Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 753

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн шүүхийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 16 дугаар баг, 1 хороолол, 19 байр, 22 тоотод оршин суух Боржигон овгийн Дугараагийн Ганцэцэг /РД: МЭ73022364, утас: 9937-3544/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр багт байрлах Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат /Утас: 9911-5904/-д холбогдох

“Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойшхи буюу 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны 9 сарын цалин 10,995,156 төгрөг, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг аймгийн Засаг дарга С.Насанбатаар нөхөн төлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ганцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

   “Миний нөхөр Г.Сүхбаатар нь 2018 оны 03 сарын 02-ны өдөр өвчний улмаас нас барсан юм. Тус шүүхэд 2018 оны 03 сарын 01-ний өдөр шүүхэд доорх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Шүүх хурал болоогүй байхад нөхөр маань нас барсан. Иймд Иргэний хуулийн 520-р зүйлийн 520.1.1-д заасныг үндэслэн хууль ёсны өвлөгч тул нэхэмжлэлийг дахин гаргаж байна. Г.Сүхбаатар нь Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбатын 2016 оны 08 сарын 15-ны өдрийн Б/78 тоот захирамжаар хууль бусаар ажлаас халагдсан. Дээрх захирамжийг эс зөвшөөрч Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус хэрэг маргаан нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 сарын 23-ны өдрийн 221/МА2017/0174 магадлал, МУ-ын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №203 тоот тогтоолоор маргааныг эцэслэн шийдвэрлэсэн. Хариуцагч тал Дээд шүүхийн тогтоолыг сайн дураар биелүүлж 2017 оны 09 сарын 01-ний өдрийн Дархан-Уул аймгийн Засаг даргын Б/41 тоот захирамжаар Дархан-Уул аймгийн ГХБХБГ-ын даргын албан тушаалд эгүүлэн томилсон юм. Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойшхи буюу 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны 9 сарын цалин 10,995,156 төгрөг, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг аймгийн Засаг дарга С.Насанбатаар нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулга нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Талийгаач Сүхбаатар нь 2016 оны 08 сарын 16-ны өдрийн Б/70/85 дугаартай Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамжаар Гарзын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргийн албан тушаалаас халагдсан. Захирамжийг эс зөвшөөрч Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан, тус нэхэмжлэлийн шаардлагыг 2016 оны 12 сарын 9-ний өдрийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 92 дугаартай шийдвэрээр  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, тус шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх маргааныг шийдээд нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж ажилд эргүүлэн томилох шийдвэр гаргасан. 2016 оны 12 дугаар сарын 9 хүртэл цалин 4,558,211 төгрөгийг гаргуулсан. Тус шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч давж заалдсан. Давж заалдах шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тогтоолоороо магадлалыг хэвээр үлдээж шийдсэн байгаа. Үүнээс хойш нэхэмжлэгч 2017 оны 09 сарын 01-ний өдөр хариуцагч дээд магадлал тогтоолыг биелүүлж ажилд нь эргүүлэн томилсон боловч мөн оны 09 сарын 06-ны өдрөө халсан. Энэ хооронд 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны цалин болох сарын 1,666,685 төгрөгийг цалинг бодоод 9 сарын хугацаанд 10,995,156 төгрөгийг гаргуулахаар Дархан-Уул аймгийн анхан шатны шүүхэд 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргасан байдаг. Үүний дараа буюу 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр нас барсан. Үүнээс хойш цалингаа бол эрх залгамжлагч Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т заасан өвлөгч Ганцэцэг нэхэмжлэл гаргаад явж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Иргэний хуулийн 515.1 байгаа өвлөх үндэслэл гэдэг дээр өвлүүлэгчийн эд хөрөнгө эрх өвлөгдөнө гэсэн байдаг. Нэхэмжлэгч Ганцэцэг бол Иргэний хуулийн 502.1.1-т заасан өвлөгч. 502.1.1-т юу гэсэн бэ? гэхээр талийгаачийн хууль ёсоор гэрлэсэн эхнэр, нөхөр, ээж, аав, үр хүүхдүүд байгаа. Ганцэцэг яагаад өвлөх эрхийн гэрчилгээ авсан бэ? гэхээр нэхэмжлэгч бол 531.1-т бол өв нээгдсэнээс хойш 1 жил өнгөрсний дараа өвлөх эрхийн гэрчилгээ олгоно гэсэн боловч 1 жил өнгөрөөгүй учир нэхэмжлэлийн шаардлага гаргах нь үндэслэлгүй юм гэсэн тайлбар гаргаж байна. Гэтэл Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.3.Гэрчилгээ олгох тухай хүсэлт гаргасан буюу өвлөгдсөн эд хөрөнгийг авсан этгээдээс өөр өвлөгч байхгүй нь лавтай баримтаар нотлогдвол гэрчилгээг энэ хуулийн 531.2-т заасан хугацаанаас өмнө олгож болно гэсэн байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр өвлөгчийн эцэг эх хүүхдүүд нь байсан боловч бусад өвлөгч нар татгалзаад хугацаанаас өмнө өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байгаа.” гэжээ.

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“Гүрринчин овогтой Сүхбаатарын хууль ёсны залгамжлагч Дархан сумын 16 дугаар баг 1 дүгээр хороолол 19-22 тоотод оршин суугч Дугараагийн Ганцэцэгийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1.Аймгийн ГХБХБГ-ын даргаар ажиллаж байсан Г.Сүхбаатарыг Газрын албаны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.8-д “аймаг, нийслэлийн газрын албаны даргыг Газрын харилцаа, геодизи, зураг зүйн газрын даргатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга, дүүргийн газрын албаны даргыг нийслэлийн газрын албаны даргатай зөвшилцөж дүүргийн Засаг дарга тус тус томилох, чөлөөлөх ” заалтыг зөрчин Газрын харилцаа, геодизи, зураг зүйн газрын даргатай зөвшилцөөгүй, 20.3 дахь хэсэгт “ аймаг нийслэл, дүүргийн газрын албаны даргыг газрын харилцааны зохих мэргэжилтэй, тухайн салбарт 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно ” гэсэн заалтыг зөрчин томилсон гэсэн шалтгаанаар аймгийн Засаг даргын 2016 оны Б/78 дугаар захирамжаар ажлаас нь чөлөөлсөн. Г. Сүхбаатар нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган 3 шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэгдэж 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 203 дугаар Улсын дээд шүүхийн тогиоолоор Г. Сүхбатарыг ГХБХБГ-ын даргын албан тушаалд эгүүлэн томилох шийдвэрийг гаргасан. Улсын дээд шүүхийн 2017 оны 203 дугаар тогтоолыг 2017 оны 08 дугаар сард хүлээн авч Г.Сүхбаатарыг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс аймгийн ГХБХБГ-ын даргын албан тушаалд эгүүлэн томилсон.

2. Г. Сүхбаатарыг 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр өвчний улмаас нас барсан байна. Иргэний тухай хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2 дахь хэсэгт “Хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно ” гэж заасан байдаг. Нэхэмжлэгч Дугараагийн Ганцэцэг нь Гүрринчин овогтой Сүхбаатарын хууль ёсны залгамжлагчаар тогтоогдсон өвлөх эрхийн гэрчилгээ байхгүй байгаа тул Г. Сүхбаатарын ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалыг нэхэмжлэх эрх нээгдээгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“Талийгаачийн хууль ёсны эрх залгамжлагч Ганцэцэгийн гаргасан нэхэмжлэлд тайлбар гаргасан. Тухайн үед ажлаас чөлөөлсөн шалтгаан бол газрын тухай хууль зөрчсөн, газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргаар тухайн салбарт 3-аас доошгүй жил ажилласан хүнийг авна гэсэн шаардлагыг хангаагүй хууль зөрчиж ажилд авсан гэсэн шалтгаанаар ажлаас чөлөөлсөн. Энэ асуудал дээр нэхэмжлэл гаргаснаар 3 шатны шүүхээр яваад Улсын дээд шүүхийн шийдвэр 2017 оны 5 дугаар сард ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гарч 2017 оны 9 сард Сүхбаатарыг ажилд эргүүлэн авсан байдаг. Хавтаст хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтыг үзэхэд албан ёсоор эрх залгамжилсан баримт байхгүй, Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т зааснаар өвлөх эрхийн гэрчилгээг нэг жилийн дараа олгоно гэж заасан байдаг. Энэ өвлөх гэрчилгээ хэрэгт авагдаагүй байгаа. Г.Сүхбаатарын ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна. Ийм хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Ганцэцэг нь хариуцагч Дархан-уул аймгийн Засаг даргад холбогдуулан 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр нас барсан Г.Сүхбаатарын 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлхи ажилгүй байсан хугацааны цалин 10,995,156 төгрөг, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

            Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 92 тоот шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 0174 тоот магадлал, Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 203 тоот тогтоолоор Дархан-Уул аймгйин Газрын харилцаа хот байгуулалтын газрын даргын ажилд эгүүлэн тогтоогдсон Г.Сүхбаатар нь 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр нас барсан болох нь нас барсны 0000214217 тоот гэрчилгээгээр тогтоогдож байна.

              Хуульд зааснаар хүчин төгөлдөр болсон 203 тоот тогтоолыг хэргийн оролцогч нар 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авсан, 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүсэлт гаргаснаар Дархан-уул аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 09-нй өдрийн 150 тоот “ Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж, түүнд үндэслэн олгосон гүйцэтгэх хуудас, мөн шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авахыг мэдэгдсэн мэдэгдэл бичигдэн, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авчээ.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр магадлал, тогтоолын дагуу ажил олгогч 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажилд эгүүлэн томилсон захирамж гаргасан нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй, анхан шатны шүүхийн шийдвэр гарсанаас хойш 9 сарын хугацаа өнгөрсний дараа ийнхүү биелүүлсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 119 дүгээр зүлйийн 119.5-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын гомдол гарган шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор ажил ологч хууль бус шийдвэр гаргасны үр дагаврыг ажилтны ажилгүй байсан бүх хугацаанд хариуцах буюу буюу гурван шатны шүүхээр тухайн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэж дуусах хугацааг багтааж хариуцах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасантай нийцнэ.

Энэ нь ажил олгогч ажилтныг ажлаас халах тухай хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргаагүй бол ажилтан шүүхэд эрхээ хамгаалуулахаар хандах үндэслэл үүсэхгүй байсан ба тухайн эрх зүйн маргааныг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг ажил олгогч биелүүлэх, эсхүл эс зөвшөөрч гомдол гаргах нь хуульд заасан түүний эрхийн асуудал мөн боловч ийнхүү гомдол гаргаснаас нэхэмжлэгч талд үүсэх үр дагаврыг тэрээр хариуцах нь зүйтэй юм.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан ба үүнд ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийг биелүүлэх хугацаа хамаарна.

 

Нөгөө талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т зааснаар ажил олгогч ажилтныг ажлаас халах тухай урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг урьдах ажилд нь эгүүлэн тогтоосноор шийдвэр биелэгдсэнд тооцдог учраас ажилтны ажилгүй байсан хугацааг түүнийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарснаар бус харин шүүхийн шийдвэрийг биелүүлсэн ажил олгогчийн шийдвэр гарч, бодитоор биелэснээр дуусгавар болсонд тооцох учиртай.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай Хяналтын шатны шүүхийн тогтоол гарсан 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс хойш 3 сарын хугацааны дотор буюу 2017 оны  09  сарын 01-ний өдөр ажил олгогч ажилтанг ажилд нь эгүүлэн томилжээ.

 

Өөрөөр хэлбэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоогдсон буюу ажлаасаа үндэслэлгүй халагдсаны улмаас 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй болсонд ажил олгогч буруутай байна.

Иймд Г.Сүхбаатар урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 12  дугаар сарын 09-ний өдрөөс хойш түүнийг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажилд нь томилох хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг шаардах эрхтэй байжээ.

 

Г.Сүхбаатар тус шүүхэд дээрх олговрыг шаардан 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 1128 тоот шүүгчийн захирамжаар ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх залгамжлан авбал зохих этгээдийн талаар холбогдох хүсэлт, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй... гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.

 

            Нэхэмжлэгч Д.Ганцэцэг нь 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр нас барсан Г.Сүхбаатарын гэр бүл бөгөөд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д зааснаар хууль ёсны өвлөгч байна.

Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д зааснаар өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөх бөгөөд Г.Сүхбаатарын урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон Дархан-Уул аймаг дахь  Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 12  дугаар сарын 09-ний өдрөөс хойш түүнийг 2017 оны 09 дүгээр  сарын 01-ний өдөр ажилд нь томилох хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг шаардах эрх хууль ёсны өвлөгчид өвлөгдөх бөгөөд түүнд 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байна.

Г.Сүхбаатар урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 12  дугаар сарын 09-ний өдрөөс хойш түүнийг 2017 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр ажилд нь томилох хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг шаардах эрхээ хэрэгжүүлэн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх  олговор олгоно..., 129 дүгээр зүйлийн 129.1-д ...129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор... гомдлоо гаргах эрхтэй байсан байна.

Хөдөлмөрийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан зохицуулалтаар ажил олгогчийн үүрэг болох ажилтныг эгүүлэн томилох  үйл явдал болсон буюу зөрчил арилсан 2018 оны 09 дүгээр сарын 01-нээс хойшхи хугацаанд ажилтны эрх  зөрчигдсөн гэж үзэхээр байна.

Энэ тохиолдолд Г.Сүхбаатар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг шаардах, эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах хэлбэрээр мэдүүлэх, мөн  эвлэрүүлэн зуучлалд хандах эрх нээлттэй байсан, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 ,129.3 …Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхээ хэтрүүлсэн, хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн  талаархи нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул зөрчилтэй шаардах эрх хууль ёсны өвлөгчид өвлөгдөхгүй гэж шүүх үзэж, хариуцагч Дархан-уул аймгийн Засаг даргад холбогдуулан 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр нас барсан Г.Сүхбаатарын 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлхи ажилгүй байсан хугацааны цалин 10,995,156 төгрөг, мөн хугацааны эрүүл мэндийн, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль ёсны өвлөгч нэхэмжлэгч Д.Ганцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.   

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7.1-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ...буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүүг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасан боловч  ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул энэ талаар дүгнэлт хийх боломжгүй, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тус шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 1646 дугаар захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, 532 дугаар зүйлийн 532.1-д зааснаар  хариуцагч Дархан-уул аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр нас барсан Г.Сүхбаатарын 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс  2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлхи ажилгүй байсан хугацааны цалин 10,995,156 төгрөг, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль ёсны өвлөгч Д.Ганцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тус шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 1646 дугаар захирамжаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж  төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ОЮУНДАРЬ