Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 149/ШШ2021/00107

 

 

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг Цагааннуур сумын ******* ХХК-ний нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Цагааннуур сумын 1 дүгээр баг, Оргих гэх газар оршин суух, 1958 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 63 настай, эрэгтэй, Үржин овогт Дулмаагийн ******* /*******/

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Цагааннуур сумын 1 дүгээр баг, Оргих гэх газар оршин суух, 1964 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 57 настай, эмэгтэй, Ням овогт Лхагважавын ******* /*******/ нарт холбогдох

44000000 төгрөгийг гаргуулах тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Урангоо /онлайн/, хариуцагч Д.*******, Л.Дулмаа нарын өмгөөлөгч Г.Амартүвшин /онлайн/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ХХК болон иргэн Д.*******, Л.******* нарын хооронд 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 14/02 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Уг төслийн гэрээний дагуу ******* ХХК нь иргэн Д.*******, Л.******* нарт 1 ширхэг нь 3 сая төгрөгийн үнэ бүхий 30 толгой хээлтэгч үнээг малллуулж нийт хээл тогтоолтын үр дүнгийн 75 хувьтай тэнцэх тугалыг Захиалагч авах бөгөөд 25 хувьтай тэнцэх тооны тугалыг болон шар тосноос бусад цагаан идээг Гүйцэтгэгч ажлын хөлсөнд авахаар тохиролцсон. Уг тохиролцооны дагуу манай компани нь Д.*******, Л.******* нарт 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 4 толгой хээлгүй, 2 толгой тугалтай, 24 толгой хээлтэй, нийт 30 толгой гунжин үнээг акт үйлдэн хүлээлгэн өгсөн байдаг. Гэрээний хугацаанд манай компаниас гэрээнд заасны дагуу шаардлагатай үйлчилгээнүүдийг үзүүлж байсан бөгөөд төсөл амжилттай хэрэгжиж талууд харилцан тохиролцон 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өмнө нь хүлээлгэн өгсөн үнээн дээр нэмж 30 толгой гунжин үнээг хүлээлгэн өгсөн.

Төсөл хэрэгжиж байх явцад Д.*******, Л.******* нарын сүрэгт хорогдол ихээр гарах болсон тул төслийг хугацаанаас нь өмнө зогсоох шийдвэр гарч 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр компаниас томилогдсон комисс очиж үхрийг хүлээн авсан байдаг. Хүлээн авах үед нийт 60 толгой үнээнээс 52 толгой, 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр тугал хүлээн авах үедээ үлдээсэн байсан бяруу /үлдээх үед тугал байсан/ 6 байх ёстой байснаас 2 толгой байсан бөгөөд үнээ 8 толгой, бяруу 4 толгойг дутаасан байсан. Уг дутаасан малын 1 бүрийн үнэ нь үнээ 3000000 төгрөг, бяруу 5000000 төгрөг байгаа бөгөөд манай компанид нийт 44000000 төгрөгийн хохирол учруулаад байна.

Д.*******, Л.******* нараас компанид учруулсан хохирлоо нөхөн төлөхийг шаардсан боловч хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхэд хандаж асуудлыг шийдвэрлүүлэхээс өөр аргагүй болоод байна.

Иймд иргэн Д.*******, Л.******* нараас 1 толгой нь 3000000 төгрөгийн үнэ бүхий нийт 8 толгой үнээний хохирол 24000000 төгрөг, 1 толгой нь 5000000 төгрөгийн үнэ бүхий нийт 4 толгой бярууны хохирол 20000000 төгрөг нийт 44000000 /дөчин дөрвөн сая/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Улаанбаатар хот Сонгино хайрхан дүүргийн Бэлхийн 27-656 тоотод оршин суух, 1990 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 31 настай, эмэгтэй, Ууш овогт Пүрэвсүрэнгийн Урангоогоос /РД:НК90053103/ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК иргэн Д.*******, Л.******* нараас ажил гүйцэтгэх гэрээний хохирол 44 сая төгрөгийг төлөхийг шаардаж байна. Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 14/02 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Энэ гэрээ амжилттай хэрэгжсэн учраас 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж дахин 30 толгой үнээ өгсөн. Гэрээ хэрэгжих явцад компаиниас шалгалт хийхэд нийт 60 үнээнээс 8 толгой үнээ хорогдсон байсан. Мөн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн гэрээний дагуу тугал хүлээж авахад үлдээсэн 6 тугалнаас 4 толгой тугал дутаасан байсан. Тухайн үед үлдээхэд тугал байсан боловч очиж авах үед бяруу болсон байсан. Ингээд хариуцагч тал гэрээний үүргээ зөрчсөн учир ******* ХХК гэрээгээ цуцлаад гэрээний дагуу өгсөн 60 үнээнээс 52 үнээ хүлээн авсан, мөн 2 толгой бяруу хүлээн авсан. Хүлээн авахдаа акт үйлдэж хүлээн авсан байдаг. Уг акт дээр хариуцагч нар хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Дутаасан 8 толгой үнээ, 4 толгой бярууг төлж барагдуулна гэж хариуцагч нар зөвшөөрсөн байдаг. Үүнээс хойш *******, Дулмаа нартай олон удаа очиж уулзахад яаж төлөх талаар хариу хэлэхгүй төлөхгүй байсан учир шүүхэд хандсан. Гэрээ зөрчсөний хохиролд 44 сая төгрөгийг нэхэмжилж байна. Нэг үнээг 3 сая төгрөгөөр, нэг бярууг 5 сая төгрөгөөр тус тус үнэлж байна. 8 толгой үнээ, 4 толгой бярууны үнэ юм гэв.

 

Хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Д.*******, Л.******* нараас 8 толгой хээлтэгч үнээний үнэ 24000000 төгрөг, 4 толгой бярууны үнэ 20000000 төгрөг, нийт 44000000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Д.*******, Л.******* нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Д.*******, Л.******* нартай 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдөр № 14/02 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг 05 жилийн хугацаатай байгуулан 30 толгой хээлтэгч монгол үнээг, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр № 14/02-01 дугаартай нэмэлт гэрээгээр 30 толгой хээлтэгч монгол үнээгээр нэмж санхүүжүүлж нийт 60 толгой хээлтэгч монгол үнээг хүлээлгэн өгч маллуулсан байх ба зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн болох нь тэдгээрийн хооронд 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан № 14/02 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан № 14/02-01 дугаартай нэмэлт гэрээгээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгч ******* ХХК нь 60 толгой хээлтэгч монгол үнээг маллуулах явцдаа гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагч Д.*******, Л.******* нарыг гэрээний үүргээ зөрчсөн гэж нэхэмжлэгч талын санаачилгаар гэрээг хугацаанаас өмнө цуцалж Д.*******, Л.******* нараас 52 толгой хээлтэгч монгол үнээ, 2 толгой эрлийз эр бяруу, 16 толгой эрлийз тугал, нийт 70 толгой үхэр хүлээн авсан акт үйлдэж 8 толгой хээлтэгч монгол үнээ, 4 толгой эрлийз бяруу нийт 12 толгой үхэр хорогдсон гэж нэг толгой хээлтэгч үнээг 3000000 төгрөгөөр үнэлж 8 толгой хээлтэгч монгол үнээг 24000000 төгрөгөөр, нэг толгой бярууг 5000000 төгрөгөөр үнэлж 4 толгой бярууг 20000000 төгрөгөөр нийт 44000000 төгрөгийг гэрээг зөрчсөний хохиролд гаргуулахаар нэхэмжилж шаардсаныг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Учир нь нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч Д.*******, Л.******* нарын хооронд 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан № 14/02 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3.2-д Гэрээний зүйл гэж гэрээний дагуу хүлээлгэн өгсөн 30 толгой хээлтэгч үнээ, ангус үүлдрийн бухыг ойлгоно гэж, 1.3.5-д Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл гэж гал түймэр, газар хөдлөлт, салхи шуурга, үер усны гамшиг, зуд зэрэг байгалийн гамшиг, нийтийг хамарсан үймээн, эсэргүүцлийн хөдөлгөөн, төрийн байгууллагаас тавьсан хорио цээр, тогтоосон шийдвэр зэрэг талуудын хүсэл зоригоос үл хамаарах шалтгааныг ойлгоно гэж, 1.3.12-д Зүй бус хорогдол гэж гэрээний зүйлийг чононд идүүлэх, механик гэмтэл, нүхэнд унагах, шаварт зоогдох, тэжээл, хужирын хордлогонд оруулах, зориулалтын бус хашаа хорооноос шалтгаалж ясны бэртэл авах, нүд сохрох гэх мэт зүй бус хорогдлыг ойлгоно гэж, 4 дүгээр зүйлийн 4.2.9-д захиалагч нь жил бүрийн 10 дугаар сарын 01-07-ны хооронд Гүйцэтгэгчээс 1 дүгээр үеийн эрлийз тугалыг хүлээж авахдаа хүлээлцэх акт үйлдэх бөгөөд Гүйцэтгэгчид тухайн жилд хээлтэгч үнээнээс тугалсан тугалын 25 хувьтай тэнцэх хэмжээний тугалыг ажлын хөлс болгон өгнө гэж, 8 дугаар зүйлийн 8.1.1-д Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд нэн тэргүүн ээлжинд Захиалагчид мэдэгдэж, өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээг нэн даруй авах бөгөөд ийнхүү мэдэгдээгүй буюу зохих арга хэмжээг нэн даруй аваагүйн улмаас гэрээний зүйл устсан, гэмтсэн тохиолдолд бий болох эрсдлийг Гүйцэтгэгч хариуцна гэж тус тус заажээ.

Гэтэл нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Д.*******, Л.******* нарыг 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн № 14/02 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д заасан үүргээ зөрчсөн гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд заасан эрх үүргээ хэрэгжүүлж нотлоогүй байна.

Өөрөөр хэлбэл: 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн № 14/02 дугаартай ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээлгэн өгсөн 30 толгой хээлтэгч үнээнээс дутсан уу 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн № 14/02-01 дугаартай нэмэлт гэрээгээр хүлээлгэн өгсөн 30 толгой хээлтэгч үнээнээс дутсан уу гэдгийг дүгнэж шүүхэд өөрсдөө нотлох баримтаар нотолж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлоогүй нь хариуцагч нарыг гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэх нөхцөл тогтоогдохгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Хавтаст хэргийн 123 дугаар талд авагдсан Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн № 11 дугаартай дүгнэлтээр 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн № 14/02-01 дугаартай нэмэлт гэрээнд зурагдсан хариуцагч Д.*******, Л.******* нарын гарын үсэг нь Д.*******, Л.******* нарын гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна гэсэн ба мөн хавтаст хэргийн 175-178 дугаар талд авагдсан Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн № 044 дугаартай дүгнэлтээр 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн № 14/02-01 дугаартай нэмэлт гэрээнд зурагдсан хариуцагч Д.*******, Л.******* нарын гарын үсэг нь буюу шинжлэгдэж буй гарын үсгүүд нь иргэн Д.*******, Л.******* нарын гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна гэжээ.

Энэ нь хэрэв нэхэмжлэгч талын нэхэмжлээд байгаа 8 толгой хээлтэгч үнээ, 4 толгой бяруу нь 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн № 14/02-01 дугаартай нэмэлт гэрээгээр хүлээлгэн өгсөн гэх 30 толгой хээлтэгч үнээтэй холбоотой буюу уг 30 толгой хээлтэгч үнээнээс дутсан хорогдсон байвал хариуцагч Д.*******, Л.******* нарыг ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Мөн хариуцагч Д.*******, Л.******* нар нь байгалийн давагдашгүй шинжтэй нөхцөл байдал үүссэн буюу өвөл цас ихтэй өвөлжилт хүндэрч малын хорогдол гарах болсныг нэхэмжлэгч ******* ХХК-д буюу захиалагчид мэдэгдэж зохих арга хэмжээг авч малаа аван Ноёны булаг, Хөөтийн эх рүү бэлчээр хөөн оторлож малын гарз багатай онд орж байсныг Сэлэнгэ аймгийн Цагааннур сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт хавтаст хэргийн 98 дугаар талд авагджээ.

Энэ нь байгалийн давагдашгүй шинжтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд хариуцагч нар нь өөрөөс шалтгаалах арга хэмжээ аваагүйгээс гэрээний зүйл устсан гэж үзэхгүй, гэрээний үүргээ зөрчсөн гэх нөхцөл хангагдахгүй байна.

Нэхэмжлэгч ******* ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Урангоо нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага буюу 8 толгой хээлтэгч үнээ, 4 толгой бярууны үнэлгээг хөндлөнгийн хөрөнгийн үнэлгээ тогтоох байгууллагаар үнэлгээ тогтоолгох хүсэлтээ шүүхэд гаргаж хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлээгүй мөртлөө шүүх хуралдаанд өөрийн компанид мөрдөгддөг хавтаст хэргийн 07, 90 дүгээр талд авагдсан үнэлгээгээр тооцож хохирлыг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй учир дутагдалтай байна.

Иймд хариуцагч Д.*******, Л.******* нараас 8 толгой хээлтэгч монгол үнээний үнэ 24000000 төгрөг, 4 толгой эрлийз бярууны үнэ 20000000 төгрөг, нийт 44000000 төгрөг гаргуулах тухай хүссэн нэхэмжлэгч ******* ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон учир нэхэмжлэгч ******* ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 377950 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.*******, Л.******* нараас 44000000 /дөчин дөрвөн сая/ төгрөгийг гаргуулах тухай хүссэн нэхэмжлэгч ******* ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 377950 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН.