Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2023/00119

 

 

П ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар       

  Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 

2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2023/00193 дугаар шийдвэр, 

    Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

     2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2023/00647 дугаар магадлалтай,                                          П ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Т т холбогдох

519,898,545 төгрөг гаргуулах тухай үндсэн,

38,250,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг           

Хариуцагчийн төлөөлөгч Х , итгэмжлэгдсэн төлөөлөгч Б , С , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б  нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С , Б , хариуцагчийн өмгөөлөгч Г , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б , нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “П ” ХХК нь хариуцагч Т т холбогдуулан 519,898,545 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 38,250,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2023/00193 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 345 дугаар зүйлийн 345.2-д зааснаар хариуцагч Т гээс 242,787,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “П ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 277,111,545 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч “П ” ХХК-аас 38,250,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т т олгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус зааснаар нэхэмжлэгч “П ” ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 2,658,579 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Т гээс тэмдэгтийн хураамж 1,371,885 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “П ” ХХК-д олгож, “П ” ХХК-аас 38,250,000 төгрөгийн тэмдэгтийн хураамж 349,200 төгрөг, дутуу төлсөн тэмдэгтийн хураамж 98,864 төгрөг тус тус гаргуулан улсын орлогод олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2023/00647 дугаар  магадлалаар:  Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 10-ны өдрийн 182/ШШ2023/00193 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т  ТБАГУТҮГ-аас 183,602,007 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “П ” ХХК-д олгож, үлдэх 336,296,538 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 2,658,579 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч “П ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 98,864 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж, хариуцагч Т  ТБАГУТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,075,960 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “П ” ХХК-д буцаан олгож, нэхэмжлэгч “П ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 349,200 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 02 сарын 24-ний өдөр урьдчилан төлсөн 1,067,285 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгч Х , итгэмжлэгдсэн төлөөлөгч Б , С  нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: “П ” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Т ”-т холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2023/00193 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2023/00647 дугаар магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна.

Нэг. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд:

Талуудын хооронд 2018-05-01-ний өдөр байгуулагдсан ТТЗҮ/18/001 тоот “Эмнэлгийн тоног төхөөрөмж засварлах гэрээ” нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу нээлттэй тендер шалгаруулалтын үндсэн дээр нэхэмжлэгч шалгарч, хариуцагч нь мөн хуулийн 29.1-д заасны дагуу гэрээ байгуулах эрх олгосноор байгуулагдсан байдаг. Уг гэрээгээр талууд тендерийн техникийн тодорхойлолтод заасан нэр, төрөл, тоо, хэмжээ, чанар бүхий сэлбэг хэрэгслүүдээр МР1 аппаратыг сэргээн засварлах ажлыг 1,412,000,000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохирсон ба гэрээт ажлын хугацаанд гарсан гэмтлээс үүдэлтэй маргаанаа шүүхээр шийдвэрлүүлж байгаа билээ. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2-т заасанд нийцээгүй   байхад Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх “Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа гэж зөв тодорхойлсон” гэж дүгнэсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40.1.”3ахиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ /цаашид “худалдан авах гэрээ” гэх/-тэй холбоотой харилцааг энэ хуульд өөрөөр заагаагүй бол Иргэний хуулиар зохицуулна”, 40.2.” хамгийн сайн үнэлэгдсэн тендер болон тендерийн баримт бичигт захиалагчийн тодорхойлсон худалдааны болон техникийн шаардлага нь худалдан авах гэрээний үндсэн нөхцөл болно.” гэж заасаар байхад буюу талуудын хооронд байгуулагдсан гэрээний үндсэн нөхцөл болох тендерийн баримт бичгийг хэрэгт нотлох баримтаар авахгүйгээр талуудын хооронд гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж үзсэн нь Иргэний хуулийн 43.4-ийг зөрчсөн, шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй. Мөн гэрээний үндсэн нөхцөл болох тендерийн баримт бичгийг нотлох баримтаар аваагүй нь гэрээний төрлийг тодорхойлох, улмаар маргааныг хуулийн зөв зохицуулалтаар шийдвэрлэх зайлшгүй нөхцөл болохыг шүүх анхаараагүй. Тодруулбал, гэрээний зүйл нь ажил гүйцэтгэгчийн үйл ажиллагаанаас шууд үүссэн ажлын үр дүн үү? эсвэл сэргээн засварлах ажлыг гүйцэтгэж байгаа хөдөлмөрлөх процесс уу? гэдгийг хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон “Эмнэлгийн тоног төхөөрөмж засварлах гэрээ”-ний хүрээнд бүрэн дүүрэн тодорхойлох буюу зааглах боломжгүй байхад “талуудын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан “ажил гүйцэтгэх гэрээ” гэж 2 шатны шүүх дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаатай болсон гэж үзэж байна.

Хариуцагчаас 2018-04 дүгээр сард зарласан дүрс оношилгооны МР1 brivo 355 аппаратыг сэргээн засварлах ажлын нээлттэй тендерийн баримт бичиг нотлох баримтаар авагдсан тохиолдолд Т  ямар ажил үйлчилгээг гүйцэтгүүлэхээр нээлттэй сонгон шалгаруулалт зарласан, маргаж буй үйл баримтад хамаарах сэлбэг, хэрэгсэл нь анхнаасаа гэрээгээр тохиролцсон байсан сэлбэг, хэрэгсэл үү?, цаашилбал талуудын хооронд байгуулагдсан гэрээний харилцааг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэхээс гадна ажил гүйцэтгэх болон хөлсөөр ажиллах гэрээний ялгаатай зохицуулалтуудыг зөв оновчтой тайлбарлан хэрэглэх үр дагавар үүсгэх байсан.

Хоёр. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тухайд: Шүүх "...2018. 09.15-наас 16-нд шилжих шөнө “гели алдагдах процесс хийгдэж, гели алдагдсан” ... үйл баримт болон дээрх үйл  баримтын талаар дэлгэрэнгүй мэдүүлсэн гэрч Ж.Шарав, Х.Армия нарын мэдүүлэг  зэргээс үзэхэд уг цахилгаан соронзон давтамжит оношилгооны аппарат нь удаан хугацаанд ашиглагдаагүй, унтраасан байдалтай байсан ба энэ шалтгаан нь засварлах явцад нөлөөлсөн, тухайн гэмтлийг гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байсан нь төсвийн хэмжээ нэмэгдэх үндэслэл болохоор байна гэж дүгнэлээ”, “Мөн дээрх нөхцөл байдлаас үзэхэд тухайн гэмтлийг засварлахад төсвийн хэмжээ нэмэгдсэн явдалд гүйцэтгэгч “П ” ХХК-ийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх ба уг гэмтлийг засварласнаар аппарат хэвийн ажилласан  гэж үзэхээр байна” гэсэн дүгнэлтийг хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47.1-д заасныг зөрчсөн байхад Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс “Талууд шинжээч томилуулах хүсэлтийг шүүхэд гаргаагүй учир “...техникийн тусгай мэдлэг шаардагдах үйл баримтыг шинжээч л тогтооно...” гэх хариуцагчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна” гэх дүгнэлтийг хийсэн. Хавтаст хэрэгт 2018.09.15-аас 16-нд шилжих шөнө гели алдагдах процесс хийгдэж, гели алдагдсан шалтгаан юунаас болсон гэдгийг тогтоосон мэргэжлийн байгууллагын дүгнэлт, нотлох баримт байхгүйгээс гадна энэхүү үйл баримт нь гэрчийн мэдүүлгээр, тэр тусмаа гэрч Ж.Шарав болон Х.Армия 7 мэдүүлгээр ч тогтоогдох боломжгүй юм. Тэрчлэн “П ” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Т т холбогдох иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Хууль зүй, дотоод хэргийн яам оролцсон бөгөөд яамны зүгээс гуравдагч этгээдийн хувиар өөрсдийн татгалзлаа илэрхийлж тайлбараа шүүхэд гарган, шүүх хуралдаанд оролцсон байдаг. Гэвч Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2023/00193 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт гуравдагч этгээдийн нэхэмжлэгчийг, эсхүл хариуцагчийг дэмжиж байгаа эсэх байр суурь тодорхойлогдоогүй, гуравдагч этгээдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, татгалзалд огтоос дүгнэлт хийгдээгүй байдаг боловч Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс талуудын гомдлын энэхүү хэсэгт аливаа хэлбэрээр дүгнэлт хийгээгүй байдаг. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4, Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т нийцээгүй.

Гурав. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлээгүй тухайд: Хоёр шатны шүүхийн энэхүү дүгнэлтийн гол үндэслэл болоод буй 2018-09- 14-ний өдрийн 18/06/1117 тоот, 2018-09-19-ний өдрийн 18/06/1131 тоот албан бичгийг харвал

1. “гэрээт ажлыг гэрээний хугацаанд хүлээлгэн өгөх боломжгүй тул гэрээний хугацааг сунгах”,

2. “2018-05-01-ний өдрийн ТТЗҮ/18/001 тоот гэрээний ажлын хөлсний үлдэгдэл 706,000,000 төгрөгөөс шаардлагатай засвар үйлчилгээг хийхэд зориулж 242,787,000 төгрөгийн зардлыг гаргуулан авах” хүсэлт гаргасан болох нь харагдаж байна. Ихх - 208- 210 тал/

Дээрх албан бичгүүдийг үндэслэн талууд 2018-05-01-ний өдрийн ТТЗҮ/18/001 тоот “Эмнэлгийн тоног төхөөрөмж засварлах гэрээ”-нд 2018-09-20-ны өдөр өөрчлөлт оруулан цахилгаан соронзон давтамжит оношилгооны аппаратыг засварлах ажлын гүйцэтгэх хугацааг 2018-09-20-ны өдрөөс 2018-12-25-ны өдрийг хүртэл сунгаж, ажлын хөлсний үлдэгдэл 706,000,000 төгрөгөөс гүйцэтгэгчийн хүссэн 42,787,000 төгрөгийг 2018-09-30-ны өдрийн дотор олгохоор болж, уг гэрээний дагуу нийт ажлын хөлсөнд өөрчлөлт ороогүй болохыг дурдсан байдаг тул “Т ” ТБАГУТҮГ-н зүгээс гэрээг дуусгавар болгох асуудлыг хөндөх шаардлагагүй байсан. Иймд дээрх албан бичгүүдээр төсвийн хэмжээ нэмэгдэж байгаа талаар хариуцагчид мэдэгдсэн гэж үзэх үндэслэлгүй байхаас гадна нэхэмжлэгч “П ” ХХК нь 2018-05-01-ний өдрийн ТТЗҮ/18/001 тоот “Эмнэлгийн тоног төхөөрөмж засварлах гэрээ”-ний төсвийн хэмжээ урьдчилан төлөвлөх боломжгүй байдлын улмаас нэмэгдэж байгаа талаар албан ёсоор хариуцагч “Т ”-т мэдэгдэж байгаагүй гэдгийг тэмдэглэмээр байна. Нэхэмжлэгч “П ” ХХК нь гелиний даралтыг удирдаж байдаг cold head төхөөрөмжийг хариуцагчид албан ёсоор мэдэгдэлгүйгээр сольсон бөгөөд ийнхүү сольж дууссан гэдгээ 2018-09-14-ний өдрийн 18/06/1117 тоот албан бичгээр мэдэгдэж гэрээний хугацааг сунгуулах хүсэлтээ ирүүлсэн байдаг. /1хх - 210 тал/

Дээрх албан бичгүүд болон хавтаст хэрэгт авагдсан “П ” ХХК-аас хариуцагч “Т ”-т хүргүүлж байсан ажлын тайлангууд зэргийг үзвэл талууд Эмнэлгийн тоног төхөөрөмж засварлах гэрээгээр cold head төхөөрөмжийг солих талаар огтоос тохиролцоогүй, “П ” ХХК нь гелиний даралтыг удирдаж байдаг cold head  төхөөрөмжийг хариуцагчид мэдэгдэлгүйгээр гэрээт ажлыг гүйцэтгэж байхдаа өөрөө сольсон, уг сольсон cold head төхөөрөмжөөс үүдэлтэйгээр захиалагч ажлын үр дүнг хүлээн аваагүй байх хугацаанд буюу 2018-09-16-ны шөнө гели алдагдах процесс хийгдэж, гели алдагдсан байна. Уг доголдол үүсэхэд хариуцагч буюу захиалагч ямар нэгэн буруугүй бөгөөд 2018-05-01-ний өдрийн ТТЗҮ/18/001 тоот “Эмнэлгийн тоног төхөөрөмж засварлах гэрээ”-ний 2.1.2-т заасан цахилгааны үндсэн эх үүсвэр ба нөөц тэжээлээр хангах, цахилгааны тасалдал үүсгэхгүй байх үүргээ бүрэн биелүүлсэн гэдэг нь талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэл зэргээр нотлогддог. Гели алдагдах болон сэлбэг солих шаардлагатай гэмтэл доголдол нь зөвхөн цахилгааны тасалдлаас үүдэлтэйгээр бий болсон тохиолдолд гүйцэтгэгчийг хариуцлагаас чөлөөлөх нөхцөлтэй байхад шүүх тухайн доголдол цахилгааны  саатлаас шалтгаалаагүй гэж үзэхээр байна гэх дүгнэлтийг хийсэн мөртлөө энэхүү доголдолд “П ” ХХК-ийг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлд нийцээгүй болсон гэж үзэж байна. Учир нь, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй сэлбэг солих шаардлагатай гэмтэл нь гэрээний 8.2-т заасан цахилгааны тасалдлаас болоогүй, захиалагч ажлын үр дүнг хүлээн аваагүй байх хугацаанд гүйцэтгэгчийн cold head төхөөрөмжийг хариуцагчид албан ёсоор мэдэгдэлгүйгээр өөрөө сольсонтой холбоотойгоор бий болсон гэж үзэх үндэслэлтэй тул уг доголдлыг гэрээний 3.2.6-д заасны дагуу гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирол гэж үзэн гүйцэтгэгчийн өөрийн зардлаар шуурхай засах нь хууль болон талуудын хооронд байгуулсан гэрээнд нийцэх юм.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасны дагуу Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2023/00193 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2023/00647 дугаар шийдвэр магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 82/ШШ2023/00193 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2023/00647 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 угаар зүйлийн 172.1-д заасны дагуу гомдол гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хууль буруу тайлбарласан.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу нээлттэй тендер шалгаруулалт зарлаж, нэхэмжлэгч “П ” ХХК шалгарч, хариуцагч Т , Хууль зүй, дотоод хэргийн яамтай уг хуулийн 29.1-д заасны дагуу 2018.05.01 -ний өдрийн ТТЗҮ/18/001 дугаар “Эмнэлгийн тоног төхөөрөмж засварлах” гэрээг байгуулсан. Гүйцэтгэгч тал засвар, үйлчилгээ хийж байх хугацаанд буюу 2018 оны 09 дүгээр арын 16-ны шөнө доголдол гарч, анхны гэрээний хугацааг сунгах тухай гэрээ байгуулахаар харилцан тохиролцсоноор гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Уг байгуулсан ТТЗҮ/18/01-Н дугаар гэрээ нь үндсэн гэрээ болох ТТЗҮ/18001 дугаар гэрээний салшгүй холбоотой, ижил хууль зүйн хүчин чадалтай, хугацааг тодорхой заасан. Тус гэрээний 1.3-т “..талуудын 2018 оны 05 дугаар сарын 01-ны өдөр байгуулсан цахилгаан соронзон давтамжит оношилгооны МР1 аппаратыг засварлах ажлыг гүйцэтгэх ТТЗҮ/18/001 дугаар гэрээгээр гүйцэтгэх ажил өөрчлөгдөөгүй болно” гэж, 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаагаар сунгасан тул үндсэн гэрээний хугацааг сунгасантай холбоотойгоор гэрээт ажлыг хийж гүйцэтгэх, нийт ажлын хөлсөнд өөрчлөлт ороогүй болно гэж тохиролцсон байдаг. Засвар хийгдэх хугацаанд, гэрээний дүнд өөрчлөлт ороогүй тухай нэмэлт, өөрчлөлт оруулсан гэрээнд маш тодорхой заасан. ТТЗҮ/18001 дугаар гэрээний 3.2.6-д “..ажил гүйцэтгэх явцад гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас гарсан ажлын доголдол, дутагдлыг захиалагчийн шаардлагын дагуу тохиролцсон хугацаанд өөрийн зардлаар шуурхай засна..” гэж, 8.3-т гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохирлыг гэм буруутай тал бүрэн хариуцна...” гэж тус тус заасныг хэрэгжүүлэх хүрээнд өөрсдийн буруутай үйл ажиллагааг гүйцэтгэгч тал хүлээн зөвшөөрч, захиалагч тал хариуцсан гүйцэтгэгчээр ажлаа гүйцэтгүүлж, тоног төхөөрөмжөө хэвийн ажиллагаанд оруулах, хохиролгүй, үр дүнг хүлээж авах гэсэн огтлол дээр нэмэлт гэрээг харилцан тохирч хийсэн болно. Гэтэл урьдчилан харах боломжгүй гэсэн “зүйл рүү” чихэж. их хэмжээний төлбөрт захиалагч /эмнэлэг/ -ийг унагаж. тоног төхөөрөмжийг дахин хэзээ ч ашиглах боломжгүй болгосон. Шүүх “Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2-т зааснаар нэхэмжлэгч “П ” ХХК нэмэгдсэн төсвийн хэмжээгээр хариуцагчаас шаардах эрхтэй.” гэх боловч ямар төрлийн сэлбэг хэрэгсэл, хэдэн төгрөгийн өртөгтэй болох нь тодорхойгүй, хийсэн үгүй нь эргэлзээтэй байхад, чанар, стандарт ямар байсан, мэдлэг, чадвар шаардагдах зүйлийг баримтгүйгээр шүүх хүлээн зөвшөөрч, гүйцэтгэгч буруугүй, үүний улмаас их хэмжээний хохирол амсаж байгаа захиалагчийг буруутган, хохироож байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Ажиллагаагүй байсан тоног төхөөрөмжийг ажилладаг болгох, засаж сайжруулах зорилготой байхад эсрэгээрээ ямар ч хэрэгцээгүй болгож, 2 шатны шүүхээс “ажил гүйцэтгэх гэрээ” мөн гэж дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэснийг зөрчиж шийдвэрлэж байна. Ямар ч үр дүнгүй, хүлээлгэж өгөх үр дүн байхгүй. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, ач холбогдол, хэрэгт хамааралтай байдлыг авч үзээгүй, эргэлзээгүй талаас нь үнэн зөв үнэлээгүй гэж үзэж байна. Энэ хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Хууль зүй, дотоод хэргийн яам оролцож, татгалзлаа илэрхийлж тайлбараа шүүхэд гаргаж, шүүх хуралдаанд оролцсон байхад анхан шатны шүүхийн шийдвэрт энэ талаар дүгнэж, байр суурийг тодорхой тусгаагүйг дахин дурдмаар байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4, Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т нийцээгүй. Нэхэмжлэгч “П ” ХХК нь гелиний даралтыг удирдаж байдаг cold head төхөөрөмжийг хариуцагчид албан ёсоор мэдэгдэлгүйгээр сольсон бөгөөд ийнхүү сольж дууссан гэдгээ 2018.09.14-ний өдрийн 18/06/1117 тоот албан бичгээр мэдэгдэж гэрээний хугацааг сунгуулах хүсэлтээ ирүүлсэн байдаг. /1хх-210 тал/ Дээрх бүгдээс дүгнэхэд энэ доголдол бол гүйцэтгэгч талын ажлын хариуцлагаас үдэлтэй үүссэн, гэтэл өөрсдийн буруутай үйл ажиллагаанаас болж гарсан нэмэлт зардлыг төлүүлэхээр нэхэмжилж буй нь үндэслэлгүй байна. Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж үзээгүй, нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэн зөв үнэлээгүй гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасны дагуу Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2023/00193 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2023/00647 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л  хариуцагч болон гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг эс зөвшөөрч, бичгээр болон амаар тайлбар гаргасан байна.

7. Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.05.25-ны өдрийн хуралдааны 001/ШХТ2023/00624 тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгч Х , итгэмжлэгдсэн төлөөлөгч Б , С , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б  нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

ХЯНАВАЛ:

8. Нэхэмжлэгч “П ” ХХК нь хариуцагч Т  ТБАГУТҮГ-т холбогдуулан төлөвлөгдөөгүй ажлын нэмэлт зардал 519,898,545 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, гэрээний дагуу шилжүүлсэн 38,250,000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг шаардлага гарган маргажээ.

9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдээр оролцсон Хууль зүй, дотоод хэргийн яам нь хариуцагчийг дэмжсэн тайлбар гаргасан байна.

10. Анхан шатны шүүх Т гээс 242,787,000 төгрөг гаргуулан “П ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 277,111,545 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, “П ” ХХК-аас 38,250,000 төгрөг гаргуулан Т т олгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, Т  ТБАГУТҮГ-аас 183,602,007 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “П ” ХХК-д олгож, үлдэх 336,296,538 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулжээ.

11. 2018.05.01-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан ТТЗҮ/18/001 тоот “Эмнэлгийн тоног төхөөрөмж засварлах гэрээ”-гээр “П ” ХХК нь 2018.09.15-ны дотор цахилгаан соронзон давтамжит оношилгооны аппарат буюу MRI аппаратыг засварлаж, хүлээлгэн өгөх, Т  ТБАГУТҮГ нь гэрээний үнэ 1,412,000,000 төгрөгийг төлөх нөхцөлийг тохиролцсон байна. /1хх 72-78/

12. Нэхэмжлэгч нь “... эмнэлэгтэй MRI BRIVO-335 аппаратын засвар үйлчилгээний ТТЗҮ/18/0001 тоот гэрээ байгуулж ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаанд 2018.09.16-ны шөнө 00.43-00.58 цагийн хооронд сэлбэг солих шаардлагатай гэмтэл доголдол гарсан тул сэлбэг хэрэгсэл, гели, хий, ажлын хөлсөнд нэмэлтээр 519,898,545 төгрөг зарцуулсныг гэрээний 8.2-т зааснаар шаардах эрхтэй” гэж үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон, харин “...2020.12.21-ний өдрийн МРЗҮ/20/002 тоот гэрээний ажлын хөлсөнд 38,250,000 төгрөг хүлээн авсан ба уг төлбөрийг буцаан төлөх үүрэгтэй хэдий ч ТТЗҮ/18/0001 тоот гэрээний нэмэлт зардалд төлсөн төлбөрөөс хасаж тооцно” гэж сөрөг нэхэмжлэлд тайлбар гаргажээ.

13. Хариуцагч нь “...ТТЗҮ/18/0001 тоот гэрээ хүчин төгөлдөр, захиалагч үүргээ биелүүлж гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлсөн...гүйцэтгэгч ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй цаг хугацаанд гэмтэл доголдол гарсан ба энэ зардлыг ажил гүйцэтгэгч өөрөө хариуцах үүрэгтэй, гэрээний хугацаанд цахилгаан тасалдаагүй учир гэрээний 8.2-т зааснаар хариуцах үндэслэлгүй......нэмэлт зардлыг зөвшөөрөхгүй” гэж үндсэн нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан, харин “...МРЗҮ/20/002 тоот ажил гүйцэтгэх гэрээний дагуу захиалагчаас 38,250,000 төгрөгийг шилжүүлсэн, гэрээнээс татгалзаж байгаа төлбөрийг буцаан  шаардах эрхтэй” гэж сөрөг шаардлагаа тодорхойлсон байна.

14. Хэргийн баримт, зохигчийн тайлбараар 2018.09.16-ны өдрийн 00:36 цагийн үед MRI аппаратын гели алдагдах /уурших/ процесс явагдсан үйл баримт тогтоогдсон.

15. “....нэхэмжлэгч “П ” ХХК нь төсвийн хэмжээ нэмэгдсэн хүсэлтийг 3 хоногийн дотор хариуцагч талд 2018.09.19-ний өдөр 18/06/1131, 18/06/117 дугаартай бичгээр мэдэгдсэн болох нь тогтоогдож байгаа ба нэмэгдсэн хэмжээг 242,787,000 төгрөгөөр тодорхойлсон гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, бичгээр мэдэгдсэн хүсэлтэд шингэн хэлбэрийн гель 186,000,000 төгрөгөөр, Rupture disc 2,490,000 төгрөгөөр, Baffle asm lcc 3,750,000 төгрөгөөр, бүслүүр 747,000 төгрөг, инженерийн зардал 49,800,000 төгрөг, нийт 242,787,000 төгрөг гэж төсвийн хэмжээг тогтоосон нь үндэслэлтэй.  Харин 8 нэр төрлийн сэлбэг хэрэгсэл, зардал зэрэгт 519,898,545 төгрөгөөр нэмэгдсэн гэж шаардлага гаргасан хэдий ч Coldhead төхөөрөмжийг гэмтэл гарахаас өмнө 2018.09.04-ний өдөр 181,867,096 төгрөгөөр худалдан авсан, зарим зардлын баримт нь аппаратыг хүлээлгэн өгснөөс хойшхи  хугацаанд хамаарч байх тул үлдэх 277,111,545 төгрөгийг хэрэгсэхгүй болгох зүйтэй” гэж анхан шатны шүүх дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан.

16. Давж заалдах шатны шүүх “...анхан шатны шүүх хариуцагчаас нэмэлт зардлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв байх боловч хэмжээг нэхэмжлэгчийн тодорхойлсон төсвийн хэмжээгээр тооцсон нь буруу, хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлэх учиртай,  “П ” ХХК-ийн 2018.09.27-ны өдрийн №707454 тоот “Төлбөрийн даалгавар” гэсэн баримтаар нийт 183,602,007 төгрөгийн гүйлгээ “Шингэн гели, хий гелийн төлбөр” утгатай хийгдсэн тул уг зардлыг хариуцагчаас гаргуулна, харин 2018.10.17-ны өдрийн 21,025,223 төгрөгийн хийн азот, азот редукторын үнийг дээрх зардалд оруулан тооцох боломжгүй буюу ТТАХНЭ-ийн MRI 355 сэргээн засварлах ажлын тайланд MRI аппаратыг азотоор цэнэглэсэн талаар дурдагдаагүй гэж үзэн, хариуцагчаас 183,602,007 төгрөгийг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцнэ” гэж дүгнэсэн байна.

17. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.

18. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж хоёр шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д нийцсэн.

19. Нэхэмжлэгч “П ” ХХК нь тендер шалгаруулалтад ялсан ба хариуцагч эмнэлэгтэй байгуулсан гэрээний дагуу ажил гүйцэтгэх явцад урьдчилан төлөвлөгдөөгүй нэмэлт зардал 516,896,984.43 төгрөг гарсан, үүнээс 2021.12.21-ний өдрийн хязгаарлагдмал тендерийн гэрээний төлбөрт тус эмнэлгээс авсан 38,250,000 төгрөгийг хасаад, нийт 481,648,545 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэсэн нэхэмжлэл гаргахдаа баримтуудыг хавсарган ирүүлсэн боловч ямар төрлийн нэмэлт зардлууд гарсан, зардал тус бүрт  аль баримт нь хэрхэн хамаарч байгаа талаар нэхэмжлэлд тодорхой заагаагүй байна. Өөрөөр хэлбэл,  нэмэлт зардлын задаргаа тодорхойгүйгээс түүнд ямар шаардлагууд багтаж байгааг тогтоох, түүнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй, энэ нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус байгаатай холбоотой гэж дүгнэхээр байна.  Хоёр шатны шүүх энэ талаар хангалттай тодруулаагүйгээр хэргийг шийдвэрлэжээ. Тухайлбал, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалаас үзэхэд шүүх нэхэмжлэлийн ямар шаардлагууд дээр дүгнэлт хийсэн гэдэг нь тодорхой бус, хоёр шатны шүүхийн нотлох баримтаар үнэлж байгаа баримтууд нь харилцан адилгүй, нэхэмжлэлийн шаардлагад заасан 516,896,984.43 төгрөгийн хэмжээнд таарсан тооцоо бүхий баримт хэрэгт байхгүй байна.

20. Хэргээс үзэхэд “... 493,808,830 төгрөгийн нэмэлт зардал гарсан гэж албан бичигт заасан ба энэ хэмжээгээр зардлын задаргааг хийсэн баримт хэрэгт авагдсан, түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр “...нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар тооцсоноос долларын ханшны зөрүүнээс хэмжээ нь нэмэгдсэн” гэж, мөн түүнчлэн “...сургалтын зардлыг нэмж тооцсон” гэх зэргээр зөрүүтэй тайлбар гаргаснаас үзэхэд нэмэлт зардалд хэрхэн 516,896,984.43 төгрөгийг нэхэмжилсэн үндэслэл, тооцоолол ойлгомжгүй байна. /I-xx-57,202, II-xx-15, 135/

21. Талуудын хооронд үүссэн маргааны үндэслэл нь нэхэмжлэгч “...урьдчилан төлөвлөх боломжгүй, өөрийнх нь үйл ажиллагаанаас шалтгаалаагүй нэмэлт зардал гарсан” гэж, хариуцагч талаас маргахдаа “...энэ нь 1,4 тэрбум төгрөгт багтсан зардал байх ёстой гэж,  нөгөөтээгүүр  ажил гүйцэтгэх явцад Cold Head гэсэн аппаратыг захиалагчид урьдчилан мэдэгдэлгүй буюу зөвшөөрөлгүй тавьснаас болж гели алдагдсан байх боломжтой” гэсэн үндэслэлээр маргасан байхад хоёр шатны  шүүх энэ үндэслэлийг хангалттай тодруулаагүй, талууд бүрэн мэтгэлцээгүй байна. Өөрөөр хэлбэл, энэ гэмтэл, эрсдэл гарахад захиалагч, гүйцэтгэгчийн аль нь буруутай болох, эсхүл урьдчилан таамаглах боломжгүй гэмтэл байсан эсэх нь тодорхойгүй байхад маргааныг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй юм.

22. Ажил гүйцэтгэх явцад гарсан эрсдэлийг шийдвэрлэхтэй холбоотой гарсан зардлыг нэмэлт зардал гэж үзэх, эсхүл тендер зарлахаас өмнө нэхэмжлэгч талын ханган нийлүүлэгч АНУ-ын GE Healthcare компанийн мэргэжилтний гаргасан дүгнэлтэд ийм эрсдэл гарч болохыг анхааруулж байсан тухай тайлбараас үзэхэд урьдчилан тооцоологдсон эрсдэл буюу гарч болох гэмтэл, эрсдэл нь тендерийн үнийн дүнд багтсан эсэх талаар нь ойлгомжгүй, хоёр шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй байна.

23. Эмнэлгийн тоног төхөөрөмж засварлах гэрээнд өөрчлөлт оруулан хугацаа сунгах гэрээ байгуулах үндэслэл нь 2018.09.16-ны өдрийн гель алдагдах процесстой холбоотой байх бөгөөд энэ гэрээний талаар шүүх эрх зүйн дүгнэлт хийгээгүй, түүнчлэн гели ууршсантай холбоотойгоор дахин  гели цэнэглэсэн зардлыг  183,602,007 төгрөг гэж давж заалдах шатны шүүх үзсэн боловч ямар хэмжээгээр сольсон нь тодорхой бус, шүүхийн үнэлсэн санхүүгийн баримт нь нэхэмжлэгч өөрөө өөртөө шилжүүлсэн тухай байна.

24. Хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар гаргасан хариуцагч болон гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2023/00193 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2023/00647 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хариуцагч болон гуравдагч этгээд нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

                          ШҮҮГЧИД                                               Н.БАЯРМАА                                          

                                                                                           П.ЗОЛЗАЯА

                                                                                           Д.ЦОЛМОН

                                                                                           Х.ЭРДЭНЭСУВД