Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/00647

 

 

 

 

 

 

 

 

2023 03 27 210/МА2023/00647

 

 

 

П ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 10-ны өдрийн 182/ШШ2023/00193 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч П ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т ТБАГУТҮГ-т холбогдох 519,898,545 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 38,250,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, Б.З, хариуцагчийн өмгөөлөгч Г.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Т нь 2018 оны 04 сард дүрс оношилгооны MRI BRIVO 355 аппаратыг сэргээн засварлах ажлын нээлттэй тендерийг зарласан ба манай компани сонгон шалгаруулалтад оролцож ялалт байгуулснаар 2018 оны 05 сарын 01-ний өдөр *** дугаартай Эмнэлгийн тоног төхөөрөмж засварлах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу бид засварлах ажлыг гүйцэтгэх явцад GE Healthcare компанийн мэргэжилтний өмнө нь гаргаж байсан дүгнэлтэд тусгасан, урьдчилан харах /диагностик/ боломжгүй эрсдэл үүсч 2018 оны 09 сарын 16-ны шөнө GE Healthcare 355 аппаратын гели алдагдах процесс /magnet quench/ явагдаж бүх гели ууршсан байсан. Тухайн үед эмч, техникч нарын сургалтаас бусад гэрээний дагуу бүх хийх ажлыг бүрэн хийж дууссан хэдий ч дахин засвар үйлчилгээг хийх шаардлага гарч нэмэлт хөрөнгийг бид өөрсдөө гаргаж сэлбэг Cold Head солих, гели цэнэглэх ажлыг гүйцэтгэсэн. Дахин гели цэнэглэх тохиргоо хийх ажлыг 2018 оны 10 сарын 12-ны өдрөөс 2018 оны 10 сарын 21-ний өдрүүдэд амжилттай гүйцэтгэж дуусгаж, актаар хүлээлгэн өгсөн. 2018 оны 05 сарын 01-ний өдөр байгуулсан *** дугаартай гэрээний 8.2-т Хэрэв MRI аппаратын засварын үед цахилгааны тасалдлаас үүдэлтэй гелийн ууршилт ба сэлбэг солих шаардлагатай гэмтэл доголдол гарсан бол хариуцлагыг гүйцэтгэгч тал хүлээхгүй гэж заасан хэдий ч эмнэлгийн удирдлагуудаас MRI BRIVO 355 аппаратыг яаралтай ашиглалтад оруулж өгөх тухай хүсэлтийг хүлээн авч эхний ээлжид өөрсдийн зүгээс шаардлагатай бүхий л арга хэмжээг авч өөрийн хөрөнгөөр сэргээн засварлах үйлчилгээг хийсэн юм. Т т хандаж нэмэлтээр гарсан зардлыг төлж барагдуулах талаарх хүсэлт, шаардлагыг компанийн зүгээс удаа дараа гаргасан боловч хариуцагч тал нөхөн төлөх боломжгүй гэсэн хариу өгсөн. Компанийн талаас Т т гэрээгээр шилжүүлэн авсан 38,250,000 төгрөгийг буцаан төлөх ёстой боловч өөрийн авах авлагадаа суутгах хууль эрх зүйн үндэслэл байгаа гэж үзэж байна. Иймд Т ээс нэхэмжилсэн 519,898,545 төгрөгөөс 38,250,000 төгрөгийг хасаж 481,648,545 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.   Хариуцагч хариу тайлбартаа: П ХХК үйлдвэрлэгч компани болох G CH байгууллагаас мэргэжлийн 2 инженер, Монгол талаас П ХХК-ийн инженер Ш.Ц, Г.А нар байлцаж төхөөрөмжийн бүрэн оношилгоог хийсэн. Оношилгооны дүгнэлтээр сэлбэг, хэрэгсэл, шаардагдах шингэнийг цэнэглэхэд аппаратын хөргөх чилли төхөөрөмжийг солих, MRI магнитутыг сэргээх, шингэн гели хий 55,000 литр, шингэн азот 5500 литр, цахилгааны доголдлоос сэргийлэх UPS төхөөрөмж 160 к.Вт, цахилгаан хүчдэл тасрахад цахилгааны нөөц эх үүсгүүр 275 к.Вт-ын дизель генератораар тоноглосон байхыг шаардлагатай гэж үзэж эдгээр зүйлсийн үнийн саналын хамтаар 2017 оны 10 сарын 31-ний *** тоот албан бичгээр манай эмнэлэгт ирүүлсэн. Тус эмнэлгээс сонгон шалгаруулалт зарлаж улмаар эмнэлгийн тоног төхөөрөмж засварлах *** дугаартай 1,412,000,000 үнийн дүн бүхий гэрээг Хууль зүй дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Б, Т ийн захирал, дэд хурандаа Л.Б, П ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б нар гурвалсан гэрээ байгуулсан бөгөөд захиалагч тал гэрээний үнийг бүрэн төлж үүргээ биелүүлсэн. Тус эмнэлгийн зүгээс цахилгаан тэжээлийн найдвартай ажиллагааг хангахын тулд зөвхөн BRIVO MRI 355 аппаратад эрсдэл үүсэх нөхцөлийг бүрэн арилгах арга хэмжээний хүрээнд 2018 оны 06 сарын 15-ны өдөр AGG C275 D 5 брэндийн 275 к.Вт-ын 2 нэгж дизель генератор, GT-160 загварын 160 к.Вт-ын хүчин чадал бүхий 2 тог баригч төхөөрөмжүүдийг Ю ХХК-тай гэрээ байгуулан худалдан авч цахилгаан тасрах эрсдэлээс 100 хувь хамгаалсан. 2018 оны 06 сарын 15-ны өдрөөс 2021 оны 02 сарын 11-ний өдрийг хүртэл огт цахилгааны тасалдал үүсээгүй. Энэ нөхцөл байдлыг биелүүлсэн учир П ХХК-аас инженерүүд бэлтгэл ажил хангасан эсэхийг шалгаж хүлээн зөвшөөрч 2018 оны 09 сарын 11-ний өдөр засварын үйл ажиллагааг эхлүүлж, эхний өдрүүдэд төхөөрөмжийг шингэн азотоор хөөж цэвэрлэх процесс явагдаж сүүлийн өдрүүд буюу 2021 оны 09 сарын 16-ны өдөр гелийн цэнэглэх процесс эхэлж цэнэглэлт дууссан. Төхөөрөмжийн ramping, shimming гэх тусгай тохиргоог Хятад инженерүүдээр ахлуулсан П ХХК-ийн инженерүүдийн хамтарсан баг тухайн өдрийн 23 цаг хүртэл хийсэн ба ажил дуусалгүй маргааш нь үргэлжлүүлэхээр ажлаа зогсоож явсны дараа буюу 2018 оны 09 сарын 16-ны шөнө 00 цаг 43 минутаас 00 цаг 58 минутын хооронд гели хийг аваарын горимоор гадагшлуулсан нь эмнэлгийн хяналтын камерт тусгагдсан байдаг. Энэ үед эмнэлгийн хэмжээнд цахилгааны саатал үүсээгүй болно. Нэхэмжлэгч нь гэрээний 8.2-т заасныг үндэслэн нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Түүнчлэн, засварлах явцад гели хий тодорхойгүй шалтгаанаар аваарын горимоор гадагшилт /quench/ хийж Cold Head төхөөрөмж эвдэрч, гели хий цэнэглэх болсон шалтгаан нь тухайн ажил гүйцэтгэгч талын хариуцлагын асуудал юм. Гэрээний хугацаа дуусах явцад буюу 2018 оны 09 сарын 16-ны шөнө доголдол гарснаар талуудын хооронд байгуулсан анхны *** тоот гэрээний хугацааг сунгахаар гэрээний гурван тал тохиролцсоноор гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Гэрээнд өөрчлөлт оруулан хугацаа сунгах ***-Н тоот гэрээнд *** дугаар бүхий гэрээтэй салшгүй холбоотой ижил хууль зүйн хүчин чадалтай, хугацаагаа тодорхой дурдсан. Уг гэрээний гэрээний 1.3-т ...талууд 2018 оны 05 сарын 01-ний өдөр байгуулсан цахилгаан соронзон давтамжит оношилгооны MRI аппаратыг засварлаж ажлыг гүйцэтгэхдээ *** дугаар бүхий гэрээгээр гүйцэтгэсэн ажил өөрчлөгдөөгүй болно, 2018 оны 09 сарын 20-ны өдрөөс 2018 оны 12 сарын 25-ны өдөр хүртэл хугацаагаар сунгасан тул үндсэн гэрээний хугацааг сунгасантай холбоотойгоор гэрээт ажлыг хийж гүйцэтгэх нийт ажлын хөлсөнд өөрчлөлт ороогүй болно. Засвар хийгээд дуусах хугацаанд гэрээний дүнд өөрчлөлт ороогүй гэдгийг нэмэлт, өөрчлөлт оруулсан гэрээнд тодорхой заасан. Иймд өөрийн буруутай үйл ажиллагаанаас болж гарсан нэмэлт зардлын талаар ямар ч нэмэлт гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.   Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Хариуцагч нь П ХХК-тай байгуулсан 2020 оны 12 сарын 21-ний өдрийн *** дугаартай гэрээгээр MRI BRIVO 335 эмнэлгийн цахилгаан соронзон резоннаст томограф аппаратын засвар үйлчилгээний ажлыг 42,500,000 төгрөгөөр хийлгэхээр тохирсон. Захиалагчаас 2020 оны 12 сарын 30-ны өдөр 38,250,000 төгрөгийн төлбөрийг шилжүүлсэн ба ажлыг гүйцэтгэж дуусах хугацааг 2020 оны 02 сарын 25 гэж заасан байдаг. Гэтэл 2021 оны 01 сарын 27-ны өдөр MRI төхөөрөмжийн гели ууршиж дахин засвар хийх боломжгүй болж, MRI төхөөрөмжийг ашиглах боломжгүй болсон. Иймд дээрх гэрээний дагуу аппаратын засвар үйлчилгээ хийлгэх, сэлбэг хэрэгсэл нийлүүлэх гэрээнээс татгалзсан тухай хүсэлтээ бичгээр хүргүүлсэн тул төлбөрт шилжүүлсэн 38,250,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4.   Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Т нь 2021 оны 12 сарын 21-ний өдөр MRI BRIVO 355 аппаратын засвар үйлчилгээг хийлгэх хязгаарлагдмал тендер зарласнаар манай компани оролцож, *** дугаартай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Гэрээнд заасны дагуу ажлын хөлсний 38,250,000 төгрөгийг 2020 оны 12 сарын 30-ны өдөр манай компанийн дансанд шилжүүлсэн. Улмаар Т ээс 2021 оны 08 сарын 10-ны өдөр 823 дугаартай албан бичгээр MRI BRIVO 355 аппаратад засварын ажил хийх шаардлагагүй болсон тухай мэдэгдсэн. Гэрээнд заасан ажил үүрэг гүйцэтгээгүй тул төлбөрийг буцаан төлөх үүрэгтэй. Харин талуудын анхны байгуулсан гэрээний нэмэлт засвар үйлчилгээнд зарцуулсан зардлаас уг төлбөрийг хасаж тооцох үндэслэлтэй тул буцаан төлөх үүрэггүй гэж үзэж байна гэжээ.

 

5.   Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: Гэрээний 3.2.6-д ...ажил гүйцэтгэх явцад гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас гарсан ажлын доголдол дутагдлыг захиалагчийн шаардлагын дагуу тохиролцсон хугацаанд өөрийн зардлаар шуурхай засна... гэж, 3.2.7-д ...энэхүү гэрээний хавсралтаар баталсан ажил гүйцэтгэх хуваарьт заасан хугацааг хэтрүүлсэн тохиолдолд ажлыг хүлээлгэн өгөх өдрийн дараагийн өдрөөс эхлэн энэ гэрээний дагуу алданги төлнө... гэж, 8.1-д ...гүйцэтгэгч ажлыг гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,05 хувийн алданги төлнө... гэж, 8.3-т ...гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохирлыг гэм буруутай тал бүрэн хариуцна... гэж тус тус заасан тул П ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т ээс 242,787,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 277,111,545 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч П ХХК-аас 38,250,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч П ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 2,658,579 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Т ээс тэмдэгтийн хураамж 1,371,885 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П ХХК-д олгож, П ХХК-аас 38,250,000 төгрөгийн тэмдэгтийн хураамж 349,200 төгрөг, дутуу төлсөн тэмдэгтийн хураамж 98,864 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

7.   Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

7.а. Хариуцагчаас 2018 оны 04 сард өөрийн дүрс оношилгооны MRI BRIVO 355 аппаратыг сэргээн засварлах ажлын нээлттэй тендерийг зарласан. П ХХК тендерийн сонгон шалгаруулалтад оролцож ялалт байгуулсны дагуу *** дугаартай Эмнэлгийн тоног төхөөрөмж засварлах гэрээ байгуулсан. *** дугаартай гэрээний дагуу П ХХК засварлах ажлыг гүйцэтгэх явцад гелийн даралт буух процесс 2-3 өдөрт явагдах ёстой байсан боловч буугаагүй тул 2 удаа гар аргаар даралтыг буулгахад даралт дахин өсөж байсан учраас гелийн даралтыг удирдаж байдаг Cold Head гэх эд ангийг солих шийдвэрийг гадаадын мэргэжилтнүүд гаргасны дагуу 2018 оны 09 сарын 11-ний өдөр сольсон. Cold Head-ийг солих төсөв мөнгө гэрээний дүнд багтаагүй боловч энэ эвдрэл нь урьдчилан харах боломжгүй эвдрэл гэмтлийн нэг бөгөөд зайлшгүй солих шаардлагатай эд ангийн нэг байсан. П ХХК нь БНХАУ-ын компанитай 2018 оны 09 сарын 03-ны өдөр Cold Head сэлбэг худалдан авах тухай борлуулалтын гэрээ байгуулж 73,528 ам.доллароор худалдан авсан. Уг гэрээг шүүхэд нотлох баримтаар хавсаргаж өгсөн боловч шүүх дүгнэлт хийгээгүй. Уг үйл баримт нь 2018 оны 05 сарын 01-ний өдөр байгуулсан *** дугаартай гэрээний 8.2-т зааснаар гэмтэл, доголдол гарсан бол хариуцлагыг гүйцэтгэгч тал хүлээхгүй гэх заалтаар зохицуулагдах нь үндэслэлтэй.

7.б. Хариуцагч талд 2018 оны 09 сарын 19-ний өдөр *** дугаартай албан бичиг явуулж, Cold Head-ийн ажиллагаа доголдож, дараагийн шатны ажиллагааг хийх боломжгүй нь тогтоогдсон талаар цаг тухай бүр мэдээлж байсан. Энэ нөхцөл байдал нь Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт заасан Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэж заасан тул гүйцэтгэгч энэ үйлдлийг хийсэн байна.

Иймд шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон 181,867,096 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

 

8.   Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна.

8.а. Нэхэмжлэгчийн зүгээс цахилгааны тасалдлаас үүдэн гарсан гэмтэл гэх үндэслэлээр анхнаасаа нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон тул хариуцагч тал цахилгаан тасалдал үүсээгүй болохыг нотлох ажиллагаанд бүхий л анхаарлаа хандуулж мэтгэлцсэн байдаг. Гэтэл хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүх хуралдааны явцад талуудын мэтгэлцээний анхнаасаа маргаагүй олон асуудлуудыг хөндсөн, шүүх талуудын маргаанд хамаарах хэргийн үйл баримтыг бүрэн тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь энэхүү гомдлын үндэслэл болсон. Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж үзсэн нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Иймд анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэхээс гадна ажил гүйцэтгэх болон хөлсөөр ажиллах гэрээний ялгаатай зохицуулалтуудыг зөв, оновчтой тайлбарлан хэрэглэх үр дагавар үүсэх байсан.

8.б. Хавтаст хэрэгт 2018 оны 09 сарын 15-ны өдрөөс 2018 оны 09 сарын 16-ны өдөр шилжих шөнө гели алдагдах процесс хийгдэж, гели алдагдсан шалтгаан юунаас болсон гэдгийг тогтоосон мэргэжлийн байгууллагын дүгнэлт, нотлох баримт байхгүйгээс гадна энэхүү үйл баримт нь гэрчийн мэдүүлгээр, тэр тусмаа гэрч Ж.Ш болон Х.А мэдүүлгээр ч тогтоогдох боломжгүй юм. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт гуравдагч этгээдийн нэхэмжлэгчийг, эсхүл хариуцагчийг дэмжиж байгаа эсэх байр суурийг тодорхойлоогүй, гуравдагч этгээдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, татгалзалд дүгнэлт хийгдээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4, Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт тус тус заасантай нийцэхгүй байна.

8.в. Шүүхийн дүгнэлтийн үндэслэл болоод буй 2018 оны 09 сарын 14-ний өдрийн *** тоот, 2018 оны 09 сарын 19-ний өдрийн *** тоот албан бичгийг харвал гэрээт ажлыг гэрээний хугацаанд хүлээлгэн өгөх боломжгүй тул гэрээний хугацааг сунгах, 2018 оны 05 сарын 01-ний өдрийн *** тоот гэрээний ажлын хөлсний үлдэгдэл 706,000,000 төгрөгөөс шаардлагатай засвар үйлчилгээг хийхэд зориулж 242,787,000 төгрөгийн зардлыг гаргуулан авах хүсэлт гаргасан нь харагдаж байна. Иймд дээрх албан бичгүүдээр төсвийн хэмжээ нэмэгдэж байгаа талаар хариуцагчид мэдэгдсэн гэж үзэх үндэслэлгүй байхаас гадна нэхэмжлэгч П ХХК нь 2018 оны 05 сарын 01-ний өдрийн *** тоот Эмнэлгийн тоног төхөөрөмж засварлах гэрээ-ний төсвийн хэмжээ урьдчилан төлөвлөх боломжгүй байдлын улмаас нэмэгдэж байгаа талаар албан ёсоор хариуцагчид мэдэгдэж байгаагүй. Төхөөрөмжийг хариуцагчид албан ёсоор мэдэгдэлгүйгээр сольсон бөгөөд ийнхүү сольж дууссан гэдгээ 2018 оны 09 сарын 14-ний өдрийн *** тоот албан бичгээр мэдэгдэж, гэрээний хугацааг сунгуулах хүсэлтээ ирүүлсэн байдаг. Хэрэгт авагдсан албан бичгүүд болон П ХХК-аас хариуцагчид хүргүүлсэн ажлын тайлангууд зэргээс үзвэл П ХХК нь гелийн даралтыг удирдаж байдаг Cold Head төхөөрөмжийг хариуцагчид мэдэгдэлгүйгээр сольсон, үүнээс үүдэлтэйгээр 2018 оны 09 сарын 16-ны шөнө гели алдагдах процесс хийгдэж, гели алдагдсан байна. Уг доголдол үүсэхэд хариуцагч буюу захиалагч ямар нэгэн буруугүй бөгөөд 2018 оны 05 сарын 01-ний өдрийн *** тоот Эмнэлгийн тоног төхөөрөмж засварлах гэрээ-ний 2.1.2-т заасан цахилгааны үндсэн эх үүсвэр ба нөөц тэжээлээр хангах, цахилгааны тасалдал үүсгэхгүй байх үүргээ бүрэн биелүүлсэн гэдэг нь талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэл зэргээр нотлогддог. Гели алдагдах болон сэлбэг солих шаардлагатай гэмтэл доголдол нь зөвхөн цахилгааны тасалдлаас үүдэлтэйгээр бий болсон тохиолдолд гүйцэтгэгчийг хариуцлагаас чөлөөлөх нөхцөлтэй байхад шүүх тухайн доголдол цахилгааны саатлаас шалтгаалаагүй гэж үзэхээр байна гэж дүгнэж, энэхүү доголдолд П ХХК-ийг буруутгах үндэслэлгүй гэж үзсэн нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлд заасантай нийцээгүй. Иймд гэрээний 3.2.6-д заасны дагуу гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирол гэж үзэн гүйцэтгэгчийн өөрийн зардлаар шуурхай засах нь хууль болон талуудын хооронд байгуулсан гэрээнд нийцэх юм. Эдгээрээс дүгнэхэд шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэн зөв үнэлээгүй гэдэг нь харагдаж байна.

8.г. Нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор Ш ХХК-ийн соронзон резонанст томограф аппаратын засвар үйлчилгээний ажлын хятад хэл дээрх тайланг түүний орчуулгын хамтаар гаргаж өгсөн ба уг орчуулгуудыг аль улсын хэлнээс орчуулсан нь тодорхойгүйгээс гадна гэрээний орчуулга хийгдсэн эх хувь гэрээ нь нотлох баримтаар авагдаагүй байгаа нь орчуулгыг үнэн зөв хийгдсэн гэж үзэхгүй тул дээрх орчуулгууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасантай нийцээгүй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

9.   Гуравдагч этгээд давж заалдах гомдол, нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

9.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт гуравдагч этгээдийн байр суурь тодорхойлогдоогүй, гуравдагч этгээдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, татгалзалд дүгнэлт хийгдээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4, Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт заасантай нийцээгүй гэж үзэж байна.

9.б. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний үндсэн нөхцөл болох тендерийн баримт бичгийг хэрэгт нотлох баримтаар авахгүйгээр талуудын хооронд гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр гэж үзсэн нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн, шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

9.в. Нэхэмжлэгч цахилгааны тасалдлаас үүдэн гэмтэл гарсан гэж шаардлагаа гаргадаг боловч эмнэлгийн зүгээс цахилгааны асуудал үүсээгүйг баримтаар үгүйсгэхэд, шүүх ажил гүйцэтгэгчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна, харин гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэгдсэн гэж үзэхээр байна гэж нэг талыг барьсан, зөрүүтэй дүгнэлт хийсэн. Гели алдагдах болон сэлбэг солих шаардлагатай гэмтэл, доголдол нь зөвхөн цахилгааны тасалдлаас үүдэлтэйгээр бий болсон тохиолдолд гүйцэтгэгчийг хариуцлагаас чөлөөлөх нөхцөлтэй байхад шүүх тухайн доголдол цахилгааны заалтаас шалтгаалаагүй гэж үзэхээр байна гэх дүгнэлтийг хийсэн атлаа энэхүү доголдолд П ХХК-ийг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлд нийцээгүй.

9.г. Нэхэмжлэгч талын 2018 оны 09 сарын 19-ний өдрийн *** , *** дугаартай албан бичгүүд нь хугацаа сунгасан гэрээнээс сүүлд, өөрсдийн алдаа дутагдлыг нуух гэсэн үйлдэл гэдгийг хэргийн баримтуудаас харж болно. Cold Head төхөөрөмж гэмтэл гарахаас өмнө 2018 оны 09 сарын 04-ний өдөр 181,867,096 төгрөгөөр худалдан авсан, зарим зардал нь аппаратыг хүлээлгэж өгснөөс хойших 2019 оны 01 сараас 2019 оны 07 сар хүртэл цаг хугацааг хамаарч байна. Шүүх Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П ХХК нэмэгдсэн төсвийн хэмжээгээр хариуцагчаас шаардах эрхтэй гэх боловч ямар төрлийн сэлбэг хэрэгсэл, хэдэн төгрөгийн өртөгтэй болох нь тодорхойгүй, хийсэн үгүй нь эргэлзээтэй байхад, нарийн мэргэжлийн мэдлэг, ур чадвар шаардагдах зүйлийг нотлох баримтгүйгээр шүүгч тогтоож дүгнэсэн нь эргэлзээтэй, үндэслэлгүй байна. Аппарат хэвийн ажиллаагүй, хэзээ ч ажиллахааргүй болж улсад асар их хэмжээний хохирол учирсан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

10. Нэхэмжлэгч хариуцагч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч анх шүүхэд хандахдаа ч тэр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч тэр MRI BRIVO 355 тоног төхөөрөмжид учирсан гэмтлийг цахилгааны тасалдлаас үүссэн гэж тодорхойлж байгаагүй, тэгж тодорхойлсон гэх нэг ч нотлох баримт хэрэгт байхгүй. Шүүх талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж үзэж, тухайн доголдол үүсэхэд ажил гүйцэтгэгчийн буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн дүгнэлтийг хийсвэр дүгнэлт хийсэн гэж хариуцагч гомджээ. Чухам яг ямар үндэслэлээр хийсвэр дүгнэлт гэж үзээд байгаагаа хууль зүйн үндэслэлтэй тодорхойлоогүй байгаа тул гомдол, түүний үндэслэл ойлгомжгүй байна. Тендерийн баримт бичгийг хэрэгт нотлох баримтаар авахгүйгээр талуудын хооронд гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж үзсэн нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж гомджээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар ач холбогдол бүхий баримт гэж үзэж байсан бол хариуцагч тал энэ нотлох баримтаа шүүхэд өөрсдөө гаргаж өгөх бүрэн боломжтой байсан. Иргэний хуулийн 43 дугаар зүйл бол ямар тохиолдолд хэлцэл хийсэн гэж үзэх тухай эрх зүйн зохицуулалт юм. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дахь хэсэгт заасныг хариуцагч яг ямар нөхцөл байдалд үндэслэж эш татаж байгаа нь ойлгогдохгүй байна. Мөн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримталж шийдвэрлэсэн нь буруу, шүүх буруу хууль хэрэглэж шийдвэр гаргасан гэж дурдсан боловч чухам ямар хуулийн, аль заалтаар энэ маргааныг шийдвэрлэх ёстой болохыг дурдаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад өөрийн дотоод итгэлээр үнэлэн холбогдох дүгнэлтийг хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчих биш харин ч хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай дүгнэлтийг хийсэн гэж үзэж байна. Гуравдагч этгээд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.4 дэх хэсэгт заасан эрх, үүргийг эдэлдэг бие даасан субъект юм. Хэрэв шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээд эс зөвшөөрвөл өөрөө бие даан давж заалдах гомдол гаргах бүрэн эрхтэй юм. Гуравдагч этгээдийн өмнөөс хариуцагч гомдол гаргах эрхийг Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зохицуулаагүй байна. Гомдлын гол агуулга нь гэрээний төсвийн хэмжээ урьдчилан төлөвлөх боломжгүй байдлын улмаас нэмэгдэж байгаа талаар бидэнд мэдэгдээгүй байхад шүүхэд нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ гэсэн нь үндэслэлгүй. Учир нь, анх талуудын гэрээгээр тохирсон төсөв, үнэ хэн алиных нь шууд буруутай үйл ажиллагаанаас бус, өөр шалтгаанаар өөрчлөгдөхөд хүрсэн тул гүйцэтгэгч П ХХК энэ тухай захиалагч Т т албан ёсоор амаар, бичгээр мэдэгдэж нэмэгдэл зардлыг шийдвэрлэх талаар хандсан байна. Энэ нөхцөл байдал нь Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэж зохицуулагдсан тул гүйцэтгэгч энэ үйлдлийг хийсэн байна. Бидний зүгээс хариуцагчийг GRS BRIVO MR 355 тоног төхөөрөмжид учирсан гэмтэлд шууд буруутай гэсэн тайлбар хэлээгүй. Гагцхүү ашиглалт, хадгалалтын горимоос өндөр технологийн тоног төхөөрөмжид урьдчилан таамаглах боломжгүй гэмтэл гарснаас төсвийн хэмжээ нэмэгдсэн тухай гүйцэтгэгчийн мэдэгдлийг хүлээн авсан боловч ажлын гүйцэтгэлээс татгалзаагүй нь өнөөдөр нэмэлтээр гарсан зардлыг хариуцах үүрэг бий болгож байна. 2018 оны 05 сарын 01-ний өдөр байгуулсан *** дугаартай гэрээний 8.2, Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу сэлбэг солих шаардлагатай гэнэтийн гэмтэл гарвал П ХХК хариуцахгүй талаар маш тодорхой тусгасан. Давж заалдах гомдол нотлох баримтаар хүргүүлсэн бичгийн баримтууд орчуулагдаагүй байна гомджээ. Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулсан, бүрдүүлсэн баримтуудын хэлбэр, шаардлагын талаар зохигчдоос ямар нэгэн маргаан гараагүй. Харин ч ирүүлсэн баримтуудыг хариуцагчаас талаас эшлэн өөрийн байр суурь, үндэслэлээ гаргаж маргаж байсан болно. Нөгөө талдаа, эдгээр баримтуудын албан ёсны орчуулгагүй байдал шүүхийн шийдвэр, түүний үндэслэлд хэрхэн нөлөөлсөн эсэх талаар давж заалдах гомдолд дурдаагүй байгаа тул ач холбогдол багатай, үндэслэл муутай гомдол гэж үзэж байна гэжээ.

 

10.   Хариуцагч нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: 2018 оны 09 сарын 03-ны өдөр борлуулалтын гэрээ, 2018 оны 09 сарын 04-ний өдрийн дансны хуулга гаргаж өгсөн. Соld Hеаd төхөөрөмжийг солих шаардлагатай болсон гэсэн атлаа хариуцагчид огт мэдэгдээгүй. Борлуулалтын гэрээний эх хувь байхгүй, зөвхөн орчуулга байгаа. Ямар гэрээ байсан, ямар хэлнээс орчуулсан болох нь тодорхойгүй байгаа тул хангах боломжгүй. Гэрээний 8.2-д зааснаар аппаратын засварын үед цахилгааны тасалдлаас үүдэлтэй гелийн ууршилт ба сэлбэг солих шаардлагатай гэмтэл доголдол гарсан бол хариуцлагыг гүйцэтгэгч тал хүлээхгүй гэснийг анхан шатны шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн. Соld Hеаd төхөөрөмж нь П ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болсон тул гэрээний 3.2.6-д зааснаар шуурхай засах нь гэрээ болон хуульд нийцнэ. 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн албан бичигт гэрээний үнэ өөрчлөгдөж байгаа талаар тусгагдаагүй, зөвхөн ирээдүйд авах 706,000,000 төгрөгөөс шаардлагатай 242,787,000 төгрөгийг гаргуулах байсан. Соld Hеаd төхөөрөмжийг сольсон гэж байгаа боловч би өнөөдрийг хүртэл MRI төхөөрөмжийг хариуцсан албаны даргаар ажиллаж байна. Хариуцаж байсан хүний хувьд тухайн үед засвар үйлчилгээнд хяналт тавьж ажиллаж байсан. Тухайн үед гелийн цэнэглэлт хэвийн явж байгаа гэх мэдээллийг өгч байсан болохоос биш Соld Hеаd төхөөрөмжийг сольсон гэж нэг ч удаа хэлж байгаагүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч П ХХК нь хариуцагч Т ТБАГУТҮГ-т холбогдуулан төлөвлөгдөөгүй ажлын нэмэлт зардал 519,898,545 төгрөгийг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, гэрээний дагуу шилжүүлсэн 38,250,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг шаардлага гарган маргажээ. /1 хх 1-4, 94-97, 183-184, 2хх 112-119, 129-143/

Гуравдагч этгээд Х нь хариуцагчийг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ. /2хх 112-119, 129-143/

 

3.   Талууд 2018 оны 05 сарын 01-ний өдөр *** тоот Эмнэлгийн тоног төхөөрөмж засварлах гэрээ байгуулж, уг гэрээгээр П ХХК нь 2018 оны 09 сарын 15-ны өдрийн дотор цахилгаан соронзон давтамжит оношилгооны аппарат (цаашид MRI аппарат гэнэ) засварлаж, хүлээлгэн өгөх, Т ТБАГУТҮГ нь гэрээний үнэ 1,412,000,000 төгрөгийг төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна. /1хх 72-78/

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа гэж зөв тодорхойлжээ.

 

4.   Дээрх гэрээг байгуулсан, нэхэмжлэгч нь гэрээний үнэ 1,412,000,000 төгрөгийг бүрэн хүлээн авсан, талууд 2018 оны 11 сарын 12-ны өдөр MRI аппаратыг сэргээн засварлах ажлыг акт үйлдэн хүлээлцсэн үйл баримтын тухайд зохигчид маргаагүй.

Харин ...гэрээгээр тохиролцоогүй ажлыг хийж гүйцэтгэсэнтэй холбоотой нэмэлт зардал гарсан тул хариуцагчаас 519,898,545 төгрөгийг гаргуулна... гэж нэхэмжлэгч, ...гэрээний хугацаанд цахилгаан тасалдаагүй учир гэрээний 8.2-т зааснаар хариуцагч хариуцагч үндэслэлгүй... гэж хариуцагч тус тус тайлбарлан маргасан байна.

5.   Хэргийн баримт, зохигчдын тайлбараар 2018 оны 09 сарын 16-ны өдрийн 00:36 цагийн үед MRI аппаратны гели алдагдах /уурших/ процесс явагдсан үйл баримт тогтоогдсон. Үүнтэй холбоотойгоор талууд Эмнэлгийн тоног төхөөрөмж засварлах гэрээнд өөрчлөлт оруулан хугацаа сунгах гэрээ байгуулж, уг гэрээгээр ажил гүйцэтгэн хүлээлгэж өгөх хугацааг 2018 оны 12 сарын 25-ны өдөр болгон сунгажээ. /1хх 25-28/

 

6.   Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэж зохицуулжээ.

Ажил гүйцэтгэгч П ХХК-ийн 2018 оны 09 сарын 19-ний өдрийн *** тоот албан бичгээр ...2018 оны 09 сарын 16-ны өдрийн 00:36 цагийн үед гелийн 75% нь гадагш цацагдсаны улмаас MRI аппаратыг гели, газаар цэнэглэх шаардлага гарсан тухай, үүнтэй холбоотой зардал нийт 247,787,000 төгрөгийг шийдвэрлэж өгөх тухай захиалагч Т ТБАГУТҮГ-т мэдэгдсэн байна. /1хх 208-209/

Т-ийн MRI 355 сэргээн засварлах ажлын тайлан-гаар ажил гүйцэтгэгч нь гелийн даралтыг удирдах зориулалттай Cold head-г солих шийдлийг 2018 оны 07 сарын 27-ны өдөр гаргасан болох нь тогтоогдож байх бөгөөд энэ тухай захиалагчид мэдэгдсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй. /1хх 58-59/ Нэхэмжлэгч нь Cold head төхөөрөмжийг албан ёсоор мэдэгдэлгүйгээр сольсон гэсэн хариуцагчийн татгалзал, давж заалдах гомдол үндэслэлтэй.

Иймд нэхэмжлэгч нь MRI аппаратыг гели, газаар цэнэглэхтэй холбоотой төсвийн хэмжээ нэмэгдэх талаар нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлсэн гэж үзэх тул холбогдох зардлыг шаардах эрхтэй, харин Cold head солихтой холбоотой төсвийн хэмжээ нэмэгдэх талаар нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй тул холбогдох зардлыг шаардах эрхээ алдсан гэж үзнэ.

 

7. Т ТБАГУТҮГ нь Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.3 дахь хэсэгт заасны дагуу MRI аппаратыг гели, газаар цэнэглэхтэй холбоотой төсвийн хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой гэрээг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн тухай П ХХК-д мэдэгдээгүй байна.

 

8. Зохигчид 2018 оны 05 сарын 01-ний өдрийн *** тоот Эмнэлгийн тоног төхөөрөмж засварлах гэрээ-ний 8.2 дахь заалтын талаар маргаж байх боловч энэ нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна. Өөрөөр хэлбэл, гэрээний хугацаанд цахилгаан тасалдаагүй үйл баримт тогтоогдсон хэдий ч энэ нь ажил гүйцэтгэгчээс гарсан нэмэлт зардлыг төлөх үүргээс захиалагчийг чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Түүнчлэн, хэрэгт авагдсан MRI системийг сэргээх үйлчилгээний тайлан гэх баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй байх тул ...орчуулга хийгдсэн эх хувь авагдаагүй байгаа нь орчуулгыг үнэн зөв хийгдсэн гэж үзэхгүй... гэсэн хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна. /1хх 211-222/

Талууд шинжээч томилуулах хүсэлтийг шүүхэд гаргаагүй учир ...техникийн тусгай мэдлэг шаардагдах үйл баримтыг шинжээч л тогтооно... гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

9. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсгийн зохицуулалт нь хэрэглээний үнийн индекс өөрчлөгдсөн, суурь үнэ огцом өөрчлөгдсөн тохиолдолд захиалагч үнэд тохируулга хийх агуулгатай буюу төлөвлөгдөөгүй ажлын нэмэлт зардал-тай хамааралгүй байна. Энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

10. Анхан шатны шүүх хариуцагчаас MRI аппаратыг гели, газаар цэнэглэх-тэй холбоотой нэмэлт зардлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв байх боловч зардлын хэмжээг нэхэмжлэгчийн тодорхойлсон төсвийн хэмжээгээр тооцсон нь буруу байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн байна. /1хх 209/

MRI аппаратыг гели, газаар цэнэглэх-тэй холбоотой нэмэлт зардлыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлэх учиртай.

Хэрэгт П ХХК-ийн 2018 оны 09 сарын 27-ны өдрийн *** тоот Төлбөрийн даалгавар авагдсан, уг баримтаар нийт 183,602,007 төгрөгийн гүйлгээ Шингэн гели, хий гелийн төлбөр утгатай хийгдсэн болох нь тогтоодож байх тул уг зардлыг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй. /2хх 30/

Харин 2018 оны 10 сарын 17-ны өдрийн 21,025,223 төгрөгийн хийн азот, азот редуктор-ын үнийг дээрх зардалд оруулан тооцох боломжгүй. Учир нь, Т-ийн MRI 355 сэргээн засварлах ажлын тайлан-д 2018 оны 10 сарын 13-ны өдөр MRI аппаратыг гелигээр цэнэглэх ажлыг эхлүүлсэн, 2018 оны 10 сарын 14-ний өдөр MRI аппаратыг гелигээр цэнэглэх ажлыг амжилттай дуусгасан талаар дурдсан буюу MRI аппаратыг азотоор цэнэглэсэн талаар дурдагдаагүй байна. /1хх 58-59/

 

11. Дээрх үндэслэлээр хариуцагч Т ТБАГУТҮГ-аас 183,602,007 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П ХХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцнэ.

 

12. Гэрээний дагуу шилжүүлсэн 38,250,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг шаардлагын тухайд, талуудын хооронд 2020 оны 12 сарын 21-ний өдөр байгуулагдсан *** тоот Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу хариуцагчаас 38,250,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн, улмаар уг гэрээний дагуу ажил хийгдээгүй болох нь хэргийн баримт, зохигчдын тайлбараар тогтоогдсон тул нэхэмжлэгчээс 38,250,000 төгрөгийг буцаан гаргуулж хариуцагчид олгох нь зүйтэй. /1хх 153, 155-179/

Хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч зөвшөөрсөн агуулгатай тайлбарыг гаргасан боловч үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай харилцан тооцох хүсэл зоригийг илэрхийлснийг хүлээн авах боломжгүй.

 

13. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсэгт баримталсан 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсгийн зохицуулалт нь маргааныг шийдвэрлэх эрх зүйн үндэслэл бус харин шийдвэрийн үндэслэх нь хэсэгт дүгнэх хуулийн зохицуулалт байна.

 

14. Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 10-ны өдрийн 182/ШШ2023/00193 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т ТБАГУТҮГ-аас 183,602,007 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П ХХК-д олгож, үлдэх 336,296,538 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 2,658,579 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч П ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 98,864 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж, хариуцагч Т ТБАГУТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,075,960 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П ХХК-д буцаан олгож, нэхэмжлэгч П ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 349,200 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай гэж тус тус өөрчлөн найруулж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 02 сарын 24-ний өдөр урьдчилан төлсөн 1,067,285 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

 

Д.НЯМБАЗАР