Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2023/00125

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2022/03095 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2023/00638 дугаар магадлалтай,

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

МУЗГ-т холбогдох

Түрээсийн гэрээний үүрэгт 307,515,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Энхбаясгалангийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Энхбаясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “Б” ХХК нь МУЗГ-т холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 307,515,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2022/03095 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-т заасныг баримтлан МУЗГ-с 74.515.000 /далан дөрвөн сая таван зуун арван таван мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 233.000.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.695.523 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 530.525 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2023/00638 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2022/03095 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар МУЗГ-т холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний үүрэгт 307,515,000 төгрөг гаргуулах тухай “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1,322,500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Энхбаясгалан хяналтын гомдолдоо: шийдвэр, магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн тул дараах хууль зүйн үндэслэлүүдээр энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд: Шийдвэрийн тухайд: 1. Анхан шатны шүүх талуудын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр тооцоо 7;ийлсэн актаар төлбөрийн үлдэгдэл 74,515,000 төгрөгөөр баталгаажуулсан баримтыг үндэслэж, нэхэмжлэлийн шаардлагыг 74,515,000 төгрөгөөр хангаж, Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэн. Гэтэл энэхүү тооцоо нийлсэн актаас хойш 2016 оноос 2018.07.30-ны өдрийг хүртэл ТӨХ нь түрээсийн байрны эд хогшилд хүрч болохгүй гэж өрөөг лацдаж, удаа дараа талууд албан тоотоор харьцаж, түрээсийн гэрээний хугацаа үргэлжилж байсан. Зөвхөн энэ тооцоо нийлсэн акт хүртэл түрээсийн талбайн төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шүүх шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч байгууллагын 2013-2018 онуудын буюу түрээсийн гэрээний хугацааны төлбөрийг бүрэн хангаагүй. 2. Анхан шатны шүүх нь гэрээний хугацааны тухайд “Хэрэгт авагдсан гэрээний 5.2-т гэрээ “нэг жилийн хугацаатай байхаар, цуцлах санал гаргаагүй бол сунгагдсанд тооцох”-р заасан, тухайн гэрээний хугацаа үргэлжилсэн, түрээслэгч тал гэрээг цуцлах саналаа бичгээр 2015 оны 2 дугаар сард гаргасан байх тул Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3-т заасны дагуу гэрээ 2015 оны 05 дугаар сараас цуцлагдсан, дуусгавар болсон гэж үзнэ” гэж дүгнэсэн нь гэрээ тус бүрд дүгнэлт өгөөгүй байна. Талуудын хооронд нийт 3 түрээсийн гэрээ болон нэмэлт гэрээ байгуулагдсан. Үүнд: A. Эхний түрээсийн гэрээ нь 2013.04.26-ны өдрийн гэрээний дагуу 2013.05.01-ний өдрөөс эхлэн ... тоотын ... м.кв ... өрөөг нэг сарын /1м2 нь 35,000 төгрөг/ 4,550,000 төгрөгөөр, Б. Хоёр дахь түрээсийн гэрээг 2013.04.26-ны өдрийн нэмэлт гэрээний дагуу 2013.06.10-ны өдрөөс эхлэн ... тоотын ... м.кв ... өрөөг сарын 3,010,000 төгрөг, нийт- 7,560,000 төгрөгөөр, B. Гурав дахь түрээсийн гэрээ нь 2013.08.01-ний өдрөөс эхлэн ... тоотын ... м.кв ... өрөөг, 3.“Б” ХХК-ийн “САҮЦ” ХК-д түрээсийн өрөөнүүд болон төлбөр тооцооны талаар удаа дараа тодорхой тайлбарлаж, хандсан албан тоотын тухайд: - 2014.09.30-ны өдрийн ББ/43 тоот /1хх20/ албан бичгээр “САҮЦ” ХК нь 501, 502, 203 тоот өрөөнүүдийг эзэмшиж байсан ба 2014.05 сараас 2 өрөөгөө буцаан өгч, одоо 501 тоотод 130 м.кв талбай эзэмшин, сар бүр 4,550,000 төгрөгийн түрээсийн төлбөртэй ...”, - 2016.06.28-ны өдрийн 53/20 тоотоор 2015.04 сараас 2016.06 сарыг дуустал 40,425,000 төгрөг, нийт 112,245,000 төгрөгийн авлагатай болоод байна...”, - 2016.11.04-ний өдрийн ББ/27 тоотоор /1хх27/ “...одоог хүртэл оффисын ... өрөө болон агуулахын нэг өрөө тус тус цоожтой суллаж өгөөгүй учраас ... м.кв талбайд 2,695,000 төгрөгөөр сарын түрээс тооцогдохоор байгаа юм”, мөн бичигт “...одоогийн байдлаар 2016.11 дүгээр сарыг дуустал 125,720,000 төгрөгийн түрээсийн авлага хуримтлагдаад байна”, 4. 2016.12.19-ний өдрийн 1/803 тоот /1хх35/ ТӨБЗГ албан бичгээр “Б” ХХК-нд “...тухайн компанийн ашиглаж байсан тавилга, эд хөрөнгийг албан тасалгаанд нь битүүмжлэн лацадсан учир өрөө тасалгааг суллах талаар эрх бүхий хууль, хяналтын байгууллагаас холбогдох шийдвэр гарсны дараа тавилга, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж, зохицуулалт хийх нь зүйтэй байна”. 5. Хөрөнгө хүлээлцсэн тухай 2018.07.31-ний өдрийн актаар /1хх39/ түрээсэлж байсан ...м.кв талбайг суллаж “Б” ХХК-ийн эзэмшилд хүлээлгэн өгсөн. Шүүх “Нэхэмжлэгчийн баримтаар ирүүлсэн хэргийн 14 дэх талд авагдсан тооцооллоос үзвэл 2015.04 дүгээр сараас төлбөрийг сард 2,695,000 төгрөгөөр .. м.кв талбайд өрөөг суллаж өгсөн” гэж дүгнэсэн мөртлөө .. м.кв талбайн түрээсийн төлбөрийг өрөөг суллаж хүлээлгэн өгөх хүртэл тооцоогүй байна. 6. Шүүх “...хуралдааны явцад 501 тоот өрөөний зөвхөн .. м.кв талбай хэсэгт эд хогшлыг хураасан, бусад хэсэгт төлбөр тооцогдоогүй тухай тайлбар, мөн нэхэмжлэлийн 2 дах хуудасны доороос 4 дэх мөрөнд тооцоолсон байдлаар энэ үеэс гэрээ цуцлагдсанаар дуусгавар болсон үйл баримт тогтоогдож байна. Мөн “Б” ХХК-ийн 2016.11.04-ний өдрийн ББ/27 тоот Төрийн /1хх27/ гэжээ. Тухайн нэхэмжлэлийн 4 дэх мөрөнд 2018.07.30-ны өдрийг хүртэл түрээсийн төлбөрийг тооцсон тухай дурдсан болохоос биш гэрээний хугацаа дуусгавар болсон тухай ойлголт биш юм. 7. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” зааснаар, түрээсийн гэрээний 2.4-д “Тухайн түрээсийн тооцоог сарын 05-ны дотор саадгүй барагдуулна. Энэхүү хугацаанд гүйцэтгээгүй тохиолдолд алданги тооцох бөгөөд энэ нь хэтэрсэн тоног тутамд төлбөл зохих дүнгийн 0,5 хувьтай тэнцэнэ” гэж алданги тооцохоор хууль болон гэрээнд заасан байхад шүүх нэг ч төгрөгийн алдангийг хангаж шийдвэрлэсэнгүй. Улмаар шүүх хангаж шийдвэрлэсэн 74,515,000 төгрөгт хүртэл ногдох алданги болох 37,257,500 төгрөгийн алдангийг тооцсонгүй. ТӨХ дээрх 1/803 тоот албан бичгийн дагуу “Б” ХХК нь 2016.12.19-ний өдрөөс 2018.07.31-ний өдрийг дуустал .. м.кв талбайд эд хөрөнгөө хурааж, лацдаж, эзэмшиж, ашигласаар байсан. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан ажлын байрны түрээсийн гэрээний 5.2-т зааснаар нэг жилийн хугацаатай байхаар, цуцлах санал гаргаагүй бол сунгагдсанд тооцно. Иймд түрээсийн ...мкв талбайг түрээсийн гэрээний хугацаа сунгагдсан тул хүчин төгөлдөр түрээсийн гэрээний дагуу 2015.04.30-ны өдрөөс эхлэн 2018.07.31-ний өдрийг хүртэлх хугацаанд түрээслэн байсан, нийт 39 сарын хугацааны түрээсийн төлбөр болох /39 сарын нэг сарын түрээс 2,695,000 төгрөг/ нийт 105,105,000 төгрөг болсон байхад шүүх хангаж шийдвэрлэсэнгүй. Магадлалын тухайд: 1. Давж заалдах шатны шүүх “Компанийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Татан буулгах комиссыг томилсноор тухайн компанийн гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх дуусгавар болж татан буулгах комисст шилжих бөгөөд уг комисс нь татан буугдаж байгаа компанийн нэрийн өмнөөс шүүх хуралд төлөөлөн оролцоно” гэж заасны дагуу “АҮЦ” ТӨХК-ийг татан буулгах комисс нь мөн хуулийн 27 дугаар зүйл, Иргэний хуулийн 32 дугаар зүйлд зааснаар татан буулгах ажиллагааг эрхлэн явуулж, “АҮЦ” ТӨХК-ийг татан буугдаж байгаа талаар нийтэд мэдээлж, “АҮЦ” ТӨХК-ийг татан буугдаж байгаа талаар нийтэд мэдээлж, өр, авлага бүхий этгээдэд мэдэгдэх, нэхэмжлэгчдийн өргөдлийг хүлээн авч, хуульд заасан дарааллын дагуу зохих төлбөрийн шаардлагыг барагдуулах ажиллагааг явуулахаар хуульчилжээ” гэж дүгнэсэн. 2. Компанийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар татан буулгах комисс нь татан буугдаж байгаа компанийн нэрийн өмнөөс шүүх хуралд төлөөлөн оролцдог. Гэтэл “АҮЦ” ТӨХК буюу Татан буулгах комиссыг шүүхэд хариуцагчаар татаагүй юм. Учир нь ТӨХ нь татан буулгах комисс ажиллаж эхлэхээс өмнө буюу 2016 оноос “АҮЦ” ТӨХК-ийн эд хөрөнгийг захиран зарцуулаад, “Б” ХХК-ийн түрээсийн гэрээг дүгнээд гэрээний нэг талын ашиг сонирхол, түрээслэгч талыг төлөөлөн оролцоод байсан тул хариуцагчаар ийнхүү татсан. Тодруулбал, хэвийн үйл ажиллагаа нь явагдаж байсан үйл ажиллагааг зогсоогоод, өөрсдөө албан бичгээр удаа дараа мэдэгдээд байгаа юм. 3. “АҮЦ” ТӨХК-ийг ЗГ-н шийдвэрээр үүсгэн байгуулж, ЗГ-н шийдвэрээр татан буугдсан тул Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д зааснаар “Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна”. Энэ хуулийн дагуу “АҮЦ” ТӨХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болох Засгийн газраас түрээсийн гэрээний үүрэг, өр төлбөрийг нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй. 4. Давж заалдах шатны шүүх дүгнэхдээ “Компанийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.7-д “Татан буулгах комисс нь нэхэмжлэлийг хэрхэн барагдуулах тухайгаа зээлдүүлэгчид бичгээр мэдэгдэх бөгөөд зээлдүүлэгч нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл татан буулгах балансыг батлахаас өмнө шүүхэд гомдол гаргаж болно”, мөн “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх хуульд заасан журмыг баримтлаагүй” гэжээ. “Б” ХХК-аас татан буулгах комисст удаа дараа хандсан. Тухайлбал, 2021.07.13-ны өдрийн А-4/1229 дугаар албан бичгээр “хууль шүүхийн байгууллагаар шийдвэрлэгдээгүй байгаа, компани ширээ сандал, принтер зэргээс өөр өөрийн хөрөнгөгүй тул танай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариуг өгсөн /1хх 47/, 2018 оноос өнөөдрийг хүртэл татан буулгах комисс өр төлбөрийг барагдуулах ямар ч ажил хийгээгүй тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т зааснаар хүчингүй болгож, шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих байр суурийг илэрхийлжээ.

6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Энхбаясгалангийн гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.06.02.-ны өдрийн 001/ШХТ2023/00658 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

7. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын дагуу магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэл тогтоогдсонгүй.

8. Нэхэмжлэгч “Б” ХХК нь МУЗГ-т холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 307,515,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан ба нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо “...МУЗГ-н шийдвэрээр САҮЦ-ийг үүсгэн байгуулж, татан буулгасан, тус хуулийн этгээд нь манай үл хөдлөх хөрөнгийг түрээсэлж байсан бөгөөд төлбөрөө бүрэн төлөөгүй, Засгийн газар нь татан буугдсан хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч тул Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д зааснаар өр төлбөрийг хариуцах үүрэгтэй...” гэж тайлбарлажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг татгалзаж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хуулийн этгээдийг үүсгэн байгуулж, татан буулгасан, түүнчлэн татан буулгах комисс ажилласан хэвээр байгаа, хувьцаа эзэмшигч нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар тул компанийн өрийг Засгийн газар хариуцах үндэслэлгүй, түүнээс гадна гэрээ анхнаасаа улсын бүртгэлд бүртгэгдээгүй тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна, нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, Татан буулгах комисст хандах ёстой гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон хүчин төгөлдөр шүүгчийн захирамж байгаа гэж маргасан байна.

9. Анхан шатны шүүх  “...“Б” ХХК, “САҮЦ” ХК /хожим АҮЦ ТӨХК болгон нэрээ өөрчилсөн/ нь 2013.04.26-ны өдөр гэрээ байгуулж, ... дүүрэг, ... хороонд байрлах барилгын ... тоот ... өрөө ... м.кв талбайг албан конторын зориулалтаар, нэг м.кв талбайг 35,000 төгрөгөөр тооцож, нэг жилийн хугацаагаар түрээслэх, үүний дараа 2013.06.10-ны өдөр гэрээ байгуулж 502 тоот ... м.кв талбайг адил нөхцөлөөр түрээслэхээр нэмэлт 1 тоот гэрээг байгуулсан /1хх 6-11, 49/, гэрээний талууд 2015.04.30-ны өдрийг дуусталх хугацааны өр авлагыг тулгаж “САҮЦ” ХК нь нэхэмжлэгчид 74,515,000 төгрөгийн өртэй гарсныг баталгаажуулж, тооцоо нийлсэн акт үйлдсэн/1хх 12, 13/, МУЗГ-н 2018.01.10-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор “АҮЦ” ТӨХК-г татан буулгахаар шийдвэрлэсэн, улмаар ТӨБЗГ даргын 2018.01.30-ны өдрийн А/36 дугаар тушаалаар татан буулгах комисс байгуулагдсан, тус комисс үйл ажиллагаа явуулж байгаа нь тогтоогдсон, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.05.25-ны өдрийн 101/ШЗ2021/08206 дугаар шүүгчийн захирамжаар “Б” ХХК нь “АҮЦ” ТӨХК-г татан буулгах комисст хандаагүй, шүүхээс гадуур маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх хуульд заасан журмыг зөрчсөн гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон /1хх 69-74/, гэвч ТӨБЗГ-ын татан буулгах комисс 2021.07.13-ны өдрийн А-4/1229 дүгээр албан бичгээр ...компани ширээ сандал принтер зэргээс өөр хөрөнгөгүй тул шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн /1хх 47/ учир урьдчилан шийдвэрлүүлэх журам хэрэгжсэн, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж заасан тул хариуцагчаас  тооцоо нийлсэн актын дагуу төлбөрийг гаргуулах үндэслэлтэй, ...Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3-т заасны дагуу түрээсийн гэрээ 2015 оны 05 дугаар сараас цуцлагдаж, дуусгавар болсон...” гэж дүгнэжээ.

10. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...анхан шатны шүүх татан буугдаж байгаа хуулийн этгээдэд холбогдох нэхэмжлэл, өргөдлийг хэнд, ямар журмаар гаргах болон өр төлбөрийг барагдуулах журмыг хуулиар тусгайлан зохицуулсан байхад Компанийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.7 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг шүүх харьяалан шийдвэрлэх боломжтой гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан буулгах комисст гаргасан, татан буулгах комисс ажиллаж байгаа нөхцөлд тус комиссоос нэхэмжлэгчид ямар хариу өгсөн эсэхээс үл хамааран Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.7, 32.8, 32.11, Компанийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу татан буулгах комисс нь татан буугдаж байгаа хуулийн этгээдийн өр төлбөрийг барагдуулах ажиллагааг явуулж дуусгах журамтай, энэ тохиолдолд шүүх хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй...” гэж үзсэн байна.

11. Хоёр шатны шүүх хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг өөр өөрөөр хэрэгжүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авч, хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн болно.

12. МУЗГ-н 2013.03.02-ны өдрийн 76 дугаар тогтоолоор “САҮЦ” ХК-ийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх, компанийн хэлбэрийг өөрчлөн байгуулахаар шийдвэрлэсний дагуу ТӨХ-ны 2013 оны 107 дугаар тогтоолоор компанийн дүрмийг шинэчлэн баталснаар нэг бүрийн 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 23,2 тэрбум ширхэг энгийн хувьцаанаас бүрдэх, 34 хувийн төрийн өмчийн оролцоотой хаалттай хувьцаат компани байхаар тусгаж, дээрх өөрчлөлтийг 2013.06.06-нд улсын бүртгэлд бүртгүүлсэн, үүний дараа ТӨХ-ны 2015.09.03-ны өдрийн 551 дүгээр тогтоолоор оноосон нэрийг “АҮЦ” ТӨХК болгон өөрчилсөн боловч МУЗГ-н 2018.01.10-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор “АҮЦ” ТӨХК-ийг татан буулгахаар шийдвэрлэсэн, ТӨБЗГ даргын 2018.01.30-ны өдрийн ... тоот тушаалаар “АҮЦ” ТӨХК-ийг татан буулгах комиссын бүрэлдэхүүнийг томилж, ажиллах удирдамжийг тус тус баталсан, татан буулгах ажиллагаа явагдаж байгаа баримт хэрэгт авагджээ. Тус хаалттай хувьцаат компанийн дүрмийн 2.1-д компанийн нийт хувьцааны 34 хувийг төр эзэмшинэ, 1.4-т компанийн төрийн мэдлийнхээс бусад хувьцааг хувийн хэвшлийн компаниуд худалдан авах хүртэл хугацаанд хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхийг МУЗГ-г төлөөлж ТӨХ хэрэгжүүлнэ гэж заажээ. Гэвч бусад хувьцааг гаргаагүй, арилжаагүй, улмаар дүрмийн тухайн зохицуулалт хэрэгжээгүй үйл баримт СЗХ-ны тодорхойлолтоор тогтоогдсон.

13. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д төрийн өмчит хуулийн этгээдийг татан буулгахад Иргэний хууль болон бусад хуульд заасан үндэслэл журмыг баримтална гэж, Компанийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т комисс нь компанийг татан буулгах болон нэхэмжлэл гаргах журам, хугацааг нийтэд мэдээлэх бөгөөд нэхэмжлэл гаргах хугацаа нь татан буулгах тухай нийтэд мэдээлснээс хойш хоёр сараас доошгүй, зургаан сараас дээшгүй байна гэж, 27.3-т комисс нь компанийг татан буулгах, нэхэмжлэл гаргах журам, хугацааг зээлдүүлэгчид бичгээр мэдэгдэх үүрэгтэй гэж, 27.6-д нэхэмжлэл гаргах хугацаа дууссанаар комисс татан буугдаж байгаа компанийн эд хөрөнгийн тухай мэдээ, зээлдүүлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэх дүнг агуулсан татан буулгах балансыг гаргаж танилцуулах, 27.7-д комисс нэхэмжлэлийг хэрхэн барагдуулах талаар зээлдүүлэгчид бичгээр мэдэгдэх бөгөөд зээлдүүлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргахыг тус тус заажээ.

ТӨБЗГ 2018.02.19-ний өдрийн А-1/467 дугаар албан бичгээр Компанийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасан үүргийнхээ хүрээнд нэхэмжлэгчид мэдэгдсэн боловч өнөөг хүртэл шийдвэрлээгүй, хожим 2021.07.13-ны өдөр өрийг шийдвэрлэх боломжгүй талаар нэхэмжлэгчид бичгээр мэдэгдсэн байна.

14. Иргэний хуулийн 32 дугаар зүйлд зааснаар татан буулгах комисс нь хуулийн этгээд татан буугдсан тухай нийтэд мэдээлэх, өргөдөл хүлээн авах, нэхэмжлэлийг хуульд заасан дарааллаар хангах, хуулийн этгээдийн эд хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй бол эд хөрөнгийг төлбөл зохих төлбөрийн хэмжээнд хувь тэнцүүлэн зохих дарааллын дагуу харилцагчдад хуваарилан татан буулгах ажлыг дуусгавар болгодог байх ба энэ журмаар ажиллагаа хийгдсэн эсэх нь тодорхой бус байна. Татан буулгах комисс нь хуульд заасан ажиллагааг явуулсан боловч өр төлбөрийг төлөх хөрөнгөгүй байсан, эсхүл уг ажиллагааг огт явуулаагүй аль нь болохыг тодорхой болгосон тохиолдолд нэхэмжлэлийн үндэслэлд дүгнэлт өгөх боломжтой байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдох нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэлийг Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д заасан “хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна” гэх зохицуулалтаар тодорхойлсон бөгөөд татан буугдсан “АҮЦ” ТӨХК-ийн эд хөрөнгө хэрхэн зарцуулагдаж, төрийн өмчөөс зааглагдах боломжгүй болсон үйл баримтыг заагаагүй байна.

Гэвч хэрэгт байгаа баримтаас үзэхэд татан буулгах комисс ажилласан хэвээр байгаа нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэх боломжгүй, уг журмын дагуу шийдвэрлүүлэх үндэслэлтэй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хуулийг зөрчөөгүй байна. Энэ талаарх нэхэмжлэгч талын гомдол үндэслэлгүй байв.

15. Иймд магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2023/00638 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 1,695,525 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.БАЯРМАА

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Г.АЛТАНЧИМЭГ

                       ШҮҮГЧИД                                                           П.ЗОЛЗАЯА

                                                                                                       Д.ЦОЛМОН

                                                                                                       Х.ЭРДЭНЭСУВД