Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 208/МА2021/00019

 

 

******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Хэргийн индекс: 148/2019/00656/И

 Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч, ерөнхий шүүгч Д.Буянжаргал

Шүүгчид Г.Давааренчин

Б.Эрдэнэхишиг

 Оролцогчид

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Урангоо /цахим/

Хариуцагч нарын өмгөөлөгч Г.Амартүвшин

ШШүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нарыг оролцуулав.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 107 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлоор ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.*******, Л.******* нарт холбогдох 44.000.000 төгрөг гаргуулах тухай 148/2019/00656/И индекстэй, 2 хавтас иргэний хэргийг 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******-******* ХХК болон иргэн Д.*******, Л.******* нарын хооронд 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 14/02 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Уг төслийн гэрээний дагуу *******-******* ХХК нь иргэн Д.*******, Л.******* нарт 1 ширхэг нь 3 сая төгрөгийн үнэ бүхий 30 толгой хээлтэгч үнээг маллуулж нийт хээл тогтоолтын үр дүнгийн 75 хувьтай тэнцэх тугалыг Захиалагч авах бөгөөд 25 хувьтай тэнцэх тооны тугалыг болон шар тосноос бусад цагаан идээг Гүйцэтгэгч ажлын хөлсөнд авахаар тохиролцсон. ...Төсөл хэрэгжиж байх явцад Д.*******, Л.******* нарын сүрэгт хорогдол ихээр гарах болсон тул төслийг хугацаанаас нь өмнө зогсоох шийдвэр гарч 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр компаниас томилогдсон комисс очиж үхрийг хүлээн авсан байдаг. Хүлээн авах үед нийт 60 толгой үнээнээс 52 толгой, 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр тугал хүлээн авах үедээ үлдээсэн байсан бяруу /үлдээх үед тугал байсан/ 6 байх ёстой байснаас 2 толгой байсан бөгөөд үнээ 8 толгой, бяруу 4 толгойг дутаасан байсан. Уг дутаасан малын 1 бүрийн үнэ нь үнээ 3000000 төгрөг, бяруу 5000000 төгрөг байгаа бөгөөд манай компанид нийт 44000000 төгрөгийн хохирол учруулаад байна. ...Иймд иргэн Д.*******, Л.******* нараас 1 толгой нь 3000000 төгрөгийн үнэ бүхий нийт 8 толгой үнээний хохирол 24000000 төгрөг, 1 толгой нь 5000000 төгрөгийн үнэ бүхий нийт 4 толгой бярууны хохирол 20000000 төгрөг нийт 44000000 /дөчин дөрвөн сая/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 107 дугаартай шийдвэрээр:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.*******, Л.******* нараас 44000000 /дөчин дөрвөн сая/ төгрөгийг гаргуулах тухай хүссэн нэхэмжлэгч *******-******* ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 377950 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй... гэж, тус тус зааж зохигчид түүний өмгөөлөгч хуульд заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шийдвэр хэт нэг талын барьсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэг. ...Шүүх аль гэрээний дагуу хүлээлгэж өгсөн үнээ хорогдсон нь тодорхойгүй гэх боловч нэмэлт гэрээний дагуу өгсөн 8 үнээнээс хорогдсон нь хавтаст хэрэгт авагдсан 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд өгсөн гэрч Т.*******ын мэдүүлэгт ...Анх *******, *******тай *******-******* ХХК-д нягтлан бодогчоор ажилд ороод иргэдэд мал олгодог төсөл явагдаж байх үеэс мэддэг болсон. Анх хүлээлгэж өгсөн 30 үхрийг сайн маллаж буцааж өгсөн. Сүүлийн 30 үхрээс 8 үнээ үрэгдсэн гэх мэдүүлэг болон ХХ-ийн 16-р хуудсанд авагдсан 30 үнээ нэмж өгсөн акт, ХХ-ийн ...р хуудсанд авагдсан иргэн Д.*******гаас үхэр хүлээж авсан актад хавсаргасан хүлээж авсан үхрийн жагсаалтаар /бирк дугаараараа харагдаж байгаа/ хангалттай нотлогдож байгаа.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоод байгаа нэмэлт гэрээнд хариуцагч Д.*******, Л.******* нар гарын үсэг зураагүй хэмээн маргаж, хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр гарын үсэг зөрүүтэй байна гэх боловч 2014 оны 08 сарын 12-ны өдрийн 14/02 тоот ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгч нэмж 30 үхэр зүс, кодоор нь нэг бүрчлэн хүлээлгэж өгсөн, хариуцагч Д.******* гарын үсэг зурж хүлээн авсан болох нь ХХ-ийн 16-р хуудсанд авагдсан 2016 оны 10 сарын 24-ний өдөр /хариуцагч нар гарын үсэг зураагүй гэх нэмэлт гэрээ байгуулагдсан өдөр/ талуудын үхэр хүлээлцэхдээ үйлдсэн гэрээнд өөрчлөлт оруулан 30 толгой нээ нэмж өгөв. Иргэн Д.*******д нийт 60 төл үнээ байгаа болно... гэсэн тайлбар бүхий үхэр хүлээлгэж өгсөн акт бичгээр хангалттай тогтоогдож, хариуцагч нарын татгалзал нь няцаагдаж, гэрээ байгуулагдсан болох нь тогтоогдож байгаа юм.

Мөн хариуцагч ХХ-ийн 52-р хуудсанд авагдсан Д.*******, Л.******* нарын шүүхэд гаргасан 2015 оны 09-р сарын 25-ны өдөр *******-******* ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээний дагуу 30 үхэр хүлээж авсан ба сүүлд нь буюу 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нэмж 30 үхэр авсан. Бид хоёрын зүгээс уг үхрийг 2015 онд авсан цагаасаа эхлэн амжилттай маллаж байсан учраас компанийн зүгээс нэмж 30 үхэр өгсөн болно... гэх хариу тайлбараар гэрээ байгуулагдсан нь давхар нотлогдож байгаа.

 

Хоёр. ...Шүүхийн шийдвэрт тусгаад байгаа байгалийн давагдашгүй шинжтэй нөхцөл байдал болсон талаар нотлох баримт хавтаст хэрэгт нэг ч байхгүй байдаг. Мөн шүүхийн дурьдсан Д.*******, Л.******* нар нь байгалийн давагдашгүй шинжтэй нөхцөл байдал үүссэн буюу өвөл цас ихтэй өвөлжилт хүндэрч малын хорогдол гарах болсныг нэхэмжлэгчид мэдэгдсэн талаар нотлох баримт ч хавтаст хэрэгт байхгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон ХХ-ийн 98-р хуудсанд авагдсан 2019 оны 12-р сарын 10-ны өдрийн 395 тоот Засаг даргын тодорхойлолт нь үхэр хорогдох үед гаргасан баримт бичиг бус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох үед хариуцагчаас гаргуулсан тодорхойлолт байх бөгөөд уг тодорхойлолтод ...2016-2017 оны өвөл цас ихтэй өвөлжилт сумын хэмжээний бүх нутгаар хүндэрч малын хорогдол ихээр гарсан... гэж бичсэн байгаа нь шүүгчийн үндэслээд байгаачлан байгалийн давагдашгүй хүчин зүйл болох зуд болсныг нотлох нотолгоо биш, өвөлжилт хүндэрсэн гэх шалтгаан нь хариуцагчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Гурав. ...Нэхэмжлэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ангус үүлдрийн бярууны зах зээлийн үнийг тогтоох зорилгоор компаниас гаргасан үнэлгээ болон бусад аж ахуйн нэгж болон иргэнд ангус бяруу худалдсан гэрээгээ болон нотлох баримтаар гаргаж өгсөн байдаг,

ИХШХШтХ-ийн 25-р зүйлийн 25.2.2 дахь хэсэгт Хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй талаар заасан байдаг. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж өөрийн зүгээс хуульд заасан шаардлага хангасан нотлох баримт гаргаж өгдөг, хуулийн дагуу хариуцагч ч мөн гаргаж өгсөн нотлох баримтыг хүлээн зөвшөөрөхгүй бол эсрэг нотлох баримтаа гаргаж, татгалзлаа батлах үүрэгтэй. Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны туршид үнэлгээ хэт өндөр байна гэдэг боловч энэ үхэр нь бодит байдал дээр яг хэдэн төгрөгийн үнэтэй байдаг талаар нотлох баримт гаргаж өгч, шүүхээр шинжээч томилуулах зэргээр өөрийн татгалзлаа нэг ч удаа нотлох үйлдэл хийгээгүй, үүргээ огт биелүүлээгүй. Гэтэл шүүхээс нотлох баримт гаргаж өгсөөр байхад хариуцагч чинь зөвшөөрөхгүй байна, үнэлгээ тогтоолгоогүй тул үндэслэлгүй гээд байгаа нь огт ойлгомжгүй байна.

Гэрээний дагуу нэмж хүлээн авсан 30 үнээний хувьд талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 08-р сарын 12-ны өдрийн 14/02 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээний 3.1 дэх хэсэгт заасан 3,000,000 төгрөгийн үнэлгээгээр шаардаж байгаа. Энэ үнэлгээг хариуцагч нар хүлээн зөвшөөрсний үндсэн дээр гэрээнд гарын үсэг зурж, үнийн дүн бүхий малыг хүлээж авсан байдаг. талууд аль аль нь хүлээн зөвшөөрч, тохиролцсон үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь үндэслэлгүй байна.

Шүүхийн зүгээс үхэр авсан гэдэг нь, гэрээний дагуу нэмж үхэр авснаа хариуцагч хүлээн зөвшөөрсөн, мал аваад үрэгдүүлсэн гэдэг нь нотлох баримтуудаар хангалттай нотлогдсоор байхад нэхэмжлэгчийн гаргаж өгсөн үнэлгээг нотолж байгаа нотлох баримтыг үнэлэх боломжгүй, үнэлэхэд эргэлзээтэй, шүүхийн шийдвэр гаргах боломжгүй гэж үзэж байгаа бол ИХШХШтХ-ийн 38.9-д заасан эрхээ хэрэгжүүлж, нотлох баримтыг хөндлөнгийн этгээдээс гаргуулах боломжтой байсан. Хариуцагчаас ийм үнэтэй байдаггүй юм аа, ийм л үнэтэй байдаг гээд нотолсон нотолгоо хэрэгт нэгийг ч гаргаж өгөөгүй зүгээр амаараа л хүлээн зөвшөөрөхгүй байхад нотлох баримтын үндсэн дээр хариуцагчийн амаар үнэлгээ үндэслэлгүй байна гэснийг хүлээж аваад хэргийг хэрэгсэхгүй болгосон нь ямар ч үндэслэлгүй нэг талыг илт барьсан шийдвэр гарсан гэх хардлагыг нэхэмжлэгчид үүсгэж байна. үндэслэлгүй, талууд боломжтой, хуульд зөвшөөрөгдсөн ямар ч арга хэлбэрээр нотолж болно, заавал үнэлгээ гаргуулах ёстой гээд байгаа нь хэт нэг талыг барьсан ямар ч үндэслэлгүй байна.

 

Дөрөв. Хариуцагч нар ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэмж үхэр хүлээн авснаа, түүнээс нэхэмжлэлд заасан хэмжээгээр үхүүлж хорогдуулсан болохоо хүлээн зөвшөөрдөг, хэрэгт авагдсан бусад баримтаар ч нотлогдож байхад шүүгч шүүхийн шийдвэрт хариуцагчийн тайлбар, татгалзлыг тусгаагүй, өөрийн санаачилгаар нэмэлт гэрээний хүчин төгөлдөр бус болох талаар, байгалийн давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал бий болсон, нэхэмжлэгчийн гаргасан хуулийн шаардлага хангах баримтыг үнэлэхгүй зэрэг хэт нэг талыг барьсан дүгнэлтүүдийг хийж хэргийг шийдвэрлэсэн бөгөөд шийдвэртээ хариуцагчийн татгалзал, тайлбарыг тусгаагүй нь ИХШХШтХ-ийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасныг зөрчиж байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 107 дугаар шийдвэр нь ИХШХШТХ-ийн 116-р зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, 118.3-т заасныг зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

 

Хариуцагч нарын өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч компани ганц зүйлийг хэрэгжүүлээгүй. Өөрөөр хэлбэл гэрээний аль зүйл заалтыг зөрчсөнөөс болж, ямар хохирол учирсан гэдгийг олж, тогтоож чадаагүй. Уг ажил гүйцэтгэх гэрээний заалтын 1.3.11, 1.3.12 зэрэг зүйл дээр маш тодорхой дурдсан байдаг. Тэгсэн хэр нь яг аль зүйлийн дагуу хохирол учирсан болохыг тогтоогоогүй. Гэрээний 3 дахь заалтад болох төслийн санхүүжилтэд зааснаар эхний 3 жил *******-******* ХХК Д.*******, Л.******* нарт мэргэжлийн баг ажиллуулан туслуулах, малын эмчилгээний хөлс тушаах, вакцинд хамруулах, санхүүжүүлэх ёстой. Бүхэл бүтэн мэргэжлийн баг ажиллуулах хэмжээнд гэрээ хийсэн хэр нь өнөөдөр ямар байдлаар хорогдол үүссэн болохыг тогтоогоогүй шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. ...******* ******* ХХК нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй байхад бидний зүгээс шинжээч томилох асуудлыг ярихгүй. Хуулийн дагуу өөрсдөө бүх нотлох баримтыг гаргаж өгөх ёстой байсан. ******* ******* ХХК огт хохирол амсаагүй. Харин ч хариуцагч нараар 2 жил шахуу мал маллуулсан хэр нь цалин өгөөгүй. ******* ******* ХХК 60 үхэр өгсөн хэр нь 1 удаад 70 үхэр, дараагийн удаад 18 үхэр буцаагаад авсан байдаг. Энэ төслийн зорилго нь Д.*******, Л.******* нарыг ангус үхрийн сүрэгтэй болгох зорилготой юм. Тэрнээс биш ******* ******* ХХК-г үхрийн сүрэгтэй болгох төсөл биш. Нэхэмжлэгчийн хувьд өөрсдөө хөрөнгөжиж хариуцагч нарыг хохироосон байж нэхэмжлэл гаргаж байгаа нь огт үндэслэлгүй. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 ҮНДЭСЛЭХ НЬ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй боловч зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс зохих дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 Нэхэмжлэгч *******-******* ХХК хариуцагч Л.*******, Д.******* нарт холбогдуулан гэрээнээс учирсан гэм хорын хохирол 44.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байх ба анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

Нэхэмжлэгч давж заалдах гомдлын үндэслэлээ ....Хариуцагч нар ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэмж үхэр хүлээн авснаа, түүнээс нэхэмжлэлд заасан хэмжээгээр үхүүлж хорогдуулсан болохоо хүлээн зөвшөөрдөг, хэрэгт авагдсан бусад баримтаар ч нотлогдож байхад шүүгч шүүхийн шийдвэрт хариуцагчийн тайлбар, татгалзлыг тусгаагүй, өөрийн санаачилгаар нэмэлт гэрээний хүчин төгөлдөр бус болох талаар, байгалийн давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал бий болсон гэж үзэж нэхэмжлэгчийн гаргасан хуулийн шаардлага хангах баримтыг үнэлэхгүй зэрэг хэт нэг талыг барьсан дүгнэлтүүдийг хийсэн .. гэж тайлбарлажээ.

 Хэргийг судлан үзвэл: Зохигчдын хооронд 5 жилийн хугацаатай тодорхой зорилго бүхий /ашиг шимт үүлдрийн үхэртэй болгох/ Ажил гүйцэтгэх тухай нэртэй гэрээг 2014 оны 08 сарын 12-ны өдөр байгуулж, гэрээний дагуу 30 толгой монгол гунжин үнээ Л.*******, Б.******* нарт хүлээлгэн өгч маллуулсан байна.

Энэхүү гэрээ үйлчлэх хугацаанд нэхэмжлэгч *******-******* ХХК-аас хариуцагч Л.*******, Д.******* нарт 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр дахин 30 толгой монгол гунжин үнээг нэмж маллуулахаар хүлээлгэн өгсөн байна.

Ийнхүү 30 толгой үнээ нэмж маллуулахаар өгөхдөө ямар нэгэн гэрээ байгуулаагүй байх ба нэхэмжлэгчээс урьд байгуулсан гэрээний нэмэлт гэж тайлбарласан байна.

 2016 оны өвөлжилт хүндэрч тодорхой тооны мал үрэгдсэн тул нэхэмжлэгч *******-******* ХХК нь 2017 оны 04 сарын 30-ны өдөр хариуцагч нараас гэрээний үүрэг зөрчсөн гэж тайлбарлан урьд байгуулсан гэрээгээ нэг талын санаачилгаар хугацаанаас нь өмнө дуусгавар болгож, маллуулахаар өгсөн үнээ болон маллах хугацаанд төрсөн тугал бяруу зэргийг бүгдийг нь буцаан авч улмаар нэмэлт гэрээний үүрэг зөрчсөнөөс мал хорогдуулсан гэсэн үндэслэлээр 8 үнээ, ангус үүлдэрийн 4 бярууны үнэ нийт 44.000.000 төгрөг гаргуулахаар шаардсан байна.

 Зохигчдын хооронд байгуулсан 2014 оны 08-р сарын 12-ны өдөр 14/02 тоот Ажил гүйцэтгэх тухай гэж нэрлэсэн гэрээг 5 жилийн хугацаатай байгуулж гэрээнд дуусах хугацааг 2019 оны 08 сарын 12-ны өдөр дуусгавар болгохоор тохиролцсон байх ба хариуцагч Б.*******, Л.******* нар нь тус гэрээний дагуу тодорхой нөхцөлийг хүлээн зөвшөөрч, талууд харилцан гарын үсэг зурснаар 14/02 тоот гэрээ хүчин төгөлдөр болжээ.

 ******* -******* ХХК нь 2017 оны 04 сарын 30-ны өдөр Монгол Ангус фермийн эзэд төсөлд хамрагдсан иргэн Д.*******гаас үхэр хүлээн авсан тухай гэсэн акт үйлдэн урьд маллуулахаар өгсөн үнээ төлийн хамт бүгдийг буцаан авсан байх ба ийнхүү хариуцагч нараас малаа буцаан авснаар зохигчдын хооронд байгуулсан 2014 оны 08 сарын 12-ны өдрийн 14/02 тоот гэрээг нэг талын санаачилгаар хугацаанаас өмнө цуцалсан байна.

Тус гэрээ нь 2 жил гаруй хугацаанд үргэлжилсэн байх ба тус гэрээгээ талууд дүгнээгүй боловч тус гэрээний биелэлтийн талаар талууд маргаагүй байна.

 Харин *******-******* ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр дахин 30 толгой монгол гунжин үнээг нэмж маллуулахаар хариуцагч нарт хүлээлгэн өгснөө 2014 оны 08 сарын 12-ны өдрийн 14/02 тоот гэрээний нэмэлт гэж тайлбарладаг боловч *******-******* ХХК нь гэрээг дангаараа үйлдэж хариуцагч нарт гэрээний нөхцөлийн талаар танилцуулж тохиролцоогүй, гэрээнд хариуцагч гарын үсэг зураагүй болох нь хэрэгт авагдсан шинжээчдийн дүгнэлтээр тогтоогдсон.

 Гэрээний хүчин төгөлдөр байдлыг талууд гарын үсэг зурснаар тодорхойлсон бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Нэмэлт гэрээнд талууд гарын үсэг зураагүй тул зохигчдын хооронд 2014 оны 08 сарын 12-ны өдрийн 14/02 тоот гэрээний нэмэлт гэх баримтыг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй өөрөөр хэлбэл 2016 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн нэмэлт гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй.

 Нэхэмжлэгч *******-******* ХХК нь хариуцагч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч нарыг 14/02-01 тоот нэмэлт гэрээний үүргээ зөрчсөний улмаас компанид хохирол учирсан гэж тайлбарладаг.

Нэгэнт талуудын хооронд 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн нэмэлт гэрээ байгуулагдаагүй тул хариуцагч нар гэрээгээр үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэлгүй, хариуцагч нар нь гэрээгээр хүлээсэн үүргийг зөрчсөнөөр нэхэмжлэгчийн шаардлага хангагдах нөхцөл бүрдэх тул нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй байна гэж үзлээ.

 Нэхэмжлэгчээс хариуцагч нар 30 гунжин үнээ хүлээн авч маллаж байснаа хүлээн зөвшөөрдөг боловч энэхүү зөвшөөрлийг талуудын хооронд байгуулсан гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч гэрээгээр үүрэг хүлээсэн гэж үзэхгүй тул хариуцагч нарын нэхэмжлэлийн татгалзал үндэслэлтэй байна.

 Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт талуудын хооронд 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн нэмэлт гэрээ байгуулагдаагүй гэж тайлбарласан атлаа хариуцагч нар нь байгалийн давагдашгүй шинжтэй нөхцөл байдлын улмаас мал үрэгдсэн нь гэрээний зөрчил болохгүй гэж хоорондоо зөрчилтэй байдлаар тайлбарласан боловч нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 107 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 377.950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

 

Б.ЭРДЭНЭХИШИГ