Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/00576

 

 

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/00576

 

 

А-, Б-, В- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ш.Оюунханд, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2023/00024 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-, Б-, В- нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Г-т холбогдох,

Бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэгт 27,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.Наранбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа, өмгөөлөгч О.Алтанчулуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч Б- нь хариуцагч Г-тай 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 81 дүгээр байрны ** тоотод байрлах 27 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 46,000,000 төгрөгөөр худалдах, Г- нь урьдчилгаа 28,000,000 төгрөгийг 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр төлж орон сууцыг эзэмшилдээ авах, үлдэх 18,000,000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, Г- нь Б-д 21,000,000 төгрөг төлсөн. Үүнээс хойш Г- нь 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 10,000,000 төгрөгийг Б-гийн дансанд шилжүүлж, нийт 31,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд тэрээр 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл тус орон сууцанд амьдарч байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 183 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 385 дугаар магадлалаар талуудын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж дүгнэн уг орон сууцнаас хариуцагч Г-ыг албадан гаргаж, нэхэмжлэгч Б-гээс 31,000,000 төгрөг гаргуулан хариуцагч Г-т олгосон.

Талуудын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг шүүх хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн учраас орон сууц худалдах, худалдах авах гэрээний дагуу худалдан авагч Г-ын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр түүнд худалдагч Б- нь орон сууцаа биет байдлаар эзэмших эрхийн хамт шилжүүлсэн боловч уг үүрэг нь хожим хүчин төгөлдөр бус болсон тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар Б- нь уг орон сууцыг олж авсан Г-аас дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй юм. Түүнчлэн Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар буцаан шаардах шаардлагад Г-т шилжүүлсэн орон сууц, түүнээс олсон орлого, үр шим мөн хамаарна.

Хөрөнгийн үнэлгээний Итгэлт-Эстимэйт ХХК-аар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 81 дүгээр байрны ** тоотод байрлах 27 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны 2018 оны 02 сараас 2022 оны 04 сарыг дуусталх хугацааны түрээсийн төлбөрийн зах зээлийн дундаж үнэлгээг хийлгэсэн. Дээрх үнэлгээнээс үзэхэд нэхэмжлэгч нарын орон сууцыг шударга бусаар эзэмшиж буй Г-ын хувьд 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд үнэ хөлс төлөхгүйгээр амьдарснаараа тэрээр уг орон сууцтай адил хэмжээ, чанарын орон сууцыг энэ хугацаанд түрээсэлсэн бол түүний эд хөрөнгийнх нь бүрэлдэхүүнээс зайлшгүй гарах байсан хэсэг болох 27,200,000 төгрөг өөрт нь хадгалагдаж үндэслэлгүй хөрөнгөжсөн байна. Түүнчлэн нэхэмжлэгч нар нь уг орон сууцаа тухайн хугацаанд бусдад түрээсэлсэн бол олох байсан 27,200,000 төгрөгийн орлого олж чадалгүйгээр тэдний эд хөрөнгө нь багассан байна.

Иймд Г-аас бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэгт 27,200,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэлбэрийн хувьд өөрөөр илэрхийлсэн хэдий ч агуулгын хувьд үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлага гаргаж, энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тус шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2022/00183 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 385 дугаар магадлалаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь талуудын алинд ч ойлгомжтой шийдвэр байдаг. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байсан боловч анхан шатны шүүх нэгэнт иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлсэн. Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нөхцөл бий болсон байна.

Түүнчлэн би Нийслэлийн тус үл хөдлөх хөрөнгөөр ашиг орлого олоогүй, гэрээ болон хуулийн дагуу эзэмшиж байна. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.4.1, 493 дугаар зүйлийн 493.3, 493.4-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй, би бусдын хөрөнгийг хууль зөрчиж эзэмшээгүй, түүнээс ямар нэг ашиг олоогүй, талуудын хооронд байгуулагдсан гэрээг шүүхээр хүчин төгөлдөр бус болгуулсан үйл баримтад миний буруутай үйлдэл байхгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Г-аас 27,200,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А-, Б-, В- нарт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нараас төлсөн 293,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г-аас улсын тэмдэгтийн хураамжид 293,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Уг нэхэмжлэлд дурдсан асуудлыг 2021 онд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүх 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2023/00183 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 385 дугаар магадлалаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэгч Б-гээс 31,000,000 төгрөг гаргуулан хариуцагч Г-т олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч нар нь дээрх нэхэмжлэлийн агуулга, шаардлагыг хэлбэрийг өөрчилж дахин нэхэмжлэл гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах байхад анхан шатны шүүх хүлээн авсан.

Мөн тухайн иргэний хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дээр дурдсан шийдвэр, магадлалыг нотлох баримтын хүрээнд гаргаж өгсөн.

Хариуцагч Г- нь тус орон сууцыг Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ-гээр эзэмшилдээ шилжүүлсэн боловч нэхэмжлэгч нар хэлсэндээ хүрэлгүй Г-т байраа зарахаа болилоо гэснээс үүдэн тэдний хооронд маргаан үүссэн байдаг. Нэхэмжлэгч талын хүсэл зоригийн дагуу Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ цуцалсан байхад Г-ыг нэхэмжлэгчдийн хөрөнгийг үндэслэлгүйгээр буюу бусдын хөрөнгийг эзэмшиж хохироосон мэтээр анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэж гуйвуулан тайлбарлаж байна.

Хариуцагч Г-ын үл хөдлөх хөрөнгийг худалдан авах зорилготой урьдчилгаа төлбөр төлсөн нь анхнаасаа амьдарч ашиглаж байснаас ямар нэгэн ашиг орлого олох зорилго байгаагүй, ашиг орлого олоогүй. Талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад анхан шатны шүүх дахин нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн тухай хуулийг ноцтой зөрчиж ашиг сонирхлыг зөрчилтэй илтэд хууль бус шийдвэр гаргасан байна гэж үзэж гомдол гаргаж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Давж заалдах гомдол нь гомдол гаргах журам, шаардлагыг хангаагүй.

Хариуцагч тал Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 385 дугаартай магадлалын үндэслэх хэсэгт нэхэмжлэгч Б-, хариуцагч Г- нарын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хэлцэл нь бүхэлдээ хүчин төгөлдөр бус байгаа тохиолдолд хэлцлээр тохиролцсон орон сууцанд амьдарсан хугацааны хөлс төлөх үүргийг хариуцагч тал шаардах эрхгүй гэж дүгнэсэн байгааг хариуцагч тал ойлгоогүй. Хэдийгээр гэрээ нь хуульд заасан шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус боловч уг гэрээ цуцлагдсан тохиолдолд амьдарсан хугацааны орон сууцны хөлсийг тохиролцож төлнө гэсэн тохиоролцоо гэрээнд байсан. Энэ тохиролцоогоор өмнө шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан.

Үүнийг давж заалдах шатны шүүх шийдвэрлэхдээ нэгэнт гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож байгаа тул гэрээгээр тохиролцсон орон сууцанд амьдарсан хугацааны хөлс шаардах эрхгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

Өнөөдөр гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага өөр буюу 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж тодорхой дурдсан. Энэ хугацаанд орон сууц худалдан авсан гэрээ нь хүчин төгөлдөр бус болсон тул тухайн үеэс Г- нь орон сууцыг шударга бусаар эзэмшиж байгаа орон сууцанд амьдарсан хугацаанд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна. Г- нь орон сууц хөлсөлж амьдарсан бол энэ хэмжээний зардал гарах байсныг хэмнэж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Нөгөө талаар орон сууц өмчлөгч нь Г-ын амьдарсан хугацаанд өөр хүнд уг орон сууцыг хөлслүүлсэн бол орлогоо алдаж хохирсон. Иймд өмнө шийдвэрлэсэн шийдвэр, магадлал нь одоо гаргаж байгаа нэхэмжлэлээс өөр асуудлыг шийдвэрлэсэн, анхан шатны шүүх нэхэмжлэлийг хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн тул хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд хариуцагч талын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч А-, Б-, В- нар нь хариуцагч Г-т холбогдуулан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 81 дүгээр байр, ** тоотод байрлах, 27 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэгт 27,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлээгүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтын талаар үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт өгөөгүйг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой байна.

 

4. Б- нь Г-тай 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Б- нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 81 дүгээр байр, ** тоотод байрлах, 27 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 46,000,000 төгрөгөөр худалдах, Г- нь урьдчилгаа 28,000,000 төгрөгийг 2018 оны 01 дүгээр 31-ний өдөр шилжүүлж, үлдэх 18,000,000 төгрөгийг 2018 оны 10 сарын 31-ний өдрийн дотор төлөх нөхцөлтэйгээр байгуулжээ.

Уг гэрээний дагуу Г- нь 31,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б-д төлж, улмаар 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сар хүртэл хугацаанд маргаан бүхий орон сууцанд амьдарсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

5. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2022/00183 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 385 дугаар магадлалаар Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 81 дүгээр байр, ** тоот орон сууцнаас хариуцагч Г-ыг албадан гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаас орон сууц хөлсөлсний төлбөр 23,000,000 төгрөг, дундын өмчлөлийн засвар үйлчилгээний зардал 864,000 төгрөг, нийт 23,864,000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б-гээс 31,000,000 төгрөг гаргуулан хариуцагч Г-т олгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

5.1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 385 дугаар магадлалаар нэхэмжлэгч А-, Б-, В- нарын хариуцагч Г-аас орон сууц хөлсөлсний төлбөр 23,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо дараах үйл баримтыг тогтоожээ. Үүнд:

5.1.1. 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ,

5.1.2. Хүчин төгөлдөр бус хэлцэл буюу үүрэг үүсээгүй байхад эд хөрөнгө харилцан шилжүүлсэн буюу мөнгөн хөрөнгө шилжүүлсэнтэй холбоотой асуудлыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт нарийвчлан зохицуулсан. Өөрөөр хэлбэл, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар мөн зүйлийн 56.5 дах хэсэгт заасны харилцан өгсөн, авсан зүйлээ буцаан шилжүүлэх, түүнээс олсон орлогыг шилжүүлэх агуулгатай,

5.1.3. Нэхэмжлэгч нарын хувьд хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу шилжүүлсэн орон сууцаа хариуцагчийн эзэмшлээс буцаан чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй. Харин орон сууцанд амьдарсан хугацааг үр шим хүртсэн сараар нь тооцон мөнгөн төлбөр нэхэх, мөн орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардал төлөх үүргийг өмчлөгч хуулиар хүлээдэг учир СӨХ-ны төлбөр хариуцагчаас шаардах эрхгүй, Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсгийн заасантай нийцэхгүй,

5.1.4. Нэхэмжлэгч Б-, хариуцагч Г- нарын хооронд байгуулагдсан 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хэлцэл нь бүхэлдээ хүчин төгөлдөр бус байгаа тохиолдолд хэлцлээр тохиролцсон орон сууцанд амьдарсан хугацааны хөлс, СӨХ-ны төлбөр төлөх үүргийг хариуцагчаас шаардах боломжгүй тул нэхэмжлэгч нь хэлцлээр шилжүүлсэн 31,000,000 төгрөгийг хариуцагч Г-т буцаан өгөх нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т нийцнэ.

 

5.2. Дээрх магадлалаар 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл болсны үр дагаврыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэнэ, А-, Б-, В- нар нь Г-ийн орон сууцанд амьдарсан хугацааг үр шим хүртсэн сараар нь тооцон мөнгөн төлбөр нэхэх эрхгүй, нэхэмжлэгч Б-, хариуцагч Г- нарын хооронд байгуулагдсан 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хэлцэл нь бүхэлдээ хүчин төгөлдөр бус байгаа тохиолдолд хэлцлээр тохиролцсон орон сууцанд амьдарсан хугацааны хөлс, СӨХ-ны төлбөр төлөх үүргийг хариуцагчаас шаардах боломжгүй гэж дүгнэлт өгснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзэн дахин нотлохгүй.

 

5.3. Иймд нэхэмжлэгч А-, Б-, В- нар нь хариуцагч Г-т холбогдуулан Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1, 493.6 дахь хэсэгт заасныг үндэслэн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 81 дүгээр байр, ** тоотод байрлах, 27 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэгт 27,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байх боловч уг нэхэмжлэлийн шаардлагыг дээр дурдсан анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалаар эцэслэн шийдвэрлэсэн байна.

Учир нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 385 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус болсноор Г-ын Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 81 дүгээр байр, ** тоотод байрлах, 27 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцанд амьдарсан хугацааг үр шим хүртсэн сараар нь тооцон мөнгөн төлбөр нэхэх, түүнчлэн орон сууцанд амьдарсан хугацааны хөлсийг нэхэмжлэгч А-, Б-, В- нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхгүй болохыг тогтоосон.

 

6. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хуулийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлалаар эцэслэн шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан.

Иймд хариуцагч талын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасантай нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2023/00024 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч А-, Б-, В- нарын хариуцагч Г-т холбогдуулан гаргасан бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэгт 27,200,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Т.БАДРАХ