Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2023/00142

 

                                                                                      Ч , Ж  нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                          

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 

2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2023/00540 дугаар шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 210/МА2023/00842 дугаар магадлалтай,                                             Ч , Ж  нарын нэхэмжлэлтэй,

Ш д холбогдох

Ч д тэтгэмжийн зөрүү 69,900,000 төгрөг, Ж д тэтгэмжийн зөрүү 69,516,000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Намсрай оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ч , Ж  нар нь хариуцагч Ш д холбогдуулан Ч д тэтгэмжийн зөрүү 69,900,000 төгрөг, Ж д тэтгэмжийн зөрүү 69,516,000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2023/00540 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д зааснаар хариуцагч Ш өөс шүүгчид нэг удаа олгох тэтгэмжийн зөрүү 63,180,000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ч , Ж  нарт олгож, нэхэмжлэгч Ч гийн шаардлагаас 6,720,000 төгрөг, Ж ийн шаардлагаас 6,336,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөж, хариуцагч Ш өөс 947,700 төгрөгийг гаргуулж, улсын орлогод олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 210/МА2023/00842 дугаар  магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2023/00540 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийг баримтлан хариуцагч Монгол Улсын Ш д холбогдох Ч д тэтгэмжийн зөрүү 69,900,000 төгрөг, Ж д тэтгэмжийн зөрүү 69,516,000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэгч Ч , Ж  нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Ш өөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 947,700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч Ч , Ж  нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 00842 дугаартай магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

НЭГ: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 00540 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Ч , Ж  нарын нэхэмжлэлтэй Ш д холбогдох тэтгэмжийн зөрүү гаргуулах тухай иргэний хэргийг дараах байдлаар шийдвэрлэсэн.

1.1 Төрийн      албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.-Д “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно... гэж”

1.2 Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9.-д “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно гэж тус тус заасан.

1.3 Монгол улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 4.4.-д “Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй” гэж заасан.

Засгийн газрын 2019 оны 01 дүгээр арын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолоос үзэхэд нэхэмжлэгч нар нь Төрийн албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хууль эсхүл Монгол улсын Шүүхийн тухай хуульд заасан тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй бөгөөд Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9.-д заасан тусгай харилцааг тухайлан зохицуулснаар тэтгэмжийн зөрүүг шаардах эрхтэй. Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.-д “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ” гэж, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн тухай хуулийн ..-д заасан үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс ээлжийн амралтын цалин, шагнал урамшуулал орно гэж тус тус заасан байна.

Дээрх бүхнээс үзэхэд шүүгчийн авч байсан сарын дундаж цалин нь “албан тушаалын цалин албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэх бөгөөд нэхэмжлэгч нар нь албан тушаалын цалин 2,700,000 төгрөг, онцгой нөхцөлийн 40% болох 1,080,000 төгрөг, төрийн алба хаасны 25% болох 675,000 төгрөг нийт 160,380,000 төгрөгийн тэтгэмж авахаас 97,200,000 төгрөгийн тэтгэмжийг авсан байх тул тэтгэмжийн зөрүү 68,180,000 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн.

ХОЁР: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 00842 дугаартай магадлалаар дээрх иргэний хэргийг хянаад дараах үндэслэлээр “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн.

Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 00842 дугаартай магадлалдаа Анхан шатны шүүх Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9. дэх хэсгийг зөв тайлбарлаж чадаагүй байна гэж үзсэн үндэслэлээ: “Шүүхийн тухай хуульд цалинг “цалин”, “цалин,хөлс” гэсэн хоёр өөр ойлголтоор тусгасан байх ба хуулийн 46 дугаар зүйлийн 46.2. дахь хэсэгт шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин, албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэхээр заажээ. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1., Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.3.-д цалин хөлсний бүрэлдэхүүнийг тус тус заасан байна. Харин Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан тэтгэмжийг олгохдоо сарын дундаж цалингийн хэмжээгээр тооцохоор зохицуулсан байх тул үүнд нэмэгдэл хамаарна гэж үзэхгүй гэжээ.

ГУРАВ: Анхан болон давж заалдах шатны шүүх Шүүхийн тухай хуулийг зөрүүтэй хэрэглэсэн тухайд: Нэхэмжлэгч Ж , Ч  нарыг өндөр насны тэтгэвэрт гарахад нь Шүүхийн тухай хуулийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.9.-Д заасны дагуу нэг удаагийн тэтгэмжийг олгосон.

Нийслэлийн   Давж заалдах шатны шүүх Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9.-д “сарын дундаж цалин ...” гэснийг Анхан шатны шүүх зөв ойлгон тайлбарласан байхад Нийслэлийн давж заалдах шатны шүүх “цалин”, “цалин хөлс” гэдэг нь хоёр өөр ойлголт гэж, Мөн “Хөдөлмөрийн тухай хууль” болон “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д цалингийн биш цалин хөлсний бүрэлдэхүүнийг заасан гэж тайлбарлаж байна.

Цалин /цалин хөлс/ гэж юу вэ гэдгийг тайлбарлая. Хамгийн энгийнээр хэлбэл: Цалин хөлс гэдэг нь хөдөлмөрийн гэрээгээр буюу хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэсний төлөө ажил олгогчоос мөнгөн хэлбэрээр олгож буй төлбөр юм. Мөн С.Нарангэрэлийн Монгол улсын хууль зүйн нэвтэрхий толь бичигт: Дундаж цалин гэдэг нь ямар нэгэн тодорхой хугацаанд ажилтны авсан цалин хөлсний хэмжээ гэж, /өөрөөр хэлбэл олон тоонуудын арифметик дундаж/

-Дундаж цалинг тодорхойлох нь ээлжийн амралт, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг тооцох, түүнчлэн тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг тодорхойлоход ач холбогдолтой гэж,

-Цалин хөлс гэдэг нь Хөдөлмөрийн эрх зүйд ажилтанд ажил олгогчоос олгосон үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллын цогц гэж,

Төсвийн байгууллагаас нэг удаагийн тэтгэмж олгохдоо холбогдсон харилцааг зохицуулсан нийтлэг журмыг Засгийн газар батална гэж тус тус тайлбарлажээ.

Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.-т Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ.гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1.-Д Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ.гэж тус тус заажээ.

Хөдөлмөрийн хуульд заасан Үндсэн цалин гэдэг нь Шүүхийн тухай хуульд заасан албан тушаалын цалин бөгөөд Монгол улсын их хурлын 2015 оны 101 дүгээр тогтоолын хавсралтаар бүх шатны шүүхийн ерөнхий шүүгч, шүүгч нарын албан тушаалын цалингийн хэмжээг тогтоосон. Хөдөлмөрийн тухай хуульд заасан нэмэгдэл гэдгийг Шүүхийн тухай хуульд заасан албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл гэж ойлгоно. Дээрх бүхнээс үзэхэд сарын дундаж цалин гэдэгт албан тушаалын цалин, шүүгчийн шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл, шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл орохоор байна.

ДӨРӨВ: Хэргийн харьяаллын тухайд: Шүүгчийн албан тушаалыг эрхэлж байгаад 2021 онд тэтгэвэр гарсан хэд хэдэн шүүгч байгаа бөгөөд тэд мөн адил нэхэмжлэл гарган шүүхэд хандаж шийдвэрлүүлэн явж байна. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 00636 дугаартай магадлалаар Л ийн нэхэмжлэлтэй , 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 00691 дугаартай магадлалаар Ж ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус тус шийдвэрлэхдээ:

Нэхэмжлэгч нь Ш  буюу захиргааны байгууллагад холбогдуулан нийтийн эрх зүйн хэм хэмжээ болох Монгол улсын шүүхийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг үндэслэн маргасан байх тул зохигчийн хооронд үүссэн маргаан нь хувийн эрх зүйн маргаан бус нийтийн эрх зүйн харилцаанд хамаарч байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1.-Д заасан хэргийн харьяалал зөрчсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4. дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй, хэргийг бүхэлд нь хянадаг. Гэтэл яг ижил үндэслэлээр яг ижил шаардлагатай хэргүүдийг хянахдаа хуулийг зөрүүтэй тайлбарлаж, нэхэмжлэгч Л , Ж  нарын нэхэмжлэлтэй хэргийг зөвхөн хэргийн харьяалал зөрчсөн гэж дүгнэчхээд Ж , Ч  нарын нэхэмжлэлтэй хэргийг хянахдаа хэргийн харьяаллын талаар ямар ч дүгнэлт өгөлгүйгээр Шүүхийн тухай хуульд заасан дундаж цалин гэдэг нь үндсэн цалин юм, цалин, цалин хөлс гэсэн үгнүүд өөр өөр утгыг илэрхийлнэ гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9. дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Түүнчлэн давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2,-т заасан нотлох баримт үнэлэх журмыг хэрэгжүүлээгүйгээс хэргийн үйл баримтыг буруу дүгнэсэн, хэрэглэх ёстой хуулийг зөрүүтэй буюу буруу тайлбарласнаас нэхэмжлэлийн шаардлагын талаар үндэслэлгүй дүгнэлт хийснээс магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

Иймд давж заалдах шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 210/МА2023/00842 дугаартай магадлалыг хүчингүй болгож Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2023/00540 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5.Нэхэмжлэгч Ч , Ж  нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023.06.07-ны өдрийн 001/ШХТ2023/00698 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

7. Нэхэмжлэгч Ч , Ж  нар хариуцагч Ш д холбогдуулан Ч д 69,900,000 төгрөг, Ж д 69,516,000 төгрөг тус тус гаргуулахаар шаардахдаа “...Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолын 4.4-д...Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д ...өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр нэг удаа тэтгэмж олгоно гэж тус тус заасан бөгөөд шүүгчийн цалин нь үндсэн цалин болон нэмэгдлээс бүрдэхээр зохицуулсан. Хариуцагч тэтгэмжийг олгохдоо онцгой нөхцөлийн 40 хувь, төрийн алба хаасан хугацааны 25 хувийг тооцож олгоогүй тул зөрүүг шаардах эрхтэй. Иймд Ч д 69,900,000 төгрөг, Ж д 69,516,000 төгрөгийг тус тус Ш өөс гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...Шүүгчийн үндсэн цалин болон нэмэгдлийн хэмжээг Монгол Улсын Их хурлын тогтоолоор тогтоосон. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлд шүүгчийн цалин хөлс гэдэгт албан тушаалын цалин болон шүүн таслах онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлээс бүрдэнэ гэж, ...47.9-д ...өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр нэг удаа тэтгэмж олгоно гэж заасан. Тэтгэмж нь нэг удаагийн шинжтэй бөгөөд хуульд цалин хөлс гэж тусгаагүй харин сарын дундаж цалингийн хэмжээ гэснээс үзэхэд үндсэн цалин гэж томьёолсон, үндсэн цалингийн хэмжээгээр тэтгэмжийг тооцсон нь хуульд нийцсэн, тэтгэмжийн зөрүүг олгох үндэслэлгүй.” гэж маргажээ.

8. Анхан шатны шүүх “...Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ гэж, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журамд Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 101.1-д заасан үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшуулал орно гэж тус тус зохицуулсан байх бөгөөд нэхэмжлэгч нар нь тэтгэмжийн зөрүү авах үндэслэлтэй” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх “...Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.3-д цалин хөлсний бүрэлдэхүүнийг тус тус заасан байна. Харин Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасан тэтгэмжийг олгохдоо сарын дундаж цалингийн хэмжээгээр тооцохоор зохицуулсан байх тул үүнд нэмэгдэл хамаарна гэж үзэх үндэслэлгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгосон Ш ийн даргын тушаал Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийг зөрчөөгүй” гэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

9. Нэхэмжлэгч нарын гаргаж буй нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй буюу иргэний хэргийн шүүхийн маргаанд хамаарахгүй байна.

Анхан шатны шүүх тухайн нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасан хэргийн харьяалал зөрчсөн бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах журамд нийцээгүй байна. Энэ нөхцөлийг давж заалдах шатны шүүх илрүүлж засаагүй нь буруу болжээ.

10. Нэхэмжлэгч Ч , Ж  нар нь  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг үндэслэн өндөр насны тэтгэвэрт гарах үед олгогдох тэтгэмжийг албан тушаалын үндсэн цалингаар бус хуульд заасан нэмэгдлийн хамт сар бүр авч байсан цалин хөлсийн дунджаар тооцож олгоогүй гэж маргасан тул зохигчийн хооронд үүссэн энэхүү маргаан нийтийн эрх зүйн харилцаанд хамаарна.

11. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх харьяаллын бус хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2023/00540 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 210/МА2023/00842 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар Ч , Ж  нарын нэхэмжлэлтэй Ш д холбогдох Ч д тэтгэмжийн зөрүү 69,900,000 төгрөг, Ж д тэтгэмжийн зөрүү 69,516,000 төгрөг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Х.ЭРДЭНЭСУВД

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                Н.БАЯРМАА         

                                                                                            П.ЗОЛЗАЯА

                                                                                             Д.ЦОЛМОН