Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 208/МА2020/00045

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 208/МА2020/00045

 

 

Баяндулаан-Уул ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Хэргийн индекс: 148/2019/00656/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч, шүүгч Д.Буянжаргал

Шүүгчид М.Мөнхдаваа

Г.Давааренчин

 

Оролцогчид

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн

төлөөлөгч Д.Жаргалмаа

Хариуцагч Л.Бурмаа

Хариуцагч нарын өмгөөлөгч Г.Амартүвшин

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 308 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч нар, тэдгээрийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор Баяндулаан-Уул ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Батаа, Л.Бурмаа нарт холбогдох 44.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2020 оны 05 дугаар сарын 14-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Баяндулаан-Уул ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Энхтуяа нь анхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ..."Баяндулаан-Уул" ХХК болон иргэн Д.Батаа, Л.Бурмаа нарын хооронд 2014 оны 08 сарын 12-ны өдөр 14/02 тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. ...Уг тохиролцооны дагуу манай компани нь Д.Батаа, Л.Бурмаа нарт 2014 оны 12 сарын 05-ны өдөр 4 толгой хээлгүй, 2 толгой тугалтай, 24 толгой хээлтэй, нийт 30 толгой гунжин үнээг акт үйлдэн хүлээлгэн өгсөн байдаг. ...Төсөл хэрэгжиж байх явцад Д.Батаа, Л.Бурмаа нарын сүрэгт хорогдол ихээр гарах болсон тул төслийг хугацаанаас нь өмнө зогсоох шийдвэр гарч 2017 оны 04 сарын 30-ны өдөр компаниас томилогдсон комисс очиж, үхрийг хүлээн авсан байдаг. Хүлээн авах үед нийт 60 толгой үнээнээс 52 толгой, 2016 оны 06 сарын 07-ны өдөр тугал хүлээн авах үедээ үлдээсэн байсан бяруу /үлдээх үед тугал байсан/ 6 байх ёстой байснаас 2 толгой байсан бөгөөд үнээ 8 толгой, бяруу 4 толгойг дутаасан байсан. Уг дутаасан малын 1 бүрийн үнэн нь 3.000.000 төгрөг, бяруу 5.000.000 төгрөг байгаа бөгөөд манай компанид нийт 44.000.000 төгрөгийн хохирол учруулаад байна. Д.Батаа, Л.Бурмаа нараас компанид учруулсан хохирлоо төлөхийг шаардсан боловч хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхэд хандаж асуудлыг шийдвэрлүүлэхээс өөр аргагүй болоод байна. Иймд иргэн Д.Батаа, Л.Бурмаа нараас 1 толгой нь 3.000.000 төгрөгийн үнэ бүхий нийт 8 толгой үнээний хохирол 24.000.000 төгрөг, 1 толгой нь 5.000.000 төгрөгийн үнэ бүхий нийт 4 толгой бярууны хохирол 20.000.000 төгрөг, нийт 44.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л.Бурмаа нь анхан шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ... 2014 оны 8 дугаар сард 30 үхэр авсан. Төлөвлөгөө нормоо сайн биелүүлсэн. Түүнээс хойш 2016 онд 30 үхэр нэмж өгсөн. Тэгээд тэр жилийн өвөл их зуд болсноор зуднаар 8 үхэр хорогдсон. ...Одоо нэхээд байгаа өр төлбөрийг бид хоёр төлж чадахгүй. Боломж ч байхгүй тэтгэврээс өөр орлогогүй. Тэтгэврээ аваад хүүхдийн сургалтын зардалд өгдөг. Үнэхээр төлж чадахгүй гэжээ.

 

Хариуцагч Д.Батаа нь анхан шатны хуралдаанд өгсөн тайлбартаа: ...Анх 30 үхэр авахдаа гэрээ байгуулаад гарын үсэг зурсан түүнээс хойш миний гарын үсгийг зураад яваад байсан байх. Бид хоёрт малд өгөх тэжээл ч өгөөгүй. Манайх өөрсдөө өвс тэжээлээ бэлддэг байсан. Тэгээд сүүлд 8 үхэр үрэгдсэн гээд төлбөрөө нэхээд байгаа үүнийг төлөх чадвар байхгүй. 8 үхэр зуданд үрэгдсэн. 4 хэнз тугал байж байгаад зуднаар үрэгдсэн. Тэр тугалыг гэрээнд зааснаар надад үлдэх байх гэж бодсон. Одоо нэхээд байгаа 44.000.000 төгрөгийг төлж чадахгүй, чадвар байхгүй гэжээ.

Bottom of Form

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 256 дугаартай шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 355.2 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Д.Батаа, Л.Бурмаа нараас 26.400.000 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулж нэхэмжлэгч Баяндулаан-Уул ХХК -нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 17.600.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 377.950 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 289.950 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулж нэхэмжлэгчид олгож гээд, эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 308 дугаартай шүүхийн шийдвэрийг хариуцагч нар болон түүний өмгөөлөгчийн зүгээс эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

1рт: Нэхэмжлэгч байгууллагаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй. Баяндулаан-Уул ХХК-ийн үхэрийг хариуцагч Д.Батаа, Л.Бурмаа нар нь гэрээний дагуу малласнаар 44.000.000 төгрөгийн хохирол учирсан нь баримтаар тогтоогдоогүй.

Харин ч нэхэмжлэгч байгууллага бичиг үсгийн боловсрол муу, эрх зүйн мэдлэг дутмаг, тэтгэврийн насны 2 малчинтай Төсөл нэрээр халхавчлан төөрөгдөлд оруулан хариуцагч нарт ямар ч ашиггүй гэрээг хийж хөдөлмөрийн үр шимийг нь шулж хангалттай үхрийнхээ тоогоо өсгөчихөөд одоо хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

Баяндулаан-Уул ХХК-тай иргэн Д.Батаа, Л.Бурмаа нар нь 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 14/02 тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба уг гэрээний зорилго нь.. гэр бүл аж ахуйн нэгжийн малыг махны чиглэлээр үүлдэр угсааг сайжруулах ажлын хүрээнд захиалагч нь гүйцэтгэгчид 30 толгой хээлтэгч үнээг өгч маллуулах, гарсан малаас ашиг хүртээх, улмаар ангус үүлдрийн үхэр сүрэгтэй болгох юм. Өөрөөр хэлбэл хариуцагч Д.Батаа, Л.Бурмаа нарыг ангус үүлдийн үхэр сүрэгтэй болгох зорилготой.

Гэтэл гэрээ байгуулагдснаас хойш 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр /хх-99-р хуудас/ ашгийн мал хүлээлцсэн актыг үйлдсэн ба 26 толгой үхэр хээл гаргаснаас Бурмаа, Батаа нарт 3 тугал өгөөд үлдсэнийг нь Баяндулаан уул ХХК аваад явсан байна. Уул нь гэрээний 4.2.9 дэх заалтад ...захиалагч жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрөөс 7 өдрийн хооронд гүйцэтгэгчээс тугалыг хүлээн авахдаа акт үйлдэх бөгөөд гүйцэтгэгчид тухайн жилд хээлтэгч үнээнээс тугалсан тугалын 25 хувьтай тэнцэх хэмжээний тугалыг ажлын хөлс болгож өгнө... гэж заасан ба 8 тугалыг хариуцагч Батаа, Бурмаа нарт өгөх ёстой байсан. Гэтэл 3 тугал өгчихөөд нэхэмжлэлд компани хохирсон гэж үзэж хохирол нэхэмжлээд байгаа нь учир дутагдалтай байна.

2рт. Баяндулаан-Уул ХХК-нь иргэн Б.Батаа, Бурмаа нартай 2014 оны 08-р сарын 12-ны өдөр 14/02 тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулаад 30 толгой үхэрийг өсгөх төсөл нь амжилттай хэрэгжсэн гэсэн шалтгаанаар дахин 30 толгой үхэрийг нэмэлт гэрээгээр хариуцагч нарт өгсөн ба 2016 оны 10-р сарын 24-ний өдрийн нэмэлт гэрээ байгуулагдсан талаар хариуцагч нар мэдээгүй байна.

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан нэмэлт гэрээ нь хариуцагч нарын гарын үсэг биш хуурамч болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон.

Тухайн хийгдсэн гэх 2016 оны 10-р сарын 24-ний гэрээнд Гацуурт ХХК-ийн захирал Чинбат гарын үсэг зурсан ба хариуцагч нар Чинбат гэдэг хүнийг дуулсан л болохоос огт хараагүй хүн юм. Өөрөөр хэлбэл Баяндулаан-Уул ХХК-тай анх гэрээ хийсэн болохоос Гацуурт ХХК-тай гэрээ хийгээгүй юм. Хэрэгт Гацуурт ХХК болон Баяндулаан-Уул ХХК нь хоорондоо холбоотой талаар ямар ч нотлох баримт байхгүй болно.

3рт: Нэгэнт нэмэлт гэрээг хариуцагч нар нэхэмжлэгчтэй байгуулаагүй учир сүүлд өгсөн 30 толгой үхэрээс 8 үхэр дутсан хариуцлагыг хүлээх үүрэггүй юм.

Нэхэмжлэгч байгууллага нь өмнөх гэрээгээр өгсөн 30 толгой үхэр дээр нэмж ямар ч гэрээ хэлцэлгүйгээр дахин 30 толгой үхэр маллуулахаар өгсөн нь хариуцагч нарын ажлын ачааллыг улам хүндрүүлж харин ч 2017 оны зудыг сумын бусад малчдыг бодвол бага тооны малын гарзтайгаар даван туулсан гэдгийг хэрэгт авагдсан баримт болох багийн Засаг даргын тодорхойлолтоор нотлогдож байгаа юм. Хариуцагч нартай хуулийн дагуу гэрээ байгуулахгүйгээр нэмж 30 толгой үхэр маллуулахаар өгсөн хариуцлагыг нэхэмжлэгч компани өөрөө хариуцах ёстой гэж үзэж байна.

4рт: Гэрээний хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэгч тал өөрийн санаачлагаар гэрээг цуцалсан нь үндэслэлгүй байна. Гэрээг цуцлах гол үндэслэл бол гэрээний 6.1-д зааснаар...гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд цуцлахаар заасан байна. Гэтэл хариуцагч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй ба ямар үүргээ зөрчсөн талаар нэхэмжлэлийн шаардлагад тодорхой дурдаагүй байна. Баяндулаан-Уул ХХК-тай иргэн Б.Батаа, Бурмаа нар нь 2014 оны 08-р сарын 12-ны өдөр 14/02 тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэрээний хугацаа 2019 оны 08-р сарын 19-ний өдөр дуусах ёстой байтал 8 үхрийн хорогдол гарсан шалтгаанаар 2017 оны 04-р сарын 30-ны өдөр шууд хариуцагч нарт байсан 52 үхэр, эрлийз 2 бяруу, тугал 16 төл, нийт 70 толгой үхрийг бүгдийг аваад явсан нь гэрээний 6 дугаар 6,2-т заасан ...захиалагч гэрээнээс татгалзах бол бичгээр мэдэгдэнэ... гэснийг мөн зөрчсөн байна.

Мөн гэрээний 6.3-т... үхрийг хариуллагагүй бэлчээснээс болж хохирол учирсан тохиолдолд гэрээг цуцална... гэсэн ба хариуцагч нар нь үхрийг хариулаагүйгээс болж хорогдол үүссэн нь тогтоогдоогүй.

5рт: Гэрээний 7-р дугаар зүйлийн 7.1 д заасан ...гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг талууд хариуцна гэсэн ба хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин ч нэхэмжлэгч байгууллага гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйг буюу мал тэжээл, хашаа хороо, тусламж дэмжлэг үзүүлээгүй зэрэг шалтгаанаар хорогдол гарсан байх магадлалтай тул хохирлоо хариуцах ёстой юм.

6рт: Хохирлын үнэлгээ бодитой байдалтай нийцэхгүй байгааг шүүх анхаарч үзээгүй. Хохирлын бодит үнэлгээг нэхэмжлэгч байгууллага нь мэргэжлийн байгууллагаар үнэлүүлээгүй ба өөрийн санхүүгийн баримт тооцоогоор үнэлсэн нь шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь эргэлзээтэй байна.

7рт: Нэхэмжлэгч байгууллагаас нэхэмжилж буй үхэр, түүний бяруу нь яг ангус үүлдрийн үхрийн эрлийз мөн эсэх талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт холбогдох баримт байхгүй учраас шүүх яаж үхрийн үүлдрийг ангус эрлийз бяруу гэж үзэж хохирлыг гаргаж байгаа нь ойлгомжгүй байна.

8рт: Нэхэмжлэгч байгууллагаас хариуцагч нартай хийсэн илт хууль бус, төслийн зорилгынхоо эсрэг байгууллагынхаа эрх, ашиг сонирхлын төлөө давуу байдлыг тусгасан гэрээнээс үүдэж харин хариуцагч нар нь 2 жил гаруй хөдөлмөрлөсний үр дүнд ямар ч үхэргүй хоцорсон ба харин эсрэгээрээ нэхэмжлэгч байгуулллага нь 2015 онд 23 тугал, 16 онд мөн тооноос илүү тугал, 2017 онд үхрээ буцааж авахдаа 18 төл авсан ба энэ нөхцөл байдлаас харахад ямар ч хохиролгүй, ашиг олсон байдал харагдаж байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна.

Иймд шийдвэрлэсэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04-р сарын 21-ний өдрийн 308 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Л.Бурмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Бид чадлынхаа хирээр хөдөлмөрлөсөн. Нэмж ирсэн 30 үхрийг намар орой хүлээн авсан тэгээд удалгүй өвдсөн хүнд ч өвөл болсон. Мал өвдсөн тухай бүрд нь компанид хэлж байсан. Өөрсдөө ч мэдэж байгаа бид малаа онд оруулахын тулд ууланд хүртэл гарч өвөлжсөн. Энэ талаар компаний хүмүүс мэдэж байгаа. Гэтэл биднийг шууд үхэр үхүүлсэн гэж төлбөр нэхэж байгаа хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Баяндулаан-Уул ХХК хариуцагч нарт холбогдуулан 44.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч нартай 2014 оны 08-р сарын 12-ны өдөр 14/02 тоот Ажил гүйцэтгэх тухай гэрээг 5 жилийн хугацаатай байгуулж Б.Батаа, Л.Бурмаа нарт 60 үнээг маллуулсан бөгөөд 8 үнээ 4 бярууг үхүүлж гэрээ зөрчсөн тул гэрээг цуцалж, 13 толгой үхрийн үнэ 44.000.000 төгрөг гаргуулна гэж тайлбарлажээ.

Хариуцагч нар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан нэхэмжлэлийн шаардлагын татгалзалаа гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад бидэнд мэдэгдэлгүйгээр нэг талын санаачилгаар цуцласан, 2016 оны 11 сард хариуцагч нартай тохиролцохгүйгээр нэг талын санаачилгаар нэмэлт гэрээ гэдгийг байгуулж бидний гарын үсгийг хуурамчаар зурсан тул тус гэрээ хүчин төгөлдөр бус бөгөөд тус хүчин төгөлдөр бус гэрээний үүргийг шаардаж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

 

Хэргийг судлан үзвэл: 2014 оны 08 сард талууд тодорхой зорилго бүхий 5 жилийн хугацаатай гэрээ байгуулсан ба 2018 оны 04 сард хариуцагч нарыг гэрээний үүрэг зөрчсөн гэж нэхэмжлэгч нь гэрээг нэг талын санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээ зөрчснөөс учирсан хохирол гаргуулахаар шаардсан байна.

Нэхэмжлэгч Баяндулаан-Уул ХХК-ны нэхэмжлэлийн шаардлага нь гэрээ зөрчснөөс учирсан хохирол байх ба хариуцагчийн гэрээний үүргээ зөрчсөн нь тогтоогдсноор хангагдах нөхцөл бүрдэнэ.

Зохигчид нь гэрээ байгуулж тодорхой хугацаанд үргэлжилсэн боловч гэрээнийхээ хэрэгжих үйл явц болон хэрэгжилт, гэрээний биелэлт болон үр дүнгийн тооцож, гэрээний үүрэг хэрхэн зөрчигдсөн талаар ямар нэгэн ажиллагаа явуулсан эсэх талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй ба зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, талуудын хооронд байгуулсан гэрээгээр хэргийн үйл баримтууд тодорхойгүй байхад тухайн хэргийн нөхцөл байдлыг тодорхойлохгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй юм.

Мөн нэхэмжлэгч нь хохирол гаргуулах үхрийн үнэлгээг компанид мөрддөг малын үнэлгээгээр тооцсон гэж 8 үнээг тус бүрийг нь 3.000.000 төгрөгөөр, 4 бярууг Ангус үүлдрийнх гэж тодорхойлж тус бүрийг 5.000.000 төгрөгөөр үнэлж нэхэмжилсэн байх ба хариуцагч нь бяруу нь Ангус үүлдрийн бухны Монгол үнээний төл тул үнэлгээг зөвшөөрөхгүй гэж маргадаг ба хэрэгт малын үнэлгээг тогтоосон тухай баримтууд авагдаагүй байхад анхан шатны шүүх хохирлыг тооцон гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-д шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасантай нийцээгүй байх ба шүүх бодит байдлыг тогтоосон гэж үзэхгүй.

 

Иймд анхан шатны шүүх хэргийн үйл баримт тогтоогдоогүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байхад тодруулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 308 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хариуцагч нар нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 05 сарын 13-ны өдрийн 1175 дугаартай захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД М.МӨНХДАВАА

 

Г.ДАВААРЕНЧИН