Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2023/00112

 

Т.Д, Б.Л, Д.Н нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2023/00024 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2023/00576 дугаар магадлалтай,

Т.Д, Б.Л, Д.Н нарын нэхэмжлэлтэй

Б.Пт холбогдох

Бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэгт 27,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.Нын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Л /Т.Д, Д.Н нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч/, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Т.Д, Б.Л, Д.Н нь Б.Пт холбогдуулан бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэгт 27,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2023/00024 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Паас 27,200,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Д, Б.Л, Д.Н нарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нараас төлсөн 293,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Паас улсын тэмдэгтийн хураамжид 293,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2023/00576 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2023/00024 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Т.Д, Б.Л, Д.Н нарын хариуцагч Б.Пт холбогдуулан гаргасан бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэгт 27,200,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.Н хяналтын гомдолдоо: ...Магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд мөн зүйлийн 172.2.1 дэх заалтад заасан “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр уг магадлалд хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нэг. Гомдлын хууль зүйн үндэслэл: 1.1. Шийдвэр, магадлалын тухайд: Нэхэмжлэгч Б.Л нь хариуцагч Б.Птай 2018.01.31-ний өдөр “Орон сууц зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-г бичгээр байгуулсан бөгөөд уг гэрээгээр Б.Л нь ... дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр байрны .. тоотод байрлах ... м.кв талбай бүхий ... өрөө орон сууцыг 46,000,000 төгрөгөөр худалдах, Б.П нь урьдчилгаа 28,000,000 төгрөгийг 2018.01.31-ний өдөр шилжүүлж, үлдэх 18,000,000 төгрөгийг 2018.10.31-ний өдрийн дотор төлөх, төлбөр бүрэн төлөгдсөн тохиолдолд байрны гэрчилгээг Б.Пт шилжүүлэх, үлдэгдэл мөнгөө заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд 0,5 хувийн алданги тооцох, үлдэгдэл мөнгөө өгөөгүйгээс гэрээ буцсан тохиолдолд гэрээ хийсэн өдрөөс хойш сарын 450,000 төгрөгийн түрээсийн төлбөрийг бодож урьдчилгаанд төлсөн 28,000,000 төгрөгөөс хасч, энэ хугацаанд суусан байрны төлбөр, цахилгаан, СӨХ-ны мөнгийг бодож авах нөхцөлүүдийг тохиролцсон байдаг. Б.П нь гэрээ байгуулсан 2018.01.31-ний өдөр 21,000,000 төгрөг, 2018.08.12-ны өдөр 10,000,000 төгрөг, нийт 31,000,000 төгрөгийг Б.Лд төлсөн байна. Гэвч Б.П нь дээрх орон сууцны үлдэгдэл төлбөр 15,000,000 төгрөгийг 2018.10.31-ний өдрийн дотор төлөх ёстой байсан ч төлөхгүй байсан тул нэхэмжлэгч Т.Д, Б.Л, Д.Н нараас хариуцагч Б.Пт холбогдуулан Б.Л, Б.Пын хооронд 2018.01.31-ний өдөр байгуулагдсан “Орон сууц зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, ...... дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр байрны ... тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх, уг гэрээгээр тохиролцсоны дагуу 2018.01.31-ний өдрөөс 2021.11.17-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт 23,000,000 төгрөг, мөн хугацааны СӨХ-ны төлбөрт 864,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021.11.17-ны өдөр гаргажээ. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.01.05-ны өдрийн 183 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.03.04-ний өдрийн 385 дугаартай магадлалаар талуудын хооронд байгуулагдсан 2018.01.31-ний өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар тогтоосон хэлбэрийг зөрчсөн болон зохих этгээдийн зөвшөөрөлгүй хэлцэл гэж үзсэн ба мөн “...Нэхэмжлэгч нарын хувьд хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу шилжүүлсэн орон сууцаа хариуцагчийн эзэмшлээс буцаан чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй. Харин орон сууцанд амьдарсан хугацааг үр шим хүртсэн сараар нь тооцон мөнгөн төлбөр нэхэх, мөн орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардал төлөх үүргийг өмчлөгч хуулиар хүлээдэг учир СӨХ-ны төлбөр хариуцагчаас шаардах эрхгүй, Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсгийн заасантай нийцэхгүй байна. Нэхэмжлэгч Б.Л, хариуцагч Б.П нарын хооронд байгуулагдсан 2018.01.31-ний өдрийн хэлцэл нь бүхэлдээ хүчин төгөлдөр бус байгаа тохиолдолд хэлцлээр тохиролцсон орон сууцанд амьдарсан хугацааны хөлс, Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр төлөх үүргийг хариуцагчаас шаардах боломжгүй тул нэхэмжлэгч нь хэлцлээр шилжүүлсэн 31,000,000 төгрөгийг хариуцагч Б.Пт буцаан өгөх нь 492 дугаар зүйлийн 492.1.1-д нийцнэ...” гэж дүгнээд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан ... дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр байр, ... тоот орон сууцнаас хариуцагч Б.Пыг албадан гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаас орон сууц хөлсөлсний төлбөр 23,000,000 төгрөг, дундын өмчлөлийн засвар үйлчилгээний зардал 864,000 төгрөг, нийт 23,864,000 төгрөг холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.Лгээс 31,000,000 төгрөг гаргуулан хариуцагч Б.Пт олгож шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна. 1.2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.12.21-ний өдрийн 24 дугаартай шийдвэрийн тухайд: Нэхэмжлэгч Т.Д, Б.Л, Д.Н нараас хариуцагч Б.Пт холбогдуулан, бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэгт 27,200,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022.05.27-ны өдөр гаргасан бөгөөд шүүхээс уг нэхэмжлэлд 2022.06.22-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн юм. Харин тус шүүхийн шүүгчийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 2022.10.06-ны өдрийн 23027 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсгийг удирдлага болгон мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар дээрх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд шүүгч захирамжийнхаа үндэслэлийг: “...Нэхэмжлэгч Т.Д, Б.Л, Д.Н нар нь ... дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр байр, ... тоот орон сууцыг үндэслэлгүйгээр эзэмшиж ашигласан гэж хариуцагч Б.Паас 27,200,000 төгрөг гаргуулахаар шаардсан байх боловч уг шаардлагыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл дээрх шүүхийн шийдвэр, магадлалаар хариуцагч Б.Пын ... дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр байр, ... тоот орон сууцыг эзэмшсэн хугацааны төлбөрийг нэхэмжлэгч Т.Д, Б.Л, Д.Н нар нь шаардах боломжгүй үйл баримтыг тогтоон шийдвэрлэсэн байна...” гэж тайлбарласан. Нэхэмжлэгч тал шүүгчийн дээрх захирамжийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасны дагуу уг захирамжид тухайн шатны шүүхэд нь 2022.10.14-ний өдөр гомдол гаргасан бөгөөд тус шүүхийн “Гомдол шийдвэрлэх тухай” 2022.10.19-ний өдрийн 497 дугаартай тогтоолоор: “...Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.03.04-ний өдрийн 385 дугаар магадлалаар “...хэлцэл нь бүхэлдээ хүчин төгөлдөр бус байгаа тохиолдолд хэлцлээр тохиролцсон орон сууцанд амьдарсан хугацааны хөлс, СӨХ-ны төлбөрийг хариуцагчаас шаардах боломжгүй...” гэж дүгнэсэн нь энэ нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй гэж үзлээ. Тодруулбал, өмнө шийдвэрлэсэн маргааны тухайд талуудын хооронд хэлцлээр тохиролцсон зүйл нь орон сууцыг худалдах, төлбөр төлөх хугацааг тохирч, төлбөр бүрэн төлөгдсөн тохиолдолд байрны ордерийг шилжүүлэх, үлдэгдэл мөнгөө заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд алданги тооцох, үлдэгдэл мөнгөө төлөөгүйгээс гэрээ буцсан тохиолдолд гэрээ хийснээс хойш сарын 450,000 төгрөгийн түрээсийн төлбөрөөр бодож урьдчилгаа төлбөрөөс хасах, энэ хугацааны байрны төлбөр, тог, цахилгаан, СӨХ-ны мөнгийг бодож авах гэсэн нөхцөлүүд байсан байна. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлээс орон сууцанд амьдарсан хугацааны хөлс 23,000,000 төгрөг, СӨХ-ны төлбөр 864,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохдоо гэрээний дагуу шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэгт 27,200,000 төгрөг нэхэмжилсэн үндэслэлд хамаарахгүй гэж үзлээ...” гэж дүгнээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1.3-т заасныг удирдлага болгон Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 2022.10.06-ны өдрийн 23027 дугаартай захирамжийг хүчингүй болгосон юм. Улмаар тус шүүхийн 2022.12.21-ний өдрийн 24 дугаартай шийдвэрээр: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.01.05-ны өдрийн 183 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.03.04-ний өдрийн 385 дугаар магадлалаар орон сууцанд амьдарсан хугацааны хөлсийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ 2018.01.31-ний өдөр байгуулагдсан хэлцлийн дагуу орон сууц хөлсөлсний төлбөрт тооцон мөнгөн хөрөнгө шаардах эрхгүй гэж дүгнэсэн байна. Нэхэмжлэгч нар нь одоо гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэгт 27,200,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна. Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг өмнө нь хянан шийдвэрлэсэн гэх хариуцагчаас гаргасан тайлбар үндэслэлгүй. ...Хариуцагч Б.П нь орон сууцыг эзэмшсэн хугацаагаар бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр эзэмшсэнээс үүссэн төлбөрийг нэхэмжлэгч нарт төлөх үүрэг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үүссэн байна...” гэж дүгнээд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Паас 27,200,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Д, Б.Л, Д.Н нарт олгохоор шийдвэрлэсэн болно. 1.3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.03.17-ны өдрийн 576 дугаартай магадлалын тухайд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.03.17-ны өдрийн 576 дугаартай магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.12.21-ний өдрийн 24 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Т.Д, Б.Л, Д.Н нарын хариуцагч Б.Пт холбогдуулан гаргасан бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэгт 27,200,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ингэхдээ давж заалдах шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэлийг: “...Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.03.04-ний өдрийн 385 дугаар магадлалаар ...2018.01.31-ний өдрийн “Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ” нь хүчин төгөлдөр бус хэлцэл болсны үр дагаврыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэнэ, Т.Д, Б.Л, Д.Н нар нь Б.Пын орон сууцанд амьдарсан хугацааг үр шим хүртсэн сараар нь тооцон мөнгөн төлбөр нэхэх эрхгүй, нэхэмжлэгч Б.Л, хариуцагч Б.П нарын хооронд байгуулагдсан 2018.01.31-ний өдрийн хэлцэл нь бүхэлдээ хүчин төгөлдөр бус байгаа тохиолдолд хэлцлээр тохиролцсон орон сууцанд амьдарсан хугацааны хөлс, СӨХ-ны төлбөр төлөх үүргийг хариуцагчаас шаардах боломжгүй гэж дүгнэлт өгснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзэн дахин нотлохгүй. Иймд нэхэмжлэгч Т.Д, Б.Л, Д.Н нар нь хариуцагч Б.Пт холбогдуулан Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1, 493.6 дахь хэсэгт заасныг үндэслэн ... дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр байр, ... тоотод байрлах, ... м.кв талбай бүхий ... өрөө орон сууцыг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэгт 27,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байх боловч уг нэхэмжлэлийн шаардлагыг дээр дурдсан анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалаар эцэслэн шийдвэрлэсэн байна. Учир нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.03.04-ний өдрийн 385 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа 2018.01.31-ний өдрийн “Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ” нь хүчин төгөлдөр бус болсноор Б.Пын ... дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр байр, ... тоотод байрлах, ... м.кв талбай бүхий ... өрөө орон сууцанд амьдарсан хугацааг үр шим хүртсэн сараар нь тооцон мөнгөн төлбөр нэхэх, түүнчлэн орон сууцанд амьдарсан хугацааны хөлсийг нэхэмжлэгч Т.Д, Б.Л, Д.Н нар нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхгүй болохыг тогтоосон...”гэж тайлбарлажээ. 1.3. “Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэх үндэслэлийн тухайд: Монгол Улсын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй: 492.1.1 хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон;...” гэж заасан байдаг. “Хөрөнгө олж авсан этгээд” гэж маргааны зүйл болох эд хөрөнгө эзэмшилд нь байгаа этгээдийг ойлгох бол “үүрэг гүйцэтгэгч этгээд” гэж уг эд хөрөнгийг шилжүүлсэн этгээд байна. “Үүрэг нь хожим хүчин төгөлдөр бус болсон” гэдэгт Иргэний хуулийн 56-61 дүгээр зүйлд зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзсэн, эсхүл хүчин төгөлдөр бусад тооцсон байх тохиолдлуудыг хамааруулна. “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хөрөнгө шилжүүлсэн” гэдэг нь хөрөнгийн эзэмшигч өөрийн хөрөнгийг мэдэж, эсхүл андуурч сайн дураар, нөгөө этгээдэд шилжүүлэн өгөх үүрэгтэй гэж ойлгон тухайн эд хөрөнгийг биет байдлаар эзэмших эрхийн хамт шилжүүлсэн байхыг хэлнэ. Бусдын хөрөнгийн зарим хэсэг /мөнгөн хөрөнгө, эд зүйлс, шаардах эрх/ өөр этгээдийн эд хөрөнгөд орох, эсхүл өөр этгээдэд шилжих ёстой эд хөрөнгө хэвээр үлдэх явдлыг нэг этгээдийн хөрөнгө бусдын хөрөнгөөр баяжсан гэх ойлголтыг бий болгодог. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүсэх эрх зүйн харилцааны онцлог нь нэг талаас энэ нь гэрээний бус харилцаанд хамаардаг атлаа гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаа болдоггүй. Нөгөө талаас гэрээний бус харилцаа боловч гэрээний харилцаанаас үүдэлтэй байх боломжтой байдаг. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүрэг үүсэхэд дараах гурван нөхцөл бүрдсэн байх шаардлагатай: 1. Эд хөрөнгийг олж авсан этгээдийн хувьд өөрийнх нь эд хөрөнгийн үнэ нэмэгдсэн байх, эсхүл эд хөрөнгийнх нь бүрэлдэхүүнээс зайлшгүй гарах байсан хэсэг хадгалагдсан байх. 2. Хохирч буй талын эд хөрөнгө нь түүнээс тодорхой хэсэг нь гарснаар, эсхүл олох байсан орлого ороогүйгээр багасдаг бол эд хөрөнгийг олж буй этгээдийн эд хөрөнгө нэмэгдсэн байдаг. Гэвч ийнхүү нэмэгдсэн хэсгийн хэмжээ нөгөө талын эд хөрөнгө багассан хэмжээтэй заавал тэнцүү байх шаардлагагүй. 3. Эд хөрөнгө олсон, хадгалсан явдал хууль болон гэрээнд үндэслэгдээгүй байх. Эд хөрөнгө олж авах үед эрх зүйн үндэслэл байсан боловч хожим үгүй болсон тохиолдолд ч мөн энэ нөхцөлд хамаарна. Мөн Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт “Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна”, 493.6 дахь хэсэгт “Бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс, шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ” гэж тус тус заажээ. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн этгээдээс өөрийн эд хөрөнгийг шилжүүлсэн этгээд тухайн эд хөрөнгийг биетээр нь буцаан шаардаж авахаас гадна эд хөрөнгөөс олсон орлого, үр шимийг шаардах эрхтэй. Гэхдээ эд хөрөнгөөс олсон үр шимийг буцаан шаардах тохиолдолд Иргэний хуулийн 88 дугаар зүйлд заасан зохицуулалтыг анхаарах ёстой. Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.2 дахь хэсэгт зааснаар эрхийг зориулалтын дагуу ашигласнаас бий болсон орлогыг тухайн эрхийн үр шим гэж үздэг. Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол эд юмсын болон эрхийн үр шимийг тухайн эд юмс болон эрхийн хууль ёсны эзэмшигч олж авах эрхтэй гэж Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.3 дахь хэсэгт заажээ. Иргэний хуулийн 94, 95 дугаар зүйлд шударга болон шударга бус эзэмшигчийн эрх, үүрэг тусгагдсан ба үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн этгээдийн хувьд тухайн эд хөрөнгийг шударга, эсхүл шударга бусаар олж авснаас хамааран олсон орлого, үр шимийг жинхэнэ эзэмшигчид буцаан өгөх үүргийн хэмжээ тодорхойлогдоно. Эд хөрөнгийг шударга бус замаар олсон этгээд эд хөрөнгийн үр шим, эд хөрөнгөөс олсон орлогыг жинхэнэ эзэмшигчид бүхэлд нь буцаан өгөх үүрэгтэй бол эд хөрөнгийг шударгаар олсон этгээд зөвхөн өөрийн хууль бус эзэмшлийн талаар мэдсэн үеэс хойшхи орлого, үр шимийг буцааж өгнө. Эд хөрөнгийг хэлцлийн үндсэн дээр олж авсан этгээд шударга эзэмшигч мөн боловч хэлцэл хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдсон нөхцөлд тухайн шударга эзэмшигч нь шударга бус эзэмшигч болно. Учир нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хэлцэл анхнаасаа хүчин төгөлдөр бус байдаг тул энэ тохиолдолд шударга бус эзэмшигч болсон этгээд нь тухайн эд хөрөнгийг эзэмшиж эхэлснээс хойш олсон орлого, үр шимийг жинхэнэ эзэмшигчид буцааж өгөх үүрэгтэй байна. Иймд бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэгтэй холбоотой дээрх хууль зүйн үндэслэлд тулгуурлан нэхэмжлэгч Т.Д, Б.Л, Д.Н нараас хариуцагч Б.Пт холбогдуулан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022.05.27-ны өдөр гаргасан бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэгт 27,200,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарлавал: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.01.05-ны өдрийн 183 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.03.04-ний өдрийн 385 дугаар магадлалаар Б.Л, Б.П нарын хооронд 2018.01.31-ний өдөр байгуулагдсан “Орон сууц зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн учраас уг гэрээний дагуу Б.Пын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр түүнд Б.Лгээс ... дүүргийн .. дүгээр хороо, ... дүгээр байрны ... тоот орон сууцаа биет байдлаар эзэмших эрхийн хамт 2018.01.31-ний өдөр шилжүүлсэн боловч уг үүрэг нь хожим хүчин төгөлдөр бус болсон тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтад зааснаар Б.Л нь уг орон сууцыг олж авсан Б.Паас дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй юм. Түүнчлэн Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар буцаан шаардах шаардлагад Б.Пт шилжүүлсэн орон сууц, түүнээс олсон орлого, үр шим мөн хамаарна. Б.П нь уг орон сууцыг гэрээний үндсэн дээр олж авч, эзэмших үедээ шударга эзэмшигч байсан боловч уг гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг шүүх тогтоосон учраас түүнийг 2018.01.31-ний өдрөөс эхлэн уг орон сууцны шударга бус эзэмшигч байсан гэж үзнэ. Тодруулбал Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хэлцэл анхнаасаа хүчин төгөлдөр бус байдаг тул шударга бус эзэмшигч Б.П нь тухайн орон сууцыг эзэмшиж эхэлснээс хойш олсон орлого, үр шимийг уг орон сууцны өмчлөгчид буцааж өгөх ёстой. Нэхэмжлэгч тал хөрөнгийн үнэлгээний “ИЭ” ХХК-иар ... дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр байрны ... тоотод байрлах ... м.кв талбай бүхий ... өрөө орон сууцны 2018.02 сараас 2022.04 сарыг дуусталх хугацааны түрээсийн төлбөрийн зах зээлийн дундаж үнэлгээг хийлгэсэн: /Хүснэгтээр харуулсан/ Б.Пын хувьд 2018.02.01-ний өдрөөс 2022.05.01-ний өдрийг хүртэлх хугацаанд үнэ хөлс төлөхгүйгээр амьдарснаараа тэрээр уг орон сууцтай адил хэмжээ, чанарын орон сууцыг энэ хугацаанд түрээсэлсэн бол түүний эд хөрөнгийнх нь бүрэлдэхүүнээс зайлшгүй гарах байсан хэсэг болох 27,200,000 төгрөг өөрт нь хадгалагдаж үндэслэлгүй хөрөнгөжсөн байна. Нөгөөтэйгүүр хохирч буй тал болох уг орон сууцыг хамтран өмчлөгч Т.Д, Б.Л, Д.Н нар нь уг орон сууцаа 2018.02.01-ний өдрөөс 2022.05.01-ний өдрийг хүртэлх хугацаанд бусдад түрээсэлсэн бол олох байсан 27,200,000 төгрөгийн орлого олж чадалгүйгээр тэдний эд хөрөнгө нь багассан байна. Тиймээс хариуцагч Б.П нь нэхэмжлэгч нарын орон сууцыг 2018.02.01-ний өдрөөс 2022.05.01-ний өдрийг хүртэл нийт 04 жил 02 сарын хугацаанд үндэслэлгүйгээр эзэмшиж ашиглан нийт 27,200,000 төгрөгийн үр шим хүртэж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Гэхдээ Б.П нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд 2022.09.07-ны өдөр нэхэмжлэгч нарт орон сууцыг нь хүлээлгэж өгснийг дурдах нь зүйтэй. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Т.Д, Б.Л, Д.Н нараас хариуцагч Б.Пт холбогдуулан 2022.05.27-ны өдөр анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Б.Л, Б.П нарын хооронд 2018.01.31-ний өдөр байгуулагдсан “хэлцлээр тохиролцсон орон сууцанд амьдарсан хугацааны хөлс” нэхэмжлээгүй, харин Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалт, мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.1, 493.6 дахь хэсгийг тус тус үндэслэн хариуцагч Б.Паас бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэгт 27,200,000 төгрөгийг нэхэмжилсэн болно. Тодруулбал дээрх нэхэмжлэл нь урьд шийдвэрлэгдсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.01.05-ны өдрийн 183 дугаартай шийдвэртэй, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.03.04-ний өдрийн 385 дугаартай магадлалтай, Т.Д, Б.Л, Д.Н нарын нэхэмжлэлтэй, Б.Пт холбогдох иргэний хэрэгтэй холбоотой боловч нэхэмжлэлийн үндэслэл нь огт өөр юм. Хэрэв тухайн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар урьд өмнө гарсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, эсхүл хэргийг хэрэгсэхгүй болгохдоо шүүх нэхэмжлэлийн шаардлага, зүйл, үндэслэл, холбогдох этгээд, тэдгээрийн гэм буруугийн талаар дээрх шийдвэр гарсан эсэхийг зөв тогтоох шаардлагатай. Урьд шийдвэрлэгдсэн хэрэгтэй холбоотой боловч өөр үндэслэл, шаардлагатай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт заасан “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэр шийдвэр байгаа” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, эсхүл хэргийг хэрэгсэхгүй болгож болохгүй юм. Тийм ч учраас Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.10.19-ний өдрийн 497 дугаартай тогтоолоор давж заалдах шатны шүүх нэхэмжлэлээс орон сууцанд амьдарсан хугацааны хөлс 23,000,000 төгрөг, СӨХ-ны төлбөр 864,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохдоо гэрээний дагуу шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэгт 27,200,000 төгрөг нэхэмжилсэн үндэслэлд хамаарахгүй...” гэж, мөн тус шүүхийн 2022.12.21-ний өдрийн 24 дугаартай шийдвэрээр: “...Хариуцагч Б.П нь орон сууцыг эзэмшсэн хугацаагаар бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр эзэмшсэнээс үүссэн төлбөрийг нэхэмжлэгч нарт төлөх үүрэг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үүссэн байна...” гэж тус тус дүгнэн Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөв хэрэглэсэн байдаг. Харин Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.03.17-ны өдрийн 576 дугаартай магадлалаар “...Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.03.04-ний өдрийн 385 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа 2018.01.31-ний өдрийн “Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ” нь хүчин төгөлдөр бус болсноор В.Пын ... дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр байр, ... тоотод байрлах, ... м.кв талбай бүхий ... өрөө орон сууцанд амьдарсан хугацааг үр шим хүртсэн сараар нь тооцон мөнгөн төлбөр нэхэх, түүнчлэн орон сууцанд амьдарсан хугацааны хөлсийг нэхэмжлэгч Т.Д, Б.Л, Д.Н нар нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхгүй болохыг тогтоосон...” гэж дүгнэн Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн болно. Тиймээс нэхэмжлэгч Т.Д, Б.Л, Д.Н нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Пт холбогдох, бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэгт 27,200,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн бөгөөд энэ нь хяналтын журмаар гомдол гаргах үндэслэлд хамаарч байгаа болно. Хоёр. Гомдол гаргаж буй этгээдийн санал, хүсэлт: Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2 дахь хэсгийн 176.2.3 дахь заалтыг удирдлага болгон магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч нь нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих байр суурийг илэрхийлжээ.

6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.Нын гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.05.25-ны өдрийн 001/ШХТ2023/00621 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

7. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гомдлыг дараах үндэслэлээр хангах боломжгүй гэж үзэв.

8. Нэхэмжлэгч Т.Д, Б.Л, Д.Н нар, хариуцагч Б.Пт холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 27,200,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагчтай байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг шүүхийн шийдвэрээр тогтоосон, Б.П нь 2018.01.31-2022.05.01 хүртэл орон сууцанд амьдрахдаа өөрийн хөрөнгийг хэмнэх замаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Хэрвээ уг орон сууцыг бусдад түрээслүүлсэн байсан бол 27,200,000 төгрөгийн орлого олох байсан. Өмнө нь хянан шийдвэрлэгдсэн нэхэмжлэлийн шаардлагад орон сууцыг үндэслэлгүйгээр эзэмшсэнээс үүсэх үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй. Энэ үндэслэлээр өмнө нь нэхэмжлэл гаргаагүй...” гэж тодорхойлжээ.

Хариуцагч Б.П нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч, худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцоход миний буруу байгаагүй, энэ нэхэмжлэлийн шаардлагыг өмнө нь хянан шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхад дахин энэ асуудлаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж маргасан байна.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ “...өмнөх шийдвэр буюу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.01.05-ны өдрийн 183 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.03.04-ний өдрийн 385 дугаар магадлалаар нэхэмжлэгч Т.Д, Б.Л, Д.Н нар хариуцагч Б.Пт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, орон сууцнаас албадан чөлөөлүүлэх, хохиролд 23,000,000 төгрөг, орон сууц ашиглалт, үйлчилгээний зардалд 864,000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан, нэхэмжлэлээс орон сууцанд амьдарсан хугацааны хөлсийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу орон сууц хөлсийг шаардах эрхгүй гэж дүгнэсэн, ...нэхэмжлэгч нарын одоо гаргаж байгаа нэхэмжлэлийн үндэслэл нь бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийг шаардаж байх тул  нэхэмжлэлийн шаардлагыг өмнө нь шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй, хариуцагч Б.П нь орон сууцыг эзэмшсэн хугацаагаар бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр эзэмшсэнээс үүссэн төлбөр 27,200,000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар төлөх үүрэгтэй...” гэж үзжээ.

10. Давж заалдах шатны шүүх “...Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.01.05-ны өдрийн 183 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.03.04-ний өдрийн 385 дугаар магадлалаар Б.Л болон Б.П нарын байгуулсан 2018.01.31-ний өдрийн орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, орон сууцыг хариуцагчийн эзэмшлээс гаргуулж, нэхэмжлэгчээс 31,000,000 төгрөгийг гаргуулж хариуцагчид буцаан олгож шийдвэрлэсэн, харин хэлцэл хүчин төгөлдөр бус учраас орон сууцанд амьдарсан хугацааг үр шим хүртсэн сараар нь тооцон мөнгөн төлбөр нэхэх эрхгүй, ...нэхэмжлэлийн шаардлагыг хуулийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлалаар шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байсан...” гэж дүгнээд шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

11. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар өөр өөр дүгнэлт хийснээс зөрүүтэй шийдвэр гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн алдааг залруулсан байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

12. 2018.01.31-ний өдөр нэхэмжлэгч Б.Л нь хамтран өмчлөлийн зүйл болох ... дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр байр, ... тоотод байрлах, ... м.кв талбай бүхий ... өрөө орон сууцаа Б.Пт 46,000,000 төгрөгөөр худалдах, Б.П нь урьдчилгаа 28,000,000 төгрөгийг 2018.01.31-ний өдөр шилжүүлж, үлдэх 18,000,000 төгрөгийг 2018.10.31-ний дотор төлөх, төлбөрийг төлснөөр өмчлөх эрхийг шилжүүлэх, үлдэгдэл мөнгөө заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд 0.5 хувийн алданги тооцох, мөн гэрээ буцсан тохиолдолд гэрээ хийсэн өдрөөс хойш сарын 450,000 төгрөгийн түрээсийн төлбөрийг бодож урьдчилгаанд өгсөн 28,000,000 төгрөгөөс хасч, энэ хугацаанд суусан байрны төлбөр тог, цахилгаан, СӨХ-ны мөнгийг харилцан суутгах нөхцөл бүхий гэрээ байгуулсан, Б.П нь нийт 31,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Лд төлсөн, 2018.01.31-ний өдрөөс 2022.09 сар хүртэл орон сууцанд амьдарсан үйл баримт тогтоогджээ.

13. Нэхэмжлэгч Т.Д, Б.Л, Д.Н нар хариуцагч Б.Пт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, орон сууцнаас албадан чөлөөлүүлэх, хохиролд 23,000,000 төгрөг, орон сууц ашиглалт, үйлчилгээний зардалд 864,000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан, ...Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.01.05-ны өдрийн 101/ШШ2022/00183 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.03.04-ний өдрийн 385 дугаар магадлалаар Б.Л болон Б.П нарын байгуулсан 2018.01.31-ний өдрийн орон сууц зээлээр худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, орон сууцыг хариуцагчийн эзэмшлээс гаргуулж, нэхэмжлэгчээс 31,000,000 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож, нэхэмжлэлээс орон сууц хөлсөлсний төлбөр 23,000,000 төгрөг, дундын өмчлөлийн засвар үйлчилгээний зардал 864,000 төгрөг, нийт 23,864,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх ба уг шийдвэрээр нэхэмжлэлийг өмнө нь шийдвэрлэгдсэн гэж үзэх эсэх талаар хоёр шатны шүүх өөр өөр дүгнэлтийг хийсэн.

14. Шүүхийн дээрх шийдвэрээс үзвэл нэхэмжлэгч нь орон сууц худалдах, худалдан авах гэрээнд “...гэрээ буцсан тохиолдолд гэрээ хийсэн өдрөөс хойш сарын 450,000 төгрөгийн түрээсийн төлбөрийг бодож урьдчилгаанд өгсөн мөнгөнөөс хасна..” гэж заасны дагуу хариуцагч Б.Паас орон сууцны хөлс 23,000,000 төгрөгийг шаардсан боловч шүүх “...хэлцэл нь бүхэлдээ хүчин төгөлдөр бус байгаа тохиолдолд хэлцлээр тохиролцсон орон сууцанд амьдарсан хугацааны хөлс, СӨХ-ны төлбөр төлөх үүргийг хариуцагчаас шаардах боломжгүй...” гэснээс гадна “...Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн  492.1.1-д заасан үндэслэл байхгүй...” гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь орон сууцыг ашигласан хугацааны хөлсийг шаардахдаа гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж өөрөө нэхэмжлэл гаргасан атлаа орон сууц ашигласны хөлсийг өөр баримтаар нотлоогүй тул шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу шаардах эрхгүй гэж хэрэгсэхгүй болгосон, энэ нэхэмжлэлийн шаардлагыг өмнө нь шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдсэн гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зөрчөөгүй байна. Энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт болсон байх тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий болсон, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2023/00576 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төлсөн 293,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Г.АЛТАНЧИМЭГ

                 ШҮҮГЧИД                                                        Н.БАЯРМАА

                                                                                              П.ЗОЛЗАЯА

                                                                                              Д.ЦОЛМОН

                                                                                              Х.ЭРДЭНЭСУВД