Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2023/00117

 

 

С ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                           

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 

2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 141/ШШ2022/00249 дугаар шийдвэр, 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 205/МА2023/0007 дугаар магадлалтай,                                                                                                                                   

С ын нэхэмжлэлтэй,

Завхан аймгийн И  сумын Засаг даргад холбогдох

Б/29 тоот сахилгын шийтгэл ногдуулж, албан тушаал буруулах тухай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг         

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С , түүний өмгөөлөгч Б , хариуцагчийн төлөөлөгч О , нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С  нь хариуцагч Завхан аймгийн И  сумын Засаг даргад холбогдуулан Б/29 тоот сахилгын шийтгэл ногдуулж, албан тушаал буруулах тухай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд нөхөн төлүүлэх тухай  нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын анхан шатны шүүхийн  2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 141/ШШ2022/00249 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч С ыг Завхан аймгийн И  сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан хариуцагч Завхан аймгийн И  сумын засаг даргаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор нийт 5,173,938 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан олговор 5,173,938 төгрөгөөс зохих шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч  С ын  нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг хариуцагч Завхан аймгийн И  сумын засаг даргад даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Завхан аймгийн И  сумын засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 97,733 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

3. Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 205/МА2023/0007 дугаар магадлалаар: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 141/ШШ2022/000249 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг хүчингүй болгож, 2 дахь заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С ын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгч О гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: 2022.08.23-ны өдөр тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал С ыг бага болон дунд насны охин төрсөн, төрөх хүртлээ сургуульдаа хэвийн явж байгаад 13 нас 6 сартай охин маргааш нь төрсөн ноцтой үйл явдал гарсантай холбогдуулж хариуцлага алдсан тул сахилгын шийтгэл ногдуулж, албан тушаал бууруулах тухай шийдвэр гаргасан. /Жич: С  нь 2024.01 дүгээр сард өндөр насны тэтгэвэрт гарах тул нийгмийн асуудлыг нь дордуулахгүйн тулд Ерөнхий боловсролын сургуульд нь ажил албан тушаалаар хангахыг холбогдох албан хаагчид үүрэг өгсний дагуу ажилласан жил тасалдахгүй хэвийн явж байх боломж бүрдүүлсэн./ С  нь сум дундын анхан шатанд шүүхэд гомдол гаргаж миний зүгээс давж заалдах шатны шүүхэд хандан дараах шийдвэр гарсантай санал нийлэхгүй байгаа ба С ыг төрийн албаны ёс зүй, тэр дундаа бага насны хүүхэд өндөр эрсдэлд орсныг мэдээгүй, мөн холбогдох албан хаагчдад хариуцлага тооцож ажлаагүй, хүүхэд хамгаалах эрх, үүрэгтэй хайхрамжгүй хандсан тул ажилд томилох боломжгүй байна. Иймд энэ асуудлыг эргэн судалж, агуулгын хувьд сургуулийн захиралаар ажилд авах эсэхийг шийдвэрлэж өгөхийг хүсч байна гэжээ.

5. Нэхэмжлэгч нь дээрх гомдлыг эс зөвшөөрч, “...хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх” агуулга бүхий тайлбар гаргасан байна.

6. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 2023.05.18-ны өдрийн нийт шүүгчийн  хуралдаанаар хариуцагчийн төлөөлөгч О гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 001/ШХТ2023/00584 тогтоол гарсан.

ХЯНАВАЛ:

 7. Нэхэмжлэгч С  нь хариуцагч Завхан аймгийн И  сумын Засаг даргад холбогдуулан 2022.08.23-ны өдрийн Б/29 тоот сахилгын шийтгэл ногдуулж, албан тушаал бууруулах тухай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Завхан аймгийн И  сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд нөхөн төлүүлэх тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргасан.

8. Анхан шатны шүүх “...сурагч Н нь гадаа байрлах бие засах газарт төрсөн, сурагч Б нь жирэмсэн болсон нөхцөл байдалд сургуулийн захирал С  нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг 2 ба түүнээс дээш удаа хангалтгүй биелүүлсэн гэж үзэх, хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, нэхэмжлэгч С ыг Завхан аймгийн И  сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт нийт 5,173,938 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг хариуцагч Завхан аймгийн И  сумын засаг даргад даалгаж шийдвэрлэсэн байна.

9. Давж заалдах шатны шүүх “...сурагч гадаа нойлд төрсөн, ... жирэмсэн болсон явдал гарч сургуулийн орчинд хүүхдийн эрх ноцтой зөрчигдсөн үйлдэл удаа дараа гаргаж, ажилдаа хайхрамжгүй хандсан... гэсэн үндэслэлийг ажил олгогч заасан боловч үүнд сургуулийн захирал С  нь хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ямар заалтыг зөрчсөн буруутай эсэх нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй, ...энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, С ыг сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв хэрэглэсэн” гэж үзээд, улмаар “...ажил олгогч нь С ыг албан тушаал бууруулж, өөр ажилд буруу шилжүүлсэн байхад анхан шатны шүүх түүнийг ажлаас чөлөөлсөн гэж үзэж, түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасан олговор олгосон нь буруу, нэхэмжлэгч насан туршийн боловсролын багшаар ажиллаж байгаа бөгөөд цалин хөлсний зөрүү нэхэмжлээгүй тул ажилгүй байсан хугацааны олговор нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэсэн үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

10. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн баримтыг хуульд зааснаар үнэлээгүй, маргааны үйл баримтад хамаарах хууль тогтоомжийг хэрэглэж чадаагүйгээс шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангана.

11. Завхан аймгийн И  сумын Засаг даргын 2022.08.23-ны өдрийн Б/29 Захирамжаар тус сумын сургуулийн захирал С ыг “...13 нас, 6 сартай сурагч Н нь хичээл сургуульдаа явж байх хугацаандаа хүүхэд төрүүлсэн, 17 настай сурагч Б нь 9 сартай жирэмсэн зэрэг сургуулийн орчинд хүүхдийн эрх ноцтой зөрчигдсөн үйлдэл удаа дараа гаргаж, ажилдаа хайхрамжгүй хандсан, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хангалтгүй биелүүлсэн зэрэг нь байгууллагын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн,  хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.4, 5.1.7-д заасныг зөрчсөн гэж үзэж, түүнийг сургуулийн захирлын албан тушаалаас бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. 

12.  Хэргийн баримт, зохигчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгч С ыг үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсанаас сургуулийн гадна байрлах бие засах газарт сурагч хүүхдээ төрүүлсэн, өөр нэг сурагч жирэмсэн болсон зэрэг хүүхдийн эрхийн зөрчил гарсан гэсэн үндэслэлээр Сумын Засаг дарга захирамж гарган, захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байх бөгөөд нэхэмжлэгч нь “...хүүхэд жирэмсэн болсноос сургалтын хэвийн ажиллагаа тасалдаагүй, ...сургуулийн орчинд хүүхдийн эрх ноцтой зөрчигдсөн зүйл огт байхгүй, тухайн тохиолдлууд дан ахуйн хүрээнд үйлдэгдсэн, сургуулийн орчинд буюу дотуур байр, сургууль дотор, сургуулиас 100 метр орчимд ийм хэрэг зөрчил гараагүй...” гэж тайлбар гаргасан байна.

13. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах, хүүхдийг нас, бие, сэтгэхүйн онцлогт нь тохирсон мэдээ, мэдээллээр хангах” гэж үндсэн зарчмыг тодорхойлсон ба мөн хуулийн 7 дугаар зүйлд хүүхдийн “хамгаалуулах эрх”-ийг тусгайлан зохицуулжээ.

14. Бага, дунд боловсролын тухай хуульд боловсролын зорилгыг тодорхойлохдоо “...иргэн төлөвшүүлэхэд оршино” гэсэн байх бөгөөд боловсролын агуулгаар дамжуулан хүүхдэд “...зөрчлийг хүчирхийллийн бус аргаар шийдвэрлэх, эрсдэлээс өөрийгөө хамгаалах мэдлэг, харилцааны ур чадвар олгох” зорилтыг хэрэгжүүлэхээр хуульчилсан байна.

15. Мөн хуулийн 20 дугаар зүйлд ерөнхий боловсролын сургуулийн захирлын нийтлэг эрх, үүргийг зохицуулсан байх бөгөөд захирал нь багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх, багш, суралцагч, ажилтны хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ суралцагчийг сургуулийн ойр орчинд гэмт хэрэг, зөрчил зэрэг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, хяналт тавих, сургуулийн орчинд хүүхдийн эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, хяналт тавих тусгайлсан үүргийг хүлээсэн.   

16. Зохигчийн хооронд үүссэн энэ маргаан нь ажил олгогч, ажилтны хооронд үүссэн хөдөлмөрийн ердийн, ганцаарчилсан маргаан мөн хэдий ч хэргийн үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч С  нь ажил олгогчийн өмнө хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээс гадна хүүхдийн эрхийн асуудлаар ерөнхий боловсролын сургуулийн захирлын тухайд холбогдох бусад хууль тогтоомж болон ёс зүйн хувьд тусгайлан үүрэг хүлээх ёстой албан тушаалтан юм. 

17. Сургуулийн захирал С  нь суралцагчийг сургуулийн ойр орчинд гэмт хэрэг, зөрчил зэрэг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, хяналт тавих, сургуулийн орчинд хүүхдийн эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, хяналт тавих тусгайлсан үүргээ хэрхэн хэрэгжүүлж байснаа баримтаар нотлоогүй байна. Тэрээр зарим арга хэмжээ авсан тухай баримтыг шүүхэд ирүүлсэн хэдий ч энэ нь цаг хугацааны хувьд “сурагч хүүхдээ сургуулийн гадна бие засах газарт төрүүлсэн, сурагч жирэмсэн болсон” нөхцөл байдал бий болсноос хойш хийгдсэн ажлууд байна.

18. Сургуулийн захирал хариуцсан сургууль дээрээ “...урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, хяналт тавих” хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж чадаагүй нь хүүхдийн эрхийн ноцтой зөрчил дараалан гарахад нөлөөлсөн гэж шүүхээс дүгнэж, С ыг захирлын ажлаас чөлөөлсөн Сумын Засаг даргын захирамжийг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

19. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч С ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн  2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 141/ШШ2022/00249 дугаар шийдвэр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 205/МА2023/0007 дугаар  магадлалыг тус тус хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан Завхан аймгийн И  сумын Засаг даргын Б/29 тоот сахилгын шийтгэл ногдуулж, албан тушаал буруулах тухай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч С ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Х.ЭРДЭНЭСУВД

             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

            ШҮҮГЧИД                                               Н.БАЯРМАА                                                              

                                                                            П.ЗОЛЗАЯА

                                                                             Д.ЦОЛМОН