Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2022/01130

 

 *******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШШ2020/01271 дүгээр шийдвэр,

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 137 дугаар магадлалтай,

 

*******ын нэхэмжлэлтэй

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ,*******,*******т тус тус холбогдох

 

Тээврийн хэрэгслийн өмчлөгч болсныг тогтоолгох, тус тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мэндбаяр нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мэндбаяр, Э.Түмэнбаяр, хариуцагч*******-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хатанбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч *******аас*******,*******,*******т тус тус холбогдуулан тээврийн хэрэгслийн өмчлөгч болсныг тогтоолгох, тус тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгөхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, марагажээ.

 

2. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШШ2020/01271 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1.-д заасныг баримтлан Ниссан патрол маркын 03-91 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөх эрх *******т үүссэн болохыг тогтоож, тус тээврийн хэрэгслийг *******т шилжүүлэн өгөхийг*******,*******,*******т даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 140,400 гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 137 дугаар магадлалаар: Орхон аймаг даахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2020/01135 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******ын авто машиныг ашиглах гэрээний дагуу Ниссан патрол маркийн 03-91 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөх эрх үүсэн болохыг тогтоолгох, *******ын нэр дээр шилжүүлэн өгөхийг Эрдэнэт Үйлдвэр ТӨҮ-т даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мэндбаяр нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Төрийн болон орон нутгийн өмчийн хуулийн холбогдох заалтыг хэрэглэх ёсгүй байхад тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд: Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1-д заасан шаардах эрхийн үндэслэл, 220.3-т заасан үүргийг зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үгүйсгэх байдлаар тайлбарлан хэрэглэж байгаа нь хариуцагчийг хууль, гэрээнд заасан үүргээс чөлөөлж, улмаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаад гомдолтой байна. Нэхэмжлэгч нь Эрдэнэт үйлдвэр ХХК-д Автотээврийн цехэд ажилтнаас эхлээд даргаар ажиллаж байсан ба хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтны үүрэг хүлээж ажиллаж байсан байдал нь талуудын иргэний эрх зүйн гэрээний харилцаанд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээж, уг эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал дүгнэлт хийгээгүйгээс Иргэний хуулийн 220 дугаар зүйлд заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байна. Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1-д гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээг байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй гэж зааснаар үзвэл хөдөлмөрийн харилцааны ажилтан нь ажил олгогчоосоо гэрээг өөрчлөх, шинэ нөхцөл байдалд нийцүүлэхийг шаардах эрх-ийг хэрэгжүүлэх боломжтой байсан эсэхийг үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь илт үндэслэлгүй байна.

Мөн хоёр талт харилцан үүрэг бүхий гэрээний хувьд үүргийн шинж чанар гэрээний агуулгад нийцүүлэн нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх нь гэрээний үүргийн зарчимд нийцэхээс хариуцагчийн өмчийн өөрчлөлтийг нэхэмжлэгчийн буруу мэтээр тодорхойлж, улмаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Гэрээний гол нөхцөлийн талаарх зохицуулалт нь уг гэрээний үүргээ ажилтан хэрхэн хэрэгжүүлснээс хамаарч тогтвортой 4 жилийн хугацаанд ажилласан тохиолдолд уг гэрээний дагуу тээврийн хэрэгслийн өмчлөлийг шилжүүлэхээр заасан Иргэний хуулийн гэрээний эрх чөлөө буюу чөлөөт байдлын зарчимд нийцнэ. Шүүх уг гэрээгээр хүлээсэн ажилтан, ажил олгогчийн гэрээний үүргийн шинж чанар, үүргийн биелэлт хэрэгжсэн байдалд хуульд зааснаар дүгнэлт хийхгүйгээр хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

4.2. Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг хэрэглээгүй тухайд: Эрдэнэт үйлдвэр Орос, Монголын хамтарсан хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьд ажилтан *******тай Автомашин ашиглах гэрээг 2016.04.29-ны өдөр байгуулахдаа Иргэний хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу хүсэл зоригоо бүрэн, чөлөөтэй, тодорхой, ойлгомжтой илэрхийлж, ухамсарлаж, хүлээн зөвшөөрч улмаар уг гэрээг бичгээр байгуулж, хуулийн хэлтсээрээ хянуулж байгуулсан байх 6а уг гэрээний үүрэг одоог хүртэл хэрэгжээгүй байгааг Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхаарахгүйгээр Иргэний хуулийн дээрх заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Тодруулбал Эрдэнэт үйлдвэр ХХК болон ажилтан ******* нарын хооронд өмчлөх эрхийг тодорхой нөхцөл, болзолтойгоор шилжүүлэх үүргийг гэрээгээр хүлээсэн, *******ын хувьд гэрээнд заасан зориулалтын дагуу тээврийн хэрэгслийг ашиглах, тогтвор суурьшилтай ажиллах, улмаар гэрээний үүргээ талууд хэрэгжүүлэхээр заасан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 189.5-д нийцэж байгааг давж заалдах шатны шүүх анхаараагүй, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

4.3. Төрийн болон орон нутгийн өмчийн хуулийг хэрэглэх ёсгүй тухайд: Талуудын хооронд үүссэн маргаантай харилцаа нь Орос Монголын хамтарсан Эрдэнэт үйлдвэр ХХК болон ажилтан ******* нарын хооронд 2016.04.29-ний өдөр байгуулсан Автомашин ашиглах гэрээнээс үүссэн маргааныг шүүх хянан шийдвэрлэхдээ талуудын гэрээ, үүссэн маргаантай харилцааг зөв тодорхойлоогүйгээс хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна. Тодруулбал талуудыг анх хүсэл зоригоо бүрэн илэрхийлж, улмаар гэрээг бичгээр байгуулж байх үед хариуцагч*******-ын өмчлөл нь Оросын холбооны улс 49 хувийг, Монгол улсын Засгийн газар 51 хувийг эзэмшиж байсан байх ба зохион байгуулалтын хувьд Компанийн тухай хуулиар тодорхойлсон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж, улмаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гэрээний дагуу биелүүлж ирсэн ба одоо ч тус үүрэг нь хэвээр үргэлжилсээр байгаа болно. Иргэний эрх зүйн харилцаанд өөрийн нэрээр оролцож, хувь хүн, байгууллага, олон улсын байгууллагын өмнө гэрээгээр хүлээсэн үүргээс татгалзах эрхгүй байгааг давж заалдах шатны шүүх анхаараагүй төдийгүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хуулийг өмнөх 2016 оны гэрээний харилцаанд дүгнэж, улмаар хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь илт үндэслэлгүй байна.

4.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тухайд: Нэхэмжлэгч ******* болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд*******-ийг хариуцагчаар татан нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны******* зохицуулалтын газрын хамтран хариуцагчаар татан оролцуулж, улмаар анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хувийг гардуулж хариу тайлбар авсан байдаг. Тодруулбал хамтран хариуцагчаар************** оролцож байгаа атал давж заалдах шатны шүүхийн магадлалын Тогтоох хэсгийн нэг дэх заалтад ...*******ын ....нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай... гээд ямар хариуцагчид холбогдох ямар нэхэмжлэлийн шаардлагыг, хэргийг хэрхэн шийдвэрлэсэн нь ойлгомжгүй тодорхойгүй байна.

4.5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн тухайд: Уг хэргийг анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ба уг шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нарын төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцсэн атлаа магадлалын Тогтоох хэсгийн нэг дэх заалтад ...Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2020/1135 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож... гэж заасныг үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан илт үндэслэлгүй, өөр хэрэг хянан шийдвэрлэсэн магадлалыг хүчингүй болгож, улмаар энэ хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчинтэй хэвээрээ байна.

Иймээс Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.17-ны өдрийн 137 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.27-ны өдрийн 142/ШШ2020/01271 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

6. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...2016.04.29-ний өдрийн Эрдэнэт үйлдвэр ХХК /хуучин нэрээр/-тай байгуулсан Автомашин ашиглах тухай гэрээний дагуу тус үйлдвэрт ажиллаж байхдаа миний эзэмшиж байсан 0391 ОРХ улсын дугаартай Ниссан Патрол маркийн автомашиныг *******ын нэр дээр шилжүүлж өгөхийг*******-т даалгаж өгнө үү... гэсэн,

 

Хариуцагчаас: ...нэхэмжлэгч *******ыг Эрдэнэт үйлдвэр ХХК /хуучин нэрээр/-д Авто тээврийн байгууллагын даргаар ажиллаж байх үед нь компанийн үндсэн хөрөнгө болох Япон улсад үйлдвэрлэгдсэн Ниссан Патрол маркийн 0391 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2016.05.12-ны өдөр 5/194-16 дугаартай Автомашин ашиглах тухай гэрээ байгуулан албан болон хувийн хэрэгцээнд ашиглуулж байсан.

Тухайн үед Эрдэнэт үйлдвэр нь хязгаарлагдмал хариуцлагатай компани байсан ба Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 102 дугаар тогтоолоор төрийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болон өөрчлөгдөж, үйлдвэрийн газрын эд хөрөнгийн эрх нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулагдахаар болсон тул хуулийн 11.8, 16.2, 29.1-д зааснаар******* нь бие дааж өөрийн өмчийг захиран зарцуулах эрхгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

 

7. Анхан шатны шүүх ...Ниссан Патрол маркийн 0391 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөх эрх *******т үүссэн болохыг тогтоож, тус тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгөхийг*******,**************т даалгаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

8. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2016.04.29-ний өдрийн Автомашин ашиглах тухай гэрээгээр Эрдэнэт үйлдвэр ХХК нь үйлдвэрийн үндсэн хөрөнгөд хамаарах Ниссан Патрол маркийн 2010 онд үйлдвэрлэгдсэн, 2011.04.30-нд ашиглалтанд орсон 0391 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус үйлдвэрийн Авто тээврийн албаны даргын эзэмшилд шилжүүлэх, эзэмшигч нь албаны болон хувийн хэрэгцээнд 2 жилийн турш ашиглах ба тогтоосон хугацааны дараа 2018 онд Эрдэнэт үйлдвэр ХХК-д автомашины балансын үнэтэй тэнцэх үлдэгдэл төлбөрийг төлнө, энэхүү гэрээний хугацаа дууссаны дараа Эрдэнэт үйлдвэр ХХК нь машинаа балансаас хасаж эзэмшигчид шилжүүлэн өгнө, энэхүү гэрээ нь 4 жилийн хугацаанд хүчинтэй байхаар тохиролцсон.

 

2020 онд гэрээний хугацаа дуусаж, ******* өндөр насны тэтгэвэр тогтоолгосны дараа гэрээний дагуу ашиглаж байсан автомашиныг өөрийн өмчлөлд шилжүүлэхийг хүссэнд хариуцагч Засгийн газрын 2019.03.21-ний өдрийн 102 дугаар тогтоолоор Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн эрх зүйн байдал өөрчлөгдөж, Төрийн өмчит үйлдвэрийн газар болсон үндэслэлээр хүсэлтийг хангах боломжгүй нөхцөл байдал үүссэн гэжээ.

 

9. Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1-д гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээг байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчлөгдсөн байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй, 220.4-т гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн этгээд гэрээнээс татгалзах эрхтэй.

 

10. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг******* болж, эрх зүйн байдал нь өөрчлөгдөхийг талууд гэрээ байгуулах 2016 онд урьдчилан мэдэх боломжгүй байсан бөгөөд ийнхүү эрх зүйн байдал өөрчлөгдсөний дараа нэхэмжлэгч нь гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах, эсхүл гэрээнээс татгалзах байдлаар ямар нэг шаардлага гаргасан үйл баримт тогтоогдоогүй байна.

 

11. Хуулийн этгээдийн статус хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэрээр байхад компанийн хөрөнгийг захиран зарцуулах эрхийг Компанийн тухай хуульд зааснаар компанийн удирдлага өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх эрхтэй байсан бол төрийн өмчит үйлдвэрийн газар болсноор тухайн үйлдвэрийн өмчийг захиран зарцуулах эрх Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулагдах бөгөөд хуулийн 11.8-д Төрийн өмчит хуулийн этгээдийн үл хөдлөх болон үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг данснаас хасах санал, захиалгыг хянаж батлах, шинээр авах шийдвэр гаргах тухай зохицуулалтыг******* зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрхэд хамааруулсан байна.

 

Улмаар хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар үндсэн хөрөнгийг зөвхөн төрийн өмчийн бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлтэйгөөр данснаас хасах буюу борлуулах эрхтэй гэж, 29 дүгээр зүйлийн 29.1-д Төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдахад Засгийн газар, төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг төрийн өмчийн бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын, бусад эд хөрөнгийг тухайн хуулийн этгээдийн шийдвэрээр гагцхүү дуудлага худалдаагаар худалдаж болно гэж зохицуулсан.

 

12. Маргааны зүйл болох автомашин*******-ын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй тул******* зохицуулалтын газрын шийдвэрээр захиран зарцуулах ба үйлдвэрийн удирдлага дур мэдэн шийдвэр гаргах эрхгүй тул нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.

 

Энэ талаар давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул ...давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй... гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

 

13. Анхан шатны шүүх ...талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээг хуулийн хүрээнд, чөлөөтэй байгуулж, агуулгыг өөрсдөө тодорхойлсон тул гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй, түүнчлэн******* нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбогдуулан гэрээг өөрчлөх боломжгүй үндэслэлээр гэрээнээс татгалзах тухайгаа *******т мэдэгдээгүй нь нэхэмжлэлийг хангах үндэслэл болно... гэж дүгнэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4-т зааснаар гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй ...бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж зохицуулсан, энэ тохиолдолд нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдсөн байхад анхан шатны шүүх хариуцагчийг гэрээнээс татгалзах үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэл муутай, түүнчлэн хуулийн этгээдийн эрх зүйн байдал өөрчлөгдөж байх үед нэхэмжлэгч нь тухайн үйлдвэрт тодорхой албан тушаал эрхэлж, ажиллаж байсан, нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа бодит байдлыг мэдсээр байж хариуцагчид холбогдуулан ямар нэг хүсэлт, шаардлага гаргаж байсан үйл баримт тогтоогдоогүй байна.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйл, 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй.

 

14. Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо хэргийн зарим хариуцагчийг заагаагүй, анхан шатны шүүхийн шийдвэрийн огноог ташаа бичсэн байх боловч эдгээр нь магадлалыг хүчингүй болгох, шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц бус техникийн шинжтэй, залруулж болох зөрчлүүд байх тул энэ үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй.

 

15. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал үйл баримтад нийцсэн, үндэслэл бүхий болсон байх боловч давж заалдах шатны шүүх магадлалын удиртгал хэсэгт хамтран хариуцагч*******, зохицуулалтын газрыг бичээгүй байгааг тэмдэглэж, тогтоох хэсэгт хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, мөн дээр дурдсан техникийн шинжтэй алдаа гаргасан байх тул хяналтын шатны шүүхээс магадлалд өөрчлөлт оруулах замаар алдааг залруулж, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 137 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.27-ны өдрийн 142/ШШ2020/01271 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 101 дүгээр зүйлийн 101-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул*******,*******,*******т холбогдох Ниссан Патрол маркийн 03-91 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөх эрх *******т үүссэн болохыг тогтоож, тухайн хөрөнгийг *******ын нэр дээр шилжүүлэхийг*******-т даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мэндбаяр нарын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч *******аас 2021.01.06-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН          Г.АЛТАНЧИМЭГ

 ШҮҮГЧИД                        Г.БАНЗРАГЧ

                                            Б.МӨНХТУЯА

                                                 Х.ЭРДЭНЭСУВД