Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 84

 

Д.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00399/и

           Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 753 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Н-ад холбогдох

          “Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойших буюу 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны 9 сарын цалин 10.995.156 төгрөг, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг аймгийн Засаг дарга С.Н-аар нөхөн төлүүлэх” тухай иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулгын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Г-ээс:

            Миний нөхөр Г.С- шүүх хурал болоогүй байхад нас барсан тул нэхэмжлэлийг дахин гаргаж байна. Г.С- нь Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Н-ын 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/78 тоот захирамжаар хууль бусаар ажлаас халагдсан. Дээрх захирамжийг эс зөвшөөрч Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус хэрэг маргаан нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0174 магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №203 тоот тогтоолоор маргааныг эцэслэн шийдвэрлэсэн. Хариуцагч тал Улсын Дээд шүүхийн тогтоолыг сайн дураар биелүүлж 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Дархан-Уул аймгийн Засаг даргын Б/41 тоот захирамжаар Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилсон юм. Иймд ажилгүй байсан хугацааны 9 сарын цалин 10.995.156 төгрөг, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг аймгийн Засаг дарга С.Н-аар нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулгаас:

Талийгаач Г.С- нь 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/70/85 дугаартай Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамжаар Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын албан тушаалаас халагдсан. Захирамжийг эс зөвшөөрч Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан, тус нэхэмжлэлийн шаардлагыг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 92 дугаартай шийдвэрээр  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж маргааныг шийдээд нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж ажилд эргүүлэн томилох шийдвэр гаргасан. Мөн тус шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч давж заалдсан. Давж заалдах шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хариуцагч Улсын дээд шүүхийн магадлал, тогтоолыг биелүүлж ажилд нь эргүүлэн томилсон боловч мөн оны 09 дүгээр сарын 06-ны өдрөө халсан. Нэхэмжлэгч Д.Г- нь талийгаачийн хууль ёсоор гэрлэсэн эхнэр юм. Хуульд зааснаар өв нээгдсэнээс хойш 1 жил өнгөрсний дараа өвлөх эрхийн гэрчилгээ олгоно гэсэн боловч 1 жил өнгөрөөгүй учир нэхэмжлэлийн шаардлага гаргах нь үндэслэлгүй юм гэсэн тайлбар гаргаж байна. Гэтэл гэрчилгээ олгох тухай хүсэлт гаргасан буюу өвлөгдсөн эд хөрөнгийг авсан этгээдээс өөр өвлөгч байхгүй нь баримтаар нотлогдвол гэрчилгээг иргэний хуулийн 531.2-т заасан хугацаанаас өмнө олгож болно гэсэн байгаа. Энэ нь өвлөгчийн эцэг, эх хүүхдүүд нь байсан боловч бусад өвлөгч нар татгалзаад хугацаанаас өмнө өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байна гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Н-аас:

Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байсан Г.С-ыг Газрын албаны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.8-д зааснаар Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргатай зөвшилцөөгүй, мөн хуулийн 20.3 дахь хэсэгт заасан заалтыг зөрчин томилсон гэсэн шалтгаанаар аймгийн Засаг даргын 2016 оны Б/78 дугаар захирамжаар ажлаас нь чөлөөлсөн. Г.С- нь Захиргааны хэргийн 3 шатны шүүхээр нэхэмжлэл гарган хэрэг хянан шийдвэрлэгдэж 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 203 дугаар Улсын дээд шүүхийн тогтоолоор Г.С-ыг албан тушаалд эгүүлэн томилох шийдвэрийг гаргасан. Улсын дээд шүүхийн 2017 оны 203 дугаар тогтоолыг 2017 оны 08 дугаар сард хүлээн авч, 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс албан тушаалд эгүүлэн томилсон. Г.С- 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр өвчний улмаас нас барсан. Нэхэмжлэгч Д.Г- нь хариуцагч Г.С-ын хууль ёсны залгамжлагчаар тогтоогдсон өвлөх эрхийн гэрчилгээ байхгүй байна. Иймд Г.С-ын ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалыг нэхэмжлэх эрх нээгдээгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэгээс:

Тухайн үед Г.С-ыг ажлаас чөлөөлсөн шалтгаан бол Газрын тухай хууль зөрчсөн, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргаар тухайн салбарт 3-аас доошгүй жил ажилласан хүнийг авна гэсэн шаардлагыг хангаагүй хууль зөрчиж ажилд авсан гэсэн шалтгаанаар ажлаас чөлөөлсөн. Уг асуудалд нэхэмжлэл гаргаснаар 3 шатны шүүхээр яваад Улсын Дээд шүүхийн шийдвэр 2017 оны 05 дугаар сард ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гарч 2017 оны 09 дүгээр сард Г.С-ыг ажилд эргүүлэн томилсон байдаг. Хавтаст хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтыг үзэхэд албан ёсоор эрх залгамжилсан баримт байхгүй, Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т зааснаар өвлөх эрхийн гэрчилгээг нэг жилийн дараа олгоно гэж заасан байдаг. Энэ өвлөх гэрчилгээ хэрэгт авагдаагүй байгаа. Г.С-ын ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 753 дугаар шийдвэрээр:

            Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, 532 дугаар зүйлийн 532.1-д зааснаар  хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр нас барсан Г.С-ын 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс  2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 10.995.156 төгрөг, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль ёсны өвлөгч Д.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тус шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 1646 дугаар захирамжаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж  төлөхөөс чөлөөлж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулга давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс 3 сарын дотор гомдол гаргах эрхтэй байсан, хөөн хэлэлцэх хугацаа дууссан мэтээр дүгнэж шийдвэрлэсэн байна. Гэтэл Г.С- нь Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Н-ын 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/78 тоот захирамжаар хууль бусаар ажлаас халагдсан. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн 3 шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж маргааныг эцэслэн шийдвэрлэсэн. Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Н-ын “Г.С-ыг ажилд томилох, ажлаас чөлөөлөх” тухай 2 захирамжийг гаргаж танилцуулсан. Ингээд дахин ажлаас нь чөлөөлсөн тухай 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/42 тоот захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан. Тус нэхэмжлэлийг Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 02 тоот шийдвэрээр ажилд нь эгүүлэн томилох шийдвэр гаргасан. Г.С- нь 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс хойш шүүхэд маргаан үүсгэж шүүхийн эцсийн шийдвэрийг Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Н- гүйцэтгэхгүй, ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй, эрх нь зөрчигдсөн хэвээр байсан. Дээрх баримтуудаас харахад хөдөлмөрийн хуульд заасан гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Г- хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр нас барсан Г.С-ын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 10.995.156 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна. 

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасныг зөрчсөн, өөрөөр хэлбэл нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад дараах дүгнэлтийг хийлээ.

Талийгаач Г.С- Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байгаад аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/78 тоот захирамжаар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд энэхүү захирамжийг эс зөвшөөрч Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Тус хэрэг маргаан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0174 тоот магадлал, Хяналтын шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 203 тоот тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдэж, энэ дагуу Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, түүнд үндэслэн олгогдсон гүйцэтгэх хуудас, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авах тухай мэдэгдэл тус тус бичигдэн хариуцагч талд 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүргэгдсэн байна.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоолын дагуу ажил олгогч 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Б/41 тоот захирамж гаргаж, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн томилсон байна.

Г.С- нь хууль бусаар ажлаас халагдсан нь 3 шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон ба ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд гаргаснаас хойш 03 дугаар сарын 02-ны өдөр өвчний учир нас барсан байна.

Нэхэмжлэгч Д.Г- нь нас барсан Г.С-ын гэр бүл бөгөөд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д зааснаар талийгаачийн хууль ёсны өвлөгч мөн, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байна.

Анхан шатны шүүх талийгаач Г.С-ыг Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс хойш түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд томилсон 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор шаардах эрхтэй бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаа хойш 1 сарын дотор шүүхэд гаргана”, 129 дүгээр зүйлийн 129.1-д “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж тус тус заасныг зөрчсөн, өөрөөр хэлбэл хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, зөрчилтэй шаардах эрх хууль ёсны өвлөгчид өвлөгдөхгүй гэж дүгнэсэн нь хууль зөрчөөгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан зохицуулалтаар ажил олгогчийн үүрэг болох ажилтныг эгүүлэн томилох үйл явдал болсон буюу зөрчил арилсан 2017 оны 09 дүгээр сарын 01-ээс хойшхи хугацаанд ажилтны эрх зөрчигдсөн гэж үзэхээр байна гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн нарийвчилсан зохицуулалтаар хөөн хэлэлцэх хугацааг 3 сар байхаар хуульчилсантай нийцсэн гэж үзнэ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл талийгаач Г.С-т ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4.558.211 төгрөг олгосон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0174 тоот магадлал, 5.046.552 төгрөг олгосон Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн  2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 02 тоот шийдвэр тус тус хүчин төгөлдөр хэвээр байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ шийдвэрийн үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг баримтлаагүй байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний нэмэлт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 753 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтыг:

Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, 532 дугаар зүйлийн 532.1-д зааснаар хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр нас барсан Г.С-ын  2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрөө 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 10.995.156 төгрөг, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль ёсны өвлөгч Д.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэснийг

Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг баримтлан хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан Г.С-ын  2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 10.995.156 төгрөг, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай Д.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 191.000 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                              ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   О.НАРАНГЭРЭЛ 

                                                                 ШҮҮГЧИД                                   С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                                     Л.АМАРСАНАА