Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2023/00120

 

М , Б  нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                          

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 

2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2022/03341 дүгээр шийдвэр, 

  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2023/00582 дугаар магадлалтай,                                                                                                 М , Б  нарын нэхэмжлэлтэй,

Ж , Д  нарт холбогдох 

Гэрээнээс татгалзаж, 85,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг          

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г , нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М , Б  нар нь хариуцагч Ж , Д  нарт холбогдуулан гэрээнээс татгалзаж, 85,250,000 төгрөг тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2022/03341 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.4.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч Ж , Д  нарт холбогдуулан гаргасан гэрээнээс татгалзаж, 84,250,000 төгрөг гаргуулах тухай М , Б  нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 579,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2023/00582 дугаар  магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 14-ний өдрийн 183/ШШ2022/03341 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан 2020 оны 11 сарын 03-ны өдөр Д , Б , М  нарын хооронд байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч Ж , Д  нараас 65,250,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М , Б  нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтын “...56.1," гэснийг “...56.2,” гэж, “...үлдээсүгэй.” гэснийг “...үлдээж, хариуцагч нараас 484,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 579,200 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г ын хяналтын журмаар гаргасан гомдолд: Магадлалын зарим хэсэг нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй тул эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх болон анхан шатны шүүх эрх зүйн маргаантай харилцааг өөр өөр тодорхойлж, хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, мөн хуулийн холбогдох зохицуулалтыг давж заалдах шатны буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Хариуцагч Ж  нь Д гийн эзэмшлийн газрыг 100 сая төгрөгөөр худалдан борлуулах зарыг тавьсан байсан бөгөөд талууд харилцан 84,250,000 төгрөгөөр газрыг худалдах, худалдан авахаар тохиролцож газрын төлбөрт М ийн өмчлөлийн 5969 УНИ улсын дугаартай Toyota Land cruiser 200 маркийн автомашиныг 72 сая төгрөгт тооцох, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр үлдэгдэл 12,250,000 төгрөгийг дансаар шилжүүлэхээр тохиролцож нэхэмжлэгч нар нь газрын төлбөрийг бүрэн төлсөн. Мөн газрын төлбөрт тооцож шилжүүлсэн автомашины үнэлгээ дээр талууд маргаантай байсан мөн хариуцагчийн зүгээс автомашиныг 60,000,000 төгрөгт тооцож авсан, 53 саяар худалдсан, 7 сая төгрөг нь манай алдагдал байсан гэх тайлбарыг 2 шатны шүүх дээр гаргаж мэтгэлцсэнээс /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ үзэхэд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 72,000,000 төгрөг дээр маргаан байхгүй, харин 12,000,000 төгрөгийг үнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь харагддаг. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцааг өөр өөрөөр тодорхойлж талуудын хэн алины байр суурийг зөв тогтоогүй, нэхэмжлэгчийн эд хөрөнгө болох автомашиныг үндэслэлгүйгээр 53 сая төгрөгт тооцож нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн. Мөн хариуцагчийн маргаангүй үнийн дүн болох автомашины үнэ гэх 60 сая төгрөгийг багасгасан нь талуудын мэтгэлцэх зарчимд нийцээгүй гэж үзэж байна. Хариуцагч Ж  нь газрын төлбөрт шилжүүлж авсан автомашинаа гуравдагч этгээдэд хэдэн төгрөгөөр худалдан борлуулах нь түүний эрх бөгөөд тухайн автомашиныг гуравдагч этгээдэд худалдаж төлбөрийн урьдчилгааг дансаар болон үлдэх төлбөрийг бэлэн мөнгө, бартерын зүйл авсан байхыг үгүйсгэхгүй юм. Иймээс нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн автомашиныг тухайн үеийн зах зээлийн ханшаар 72,000,000 төгрөгт тооцож шилжүүлсэн болохоо нотлох зорилгоор шинжээч томилуулах хүсэлт гаргаж, шүүхээс хөндлөнгийн шинжээч томилж, шинжээчийн дүгнэлтээр 71,592,246 төгрөг гэж автомашины үнэлгээ тогтоогдсон. Гэтэл давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн нэгэн адил шинжээчийн дүгнэлтийг үнэлж дүгнээгүй, ямар үндэслэлээр үгүйсгэж байгаа нь тодорхойгүй байгаа юм. Нэхэмжлэгчээс газрын төлбөрт тооцуулж өгсөн өөрийн автомашинаа буцаан шаардах эрхтэй байсан боловч тухайн автомашин нь гуравдагч этгээд рүү худалдан борлогдсон тул нэхэмжлэгчийн зүгээс өөрийн автомашины үнийг мөнгө дүнгээр шаардаж, үнэлгээг хуульд нийцүүлсэн гаргуулсан. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.03.17-ний өдрийн 210/МА2023/00582 дугаартай магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

5. Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.05.25-ны өдрийн хуралдааны 001/ШХТ2023/00623 тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г ын хяналтын журмаар гаргасан гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгч нар “...2020.11.03-ны өдөр Д н эзэмшлийн газрыг нийт 84,250,000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан. М  нь газрын төлбөрт өөрийн өмчлөлийн автомашиныг бусдад худалдан борлуулах, өмчлөх эрхийг шилжүүлэх, худалдан борлуулсан үнэ 72,000,000 төгрөгийг газрын төлбөрт тооцож авах эрхийг мөн өдрийн итгэмжлэлээр Ж д олгосон. 2020.11.04-ний өдөр үлдэгдэл 12,250,000 төгрөг Ж д шилжүүлж тооцоо дууссан. ... газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж аваагүй,. ...гэрээ цаашид хэрэгжих боломжгүй болсон тул гэрээнээс татгалзаж, 84,250,000 төгрөгийг Ж , Д  нараас гаргуулна” гэж шаардсан.

7. Хариуцагч нар “...газрыг 100,000,000 төгрөгөөр М , Б  нар худалдаж авахдаа машин оролцуулах санал тавьсан. ... машины дээд үнэ 53 сая төгрөг байсан, ...газартай холбоотой ямар нэг асуудал, гарах зардлыг зарах үнээс хасаад 80 саяд ав, машиныг чинь 60 саяд бодоод авъя" гээд 72,000,000 төгрөгөөр газрын үнийг тохирч,  газрын эрх шилжүүлэх гэрээ, автомашин шилжүүлэх итгэмжлэл зэргийг нотариатаар баталгаажуулж, татвар төлж, газрын албанд бичиг баримтуудыг өгсөн. Автомашиныг шилжүүлэхэд зөрчлийн торгууль 250,000 төгрөг байсныг үлдэгдэл төлбөрийн хамт, нийт 12,500,000 төгрөгийг 2020.11.04-нд миний дансанд шилжүүлсэн. ... газрын алба нь цахилгааны техникийн нөхцөлөө авч ирвэл газар эзэмших эрх шилжүүлэхийг зөвшөөрсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

8. Анхан шатны шүүх “...талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч нар газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж аваагүй нь хариуцагч нарын буруутай үйлдлээс болоогүй, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.3-т “үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн явдалд бүхэлд нь буюу ихэнх хэсэгт нь үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай” гэж заасан буюу гэрээнээс татгалзаж болохгүй үндэслэл тогтоогдсон” гэж дүгнэн, нэхэмжлэгч М , Б  нарын гэрээнээс татгалзаж, 84,250,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

9. Давж заалдах шатны шүүх “... газар эзэмших эрхийн гэрчилгээг Д гаас шилжүүлэн авах нэхэмжлэгч нарын хүсэлтэд Газар зохион байгуулалтын албаны 2021.05.12-ны өдрийн албан бичгээр ... тухайн газар буюу байршил нь хэд хэдэн үндэслэлээр эзэмшиж ашиглах боломжгүй учир Газрын эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөлийн хурлаас гарсан эс зөвшөөрсөн хариуг өгснөөр худалдан авагч нарын нэр дээр газар эзэмших эрхийг шилжүүлэх боломжгүй болсон. Зохигчдын хооронд байгуулсан газрын эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл” гэж дүгнэн хариуцагч Ж ыг тээврийн хэрэгслийг 53,000,000 төгрөгөөр бусдад худалдсан гэж үзээд 65,250,000 /12,250,000+53,000,000/ төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

10. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г ын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

11. Хэргийн баримтаас үзэхэд Д  болон М , Б  нарын хооронд 2020.11.03-ны өдөр байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр худалдагч Д  өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуаранд байрлах иргэний ахуйн зориулалттай 584 м.кв талбайтай газрыг шилжүүлэх, худалдан авагч М  72,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд Газрын албанаас 2015.02.13-ны өдөр олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээгээр тухайн газрыг Д д 15 жилийн хугацаагаар, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн байна.

12. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэхээр зохицуулсан тул Д д уг газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргасан газрын албаны зөвшөөрөлтэйгөөр уг газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх ёстой, хэргийн баримтад тулгуурлан зохигчдын хооронд хийгдсэн газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээг хийхдээ зохих этгээдийн зөвшөөрөл аваагүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

13. Нэхэмжлэгч нар тус гэрээнд тусгагдсан 72,000,000 төгрөгийг зөвхөн автомашины үнэ, үүн дээр хариуцагчийн дансанд шилжүүлсэн 12,250,000 төгрөгийг нэмээд газрын нийт үнэ 84,250,000 төгрөг гэж шаардлагаа тайлбарласан бол хариуцагч нар газрын нийт үнэ 72,000,000 төгрөг байсан, үүнээс 60,000,000 төгрөгт автомашиныг тооцон авч, үлдэх 12,000,000 төгрөгийг машины торгууль 250,000 төгрөгийн хамт 12,250,000 төгрөгийг нэхэмжлэгч тал шилжүүлсэн, гэвч машиныг 53,000,000 төгрөгөөр бусдад зарсан” гэж  маргасан.

14. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хариуцагчаас төлбөр гаргуулахдаа талуудын харилцан тохиролцсон нөхцөлийг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар тайлбарлаагүй байх тул хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, магадлалд өөрчлөлт оруулах боломжтой байна.

15. Газрын төлбөрт тооцон шилжүүлсэн автомашины үнийг 72,000,000 төгрөг, газрын нийт үнийг 84,250,000 төгрөгөөр тохирсон гэх нэхэмжлэгчийн тайлбар хэргийн баримтаар тогтоогдоогүй, харин хариуцагч нар тээврийн хэрэгслийг 60,000,000 төгрөгт тооцон үнэлэхийг зөвшөөрч байсан агуулгатай хүсэл зориг илэрхийлсэн байх тул газрын үнийг 72,000,000 төгрөгөөр /60,000,000+12,250,000/ тохирсон гэж дүгнээд, нэхэмжлэлийн шаардлагаас 72,250,000 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2023/00582 дугаар  магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “65,250,000” гэснийг “72,250,000” гэж, “19,000,000” гэснийг “12,000,000” гэж, “484,200” гэснийг “519,200” гэж тус тус өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 252,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.    

            

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БАЯРМАА

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Г.АЛТАНЧИМЭГ

                            ШҮҮГЧИД                                                П.ЗОЛЗАЯА

                                                                                             Д.ЦОЛМОН

                                                                               Х.ЭРДЭНЭСУВД