Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2023/00365

 

 

 

 

 

 

 

2023 01 24 181/ШШ2023/00365

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ............... тоотод оршин байрлах, Түмэнхарш ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ................................... байрлах,******* /РД:. /-т холбогдо

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд:  оршин байрлах,******* ХХК /РД:,/,

Нэхэмжлэлийн шаардлага: 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 13/20 дугаар тогтоолыг болон, түүний тогтоох хэсгийн 2-т заасан 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хууль зөрчсөн болохыг тус тус тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Алтан-Уяа,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Батцэцэг /ШТҮД-0068,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Баярхүү /ШТҮД-1179/,

Гэрч М.Бага-Өрнөлт,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номин нар оролцов.

/Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Энхсоёл, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золзаяа нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын хүсэлтээр тэдний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Түмэнхарш ХХК нь*******т холбогдуулан анх 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулсан дуудлага худалдаа болон явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчсөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр уг шаардлагаа өөрчилж 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 13/20 дугаар тогтоол, түүний тогтоох хэсгийн 2-т заасан 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хууль зөрчсөн болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.

Үүнд: 2018 онд Түмэнхарш ХХК нь Женесискапитал ХХК-тай барьцааны зээлийн гэрээ байгуулсан, шүүхэд зээлийн гэрээний үнийн дүнг гаргуулах, барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг 2019 оны 08 дугарасарын 30-ны өдрийн 01741 дүгээр Зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн 1 дэх заалтаар зээлийн гэрээний үүрэгт 278,250,000 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулах, тус хугацаанд төлж барагдуулаагүй бол барьцаалсан Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд байрлах SUN citу 16 давхар барилгын 307,2 м.кв, 000236685 тоот гэрчилгээтэй Ү-1213002919 тоот улсын бүртгэлтэй талбайг мөн барилгын инженерийн байгууламжаар хангуулахыг хүлээн зөшөөрч зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл тухайн обьект гуравдагч этгээдэд шилжсэн байгаа юм. Шүүхийн шийдвэр гарсан, эвлэрсэн шүүгчийн захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх ёстой. ******* ХХК уг төлбөрөө төлөхийг нь хүлээсээр байгаад*******т хүсэлт гаргасан. Гэтэл 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шийдвэр гүйцтгэх газарт хүсэлт гаргаснаас хойш хуульд заасан хугацааг алдаж, 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн, Женесис капитал ХХК-ийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагааг авсан, ийм л шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байсан. Тухайн үед Голомт банкны ннэхэмжлэлтэй хэргийн шийдвэрт албадан гүйцэтгэх ажиллагаа явагдсан байсан боловч дуудлага худалдааны тогтоол, анхны дуудлага худалдааны тогтоол гараагүй байсан. Энэ талаархи бичгийн баримт гараад ирчихсэн. Шийдвэр гүйцэтгэгч цахим сангийн мэдээллээ ашиглах ёстой байсан, энэ бүхий л ажиллагааг хуваарилагдсан 154 тойргийн шийдвэр гүйцэтгэгч хийж гүйцэтгэх ёстой байсан. 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр тус обьект анхны дуудлага худалдаанд орсон, анхны дуудлага худалдаагаар 1 ч үнийн санал ирээгүй. 2019 оны 12 дугара сарын 27-ны өдөр дуудлага худалдаа явуулна гээд үнэлсэн, үнэ ханш чухал биш, 2 дахь дуудлага худалдаагаар 2,4 тэрбумаар Ди жи фрэйндс ХХК ялагч болсон байдаг. Гуравдагч этгээдийг бол хууль зөрчиж оролцсон гэж хэлээгүй, шийдвэр гүйцэтгэгч хууль зөрчиж ажиллагааг явуулсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд хэд хэдэн гүйцэтгэх баримт бичиг үйлдсэн бол нэгтгэн нэг шийдвэр гүйцэтгэгчид даалгаж болно гэж заасан зохицуулалт байна. Анхны дуудлага худалдааны тогтоол гараагүй байхад Түмэнхарш ХХК албадан гүйцэтгүүлэх баримт бичгээ өгчихсөн, хуулийн бүх шаардлагыг хангасан учраас хүлээж авсан, ажиллагаа хийгдээд явах ёстой байсан. Гэтэл манай баримт бичигт ажиллагааг хийгээгүй, Голомт банк ХХК-ийн ажиллагааг хийгээд хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулаад, ялагчийг тодруулаад өгчихсөн юм. 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр хяналтын хуудсыг нээсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тогтоолыг үйлдсэн нь хуульд заасан 3 хоногийн дотор тогтоолоо үүсгээд, нэн даруй арга хэмжээ авна гэсэн хугацаан зөрчсөн байна. Тус хугацааг иргэний хуульд зааснаар тоолох ба бичиг баримтаа бүрдүүлж өгсөөр байхад хуульд заасан хугаца, журмын дагуу албан гүйцэтгэх ажиллагаа явуулах үүргээ биелүүлээгүй шийдвэр гүйцэтгэгч хууль зөрчиж ажиллагаа явуулсан гэж үзэж байгаа юм.

Манайх нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Хариуцагчийн бичгээр гаргасан тайлбартай өмнө нь танилцсан, Ди жи фрэйндс ХХК-д шилжсэн нь хууль зөрчөөгүй л гэсэн байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөнд холбогдуулан хариу тайлбар өгөөгүй учир хүлээн зөвшөөрсөнд тооцох хуулийн заалттай. Манай ажиллагааг Голомт банкны шүүхийн шийдвэр гарсан ажиллагаатай нэгтгэж хамтатган хийх ёстой байсан. Энэ хоёр шийдвэр гүйцэтгэлийн материалыг нэгтгээд ажиллагааг хийгээд явсан бол манайх өнөөдөр хохирох үндэслэлгүй, гэтэл хуулийн энэ заалтыг хэрэгжүүлэхгүйгээс хууль зөрчсөн ажиллагаа болсон гэж үзэж байна. Иймээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүй хууль зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. гэв.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр тус шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтүүдтэй танилцлаа.

Хүсэлтэд дурьдсан үл хөдлөх эд хөрөнгөд нь Голомт банкны үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан ба Женесис капитал ХХК-аас төлбөр гаргуулж Голомт банкинд олгох хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. 2019.11.29-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаагаар Ди Жи Фрэйнд ХХК (Баярхүү) ялагч болж худалдан авсан. Уг үл хөдлөх эд хөрөнгө нь ******* ХХК-ийн барьцаа хөрөнгө болох нь тогтоогдоогүй, улсын бүртгэлд Голомт банкнаас өөр барьцаалалт бүртгэгдээгүй байсан болно.

Иймд дээрх хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх боломжгүй, мөн хууль дүрмийн дагуу албадан дуудлага худалдаанд оролцож худалдан авсан ялагч Б.Баярхүүг хамтран хариуцагчаар оролцуулах боломжгүй гэж үзэж байна гэжээ.

3.Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сүүлд оролцсон, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Үл хөплөх хөрөнгийн дуудлага худалдааны зарыг нийтийн мэдээллийн хэрэгслээр аваад Голомт банк ХХК-ийн нэр дээрх дуусаагүй барилга карказ байсан. Тухайн обьектыг худалдан борлуулах үйл ажиллагаа нь хуульд нийцэж байсан учраас дуудлага худалдаанд оролцож 2,4 тэрбум төгрөгөөр манай компани шилжүүлж авсан. Тухайн дуусаагүй барилгын гэрчилгээг шилжүүлж аваад 2 жилийн дараа улсын комисст хүлээлгээд өгчихсөн. Хоёр дахь дуудлага худалдааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 13/20 дугаар тогтоол, түүний тогтоох хэсгийн 2-т заасан 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хууль зөрчсөн болохыг тогтоолгосноор нэхэмжлэгчийн ямар эрх ашиг яаж сэргэх нь тодорхойгүй байна. Түмэнхарш ХХК нь Женесискапитал ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 278,250,000 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулах, тус хугацаанд төлж барагдуулаагүй бол барьцаалсан Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд байрлах SUN citу 16 давхар барилгын 307,2 м.кв, 000236685 тоот гэрчилгээтэй Ү-1213002919 тоот улсын бүртгэлтэй талбайг мөн барилгын инженерийн байгууламжаар хангуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна лээ. Тиймээс 70% гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө Түмэнхарш ХХК-ийн барьцаанд байгаа зүйл биш байгаа юм. Нэхэмжлэгчийг шаардаад байгаа тогтоолыг хүчин болгосноор Түмэнхарш ХХК-ийн ямар эрх ашиг хэрхэн сэргэх нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Манайхаас 2,4 тэрбум төгрөгөөр албадан дуудлага худалдаанд ороод ялагчаар тодроод хуульд заасан журмын дагуу мөнгөө төлөөд, компанийхаа нэр дээр шилжүүлээд авчихсан тул тус барилгынхаа инженерийн байгууламжаар хангуулахаар барьцаалсан талаарх байдлаар нэхэмжлээд явах боломжтой гэж үзэж байна гэв.

4. Шүүх хуралдаанд оролцсон гэрч М.Бага-Өрнөлт мэдүүлэгтээ: Би ******* ХХК-д гэрээт ажилтнаар ажилладаг байсан. Женесис капитал ХХК-иас ******* ХХК авлагатай, гэрээний хугацаанд төлбөрөө өгөхгүй удсаар байгаад, шүүхийн шийдвэр гарсан. Уг шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албадан гүйцэтгүүлэх хүсэлт баримт бичгээ 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр би аваачиж өгсөн, ажлын цаг дуусаж байна гэсэн. Тэр үед засуулаад өгч байсан гэдгээ санаад байна. Тус хүсэлтийнхээ 1%-ийг манайх өөрсдөө канондаж авсан. Намайг тус ажиллагааны араас идэвхтэй яваад бай гэсэн.*******т материалаа өгөхөд, ажиллагаа хийгдэнэ хүлээж бай, 3 хоногийн дараа ир гэсэн. Тэр үед нь очиход шийдвэр гүйцэтгэгч байгаагүй, хүлээгээд ирэхгүй байхаар нь утсаар залгасан чинь дуудна байж бай гэж хэлдэг байсан. Дахиад л очсон, 403 тоот өрөө байсан гэж санаж байна, өрөө нь онгорхой хүн байхгүй болохоор үүдэнд нь хүлээгээд байхад ирээгүй. Ингээд дахин дахин явуулаад байдаг байсныг нь ойлгодоггүй. Тийм л байдалтай яваад байсан. Удалгүй карентин болоод бүтэн 2 сар карентинд байж байгаад би хүүхдээ төрүүлсэн. Би захирлаас цалингийн авлагатай байсан. Чиний дараа өмгөөлөгч авна гэж хэлж байсан. Компани намайг жирэмсний амралттай байхад өөр хүнийг томилж явуулж байсан юм байна лээ. Шийдвэр гүйцэтгэгч нь Энхсоёл байсан. Энэ хөрөнгө худалдагдчихсан байна гэж хэлсэн, мөнгөө өгч чадахгүй байгаа газар чинь өөр газар дуудлага худалдаагаар тус үл хөдлөх хөрөнгийг авчихсан юм байна гэж хэлсэн гэв.

4.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамжид 2021.03.05-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийн орлогын мэдүүлэг, Д.Батмөнхөд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2019/01741 дүгээр Зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 566 тоот албан бичиг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 181/ГХ2019/00863 дугаар гүйцэтгэх хуудас, Түмэнхарш ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Барьцааны гэрээ, Албадан дуудлага худалдааны зар, Түмэнхарш ХХК-иас*******т хүргүүлсэн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 43/19 тоот Хүсэлт гаргах нь албан бичиг, Э.Алтан-Уяад төлөөлөх эрх олгосон итгэмжлэлзэргийг гаргаж өгсөн. /1хх-2-13, 41, 2хх-111/

Хариуцагч талаас нотлох баримтаар: У.Энхсоёлд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Шийдвэр гүйцэтгэлийн 19281020 дугаартай хувийн хэргийн нүүр, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 00732 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас, тус шүүхийн мөн өдрийн 181/ШЗ2019/09741 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, тус шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2019/00496 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 847 дугаар магадлал, Голомт банкнаас*******т 2019 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 07/225 тоот албан бичгээр хүргүүлсэн Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт, Зээлийн гэрээ, Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах гэрээ, Ипотекийн гэрээ, Женесис капитал ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 000236685 дугаартай гэрчилгээ, тус компанийн газар эзэмших эрхийн 000306241 дугаартай гэрчилгээ, Шийдвэр гүйцэтгэгчийн 2019.10.07-ны өдрийн 19281020/01 дугаартай даалгавар, Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2019.10.16-ны өдрийн 19281020/01 дугаар тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Эд хөрөнгө хураах тухай 2019.10.18-ны өдрийн 19281020/02 дугаар тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Женесис капитал ХХК-д хүргүүлсэн 2019.11.04-ний өдрийн 4/24374 дугаартай мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Женесис капитал ХХК-иас*******т хүргүүлсэн 2019.11.05-ны өдрийн 19/005 тоот албан бичиг, Төлбөр авагч Голомт банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн*******т хүргүүлсэн хүсэлт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Сүхбаатар аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн 2019.11.04-ний өдрийн 4/24373 тоот Эрх түдгэлзүүлэх тухай албан бичиг, Сүхбаатар аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсээс*******т хүргүүлсэн 2019.11.13-ны өдрийн 328 тоот албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Женесис капитал ХХК-д хүргүүлсэн 2019.11.08-ны өдрийн 4/25032 дугаартай мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2019.11.12-ны өдрийн 12843 дугаар тогтоол, 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдрийн Өнөөдөр сонины сурталчилгаа хэсэгт гарсан албадан дуудлага худалдааны зар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Женесис капитал ХХК-д хүргүүлсэн 2019.11.14-ний өдрийн 4/25667 дугаартай мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хурлын тэмдэглэл, Хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2019.12.10-ны өдрийн 13/20 тогтоол, 2019 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн Өнөөдөр сонины сурталчилгаа хэсэгт гарсан албадан дуудлага худалдааны зар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Женесис капитал ХХК-д хүргүүлсэн 2019.12.13-ны өдрийн 4/28968 дугаартай мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хурлын тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Женесис капитал ХХК-д хүргүүлсэн 2020.01.02-ны өдрийн 4/73 дугаартай мэдэгдэл, Өмчлөх эрх шилжүүлэх тухай 2020.01.06-ны өдрийн 12/03 дугаар тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Женесис капитал ХХК-д хүргүүлсэн 2020.02.10-ны өдрийн 4/4750 дугаартай мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэчийн тэмдэглэл, Төлбөрийн баримт, 2020.02.14-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Шийдвэр гүйцэтгэгчийн 2020.02.14-ний өдрийн 19281020/02 дугаартай даалгавар, Төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг албадан дуудлага худалдааны ялагчид шилжүүлсэн тухай 2020.02.14-ний өдрийн 19281020 дугаар тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Битүүмжилсэн, хураасан хөрөнгө чөлөөлөх тухай 2020.02.27-ны өдрийн 20/08 дугаар тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн 2020.02.27-ны өдрийн 2/5959 тоот болон Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газарт хүргүүлсэн мөн өдрийн 2/5960 дугаар Өмчлөх эрх шилжүүлэх тухай албан бичгүүд,******* ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000554689 дугаартай гэрчилгээ, газар эзэмших эрхийн 000002845 дугаартай гэрчилгээ зэргийг өгсөн./1хх-18, 48-107, 2хх-122,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нотлох баримтаар: Ди жи фрэйндс ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Э.Золзаяад төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг гаргаж өгсөн./2хх-142-143/

Шүүхийн журмаар нэхэмжлэгчийн хүсэлтээр бүрдүүлсэн нотлох баримтаар:

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 10 дугаарх сарын 19-ний өдрийн 4-154/20045 тоот албан бичгээр шийдвэр гүйцэтгэлийн 20281009 дугаартай хувийн хэргийн нүүр, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/01741 дүгээр Зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 181/ГХ2019/00863 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас, Түмэнхарш ХХК-иас*******т хүргүүлсэн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 43/19 дугаар Хүсэлт гаргах нь албан бичиг, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны 109 дугаар хяналтын хуудас, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 20280109 дугаар тогтоол, Улаанбаатар хотын банкинд Түмэнхарш ХХК-иас албадан гүйцэтгүүлэх ажиллагааны зардалд төлсөн 700,000 төгрөгийн баримт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШЗ2019/11992 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт хүргүүлсэн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 4/9828 дугаар албан бичиг, мөн Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн 4/9828 дугаар албан бичиг, Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс*******т ирүүлсэн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 117 дугаар албан бичиг, шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 08 дугара сарын 18-ны өдрийн тэмдэглэл, Шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 20280109-154 дугаар даалгавар, Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шийдвэр гүйцэтгэх албаны мэргэжлийн удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаад 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1/155 дугаар хариу танилцуулах тухай албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 2021.02.09-ний өдрийн 3/140 дугаар хамтран ажиллах тухай албан бичиг, Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 53 дугаар албан бичиг, шийдвэр гүйцэтгэгчийн 2021.02.09-ний өдрийн тэмдэглэлүүд, Шийдвэр гүйцэтгэлийн 19281020 дугаартай хувийн хэргийн нүүр, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хяналтын 1020 дугаар хуудас, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 00732 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас, тус шүүхийн мөн өдрийн 181/ШЗ2019/09741 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, тус шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2019/00496 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 847 дугаар магадлал, Голомт банк ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тус банкны гүйцэтгэх захирлын 2019.08.05-ны өдрийн 257, 2019.06.12-ны өдрийн 175 дугаар эрх олгох тухай тушаалууд, мөн банкнаас*******т 2019.09.09-ны өдрийн 07/225 тоот албан бичгээр хүргүүлсэн Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт, Б.Эрдэнэбаярт олгосон итгэмжлэл, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2019.09.10-ны өдрийн 19281020 дугаар тогтоол, Голомт банкны мемориалын баримт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах тухай 2019.09.10-ны өдрийн 19281020 дугаар гэрээ, эд хөрөнгийн лавлагаа, Хуулийн этгээдийн болон иргэн Ш.Чуданжийн лавлагаа, Зээлийн гэрээ, Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах гэрээ, Зээл эргэн төлөлтийн хуваарь, Ипотекийн гэрээ, Женесис капитал ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 000236685 дугаартай гэрчилгээ, тус компанийн газар эзэмших эрхийн 000306241 дугаартай гэрчилгээ, Женесис капитал ХХК-ийн хуулийн этгээдийн лавлагаа, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талуудад эрх үүрэг тайлбарласан тухай 2019.10.04-ний өдрийн баримт, Зарлан дуудах болон шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэлүүд, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019.10.07-ны өдрийн 2/21459 дугаар албан бичиг, Шийдвэр гүйцэтгэгчийн 2019.10.07-ны өдрийн 19281020/01 дугаар даалгавар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас*******т хүргүүлсэн 2019.10.28-ны өдрин 4/2363 дугаар албан бичиг, Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2019.10.16-ны өдрийн 19281020/01 тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Эд хөрөнгө хураах тухай 2019.10.18-ны өдрийн 19281020/02 тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019.10.21-ний өдөр 1/1161 шийдвэр гүйцэтгэгчийн даалгаврын биелэлтийн талаар албан бичиг, Женесис капитал ХХК-д хүргүүлсэн 2019.11.04-ний өдрийн 4/24374 дугаартай мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Женесис капитал ХХК-иас*******т хүргүүлсэн 2019.11.05-ны өдрийн 19/005 тоот хариу хүргүүлэх тухай албан бичиг, барилгын санхүүжилтийн талаар баримт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Сүхбаатар аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн 2019.11.04-ний өдрийн 4/24373 тоот Эрх түдгэлзүүлэх тухай албан бичиг, Голомт банкнаас албадан дуудлага худалдааны зарын үнэд төлсөн 20,000 төгрөгийн баримт, Албадан дуудлага худалдааны комисст 2019.11.11-ний өдрийн санал оруулах тухай баримт, 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдрийн Өнөөдөр сонины сурталчилгаа хэсэгт гарсан албадан дуудлага худалдааны зар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Женесис капитал ХХК-д хүргүүлсэн 2019 оны 11 дугаар сарын 14-ний өдрийн 4/25667 дугаартай мэдэгдэл, Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2019 оны 11 дүгэр сарын 12-ны өдрийн 12/34 дугаар тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хурлын тэмдэглэл, Албадан дуудлага худалдааны комисст 2019.12.05-ны өдрийн санал оруулах тухай, 2019.12.06-ны өдөр Голомт банкнаас албадан дуудлага худалдааны зарын үнэд төлсөн 20,000 төгрөгийн баримт, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлын 2019.12.05, 2019.12.16, 2019.12.23, 2020.01.13-ны өдрүүдийн тооцооны баримтууд, Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны 2019.12.27-ны өдрийн хурлын тэмдэглэл, Женесис капитал ХХК-иас*******т хүргүүлсэн 2020.01.08-ны өдрийн 20/001 дугаар Хүсэлт гаргах нь албан бичиг, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай 2020.01.13-ны өдрийн 2/4 дугаар тогтоол, Өмчлөх эрх шилжүүлэх тухай 220.01.06-ны өдрийн 12/03 дугаар тогтоол, Голомт банкнаас*******т хүргүүлсэн хүсэлт, тус газраас Женесис капитал ХХК-д хүргүүлсэн 2020.02.10-ны өдрийн 4/4750 дугаар мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, 2020.02.14-нйи өдрийн 4/136 дугаар хариу мэдэгдэх хуудас, шийдвэр гүйцэтгэгчийн 2020.02.14-ний өдрийн 19281020/02 дугаар даалгавар, Төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг албадан дуудлага худалдааны ялагчид шилжүүлсэн тухай 2020.02.14-ний өдрийн 19281020 дугаар тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Битүүмжилсэн, хураасан хөрөнгө чөлөөлөх тухай 2020.02.27-ны өдрийн 20/08 дугаар тогтоол,******* ХХК-иас хүргүүлсэн 2020.02.27-ны өдрийн АБ20/009 дугаар хүсэлт, тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын данснаас мөнгө шилжүүлсэн баримт, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай 2020.05.20-ны өдрийн 20/124 дугаар тогтоол, Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 2020.08.18-ны өдрийн 19281020/07-154 дугаар мэдэгдэх хуудас, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Төлбөр төлөгчийн банк дахь дансыг битүүмжлэх, хасалт хийх тухай 2020.09.07-ны өдрийн 19281020/02-154 дугаар Худалдаа хөгжлийн банк, Голомт, Транс, Капитрон, Кредит, Стате, Богд, Ариг, Чингис хаан банкуудын албан бичгүүд, Голомт банкны 2022.02.28-ны өдрийн 18/01/0119 дугаар албан бичиг, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай 2022.04.20-ны өдрийн 22/10 дугаар тогтоол, мөн өдрийн 22/04-209 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, Прокурорын газрын 2022.06.16-ны өдрийн 1/4460 тоот албан бичгээнр ирүүлсэн Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Г-385 дугаартай гэмт хэргийн талаархи гомдлыг шалгахад гэрчээр асуусан Б.Саяболд, М.Үүлэнсолонго, Ш.Чуданжий нарын гэрчийн мэдүүлгүүд авагджээ./1хх-118-138, 169-250, 2хх-1-12, 13-110/

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Түмэнхарш ХХК нь хариуцагч*******т холбогдуулан анх 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулсан дуудлага худалдаа болон явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчсөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр уг шаардлагаа өөрчилж, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 13/20 дугаар тогтоол, түүний тогтоох хэсгийн 2-т заасан 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хууль зөрчсөн болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.

Үүнд: Манайх албан гүйцэтгүүлэх хүсэлтээ 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагчид өгсөн болох нь гэрчийн мэдүүлгээр нотлогдож байхад 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр хяналтын хуудсыг нээсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тогтоолыг үйлдсэн нь хуульд заасан 3 хоногийн дотор тогтоолоо үүсгээд, нэн даруй арга хэмжээ авна гэсэн хугацааг зөрчсөн. Тус хугацааг иргэний хуульд зааснаар тоолох ба бичиг баримтаа бүрдүүлж өгсөөр байхад хуульд заасан хугацаа, журмын дагуу албан гүйцэтгэх ажиллагаа явуулах үүргээ биелүүлээгүй, хууль зөрчиж ажиллагаа явуулсан гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд хэд хэдэн гүйцэтгэх баримт бичиг үйлдсэн бол нэгтгэн нэг шийдвэр гүйцэтгэгчид даалгахаар заасан зохицуулалт байна. Анхны дуудлага худалдааны тогтоол гараагүй байхад Түмэнхарш ХХК албадан гүйцэтгүүлэх баримт бичгээ өгчихсөн, хуулийн бүх шаардлагыг хангасан учраас хүлээж авсан, ажиллагаа хийгдээд явах ёстой байсан. Гэтэл манай баримт бичигт ажиллагааг хийгээгүй, Голомт банк ХХК-ийн ажиллагааг хийгээд хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулаад, ялагчийг тодруулаад өгчихсөн байх тул манай эрх ашгийг хохироосон тул шаардах эрхтэй гэсэн.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр тус шүүхэд гаргасан тайлбартаа: Хүсэлтэд дурьдсан үл хөдлөх эд хөрөнгөнд нь Голомт банкны үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан ба Женесис капитал ХХК-аас төлбөр гаргуулж Голомт банкинд олгох хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. 2019.11.29-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаагаар Ди Жи Фрэйнд ХХК (Баярхүү) ялагч болж худалдан авсан. Уг үл хөдлөх эд хөрөнгө нь ******* ХХК-ийн барьцаа хөрөнгө болох нь тогтоогдоогүй, улсын бүртгэлд Голомт банкнаас өөр барьцаалалт бүртгэгдээгүй байсан болно. гэснээс өөр нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар хариу тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.

4.Гуравдагч этгээдийн өмгөөлөгч гаргасан тайлбартаа: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, хоёр дахь албадан дуудлага худаалдаанд манай компани оролцож, худалдан борлуулсан үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдааны ялагч болж, тус хөрөнгийг нэр дээрээ шилжүүлж авсан нь хуль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна гэжээ.

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

6.Нэхэмжлэгч Түмэнхарш ХХК-ийн хариуцагч*******т холбогдуулан гаргасан энэхүү нэхэмжлэл нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2019/00496 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Голомт банк ХХК-иас хариуцагч Женесис капитал ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 888,870.18 ам.долларыг гаргуулж, Голомт банк ХХК-д олгож, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-1213002919 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум, 7-р баг, ЗДТГ-ын баруун талд байршилтай, 5,160.27 м.кв талбай бүхий 71%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, мөн гэрчилгээний 000306241 дугаартай, Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум, 7-р баг, ЗДТГ-ын баруун талд байршилтай, 1040 м.кв талбай бүхий газар эзэмших эрх зэрэг хөрөнгөөс шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн ба Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 847 дугаар магадлалаар тус шийдвэрийн 1 дэх заалтад ...нийт 1,122,564.83 ам.доллар буюу 2,881,814,754.63 төгрөг гаргуулж Голомт банк ХХК-д олгохоор өөрчлөлт оруулжээ.

Дээрх шүүхийн шийдвэр, магадлалыг албадан гүйцэтгүүлэхээр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШЗ2019/09741 дугаар шүүгчийн захирамж, 00732 дугаар гүйцэтгэх хуудас бичүүлж, Голомт банк ХХК нь 2019 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 07/225 дугаар албан бичгээр*******т хандахад 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн 19281020 дугаар хувийн хэрэг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хяналтын 1020 дугаар хуудас тус тус нээж, мөн өдөр 19281020 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т Энэ хуулийн 20.3-т заасан үндэслэл байхгүй бол ахлах шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг нээж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гарган зохих тойргийн шийдвэр гүйцэтгэгчид хуваарилна. гэж заасанд нийцсэн байна.

Мөн хуулийн 21.4-т Шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолыг хүлээн авсан даруйд энэ хуулийн 44 дүгээр зүйлд заасан арга хэмжээг авахаар заасны дагуу төлбөр төлөгч Женесис капитал ХХК-ийн удирдлагыг дуудах, шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг хүргүүлсэн ба шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдсэн, 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн даалгавараар төлбөр төлөгчийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-1213002919 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум, 7-р баг, ЗДТГ-ын баруун талд байршилтай, 5,160.27 м.кв талбай бүхий 71%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг битүүмжилж хураах ажиллагааг явуулахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 82 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчид даалгаснаар тухайн эд хөрөнгийг 2019 оны 10 дугара сарын 16-ны өдрийн 19281020/01 дугаар тогтоолоор битүүмжилж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдэн, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 19281020/02 дугаар тогтоолоор хураах ажиллагааг хийж, тэмдэглэл үйлдсэн ба 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1/1161 дугаар Шийдвэр гүйцэтгэгчийн даалгаврын биелэлтийн талаар албан бичгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаад танилцуулах ажиллагааг хийжээ.

Талуудаас үүргийн гүйцэтгэлд барьцаалсан дээрх үл хөдлөх хөрөнгийн талаар үнийн санал авахад нь Женесис капитал ХХК-иас 2019.11.05-ны өдрийн 19/005 дугаар албан бичгээр ...4,5 тэрбум төгрөгөөр үнэлж үүргийн гүйцэтгэлийг хангуулах саналыг хүргүүлсэн ба уг саналыг нь төлбөр авагчид танилцуулахад Голомт банк ХХК-ийн төлөөлөгч тус үнэлгээг хүлээн зөвшөөрч, барьцаа хөрөнгийг худалдан борлуулах дуудлага худалдааг явуулж өгөхийг хүссэн нь мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т Хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч энэ хуулийн 55.3-т заасан шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргаж болох талаар 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 4/25032 дугаар мэдэгдлийг Женесис капитал ХХК-д хүргүүлж, энэ талаар тэмдэглэл үйлдсэн байтал ...санал гаргаагүй байна.

Хуулийн 64.1-т ...энэ хуулийн 65.1-д заасан хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах, 66.1-д Дуудлага худалдааг шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, эсхүл шийдвэр гүйцэтгэх алба зохион байгуулна гэж зааснаар шийдвэр гүйцэтгэгч 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр албаны дуудлага худалдааны комисст санал оруулсан ба Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 12/43 дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол үйлдэгдэж, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 10:00 цагт анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулахаар 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн өнөөдөр сонины 225 дугаарт зарлан нийтэлж, талуудад мэдэгдсэн, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулагдсан ба хурлын тэмдэглэлийн ...43-рт бичигдсэн үл хөдлөх эд хөрөнгөнд санал ирээгүй талаар тэмдэглэгдсэн нь хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2-т заасны дагуу ажиллагаа явагджээ.

Мөн шийдвэр гүйцэтгэгч 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр албаны дуудлага худалдааны комисст санал оруулсан ба Хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 13/20 дугаар тогтоолын 1 дэх заалтаар ...анхны дуудлага худалдааг хүчингүйд тооцож, 2 дахь заалтаар ...2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 10 цаг 00 минутанд 2 дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар тогтоосон байна.

Энэ хэргийн нэхэмжлэгч Түмэнхарш ХХК нь дээрх шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан ажиллагаанд буюу 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 13/20 дугаар тогтоол, түүний тогтоох хэсгийн 2-т заасан 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хууль зөрчсөн болохыг тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т Энэ хуулийн 44.3, 63.4-т заасан нь бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд өөрийн эрх хөндөгдсөн асуудлаар гомдлоо шүүхэд гаргахад хамаарахгүй гэсэн заалтын дагуу гаргасан гэж үзнэ.

7.Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ201901721 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар хариуцагч Женесис капитал ХХК-иас 278,250,000 төгрөг 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дотор Түмэнхарш ХХК-д төлж барагдуулах, хэрэв хугацаанд төлж барагдуулаагүй бол зээлийн гэрээний үүргийг барьцаалсан Сүхбаатар аймаг Баруун-Урт суманд байрлах SUN citу 16 давхар барилгын 307,2 м.кв, 000236685 тоот гэрчилгээтэй Ү-1213002919 тоот улсын бүртгэлтэй талбайг мөн барилгын инженерийн байгууламжаар хангуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба уг шийдвэрийн дагуу хариуцагч Женесис капитал ХХК нь төлбөрийг төлж барагдуулаагүйн улмаас шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 181/ГХ2019/00863 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэнийг төлбөр авагч Түмэнхарш ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 43/19 дугаар Хүсэлт гаргах нь албан бичгээр*******т хүргүүлсэн болох нь шүүх хуралдаанд оролцсон гэрч М.Бага-Өрнөлтийн мэдүүлэг, хэрэгт авагдсан албан бичгээр нотлогдож байна.

Дээрх шүүхийн шийдвэр, гүйцэтгэх баримт бичигт үндэслэн Шийдвэр гүйцэтгэгчийн хувийн хэрэг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хяналтын 109 дугаар хуудсаар 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 20280109 дугаар хэрэг нээж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ.

Шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлбөр төлөгч Женесис капитал ХХК төлж барагдуулаагүйгээс төлбөр авагч Түмэнхарш ХХК нь хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 43/19 тоот албан бичгээр тус шүүхийн шийдвэрээр тогтоосон зээлийн төлбөрийг гаргуулахыг албадан гүйцэтгүүлэхээр шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас зэргийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр*******т өгсөн болох нь талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 43/19 дугаар албан бичиг зэргээр нотлогдож байна.

Хариуцагчийн төлөөлөгч 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд ...шүүхийн гүйцэтгэх хуудсыг манайх 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шүүхээс гардаж авсан, Түмэнхарш ХХК-ийн хүсэлт 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал тушаасан болохоор 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр зардлын гэрээ байгуулсан. Тэгэхээр манай дээр ирсэн өмнөх огноотой хүсэлтээ манайд 01 дүгээр сарын 08-ны өдөр авчирч өгсөн гэсэн үг гэж тайлбарласан боловч энэ талаархи зардлын гэрээг хэрэгт баримтаар гаргаж өгөөгүйг дурдах нь зүйтэй.

Түмэнхарш ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 43/19 дугаар Хүсэлт гаргах нь албан бичгээ хариуцагчид тухайн өдөр өгсөн болох нь тогтоогдсон тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т ...зааснаар 3 хоногийн дотор иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг нээж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гарган зохих тойргийн шийдвэр гүйцэтгэгчид хуваарилна гэж заасныг зөрчсөн гэж үзнэ. Энэхүү хүсэлтийг хариуцагч хэдийд хүлээн авсан эсэх талаар бичгийн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй ба татгалзлын үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Иймээс хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дзгээр зүйлийн 21.1-т заасныг зөрчиж 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг нээж, мөн өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол үйлдсэн үйл баримт тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

8.Голомт банкны нэхэмжлэлтэй Женесис-капитал ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүргийг тус шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 00496 дугаар шийдвэрээр хариуцагчаас 2,881,814,754.63 төгрөгийг гаргуулж, үүргээ биелүүлээгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-1213002919 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар аймгийн Баруун урт сум, 7-р баг ЗДТГ-ын баруун талд байршилтай 5,160.27 мкв талбай бүхий 71 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, мөн гэрчилгээний 000306241 дугаартай, Сүхбаатар аймгийн Баруун урт сум, 7-р баг ЗДТГ-ын баруун талд байршилтай 1040 мкв талбай бүхий газар эзэмших эрх зэрэг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн баримт бичгийг Голомт банк ХХК нь 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр албадан ажиллагаа хийлгэхээр хүсэлтээ Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасны дагуу 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг нээж, мөн өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол үйлдсэн байна энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т заасныг зөрчөөгүй байна.

9.Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зүйл болсон манай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг хуульд заасан хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, холбогдох ажиллагааг хуулийн дагуу явуулсан бол төлбөр төлөгч Женесис капитал ХХК-иас гаргуулах 278,250,000 төгрөг, барьцаалсан Сүхбаатар аймаг Баруун-Урт суманд байрлах SUN citу 16 давхар барилгын 307,2 м.кв, 000236685 тоот гэрчилгээтэй Ү-1213002919 тоот улсын бүртгэлтэй талбайг мөн барилгын инженерийн байгууламжаар хангуулах ажиллагааг Голомт банк ХХК-ийн төлбөрийг гүйцэтгэх ажиллагаатай хамтатган хийх бүрэн боломжтой болох нь Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчөөс гаргуулсан хөрөнгө, мөнгө нь нэгэн зэрэг /нэг гүйцэтгэх баримт бичгээр/ шаардлага гаргасан хэд хэдэн төлбөр авагчийн шаардлагыг нэгэн зэрэг хангахад хүрэлцэхгүй бол төлбөр авагч нэг бүрийн авах төлбөрийн хэмжээгээр хувь тэнцүүлэн олгоно гэж заасан журмын дагуу гүйцэтгэх ажиллагааг явуулах боломжтой байхад төлбөр авагч Голомт банк ХХК, төлбөр төлөгч Женесис капитал ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар манайд огт мэдэгдээгүй дээрх ажиллагааг явуулсан нь хууль зөрчсөн, манай компаний эрх ашгийг хохироосон гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсныг хүлээн авч хангах нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т Нэг төлбөр төлөгчид холбогдуулан хөрөнгийн шинжтэй хэд хэдэн шаардлагыг гүйцэтгэх зорилгоор хэд хэдэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн бол энэ хуулийн 25.2-т заасан шийдвэр гаргах журмын дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэгтгэн нэг шийдвэр гүйцэтгэгчид даалгаж болно гэсэн заалтын дагуу холбогдох ажиллагааг хийгээгүй үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т Монгол Улсын нутаг дэвсгэрт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулна., мөн 4 дүгээр зүйлийн 4.1-т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хүний эрх, эрх чөлөөг зөвхөн хуульд зааснаар хязгаарлах, энэрэнгүй, шуурхай байх зарчмыг баримтлахаар тус тус заасантай нийцээгүй болох нь тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д Бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд болон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ хуулийн 6.2.1, 6.2.2-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд гаргана гэж зааснаар тус нэхэмжлэлээ гаргасан байх тул дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

10.Нэхэмжлэгчийн анх нэхэмжлэл гаргахдаа буюу 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлснийг улсын орлого болгож, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт тус тус заасантай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3, 122.5, 25 дугаар зүйлийн 25.3-д заасныг баримтлан Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан, ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 13/20 дугаар тогтоолыг болон, түүний тогтоох хэсгийн 2-т заасан 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хууль зөрчсөн болохыг тус тус тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухайн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нээхмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ