Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2022/03341

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр

          Дугаар 183/ШШ2022/03341

Улаанбаатар хот

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.М даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэгт оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай,М.Ц,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэгт оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай,Б.Б

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэгт оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай,Ж.О

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэгт оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, Д.Э

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээнээс татгалзаж, 84 250 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О

Хариуцагч нарын өмгөөлөгч Д.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Д нар оролцов.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.Ц, Б.Б нар нь хариуцагч Ж.О, Д.Э нарт холбогдуулан гэрээнээс татгалзаж, 84 250 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

 

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...Ж.Оы газар зарах зарын дагуу 2020 оны 10 дугаар сарын сүүлээр М.Ц, Б.Б нар уулзахад тэрээр “өөрийн газраа зарах гэж байгаа дүү Д.Э гэж хүний нэр дээр байдаг, ямар нэгэн зөрчил байхгүй” гэсэн. Ингээд Ж.Ооор дамжуулан түүний дүү Д.Э гэх хүнтэй уулзаж, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Д.Эн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуаранд байрлах нэгж талбарын 00000000000000 дугаар бүхий 584 м.кв талбай бүхий иргэний ахуйн зориулалттай газрыг нийт 84 250 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулж нотариатаар батлуулсан. М.Ц нь газрын төлбөрт өөрийн өмчлөлийн 0000 улсын дугаартай Тоүота land cruiser 200 маркийн автомашины бусдад худалдан борлуулах, өмчлөх эрхийг шилжүүлэх, худалдан борлуулсан үнэ болох 72 000 000 төгрөгийг газрын төлбөрт тооцож авах эрхийг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1393 тоот итгэмжлэлээр Ж.Од олгосон. 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр үлдэгдэл 12 250 000 төгрөгийг өөрийн Хаан банкны 0000000000 тоот данснаас Ж.Оы Хаан банкны 0000000000 тоот данс руу шилжүүлж төлбөр тооцоогоо дуусгасан. Ингээд нэхэмжлэгч нар Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасны дагуу холбогдох баримт бичгүүдээ бүрдүүлж газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж авах хүсэлтээ Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанд хандан гаргахад 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 13/1641 тоот албан бичгээр “...тухайн газар буюу байршил нь дараах хэд хэдэн үндэслэлээр эзэмших, ашиглах боломжгүй байгаа учир Газрын эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөлийн хурлаас гарсан эс зөвшөөрсөн хариуг хүргүүлж байна. Монгол улсын Газрын тухай хуулийн 40.1, 40.1.6 дах заалт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухай газраа 2 жил дараалан ашиглаагүй зэрэг заалтын үндэслэл бүрдсэн. Эрчим хүч дамжуулах цахилгааны шугам дор болон нийтийн эзэмшлийн зам талбайд байрлалтай" гэсэн үндэслэлүүдийг дурдаж татгалзсан хариу өгсөн. 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр М.Ц нь Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст Ж.Оыг бусдын газар эзэмших эрхийн гэрчилгээг ашигласан, тухайн газрын гэрчилгээ хүчингүй болох үндэслэл бүрдсэн, бусдад шилжүүлэх боломжгүй газар гэдгийг мэдсээр байж санаатайгаар худал хэлж, бусдын хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан залилах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй үйлдлийг шалгуулахаар гомдол гаргасан боловч 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2618 дугаартай Баянзүрх дүүргийн прокурорын тогтоолоор “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, иргэний шүүхээр шийдвэрлэгдвэл зохих маргаан байна гэж үзсэн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-т “Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу талууд газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлт, баримт бичгийг энэхүү гэрээний хамт холбогдох байгууллагад бүртгүүлснээр эрх хүлээн авагчийн газар эзэмших эрх хүчин төгөлдөр болно" гэж заасан бөгөөд газар эзэмшигч Д.Э газар эзэмших эрхийн гэрчилгээг эрх бүхий этгээдээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-т заасан үндэслэлээр хүчингүй болгох үндэслэл бүрдсэн, мөн эрчим хүч дамжуулах шугам сүлжээ болон нийтийн эзэмшлийн зам талбайд байрлалтай газар байсан тул гэрээ цаашид хэрэгжих боломжгүй болсон. Иймд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн 84 250 000 төгрөгийг Ж.О, Д.Э нараас гаргуулж өгнө үү” гэж тайлбарласан.

 

2. Хариуцагч нар хариу тайлбартаа: “...Ж.О миний бие өөрийн дүү болох Д.Эн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуаранд байршилтай, 584 м.кв талбайтай, иргэний ахуйн зориулалттай газрыг 100 000 000 төгрөгөөр худалдахаар Unegui.mn сайтад зар оруулсан. Уг зарын дагуу М.Ц, Б.Б нар холбогдож газар болон бичиг баримтуудыг үзсэн. Улмаар надаас бичиг баримтуудын зургийг авч судлаад үнийн дүнд Тоёота Ланд Крүйзэр 200 маркийн машин оролцуулан худалдан авъя гэсэн. Би уг машиныг эргэн хэдээр борлуулах боломжтой талаар судлаад хариу хэлье гээд судалж үзэхэд машин борлуулагч найз маань “энэ машин 50 сая төгрөгөөр зарагддаг, будаг болон зарим жижиг засвар хийнэ, авах боломжтой дээд үнэ нь 53 сая төгрөг" гэж хэлсэн. Би М.Ц, Б.Б нартай эргэн холбогдож газрын үнийн талаар ярилцаж, “...Энэ газрын талаар бүрэн судалсан биз дээ. Дараа нь ямар нэг асуудал гарвал өөрсдөө бүрэн хариуцаарай. Хойд айлууд чинь дургүйцэх гэх мэт асуудлуудаа өөрсдөө хариуцаарай. Дээгүүрх цахилгааны шугамыг шилжүүлнэ. Энэ шилжүүлэх болон гарч болох зардлыг зарах үнээсээ хасаад шууд 80 саяд ав. Би машиныг 60 саяд бодоод авъя" гэсэн. М.Ц, Б.Б нар “Бид цахилгааны шугам шилжүүлэх болон бусад асуудлыг судалсан. Бичиг баримт асуудалгүй байна. Газрыг 70 саяд авъя” гэсэн. Ингээд 72 000 000 төгрөгөөр газрыг худалдаж, худалдан авахаар эцэслэн тохиролцож, 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нотариат орж газрын эрх шилжүүлэх гэрээ, автомашин шилжүүлэх итгэмжлэл зэргийг хийж баталгаажуулан, газар худалсан татвар зэргийн төлж улмаар газрын албанд бичиг баримтуудыг өгсөн. Газрын алба нь “Энэ газрын эрхийг шилжүүлэхэд УБЦТС-с цахилгааны шугамыг шилжүүлэх техникийн нөхцөл шаардлагатай, мөн шилжүүлэн авах тал нь инженерийн шугамыг өөрийн хөрөнгөөр шилжүүлэх талаар тайлбар баталгаа бичиж өг” гэсэн. М.Ц, Б.Б нар шугамыг өөрийн хөрөнгөөр шилжүүлэх талаар хүсэлт гаргасны дагуу Баянзүрх дүүргийн газрын алба нь М.Ц, Б.Б нарыг цахилгааны шугам шилжүүлэх техникийн нөхцөлөө гаргуулан аваарай гээд бичиг баримтуудыг хүлээн авсан. Ингээд миний бие автомашиныг хүлээн авч, 53 000 000 төгрөгөөр худалдсан. Автомашиныг шилжүүлэхэд зам тээврийн зөрчлийн торгууль 250 000 төгрөг байсан бөгөөд үлдэгдэл төлбөр 12 000 000 төгрөг, торгуулийн 250 000  төгрөг, нийт 12 500 000 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр миний Хаан банкин дахь дансанд шилжүүлсэн. 2021 оны 4 дүгээр сард М.Ц, Б.Б нар холбогдож “Техникийн нөхцөл гарсан. Хашаагаа барих гэсэн чинь хойд талын айлууд хашаа бариулахгүй гээд эсэргүүцээд байна. Газрын эрх ковид энэ тэр гээд одоо болтол захирамж гарч шилжээгүй байна. Энхдалай та 2 хашаа бариад өгөөч" гэсэн. Би “Та нар эхлээд техникийн нөхцөлөө өгөөд газар эзэмших гэрчилгээгээ өөрийн нэр дээрээ гаргачхаад дараа нь хашаагаа барихгүй яасан юм бэ. Та нарын нэр дээр шилжээгүй байхад үзүүлэх бичиг баримтгүй хүмүүс хашаа барих гэхээр хүмүүс дургүйцсэн биз. Техникийн нөхцөлөө өгөөд газраа өөр дээрээ шилжүүлж авчхаад хашаа бариач. Анх та бүхэн энэ бүх асуудлаа өөрсдөө хариуцна гээд 80 саяас зарах үнээ буулгаад 72 саяд тохирсон биз дээ. Би хашааг чинь бариулах боломжгүй" гэх хариуг өгсөн. Гэтэл нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэл худалдсан, худалдан авахаар тохирсон үнэ болон бодит байдалтай зөрчилдөж байна. Баянзүрх дүүргийн газрын алба нь цахилгааны техникийн нөхцөлөө авчирвал газар эзэмших эрх шилжүүлэхийг зөвшөөрсөн. Тиймээс нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас, Д.Э, Б.Б, М.Ц нарын хооронд 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр М.Цээс Ж.О олгосон итгэмжлэл, М.Цийн Хаан банк дахь 0000000000 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 13/1641 дугаартай албан бичиг, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2618 дугаартай “Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай” прокурорын тогтоол, Нийслэлийн Прокурорын газрын 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 1/2062 дугаартай хариу мэдэгдэх хуудас, Б.Б, М.Ц нарын Баянзүрх дүүргийн Газрын албанд 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан хүсэлт зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

4. Хариуцагч талаас, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр М.Цээс Ж.О олгосон итгэмжлэл, Д.Э, Б.Б, М.Ц нарын хооронд 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Ж.Оы Хаан банк дахь 0000000000 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн нэхэмжлэх зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

                5. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг баримтлан Авто тээврийн үндэсний төвөөс 0000000000 арлын дугаартай, 0000 улсын дугаартай Toyota Land Cruiser 200 маркийн автомашины 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс хойших хугацааны түүхчилсэн дэлгэрэнгүй лавлагаа, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх уг автомашины бүх шилжилт хөдөлгөөн хийгдсэн гэрээ, итгэмжлэл, Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2618 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан хэргийн материалаас хариуцагч Ж.О, Д.Э нарын мэдүүлэг, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 15/00844/21 дугаартай техникийн нөхцөл зэргийг тус тус нотлох баримтаар гаргуулж хэрэгт хавсаргасан, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Вендо ХХК-ийг шинжээчээр томилж, 00000000000000 арлын дугаартай, 2010 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгөтэй, суудлын зориулалттай, Тоёота Ланд Круйзер 200 маркийн 0000 улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар хэдэн төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй байсныг тогтоосон дүгнэлтийг хэрэгт хавсаргасан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч нар дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Нэхэмжлэгч нар Ж.Оы газар зарах зарын дагуу 2020 оны 10 дугаар сарын сүүлээр уулзаж, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Д.Эн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуаранд байрлах нэгж талбарын 00000000000000 дугаар бүхий 584 м.кв талбай бүхий иргэний ахуйн зориулалттай газрыг нийт 84 250 000 төгрөгөөр худалдан авахаар “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулж нотариатаар батлуулсан. М.Ц нь газрын төлбөрт өөрийн өмчлөлийн 0000 улсын дугаартай Тоёота Ланд Круйзер 200 маркийн автомашины бусдад худалдан борлуулах, өмчлөх эрхийг шилжүүлэх, худалдан борлуулсан үнэ болох 72 000 000 төгрөгийг газрын төлбөрт тооцож авах эрхийг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн итгэмжлэлээр Ж.Од олгосон. 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр үлдэгдэл 12 250 000 төгрөгийг Ж.Од шилжүүлж төлбөр тооцоогоо дуусгасан. Нэхэмжлэгч нар нь газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж авах хүсэлтээ Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанд хандан гаргахад “...Монгол улсын Газрын тухай хуулийн 40.1, 40.1.6 дах заалт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухай газраа 2 жил дараалан ашиглаагүй зэрэг заалтын үндэслэл бүрдсэн. Эрчим хүч дамжуулах цахилгааны шугам дор болон нийтийн эзэмшлийн зам талбайд байрлалтай" гэсэн үндэслэлүүдийг дурдаж татгалзсан хариу өгсөн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.6-д “Газрын тухай хуулийн 38-р зүйлд заасны дагуу талууд газар эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлт, баримт бичгийг энэхүү гэрээний хамт холбогдох байгууллагад бүртгүүлснээр эрх хүлээн авагчийн газар эзэмших эрх хүчин төгөлдөр болно" гэж заасан бөгөөд газар эзэмшигч Д.Эн газар эзэмших эрхийн гэрчилгээг эрх бүхий этгээдээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-т заасан үндэслэлээр хүчингүй болгох үндэслэл бүрдсэн, мөн эрчим хүч дамжуулах шугам сүлжээ болон нийтийн эзэмшлийн зам талбайд байрлалтай газар байснаас гэрээ цаашид хэрэгжих боломжгүй болсон тул гэрээнээс татгалзаж, 84 250 000 төгрөгийг Ж.О, Д.Э нараас гаргуулахаар нэхэмжилж байна” гэв.

 

3. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: “...Дүү Д.Эн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуаранд байршилтай, 584 м.кв талбайтай, иргэний ахуйн зориулалттай газрыг 100 000 000 төгрөгөөр худалдахаар Ж.О миний оруулсан зарын дагуу М.Ц, Б.Б нар холбогдож, газрыг худалдаж авах, газрын үнийн дүнд Тоёота Ланд Крүйзэр 200 маркийн машин оролцуулах санал тавьсан. Би машиныг борлуулах талаар судлахад худалдан авах боломжтой дээд үнэ 53 сая төгрөг байсан бөгөөд М.Ц, Б.Б нартай эргэн холбогдож, “...Газартай холбоотой ямар нэг асуудал гарах, хойд айлууд дургүйцэх гэх мэт асуудлыг өөрсдөө хариуцах, дээгүүрх цахилгааны шугамыг шилжүүлэхэд гарах зардлыг зарах үнээс хасаад 80 саяд ав, машиныг чинь 60 саяд бодоод авъя" гэж хэлсэн. Ингээд бид 72 000 000 төгрөгөөр газрыг худалдахаар тохиролцож, 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр газрын эрх шилжүүлэх гэрээ, автомашин шилжүүлэх итгэмжлэл зэргийг нотариатаар баталгаажуулж, газар худалсан татвар төлж, газрын албанд бичиг баримтуудыг өгсөн. Автомашиныг шилжүүлэхэд зам тээврийн зөрчлийн торгууль 250 000 төгрөг байсан бөгөөд үлдэгдэл төлбөр 12 000 000 төгрөг, торгуулийн 250 000  төгрөг, нийт 12 500 000 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр миний дансанд шилжүүлсэн. 2021 оны 4 дүгээр сард М.Ц, Б.Б нар холбогдож “Техникийн нөхцөл гарсан. Хашаагаа барих гэсэн чинь хойд талын айлууд хашаа бариулахгүй гээд эсэргүүцээд байна. Газрын эрх ковид энэ тэр гээд одоо болтол захирамж гарч шилжээгүй байна. Энхдалай та 2 хашаа бариад өгөөч" гэсэн. Би “Та нар эхлээд техникийн нөхцөлөө өгөөд газар эзэмших гэрчилгээгээ өөрийн нэр дээрээ гаргачхаад дараа нь хашаагаа барихгүй яасан юм бэ. Энэ бүх асуудлаа өөрсдөө хариуцна гээд 72 саяд тохирсон биз дээ. Би хашааг чинь бариулах боломжгүй" гэж хэлсэн. Иймд нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэл худалдсан, худалдан авахаар тохирсон үнэ, мөн бодит болсон зүйлтэй зөрчилдсөн, Баянзүрх дүүргийн газрын алба нь цахилгааны техникийн нөхцөлөө авчирвал газар эзэмших эрх шилжүүлэхийг зөвшөөрсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Б.Б, М.Ц болон хариуцагч Д.Э нарын хооронд 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Д.Эн эзэмшлийн 00000000 гэрчилгээний дугаартай, 00000000000000 нэгж талбарын дугаартай, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуаранд байрлах, иргэний ахуйн зориулалттай, 584 м.кв талбай газрыг эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд тус гэрээнд эрхийн үнэ 72 000 000 төгрөг байхаар тусгажээ.   

 

Нэхэмжлэгч нар тус гэрээнд тусгагдсан 72 000 000 төгрөгийг зөвхөн автомашины үнэ, үүн дээр хариуцагчийн дансанд шилжүүлсэн 12 250 000 төгрөгийг нэмээд газрын нийт үнэ 84 250 000 төгрөг гэж тайлбарласан бол хариуцагч нар газрын нийт үнэ 72 000 000 төгрөг байсан, үүнээс 60 000 000 төгрөгт автомашиныг тооцон авч, үлдэх 12 000 000 төгрөгийг машины торгууль 250 000 төгрөгийн хамт 12 250 000 төгрөгийг нэхэмжлэгч тал шилжүүлсэн гэж маргасан.

 

Нэхэмжлэгч М.Ц нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн итгэмжлэлээр, өөрийн өмчлөлийн 0000 улсын дугаартай, Тоёота Ланд Круйзер 200 маркийн автомашиныг худалдах, арилжих гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах эрхийг Ж.Од олгож, хариуцагч Ж.О тус автомашиныг мөн өдрөө 53 000 000 төгрөгөөр худалдсан болох нь, нэхэмжлэгч М.Ц 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өөрийн Хаан банк дахь 0000000000 тоот данснаас 12 250 000 төгрөгийг “gzr 584m үлдэгдэл тооцоо хаав” гэсэн утгатай хариуцагч Ж.Оы дансанд шилжүүлсэн болох нь тус тус зохигчдын дансны хуулгаар тогтоогдож байна.

 

 Талууд гэрээнд газрын эзэмших эрхийн үнийг 72 000 000 төгрөг байхаар тусгасан, хариуцагч нь өөрт олгогдсон итгэмжлэлийн дагуу нэхэмжлэгчийн өмчлөлийн автомашиныг 53 000 000 төгрөгөөр худалдан борлуулсан зэрэг үйл баримтыг харьцуулан дүгнэхэд, хариуцагч Ж.Оы гаргасан “...автомашиныг 60 000 000 төгрөг тооцож, үлдэх 12 000 000 төгрөгийг торгуулийн хамт дансаар шилжүүлсэн” гэх тайлбар бодит үнэнд нийцэхээр байна.

 

5. Нэхэмжлэгч нар дээрх гэрээнээс татгалзаж буй үндэслэлээ “...газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж авах хүсэлтээ Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанд гаргахад 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 13/1641 тоот албан бичгээр “...тухайн газар буюу байршил нь дараах хэд хэдэн үндэслэлээр эзэмших, ашиглах боломжгүй байгаа учир Газрын эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөлийн хурлаас гарсан эс зөвшөөрсөн хариуг хүргүүлж байна. Монгол улсын Газрын тухай хуулийн 40.1, 40.1.6 дах заалт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухай газраа 2 жил дараалан ашиглаагүй зэрэг заалтын үндэслэл бүрдсэн. Эрчим хүч дамжуулах цахилгааны шугам дор болон нийтийн эзэмшлийн зам талбайд байрлалтай" гэсэн үндэслэлүүдийг дурдаж татгалзсан хариу өгсөн. Иймд Д.Эн газар эзэмших эрхийн гэрчилгээг эрх бүхий этгээдээс хүчингүй болгох үндэслэл бүрдсэн, мөн эрчим хүч дамжуулах шугам сүлжээ болон нийтийн эзэмшлийн зам талбайд байрлалтай газар байсны улмаас гэрээ цаашид хэрэгжих боломжгүй болсон тул газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж байна” гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэгч нарын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн Газрын албанд гаргасан гараар бичсэн хүсэлтэд “...Б.Б, М.Ц бид ...газрыг Д.Эгаас шилжүүлэн авах хүсэлтэй байгаа... Уг газар дээр байгаа цахилгааны шугамыг журмын дагуу өөрийн хөрөнгөөр шилжүүлнэ. Газар эзэмшүүлэх эрхийг хугацаанд өөрийн хөрөнгөөр инженерийн шугам сүлжээг дуусгаж шилжүүлэх бөгөөд шилжүүлээгүйгээс шалтгаалан газар эзэмших эрх цуцлагдахад татгалзах зүйлгүй” гэж дурдсанаас үзвэл цахилгааны шугамыг шилжүүлэх нь нэхэмжлэгч нарын үүрэг байна. /хх76/

 

Түүнчлэн, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Зүүн түгээх төвөөс Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 32/258 тоот албан бичигт “...Д.Эгийн эзэмшиж байгаа М.Ц, Б.Б нарын нэр дээр шилжүүлэх газар нь УБЦТС ТӨХК-ийн ашиглалтын 10 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам 2 ширхэг, 10 кВ-ын цахилгаан дамжуулах кабель шугам 2 ширхэг тус тус байрласан байна. Тухайн шугамыг өөрийн хүсэлтээр зөөх хүсэлт гаргасан тул газрын гэрчилгээг нэр дээр шилжүүлэхэд татгалзах зүйлгүй болно” гэжээ.

 

Мөн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 13/1641 дүгээр албан бичигт дурдсан “...Эрчим дамжуулах цахилгааны шугам дор болон нийтийн эзэмшлийн зам талбайд байрлалтай” гэх үндэслэлд хариуцагч нарыг буруутгах боломжгүй, уг асуудлыг нэхэмжлэгч нар мэдэж байсан болох нь тогтоогдсон,

“Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6 дах хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлд хариуцагчийн гаргасан “...газрыг зориулалтын дагуу ашиглаагүйн хувьд Амгалангийн депогоос, Эм Си Эс ХХК-ийн үйлдвэр хүртэл засмал зам дагуу нүүрний эгнээний буюу манай эзэмшлийн газрын яг урдуур бүтэн нэг жил цэвэр усны шугам, шилэн кабел татсан. Хоёрдох жилд нь тэр кабелаас нэг метр, манай газрын ирмэгээр дулааны шугам татсан, тэр газрууд нь төв зам учир газар ухсан шороонуудыг миний газар дээр овоолж, энэ ажлыг хоёр жил хэсэгчилж хийсэн. Газрын албан дээр надад 2 жил ашиглаагүй юм байна гэдэг үндэслэлийг хэлж байхад би энэ талаар хэлж өгч байсан” гэх тайлбарыг нэхэмжлэгч нар няцаагаагүй, уг асуудлаар хариуцагчид хандсан баримтгүй байна.

 

6. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч нар гэрээний зүйл болох газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж аваагүй нь хариуцагч нарын буруутай үйлдлээс болоогүй, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.3-т “үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн явдалд бүхэлд нь буюу ихэнх хэсэгт нь үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай” гэж заасан гэрээнээс татгалзаж болохгүй үндэслэл тогтоогдсон тул нэхэмжлэгч М.Ц, Б.Б нарын гэрээнээс татгалзаж, 84 250 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

7.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 579 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.4.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч Ж.О, Д.Э нарт холбогдуулан гаргасан гэрээнээс татгалзаж, 84 250 000 төгрөг гаргуулах тухай М.Ц, Б.Б нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 579 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.М