Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2023/00134

 

“ТХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2023/00365 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 210/МА2023/00742 дугаар магадлалтай,

“ТХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

НШШГГхолбогдох

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “ДЖФ” ХХК,

2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 13/20 дугаар тогтоолыг болон, түүний тогтоох хэсгийн 2-т заасан 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хууль зөрчсөн болохыг тус тус тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Агийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, өмгөөлөгч Л.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч “ТХ” ХХК нь хариуцагч НШШГГхолбогдуулан 2019.11.29-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 13/20 дугаар тогтоолыг болон, түүний тогтоох хэсгийн 2-т заасан 2019.12.27-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хууль зөрчсөн болохыг тус тус тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2023/00365 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3, 122.5, 25 дугаар зүйлийн 25.3-д заасныг баримтлан НШШГГхолбогдуулан гаргасан, “ТХ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 13/20 дугаар тогтоолыг болон, түүний тогтоох хэсгийн 2-т заасан 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хууль зөрчсөн болохыг тус тус тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухайн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 210/МА2023/00742 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2023/00365 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3, 122.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч НШШГГхолбогдуулан гаргасан 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 13/20 дугаар тогтоол, түүний тогтоох хэсгийн 2-т заасан 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хууль зөрчсөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч “ТХ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210\МА2023\00742 тоот магадлалын ХЯНАВАЛ хэсгийн 3-т “... Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна”, 1-т “... Нэхэмжлэгч “ТХ” ХХК нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.08.30-ны өдрийн 181\ШШ2019\01741 дугаар захирамжийн дагуу хариуцагч “ЖК” ХХК-иас 278,250,000 төгрөг гаргуулах гүйцэтгэх хуудсыг НШШГГ2019.11.18-ны өдөр хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй...”, “...Энэ талаар гэрч М.Бт мэдүүлэг өгсөн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон байх тул түүний мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8.1-д зааснаар үнэлэхгүй...”, “...Мөн нэхэмжлэгч нь гүйцэтгэх хуудас хүргүүлсэн гэх 2019.11.18-ны өдрийн 43\19 тоот албан бичгээ хариуцагчид хэзээ хүлээлгэж өгсөн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй байна...” гэжээ.

Хавтаст хэргийн материалд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн №.......дугаартай хувийн хэрэг нотлох баримтаар авагдсан бөгөөд энэхүү материалд нэхэмжлэгч “ТХ” ХХК-ийн эрх бүхий этгээдээс 2019.11.18-ны өдрийн 44\19 тоот итгэмжлэл, мөн өдрийн 43\19 тоот гүйцэтгэх хуудас биелүүлэх хүсэлт тус тус авагдсан байдаг.

Мөн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.10.06-ны өдрийн Дугаар 181\Ш32021\11228 тоот захирамжийн ЗАХИРАМЖЛАХ нь хэсэгт тус шүүхийн шүүгчийн 2019.08.30-ны өдрийн 01741 тоот захирамж, мөн шүүхийн 2021.02.23-ны өдрийн 566 тоот тодруулга хүргүүлэх тухай албан бичиг, 2019.10.30-ны өдрийн 00863 тоот гүйцэтгэх хуудас, “ТХ” ХХК-аас НШШГГ2019.11.18-ны өдрийн 43\19 тоот хүсэлт гаргах тухай албан бичиг гэсэн 4 баримтыг дурдсан. Энэ захирамжид нэхэмжлэгч “ТХ” XXК нь хэдийд хүсэлт өгсөн талаарх бүртгэл, эдгээр 4 баримт нь шийдвэр гүйцэтгэлийн 19281020 дугаартай хувийн хэргийн материалын хэдээс хэддэх хуудсанд авагдсан болохыг тодорхойлсон. Ингээд холбогдох баримтыг 2021.10.18-ны өдрийн дотор шүүхэд ирүүлэхийг НШШГГдаалгасан. Гэтэл хариуцагч шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь энэ баримтыг шүүхэд ирүүлээгүйгээс гадна энэ талаар бичгээр гаргасан хариу тайлбартаа тодорхой үндэслэл зааж тайлбарлаагүй мөн баримт гаргаж өгөөгүй. Тодорхой тайлбар, нотлох баримт \жишээ нь бүртгэлийн дэвтэр болон цахим бүртгэлийн мэдээлэл\-ыг гаргаж өгөөгүй нь хүлээн зөвшөөрсөнд тооцогдох хангалттай үндэслэл болно. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг №.......материалыг хавтаст хэрэгт нотлох баримтаар хариуцагчаас гаргуулсан хийгээд эдгээр баримтыг 2019.11.18-ны өдөр, эсвэл 2020.01.08-ны өдөр хүргүүлсэн эсэхийг тодруулах болон түүнтэй холбоотой баримтыг гаргуулах хүсэлтийг шүүхээс хангасан боловч хариуцагч энэ талаар баримт ирүүлээгүй болно. Өөрөө хэлбэл нэхэмжлэгч өөрөөс шалтгаалах баримтаа гаргаж өгөөд хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т зааснаар баримт гаргуулах гэсэн боловч гаргаж өгөөгүй буюу харин хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолсон баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй болно.

Энэ талаар давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч талаас НШШГГхүргүүлсэн албан бичгээ шүүхэд гаргаж өгсөн. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй гэдэг нь үндэслэлгүй бөгөөд боломжгүй байна.

Гэрч М.Бтийг асуусан мэдүүлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна гэж дүгнэсэн нь магадлалыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж гомдол гаргахад хүргэж байна. Талуудаас гэрч оролцуулах хүсэлт гаргахад шүүх хуулийн дагуу гэрчээр оролцох боломжтой этгээд мөн болохыг хянасны эцэст шийдвэрлэдэг бөгөөд энэ нь хэргийн оролцогчдоос шалтгаалаагүй шүүхийн ажиллагаа байх тул анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгч нь 2019.11.18-ны өдөр НШШГГхүсэлтээ хүргүүлснийг хариуцагч нь 2020.01.08-ны өдөр хувийн хэрэг нээж ажиллагаа хийсэн нь нэхэмжлэгчийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн болох нь тодорхой харагдаж байна.

Энэ хэргийн материалд “ТХ” ХХК болон Г банкны шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 2020.04.14-ний өдөр гүйцэтгэн явуулах тогтоол авагдсан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээж авсан даруй хуулийн хугацаанд 3 хоногийн дотор хувийн хэрэг нээсэн бол нэхэмжлэгч дуудлага худалдааны үйл ажиллагаанд оролцох, үнийн санал зөвшөөрөх, эс зөвшөөрөх, шинжээч томилуулах зэрэг эрхээ эдлэх боломжтой байсан. Гэтэл хариуцагч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль зөрчиж явуулснаар нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдөж, нэхэмжлэгч цаг хугацаа, хөрөнгөөрөө давхар хохирсоор байна. Энэ хугацаанд хариуцагч шүүгчийн захирамжийг биелүүлдэггүй, шүүх хуралдаанд ирдэггүй зэргээр шүүхийг үл хүндэтгэсэн, хуулийг үл тоомсорлосон байхад давж заалдах шатны шүүх зөвтгөж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд магадлалыг хүчингүй болгож шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2023.06.02-ны өдрийн 001ШХТ2023/00656 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Агийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх үндэстэй байна.

7. Нэхэмжлэгч “ТХ” ХХК нь НШШГГхолбогдуулан 2019.11.29-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 13/20 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалт буюу 2019.12.27-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хууль зөрчсөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “... “ТХ” ХХК ба “ЖК” ХХК нарын эвлэрлийг баталж шүүгчийн 2019.08.30-ны өдрийн 01741 дүгээр захирамж гарсан, нэхэмжлэгч тус захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагаа эхлүүлэх хүсэлтийг  2019.11.18-ны өдөр шийдвэр гүйцэтгэх газарт өгсөн боловч хуульд заасан хугацаа хожимдуулж, 2020.01.08-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. ... тухайн үед Г банкны нэхэмжлэлтэй “ЖК” ХХК-д холбогдох хэргийн шийдвэрт албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан. ... энэ ажиллагааны хүрээнд 2019.11.29-ний өдөр ............. гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-..............дугаар бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө дуудлага худалдаанд орж ... 2 дахь дуудлага худалдаагаар 2,4 тэрбумаар “ДЖФ” ХХК ялагч болсон. ... хүсэлт өгснөөс хойш  3 хоногийн дотор “ТХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй “ЖК” ХХК-д холбогдох хэрэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгээд, нэн даруй арга хэмжээ авах байсан. ... хуульд заасан хугацаа, журмын дагуу албан гүйцэтгэх ажиллагаа явуулах үүргээ биелүүлээгүй шийдвэр гүйцэтгэгч хууль зөрчсөн. ... Манай ажиллагааг Г банкны шүүхийн шийдвэр гарсан ажиллагаатай нэгтгэж хамтатган хийх ёстой байсан. Энэ хоёр шийдвэр гүйцэтгэлийн материалыг нэгтгээд ажиллагааг хийгээд явсан бол манайх өнөөдөр хохирохгүй байх байсан.” гэж тайлбарласан байна.

8. Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “...Нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгө нь Г банкны үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан ба “ЖК” ХХК-аас төлбөр гаргуулж Г банкинд олгох хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. ... 2019.12.27-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаагаар “ДЖФ” ХХК ялагч болж худалдан авсан. Уг үл хөдлөх эд хөрөнгө нь “ТХ” ХХК-ийн барьцаа хөрөнгө болох нь тогтоогдоогүй, улсын бүртгэлд Г банкнаас өөр барьцаалалд бүртгэгдээгүй байсан.” гэж хариу мэтгэлцсэн байна.

9. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “ДЖФ” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “Үл хөдлөх эд хөрөнгийг ... худалдан борлуулах үйл ажиллагаа нь хуульд нийцэж байсан учраас дуудлага худалдаанд оролцож 2,4 тэрбум төгрөгөөр манай компани авсан. Дуусаагүй барилгыг 2 жилийн дараа улсын комисст хүлээлгэж өгсөн. Хоёр дахь дуудлага худалдааг хуульд заасан журмын дагуу явуулсан. ... дуудлага худалдаа хууль зөрчсөн болохыг тогтоолгосноор нэхэмжлэгчийн ямар эрх ашиг яаж сэргэх нь тодорхойгүй байна. ...” гэв.

10. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ “... “ТХ” ХХК нь хариуцагч НШШГГшүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас зэргийг 2019.11.18-ны өдөр өгсөн болох нь талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан 2019.11.18-ны өдрийн 43/19 дугаар албан бичиг зэргээр нотлогдож байна. ... хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т заасныг зөрчиж 2020.01.08-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг нээж, мөн өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол үйлдсэн үйл баримт тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т “Нэг төлбөр төлөгчид холбогдуулан хөрөнгийн шинжтэй хэд хэдэн шаардлагыг гүйцэтгэх зорилгоор хэд хэдэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн бол энэ хуулийн 25.2-т заасан шийдвэр гаргах журмын дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэгтгэн нэг шийдвэр гүйцэтгэгчид даалгаж болно” гэж заасны дагуу холбогдох ажиллагааг хийгээгүй үйл баримт тогтоогдож байна.” гэж дүгнэжээ.

11. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... анхан болон хоёр дахь албадан дуудлага худалдааг зарласан, зохион байгуулсан, ялагчид үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн ажиллагаа нь хуульд нийцсэн. ... гүйцэтгэх хуудсыг НШШГГ2019.11.18-ны өдөр хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй. Энэ талаар гэрч М.Бт мэдүүлэг өгсөн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон байх тул түүний мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8.1-д зааснаар үнэлэхгүй. ... 2019.12.27-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа нь хуульд нийцсэн” гэж дүгнэсэн байна.

12. Талууд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.08.30-ны өдрийн 181/ШШ2019/01741 дугаар захирамжийн дагуу хариуцагч “ЖК” ХХК-аас 278,250,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ТХ” ХХК-д олгох, үүргийг сайн дураар биелүүлээгүй бол ............. гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-..............дугаар бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрснийг шүүгчийн захирамжаар баталсан үйл баримтын тухайд харилцан маргаагүй. Түүнчлэн тус захирамжид заасан үл хөдлөх эд хөрөнгө хариуцагч “ЖК” ХХК-д холбогдох “Г банк” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд битүүмжлэгдэн хураагдсан, анхны албадан дуудлага худалдаа явагдсан гэх үйл баримтыг зөвшөөрсөн. Улмаар уг үл хөдлөх эд хөрөнгийн хувьд эрхийн улсын бүртгэлд Г банк ХХК-ийн ипотек бүртгэлтэй байсан бөгөөд нэхэмжлэгч “ТХ” ХХК-ийн ипотекийн эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй үйл баримтын тухайд харилцан маргаагүй.

13. Зохигчийн хооронд үүссэн маргааны зүйл нь “Г банк” ХХК-ийн хүсэлтээр үүссэн иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны хоёр дахь дуудлага худалдаа хүчин төгөлдөр эсэх асуудал байх ба нэхэмжлэгч “ТХ” ХХК дуудлага худалдааг хүчингүй гэж, ******* болон гуравдагч этгээд нар хуульд нийцсэн, хүчинтэй гэж мэтгэлцэж байна.

Нэхэмжлэгч “ТХ” ХХК нь дуудлага худалдааг хуульд нийцээгүй гэж үзэхдээ төлбөр авагч “ТХ” ХХК гүйцэтгэх баримт бичгийг 2019.11.18-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн ба цаг алдалгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн бол хоёр ажиллагааг нэгтгэж, төлбөр авагч нар нэг хөрөнгөөс төлбөрөө гаргуулах боломж бий болох байсан гэсэн бол хариуцагч ба гуравдагч этгээд нар “Г банк” ХХК-ийн ипотек бүртгэлтэй байсан тул түүний үүргийг тэргүүн ээлжинд хангах байсан, хоёр дахь дуудлага худалдаа хууль ёсны дагуу явагдаж ялагч тодорсон, үл хөдлөх эд хөрөнгө гуравдагч этгээдийн өмчлөлд нэгэнт шилжсэн, энэ бүхний эцэст “ТХ” ХХК-ийн эрх хэрхэн сэргэх нь тодорхойгүй гэж тайлбарласан.

14. Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг дараах үндэслэлээр хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

14.1. Нэг төлбөр төлөгчид холбогдох хоёр төлбөр авагчийн хүсэлтээр иргэний шийдвэр гүйцэтгэлийн хоёр ажиллагаа явагдаж байх боловч “Г банк” ХХК-ийн хүсэлттэй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хоёр дахь дуудлага худалдааг “ТХ” ХХК-ийн хүсэлттэй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг цаг хугацаанд нь эхлүүлээгүй гэх үндэслэлээр хүчингүй гэх боломжгүй. Эдгээр ажиллагаанууд хууль зүйн хувьд дамжмал буюу тойруу байдлаар холбогдож болохыг үгүйсгэхгүй ч “ТХ” ХХК”-ийн  хүсэлтээр 2019.11.18-ны өдөр иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг эхлүүлэх нь “Г банк” ХХК-ийн хүсэлттэй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгох үр дагаварт хүргэхгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т “Нэг төлбөр төлөгчид холбогдуулан хөрөнгийн шинжтэй хэд хэдэн шаардлагыг гүйцэтгэх зорилгоор хэд хэдэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн бол энэ хуулийн 25.2-т заасан шийдвэр гаргах журмын дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэгтгэн нэг шийдвэр гүйцэтгэгчид даалгаж болно” гэж заасныг заавал биелүүлэх үүрэгжүүлсэн шинжтэй заалт гэж үзэхгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн хувьд ипотек бүртгэлээр үүсэх зарчимтай тул нэг үл хөдлөх эд хөрөнгөд хэд хэдэн ипотек оршиж байгаа нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа тусдаа, эсхүл нэгдмэл эсэхээс үл хамааран нэгэнт тодорхой байх хууль зүйн боломжтой үйл баримт. Тус хэргийн тохиолдолд “ТХ” ХХК-д ипотекийн эрх үүсээгүй байх тул ажиллагааг нэгтгэсэн тохиолдолд ч дарааллын хувьд бүртгэлтэй буюу хүчин төгөлдөр ипотекийн дараа эрхээ хангуулах нөхцөл байдал үүснэ. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.05.13-ны өдрийн 847 дугаар магадлалаар “ЖК” ХХК-аас 2,896,451,978 төгрөгийг гаргуулж “Г банк” ХХК-д олгохоор заасан байх ба энэ шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаан дахь дуудлага худалдааны дүнд үл хөдлөх эд хөрөнгө 2.4 тэрбум төгрөгөөр “ДЖФ” ХХК-д борлуулагдсан байна.

14.2. Хоёр дахь дуудлага худалдаагаар “ДЖФ” ХХК үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахад хууль зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул тус дуудлага худалдааны дүнд өмчлөх эрх хууль ёсоор үүссэн байна Иймд дуудлага худалдаа хүчин төгөлдөр, өмчлөх эрхийг шударгаар, бүртгэлийн үнэн зөвд итгэн худалдан авсан гэх гуравдагч этгээд “ДЖФ” ХХК-ийн тайлбар үндэслэлтэй байна.

15. Дээр дурдсанчлан 2019.12.27-ны өдрийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “ТХ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нь хангагдах боломжгүй, уг шаардлагыг дэмжсэн үндэслэл нь нэхэмжлэлийг хангахуйц хууль зүйн үндэслэл биш байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн шийдэл үндэслэлтэй. Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг үндэслэл бүхий тогтоож, хэрэглэх ёстой хуулийг зөв хэрэглэн тайлбарласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Агийн гомдлыг хангахгүй орхив.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 210/МА2023/00742 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Агийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023.05.15-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

                          

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ЭРДЭНЭСУВД

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                         Н.БАЯРМАА

                                                                                                          П.ЗОЛЗАЯА

                                                                                                         Д.ЦОЛМОН