Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 00007

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

 

2020        05             12                                         2020/ДШМ/07

 

       В.Т, Б.Б, Э.Б

         нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч З.Хосбаяр, Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Л.Отгончимэг,

Шүүгдэгч: В.Т ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Л.Цогтбаяр, Д.Содномдорж,

Нарийн бичгийн дарга: П.Ундрах нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 91 дүгээр шийтгэх тогтоолтой В.Т, Б.Б, Э.Бнарт холбогдох 1938008130005 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч В.Т , шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Барнууд овогт В.Т, ..... оны 9 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, эрэгтэй, урьд Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 201 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар, Сум дундын 27 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 179 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 98 дугаар зүйлийн 98.1, 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан /регистрийн дугаар ......./,

Монгол Улсын иргэн, Шарнууд овогт Б.Б, 1985 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ..................../,

Монгол Улсын иргэн, Хонин онход овогт Э.Б, 1998 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ..................../. 

Шүүгдэгч Б.Б нь согтуугаар 2019 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 30-15 тоотод иргэн В.Т ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Э.Б нь согтуугаар 2019 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 30-15 тоотод иргэн В.Т ийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч В.Т  нь согтуугаар 2019 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 30-15 тоотод иргэн Б.Бг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 91 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Хонин онход овогт Э.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Барнууд овогт В.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Шарнууд овогт Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Т, Б.Б нарыг тус бүр 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б, В.Т , Б.Б нар нь торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Э.Бээс 1.087.097 /нэг сая наян долоон мянга ерэн долоо/ төгрөгийг, шүүгдэгч Б.Бгээс 1.000.000 /нэг сая/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогч В.Т эд олгож, хохирогч В.Т  нь энэ гэмт хэргийн улмаас цаашид учирсан хохирол, хор уршгаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Э.Б, Б.Б нараас нэхэмжлэх эрхтэй болохыг, хохирогч Б.Б нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгаа шүүгдэгч В.Т ээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б, В.Т , Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч В.Т , түүний өмгөөлөгч Д.Содномдорж нар давж заалдах гомдолдоо:  2019 оны 10-р сарын 30-наас 31-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг 30 гудамж 15 тоотод Б.Б, Э.Б нар нь хохирогч В.Т ийг бүлэглэн зодсоны улмаас хүндэвтэр гэмтэл учирсан байдаг. Тухайн үед Б.Б нь хохирогч В.Т ийг нүдэнд хүйтэн харагддаг зэвүүн харцтай гэх шалтгаанаар Э.Бтэй бүлэглэж зодсон байдаг. Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11-р сарын 05-ны өдрийн 582 дугаартай: “...В.Т ийн биед тархи доргилт,... зүүн дээд, доод зовхи, дотор өнцөгт шарх, дух, баруун, зүүн шанаа, хацар, эрүү, хамрын нуруу, дээд уруул, зүүн чихний дэлбэнд зулгаралт, зүүн дээд, доод зовхи, нуруунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо” гэх дүгнэлтээс харахад ялтан Б.Б, Э.Б нар нь тус тусдаа зодсон үйлдэл харагддаггүй юм. Учир нь хохирогч В.Т  мэдүүлэхдээ “...Батдорж, танихгүй залуу хоёр бид хоёрыг гэрээс чирээд гарч байхад гэрийн босгонд тээглээд гадаа унахад Баатархүү намайг шууд зүүн талын нүд рүү өшиглөсөн. Нөгөө танихгүй залуу хүртэл хажуугаас Баатархүүтэй хамт толгой руу өшиглөж байсан...” гэж мөрдөн байцаалтанд, шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа мэдүүлдэг. Хохирогч В.Т  нь Эрүүгийн хуульд заасны дагуу үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй ба худал мэдүүлсэн тохиолдол эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг тухай хууль сануулсан баримтанд гарын үсэг зурсан. Хохирогч В.Т  нь удаа дараа мэдүүлэхдээ ялтан Б.Б, Э.Б нар намайг бүлэглэж зодсоны улмаас миний биед хүндэвтэр гэмтэл учирсан гэдгээ мэдүүлсэн. Гэрч Э.Адьяасүрэн мэдүүлэхдээ “...Э.Б гэрийн гадаа алаад өгнө, муу пизда” гэх хараалын үг хэлж муухай орилоод байсан, 20-30 минут Билэгдэмбэрэл гэрийн гадаа орилсон...” гэж мэдүүлдэг. Тэгэхээр хохирогч В.Т ийг ялтан Б.Б, Э.Б нар нь гэрч Батдоржийн хашаанд бүлэглэж зодсон тухай хохирогч В.Т ийн мэдүүлэг үнэн зөв юм. Харин анхан шатны шүүхээс бүлэглэж зодсон тухай үйл баримт тогтоогдохгүй байна гэж үзсэнд гомдолтой байна.

 Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 3-р сарын 25 ны өдрийн 2020/ШЦТ/91 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад хохирогч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Б, В.Т , Э.Б нар нь 2019 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 30 дугаар гудамжны 15 тоотод согтуугаар харилцан зодолдсоны улмаас хохирогч  В.Т ийн эрүүл мэндэд шүүгдэгч Б.Б хөнгөн хохирол, шүүгдэгч Э.Б хүндэвтэр хохирол санаатай учруулсан, хохирогч Б.Бгийн эрүүл мэндэд шүүгдэгч В.Т  нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хохирогч В.Т ийн эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Б.Б, Э.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн өөр, өөр зүйл, заалтаар зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болжээ.

Шүүгдэгч Б.Б, Э.Б нар нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэх явцад үйлдлээрээ санаатай нэгдсэн  Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хамтран оролцогч” байх тул тэдэнд холбогдох хэргийн зүйлчлэлийг зөвтгөсний дараа хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ.

Түүнчлэн мөрдөн байцаалтын явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн дараах зөрчил гаргажээ. Үүнд:

1.Хэргийн талаар харилцан эсрэг сонирхол бүхий шүүгдэгч Э.Б, Б.Б нарыг нэг өмгөөлөгч өмгөөлж байхад өмгөөлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой хэд хэдэн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хуулийн этгээдийг нэг өмгөөлөгч өмгөөлж болохгүй.” гэж заасныг  зөрчсөн.

Мөн гэрч П.Цэрэндоржоос “...Баатархүү урьд гэмтэлтэй байсан эсэх талаар” тодруулахдаа эсрэг сонирхол бүхий буюу В.Т ийн өмгөөлөгчийг байлцуулж хуулийн дээрх зүйл, заалтыг зөрчсөн.

2.Гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг мэдүүлэг өгөх эсэхийг тодруулахгүйгээр В.Т ийн дүү В.Энх-Амгалан, Э.Бийн аав Ч.Эрдэнэдалай нараас гэрчийн мэдүүлэг авч Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “... өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан “гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” эрхийг зөрчсөн.

3.Хохирогч В.Т  нь “...Б.Б гэмтэл учруулсан” гэсэн мэдүүлэг өгсөн атал хохирогч В.Т , хохирогч Б.Б гэх байдлаар тэднийг нүүрэлдүүлж мэдүүлэг авч  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлийн  1, 2-т заасан “Мөрдөгч яллагдагчаас бусад хүний мэдүүлэгт ноцтой зөрөө байвал хоёр хүний хооронд нүүрэлдүүлж мэдүүлэг авч болно. Яллагдагчийн нүүрэлдэж мэдүүлэг өгөх хүсэлтийг гэрч, хохирогч, бусад яллагдагч зөвшөөрсөн бол нүүрэлдүүлж мэдүүлэг авч болно.” гэсэн нүүрэлдүүлэн мэдүүлэг авах журмыг зөрчсөн байна.

Шүүх хэрэг, маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан эсэхийг хянаж, хууль зөрчсөн ажиллагаа, хүний эрхийн зөрчил гаргуулахгүй байх баталгааг хангах үүрэгтэйн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуульд нийцүүлэн явуулах учиртай. Гэтэл шүүх мөрдөн байцаалтын явцад гаргасан алдааг засуулаагүйн дээр шүүх хуралдааныг товлосон цагаас 30 минутын өмнө эхэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчжээ.

Цаашид ийм төрлийн алдаа, зөрчил гаргахгүй ажиллавал зохино.

Мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр өөрийн эрх, үүрэгтэй оролцдог учир хохирогчийг иргэний нэхэмжлэгчээр давхар тогтоох шаардлагагүйг дурдах нь зүйтэй. Учир нь иргэний нэхэмжлэгч нь зөвхөн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохиролтой холбоотой шаардлага гаргах улмаар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт гомдол гаргах эрхтэй бол  хохирогч нь гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол нэхэмжлэх, шүүх, прокурор, мөрдөгчийн ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах эрхтэйгээрээ иргэний нэхэмжлэгчээс ялгаатай, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны өөр, өөр оролцогч юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасугай.

2.Хэргийг прокурорт очтол шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3.Хохирогч В.Т , түүний өмгөөлөгч Д.Содномдорж нарын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл  давж заалдах шатны шүүхийн  шийдвэрийг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БАЯРХҮҮ

ШҮҮГЧИД                                                 З.ХОСБАЯР

                                                                             Б.СОСОРБАРАМ