Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/00582

 

 

 

 

 

 

2023 03 17 210/МА2023/00582

 

 

 

А.Б , Б.В нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 14-ний өдрийн 183/ШШ2022/03341 дугаар шийдвэртэй

А.Б , Б.В нарын нэхэмжлэлтэй, В.Г , Г.Д нарт холбогдох

Гэрээнээс татгалзаж, 85,250,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Насанжаргал, хариуцагч, хариуцагч Г.Д гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Г , хариуцагч нарын өмгөөлөгч Д.Хишигбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Нэхэмжлэгч нар нь В.Г той 2020 оны 10 сарын сүүлээр газар зарах зарын дагуу уулзахад тэрээр дүү Г.Д гэж хүний нэр дээр байдаг өөрийн газраа зарна, ямар нэгэн зөрчилгүй гэсэн.

Ингээд В.Г оор дамжуулан түүний дүү Г.Д тай уулзаж, 2020 оны 11 сарын 03-ны өдөр Г.Д гийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, Улаанхуаранд байрлах нэгж талбарын 00000 дугаар бүхий 000 м.кв талбай бүхий иргэний ахуйн зориулалттай газрыг 84,250,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г байгуулж нотариатаар батлуулсан.

1.2. А.Б нь газрын төлбөрт өөрийн өмчлөлийн Тоүота land cruiser 200 маркийн, 00-00 УУУ улсын дугаартай автомашины бусдад худалдан борлуулах, өмчлөх эрхийг шилжүүлэх, худалдан борлуулсан үнэ болох 72,000,000 төгрөгийг газрын төлбөрт тооцож авах эрхийг 2020 оны 11 сарын 03-ны өдрийн 1393 тоот итгэмжлэлээр В.Г д олгосон.

2020 оны 11 сарын 04-ний өдөр үлдэгдэл 12,250,000 төгрөгийг В.Г ы данс руу шилжүүлж төлбөр тооцоо дууссан.

Ингээд нэхэмжлэгч нар Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасны дагуу холбогдох баримт бичгүүдээ бүрдүүлж газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж авах хүсэлтээ Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанд гаргахад 2021 оны 05 сарын 12-ны өдрийн 13/1641 тоот албан бичгээр ...тухайн газар буюу байршил нь дараах хэд хэдэн үндэслэлээр эзэмших, ашиглах боломжгүй байгаа учир Газрын эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөлийн хурлаас гарсан эс зөвшөөрсөн хариуг хүргүүлж байна. Монгол улсын Газрын тухай хуулийн 40.1, 40.1.6 дах заалт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухай газраа 2 жил дараалан ашиглаагүй зэрэг заалтын үндэслэл бүрдсэн. Эрчим хүч дамжуулах цахилгааны шугам дор болон нийтийн эзэмшлийн зам талбайд байрлалтай" гэсэн үндэслэлүүдийг дурдаж татгалзсан хариу өгсөн.

2021 оны 05 сарын 24-ний өдөр А.Б нь Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст В.Г ы үйлдлийг залилах гэмт хэрэг байж болзошгүй гэж шалгуулахаар гомдол гаргасан боловч 2021 оны 06 сарын 18-ны өдрийн 2618 дугаартай Баянзүрх дүүргийн прокурорын тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-т Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу талууд газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлт, баримт бичгийг энэхүү гэрээний хамт холбогдох байгууллагад бүртгүүлснээр эрх хүлээн авагчийн газар эзэмших эрх хүчин төгөлдөр болно" гэж заасан бөгөөд газар эзэмшигч Г.Д газар эзэмших эрхийн гэрчилгээг эрх бүхий этгээдээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-т заасан үндэслэлээр хүчингүй болгох үндэслэл бүрдсэн, мөн эрчим хүч дамжуулах шугам сүлжээ болон нийтийн эзэмшлийн зам талбайд байрлалтай газар байсан тул гэрээ цаашид хэрэгжих боломжгүй болсон.

Иймд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн 84,250,000 төгрөгийг В.Г , Г.Д нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Миний бие дүү Г.Д гийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, Улаанхуаранд байршилтай, 000 м.кв талбайтай, иргэний ахуйн зориулалттай газрыг 100,000,000 төгрөгөөр худалдахаар Unegui.mn сайтад зар оруулсан.

Уг зарын дагуу А.Б , Б.В нар холбогдож газар болон бичиг баримтуудыг үзэж зургийг нь авч судлаад үнийн дүнд Тоёота Ланд Крүйзэр 200 маркийн автомашин оролцуулан худалдан авъя гэсэн. Би уг автомашиныг хэдэн төгрөгөөр борлуулах боломжтойг судлахад борлуулагч найз маань энэ машин 50 сая төгрөгөөр зарагддаг, будаг болон зарим жижиг засвар хийнэ, авах боломжтой дээд үнэ нь 53 сая төгрөг" гэж хэлсэн.

Би А.Б , Б.В нартай эргэн холбогдож газрын үнийн талаар ярилцаж, ...Энэ газрын талаар бүрэн судалсан биз дээ. Дараа нь ямар нэг асуудал гарвал өөрсдөө бүрэн хариуцаарай. Хойд айлууд чинь дургүйцэх гэх мэт асуудлуудаа өөрсдөө хариуцаарай. Дээгүүрх цахилгааны шугамыг шилжүүлнэ. Энэ шилжүүлэх болон гарч болох зардлыг зарах үнээсээ хасаад шууд 80 саяд ав. Би машиныг 60 саяд бодоод авъя" гэсэн.

А.Б , Б.В нар Бид цахилгааны шугам шилжүүлэх болон бусад асуудлыг судалсан. Бичиг баримт асуудалгүй, газрыг 70 саяд авъя гэсэн. Ингээд 72,000,000 төгрөгөөр газрыг худалдаж, худалдан авахаар эцэслэн тохиролцож, 2020 оны 10 сарын 03-ны өдөр нотариат орж газрын эрх шилжүүлэх гэрээ, автомашин шилжүүлэх итгэмжлэл зэргийг хийж баталгаажуулан, газар худалсан татвар зэргийн төлж улмаар газрын албанд бичиг баримтуудыг өгсөн.

2.2. Газрын алба нь Энэ газрын эрхийг шилжүүлэхэд УБЦТС-с цахилгааны шугамыг шилжүүлэх техникийн нөхцөл шаардлагатай, мөн шилжүүлэн авах тал нь инженерийн шугамыг өөрийн хөрөнгөөр шилжүүлэх талаар тайлбар баталгаа бичиж өг гэсэн. А.Б , Б.В нар шугамыг өөрийн хөрөнгөөр шилжүүлэх талаар хүсэлт гаргасны дагуу Баянзүрх дүүргийн газрын алба нь А.Б , Б.В нарыг цахилгааны шугам шилжүүлэх техникийн нөхцөлөө гаргуулан аваарай гээд бичиг баримтуудыг хүлээн авсан.

Ингээд миний бие автомашиныг хүлээн авч, 53,000,000 төгрөгөөр худалдсан. Автомашиныг шилжүүлэхэд зам тээврийн зөрчлийн торгууль 250,000 төгрөг байсан бөгөөд үлдэгдэл төлбөр 12,000,000 төгрөг, торгуулийн 250,000 төгрөг, нийт 12,250,000 төгрөгийг 2020 оны 11 сарын 04-ний өдөр шилжүүлэн авсан.

2.3. 2021 оны 04 сард А.Б , Б.В нар холбогдож Техникийн нөхцөл гарсан. Хашаагаа барих гэсэн чинь хойд талын айлууд хашаа бариулахгүй гээд эсэргүүцээд байна. Газрын эрх ковид энэ тэр гээд одоо болтол захирамж гарч шилжээгүй байна. Энхдалай та 2 хашаа бариад өгөөч" гэсэн.

Би Та нар эхлээд техникийн нөхцөлөө өгөөд газар эзэмших гэрчилгээгээ өөрийн нэр дээрээ гаргачхаад дараа нь хашаагаа барихгүй яасан юм бэ. Та нарын нэр дээр шилжээгүй байхад үзүүлэх бичиг баримтгүй хүмүүс хашаа барих гэхээр хүмүүс дургүйцсэн биз. Техникийн нөхцөлөө өгөөд газраа өөр дээрээ шилжүүлж авчхаад хашаа бариач. Анх та бүхэн энэ бүх асуудлаа өөрсдөө хариуцна гээд 80 саяас зарах үнээ буулгаад 72 саяд тохирсон биз дээ. Би хашааг чинь бариулах боломжгүй" гэх хариуг өгсөн.

Гэтэл нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэл худалдсан, худалдан авахаар тохирсон үнэ болон бодит байдалтай зөрчилдөж байна. Баянзүрх дүүргийн газрын алба нь цахилгааны техникийн нөхцөлөө авчирвал газар эзэмших эрх шилжүүлэхийг зөвшөөрсөн. Тиймээс нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.4.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч В.Г , Г.Д нарт холбогдуулан гаргасан гэрээнээс татгалзаж, 84 250 000 төгрөг гаргуулах тухай А.Б , Б.В нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 579 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцааг зөв тогтоож чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Нэхэмжлэгч өмчлөлийн автомашиныг тухайн үеийн зах зээлийн ханшаар 72,000,000 төгрөгт тооцож шилжүүлсэн болохоо нотлох зорилгоор шинжээч томилуулах хүсэлт гаргаж, шинжээчийн дүгнэлтээр 71,592,246 төгрөг гэж тогтоогдсон. Гэтэл анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг үнэлж дүгнээгүй, мөн хариуцагчаас гаргаж өгсөн дансны хуулгаар автомашиныг талууд 60,000,000 төгрөгт тооцож өгсөн гэж дүгнэсэн хэт нэг талыг барьсан.

4.2. Эрчим дамжуулах цахилгаан шугам дор болон нийтийн эзэмшлийн зам талбайд байрлалтай" г үндэслэлд хариуцагч нарыг буруутгах боломжгүй, уг асуудлыг нэхэмжлэгч нар мэдэж байсal болох нь тогтоогдсон" гэж дүгнэсэн үрслэлгүй. Тухайн эрчим хүчний шугам сүлжэж нэхэмжлэгч нар нь өөрийн хөрөнгөөр зөөхтэй холбоотой маргаангүй ба харин газар эзэмших эрхээ өөрийн нэр дээр шилжүүлж авах бүх арга хэмжээг авсан боловч талуудын хооронд байгуулагдсан гэрээ хэрэгжих боломжгүй нөхцөл байдлууд үүссэн.

Талуудын хооронд байгуулсан гэрээний зүйл нь хариуцагч Д.Энхманлайгийн эзэмшлийн Баянзүрх дүүрэг, Улаанхуаран 10-р хороонд байрлах нэгж талбарын 00000 дугаар бүхий 000 м.кв талбай бүхий иргэний ахуйн зориулалттай газар бөгөөд Газрын тухай хуулийн 28 дугаар зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээ нь дор дурдсан төрөлтой байна гээд 28.1.1-д заасан гэр бүлийн хамтын хэрэгцээний" гэж заасан байх Г.Д гийн эзэмшлийн газар нь гэр бүлийн хамтын хэрэгцээний газар байна.

Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2021 оны 05 сарын 12-ны өдрийн 13/1641 тоот албан бичигт тухайн газар буюу байршил нь дараах хэд хэдэн үндэслэлээр эзэмших, ашиглах боломжгүй байгаа учир "Газрын эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөл"-ийн хурлаас гарсан Эс зөвшөөрсөн хариуг хүргүүлж байна. Монгол улсын Газрын тухай хуулийн 40.1, 40.1.6 дах заалт "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухай газраа 2 жил дараалан ашиглаагүй" зэрэг заалтын үндэслэл бүрдсэн. Эрчим хүч дамжуулах цахилгааны шугам дор болон нийтийн эзэмшлийн зам талбайд байрлалтай.

Тухайн газарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар амьдрах боломжгүй бөгөөд тухайн зориулалтаас бусад зориулалтаар "газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад. шилжүүлэх" хүсэлтийг шийдвэрлэхэд ДХАУ /дуудлага худалдааны анхны үнэ/ толох болж байна" гэсэн хариу өгсөн бөгөөд уг албан бичгийн агуулгаас үзэхэд Г.Д гийн эзэмшиж байгаа "иргэний ахуйн зориулалттай газар"-ыг тухайн зориулалтаар бусдад шилжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэсэн тул нэхэмжлэгч нар нь иргэний ахуйн зориулалттай газрыг худалдаж авахаар хариуцагч нартай тохиролцсон байхад гэрээ хэрэгжих боломжгүй болсон.

Гэтэл анхан шатны шүүхээс энэ нотлох баримтыг зөв үнэлж дүгнээгүй.

4.3. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч нар гэрээний зүйл болох газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж аваагүй нь хариуцагч нарын буруутай үйлдлээс болоогүй.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.3-т үүрэг гүйцэтгэгч үүргээ зорчсон явдалд бүхэлд нь буюу ихэнх хэсэгт нь үүрэг үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай гэж заасан гэрээнээс татгалзаж болохгүй үндэслэл тогтоогдсон гэж дүгнэж холбогдох хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Газрын тухай хуулийн 35-р зүйлийн 35.1.4-т газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхий гэрчилгээгээ бусдад шилжүүлэх гээд мөн хуулийн 35.3.6-т энэ хуульд заасны дагуу эрхийн гэрчилгээгээ барьцаалах, шилжүүлэх тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх гэж заасан ба хуулиар хүлээсэн эрх, үүргээ хариуцагч нар нь биелүүлж чадаагүй. Мөн Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй гэж заасан байхад нэхэмжлэгч нарыг буруутгаж, газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж аваагүй, үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч нар үүргээ зөрчсөн явдалд үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч нар буруутай байх тул гэрээнээс татгалзах эрхгүй гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн Өмчлөх эрх дуусгавар болно" гэж заасан ба талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ хуульд заасны хүчин төгөлдөр болоогүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

5.1. Тухайн газрын гэр хороололд дулааны шугам болон төв шугам татаж байгаа ба ямар нэгэн байдлаар бусдын эзэмшлийн газартай давхцаагүй, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан нөхцөл байдал үүсээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад гомдлын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А.Б , Б.В нар нь хариуцагч В.Г , Г.Д нарт холбогдуулан гэрээнээс татгалзаж, 84,250,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Г.Д болон А.Б , Б.В нарын хооронд 2020 оны 11 сарын 03-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч Г.Д өөрийн эзэмшлийн, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, Улаанхуаранд байрлах иргэний ахуйн зориулалттай 000 м.кв талбайтай газрыг шилжүүлэх, худалдан авагч А.Б 72,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх7-8/

 

3.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

 

Давж заалдах шатны шүүхээс хэргийн баримтыг үндэслэн дээрх алдааг залруулан дүгнэлт хийх боломжтой тул шүүхийн шийдвэрт дараах байдлаар өөрчлөлт оруулна.

 

3.2. Газрын албаны даргын 2015 оны 02 сарын 13-ны өдрийн гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ-ээр маргаан бүхий газрыг Г.Д д 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн байна. /хх100/

 

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэхээр зохицуулсан тул Г.Д д уг газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргасан газрын албаны зөвшөөрөлтэйгөөр уг газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх учиртай.

 

3.3. Нэхэмжлэгч А.Б , Б.В нарын тухайн газар эзэмших эрхийн гэрчилгээг Г.Д гаас шилжүүлэн авах тухай хүсэлтэд Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 05 сарын 12-ны өдрийн 13/1641 тоот албан бичгээр ...тухайн газар буюу байршил нь дараах хэд хэдэн үндэслэлээр эзэмшиж ашиглах боломжгүй байгаа учир Газрын эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөл-ийн хурлаас гарсан эс зөвшөөрсөн хариуг хүргүүлж байна... гэх хариу өгсөн байна. /хх11/

 

Тодруулбал, Газар зохион байгуулалтын албанаас талуудын хооронд байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнд зөвшөөрөл өгөхөөс татгалзсан тул худалдан авагч нарын нэр дээр газар эзэмших эрхийг шилжүүлэх боломжгүй болжээ.

 

Иймд уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан ...хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл-д хамаарах тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ.

 

4. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.

 

4.1. Нэхэмжлэгч нар нь маргаан бүхий газрыг 84,250,000 төгрөгөөр худалдан авахаар хариуцагч нартай тохиролцож, 12,250,000 төгрөгийг дансаар, А.Б ийн өмчлөлийн land cruiser 200 (ланд круйзер 200) маркийн, 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 72,000,000 төгрөгт тооцон тус тээврийн хэрэгслийн худалдан борлуулах эрхийг В.Г д олгох замаар тус тус шилжүүлэн өгсөн гэж,

хариуцагч нар нь уг газрыг 72,000,000 төгрөгөөр худалдахаар нэхэмжлэгч нартай тохиролцож, land cruiser 200 (ланд круйзер 200) маркийн, 00-00 УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 60,000,000 төгрөгт тооцон тус тээврийн хэрэгслийг худалдан борлуулах эрхийг, 12,000,000 төгрөгийг тээврийн хэрэгслийн торгууль 250,000 төгрөгийн хамт дансаар тус тус шилжүүлэн авсан гэж зөрүүтэй тайлбар гарган маргажээ.

 

4.2. Хэргийн 26 дахь талд авагдсан Хаан банк ХХК дахь В.Г ы эзэмшлийн дансны хуулгаар 2020 оны 11 сарын 04-ний өдөр gzr 584m yldegdel tootsoo haav гэх гүйлгээний утгаар 12,250,000 төгрөгийн орлого орсон үйл баримт тогтоогдсон.

 

Мөн хариуцагч В.Г ы ...тус тээврийн хэрэгслийг 53,000,000 төгрөгөөр бусдад худалдсан гэх тайлбар нь түүний эзэмшлийн дансны 2020 оны 11 сарын 03-ны өдрийн 53,000,000 төгрөгийн орлогын баримтаар тогтоогдож байх тул /12,250,000+53,000,000/ 65,250,000 төгрөгийн хэмжээнд талууд өгсөн авснаа буцаах үндэслэлтэй байна.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 14-ний өдрийн 183/ШШ2022/03341 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан 2020 оны 11 сарын 03-ны өдөр Г.Д , Б.В , А.Б нарын хооронд байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч В.Г , Г.Д нараас 65,250,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Б , Б.В нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын ...56.1, гэснийг ...56.2, гэж, ...үлдээсүгэй. гэснийг ...үлдээж, хариуцагч нараас 484,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай. гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Б ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 579,200 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ