авагч нь худалдагчид 1,020,242,647 төгрөгийг энэ гэрээнд заасан нөхцлөөр худалдагчид төлнө гэж тус тус тохиролцсон байна.

 

3в. Компанийн хувьцаа, эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу Б.Б нь Г ХХК-ийн хувьцааг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, мөн гэрээний хавсралт 1-д заасан 20 нэр төрлийн эд хөрөнгүүдийг хүлээн авсан болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Г ХХК-ийн хувьцаа эзэмшигч солигдсонтой холбогдуулан хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө болон бичиг баримт хүлээлцсэн протокол, зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд гэрээний дагуу Ц.Н нь үүргээ биелүүлжээ.

 

Эдгээрээс дүгнэвэл НХХК болон Д ХХК-ийн хооронд байгуулагдсан 2014 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 14-1297 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ болон нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээний үүрэгт НХХК-ийн төлөх төлбөр буюу 979,757,353 төгрөгийн санхүүжилтийн үлдэгдэлтэй байгаа талаарх талуудын тооцоо нийлсэн төлбөрийг Компанийн хувьцаа, эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу Д ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Бгийн төлөх төлбөрт тооцохоор тохиролцсон байна.

 

3г. Нэхэмжлэгч Ц.Н нь Компанийн хувьцаа, эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний үүрэгт үлдэгдэл төлбөр 1,020,242,647 төгрөгөөс 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр барьцаа 158,373,057 төгрөгийг суутгаж, мөн 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Д ХХК авлага авч Содын өглөг хаав гэсэн утгатай 10,000,000 төгрөгийг хасч, нийт 851,869,590 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Б.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр миний бие тооцоо хийж байгаад 10,000,000 төгрөгийг төлөөд өр, авлага дуусах юм байна гэж бодоод төлсөн гэх тайлбарыг гаргасан бөгөөд энэхүү 10,000,000 төгрөгийг Ц.Нтэй байгуулсан дээрх гэрээний үүрэгт төлсөн, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байх боловч мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж зааснаар Ц.Н болон Б.Б нарын хооронд байгуулсан 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь сүүлд төлбөр хийгдсэнээр тасалдсан байна.

 

Иймд хариуцагч Б.Бгаас гэрээний үүрэгт 851,869,590 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Нд олгож, дээр дурдсан үйл баримтаар нэхэмжлэгч НХХК нь уг гэрээний үүргийг шаардах эрхгүй, мөн хариуцагч Д ХХК нь Ц.Нгийн нэхэмжлэлийн хариуцагч биш этгээд байх тул эдгээрт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

4. Хариуцагч Д ХХК нь нэхэмжлэгч НХХК-д холбогдуулан 2014 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 14-1297 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-ний үүрэгт ажлын хөлсний үлдэгдэл 476,883,330 төгрөг, алданги 238,441,995 төгрөг, нийт 715,324,995 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

4а. Нэхэмжлэгч Ц.Н болон Б.Б нарын хооронд 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан Компанийн хувьцаа, эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, хариуцагч Д ХХК болон нэхэмжлэгч НХХК-ийн хооронд 2014 оны 5 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан 14-1297 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ, уг гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн гэрээний үүрэгт ажлын хөлсөнд НХХК-ийн хамаарал бүхий этгээд болох Ц.Н нь уг компанийн Д ХХК-д төлөх өр төлбөрийг тооцуулан хассан, эдгээрийг хэн хэн нь хүлээн зөвшөөрсөн байна.

 

4б. Эдгээрээс үзвэл ажил гүйцэтгэх гэрээний үүргийг дуусгавар болгосон, нөгөөтэйгүүр 2014 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн гэрээний үүргийг шаардаж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, мөн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Иймд хариуцагч Д ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Ц.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,417,298 төгрөг болон хариуцагч Д ХХК-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,734,575 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 4,417,298 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Нд олгох нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Бгаас Компанийн хувьцаа, эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний үүрэгт 851,869,590 /найман зуун тавин нэгэн сая найман зуун жаран есөн мянга таван зуун ер/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Нд олгож, нэхэмжлэгч НХХК болон хариуцагч Д ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч НХХК-д холбогдуулан гаргасан хариуцагч Д ХХК-ийн Ажил гүйцэтгэх гэрээ-ний үүрэгт ажлын хөлсний үлдэгдэл 476,883,330 төгрөг, алданги 238,441,995 төгрөг, нийт 715,324,995 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,417,298 төгрөг болон хариуцагч Д ХХК-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,734,575 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 4,417,298 /дөрвөн сая дөрвөн зуун арван долоон мянга хоёр зуун ерэн найм/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Нд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ