Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 137

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 207/МА2020/00137

 

 

Д.Мөнхбаатарын нэхэмжлэлтэй,

хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШШ2020/01271 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.Мөнхбаатарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т холбогдох,

Тээврийн хэрэгслийн өмчлөгч болсныг тогтоолгох, тус тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хатанбаатар, хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганзориг нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, өмгөөлөгч М.Мэндбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөгч Д.Хатанбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганзориг /онлайнаар/ нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Мөнхбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Дашцэрэнгийн Мөнхбаатар нь 1959 онд Хэнтий аймагт төрсөн, ам бүл 2. 1983 онд ОХУ-д дээд сургууль төгсөж, автын инженер, механик, 1998 онд Удирдлагын академи төгсөж, удирдлагын арга зүйч менежер мэргэжил эзэмшиж, 2007 онд техникийн ухааны магистрын зэрэг хамгаалсан. 1983 оноос Эрдэнэт хотод Медьмолибденьстрой удирдах газарт ажиллаж, Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалтад гар бие оролцож ажиллаад 1991 оноос Эрдэнэт үйлдвэрийн авто тээврийн цехэд хэсгийн болон цехийн даргын ажлыг тасралтгүй 28 жил үр бүтээлтэй хийж байгаад 2020 оны 01 дүгээр сарын 06-нд өндөр насны тэтгэвэрт гарсан. Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн цехэд ажиллах хугацаандаа тээвэр зохион байгуулалтын боловсронгуй болгох, техникийн бэлэн байдлыг нэмэгдүүлж, өртөг зардлыг бууруулан, хөдөлмөрийн бүтээмжийг тогтмол нэмэгдүүлэхэд анхаарч, шинэ санал, орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, аюулгүй ажиллагааг хангаж ажиллахад хамт олныг зөв удирдан чиглүүлж, ажилласны үр дүнд эдийн засгийн үр ашиг дээшилж, төлөвлөгөөг тогтмол 100-аас дээш хувь биелүүлж ирсэн. Зөвхөн сүүлийн 2019 онд өртөг зардлыг бууруулснаар 2,5 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргаж, 55.5 сая төгрөгийн нэмэлт орлого олж ажилласан. Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалт болон тус үйлдвэрт бүтээлчээр ажиллаж ирснийг төр засаг, хамт олон үнэлж, Монголын залуучуудын холбооны тэргүүний сэхээтэн алтан медаль, онц тээвэрчин, үйлдвэр худалдааны тэргүүний ажилтан, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнасан.

Мөн миний гэр бүлийн хүн болох Г.Баярмаа нь тус үйлдвэрт инженер, зохион бүтээгч инженер, Ерөнхий инженер, хэлтсийн даргаар хоёргүй сэтгэлээр ажиллаж, үйлдвэрийн бүтээн байгуулалтанд гар бие оролцон, үйлдвэрийн өргөтгөл, шинэчлэлийн зураг төслийн ажилд зохион бүтээгч инженерээр болон ажилтнуудаа удирдан зохион байгуулж 36 жил тасралтгүй ажилласан, тодруулбал миний бие болон гэр бүлийн хүн уг үйлдвэрийн төлөө залуу нас, хөдөлмөр бүтээлээ бүрэн зориулж ажиллаж одоо бид өндөр насны тэтгэвэрт гараад байна. Гэтэл 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр бидний өргөдөл, саналыг авалгүй, урьдчилан мэдэгдэлгүйгээр үйлдвэрийн газрын Ерөнхий захирлын тушаалаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүссэн үндэслэлээр цуцалсан байсан. Уг асуудлаар бид амаар болон бичгээр өргөдөл, хүсэлт гаргаагүй бөгөөд бид уг асуудлаар маргаж, гомдол гаргаагүй, харин тус үйлдвэрийн захиргаанаас надтай байгуулсан Автомашин ашиглах гэрээ-ний дагуу миний албан үүрэг гүйцэтгэж байхдаа ашиглаж байсан Ниссан патрол авто тээврийн хэрэгслийг гэрээнд заасны дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж Ерөнхий захиралд өргөдөл өгсөн. Уг гэрээний дагуу манай үйлдвэр өмнө төдийгүй одоо ч гэрээний үүргээ биелүүлж ирсэн. Харин уг асуудлаар миний өргөдлийг шийдвэрлээгүй төдийгүй, Ерөнхий захирал одоо ч шийдвэрлэж өгнө гэж амаар хариу өгөх атлаа, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн хуулийн хэлтсийн дарга болохоор 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 117/116 дугаартай албан бичгээр уг автомашиныг шилжүүлэн өгөх боломжгүй гэсэн хариуг өгсөн байна. Үүнээс үзвэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй болох магадлалтай байх тул аргагүйн эрхэнд шүүхэд хандах боллоо.

Тодруулбал Эрдэнэт үйлдвэрийн зүгээс 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр тухайн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, Ерөнхий захирлын эрх олгосны дагуу Үйлдвэр эрхэлсэн орлогч Автомашин ашиглах гэрээ байгуулж, хуулийн хэлтсээр хянуулан тухайн үеийн хуулийн хэлтсийн дарга гэрээг хуульд нийцсэн гэж үзэж гарын үсэг зурж байгуулсан. Уг гэрээний 3.2-т заасны дагуу гэрээний хугацаа дуусах үед надад шилжүүлэн өгөхөөр заасан, 3.5-д заасны дагуу шилжүүлэн өгөх үүргийг Эрдэнэт үйлдвэр хүлээсэн болно, Тухайн гэрээний дагуу тооцвол 2019 оны 12 дугаар сарын байдлаар Ниссан Патрол маркын, арлын JN1TANT31Z0103952 дугаартай, хөдөлгүүрийн 727578 дугаартай, 2010 онд үйлдвэрлэгдсэн, 2011 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ашиглалтанд орсон 03-91 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл бүрэн элэгдэж, хуримтлагдсан элэгдэл нь анхны үнэтэйгээ тэнцүү болсон.

Иймээс Автомашин ашиглах гэрээний дагуу Ниссан Патрол маркын, арлын JN1TANT31Z0103952 дугаартай, хөдөлгүүрийн 727578 дугаартай, 2010 онд үйлдвэрлэгдсэн, 2011 оны 04 дүгээр 30-ны өдөр ашиглалтанд орсон 03-91 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөх эрх нь Д.Мөнхбаатар надад үүссэн болохыг тогтоолгох, уг автомашиныг Д.Мөнхбаатар нэр дээр шилжүүлэн өгөхийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ шүүхэд гаргасан тайлбартаа: 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Д.Мөнхбаатараас гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч Д.Мөнхбаатарыг Эрдэнэт үйлдвэр ХХК /хуучин нэрээр/-д Авто тээврийн байгууллагын даргаар ажиллаж байх үед нь үндсэн хөрөнгө болох Япон улсад үйлдвэрлэгдсэн Ниссан патрол маркийн 03-91 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 5/194-16 дугаартай Автомашин ашиглах тухай гэрээ байгуулан албан болон хувийн хэрэгцээнд ашиглуулж байсан.

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь тухайн үед буюу 2016 онд хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд Монгол улсын Засгийн газрын 2019 оны 102 дугаар тогтоолоор төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болон өөрчлөн байгуулагдаж үйлдвэрийн газрын эд хөрөнгийн эрх нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулагдахаар болсон.

2. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8 дахь хэсэгт Төрийн өмчит хуулийн этгээдийн үл хөдлөх болон үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг данснаас хасах санал. захиалгыг хянаж батлах, шинээр авах шийдвэр гаргах, 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь үндсэн хөрөнгийг зөвхөн төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлтэйгөөр данснаас хасах буюу борлуулах, устгах эрхтэй, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт "Төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдахад Засгийн газрын төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын, бусад эд хөрөнгийг тухайн хуулийн этгээдийн шийдвэрээр гагцхүү дуудлага худалдаагаар худалдаж болно гэж тус тус заасан. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын эд хөрөнгийн эрхтэй холбоотой дээрх зохицуулалтуудаас Д.Мөнхбаатарын эзэмшиж байсан тээврийн хэрэгслийг "Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ бие даан шийдвэр гаргаж шилжүүлэх хууль зүйн ямар ч боломжгүй байна. Мөн тухайн тээврийн хэрэгсэл нь үйлдвэрийн газрын үндсэн хөрөнгөд хамаарах тул заавал Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас зөвшөөрөл авсны үндсэн дээр зөвхөн дуудлага худалдаа явуулах замаар хувийн өмчлөлд шилжүүлэх боломжтой юм.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Д.Мөнхбаатараас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Д.Мөнхбаатараас Автомашин ашиглах гэрээ-ний дагуу Ниссан Патрол маркийн 03-91 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч болсныг тогтоолгож, улмаар тээврийн хэрэгслийг Д.Мөнхбаатарт шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг гардан аваад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна.

Иргэн Д.Мөнхбаатар нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-тай 2016 онд Автомашин ашиглалтын гэрээ-г байгуулан Ниссан Патрол маркийн 03 91 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг албан хэрэгцээнд ашиглаж байсан бөгөөд уг гэрээний 3.2-т заасны дагуу гэрээ дуусах үед тээврийн хэрэгслийг над руу шилжүүлэн өгөх, 3.5-д зааснаар шилжүүлэн өгөх үүргийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ хүлээсэн, тус тээврийн хэрэгсэл нь 2011 онд ашиглалтад орсон бөгөөд бүрэн элэгдэж, хуримтлагдсан элэгдэл нь анхны үнэтэйгээ тэнцүү болсон тухай нэхэмжлэлийн үндэслэл хэсэгтээ дурджээ.

Энэхүү нэхэмжлэгч Д.Мөнхбаатар, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын хооронд байгуулагдсан Автомашин ашиглах гэрээ нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан төрийн өөрийн өмчид энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад төр эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж болох дараах эд хөрөнгө хамаарна: 5.1,2.-т төрийн өмчит үйлдвэрийн газарт эзэмшүүлсэн эд хөрөнгө; мөн хуулийн 5.3-т төрийн өөрийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулахтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй хууль зөрчиж байгуулагдсан хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд төрийн өмчит хуулийн этгээд эзэмшилдээ байгаа илүүдэл үндсэн эд хөрөнгө, түүнчлэн ашиглах хугацаа нь дууссан буюу эсхүл осол гэмтэлд өртсөний улмаас зориулалтаар нь ашиглах боломжгүй болсон бөгөөд засаж, сэлбэж ашиглах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй нь тооцоогоор нотлогдсон эд хөрөнгийг худалдаж, шилжүүлж, акт тогтоон устгаж болохоор заасан бөгөөд эд хөрөнгийг худалдах шилжүүлэхэд мөн хуулийн 29, 30 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг авч, гагцхүү дуудлага худалдаагаар худалдах, төрийн өмчийн эд хөрөнгийг үнэ төлбөргүй шилжүүлэх бол Төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгө, хуулийн этгээдийн эрх хэмжээнд хамааруулснаас бусад хөдлөх хөрөнгийг Засгийн газрын шийдвэрээр, Засгийн газраас зөвшөөрөл олгосон тохиолдолд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр шилжүүлж болохоор заажээ. Өөрөөр хэлбэл Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн захирал Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн өмчийн хорооны 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 44 дүгээр тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 86 дугаар тогтоолд заасан журмыг зөрчиж тухайн үед үйлдвэрт ажиллаж байсан Д.Мөнхбаатартай Автомашин ашиглалтын гэрээ байгуулж, гэрээндээ албаны хэрэгцээнд хэрэглэж байсан автомашиныг шилжүүлэн өгөх тухай заалт оруулж гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн үйлдэл байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын журамд заасны дагуу төрийн өмчит үйлдвэрийн газарт эзэмшүүлсэн хөрөнгийг ашиглах захиран зарцуулах эрхийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас хуульд заасны дагуу зөвшөөрөл авдаг бөгөөд дээрх автомашиныг хувь хүнд гэрээний үндсэн дээр шилжүүлэн өгөх эрх Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын захирлын бүрэн эрхэд хамаарах асуудал биш байна.

Иймд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын захирал болон нэхэмжлэгч Д.Мөнхбаатар нарын хооронд байгуулагдсан Автомашин ашиглах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл бөгөөд байгуулагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул иргэн Д.Мөнхбаатарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШШ2020/01271 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1.-д заасныг баримтлан Ниссан патрол маркийн 03-91 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөх эрх Д.Мөнхбаатарт үүссэн болохыг тогтоож, тус тээврийн хэрэгслийг Д.Мөнхбаатарт шилжүүлэн өгөхийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 140.400 гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хатанбаатар давж заалдах гомдол гаргахдаа:

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Авто тээврийн даргаар ажиллаж байсан Д.Мөнхбаатараас гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэргийг Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатын шүүх 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр шүүх хуралдаанаар авч хэлэлцэн шийдвэр Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8 дахь хэсэгт Төрийн өмчит хуулийн этгээдийн үл хөдлөх болон үндсэн хөрөнгөнд хамаарах хөдлөх хөрөнгийг данснаас хасах санал, захиалгыг хянаж батлах, шинээр авах шийдвэр гаргах, 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь үндсэн хөрөнгийг зөвхөн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлтэйгөөр данснаас хасах буюу борлуулах, устгах эрхтэй, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт Төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдахад засгийн газрын, төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын, бусад эд хөрөнгийг тухай хуулийн этгээдийн шийдвэрээр гагцхүү дуудлага худалдаагаар худалдаж болно гэж тус тус заасан нь тухайн тээврийн хэрэгслийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ бие даан шийдвэр гаргаж шилжүүлэх хууль зүйн ямар ч боломжгүй ба тээврийн хэрэгсэл нь үндсэн хөрөнгөд хамаарах тул заавал Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас зөвшөөрөл авсны үндсэн дээр зөвхөн дуудлага худалдаа явуулах замаар хувийн өмчлөлд шилжүүлэх боломжтой юм.

Мөн холбогдох буюу Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд зохицуулснаар Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын статус өөрчлөгдсөнтэй холбоотойгоор тухайн гэрээний агуулгыг нэхэмжлэгч талд нэр заан өмчлөлийг шилжүүлэх талаар өөрчлөлт оруулах болон үндсэн хөрөнгийг шууд шилжүүлэн өгөх хууль зүйн хувьд ямар ч боломжгүй. Үйлдвэрийн газрын статус өөрчлөгдсөнтэй холбоотойг нотлох нотлох баримт хавтаст хэрэгт хангалттай байна.

Д.Мөнхбаатар нь автомашины ашиглах гэрээний дагуу эзэмшиж байсан тээврийн хэрэгслээ гэрээний дагуу шийдвэрлэж өгөхийг хүссэн өргөдлөө Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т гаргасан, гаргасан өргөдлийн дагуу энэ гомдлын 1-т дурдсаны дагуу хууль зүйн боломжгүй тухай хариу өгсөн. Нэгэнт гэрээнд засвар, өөрчлөлт оруулах хууль зүйн боломжгүй болсон нь нэхэмжлэгч талтай хэлэлцээ хийх шаардлагагүй байсан тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4 дэх заалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8, 16 дугаар зүйлийн 16.2, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх заалтыг буюу хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШШ2020/01271 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг буюу Д.Мөнхбаатараас гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Төрийн өмчит бодлого, зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа:

Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Д.Мөнхбаатар нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын хооронд байгуулагдсан авто машин ашиглах тухай гэрээний агуулгыг харахад үр шимийг хүртэх, ашиг олох шинжээс нь бусдын эд хөрөнгийг хязгаартайгаар эзэмших, ашиглах эрхийн буюу узуфруктын шинжийг агуулсан байгаа боловч уг гэрээгээр өмчлөгч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь өөрийн хөрөнгө болох авто машиныг гэрээний хугацаа дууссаны дараа балансаас хасаж эзэмшигчид шилжүүлэн өгөх үүрэг хүлээсэн байна. Нэхэмжлэгч нь дээрх гэрээг үндэслэн тээврийн хэрэгслийг өмчлөх эрх өөрт нь үүсэн болохыг тогтоолгох тогтоолгож, нэр шилжүүлэн авахыг даалгах... буюу талуудын хооронд узуфруктын гэрээ байгуулагдсан гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй, хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн нь Иргэний хуулийн 152 дугаар зүйлд заасан хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Гэрээ хэлцлийг талууд чөлөөтэй байгуулах болов хуулийн шаардлагад нийцсэн, хууль зөрчөөгүй гэрээ байгуулах бөгөөд энэ шаардлагыг хангасан гэрээ хүчин төгөлдөр гэрээ байна.

Гэтэл Иргэний хээлийн 152 дугаар зүйлийн 152.1-д Үр шимийг хүртэх, ашиг олох зорилгоор бусдын эд хөрөнгийг хязгаартай эзэмшиж, ашиглах эрхийг узуфрукт гэнэ. 152.2. Узуфрукт эзэмшигч нь гагцхүү гуравдагч этгээдийн өмчлөлд бүр мөсөн шилжүүлэх замаар захиран зарцуулахаас бусдаар уг эд хөрөнгийг өмчлөгчийн нэгэн адил эзэмшиж ашиглах эрхтэй... гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь энэхүү автомашины ашиглах гэрээний дагуу маргааны зүйл болох тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлд авахаар шаардах эрхгүй юм. Учир нь: Узуфруктын гэрээ нь зөвхөн эд хөрөнгийг хязгаартай эзэмшиж, ашиглах эрхтэй бөгөөд өөрийн өмчлөлд авах эрх үүсэхгүй.

Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д төрийн өөрийн өмчид энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаас бусад төр эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж болох дараах эд хөрөнгө хамаарна, 5.1.2-т төрийн өмчийн үйлдвэрийн газар эзэмшүүлсэн хөрөнгө, 5.4-д Төрийн өөрийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулахтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна гэсэн хуулийн шаардлагыг ханаагүй, хууль зөрчиж байгуулагдсан хүчин төгөлдөр бус байх хэлцэл.

Өөрөөр хэлбэл Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ийн захирал Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн бодлого зохицуулалтын газрын 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 44 дүгээр тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 86 дугаар тогтоол заасан журмыг зөрчиж, Д.Мөнхбаатартай Авто машин ашиглалтын гэрээ байгуулж, гэрээндээ албаны хэрэгцээнд хэрэглэж байсан автомашиныг шилжүүлэн өгөх тухай заалт оруулж, гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 152 дугаар зүйл, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль зөрчсөн гэрээ юм.

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын захирал болон иргэн Д.Мөнхбаатар нарын хооронд байгуулсан Авто машин ашиглах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлбэл бөгөөд байгуулагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул Иргэний хуулийн 220 дугаар зүйлд заасан гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэх, өөрчлөх арга хэмжээг тэргүүн ээлжинд авах, гэрээнээс татгалзах эрхийг эдлэх, хууль зүйн үндэслэлгүй.

Энэхүү хуулийн заалт нь талууд гэрээг хүчин төгөлдөр бус байх, хүчин төгөлдөр бусд тооцох буюу гэрээг хүчин төгөлдөр бус гэрээний талаар маргаж буй асуудлыг зохицуулах хуулийн заалт биш бөгөөд талууд гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн нөхцөлд гэрээний нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас талуудын эдлэх эрх юм.

Хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл хэмээн маргаж буй бөгөөд аливаа эд хөрөнгө хууль, гэрээний үндсэн дээр өмчлөх эрх шилждэг бөгөөд автомашин ашиглах тухай гэрээ нь байгуулагдсан өдрөөсөө хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул дээрх гэрээний дагуу маргааны зүйл болох тээврийн хэрэгслийн өмчлөх эрх Д.Мөнхбаатарт үүсэх хууль зүйн боломжгүй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д зааснаар Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШШ2020/01271 тоот шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн оролцогчдын нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор нь харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухай хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлэх тухай хуулийн шаардлагыг хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Д.Мөнхбаатар нь хариуцагч Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт холбогдуулан Ниссан патрол маркийн 03-91 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөх эрх үүсэн болохыг тогтоолгох, нэр ээр шилжүүлэн өгөхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч байгууллагууд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч Д.Мөнхбаатар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Эрдэнэт Үйлдвэр ХХК, Д.Мөнхбаатар нарын хооронд байгуулсан Авто машин ашиглах гэрээ-нд үндэслэжээ.

Энэхүү гэрээний 2.2.1.-д эзэмшигч энэ машиныг албаны болон хувийн хэрэгцээнд 2 жилийн хугацаанд турш ашиглах ба тогтоосон хугацааны дараа 2018 онд Эрдэнэт Үйлдвэр ХХК-нд автомашины балансын үнэтэй тэнцэх үлдэгдэл өртгийг төлнө. 3.2.-т энэхүү гэрээний хугацаа дууссаны дараа Эрдэнэт Үйлдвэр ХХК нь машинаа балансаас хасаж, эзэмшилд шилжүүлэн өгнө. 4.3.-т гэрээ нь гарын үсэг зурснаас эхлэн хүчин төгөлдөр болж, 4 жилийн хугацаанд хүчинтэй гэж зааж талууд тохиролцсон байна.

Нэхэмжлэгч Д.Мөнхбаатар энэхүү гэрээний дагуу албан хэрэгцээнд ашиглаж байсан Ниссан патрол маркийн авто машиныг өөрийн өмчлөлд шилжүүлэн авахыг шаарджээ.

Хэдийгээр Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн статус өөрчлөгдөж ТӨҮГ болсон ч энэ нь Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ийг гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1.3.-д заасан үндэслэлээр нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс үгүйсгэх боломжгүй болох тохиолдолд буюу Эрдэнэт Үйлдвэр ХХК нь ТӨҮГ болж өөрчлөгдсөнөө талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулахаар нэн тэргүүн ээлжид авах үүрэгтэй, Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ нь гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөхгүй бол эрх ашиг хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй ба Д.Мөнхбаатар зөвшөөрөөгүй бол Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ гэрээнээс татгалзах байсан. Энэ талаар Д.Мөнхбаатарт мэдэгдээгүй гэсэн дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 220 дугаар зүйл, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11, 16, 29 дүгээр зүйлүүдэд нийцээгүй, хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Эрдэнэт Үйлдвэр ХХК нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 102 дугаар тогтоолоор ТӨҮГ болон өөрчлөгдөн байгуулагдсан ба Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8.-д Төрийн өмчит хуулийн этгээдийн үл хөдлөх болон үндсэн хөрөнгөнд хамаарах хөдлөх хөрөнгийг данснаас хасах санал, захиалгыг хянаж батлах, шинээр авах, шийдвэр гаргах тухай зохицуулалтыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрхэд хамааруулжээ. Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.-т Аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар үндсэн хөрөнгийг зөвхөн төрийн өмчийн бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлтэйгөөр данснаас хасах буюу борлуулах эрхтэй, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.-д Төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдахад Засгийн газрын, төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын, бусад эд хөрөнгийг тухайн хуулийн этгээдийн шийдвэрээр гагцхүү дуудлага худалдаагаар худалдаж болно. Энэхүү хуулийн зохицуулалтаар Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ нь үндсэн хөрөнгөд бүртгэлтэй хөдлөх хөрөнгийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр захиран зарцуулах бөгөөд өөрөө дур мэдэн зарцуулах эрхгүй тул Д.Мөнхбаатарын байгуулсан Авто машин ашиглах тухай 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн гэрээний дагуу авто машиныг түүний өмчлөлд шилжүүлэх эрх зүйн боломжгүй болсон байхад хариуцагч Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ыг Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн зохицуулалтын дагуу гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзсэн нь буруу байна. Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.3.-т талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжинд авах үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар аль аль нь нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор гэрээг өөрчлөгдсөн нөхцөлд зохицуулах талаар санал хүсэлт гаргаагүй байх тул дан ганц Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ыг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж буруутгах боломжгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Мөнхбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг даахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2020/01135 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Мөнхбаатарын авто машиныг ашиглах гэрээний дагуу Ниссан патрол маркийн 03-91 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөх эрх үүсэн болохыг тогтоолгох, Д.Мөнхбаатарын нэр дээр шилжүүлэн өгөхийг Эрдэнэт Үйлдвэр ТӨҮ-т даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хатанбаатарын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 140.400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

Төрийн өмчит бодлого, зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД Б.ОЮУНЦЭЦЭГ

С.УРАНЧИМЭГ