Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2023/00024

 

 

 

 

 

 

 

2022 12 21

101/ШШ2023/00024

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн хххххххххххххх тоотод оршин суух, Ин хонгор овогт Т.Д /рд:хххххххххх/,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн хххххххххххххххх тоотод оршин суух, Буд овогт Б.Л /рд:хххххххххххх/,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн ххххххххххххххх тоотод оршин суух, Их хонгор овогт Д.Н-Э /рд:ххххх/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн ххххххххххххтоотод оршин суух, Өөлд овогт Б.П /рд:ххххххх/-т холбогдох,

 

Бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэгт 27,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч болон Т.Д, Д.Н.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, түүний өмгөөлөгч Ж.Н, хариуцагч Б.П, түүний өмгөөлөгч Т.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.Л нь хариуцагч Б.Птай 2018.01.31-ний өдөр Орон сууц зээлээр худалдах-худалдан авах гэрээ-г бичгээр байгуулсан бөгөөд уг гэрээгээр Б.Л нь Баянзүрх дүүргийн ххххххххххххх тоотод байрлах 27 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 46,000,000 төгрөгөөр худалдах, Б.П нь урьдчилгаа 28,000,000 төгрөгийг 2018.01.31-ний өдөр төлж орон сууцыг эзэмшилдээ авах, үлдэх 18,000,000 төгрөгийг 2018.10.31-ний өдрийн дотор төлөх, төлбөр бүрэн төлөгдсөн тохиолдолд байрны гэрчилгээг Б.Пын нэр дээр шилжүүлэх үүрэг хүлээсэн. Гэрээ байгуулсан 2018.01.31-ний өдөр Б.П нь 28,000,000 твгрөгийг Б.Лгийн эзэмшлийн 5720693782 дугаартай дансанд шилжүүлсэн боловч уг шилжүүлсэн мөнгөнөөс 7,000,000 төгрөгийг Б.П нь тэр өдөртөө буцаан авч, тухайн өдөр Б.Лд 21,000,000 төгрөг төлсөн. Үүнээс хойш Б.П нь 2018.08.12-ны өдөр 10,000,000 төгрөгийг Б.Лгийн дансанд шилжүүлж, нийт 31,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд тэрээр 2018.01.31 -ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл буюу 2022.05.25-ны өдрийг хүртэл Баянзүрх дүүргийн ххххххххххххтоот орон сууцыг эзэмшин уг орон сууцанд амьдарч байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.01.05-ны өдрийн 183 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.03.04-ний өдрийн хххххх дугаартай магадлалаар талуудын хооронд байгуулагдсан 2018.01.31-ний өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь заалтад заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж дүгнэн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 81 дүгзэр байрны 22 тоот орон сууцнаас хариуцагч Б.Пыг албадан гаргаж, нэхэмжпэгч Б.Лгээс 31,000,000 төгрөгийг гаргуулан хариуцагч Б.Пт олгохоор шийдвэрлэсэн.

Тодруулбал шүүх талуудыг Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэг, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт тус тус зааснаар дээр дурдсан гэрээг нотариатаар гэрчлүүлээгүй, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй байна гэж үзсэн. Мөн орон сууц хамтран өмчлөгч Б.Л нь орон сууцны бусад өмчлөгч болох Т.Д, Д.Н.Э нараас тэдний өмнөөс бусад этгээдтэй хэлцэл байгуулах, өмчлөх эрхийг шилжүүлэх эрх олгоогүй байхад тэдний зөвшөөрөлгүйгээр хэлцэл хийсэн гэж дүгнэсэн. Нэгэнт талуудын хооронд байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарч байгаа тул мөн зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хэлцэл хийсэн талууд нь хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. Харин худалдагч Б.Л нь худалдан авагч Б.Птай 2018.01.31-ний өдөр байгуулсан орон сууц худалдах-худалдан авах гэрээний дагуу Б.Пт гэрээний зүйл болох Баянзүрх дүүргийн ххххххххххххх тоот орон сууцаа мөн өдөртөө шилжүүлж эзэмшүүлсэн бөгөөд тэрээр өнөөдрийг хүртэл уг орон сууцыг эзэмшиж байна. Үндэслэлгүйгээр хөрөнгөжих буюу бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэггэй холбоотой дээр дурдсан хууль зүйн үндэслэлийг нэхэмжлэлийн шаардлагатайгаа уялдуулан тайлбарлавал:

Талуудын хооронд байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээг шүүх хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн учраас орон сууц худалдах-худалдах авах гэрээний дагуу худалдан авагч Б.Пын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр түүнд худалдагч Б.Л нь Баянзүрх дүүргийн 14 дүгзэр хороо, 81 дүгээр байрны 22 тоот орон сууцаа биет байдлаар эзэмших эрхийн хамт 2018.01.31-ний өдөр шилжүүлсэн боловч уг үүрэг нь хожим хүчин төгөлдөр бус болсон тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтад зааснаар Б.Л нь уг орон сууцыг олж авсан Б.П-аасс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй юм. Түүнчлэн Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар буцаан шаардах шаардлагад Б.Пт шилжүүлсэн орон сууц, түүнээс олсон орлого, үр шим мөн хамаарна. Б.П нь уг орон сууцыг гэрээний үндсэн дээр олж авч, эзэмших үедээ шударга эзэмшигч байсан боловч уг гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг шүүх тогтоосон учраас түүнийг 2018.01.31-ний өдрөөс эхлэн уг орон сууцны шударга бус эзэмшигч байсан гэж үзнэ. Тодруулбал Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан хэлцэл анхнаасаа хүчин төгөлдөр бус байдаг тул шударга бус эзэмшигч Б.П нь тухайн орон сууцыг эзэмшиж эхэлснээс хойш олсон орлого, үр шимийг уг орон сууцны өмчлөгчид буцааж өгөх ёстой. Б.П нь тухайн орон сууцыг эзэмшсэнээс хойш ямар орлого, үр шим хүртэж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн бэ? Нэхэмжлэгч тал хөрөнгийн үнэлгээний Итгэлт-Эстимэйт ХХК-иар Баянзүрх дүүргийн ххххххххххххх тоотод байрлах 27 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны 2018 оны 02 сараас 2022 оны 04 сарыг дуусталх хугацааны түрээсийн төлбөрийн зах зээлийн дундаж үнэлгээг хийлгэсэн. Дээрх үнэлгээнээс үзэхэд нэхэмжлэгч нарын орон сууцыг шударга бусаар эзэмшиж буй Б.Пын хувьд 2018.02.01-ний өдрөөс 2022.05.01-ний өдрийг хүртэлх хугацаанд үнэ хөлс төлөхгүйгээр амьдарснаараа тэрээр уг орон сууцтай адил хэмжээ, чанарын орон сууцыг энэ хугацаанд түрээслэсэн бол түүний эд хөрөнгийнх нь бүрэлдэхүүнээс зайлшгүй гарах байсан хэсэг болох 27,200,000 төгрөг өөрт нь хадгалагдаж үндэслэлгүй хөрөнгөжсөн байна. Нөгөөтэйгүүр хохирч буй тал болох уг орон сууцыг хамтран өмчлөгч Т.Д, Б.Л, Д.Н.Э нар нь уг орон сууцаа 2018.02.01-ний өдрөөс 2022.05.01-ний өдрийг хүртэлх хугацаанд бусдад түрээслэсэн бол олох байсан 27,200,000 төгрөгийн орлого олж чадалгүйгээр тэдний эд хөрөнгө нь багассан байна. Тиймээс хариуцагч Б.П нь нэхэмжлэгч нарын орон сууцыг 2018.01.31-ний өдрөөс 2022.05.01-ний өдрийг хүртэлх хугацаанд үндэслэлгүйгээр эзэмшиж ашиглан нийт 27,200,000 төгрөгийн үр шим хүртэж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх хууль зүйн бүрэн үндэслэлтэй байна. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалт, мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.1, 493.6 дахь заалтад тус тус заасныг үндэслэн хариуцагч Б.П-аасс бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэгт нийт 27,200,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Д, Б.Л, Д.Н.Э нарт олгож өгнө үү гэв.

 

2.Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 493 дугаар зүйлийн 493.1, 493.6-д зааснаар бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшснээс үүсэх үүрэгт нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үнийн дүнгээр төлбөр гаргуулахыг шаардсаныг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй, хариуцахгүй, бүрэн хэмжээгээр нь татгалзаж байна. Нэхэмжлэгч нар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэлбэрийн хувьд өөрөөр илэрхийлсэн хэдий ч агуулгын хувьд үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлага гаргаж, энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тус шүүхийн 2022.01.05-ны өдрийн ххххххххххх дугаар шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн хххххх дугаар магадлалаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь талуудын алинд ч ойлгомжтой шийдвэр байдаг. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байсан боловч анхан шатны шүүх нэгэнт иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлсэн. Гэвч энэ үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл нь нэгэнт байгаа нөхцөлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэхь хэсэгт заасан үндэслэлд нийцэж байгаа учраас нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нөхцөл бий болсон байгаа учраас хуульд нийцсэн шийдэл гаргах үндэслэл болж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэсэн журамтай тул шүүхийн дээр дурдсан шийдвэрүүдийн хуулбарыг хавсарган шүүхэд гаргаж байна.

Хариуцагч Б.П би нэхэмжлэгч нарын шаардлагадаа дурдсанчлан тэдний БЗДүүргийн хххххххххх тоотод хаягт байрлах 26.98 м2 талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 2018.01.31-ний өдрийн Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ээр эзэмшилдээ шилжүүлж, уг хөрөнгийг нэхэмжлэгч нарыг арилжааны банкны барьцаанаас чөлөөлөгдсөний дараа Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т зааснаар шилжүүлэхээр тохиролцож урьдчлан шилжүүлэн өгсөн 31.0 сая төгрөгний зээлийн төлбөрөө 2020.07.08-ны өдөр барьцаанаас чөлөөлүүлсэн боловч тэд хэлсэн ярьсандаа хуулийн дагуу явагдаагүй бөгөөд харин эсрэгээрээ нэхэмжлэгч нар уг үл хөдлөх хөрөнгөө худалдан авагч Б.П надад байраа зарахаа болилоо гэснээс үүдэн бидний хооронд энэ маргаан үүссэн. Иймээс нэхэмжлэгч нарын өөрсдийн хүсэл зоригийн дагуу дээр дурдсан гэрээгээр Б.П би эзэмшилдээ шилжүүлэн эзэмшиж байгаа учраас нэхэмжлэгчдийн хөрөнгийг үндэслэлгүйгээр бусдын хөрөнгийг эзэмшиж хохироосон үйл баримт огт байхгүй учраас нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй. Нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагаар шүүх 2022.1.5-ний өдрийн ххххххххххх дугаар шийдвэрээр тэдний хүссэнээр 2018 онд байгуулсан дээр дурдсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон. Өмнөх бий болсон үйл баримтуудаас тодруулбал нэхэмжлэгч нар 2018.1.31-ний өдөр байгуулсан гэрээгээр анхнаасаа БЗДүүргийн хххххххххх тоотод хаягт байрлах 26.98 м2 талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг бусдад ямар нэг хэлбэрээр шилжүүлэх сонирхолгүй учраас арилжааны банкинд барьцаалагдсан эрхийн зөрчилтэй хөрөнгийг уг барьцаанаас чөлөөлөхийн тулд Иргэний хуулийн 109, 110 дугаар заалтад үл нийцсэн санал тавьж надаас урьдчлан 31,0сая төгрөг авч, барьцаанаас үл хөдлөх хөрөнгөө чөлөөлж авсны дараа /тухай үед барьцаанаас чөлөөлснийг мэдээгүй, шүүхэд маргаан үүссэний дараа олж мэдсэн/ худалдахаа болилоо гэж татгалзаж эхэлсэн.

Гэрээг хүчин төгөлдөр бус тооцуулсан үйл баримтад миний буруутай зүйл огт байхгүй, дээр дурдснаар нэхэмжлэгч нарын өөрсдийнх нь хууль зөрчсөн ажиллагаанаас би хохирч байгаа харин би 31.0 сая төгрөгөө хуулиар зөвшөөрөгдсөн хүрээнд зах зээлд эргэлтэд оруулсан бол би олох байсан орлого тооцоолох нь илүү үнэнд нийцнэ. Гэвч дээрх гэрээ байгуулагдах болсон үеэс өнөөг хүртэл өөрийн өмчлөлд үл хөдлөх хөрөнгийг хуульд зааснаар шилжүүлэн авах нэг л хүсэл зоригоо тууштай илэрхийлж ирсэн. 2018 оноос хойш маргааны үйл баримт хэрхэн өрнөсөн талаарх нотолгоо нь хүчин төгөлдөр байгаа Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн хххххх дугаар магадлалаар нотлогдон тогтоогдсон байгаа. Хариуцагч Б.П би нэхэмжлэгч нарын өмчлөлийн Нийслэлийн БЗДүүргийн хххххххххх тоот хаягт байрлах 26.98 м2 талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг тэдний хүссэнээр хэдийгээр одоо хүчин төгөлдөр бусд тооцогдсон ч тэдэнтэй харилцан тохиролцсон гэрээг үндэслэн эзэмшиж байсан, тэдний өөрсдийнх нь гэрээнээс үндэслэлгүй татгалзснаар миний хувьд үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн, мөн одоо ч нэхэмжлэгч нар шүүхийн өмнөх шийдвэрээр миний өмч болох 31.000.000 төгрөгийг буцаан өгөөгүйгээс уг байрны эзэмшил үргэлжилж байгааг хууль бус гэж үзэхгүй байна. Бусдын хөрөнгө тэдэнд үнэ цэнэгүй, өөрсдийнх нь хөрөнгө үнэ цэнэтэй мэт тооцох тэдний энэ бусармаг араншинг тэвчиж, хүлээн зөвшөөрөхгүй. Түүнчлэн би Нийслэлийн БЗДүүргийн хххххххххх тоотод хаягт байрлах 26.98 м2 талбай бүхий үл хөдлөх хөрөнгөөр ашиг орлого олоогүй, мөн ашиг орлого олох зорилго эхнээс өнөөг хүртэл ч байгаагүй, гэрээ болон хуулийн дагуу эзэмшиж байна.

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.4.1, 493 дугаар зүйлийн 493.3, 493.4-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй, хариуцагч Б.П би бусдын хөрөнгийг хууль зөрчиж эзэмшээгүй, түүнээс ямар нэг ашиг олоогүй, нэхэмжлэгч тал анхнаасаа хууль зөрчсөн ажиллагаа явуулж, анх байгуулсан буюу 2018 оны гэрээнээс үндэслэлгүй татгалзаж, энэхүү хүсэл зоригоо гүйцэлдүүлэхийн тулд анхнаасаа худалдан борлуулах зорилгогүй, анхнаасаа хүсэл зорилгодоо хүрэх боломжгүй, зөвхөн надаас урьдчилгаа 31.0 сая төгрөг гаргуулж, арилжааны банкны 30 гаруй сая төгрөгийн төлбөрөө барагдуулж, эцэст өөрсдийнхөө зорилгоо биелүүлж 2018 оны талуудын хооронд байгуулагдсан гэрээг шүүхээр хүчин төгөлдөр болгуулсан үйл баримтад миний буруутай үйлдэл байхгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3. Шүүх хэрэг авагдсан нотлох баримтууд болох:

3.1 Нэхэмжлэгчээс гаргасан 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, Итгэлт эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан,

3.2 Хариуцагчаас гаргасан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ххххххххххх дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн хххххх дугаар магадлал, Монголын Ипотекийн корпораци ОССК-ийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 20/15-2357 тоот албан бичиг зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.Д, Б.Л, Д.Н.Э нар нь хариуцагч Б.Пт холбогдуулан бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэгт 27,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

2. Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

2.1 Маргаан бүхий Баянзүрх дүүргийн ххххххххххххтоотод байрлах, 27 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Т.Д, Б.Л, Д.Н.Э нар нь 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр бүртгэгджээ.

 

2.2 Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Б.Л нь хариуцагч Б.Птай 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр орон сууц зээлээр худалдах-худалдан авах нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр Б.Л нь Баянзүрх дүүргийн ххххххххххххтоотод байрлах, 27 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 46,000,000 төгрөгөөр худалдах, Б.П нь урьдчилгаа 28,000,000 төгрөгийг 2018 оны 01 дүгээр 31-ний өдөр шилжүүлж, үлдэх 18,000,000 төгрөгийг 2018 оны 10 сарын 31-ний өдрийн дотор төлөх, төлбөр бүрэн төлөгдсөн тохиолдолд байрны ордерийг Б.Пт шилжүүлэх, үлдэгдэл мөнгөө заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд 0.5 хувийн алданги тооцох, үлдэгдэл мөнгөө өгөөгүйгээс гэрээ буцсан тохиолдолд гэрээ хийсэн өдрөөс хойш сарын 450,000 төгрөгийн түрээсийн төлбөрийг бодож урьдчилгаанд өгсөн 28,000,000 төгрөгөөс хасч, энэ хугацаанд суусан байрны төлбөр тог, цахилгаан, СӨХ-ны мөнгийг бодож авах нөхцөлтэйгээр байгуулсан байна.

 

2.3 Уг гэрээний дагуу Б.П нь нийт 31,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Лд төлж, 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сар хүртэл маргаан бүхий орон сууцанд амьдарсан үйл баримтуудыг талуудын хэн аль нь тайлбарласан.

 

2.4 Талуудын хооронд байгуулагдсан дээрх худалдах-худалдан авах гэрээг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 183 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн хххххх дугаар магадлалаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Иргэний хуулийн 492 дугаар 492.1.1-т заасныг баримтлан Баянзүрх дүүргийн ххххххххххххтоот орон сууцнаас хариуцагч Б.Пыг албадан гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаас орон сууц хөлсөлсний төлбөр 23,000,000 төгрөг, дундын өмчлөлийн засвар үйлчилгээний зардал 864,000 төгрөг, нийт 23,864,000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.Лгээс 31,000,000 төгрөг гаргуулан хариуцагч Б.Пт олгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

3. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...орон сууцанд Б.П нь 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл амьдрахдаа өөрийн хөрөнгийг хэмнэх замаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Хэрвээ уг орон сууцыг бусдад түрээслүүлсэн байсан бол 27,200,000 төгрөгийн орлого олох байсан. Өмнө нь хянан шийдвэрлэгдсэн нэхэмжлэлийн шаардлагад орон сууцыг үндэслэлгүйгээр эзэмшсэнээс үүсэх үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй. Бид өмнө нь энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй гэж тайлбарласан.

 

3.1 Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцоход миний буруу байгаагүй. Уг нэхэмжлэлийн шаардлагыг өмнө нь хянан шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхад дахин энэ энэ асуудлаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж маргасан.

 

4. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 183 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн хххххх дугаар магадлалаар орон сууцанд амьдарсан хугацааны хөлсийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байгуулагдсан хэлцлийн дагуу орон сууц хөлсөлсний төлбөрт тооцон мөнгөн хөрөнгө шаардах эрхгүй гэж дүгнэсэн байна.

 

4.1 Нэхэмжлэгч нар нь одоо гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэгт 27,200,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна. Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг өмнө нь хянан шийдвэрлэсэн гэх хариуцагчаас гаргасан тайлбар үндэслэлгүй.

 

5. Хариуцагч Б.П нь 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарыг хүртэл хугацаанд маргааны зүйл болох орон сууцанд амьдарсан үйл баримтыг талуудын хэн аль нь тайлбарласан боловч нэхэмжлэгч нар нь 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацааны төлбөрийг шаардсан.

 

5.1 Хариуцагч Б.П нь орон сууцыг эзэмшсэн хугацаагаар бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр эзэмшсэнээс үүссэн төлбөрийг нэхэмжлэгч нарт төлөх үүрэг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар үүссэн байна.

 

5.2 Итгэлт-Эстимэйт ХХК-иас гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлангаар маргааны зүйл болох Баянзүрх дүүргийн ххххххххххххтоотод байрлах орон сууцны түрээсийн зах зээлийн үнийг 2018 оны 02 дугаар сараас 2022 оны 04 дүгээр сарын дуустал нийт 27,200,000 төгрөг болохыг тогтоосон байна.

 

5.2.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлдэг. Хариуцагч Б.П нь Итгэлт-Эстимэйт ХХК-иас гаргасан хөрөнгийн үнэлгээний тайланг үгүйсгэж няцаагаагүй. Уг үнэлгээг няцаасан баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, энэ талаар холбогдох хүсэлт гаргаагүй.

 

5.3 Зохигчдын хооронд байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах хэлцэл хожим хүчин төгөлдөр бус болсоноор нэхэмжлэгч нар нь орон сууцны эзэмшлийг буюу хөрөнгөө хариуцагчид шилжүүлсэн хугацаагаар олох байсан орлогод тооцон Итгэлт-Эстимэйт ХХК-иас гаргасан үнэлгээ болох 27,200,000 төгрөгийг шаардсан нь үндэслэлтэй байна.

 

6. Иймд хариуцагч Б.П-аас 27,200,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Д, Б.Л, Д.Н.Э нарт олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасантай нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэл хангагдсан тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч төлөх үүрэгтэй тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 293,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Б.П-аас 27,200,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Д, Б.Л, Д.Н.Э нарт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нараас төлсөн 293,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.П-аас улсын тэмдэгтийн хураамжид 293,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ