Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2023/00742

 

 

2023 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2023/00742

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2023/00365 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Б ХХК,

2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 13/20 дугаар тогтоол, түүний тогтоох хэсгийн 2-т заасан 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хууль зөрчсөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг гуравдагч этгээдийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Алтан-Уяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Батцэцэг, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Баярхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 01741 дугаар шүүгчийн захирамжаар Ж ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 278,250,000 төгрөг гаргуулж А ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа болох Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд байрлах Сан сити /Sun citу/ 16 давхар барилгын 307,2 м.кв талбай, барилгын инженерийн байгууламжаар хангуулахаар шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч төлбөрөө сайн дураар төлөөгүй тул А ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх хүсэлт гаргасан боловч хугацааг алдаж, 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.

Тухайн үед А банк ХХК-ийн нэхэмжлэлтэй Ж ХХК-д холбогдох хэргийн шийдвэрт албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан боловч дуудлага худалдааны тогтоол, анхны дуудлага худалдааны тогтоол гараагүй байсан. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь нэхэмжлэгчийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон албадан дуудлага худалдаанд оролцуулалгүй, тухайн обьектыг гуравдагч этгээдэд шилжүүлсэн.

1.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд хэд хэдэн гүйцэтгэх баримт бичиг үйлдсэн бол нэгтгэн нэг шийдвэр гүйцэтгэгчид даалгаж болно гэж заасан зохицуулалт бий. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хугацаанд нь үүсгээгүйгээс манай баримт бичигт ажиллагааг хийлгүй А банк ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хийж, хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулж, барьцаа үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээдэд шилжүүлсэн.

Шийдвэр гүйцэтгэгч нь 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоолыг үйлдсэн нь хуульд заасан хугацааг зөрчсөн. Манай төлбөр барагдуулах ажиллагааг А банк ХХК-ийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай нэгтгэж хамтатган гүйцэтгэх ёстой байсан. Энэ хоёр шийдвэр гүйцэтгэлийн материалыг нэгтгээд ажиллагааг хийгээд явсан бол нэхэмжлэгч хохирохгүй байх байсан.

Иймээс 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 13/20 дугаар тогтоол, түүний тогтоох хэсгийн 2-т заасан 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хууль зөрчсөн болохыг тогтоож өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд байрлах Сан сити /Sun citу/ 16 давхар барилгын 307,2 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь А банк ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан ба Ж ХХК-аас төлбөр гаргуулж А банк ХХК-д олгох хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаагаар Б ХХК ялагч болж худалдан авсан. Уг үл хөдлөх эд хөрөнгө нь А ХХК-ийн барьцаа хөрөнгө болох нь тогтоогдоогүй, улсын бүртгэлд А банк ХХК-аас өөр барьцаалалт бүртгэгдээгүй байсан.

Иймд дээрх хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх боломжгүй, мөн хууль дүрмийн дагуу албадан дуудлага худалдаанд явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Гуравдагч этгээд Б ХХК-ийн тайлбарын агуулга: Хуулийн хүчин төгөлдөр шийдвэртэй шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож, хууль журмын дагуу ялагч болж үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрхийн төлбөрийг төлж шилжүүлэн авсан.

Албадан дуудлага худалдаанд орсон 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө нь А ХХК-ийн барьцаанд байгаагүй. Нэхэмжлэгчийг шаардаад байгаа тогтоолыг хүчин болгосноор А ХХК-ийн ямар эрх ашиг хэрхэн сэргэх нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3, 122.5, 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан, А ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 13/20 дугаар тогтоолыг болон, түүний тогтоох хэсгийн 2-т заасан 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хууль зөрчсөн болохыг тус тус тогтоож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухайн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нээхмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

5. Гуравдагч этгээдийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлэхгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

5.1. Хэрэгт авагдсан баримтаар албадан дуудлага худалдаагаар орсон үл хөдлөх эд хөрөнгө нь нэхэмжлэгч А ХХК-ийн барьцаанд бүртгэлгүй зөвхөн А банк ХХК-ийн барьцаанд бүртгэлтэй байсан байдаг. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 153.2 дахь хэсэгт заасны дагуу барьцаалагч буюу "А банк" ХХК нь барьцааны зүйлийн үнээс шаардлагаа тэргүүн ээлжинд хангуулах эрхтэй юм.

Харин нэхэмжлэгч А ХХК нь барьцааны гэрээ байгуулсан эсэх нь тодорхойгүй байх бөгөөд барьцааны бүртгэл албан ёсоор хийгдээгүй. Тиймээс албадан дуудлага худалдаагаар орсон барьцааны зүйлийн үнээс үүргийн гүйцэтгэлээ хангуулах давуу эрх А банк ХХК-д байсан болно.

5.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 12/30 дугаар тогтоол, түүний тогтоох хэсгийн 2-т заасан 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хууль зөрчсөн болохыг тогтоолгосноор нэхэмжлэгч байгууллагын ямар эрх, ашиг сонирхол нь сэргэх нь тодорхойгүй байгаа юм.

Нэхэмжлэгч байгууллагын хувьд төлбөр гаргуулах талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй бөгөөд тэрхүү шийдвэрийн дагуу төлбөр гаргуулах ажиллагаагаа хийлгэх нь нээлттэй. Мөн бодит байдал дээр албадан дуудлага худалдаанд орсон үл хөдлөх эд хөрөнгөөс тусдаа гэрчилгээтэй 307,2 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө байхгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

6.1. А ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2 дахь дуудлага худалдааны тогтоол гаргахаас өмнө гүйцэтгэх ажиллагааны баримтыг хуульд заасан шаардлагыг хангаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Гэтэл хариуцагч байгууллага уг хэрэгт ажиллагаа хийхгүйгээр удаашруулж дуудлага худалдаа зохион байгуулсны дараагаар нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг нээсэн.

Нэг төлбөр төлөгчөөс хэд хэдэн гүйцэтгэх ажиллагааны талаар маргаан байгаа тохиолдолд нэгтгэх, нэг шийдвэр гүйцэтгэгчид хуваарилан шийдвэрлүүлэх, мөн төлбөрийн дарааллыг тогтоосон хуулийн зохицуулалтыг хариуцагч хэрэгжүүлээгүй. Нэг үл хөдлөх хөрөнгөд шүүхийн 2 шийдвэр гарч, гүйцэтгэх хуудас бичсэн байхад зөвхөн нэг шийдвэрийн дагуу ажиллагаа явуулсан нь хууль бус болсон. Үүний улмаас А ХХК-д шүүхийн шийдвэр биелэгдэхгүй, шүүгчийн захирамжаар заасан төлбөрөө авч чадахгүй байна.

6.2. Хоёр дахь албадан дуудлага явуулахаас өмнө А ХХК 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүсэлтээ хүргүүлсэн байсан тул үүний дагуу 3 хоногийн дотор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан цахим мэдээллийн сангаас тухайн үл хөдлөх хөрөнгө болон төлбөр төлөгч, авагчтай холбоотой мэдээллийг цуглуулж ажиллагаа хийгдэх ёстой байсан. Анхан шатны шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэгтгэн явуулаагүй, хоёр дахь дуудлага худалдаанд А ХХК-ийн төлбөрийг оруулах ёстой байхад оруулаагүй үйл баримтыг зөв тогтоосон.

Иймээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдэж өгнө үү.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талаас оролцоогүй, тайлбар ирүүлээгүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд хэргийг гуравдагч этгээдийн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 13/20 дугаар тогтоол, түүний тогтоох хэсгийн 2-т заасан 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хууль зөрчсөн болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч болон гуравдагч этгээд Жи ди фрэйндс ХХК нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

4. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

 

4.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2019/00496 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 847 дугаар магадлалаар Ж ХХК-аас 2,881,814,754.63 төгрөг гаргуулж, А банк ХХК-д олгож, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум, 7-р баг, ЗДТГ-ын баруун талд байршилтай, 5,160.27 м.кв талбай бүхий 71 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, мөн хаягт байрлалтай 1,040 м.кв талбай бүхий газар эзэмших эрх зэрэг хөрөнгөөс шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ /1хх 175-184/.

 

4.2. Дээрх шүүхийн шийдвэр, магадлалыг албадан гүйцэтгүүлэхээр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШЗ2019/09741 дугаар албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна /1хх 171-174, 194/.

Мөн шүүхийн шийдвэрт заасан барьцаа хөрөнгө болох Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум, 7-р баг, ЗДТГ-ын баруун талд байршилтай, 5,160.27 м.кв талбай бүхий 71 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, мөн хаягт байрлалтай 1,040 м.кв талбай бүхий газар эзэмших эрх зэргийг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 19281020/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 19281020/02 дугаар тогтоолоор хураажээ /1хх 225-231/.

Барьцаа хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.

 

4.3. Талууд үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах үнийг 4,500,000,000 төгрөгөөр тохиролцсон тул ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 12/43 дугаар тогтоолоор 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 10:00 цагт анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулахаар товложээ /1хх 235-236, 239, 243-245, 248/.

Анхны албадан дуудлага худалдаанд үнийн санал ирээгүй тул ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 13/20 тоот тогтоолоор 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 10:00 цагт хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулахаар шийдвэрлэсэн /2хх 20/.

2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан хоёр дахь албадан дуудлага худалдаанд Б ХХК нь 2,400,000,000 төгрөгийн үнийн санал гаргаснаар ялагчаар тодорч, улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 12/03 дугаар тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийг Б ХХК хүлээн авчээ /2хх 26-41, 47, 58-60/.

Ийнхүү анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа зарласан, дуудлага худалдааг зохион байгуулсан, ялагчид үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69-71, 75, Иргэний хуулийн 175, 177-178 дугаар зүйлд заасан журамд нийцсэн байна.

 

4.4. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2019/01741 дугаар захирамжаар хариуцагч Ж ХХК нь 278,250,000 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дотор А ХХК-д төлж барагдуулах, зээлийн гэрээний үүргийг Сүхбаатар аймаг Баруун-Урт суманд байрлах Sun citу 16 давхар барилгын 307,2 м.кв талбай, барилгын инженерийн байгууламжаар хангуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ /1хх 4-5/.

Уг захирамжийг албадан гүйцэтгэх тухай 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШЗ2019/11992 дугаар захирамж, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна /1хх 7, 125-126, 128/.

 

5. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 13/20 дугаар тогтоол, түүний тогтоох хэсгийн 2-т заасан 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа нь хуульд нийцсэн байх ба уг тогтоол, түүнд заасан 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа хууль зөрчсөн болохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3, 122.5 дахь хэсэгт зааснаар тогтоох үндэслэл хэрэг авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

5.1. Нэхэмжлэгч А ХХК нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2019/01741 дугаар захирамжийн дагуу хариуцагч Ж ХХК-аас 278,250,000 төгрөг гаргуулах гүйцэтгэх хуудсыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй.

Энэ талаар гэрч М.Бага-Өрнөлт мэдүүлэг өгсөн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон байх тул түүний мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийнг 43 дугаар зүйлийн 43.8.1-д зааснаар үнэлэхгүй /1хх 3/.

Мөн нэхэмжлэгч нь гүйцэтгэх хуудас хүргүүлсэн гэх 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 43/19 тоот албан бичгээ хариуцагчид хэзээ хүлээлгэж өгсөн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй байна /1хх 41/.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2019/01741 дугаар захирамжийн дагуу бичигдсэн гүйцэтгэх баримт бичигт үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг нээж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гарган зохих тойргийн шийдвэр гүйцэтгэгчид хуваарилна гэж заасанд нийцсэн гэж үзнэ.

 

5.2. Төлбөр төлөгч Ж ХХК-аас 278,250,000 төгрөг гаргуулан А ХХК-д олгох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр үүсэхээс өмнө төлбөр авагч А банк ХХК-ийн гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн, хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагаа, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа явагдсан, дуудлага худалдааны ялагчид өмчлөл шилжүүлэх тогтоол гарсан байжээ.

Иймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт зааснаар төлбөр авагч А банк ХХК болон А ХХК-ийн гүйцэтгэх баримт бичгийн дагуу явагдаж байсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэгтгэх ёстой байсан гэж үзэх үндэслэлгүй. Түүнчлэн хуулийн энэ зохицуулалтад нэг төлбөр төлөгчид холбогдуулан хөрөнгийн шинжтэй хэд хэдэн шаардлагыг гүйцэтгэх зорилгоор явагдаж буй хэд хэдэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг заавал нэгтгэх хэм хэмжээ агуулагдаагүй болно.

Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.3 дахь хэсэгт хэд хэдэн гүйцэтгэх баримт бичгийн дагуу хэд хэдэн төлбөр авагчийн хөрөнгийн шинжтэй шаардлагыг гүйцэтгэх баримт бичиг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад бүртгэгдсэн дарааллын дагуу хангах бөгөөд, эхний гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг бүрэн хангаснаар дараагийн гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах зарчмыг баримтална гэж заасан тул дуудлага худалдааны орлогыг төлбөр авагч А банк ХХК-нд хариуцагч шилжүүлсэн нь үндэслэлтэй /2хх 76/.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр гуравдагч этгээдийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2023/00365 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3, 122.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 13/20 дугаар тогтоол, түүний тогтоох хэсгийн 2-т заасан 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хууль зөрчсөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Т.БАДРАХ