Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 142/шш/2020/01210

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Ү даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Б овгийн Г.Б  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Х” ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, Д.Н, гэрч Г.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Г.Б миний бие “Х" ХХК-ийн “Х” АБК салбарт туслах тогоочоор ажилладаг байсан юм. Гэтэл намайг 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/87 тушаалаар ажлаас халлаа. Би өөрийгөө ажлаас халагдах хэмжээний буруутай үйлдэл гаргасан гэж үзэхгүй байна.

1.Намайг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ажлын цагаар ажлын байранд худалдаа наймаа хийсэн гэж буруутгасан. Тэр өдөр би Зш футволкыг О, Н, Э гуравт өгсөн. Эд бараа дэлгэж, сонгуулж үнэ хөлс ярилцаж наймаалцсан явдал болоогүй. Би хүний захиалсан юмыг л авчирч өөрсдөд нь өгсөн. Олон ажилчдын ажлыг алдагдуулж урт хугацаагаар ажлаас нь хөндийрүүлж бараа зараагүй.

2.Өөрийн ажлын өрөөнд суурилуулсан камерыг ажил эхлэхийн өмнө тогооч Д.А хамтаар хөдөлгөж үзэгдэх орчноо хязгаарласан. Үүнээс болж камер гэмтэж 132.000 төгрөгийн хохирол учирсан гэжээ. 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ажилдаа ирэхэд тэр камер нь доошоо унжчихсан байхаар нь тогооч А дээш босгож тогтоосон. Би камер унжсан байгааг хараад тогоочид хэлсэн. Тогооч А скочоор дээш нь болгож тогтоосон. Бид ямар нэгэн зорилгоор камерыг эвдэж, үзэгдэх орчныг хязгаартай болгох зориудын үйлдэл огтоос хийгээгүй.

3.2020 он 05 дугаар сарын 22-ны өдөр компаний эд зүйл болох 15ш кофе зөвшөөрөлгүй авч хувьдаа хэрэглэсэн гэжээ. Би энэ 15ш кофег өөртөө хэрэглээгүй гэрээт Онцгой Байдлын Ерөнхий Газрын ээлжийн ажилчид өдөр бүр салат цай, кофе, талх бэлтгэж нийлүүлэх гэрээний дагуу ажилчдад 15ш кофе хүргүүлсэн.

Энэ нь гэрээний 5.10.1.5-д зааснаар цай, кофе сонголтоор нь хүргэх ёстой тул кофе авая гэснээр нь хүргүүлсэн. Жолооч Г авч явж хүргэж өгсөн. Хоёр байгууллагын хоорондын гэрээний дагуу хөдөлмөрийн гэрээгээ хүлээсэн үүргээ биелүүлсэн. Тийм учраас би өөрийгөө хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах ноцтой зөрчил гаргасан гэж үзэхгүй байна. Иймд Г.Б намайг “Х” ХХК-ийн “Х” АБК салбарын туслах тогоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.З шүүхэд ирүүлсэн тайлбар тайлбартаа: “Г.Бгийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцлаа. Бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Г.Б нь 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ажлын байранд ажлын цагаар хувцас хэрэглэл ажилчдад зарж ажлын цаг ашинглалтыг сулруулсан, худалдаа наймаа хийсэн зөрчил, 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр өөрийн үндсэн үүрэг даалгаварт заагдаагүй байхад өөрийн ажлын өрөөнд суурилуулсан камерыг ажил эхлэхийн өмнө тогооч Д.А хамтаар хөдөлгөж үзэгдэх орчноо хязгаарласан.  2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр компанийн эд зүйл болох 15 ширхэг кофег зөвшөөрөлгүй авч өөрийн нөхөртөө явуулсан зэрэг хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчлийг удаа дараа болон хөдөлмөрийн гэрээгээр урьчилан тохиролцсон ноцтой зөрчлийг гаргасан. /Г.Б нь хөдөлмөрийн дотоод журамтай танилцсан/.

Ийнхүү зөрчил гаргасан тухай асуудлыг компанийн удирдлагын багийн хурлаар хэлэлцэхэд эдгээр зөрчлийг гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч байсан төдийгүй би кофе авсан нь үнэн, худалдаа наймаа хийсэн нь үнэн, камерийг хөдөлгөхөд оролцсон нь үнэн, мөн ахлах тогтооч Ө.Дг та энэ асуудлыг өөр дээрээ аваад гараач гэж өмнөөс нь өргөдөл хуурамчаар бичиж, гарын үсгийг ятгаж зуруулсан маань үнэн гэж асуудлыг хүлээн зөвшөөрч тайлбар бичиж байсан хүн гэнэт одоо яагаад өөр тайлбар гаргаад байгааг ойлгохгүй байна.

            Гаргасан зөрчлийн талаар холбогдох ажилтан мэдээлж, удирдлагын багийн гишүүд ажилтан Г.Бгаас асууж тодруулахад өөрөө хүлээн зөвшөөрч өөр тайлбар байхгүй, миний буруу гэсэн. Дээрх зөрчил гаргасныг холбогдох ажилтнууд гэрчилдэг. Мөн бусад баримтуудаар ч нотлогддог.

Манай байгууллага Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад халуун хоолоор үйлчилдэг, хоол үйлдвэрлэл явуулдаг үйлчилгээний байгууллага бөгөөд үйлдвэрийн ажилчдын халуун хоолоор хангах энэ хариуцлагатай ажлыг бид үйлдвэрийн дүүрэгт явуулдаг. Иймээс хатуу сахилга баттай ажиллахыг ажилчдаас бид шаардаж хөдөлмөрийн гэрээ, дотоод журамдаа тусган ажилладаг. Гэтэл Г.Б нь Хөдөлмөрийн дотоод журам болон Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөр тасалбар болгон цуцалж, ажлаас халсан болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Г.Б нь “Х” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Г.Б нь “Х” ХХК-д туслах тогоочоор ажиллаж байгаад 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн байна.

Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2., 40 дүгээр зүйлийн 40.1.4., Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.5, 3.2.8, 4 дүгээр зүйлийн 4.3.9, 4.3.10 дахь заалт... зэргийг баримтлан “...Х” АБК салбарын туслах тогооч Г.Б нь 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ажлын байранд ажлын цагаар бараа бүтээгдэхүүн ажилчдад зарж ажлын цаг ашиглалтыг сулруулсан, худалдаа наймаа хийсэн зөрчил, 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр өөрийн үндсэн үүрэг даалгаварт заагдаагүй байхад өөрийн ажлын өрөөнд суурилуулсан камерыг ажил эхлэхийн өмнө тогооч Д.А хамтаар хөдөлгөж үзэгдэх орчноо хязгаарласан, ийнхүү хөдөлгөснөөс камер гэмтэж компанид 132 000 төгрөгийн хохирол учруулсан зөрчил, 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр компанийн эд зүйл болох 15 ширхэг кофег зөвшөөрөлгүй авч хувьдаа хэрэглэсэн зөрчил гаргасан, энэ зөрчлүүд нь хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчлийг удаа дараа болон хөдөлмөрийн гэрээгээр урьдчилан тохиролцсон ноцтой зөрчлийг гаргасан тул Г.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсугай” гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-д зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилагаар цуцалж болохоор хуульд зохицуулсан.

Ажилтан Г.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2-д энэхүү гэрээгээр урьдчилан тохиролцож, ноцтой зөрчилд тооцохоор нэрлэж заасан сахилгын зөрчил гаргасан, эсхүл хөдөлмөрийн сахилгын зөрчил датан / 2 буюу түүнээс дээш удаа / гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална, ...4.3.9-д компанийн хөрөнгөд / эдийн болон эдийн бус / хууль бусаар халдсан аливаа үйлдэл, эс үйлдэхүй гаргасан, 4.3.10-д компанийн өмч хөрөнгө, эд зүйл / бүртгэлтэй болон бүртгэлгүй өдөр тутмын хэрэглэгддэг түүхийн эд, бүтээгдэхүүн, бараа материал, хаягдал бүтээгдэхүүн бусад /-ийг зохих зөвшөөрөлгүй авсан, авч гарсан, авч гарахыг завдсан, авах, авч гарахад туслалцаа дэмжлэг үзүүлсэн, завшин үрэгдүүлсэн, ашигласан, худалдсан, нуун дарагдуулсан, гэмтээсэн, чанар байдлыг алдагдуулсан, хулгайлсан, хулгайн гэмт хэрэг гарах нөхцөл бололцоог бүрдүүлсэн / хохирлын хэмжээ харгалзахгүй/ гэж заасан байна.

Шүүх нэхэмжлэгч Г.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Үндэслэл нь Г.Б нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан байна гэж үзлээ.

Тодруулбал Г.Б “Х” ХХК-ийн “Х” АБК салбараас 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр компанийн эд зүйл болох 15 ширхэг кофег зохих зөвшөөрөлгүй авсан, гаргасан болох нь гэрч Н.Э-ийн “...ажилчид ороод ирсэн нилээн ачаалалтай үе таарсан, зөөврийн салад дутаад байна, кофе хэрэгтэй байна гэхээр нь би зөвшөөрөөгүй.Тэгээд кофегоо өөрөө доороос задлаад аваад явсан...зөөвөрт явах кофе, цай манай залнаас гарах ёсгүй, няраваас авах ёстой, тийм учраас би үгүй гэж хэлээд хяналтын ажилтанд мэдэгдсэн” гэсэн мэдүүлэг, гэрч Ө.Дгийн “...хамгийн сүүлд онцгой, цагдаагийн 32 хоолыг савлаж байсан хоолоо савлаад байж байх явцад Б тогооч хоол савлаадахаарай гээд хэдэн пирошкитой уут авч ирж өгсөн.Тэгээд би тэр үед халуун саданд хоол савалж өгсөн.Хатаагчнаас зөөврийн хоолны халуун савыг авч ирэхэд кофе хийсэн шүү гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг, гэрч А.Ш-ЫН “...Б удирдлагын багийн хуралд орохдоо уг кофег нөхөртөө явуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг, Г.Бд энэ кофег авах эрх байхгүй...бараа бүтээгдэхүүнийг няраваас авдаг болохоос хэрэглэгчдэд үйлчилгээ хүргэж байгаа залнаас авдаггүй...тухайн үед зохион байгуулагч кофе аваад гарсны дараа ууттай кофег тоолж үзэхэд 35 ширхэг кофе үлдсэн байна 15 ширхэг  кофе дутсан байна гэдгийг салбар хариуцсан менежерт хэлсэн байдаг” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Т-ы “...тухайн үед Эг 15 ширхэг кофег аваад явчихсан гэдгийг яаж мэдсэн юм бэ гэхэд доор байсан бүтэн кофеноос задлаад явсан учраас би үлдэгдэл кофегоо тоолоод мэдэж байна гэсэн....15 кофе авсан асуудлаа хүлээн зөвшөөрсөн үү гэхэд зөвшөөрсөн, өрөөнд дуудаад 15 ширхэг кофе яагаад авсан юм бэ гэхэд би ингээд ингээд авсан гэж надад ярьж байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Огийн “...Саладаа өгчихөөд хоол авсан саваа угаалга руу хүргэж өгөх гээд эргээд өрөөнд орох гээд явж байхад Б надтай зөрөөд гарсан. Зөрж ороод би өрөөндөө сууж байтал зохион байгуулагч Э ирээд Б сая надаас 15 кофе аваад явсан. Танай зөөврийн салад яагаад алга болчихсон юм бэ гэж асуусан. Би цагдаа руу явуулах саладыг авах гээд ороход зөөврийн салад байсан. Салад дутах үндэслэлгүй гэж хэлээд гараад явсан. Тэгээд би Д тогоочоос Б 15 кофе аваад явсан байна. Түүнийг яасан бол гэж асуухад Д тогооч ах руугаа өгч явуулна гээд надаар хоолтой цуг савлуулаад тусд нь боолгосон...би хяналтын ажилтан болохоор зөөврийн хоолыг шалгаж явуулдаг. Салад нь гялгар уутанд байдаг учир дотор нь юу юу байгаа нь харагддаг.Тэр өдөр Онцгой байдлын газар луу дандаа хаан сүүтэй цай савлаж явуулсан” гэсэн мэдүүлгээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч шүүхэд болон хуралдаанд “...би Эд 15 ширхэг цай өгөөд оронд нь 15 ширхэг кофе авсан, үүнийгээ Онцгой Байдлын Ерөнхий Газрын ээлжийн ажилчдад хүргүүлсэн” гэж тайлбарласан боловч дээрхи тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэгчийн тайлбар гэрч Н.Э, Ө.Д, Б.Г, А.Ш, Б.Т, Г.О нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байгаа.

Түүнчлэн Удирдлагын багийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 17 дугаар хурлын тэмдэглэлд ....Г.Б тийм, хэдэн ширхэг кофе авснаа тоолоогүй, Дгийн ах буюу миний нөхөр 24 цаг гардаг.Хэдэн кофе өгөөд явуулчих гэхээр нь Дд зөөврийн хоолтой хэдэн ширхэг кофе өгөөд явуулчихаа гэсэн....би санаатайгаар кофе авч гарч байгаад баригдаагүй....санамсаргүй л гэж тусгагдсан байна.

Хэдийгээр дээрхи тэмдэглэлд Г.Б гарын үсэг зураагүй ч энэ нь уг тэмдэглэлийг бүхэлд нь үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд “....Г.Бг ажлаас чөлөөлсөн тушаалд компанийн эд зүйл болох 15 ширхэг кофег зөвшөөрөлгүй авч хувьдаа хэрэглэсэн гэсэн байгаа. Г.Б кофег яаж хувьдаа хэрэглэсэн юм бэ, хувьдаа хэрэглэсэн нь тогтоогдоогүй” гэж мэтгэлцэж байгаа боловч гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 4.3.9-д заасан компанийн хөрөнгөд хууль бусаар халдсан үйлдэл гаргасан нь, мөн 4.3.10-д заасан компанийн өмч хөрөнгө, эд зүйлийг зохих зөвшөөрөлгүй авсан, байгууллагаас гаргасан зөрчил гаргасан нь тогтоогдсон байна.

Иймд нэхэмжлэгч Г.Бг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж дүгнэсэн болно.

Харин Г.Б нь 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ажлын байранд ажлын цагаар бараа бүтээгдэхүүн ажилчдад зарж ажлын цаг ашиглалтыг сулруулсан, худалдаа наймаа хийсэн зөрчил гаргасан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Гэрч Ж.Т, Э.А нарын мэдүүлгээр гэрчүүд онлайнаар худалдан авалт хийж, мөнгөө төлж цагаан фудволк авсан.Худалдан авсан цагаан фудволкыг Г.Б ажил дээрээ гэрчүүдэд авч ирж хүлээлгэн өгсөн нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймд Г.Б нь 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ажлын байранд ажлын цагаар бараа бүтээгдэхүүн ажилчдад зарж ажлын цаг ашиглалтыг сулруулсан, худалдаа наймаа хийсэн зөрчил гаргасан нь тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “...Г.Бгийн кофе авсан зөрчлийг ноцтой зөрчилд, камер хөдөлгөсөн болон худалдаа наймаа хийсэн зөрчлийг давтан зөрчилд тооцож байгаа” гэсэн тайлбар гаргасан.

Г.Б ажлын байранд ажлын цагаар бараа бүтээгдэхүүн ажилчдад зарж ажлын цаг ашиглалтыг сулруулсан, худалдаа наймаа хийсэн зөрчил гаргасан нь тогтоогдоогүй учраас камер хөдөлгөж үзэгдэх орчноо хязгаарласан гэх зөрчил нь давтан зөрчилд хамаарахгүй гэж үзсэн болно.

Иймд дээрхи үндэслэлээр “Х” ХХК-ийн захирлын 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/87 дугаар тушаал хууль зөрчөөгүй гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Бгийн “Х” ХХК-нд холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.3.-д зааснаар нотлох баримтаар авагдсан CD-г хэрэгт хавсаргасугай.
  4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
  5. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Р.Ү