Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 142/шш/2020/01271

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Ү даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Д овгийн Д.М -ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: айрлах “Эүйлдвэр” ТӨҮГ,

Хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдох тээврийн хэрэгслийн өмчлөх эрх Д.Мт үүссэн болохыг тогтоолгох, тус тээврийн хэрэгслийг Д.Мт шилжүүлэн өгөхийг “Эүйлдвэр” ТӨҮГ, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, өмгөөлөгч М.М, Т.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунсайхан нар оролцов.  

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Д.М нь 1959 онд Хэнтий аймагт төрсөн, ам бүл 2. 1983 онд ОХУ-д дээд сургууль төгсч, автын инженер, механик, 1998 онд Удирдлагын академи төгсч, удирдлагын арга зүйч менежер мэргэжил эзэмшиж, 2007 онд техникийн ухааны магистрын зэрэг хамгаалсан. 1983 оноос Эхотод Медьмолибденьстрой удирдах газарт ажиллаж, Эхот, Эүйлдвэрийн бүтээн байгуулалтад гар бие оролцож ажиллаад 1991 оноос Эүйлдвэрийн автотээврийн цехэд хэсгийн болон цехийн даргын ажлыг тасралтгүй 28 жил үр бүтээлтэй хийж байгаад 2020 оны 01 дүгээр сарын 06-нд өндөр насны тэтгэвэрт гарсан. Эүйлдвэрийн Авто тээврийн цехэд ажиллах хугацаандаа тээвэр зохион байгуулалтын боловсронгуй болгох, техникийн бэлэн байдлыг нэмэгдүүлж, өртөг зардлыг бууруулан, хөдөлмөрийн бүтээмжийг тогтмол нэмэгдүүлэхэд анхаарч, шинэ санал, орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, аюулгүй ажиллагааг хангаж ажиллахад хамт олныг зөв удирдан чиглүүлж, ажилласны үр дүнд эдийн засгийн үр ашиг дээшилж, төлөвлөгөөг тогтмол 100-аас дээш хувь биелүүлж ирсэн. Зөвхөн сүүлийн 2019 онд өртөг зардлыг бууруулснаар 2,5 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргаж, 55.5 сая төгрөгийн нэмэлт орлого олж ажилласан. Эхот, Эүйлдвэрийн бүтээн байгуулалт болон тус үйлдвэрт бүтээлчээр ажиллаж ирснийг төр засаг, хамт олон үнэлж, Монголын залуучуудын холбооны тэргүүний сэхээтэн алтан медаль, онц тээвэрчин, үйлдвэр худалдааны тэргүүний ажилтан, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнасан.

Мөн миний гэр бүлийн хүн болох Г.Б нь тус үйлдвэрт инженер, зохион бүтээгч инженер, Ерөнхий инженер, хэлтсийн даргаар хоёргүй сэтгэлээр ажиллаж, үйлдвэрийн бүтээн байгуулалтанд гар бие оролцон, үйлдвэрийн өргөтгөл, шинэчлэлийн зураг төслийн ажилд зохион бүтээгч инженерээр болон ажилтнуудаа удирдан зохион байгуулж 36 жил тасралтгүй ажилласан, тодруулбал миний бие болон гэр бүлийн хүн уг үйлдвэрийн төлөө залуу нас, хөдөлмөр бүтээлээ бүрэн зориулж ажиллаж одоо бид өндөр насны тэтгэвэрт гараад байна. Гэтэл 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр бидний өргөдөл, саналыг авалгүй, урьдчилан мэдэгдэлгүйгээр үйлдвэрийн газрын Ерөнхий захирлын тушаалаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүссэн үндэслэлээр цуцалсан байсан. Уг асуудлаар бид амаар болон бичгээр өргөдөл, хүсэлт гаргаагүй бөгөөд бид уг асуудлаар маргаж, гомдол гаргаагүй, харин тус үйлдвэрийн захиргаанаас надтай байгуулсан “Автомашин ашиглах гэрээ”-ний дагуу миний албан үүрэг гүйцэтгэж байхдаа ашиглаж байсан Ниссан патрол автотээврийн хэрэгслийг гэрээнд заасны дагуу шийдвэрлэж өгөхийг хүсч Ерөнхий захиралд өргөдөл өгсөн. Уг гэрээний дагуу манай үйлдвэр өмнө төдийгүй одоо ч гэрээний үүргээ биелүүлж ирсэн. Харин уг асуудлаар миний өргөдлийг шийдвэрлээгүй төдийгүй, Ерөнхий захирал одоо ч “шийдвэрлэж өгнө” гэж амаар хариу өгөх атлаа, Эүйлдвэр ТӨҮГ-ийн хуулийн хэлтсийн дарга болохоор 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 117/116 дугаартай албан бичгээр уг автомашиныг шилжүүлэн өгөх боломжгүй гэсэн хариуг өгсөн байна. Үүнээс үзвэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй болох магадлалтай байх тул аргагүйн эрхэнд шүүхэд хандах боллоо.

Тодруулбал Эүйлдвэрийн зүгээс 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр тухайн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, Ерөнхий захирлын эрх олгосны дагуу Үйлдвэр эрхэлсэн орлогч Автомашин ашиглах гэрээ байгуулж, хуулийн хэлтсээр хянуулан тухайн үеийн хуулийн хэлтсийн дарга гэрээг хуульд нийцсэн гэж үзэж гарын үсэг зурж байгуулсан. Уг гэрээний 3.2-т заасны дагуу гэрээний хугацаа дуусах үед надад шилжүүлэн өгөхөөр заасан, 3.5-д заасны дагуу шилжүүлэн өгөх үүргийг Эүйлдвэр хүлээсэн болно, Тухайн гэрээний дагуу тооцвол 2019 оны 12 дугаар сарын байдлаар Ниссан Патрол маркын, арлын JN1TANT31Z0103952 дугаартай, хөдөлгүүрийн 727578 дугаартай, 2010 онд үйлдвэрлэгдсэн, 2011 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ашиглалтанд орсон 03-91 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл бүрэн элэгдэж, хуримтлагдсан элэгдэл нь анхны үнэтэйгээ тэнцүү болсон.

Иймээс Автомашин ашиглах гэрээний дагуу Ниссан Патрол маркын, арлын JN1TANT31Z0103952 дугаартай, хөдөлгүүрийн 727578 дугаартай, 2010 онд үйлдвэрлэгдсэн, 2011 оны 04 дүгээр 30-ны өдөр ашиглалтанд орсон 03-91 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөх эрх нь Д.М надад үүссэн болохыг тогтоолгох, уг автомашиныг Д.М нэр дээр шилжүүлэн өгөхийг “Эүйлдвэр” ТӨҮГ-т даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч “Эүйлдвэр” ТӨҮГ шүүхэд гаргасан тайлбартаа: Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Д.Маас гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч Д.Мыг “Эүйлдвэр” ХХК /хуучин нэрээр/-д Авто тээврийн байгууллагын даргаар ажиллаж байх үед нь үндсэн хөрөнгө болох Япон улсад үйлдвэрлэгдсэн Ниссан патрол маркийн 03-91 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 5/194-16 дугаартай “Автомашин ашиглах тухай” гэрээ байгуулан албан болон хувийн хэрэгцээнд ашиглуулж байсан.

“Эүйлдвэр” ТӨҮГ нь тухайн үед буюу 2016 онд хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд Монгол улсын Засгийн газрын 2019 оны 102 дугаар тогтоолоор төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болон өөрчлөн байгуулагдаж үйлдвэрийн газрын эд хөрөнгийн эрх нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулагдахаар болсон.

2. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8 дахь хэсэгт “Төрийн өмчит хуулийн этгээдийн үл хөдлөх болон үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг данснаас хасах санал. захиалгыг хянаж батлах, шинээр авах шийдвэр гаргах”, 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт “Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь үндсэн хөрөнгийг зөвхөн төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлтэйгээр данснаас хасах буюу борлуулах, устгах эрхтэй”, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт "Төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдахад Засгийн газрын төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын, бусад эд хөрөнгийг тухайн хуулийн этгээдийн шйдвэрээр гагцхүү дуудлага худалдаагаар худалдаж болно” гэж тус тус заасан. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын эд хөрөнгийн эрхтэй холбоотой дээрхи зохицуулалтуудаас Д.Мын эзэмшиж байсан тээврийн хэрэгслийг "Эүйлдвэр” ТӨҮГ бие даан шийдвэр гаргаж шилжүүлэх хууль зүйн ямар ч боломжгүй байна. Мөн тухайн тээврийн хэрэгсэл нь үйлдвэрийн газрын үндсэн хөрөнгөд хамаарах тул заавал Төрийн өмчийн бодлого, эохицуулалтын газраас зөвшөөрөл авсны үндсэн дээр зөвхөн дуудлага худалдаа явуулах замаар хувийн өмчлөлд шилжүүлэх боломжтой юм.

  Иймд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Д.Маас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Д.Маас “Автомашин ашиглах гэрээ”-ний дагуу “Ниссан Патрол” маркийн 03-91 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч болсныг тогтоолгож, улмаар тээврийн хэрэгслийг Д.Мт шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг гардан аваад нэхэмжпэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна.

Иргэн Д.М нь “Эүйлдвэр” ТӨҮГ-тай 2016 онд “Автомашин ашиглалтын гэрээ”-г байгуулан “Ниссан Патрол” маркийн 03 91 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг албан хэрэгцээнд ашиглаж байсан бөгөөд уг гэрээний 3.2-т заасны дагуу гэрээ дуусах үед тээврийн хэрэгслийг над руу шилжүүлэн өгөх, 3.5-д зааснаар шилжүүлэн өгөх үүргийг “Эүйлдвэр” ТӨҮГ хүлээсэн, тус тээврийн хэрэгсэл нь 2011 онд ашиглалтад орсон бөгөөд бүрэн элэгдэж, хуримтлагдсан элэгдэл нь анхны үнэтэйгээ тэнцүү болсон тухай нэхэмжлэлийн үндэслэл хэсэгтээ дурджээ.

Энэхүү нэхэмжлэгч Д.М, “Эүйлдвэр” ТӨҮГ-ын хооронд байгуулагдсан “Автомашин ашиглах гэрээ” нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан “төрийн өөрийн өмчид энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад төр эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж болох дараахь эд хөрөнгө хамаарна: 5.1,2.-т “төрийн өмчит үйлдвэрийн газарт эзэмшүүлсэн эд хөрөнгө;” мөн хуулийн 5.3-т “төрийн өөрийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулахтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй хууль зөрчиж байгуулагдсан хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд төрийн өмчит хуулийн этгээд эзэмшилдээ байгаа илүүдэл үндсэн эд хөрөнгө, түүнчлэн ашиглах хугацаа нь дууссан буюу эсхүл осол гэмтэлд өртсөний улмаас зориулалтаар нь ашиглах боломжгүй болсон бөгөөд засаж, сэлбэж ашиглах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй нь тооцоогоор нотлогдсон эд хөрөнгийг худалдаж, шилжүүлж, акт тогтоон устгаж болохоор заасан бөгөөд эд хөрөнгийг худалдах шилжүүлэхэд мөн хуулийн 29, 30 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг авч, гагцхүү дуудлага худалдаагаар худалдах, төрийн өмчийн эд хөрөнгийг үнэ төлбөргүй шилжүүлэх бол Төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгө, хуулийн этгээдийн эрх хэмжээнд хамааруулснаас бусад хөдлөх хөрөнгийг Засгийн газрын шийдвэрээр, Засгийн газраас зөвшөөрөл олгосон тохиолдолд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр шилжүүлж болохоор заажээ. Өөрөөр хэлбэл “Эүйлдвэр” ТӨҮГ-ийн захирал Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн өмчийн хорооны 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 44 дүгээр тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 86 дугаар тогтоолд заасан журмыг зөрчиж тухайн үед үйлдвэрт ажиллаж байсан Д.Мтай “Автомашин ашиглалтын гэрээ” байгуулж, гэрээндээ албаны хэрэгцээнд хэрэглэж байсан автомашиныг шилжүүлэн өгөх тухай заалт оруулж гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн үйлдэл байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын журамд заасны дагуу төрийн өмчит үйлдвэрийн газарт эзэмшүүлсэн хөрөнгийг ашиглах захиран зарцуулах эрхийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас хуульд заасны дагуу зөвшөөрөл авдаг бөгөөд дээрх автомашиныг хувь хүнд гэрээний үндсэн дээр шилжүүлэн өгөх эрх “Эүйлдвэр” ТӨҮГ-ын захирлын бүрэн эрхэд хамаарах асуудал биш байна.

Иймд “Эүйлдвэр” ТӨҮГ-ын захирал болон нэхэмжпэгч Д.М нарын хооронд байгуулагдсан “Автомашин ашиглах гэрээ” нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” бөгөөд байгуулагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул иргэн Д.Мын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч “Эүйлдвэр” ТӨҮГ, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдуулан тээврийн хэрэгслийн өмчлөх эрх Д.Мт үүссэн болохыг тогтоолгох, тус тээврийн хэрэгслийг Д.Мт шилжүүлэн өгөхийг “Эүйлдвэр” ТӨҮГ, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байгаа.

Нэхэмжлэгч Д.М, “Эүйлдвэр” ХХК-ийн хооронд 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр автомашин ашиглах тухай гэсэн нэртэй гэрээ байгуулагдсан байна.

2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн автомашин ашиглах тухай гэрээгээр хариуцагч “Эүйлдвэр” ХХК нь Ниссан патрол маркын, арлын JN1TANT31Z0103952 дугаартай, хөдөлгүүрийн 727578 дугаартай, 2010 онд үйлдвэрлэгдсэн, 2011 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ашиглалтанд орсон 03-91 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг албаны хэрэгцээнд зориулан Д.Мт олгох, гэрээний хугацаанд “Эүйлдвэр” ХХК нь автомашиныг компанийн үндсэн хөрөнгөд байлгаж, тээврийн хэрэгслийн даатгалыг хийлгэх, автомашинд ногдуулах татварыг хариуцах, эзэмшигч нь гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах саналыг бичгээр гаргах, түлшээр хангаж, тээврийн хэрэгслийн аюулгүй байлдлыг хянаж, ашиглалтын бүртгэл хөтлөх, автомашины төлөвлөгөөт техникийн засвар, үйлчилгээг явуулах эрх, үүргийг, эзэмшигч Д.М нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн засвар, үйлчилгээг цаг тухайд нь хангаж, машиныг гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй байх үүрэг хүлээсэн байна.

Гэрээний 2.2.1-д эзэмшигч энэ автомашиныг албаны болон хувийн хэрэгцээнд 2 жилийн турш ашиглах ба тогтоосон хугацааны дараа 2018 онд Эүйлдвэр ХХК-д автомашины балансын үнэтэй тэнцэх үлдэгдэл төлбөрийг төлнө, 3.2.-д энэхүү гэрээний хугацаа дууссаны дараа Эүйлдвэр ХХК нь машинаа блансаас хасаж, эзэмшигчид шилжүүлэн өгнө, 4.3-д энэхүү гэрээ нь гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж 4 жилийн хугацаанд хүчинтэй байна гэж тус тус заасан байна.

Д.М, “Эүйлдвэр” ХХК-ийн хооронд байгуулагдсан автомашин ашиглах тухай гэрээний агуулахыг харахад үр шимийг хүртэх, ашиг олох шинжээс нь бусдын эд хөрөнгийг хязгаартайгаар эзэмших, ашиглах эрхийн буюу узуфруктын шинжийг агуулсан байгаа боловч уг гэрээгээр өмчлөгч “Эүйлдвэр” ХХК нь өөрийн хөрөнгө болох автомашиныг гэрээний хугацаа дууссаны дараа балансаас хасч эзэмшигчид шилжүүлэн өгөх үүрэг хүлээсэн байна.

Нэхэмжлэгч нь дээрхи гэрээг үндэслэн 03-91 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөх эрх өөрт нь үүссэн болохыг тогтоолгож, өөрийн нэр дээр шилжүүлэн авахыг даалгахаар шаардаж байгаа бөгөөд хариуцагч нар “...тухайн тээврийн хэрэгсэл нь үйлдвэрийн газрын үгдсэн хөрөнгөд хамаарах тул Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас зөвшөөрөл авсны үндсэн дээр дуудлага худалдаа явуулах замаар хувийн өмчлөлд шилжүүлэх боломжтой” гэсэн татгалзал гаргаж байгаа.

“Эүйлдвэр” ХХК  нь Монгол улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 102 дугаар тогтоолоор Төрийн өмчит үйлдвэрийн газар болон өөрчлөн байгуулагдсан байна.

“Эүйлдвэр” ТӨҮГазар нь өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж бие даан иргэний гүйлгээнд ордог хуулийн этгээд буюу аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар юм.

Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар нь эд хөрөнгийн талаар өөрт олгогдсон үл хөдлөх хөрөнгийг дүрэмд заасан үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн эзэмших, ашиглах; үндсэн хөрөнгийг энэ хуульд заасан эрх хэмжээний дотор захиран зарцуулах; үйлдвэрийн үйл ажиллагааны үр дүнд олсон ашгаас эрх бүхий байгууллагаас баталсан нормативт хэмжээгээр өөртөө үлдээж захиран зарцуулах; үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ өөрөө бие даан борлуулах эрхтэй.

Харин Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар үндсэн хөрөнгийг зөвхөн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлтэйгээр данснаас хасах буюу борлуулах, устгах эрхтэй.

Хэдийгээр “Эүйлдвэр” ХХК-ийн статус өөрчлөгдөж Төрийн өмчит үйлдвэрийн газар болсон ч энэ нь “Эүйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрыг гэрэээгээр хүлээсэн үүргээс нь чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзлээ.

Тодруулбал нь Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1.Гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээг байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй, 220 дугаар зүйлийн 220.3.Талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжинд авах үүрэгтэй, 220.4.Гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан.

2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр зохигчдын хооронд автомашин ашиглах тухай гэрээ байгуулагдах үед “Эүйлдвэр” нь хязгаарлагдмал хариуцлагатай компаниар үйл ажиллагаа явуулж байсан, тухайн үед компанийн дүрэмд зааснаар Ерөнхий захирал өөрийн эрх хэмжээний хүрээнд гэрээг байгуулсан байна.

“Эүйлдвэр” ХХК нь Төрийн өмчит үйлдвэрийн газар болж өөрчлөгдөх энэ нөхцөл байдлыг гэрээ байгуулах үед буюу 2016 онд талууд урьдчилан тооцоолох боломжгүй юм. Ийм үйл явдлын эрсдэлийг ердийн тохиолдолд дан ганц гэрээний аль нэг талд ногдуулж болохгүй бөгөөд энэ тохиолдолд гэрээнд засвар, өөрчлөлт оруулахыг шаардах, тэргүүн ээлжинд гэрээг зохицуулах талаар хэлэлцээ хийх ёстой.

Д.Мт өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн үндэслэлээр түүнийг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Ерөнхий захирлын тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх ба тэрээр автомашин ашиглах гэрээний хугацаа дууссаны дараа гэрээний 3.2., 4.3.-д заасны дагуу автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэн өгөхийг хүсэж “Эүйлдвэр” ТӨҮГазрын ерөнхий захиралд өргөдөл гаргасан байна.

Дээрхи өргөдлийн хариуг “Эүйлдвэр” ТӨҮГазрын Хуулийн хэлтэс Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд зааснаар 03-91 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгөх нь хууль зүйн хувьд боломжгүй гэсэн хариу өгсөн байна.

Нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс үүрэг гүйцэтгэх боломжгүй болох тохиолдолд буюу “Эүйлдвэр” ХХК нь Төрийн өмчит үйлдвэрийн газар болж өөрчлөгдсөнөөс талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжинд авах үүрэгтэй. Гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй.

“Эүйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газар нь гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл Д.М зөвшөөрөөгүй бол гэрээнээс татгалзах эрхтэй байсан.

Гэтэл гэрээнээс татгалзах тухайгаа гэрээний нөгөө тал болох Д.М мэдэгдээгүй. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.

Түүнчлэн “Эүйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газар нь “Эүйлдвэр” ХХК-ийн бүх эрхийг шилжүүлэн авч хэрэгжүүлж байгаа атлаа үүргээ биелүүлэх боломжгүй гэж маргаж байгаа нь тэгш эрхийн зарчимд нийцэхгүй байна.

Хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар шүүхэд “...“Эүйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал болон нэхэмжлэгч Д.М нарын хооронд байгуулагдсан автомашин ашиглах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл бөгөөд байгуулагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбар гаргасан.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1.-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.

2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн автомашин ашиглах тухай гэрээ нь хориглосон буюу зөвшөөрөгдөөгүй, хууль зөрчсөн, түүнчлэн нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлах хэлцэлд хамаарахгүй гэж дүгнэлээ.

Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэн, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 140 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1.-д заасныг баримтлан Ниссан патрол маркын 03-91 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөх эрх Д.Мт үүссэн болохыг тогтоож, тус тээврийн хэрэгслийг Д.Мт шилжүүлэн өгөхийг “Эүйлдвэр” ТӨҮГ, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 140 400 гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 4074 дүгээр шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үлдээсүгэй.

Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Р.Ү