Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2019/00204

 

Д.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 753 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 84 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Д.Г-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ДУА ЗД С.Н-холбогдох,

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойшхи буюу 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны 9 сарын цалин 10 995 156 төгрөг, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг аймгийн Засаг дарга С.Н-аар нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулгын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулга, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цэндсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэг, нарийн бичгийн даргаар Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний нөхөр Г.Сүхбаатар шүүх хурал болоогүй байхад нас барсан тул нэхэмжлэлийг дахин гаргаж байна. Г.Сүхбаатар нь ДУА ЗД- С.Н-ын 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/78 тоот захирамжаар хууль бусаар ажлаас халагдсан. Дээрх захирамжийг эс зөвшөөрч Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус хэрэг маргаан нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0174 магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №203 тоот тогтоолоор маргааныг эцэслэн шийдвэрлэсэн. Хариуцагч тал Улсын Дээд шүүхийн тогтоолыг сайн дураар биелүүлж 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Дархан-Уул аймгийн Засаг даргын Б/41 тоот захирамжаар Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилсон юм.

Иймд ажилгүй байсан хугацааны 9 сарын цалин 10 995 156 төгрөг, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг аймгийн Засаг дарга С.Н-аар нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Гэрчилгээ олгох тухай хүсэлт гаргасан буюу өвлөгдсөн эд хөрөнгийг авсан этгээдээс өөр өвлөгч байхгүй нь баримтаар нотлогдвол гэрчилгээг Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т заасан хугацаанаас өмнө олгож болно гэсэн байгаа. Энэ нь өвлөгчийн эцэг, эх хүүхдүүд нь байсан боловч бусад өвлөгч нар татгалзаад хугацаанаас өмнө өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байсан Г.Сүхбаатарыг Газрын албаны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.8-д зааснаар газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргатай зөвшилцөөгүй, мөн хуулийн 20.3 дахь хэсэгт заасан заалтыг зөрчин томилсон гэсэн шалтгаанаар аймгийн Засаг даргын 2016 оны Б/78 дугаар захирамжаар ажлаас нь чөлөөлсөн. Г.Сүхбаатар нь Захиргааны хэргийн 3 шатны шүүхээр нэхэмжлэл гарган хэрэг хянан шийдвэрлэгдэж 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 203 дугаар Улсын дээд шүүхийн тогтоолоор Г.Сүхбаатарыг албан тушаалд эгүүлэн томилох шийдвэрийг гаргасан. Улсын дээд шүүхийн 2017 оны 203 дугаар тогтоолыг 2017 оны 08 дугаар сард хүлээн авч, 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс албан тушаалд эгүүлэн томилсон. Г.Сүхбаатар 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр өвчний улмаас нас барсан. Нэхэмжлэгч Д.Г- нь хариуцагч Г.Сүхбаатарын хууль ёсны залгамжлагчаар тогтоогдсон өвлөх эрхийн гэрчилгээ байхгүй байна.

Иймд Г.Сүхбаатарын ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалыг нэхэмжлэх эрх нээгдээгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 753 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, 532 дугаар зүйлийн 532.1-д зааснаар хариуцагч ДУА ЗД-д холбогдуулан гаргасан 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр нас барсан Г.Сүхбаатарын 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 10.995.156 төгрөг, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль ёсны өвлөгч Д.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тус шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 1646 дугаар захирамжаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 84 дүгээр магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 753 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтыг: Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, 532 дугаар зүйлийн 532.1-д зааснаар хариуцагч ДУА ЗД-д холбогдуулан гаргасан 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр нас барсан Г.Сүхбаатарын 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрөө 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 10.995.156 төгрөг, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль ёсны өвлөгч Д.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэснийг Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг баримтлан хариуцагч ДУА ЗД-д холбогдуулан Г.Сүхбаатарын 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 10.995.156 төгрөг, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай Д.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 191.000 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Давж заалдах шатны шүүх магадлалдаа “...Талийгаач Г.Сүхбаатар нь 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс хойш 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх цалингаа гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 129.1-д зааснаас бусад тохиолдолд 3 сарын дотор нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд энэ хугацаанд гомдлоо гаргаагүй хөөн хэлэлцэх хугацаа дууссан ” гэж дүгнэн гомдлыг хангахгүй шийдвэрлэсэн юм.

Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дагуу ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацааны урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөрийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан үндэслэлээр олгоно. Ажилд эгүүлэн тогтоох ажилд орох хүртэлх хугацаа гэдэгт энэ хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан ажилгүй байсан бүх хугацаа орно.

Иймд нэхэмжлэгч талийгаач Г.Сүхбаатар нь 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цалинг шүүхэд шаардах нэхэмжлэл гаргах эрхтэй. Г.Сүхбаатарын эрх нь 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс хойш зөрчигдсөн хэвээр байсан тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж үзэж байна. ...МУ-ын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №203 тоот тогтоолоор маргааныг эцэслэн шийдвэрлэсэн. Г.Сүхбаатарыг 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр гэнэт Газрын албан дээр хүрээд ирээч гэж дуудсан ингээд очтол Дархан-Уул аймгийн ЗДТГазрын ажлын хэсгийн бүрэлдэхүүн гэх хэсэг хүмүүс Засаг дарга С.Н-ын Т.Сүхбаатарыг ажилд томилох тухай“ 2017 оны 09 дүгээр сарын 1-ний өдрийн Б/41 тоот захирамж , " Г.Сүхбаатарыг ажлаас чөлөөлөх тухай 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/42 тоот захирамж зэрэг 2 ширхэг захирамж гэнэт гарган ирж танилцуулсан байсан. Дээрх ажилд томилсон тушаал нь томилсон гэх өдрөөс нь хойш 7 хоногийн дараа гарган өгсөн, дахин халсан тушаалыг нь гарган ирж байгаа нь зориуд санаатай хүний тохуурхсан үйлдэл болсон. Ингээд ажлаас халсан маргаан дахин үргэлжилж нас барах хүртэл нь хугацаанд үргэлжилсэн юм.

Миний нөхөр ажлаас халагдсанаас хойш байнгын сэтгэлийн дарамттай байсаар зүрхний хүнд өвчний улмаар нас барсан юм. Одоо миний бие 2 хүүхэдтэйгээ маш хүнд амьдарч байна. ...Бид маш их гомдож байна. Ажилгүй байсан хугацааны цалин нь тасалдсан учир НД дэвтэрт нь бичигдэхгүй болохоор бага охин С.Номундарь тэжээгчээ алдсаны тэтгэмж нь бага тогтоогдож амьдрахад хүнд байна.

Иймд Дархан уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №753 тоот шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 84 тоот магадлалыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.Г-ийн талийгаач нөхөр Г.Сүхбаатар нь Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байгаад Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/78 дугаар захирамжаар халагджээ.

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 92 дугаар шийдвэрээр Дархан-Уул аймгийн Засаг даргын дээрх захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговор гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бол Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0174 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/78 дугаар захирамжийг хүчингүй болгож, Г.Сүхбаатарыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, түүнд 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 4 558 211 төгрөг олгохоор шийдвэрлэжээ. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 203 дугаар тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээжээ. Давж заалдах болон хяналтын шатны шүүхийн магадлал, тогтоол хүчин төгөлдөр болсон байна.

ДУА ЗД- нь Г.Сүхбаатарыг ажилд томилох 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/41 дүгээр захирамж гаргаж, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлсэн гэж үзэхээр боловч 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/42 дугаар захирамж гарган Г.Сүхбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 02 дугаар шийдвэрээр Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/42 дугаар захирамжийг хүчингүй болгож, Г.Сүхбаатарыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилжээ. Уг шийдвэрээр Г.Сүхбаатарт 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 5 046 552 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шийдсэн байна.

Г.Сүхбаатар нь Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулахаар 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргасан боловч 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр нас барсан байна.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 1128 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10.-т зааснаар нас барсан нэхэмжлэгчийн шаардлага гаргах эрх эрх залгамжлагчид шилжээгүй гэж үзэн Г.Сүхбаатарын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.

Нэхэмжлэгч Д.Г- энэ хэргийн нэхэмжлэлдээ талийгаач нөхөр Г.Сүхбаатарын ажилгүй байсан 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах шаардлагыг ДУА ЗД-д холбогдуулан гаргасан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх тухайн шаардлагыг гаргах Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д заасан гурван сарын хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн гэж үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо мөн зүйлийн 129.3.-т заасан хүндэтгэн үзэх шалтгаан байгаа бол хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэх зохицуулалтыг анхаараагүй нь буруу болжээ.

ДУА ЗД- нь Г.Сүхбаатарыг ажилд томилох 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/41 дүгээр захирамж гаргасан боловч 5 хоногийн дараа,  2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Б/42 дугаар захирамж гарган Г.Сүхбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, Г.Сүхбаатар энэ талаар Захиргааны хэргийн шүүхэд гомдол гарган, хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаан өөр үндэслэлээр үргэлжилсэн учир түрүүчийн үндэслэлээр ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг авах эрхээ хэрэгжүүлэх боломжоо ашиглахгүй хугацаа алдсаныг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д зааснаар шүүх ажилтныг  ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол ажил олгогч түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгох үүрэгтэй. Хуулийн уг зохицуулалтын “ажилгүй байсан бүх хугацаа” гэх ойлголтод ажилтныг ажлаас халсан тушаал гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг ажил олгогч биелүүлэх хүртэлх нийт хугацаа хамаарах тул Г.Сүхбаатар нь шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилдаа эгүүлэн тогтоолгох хүртэл хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг шаардах хууль зүйн үндэслэлтэй болно.

Нэхэмжлэгч Д.Г- нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1.-д зааснаар нас барагч Г.Сүхбаатарын баталгаат эхнэр нь мөн тул түүнийг Г.Сүхбаатарын шаардах эрхийн эрх залгамжлагч гэж үзнэ.

Дээрх байдлыг үндэслэн, талийгаач Г.Сүхбаатарын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 10 995 156 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Д.Г-т олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулах шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй байна. Хариуцагч тал нэхэмжлэлийг бүхэлд нь татгалзсан боловч нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар маргаагүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 84 дүгээр магадлал, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 753 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах нэхэмжлэгч Д.Г- \Д.Сүхбаатар\-ийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1., Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1.-д зааснаар хариуцагч ДУА ЗД-ас Г.Сүхбаатарын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 10 995 156 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Г-т олгож, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулахыг даалгасугай” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 191 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

   ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН