Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 182/ШШ2023/00193

 

 

 

 

 

2023 01 10 182/ШШ2023/00193

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпийн гудамж, 15/2 Мидтаун оффис 3 дугаар давхар, П  ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Хуульчдын гудамж, өөрийн байранд байрлах, ТТАХНЭт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага:

2018.05.01-ний өдрийн ТТЗҮ/18/0001 тоот гэрээгээр гүйцэтгэсэн ажлын нэмэлт зардалд зарцуулсан 519,898,545 төгрөг шаардсан ба үүнээс 2021.12.21-ний өдрийн МРЗҮ/20/002 дугаар гэрээгээр авсан ажлын хөлс 38,250,000 төгрөгийг хасаж, 481,648,545 төгрөгийг гаргуулна гэсэн агуулгатай нэхэмжлэлийг,

2020.12.21-ний өдрийн МРЗҮ/20/002 дугаартай гэрээнээс татгалзаж 38,250,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нинжбат,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунбилэг, Б.Зундуйдорж,

Гуравдагч этгээд Хууль зүй, дотоод хэргийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэсувд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч П  ХХК нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тодорхойлж байна.

Манай компани 2006 онд үүсгэн байгуулагдаж, эх орныхоо эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах түүнчлэн иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор лабораторийн оношлуур болон оношилгооны тоног төхөөрөмжийг дэлхийд танигдсан чанартай, албан ёсны эрхтэй байгууллагаас ханган нийлүүлэх үндсэн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг.

ТТАХНЭ нь манай компанитай 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр MRI болон СТ оношилгооны төхөөрөмж худалдах-худалдан авах гэрээг байгуулсанаар бид гэрээнд хүлээсэн үүргийн хүрээнд өөрийн зардлаар 4 эмч, 4 техникч, 2 инженерийг нийт 10 хоног БНХАУ-ын PLA-301 Hospital-д ашиглалтын сургалтанд хамруулж төхөөрөмжүүдийг 2012 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээлгэн өгсөн юм.

ТТАХНЭ нь эмнэлгийн зориулалтаар баригдсан барилгад үйл ажиллагаа явуулж байсан ба дээрх төхөөрөмжийг уг барилгын 1 дүгээр давхарт суурилуулсан. Гэтэл тухайн үеийн Хууль зүйн сайдын шийдвэрээр уг барилгыг өөр зориулалтаар ашиглахаар болсон байдаг.

Тус эмнэлэг нь дээрх 2 аппаратыг ашиглаагүй байсан хэдий ч манай компани өөрийн байнгын хяналтандаа байлгаж байгаад Дотоодын цэргийн 805 дугаар ангитай хамтарсан комисс байгуулж 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр акт үйлдэн зогсоосон байна.

2017 онд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс манай компанид MRI BRIVO 355 тоног төхөөрөмжийг сэргээн засварлуулах хүсэлт ирүүлсэн ба уг төхөөрөмжийг үзэхэд удаан хугацаанд ашиглалтгүй зогссон, мөн барилгын ажлын явцад зарим нэг эд ангийг эвдсэн эд зүйлийг сэргээн засварлах шаардлагатай байсан. Иймд MRI BRIVO 355 аппаратыг ажиллагаанд оруулах зорилгоор манай компаний ханган нийлүүлэгч болох АНУ-ын GE Healthcare компанийн мэргэжилтэнг урьж ирүүлэн төхөөрөмжийн байгаа нөхцөл, биет байдалд үзлэг хийсэн.

Үзлэгээр BRIVO MRI 355 аппаратын хөргөлтийн Chiller, түүний холболтын системийг бүрэн солих, MRI-ийн магнетыг бүрэн сэргээх, зарим эд ангийг солих, хөргөлтийн Helium liquid, Helium gas, Nitrogen liquid, Nitrogen gas-ыг шаардлагатай хэмжээгээр бэлдэхээс гадна магнетыг хөргөх, ramping, shimming, тохиргоо хийх явцад илэрч гарах гэмтэл эрсдэлийг тухайн үед мэдэх боломжгүй үүнийг цаашид анхаарах шаардлагатай гэж дүгнэлтэд тусгасан байдаг.

ТТАХНЭ нь 2018 оны 04 дүгээр сард дүрс оношлогооны MRI BRIVO 355 аппаратыг сэргээн засварлах ажлын нээлттэй тендерыг зарласан ба манай компани сонгон шалгаруулалтад оролцож ялалт байгуулснаар 2018 оны 05 сарын 01-ний өдөр ТТЗҮ/18/001 дугаартай Эмнэлгийн тоног төхөөрөмж засварлах гэрээ байгуулсан юм.

Гэрээний дагуу бид засварлах ажлыг гүйцэтгэх явцад GE Healthcare компанийн мэргэжилтний өмнө нь гаргаж байсан дүгнэлтэд тусгасан байсан, урьдчилан харах /диагностик/ боломжгүй эрсдэл үүсч 2018 оны 09 дүгээр 16-ны шөнө GE Healthcare 355 аппаратын гелийн алдагдах процесс /magnet quench/ явагдаж бүх гели ууршсан байсан. Тухайн үед эмч, техникч нарын сургалтаас бусад гэрээний дагуу бүх хийх ажлыг бүрэн хийж дууссан байсан хэдий ч дахин засвар үйлчилгээг хийх шаардлага гарч нэмэлт хөрөнгийг бид өөрсдөө гаргаж сэлбэг Coldhead солих, гелий цэнэглэх ажлыг гүйцэтгэсэн юм. Дахин гелигээр цэнэглэх тохиргоо хийх ажлыг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдрүүдэд амжилттай гүйцэтгэж дуусгасан юм.

Тухайн үед бид өөрийн зардлаар GE Healthcare-ийн мэргэжилтнийг урьж тус эмнэлгийн эмч, техникч нарт гэрээний дагуу 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрүүдэд сургалт зохион байгуулж гэрээгээр хүлээсэн үүргээ амжилттай дуусган актаар хүлээлгэн өгсөн билээ.

2018 оны 09 дүгээр 16-ны шөнө MRI BRIVO 355 аппаратны гели алдагдах гэнэтийн процессоос болж гэрээний засварлах хөлсөнд тусгагдаагүй зардал буюу нэмэлт 519,898,545 төгрөгийн зардал гарч энэхүү төлбөрийг манай компани GE Healthcare компанид төлж сэлбэг оруулж ирж тоног төхөөрөмжийг засварласан юм.

2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан ТТЗҮ/18/0001 дугаартай гэрээний 8 дугаар зүйлийн 8.2-т Хэрэв MRI аппаратны засварын үед цахилгааны тасалдлаас үүдэлтэй гелийн ууршилт ба сэлбэг солих шаардлагатай гэмтэл доголдол гарсан бол хариуцлагыг гүйцэтгэгч тал хүлээхгүй гэж заасан.

Энэ зүйлд заасны дагуу сэлбэг солих шаардлагатай гэнэтийн гэмтэл гарвал гүйцэтгэгч хариуцахгүй талаар маш тодорхой тусгасан байгаа хэдий ч эмнэлгийн удирдлагуудаас MRI BRIVO 355 аппаратыг яаралтай ашиглалтад оруулж өгнө үү гэсэн гуйлт, хүсэлтийг хүлээн авч эхний ээлжинд өөрсдийн зүгээс шаардлагатай бүхий л арга хэмжээг авч өөрийн хөрөнгөөр сэргээн засварлах үйлчилгээг хийсэн юм.

ТТАХНЭт хандаж нэмэлтээр гарсан зардлыг төлж барагдуулах талаарх хүсэлт, шаардлагыг компаний зүгээс удаа дараа гаргасан боловч хариуцагч тал нөхөн төлөх боломжгүй гэсэн хариу өгсөн тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

ТТЗҮ/18/0001 дугаартай гэрээгээр засварласан MRI BRIVO 355 аппаратны гели алдагдсан гэнэтийн гэмтэл доголдол нь урьдчилан харах боломжгүй, энэ зардлыг Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2-д заасан үндэслэлээр хариуцагч Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс 519,898,545 төгрөгийг гаргуулах шаардлага гаргаж байгаа юм.

ТТАХНЭ нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр MRI BRIVO 355 аппаратны засвар үйлчилгээг хийлгэх хязгаарлагдмал тендер зарласнаар манай компани оролцож, МРЗҮ/20/002 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан.

Гэрээнд заасны дагуу ажлын хөлсний 38,250,000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр манай компанийн дансанд шилжүүлсэн. Бид гэрээнд заасан хугацаанд солих сэлбэгийг нийлүүлж, засвар үйлчилгээг хийх гэтэл MRI аппарат тоног төхөөрөмжийн гели ууршиж quench хийгдсэн байсан тул засвар үйлчилгээг хийх боломжгүй болсон.

Энэ тухай компаний зүгээс 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 02/368 дугаартай, 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 02/656 дугаартай албан тоотоор ТТАХНЭт тус тус мэдэгдэж байсан юм.

Улмаар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 823 дугаартай албан бичгээр MRI BRIVO 355 аппаратанд засварын ажил хийх шаардлагагүй болсон тухай мэдэгдсэн.

Компаний талаас ТТАХНЭт гэрээгээр шилжүүлэн авсан 38,250,000 төгрөгийг буцаан төлөх ёстой боловч өөрийн авах авлагандаа суутгах хууль эрх зүйн үндэслэл байгаа гэж үзэж байна.

Иймд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс нэхэмжилсэн 519,898,545 төгрөгөөс 38,250,000 төгрөгийг хасаж 481,648,545 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч ТТАХНЭ татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

Тус эмнэлгийн Дүрс оношилгооны тасагт ашиглагддаг цахилгаан соронзон резонанст томографын BRIVO MRI-355 аппарат нь 2011 оны 12 сарын 15-ны өдөр анх суурилуулагдсан ба энэ цагаас хойш огт ашиглагдаагүй хадгалалтын горимд байсан.

2014 оны 01 сарын 08-нд хөргөх шингэн гелийн хийг аваарын горимоор гадагшлуулсан буюу гадны нөлөөтэйгөөр QUINCH хийгдсэн нөхцөл байдал үүссэн байсан.

Тус эмнэлэг дахин байгуулагдах үед буюу 2016 оны 08 сарын 31-ний байдлаар уг аппаратын нөхцөл байдлаас шалтгаалж үйл ажиллагааг бүрэн зогсоож, цахилгааны болон усны системийг хаасан соронзон магниудтай унтраасан ажиллагаагүй байдалтай байсан.

Иймд уг төхөөрөмжийг дахин ажиллагаанд оруулах талаар Хууль зүй, дотоод хэргийн яаманд 2017 оны 04 сарын 14-ний өдрийн 391 тоотоор үнийн судалгаа болон бусад холбогдох материалуудыг танилцуулсан.

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас үнийн судалгааг хийх үүрэг өгсний дагуу ханган нийлүүлэгч П  ХХК-д дахин ажиллуулах боломжтой эсэхийг шалгуулахаар бүрэн оношилгоо хийлгэх хүсэлт гаргасан.

Уг хүсэлтийн дагуу П  ХХК үйлдвэрлэгч компани болох GE China байгууллагаас мэргэжлийн 2 инженер, Монгол талаас П  ХХК-ийн инженер Ш.Цэнгэл, Г.Алтангэрэл нар байлцаж төхөөрөмжийн бүрэн оношилгоог хийсэн.

Оношилгооны дүгнэлтээр дараах сэлбэг хэрэгсэл, шаардагдах шингэнийг цэнэглэхэд аппаратын хөргөх чилли төхөөрөмжийг солих, MRI магнитутыг сэргээх, шингэн гелийн хий 55,000 л, шингэн азот 5500 л, цахилгааны доголдлоос сэргийлэх UPS төхөөрөмж 160 кВа, цахилгаан хүчдэл тасрахад цахилгааны нөөц эх үүсгүүр 275 кВа-ын дизель генератораар тоноглосон байхыг шаардлагатай гэж үзэж эдгээр зүйлсийн үнийн саналын хамтаар 2017 оны 10 сарын 31-ний 17/061729 тоот албан бичгээр манай эмнэлэгт ирүүлсэн.

Тус эмнэлгээс сонгон шалгаруулалт зарлаж улмаар эмнэлгийн тоног төхөөрөмж засварлах ТТЗҮ/18/01 дугаартай 1,412,000,000 үнийн дүн бүхий гэрээг ХЗДХЯны төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирал, дэд хурандаа Л.Баттөр, П  ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баатарзаяа нар гурвалсан гэрээ байгуулсан бөгөөд захиалагч тал гэрээний үнийг бүрэн төлж үүргээ биелүүлсэн.

Тус эмнэлгийн зүгээс цахилгаан тэжээлийн найдвартай ажиллагааг хангахын тулд зөвхөн BRIVO MRI-355 аппаратад эрсдэл үүсэх нөхцөлийг бүрэн арилгах арга хэмжээний хүрээнд 2018 оны 06 сарын 15-ны өдөр AGG C275 D 5 брэндийн 275 кВа-ийн 2 нэгж дизель генератор, GT-160 загварын 160 кВа-ын хүчин чадал бүхий 2 тог баригч төхөөрөмжүүдийг Юнитра ХХК-тай гэрээ байгуулан худалдан авч цахилгаан тасрах эрсдэлээс 100 хувь хамгаалсан.

2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл огт цахилгааны тасалдал үүсээгүй болно.

Энэ нөхцөл байдлыг биелүүлсэн учир П  ХХК-иас инженерүүд бэлтгэл ажил хангасан эсэхийг шалгаж хүлээн зөвшөөрч 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр засварын үйл ажиллагааг үйлдвэрлэгчээс (GE CHINA) томилогдсон 2 инженер, ханган нийлүүлэгч П  ХХК-ийн инженер Ш.Цэнгэл, Г.Алтангэрэл, К.Армия, С.Шарав нарын бүрэлдэхүүнтэй баг гелийн хийн цэнэглэх ажиллагааг эхлүүлсэн бөгөөд засварын үйл ажиллагаа эхэлсэн эхний өдрүүдэд төхөөрөмжийг шингэн азотоор хөөж цэвэрлэх процесс явагдаж сүүлийн өдрүүд буюу 2021 оны 09 дүгээр сарын 16-нд гелийн цэнэглэх процесс эхэлж цэнэглэлт дууссан.

Төхөөрөмжийн RAMPING, SHIMMING гэх тусгай тохиргоог Хятад инженерүүдээр ахлуулсан П  ХХК-ийн инженерүүдийн хамтарсан баг тухайн өдрийн 23 цаг хүртэл хийсэн ба ажил дуусалгүй маргааш нь үргэлжлүүлэхээр ажлаа зогсоож явсны дараа буюу 2018 оны 09 дүгээр сарын 16-ны шөнө 00 цаг 43 минутаас 00 цаг 58 минутын хооронд гелийн хийг аваарын горимоор гадагшлуулсан нь эмнэлгийн хяналтын камерт тусгагдсан байдаг энэ үед эмнэлгийн хэмжээнд цахилгааны саатал үүсээгүй болно.

Нэхэмжлэгч нь гэрээний 8 дугаар зүйлийн 8.2-т Хэрэв MRI аппаратын засварын үед цахилгааны тасалдлаас үүдэлтэй генийн хийн ууршилт ба сэлбэг солих шаардлагатай гэмтэл доголдол гарсан бол гүйцэтгэгч тал хариуцахгүй гэсэн заалтыг үндэслэн нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.

Мөн түүнчлэн засварлах явцад гели хий тодорхойгүй шалтгаанаар аваарын горимоор гадагшилт /QUENCH/ хийж COLDHEAD төхөөрөмж эвдэрч гели хий цэнэглэх болсон шалтгаан нь тухайн ажил гүйцэтгэгч талын хариуцлагын асуудал юм.

Гэрээний хугацаа дуусах явцад буюу 2018.09.16-ны шөнө доголдол гарснаар талуудын хооронд байгуулсан анхны ТТЗҮ/18001/ тоот гэрээний хугацааг сунгахаар гэрээний гурван тал буюу Хууль, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч н.Билгүүн, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирал н.Баттөр, П  ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Баярмаа нар тохиролцсноор гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг.

Гэрээнд өөрчлөлт оруулан хугацаа сунгах ТТЗҮ/18/01-Н тоот гэрээнд ТТЗҮ18001 дугаар бүхий гэрээтэй салшгүй холбоотой ижил хууль зүйн хүчин чадалтай, хугацаагаа тодорхой дурдсан байгаа.

Уг гэрээний гэрээний 1.3-т...талууд 2018.05.01-ний өдөр байгуулсан цахилгаан соронзон давтамжит оношилгооны MRI аппаратыг засварлаж ажлыг гүйцэтгэхдээ ТТЗҮ/18/001 дугаар бүхий гэрээгээр гүйцэтгэсэн ажил өөрчлөгдөөгүй болно, 2018.09.20-ны өдрөөс 2018.12.25-ны өдөр хүртэл хугацаагаар сунгасан байна.

Тэгэхээр үндсэн гэрээний хугацааг сунгасантай холбоотойгоор гэрээт ажлыг хийж гүйцэтгэх нийт ажлын хөлсөнд өөрчлөлт ороогүй болно. Засвар хийгээд дуусах хугацаанд гэрээний дүнд өөрчлөлт ороогүй гэдгийг нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээнд тодорхой заасан. Иймд өөрийн буруутай үйл ажиллагаанаас болж гарсан нэмэлт зардлын талаар ямар ч нэмэлт гэрээ байгуулаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тодорхойлж байна.

Тус эмнэлэг нь П  ХХК-тай 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн МРЗҮ/20/002 дугаартай гэрээгээр MRI BRIVO-335 эмнэлгийн цахилгаан соронзон резоннаст томограф аппаратын засвар үйлчилгээний ажлыг 42,500,000 төгрөгөөр хийлгэхээр тохирч, төлбөрийг төлснөөр ажил эхлэх хугацааг тохирсон тул захиалагчаас 2020 оны 12 сарын 30-ны өдөр 38,250,000 төгрөгийн төлбөрийг шилжүүлсэн ба ажлыг гүйцэтгэж дуусах хугацааг 2020 оны 02 сарын 25 гэж заасан байдаг.

Гэтэл 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр MRI төхөөрөмжийн гели ууршиж дахин засвар хийх боломжгүй болж, MRI төхөөрөмжийг ашиглах боломжгүй болсон.

Иймд тус эмнэлгийн зүгээс П  ХХК-тай байгуулсан 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн МРЗҮ/20/002 дугаартай MRI BRIVO-335 аппаратын засвар үйлчилгээ хийлгэх, сэлбэг хэрэгсэл нийлүүлэх гэрээнээс татгалзсан тухай хүсэлтээ бичгээр хүргүүлсэн тул төлбөрт шилжүүлсэн 38,250,000 төгрөг гаргуулж өгнө үү.

Уг төхөөрөмж нь цаашид ашиглагдах боломжгүй болж бүр мөсөн зогссон бөгөөд актлах хүсэлтийг холбогдох байгууллагад нь хүргүүлсэн болно гэв.

П  ХХК нь манай гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага 38,250,000 төгрөгийг үндсэн нэхэмжлэлд дурдсан нэхэмжлэлийн шаардлагаас хасаж, тооцон авч байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

4. Нэхэмжлэгч хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дараах байдлаар тайлбарлаж байна.

Манай компани ТТАХНЭтэй МРЗҮ/20/002 дугаартай гэрээ байгуулж 38,250,000 төгрөгийн төлбөрийг хүлээн авсан. Гэрээнд заасан ажил үүрэг гүйцэтгээгүй тул төлбөрийг буцаан төлөх үүрэгтэй. Харин талуудын анхны байгуулсан гэрээний нэмэлт засвар үйлчилгээнд зарцуулсан зардлаас уг төлбөрийг хасаж тооцох үндэслэлтэй тул буцаан төлөх үүрэггүй гэж үзэж байна гэв.

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хууль зүй, дотоод хэргийн яам дараах байдлаар үндэслэлээ тодорхойлж байна.

Тус эмнэлгийн дүрс оношилгооны тасагт ашигладаг цахилгаан соронзон резонанст томографын BRIVO MRI-355 аппарат нь 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр анх суурилуулагдсан ба тухайн цагаас хойш огт ашиглагдаагүй хадгалалтын горимд байсан.

2014.01.08-нд хөргөх шингэн гелийн хийг аваарын горимоор гадагшуулсан бөгөөд гадны нөлөөтэй (QUINCH) хийгдсэн нөхцөл байдал үүссэн.

2016.08.31-ний байдлаар уг аппаратын нөхцөл байдлаас шалтгаалж үйл ажиллагааг бүрэн зогсоож, цахилгааны болон усны системийг хаасан соронзон магниудтай унтраасан ажиллагаагаүй байдалтай байсан.

П  ХХК-д төхөөрөмжийг дахин ажиллуулах боломжтой эсэхийг шалгуулахаар бүрэн оношилгоо хийлгэх хүсэлт тавьснаар нийт 1,142,000,000 төгрөгийн үнийн дүнтэй гурвалсан гэрээг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирал, дэд хурандаа Л.Баттөр, П  ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баатарзаяа нар байгуулсан.

Төлбөрийг П  ХХК-д бүрэн шилжүүлсэн бөгөөд эмнэлгийн зүгээс цахилгааны тэжээлийн найдвартай ажиллагааг хангахын тулд зөвхөн BRIVO MRI 355 аппаратад эрсдэл үүсгэх нөхцөлийг бүрэн арилгахын тулд 2018.05.15-ны өдөр AGG C275 D5 брендийн 275 кВа-ийн 2 нэгж дизель генератор, GT-160 загварын 160 кВа-ын хүчин чадал бүхий 2 тог баригч зэрэг төхөөрөмжүүдийг Юнитра ХХК-тай гэрээ байгуулан худалдан авч цахилгаан тасрах эрсдэлгүй болгож, 100 хувь хамгаалсан. 2018.06.15-2021.02.11-нийг хүртэл хугацаанд цахилгааны тасалдал огт гараагүй.

Засварлах явцад гелийн хий тодорхой шалтгаанаар аваарын горимоор гадагшилт (QUENCH) хийж COLDHEAD төхөөрөмж эвдэрч гели хий цэнэглэх болсон шалтгаан нь тухайн ажил гүйцэтгэгч талын хариуцлагагүйн асуудал бөгөөд энэ тухай хэрэгт 1 мин 59 секундын бичлэг байгаа нь үүнийг нотолж байна.

Гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.6-д заасан ажил гүйцэтгэх явцад гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас гарсан ажлын доголдол дутагдлыг захиалагчийн шаардлагын дагуу тохиролцсон хугацаанд өөрийн зардлаар шуурхай засна... 3.2.7-д заасны дагуу энэхүү гэрээний хавсралтаар баталсан ажил гүйцэтгэх хуваарьт заасан хугацааг хэтрүүлсэн тохиолдолд ажлыг хүлээлгэн өгөх өдрийн дараагийн өдрөөс эхлэн энэ гэрээний дагуу алданги төлнө...8 дугаар зүйлийн 8.1-д гүйцэтгэгч ажлыг гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,05 хувийн алданги төлнө... 8.3-т гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлэгээс учирсэн хохирлыг гэм буруутай тал бүрэн хариуцна гэсэн байх тул П  ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд П  ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

6. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2018.05.01-ний өдрийн ТТЗҮ/18/001 дугаар Эмнэлгийн тоног төхөөрөмж засварлах гэрээний хуулбар, 2018.04.26-ны өдрийн ТТАХНЭт суурилагдсан MRI аппаратын засварын үнийн саналын хуулбар, Brivo MRI355 соронзон резоианст томографи /MRI/ аппаратны засвар хийх ажлын хуваарийн хуулбар, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн 2018 оны хөрөнгө оруулалтын санхүүжилтээр санхүүжигдэх цахилгаан соронзон давтамжит оноошлогооны аппарат /MRI Аппарат/-ийн засвар үйлчилгээний санхүүжилтийн хуваарийн хуулбар, №ТТЗШ/18/01-Н Эмнэлгийн тоног төхөөрөмж засварлах гэрээнд өөрчлөлт оруулан хугацаа сунгах гэрээний хуулбар, Төрийн тусгай алан хаагдчын нэгдсэн эмнэлгээс П  ХХК-д 2018.11.23-ны өдрийн 1071 дугаар албан тоотоор хүргүүлсэн хүсэлт, Төрийн тусгай алан хаагдчын нэгдсэн эмнэлгээс П  ХХК-д 2018.05.10-ны өдөр хүргүүлсэн 420 дугаар албан тоотын хуулбар, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2020.08.26-ны өдрийн 1-4/559 дугаар П  ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Баярмаа танаа хүргүүлсэн албан тоотын хуулбар, MRI аппаратын сэргээн засварлалтын ажлын явцын гүйцэтгэлийн хуулбар, ТТАХНЭийн GE BRIVO MR355 соронзон резонанст дүрс оношилгооны аппаратны сэргээн засварлах ажлын тайлангийн хуулбар, эмнэлгийн тоног төхөөрөмж сэргээн засварлах, нийлүүлэлтийн гүйцэтгэлийн хуулбар, 2018.09.04-ний өдрийн шилжүүлгийн хуулбар, 2018.10.01-ний өдрийн шилжүүлгийн хуулбар, 2018.10.17-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл, 2018.09.27-ны өдрийн төлбөрийн даалгаврын хуулбар, 2018.09.21-ний өдрийн шилжүүлгийн мэдээллийн хуулбар, 2019.01.09-ний өдрийн шилжүүлгийн мэдээллийн хуулбар, 2019.01.10-ны өдрийн шилжүүлгийн мэдээллийн хуулбар, Бичиг баримт хүлээлцэх акт, 2018.06.06-ны өдрийн шингэрүүлсэн гели, хийн гели, Шингэрүүлсэн акот, хийн азот худалдах, худалдан авах гэрээний хуулбар, төлбөрийн нөхцөл, хуваарийн хуулбар, нийлүүлэх бараа бүтээгдэхүүний нэр, тоо хэмжээ, нэгжийн үнийн хуулбар, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн MRI 355 сэргээн засварлах ажлын тайлангийн хуулбар, 2018.11.12-ны өдрийн ТТЗҮ/18/01-02 дугаар хүлээн авсан комиссын актын хуулбар, MRI аппаратын сэргээн засварлалтын ажлын явцын гүйцэтгэл №3-ын хуулбар, П  ХХК-иас Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирал дэд хурандаа Л.Баттөр танаа гаргасан 2019.02.13-ны өдрийн хүсэлтийн хуулбар, ХЗДХЯнаас П  ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Баярмаа танаа гаргасан хүсэлтийн хуулбар, 2019.03.29-ний өдрийн 362 дугаар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танаа тайлбар хүргүүлэх тухай 362 дугаар албан тоотын хуулбар, МРЗҮ/20/002 дугаар ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, Аппаратын засвар үйлчилгээтэй холбоотойгоор солигдох сэлбэгийн жагсаалтын хуулбар, П  ХХК-иас 2021.02.18-ны өдөр ТТАХНЭт хариу хүргүүлэх нь 02/368 дугаар албан тоотын хуулбар, 2021.03.10-ны өдрийн 02/656 дугаар П  ХХК-иас ТТАХНЭт зөвлөмж хүргүүлэх тухай албан тоотын хуулбар, 2021.04.06-ны өдрийн 02/900 дугаар П  ХХК-иас ТТАХНЭт хариу хүргүүлэх тухай албан тоотын хуулбар, 2021.08.10-ны өдрийн 823 дугаар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс П  ХХК-д хүргүүлсэн Гэрээ цуцалж төлбөр шилжүүлэх тухай албан тоотын хуулбар, 2021.03.25-ны өдрийн 2330 дугаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийн хуулбар, 2021.05.12-ны өдрийн 303 дугаар Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх тухай тогтоолын хуулбар, итгэмжлэл, итгэмжлэл, итгэмжлэл, П  ХХК-ийн 2022.02.01-ний өдрийн 02/243 дугаар албан тоот, 2019.11.26-ны өдрийн 04/006 дугаар мэдээлэл хүргэх тухай албан тоотын хуулбар, 2019.11.20-ны өдрийн 02/1151 дугаар хариу илгээх тухай албан тоотын хуулбар, 2019.03.13-ны өдрийн 02/494 дугаар албан тоотын хуулбар, 2019.02.13-ны өдрийн 02/306 дугаар албан тоотын хуулбар, нэмэлтээр худалдан авсан сэлбэг хэрэгсэл, гүйцэтгэсэн ажлын зардлын хуулбар, 2018.11.17-ны өдрийн хариу илгээх тухай албан тоотын хуулбар, 2018.11.05-ны өдрийн 18/06/1216 дугаар албан тоотын хуулбар, 2018.10.18-ны өдрийн 18/06/1187 дугаар албан тоотын хуулбар, 2018.09.19-ний өдрийн 18/06/1131 дугаар албан тоотын хуулбар, 2018.09.19-ний өдрийн 18/06/1117 дугаар гэрээ сунгуулах тухай хүсэлтийн хуулбар, ТТАХНЭ MRI системийг сэргээх үйлчилгээний тайлангийн хуулбар, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн MRI (соронзон резонанст томографи) аппаратын засвар үйлчилгээний ажлын тайлангийн хуулбар2021.06.29-ний өдрийн 725 дугаар хүсэлт хүргүүлэх тухай албан тоотын хуулбар, 2021.08.09-ний өдрийн 3/3431 зөвшөөрөл хүсэх тухай албан тоотын хуулбар, ТТАХНЭт нийлүүлсэн MRI тоног төхөөрөмжийн үнийн задаргаа, 2018.09.04-ний өдрийн №7104528 дугаар шилжүүлгийн мэдээллийн хуулбар, 2018.10.01-ний өдрийн №7484643 дугаар шилжүүлгийн мэдээллийн хуулбар, 2019.01.09-ний өдрийн №8693748 дугаар шилжүүлгийн мэдээллийн хуулбар, 2019.01.10-ны өдрийн №8706526 дугаар шилжүүлгийн мэдээллийн хуулбар, 2018.10.17-ны өдрийн №7763232 дугаар шилжүүлгийн мэдээллийн хуулбар, 2018.09.27-ны өдрийн төлбөрийн даалгаврын хуулбар, 2018.09.27-ны өдрийн ТҮ/МГ2018/002 дугаар худалдах худалдан авах гэрээний хуулбар, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн MRI тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээнд зарцуулсан цалингийн зардал, CERTIFICATE OF ACHIEVEMENT-ийн хуулбар, GEP 18/09/03/1 дугаар борлуулалтын гэрээний хуулбар, PRO/ME/GE-2018/001 дугаар Борлуулалтын гэрээний хуулбар, 15,000 ам.долларын борлуулалтын гэрээний хуулбар, /1хх-ийн 5-86, 92 ,135, 140-141, 145, 199-225, 2хх-ийн 24-35, 44-57/

7. Хариуцагч талаас нотлох баримтаар: итгэмжлэл, хариу тайлбар, фото зураг, 2018.05.01-ний өдрийн ТТЗҮ/18/001 дугаар Эмнэлгийн тоног төхөөрөмж засварлах гэрээ-ний хуулбар, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн 2018 оны хөрөнгө оруулалтын санхүүжилтээс санхүүжигдэх цахилгаан соронзон давтамжит оношилгооны аппарат /MRI аппарат/-ын засвар үйлчилгээний санхүүжилтын хуваарь8 ТТАХНЭт суурилагдсан MRI аппаратын засварын үнийн саналын хуулбар, Brivo MR355 соронзон резоианст томографи /MRI/ аппаратны засвар хийх ажлын хуваарийн хуулбар, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, П  ХХК-ийн танилцуулгын хуулбар, Цахилгаан соронзон давтамжит оношлогооны аппарат /MRI аппарат/-нд засвар үйлчилгээ хийлгэх ажлын хэсгийн хурлын тэмдэглэлийн хуулбар, уулзалтын тэмдэглэлийн хуулбар, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн 2018 оны хөрөнгө оруулалтын санхүүжилтээр санхүүжигдэх цахилгаан соронзон давтамжит оношилгооны аппарат /MRI Аппарат/-нд засвар үйлчилгээ хийлгэх ажлын хэсгийн хурлын тэмдэглэл №2-ийн хуулбар, , Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн 2018 оны хөрөнгө оруулалтын санхүүжилтээр санхүүжигдэх цахилгаан соронзон давтамжит оношилгооны аппарат /MRI Аппарат/-нд засвар үйлчилгээ хийлгэх ажлын хэсгийн хурлын тэмдэглэл №3-ын хуулбар, Цахилгаан соронзон давтамжит оношлогооны аппарат /MRI аппарат/-нд засвар үйлчилгээ хийлгэх ажлын хэсгийн дүгнэлтийн хуулбар, Цахилгаан соронзон давтамжит оношлогооны аппарат /MRI аппарат/-нд засвар үйлчилгээ хийлгэх ажлын хэсгийн зөвлөмжийн хуулбар, 2017.08.29-ний өдрийн 01/1105 дугаар Тагнуулын ерөнхий газраас Төрийн тусгай алабан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирагч, дэд хурандаа Л.Баттөр танаа хүргүүлсэн албан тоотын хуулбар, 2018.03.29-ний өдрийн 305 дугаар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс сангийн яаманд хүргүүлсэн албан тоотын хуулбар, ТТАХНЭт суурилагдсан GE Healthcare брэндийн Brivo MR355 соронзон резоианст томографи /MRI/ аппаратны засварын үйлчилгээний саналын хуулбар, ТТАХНЭт суурилагдсан MRI аппаратын засварын үнийн саналын хуулбар, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Билгүүн танаа хүргүүлсэн 981 дугаар албан тоотын хуулбар, 2018.12.13-ны өдрийн №00000012 төлбөрийн хүсэлтийн хуулбар, 2018.12.13-ны өдрийн №00000013 төлбөрийн хүсэлтийн хуулбар, 2018.09.26-ны өдрийн №00000009 дугаар төлбөрийн хүсэлтийн хуулбар, 2018.06.04-ний өдрийн №00000001 төлбөрийн хүсэлтийн хуулбар, №18021226 дугаар нэхэмжлэхийн хуулбар, сөрөг нэхэмжлэл, тооцооны үлдэгдлийн баталгааны хуулбар, 2020.12.25-ны өдрийн №00003010 дугаар төлбөрийн хүсэлтийн хуулбар, 2020.12.25-ны өдрийн №00003011 дугаар төлбөрийн хүсэлтийн хуулбар, МРЗҮ/20/002 Ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, аппарат засвар үйлчилгээтэй холбоотойгоор солигдох сэлбэгийн жагсаалтын хуулбар, /1хх-ийн 93-134, 150-179/

8. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс нотлох баримтаар: итгэмжлэл, тайлбар /2хх-ийн 96, 101-102/

9. Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтаар: 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл, 2022 оны 06 сарын 02-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл, 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гэрч Ж.Шарав, Х.Армия нарыг асуусан тэмдэглэл, 2022.09.02-ны өдрийн 613 дугаар албан тоот, цахилгаан соронзон үелзүүрт томографын аппаратаар 2018-2020 онд тусламж үйлчилгээ үзүүлсэн тоон мэдээлэл, 2022.11.11-ний өдрийн 812 дугаар албан тоот, /1хх-ийн 229-230, 245-250 2хх-ийн 1-3, 65-71, 73-74, 103/ зэргийг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Нэхэмжлэгч П  ХХК хариуцагч ТТАХНЭт холбогдуулан 2018.05.01-ний өдрийн ТТЗҮ/18/0001 тоот гэрээгээр гүйцэтгэсэн ажлын нэмэлт зардалд зарцуулсан 519,898,545 төгрөг шаардсан ба үүнээс 2020.12.21-ний өдрийн МРЗҮ/20/002 дугаарт гэрээний шилжүүлэн авсан ажлын хөлс 38,250,000 төгрөгийг хасаж, 481,648,545 төгрөгийг гаргуулна гэсэн агуулгатай нэхэмжлэлийг,

Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан 2020.12.21-ний өдрийн МРЗҮ/20/002 дугаартай MRI BRIVO-335 аппаратын засвар үйлчилгээ хийлгэх, сэлбэг хэрэгсэл нийлүүлэх гэрээнээс татгалзаж 38,250,000 төгрөг гаргуулах гэж сөрөг нэхэмжлэл тус тус гаргасан байна.

Нэхэмжлэгч шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн татгалзлын үндэслэлээ тодорхойлохдоо...Нэгдсэн эмнэлэгтэй MRI BRIVO-335 аппаратын засвар үйлчилгээ хийлгэхээр ТТЗҮ/18/0001 тоот гэрээ байгуулж ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаанд 2018.09.16-ний шөнө 00.43-00.58 цагийн хооронд сэлбэг солих шаардлагатай гэмтэл доголдол гарсан тул сэлбэг хэрэгсэл, гели, хий, ажлын хөлсөнд нэмэлтээр 519,898,545 төгрөг зарцуулсныг гэрээний 8.2-т зааснаар шаардах эрхтэй гэж,

...2020.12.21-ний өдрийн МРЗҮ/20/002 тоот гэрээний ажлын хөлсөнд 38,250,000 төгрөг хүлээн авсан ба уг төлбөрийг төлөх үүрэгтэй хэдий ч ТТЗҮ/18/0001 тоот гэрээний нэмэлт зардалд төлсөн төлбөрөөс хасаж тооцно гэж,

Хариуцагч татгалзал болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ...талуудын байгуулсан ТТЗҮ/18/0001 тоот гэрээ хүчин төгөлдөр, захиалагч үүргээ биелүүлж гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлсөн...гүйцэтгэгч ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй цаг хугацаанд гэмтэл доголдол гарсан ба энэ зардлыг ажил гүйцэтгэгч өөрөө хариуцах үүрэгтэй...нэмэлт зардлыг зөвшөөрөхгүй,

МРЗҮ/20/002 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж захиалагчаас 38,250,000 төгрөгийг шилжүүлсэн, гэрээнээс татгалзаж байгаа тул шаардах эрхтэй гэж маргаж байна.

2. Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэгч П  ХХК гүйцэтгэгч талаас, хариуцагч ТТАХНЭ захиалагч талаас 2018 оны 05 сарын 01-ний өдөр ТТЗҮ/18/001 дугаартай Эмнэлгийн тоног төхөөрөмж засварлах гэрээ байгуулсан ба гэрээний гол нөхцөлд гүйцэтгэгч нь цахилгаан соронзон давтамжит оношлогооны аппарат MRI BRIVO 355 аппаратыг шаардлагад нийцсэн тоног төхөөрөмж, хэрэгсэл ашиглан 2018 оны 05 сарын 01-ний өдрөөс 2018 оны 09 сарын 15 хүртэл хугацаанд гүйцэтгэн хүлээлгэж өгөх, захиалагч нь гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч, ажлын хөлс 1,412,000,000 төгрөгийг төлөхөөр, хугацаа дууссан өдрийн дараагийн өдөрт багтаан ажлын үр дүнг талуудын төлөөлөл бүхий ажлын хэсэг акт үйлдэн хүлээлцэнэ гэж тохиролцжээ.

Дээрх гэрээний агуулгаас үзэхэд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасантай нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэлээ.

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Гэрээний зүйл болох MRI BRIVO 355 загварын соронзон резонанст дүрс оношилгооны аппарат нь Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгын дотор талын 1 дүгээр давхарт, уг аппаратын цахилгаан тэжээлийг хангах дизель генератор, шаардлагатай хүчин чадал бүхий тог баригч төхөөрөмжүүд нь уг эмнэлгийн гадна талбайд тус тус суурилуулсан ба эмнэлгийн гадна хэсгийн хана дээр хяналтын камер суурилагдсан ба тус камерийн бичлэгт 2018 оны 09 сарын 16-ны шөнийн 00.43 00.58 цагийн хугацаанд уг аппаратны гели алдагдах процесс хийгдэж, гели алдагдсан ажиллагаа явагдсан болох нь зохигчийн тайлбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн үзлэгийн тэмдэглэлүүдээр, гэрэл зургаар тус тус тогтоогдсон. /1хх-ийн 229-230, 1хх-ийн 245-250, 2хх-ийн 1-3/

П  ХХК нь соронзон резонанст дүрс оношилгооны аппаратны сэргээн засварлах ажлыг 2018 оны 07 сарын 18-ны өдрөөс эхлэн 2018 оны 09 сарын 16-ны шөнө хүртэл хугацаанд гүйцэтгэсэн байх ба захиалагч талд ажлын үр дүн хүлээлгэн өгөөгүй байх хугацаанд буюу 2018 оны 09 сарын 16-ны шөнийн 00.43 00.58 цагийн үед уг аппаратны гели алдагдах процесс хийгдэж, гели алдагдсан гэмтэл, доголдол гарсан болох нь хэргийн үйл баримт, зохигч талуудын тайлбар, П  ХХК-ийн ажлын тайлан зэргээр тогтоогдож байгаа ба энэ талаар маргаагүй гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч П  ХХК нь гэрээний зүйл буюу цахилгаан соронзон давтамжит оношлогооны аппаратыг ТТЗҮ/18/001 тоот гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэнээр уг гэмтэл доголдлыг засварлахаар үндсэн гэрээний хугацааг сунгах мөн шаардлагатай сэлбэг, гелийн шингэн болон газ, материалыг худалдан авах, тохируулга хийх инженерүүдийн зардалд 242,787,000 төгрөгийг хүлээн авах хүсэлтийг захиалагч Төрийн тусгай албан хаагчийн нэгдсэн эмнэлэгт 2018 оны 09 сарын 19-ний өдрийн 18/06/1131, 18/06/117 дугаартай албан бичгээр хүргүүлсэн байна.

Захиалагч тал буюу эмнэлэг нь гүйцэтгэгчийн дээрх хүсэлтийг хүлээн авснаар талууд 2018 оны 05 сарын 01-ний өдөр байгуулсан ТТЗҮ/18/001 гэрээний хугацааг 2018 оны 09 сарын 20-ны өдрөөс 2018 оны 12 сарын 25-ны өдөр хүртэл хугацаагаар сунгаж...гэрээт ажлыг гүйцэтгэх нийт ажлын хөлсөнд өөрчлөлт ороогүй болохыг дурдаж... үндсэн гэрээний ажлын хөлсний үлдэгдэл 706,000,000 төгрөгөөс 09 сарын 30-ны дотор 242,787,000 төгрөгийг, үлдэгдэл 463,213,000 төгрөгийг ажил хүлээлгэн өгсний дараа 10 хоногийн дотор төлөхөөр заажээ.

Гэрээний хугацаа сунгасан хугацаанд буюу тогтоосон хугацаанд гүйцэтгэгч нь ажлын үр дүнг хүлээлгэн өгч талууд 2018 оны 11 сарын 12-ны өдрийн Акт -ТТЗҮ/1801-02 тоот комиссын актаар хүлээн авч төлбөрийг төлснөөр талуудын үүрэг дуусгавар болсон ба захиалагч нь уг аппаратаар 2018 онд 18 иргэн, 2019 онд 710 иргэн, 2020 онд 107 иргэнд тус тус үйлчилсэн болох баримтаар тогтоогдож байгаа ба энэ талаар маргаагүй байна. /1хх64-65, 2хх74/

Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна...ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйл хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж хуульд заажээ.

Зохигч талуудын маргааны зүйл нь ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй буюу гүйцэтгэгч талын эзэмшилд байх хугацаанд 2018 оны 09 сарын 16-ны шөнө 00.43-00.58 цагийн хугацаанд MRI-ын аппаратны гели алдагдах процесс хийгдэж, гели алдагдсан нь уг аппаратыг засварлах ажиллагааны явцад үүссэн доголдол бөгөөд энэхүү доголдлыг засварлахад гаргасан зардлыг гэрээ болон хуульд заасан үндэслэлээр шаардах эрхтэй эсэх талаар хэн аль нь шаардлага болон татгалзлын үндэслэлээ гаргаж маргасан байна.

2018 оны 05 сарын 01-ний өдөр байгуулсан ТТЗҮ/18/001 гэрээний 8 дугаар зүйлийн 8.2-т Хэрэв MRI аппаратны засварын үед цахилгааны тасалдлаас үүдэлтэй гелийн ууршилт ба сэлбэг солих шаардлагатай гэмтэл доголдол гарсан бол хариуцлагыг гүйцэтгэгч тал хүлээхгүй гэж заажээ.

Нэхэмжлэгч тал доголдол гарсан шалтгаан нь цахилгааны саатлаас үүсээгүй болохыг үндэслэлдээ дурдсан, хариуцагч тал тухайн цаг хугацаанд цахилгааны саатал үүсээгүй гэсэн тайлбар гаргасан мөн тухайн хугацаанд цахилгааны тасалдал үүсээгүй болох нь хяналтын камерийн бичлэгээр тогтоогдож байх тул тухайн доголдол нь цахилгааны саатлаас шалтгаалаагүй гэж үзэхээр байна.

Харин нэхэмжлэгч нь уг доголдол нь гэрээний 8.2-т зааснаар ... сэлбэг солих шаардлагатай гэмтэл доголдол гарсан бол гүйцэтгэгч хариуцахгүй гэх үндэслэлд хамаарна гэж үзэж энэ үндэслэлээр шаардлагаа тодорхойлдог ба хариуцагч ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад шаардагдах зардлыг ажил гүйцэтгэгч хариуцах үүрэгтэй гэж маргадаг.

Хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбараас үзэхэд цахилгаан соронзон давтамжит оношлогооны аппаратын 2018 оны 09 сарын 16-ны шөнө гели алдагдах процесс хийгдэж, гели алдагдсан доголдлыг арилгахад гаргасан зардал нь гүйцэтгэгч П  ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын доголдолтой хамааралгүй, тухайн доголдол үүсэхэд ажил гүйцэтгэгчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдсэн гэж үзэхээр байна.

Тодруулбал цахилгаан соронзон давтамжит оношлогооны аппаратыг 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр худалдан авч 2012 оны 06 дугаар сарын 04-ний өдөр суурилуулсан...,

...Хууль зүйн сайдын шийдвэрээр хамтарсан комиссын актаар 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр зогсоосон...,

...2017 онд АНУ-ын GE Healthcare компанийн мэргэжилтэн төхөөрөмжийн байгаа нөхцөл, биет байдалд үзлэг хийж BRIVO MRI 355 аппаратын хөргөлтийн Chiller, түүний холболтын системийг бүрэн солих, MRI-ийн магнетыг бүрэн сэргээх, зарим эд ангийг солих, хөргөлтийн Helium liquid, Helium gas, Nitrogen liquid, Nitrogen gas-ыг шаардлагатай хэмжээгээр бэлдэхээс гадна магнетыг хөргөх, ramping, shimming, тохиргоо хийх явцад илэрч гарах гэмтэл эрсдэлийг тухайн үед мэдэх боломжгүй үүнийг цаашид анхаарах шаардлагатай талаар дүгнэлт гаргасан...,

... тухайн дүгнэлтийг үндэслэн 2018 оны 04 дүгээр сард нээлттэй тендерийг зарласан...,

...улмаар 2018 оны 05 сард талууд гэрээ байгуулж 09 сарын 16 хүртэл засварласан...,

...2018 оны 09 сарын 15-наас 16-нд шилжих шөнө гели алдагдах процесс хийгдэж, гели алдагдсан ... үйл баримт болон дээрх үйл баримтын талаар дэлгэрэнгүй мэдүүлсэн гэрч Ж.Шарав, Х.Армия нарын мэдүүлэг зэргээс үзэхэд уг цахилгаан соронзон давтамжит оношлогооны аппарат нь удаан хугацаанд ашиглагдаагүй, унтраасан байдалтай байсан ба энэ шалтгаан нь засварлах явцад нөлөөлсөн, тухайн гэмтлийг гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байсан нь төсвийн хэмжээ нэмэгдэх үндэслэл болохоор байна гэж дүгнэлээ.

Мөн дээрх нөхцөл байдлаас үзэхэд тухайн гэмтлийг засварлахад төсвийн хэмжээ нэмэгдсэн явдалд гүйцэтгэгч П  ХХК-ийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх ба уг гэмтлийг засварласнаар аппарат хэвийн ажилласан гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2..д Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч П  ХХК нэмэгдсэн төсвийн хэмжээгээр хариуцагчаас шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч П  ХХК нь төсвийн хэмжээ нэмэгдсэн хүсэлтийг нэн даруй 3 хоногийн дотор хариуцагч талд 2018 оны 09 сарын 19-ний өдрийн 18/06/1131, 18/06/117 дугаартай бичгээр мэдэгдсэн болох нь тогтоогдож байгаа ба нэмэгдсэн хэмжээг 242,787,000 төгрөгөөр тодорхойлсон гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл хариуцагч талд бичгээр мэдэгдсэн 2018 оны 09 сарын 19-ний өдрийн хүсэлтэд шингэн хэлбэрийн гель, хэлбэрийн гель 186,000,000 төгрөгөөр, Rupture disc 2,490,000 төгрөгөөр, Baffle asm lcc 3,750,000 төгрөгөөр, бүслүүр 747,000 төгрөг, инженерийн зардал 49,800,000 төгрөг, нийт 242,787,000 төгрөг гэж төсвийн хэмжээг тодорхойлжээ. /1хх208-210/

Харин нэхэмжлэгч 8 нэр төрлийн сэлбэг хэрэгсэл, зардал зэрэгт 519,898,545 төгрөгөөр нэмэгдсэн гэж шаардлага гаргасан хэдий ч Coldhead төхөөрөмжийг гэмтэл гарахаас өмнө 2018 оны 09 сарын 04-ний өдөр 181,867,096 төгрөгөөр худалдан авсан, зарим зардал нь аппаратыг хүлээлгэн өгснөөс хойшхи 2019 оны 01 сараас 2019 оны 07 сар хүртэл цаг хугацааг хамаарч байх тул энэ үндэслэлээр 277,111,545 төгрөгийг хэрэгсэхгүй болгох зүйтэй байна. /2хх24/

Нэхэмжлэгч тал 519,898,545 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагадаа МРЗҮ/20/002 тоот гэрээгээр шилжүүлсэн авсан ажлын хөлс 38,250,000 төгрөг хасаж тооцно гэж тайлбарлаж байгаа хэдий ч энэ нь нэхэмжлэлийн шаардлага гэж үзэхгүй харин сөрөг нэхэмжлэлийн татгалзал байх тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байна.

3. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэгч ТТАХНЭ захиалагч талаас, хариуцагч П  ХХК гүйцэтгэгч талаас 2020 оны 12 сарын 21-ний өдөр ТТАХНЭ/202010026 дугаар бүхий эмнэлгийн цахилгаан соронзон резонанст томограф аппаратын засвар үйлчилгээний ажил гүйцэтгэхээр МРЗҮ/20/002 дугаартай гэрээ байгуулж, гэрээний гол нөхцөлд гүйцэтгэгч нь .... худалдан авалт хийх, засвар үйлчилгээний ажлыг гүйцэтгэх, 60 хоногийн хугацаанд гүйцэтгэн хүлээлгэж өгөх, захиалагч нь гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч, төлбөр 42,500,000 төлөхөөр, талууд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно гэж тохиролцжээ./1хх-62-74/

Талуудын байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ ба уг гэрээгээр захиалагч буюу эмнэлэг 2018 оны 12 сарын 30-ны өдөр гүйцэтгэгч талд 38,250,000 төгрөгийг төлснөөр гэрээ хүчин төгөлдөр болсон байна. /1хх-153-154/

Гүйцэтгэгч П  ХХК нь МРЗҮ/20/002 тоот гэрээний зүйл болох MRI BRIVO 355 цахилгаан соронзон резонанст томограф аппаратын засварын ажиллагаа эхлүүллэх үед уг аппарат нь 2021 оны 01 сарын 18-ны өдрөөс эхлэн гели даралт өсөж эхэлсэн, 01 сарын 20-ноос гели ууршсан, 02 сарын 09-ний өдөр гели түвшин доод түвшинд хүрсэн, гели даралт аажмаар буурч байгаа нөхцөл байдал үүссэн... улмаар шингэн гелиэр яаралтай цэнэглэх, хөргөлтийн төхөөрөмжийг асаасаны дараа гелийн даралт аажмаар буурч байгаа ба засварын ажиллагаа явуулах боломжгүй болж, инженерүүдийн зөвлөмж хүргүүлсэн болох нь 2021 оны 02 сарын 18-ны өдрийн 02/368 тоот, 2021 оны 03 сарын 10-ны 02/656 тоотоор тогтоогдож байна. /1хх75-76,77/

Мөн захиалагч ТТАХНЭ нь Хууль зүй, дотоод хэргийн яаманд хандаж ... улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2011 онд суурилагдсан MRI-355 загварын соронзон резонанст томографын аппарат нь ашиглалтгүй 6 жил орчим сул зогссон удаа дараа эвдрэл гэмтлээс шалтггаан бүрэн гүйцэд ашиглагдаагүй...2021 оны 02 сард дахин гелийн хий ууршилт дахин явагдсан ... гэх зэрэг нөхцөл байдлын улмаас уг аппаратын үйл ажиллагааг бүрэн зогсоож, актлах хүсэлтийг гаргасан байна. /1хх-223-224/

Улмаар захиалагч нь гүйцэтгэгч П  ХХК-д 2021 оны 08 сарын 10-ны өдөр 823 тоотоор МРЗҮ/20/002 дугаар гэрээг цуцлах мэдэгдлийг хүргүүлсэн зэргээс үзэхэд П  ХХК ажил үүргээ гүйцэтгээгүй нь түүний үйл ажиллагаатай хамааралгүй, гэрээнээс татгалзсанд хариуцагч буруугүй байна.

Захиалагч гэрээнээс татгалзсан нь гэрээний талуудын үүргээ зөрчсөн үйлдэлд хамааралгүй байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д д зааснаар хариуцагчаас гэрээний дагуу шилжүүлсэн 38,250,000 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

4. Нэхэмжлэгч П  ХХК 516,896,984 төгрөгт 2,757,443 төгрөг төлөхөөс 2,658,579 төгрөг төлсөн тул дутуу төлсөн 98,864 төгрөгийг нөхөн төлүүлж, ТТАХНЭ хуульд зааснаар нэхэмжлэлд төлөх тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдөх бөгөөд П  ХХК-иас нэхэмжлэлийг хангасан дүнгээр тэмдэгтийн хураамж гаргуулан улсын орлогод оруулна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 345 дугаар зүйлийн 345.2-д зааснаар хариуцагч Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс 242,787,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П  ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 277,111,545 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч П  ХХК-иас 38,250,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ТТАХНЭт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус зааснаар нэхэмжлэгч П  ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 2,658,579 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс тэмдэгтийн хураамж 1,371,885 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П  ХХК-д олгож,

П  ХХК-иас 38,250,000 төгрөгийн тэмдэгтийн хураамж 349,200 төгрөг, дутуу төлсөн тэмдэгтийн хураамж 98,864 төгрөг тус тус гаргуулан улсын орлогод олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН