Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 875

 

 

 

 

 

 

  

 2020            7              7                                            2020/ДШМ/875

 

 

А.Н, А.Д нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Мягмаржав, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ганзориг,

цагаатгагдсан этгээд /хохирогч/ А.Д, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа,

шүүгдэгч /хохирогч/ А.Н, түүний өмгөөлөгч П.Учралгэрэл,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/1013 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Н, түүний өмгөөлөгч П.Учралгэрэл нарын гаргасан давж заалдах гомдол, прокурор Б.Ганзоригийн бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээр А.Д, А.Н нарт холбогдох эрүүгийн 2006004600874 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

А.Н,

А.Д,

Шүүгдэгч А.Н, А.Д нар нь 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө 03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянзүрх зах” худалдааны төвийн гадна талд “холд, зайл гэсэн” гэх шалтгааны улмаас хоорондоо маргалдан зодолдож улмаар шүүгдэгч А.Н нь хохирогч А.Дийн эрүүл мэндэд “хөнгөн” хохирол санаатай учруулсан, шүүгдэгч А.Д нь хохирогч А.Нийн эрүүл мэндэд “хүндэвтэр” хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: А.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, А.Нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Санга овогт Амарсайханы А.Дд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Алтангэрэлийн А.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан шүүгдэгч А.Нид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Нийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, хохирогч А.Д нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж, А.Д, А.Н нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Ганзоригийн бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхээс хохирогч А.Н нь “А.Дтэй “холд, зайл гэсэн” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар харилцан зодолдсон. ..., А.Д намайг цохисон, би гараараа хаасан, Тэгэхэд миний гарны яс хугарсан. ...” гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсээр байхад бусад нотлох баримтаар эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн гэж дүгнэсэн нь хохирогчийн мэдүүлгийн эх сурвалжийг бусад нотлох баримттай харьцуулан шинжлэн судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг үнэлээгүй нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, нотлох баримтыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулжээ. Тухайлбал, хохирогч А.Нын “...А.Дтэй маргалдаж, улмаар харилцан зодолдсон. .., А.Д намайг цохисон, би гараараа хаасан, тэгэхэд миний гарны яс хугарсан... би шууд гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн” гэх мэдүүлэг/ хх 15-16/, гэрч Э.Мөнхжин “...А.Н, А.Д хоёр харилцан бие биенийгээ цохилцоод зодолдсон. Би тэгээд больцгоо гээд салсан. .., А.Н тэнд гараа бариад үлдсэн. ..., А.Н нь тухайн үед намайг хүргэж өгчихөөд гэмтлийн эмнэлэг рүү очиж гараа үзүүлсэн гэсэн...” гэх мэдүүлэг /хх 19-20/, шинжээчийн “А.Нийн биед зүүн сарвууны чигчий хурууны алганы шивнүүр ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх 30-31/, дүрс оношилгооны эмч С.Чулуунсүхийн “нэр: А.Н, нас:20, хүйс: эр 2019.12.15/СД-1Ш/ Зүүн сарвууны 2 байрлалын рентген зургаар зүүн гарын чигчий хурууны алга ясанд зөрүү багатай, хөндлөн сэтэрсэн хугаралтай” гэх “Зөвөлгөө авах бичиг” эмнэлгийн бичиг /хх 29/ зэргээр тус тус тогтоогдсон.

Хэрэг учрал болох үед хохирогч А.Нийн зүүн сарвууны чигчий хурууны алганы шивнүүр ясны далд хугарал гэмтэл үүссэн. Мөн шинжээч эмч “өөрөө цохих үед эхэлж хурууны үед гэмтэл учирна. Харин алганы шивнүүр яс хугарах боломжгүй талаар” мэдүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Ноос 2 удаа мэдүүлэг авахад “А.Д намайг цохисон, би гараараа хаасан тэгэхэд миний гарны яс хугарсан. ...би шууд гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн” гэдгийг тогтвортой мэдүүлсэн, мөн хэрэг учрал болох үед байсан ганц гэрч Э.Мөнхжин “А.Н, А.Д нарыг харилцан зодолдсон, А.Н гараа бариад үлдсэн” гэж мэдүүлснээр А.Д, А.Н нар маргалдаж, харилцан зодолдсон үйл баримт тогтоогдож байхад шүүх нь шүүгдэгч А.Дийн өгсөн “би тухайн үед цохиогүй” гэх мэдүүлгээр түүнийг гэмт хэрэг үйлдээгүй гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүгдэгч А.Дийн мэдүүлгийг бусад нотлох баримттай харьцуулан шинжлэн судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар хэргийн үйл баримтыг үнэлэн шийдвэрлээгүй гэж үзэхээр байна. Түүнчлэн, хохирогч А.Нийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол, шүүгдэгч А.Дийн үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Шүүхийн шийтгэх тогтоолын ТОГТООХ нь: хэсгийн 1 дэх заалт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан, Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Санга овгийн Алтангэрэлийн А.Дд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай” гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлд заасан үндэслэлийн аль үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байгаа нь тодорхойгүй байгаа болохыг дурьдах нь зүйтэй байна.

Шүүхийн тогтоолд: Хэрэг учрал болсон 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнөөс хойш 3 сар өнгөрсний дараа буюу 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр А.Нийг хохирогчоор тогтоож, мэдүүлэг авсан байдаг. Мөн дүрс оношлогооны эмч С.Чулуунсүхийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн “Зөвлөгөө авах бичиг”-ийн дагуу А.Нийн зүүн сарвууны 2 байрлалын рентген зургаар зүүн гарын чигчий хурууны алга ясанд зөрүү багатай, хөндлөн сэлтэрсэн хугаралтай” 2019.12.15 /СД-1ш/ гэж бичжээ. Ийнхүү дээрх эмчийн “Зөвлөгөө авах бичиг”-т үндэслэн шинжээчийн дүгнэлт гаргасан нь бодит байдалд нийцэхгүй, хэргийн үнэн ботид байдлыг тогтооход учир дутагдалтай гэж үзнэ. Эмч зөвлөгөө өгч, дүрс, оношлогоогоор А.Нийн гарыг үзэж, онош тавьсан болохоос түүний биед учирсан гэмтлийг хаана, хэзээ, ямар цаг хугацаанд, хэн учруулсан эсэхийг тогтоох боломжгүй гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж заасны дагуу А.Нийг хэрэг учрал болсноос хойш 3 сар дараа буюу 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр хохирогчоор тогтоож, мэдүүлэг авсан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол үйлдэж, хэргийн оролцогч нарт танилцуулж, дүгнэлт гаргуулсан байна. Энэ шинжээчийн дүгнэлтээр “А.Нийн биед зүүн сарвууны чигчий хурууны алганы шивнүүр ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байна” гэснээр А.Нийг хохирогчоор тогтоох үндэслэл тогтоогджээ.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/1013 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгон хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч А.Нийн өмгөөлөгч П.Учралгэрэлийн тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч А.Дийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа “шинжээч эмчийг шүүх хуралдаанд орлцуулах”, прокурорын зүгээс “гэрч Э.Мөнхжинг шүүх хуралдаанд оролцуулах” талаар тус тус хүсэлт гаргасан боловч шүүхээс хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан. Хэрвээ шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагааг дутуу хийгдсэн гэж үзсэн бол шүүх өөрийн санаачлагаар хэргийг прокурорт буцаан дутуу хийгдсэн ажиллагааг хийлгэх боломжтой байсан. Гэтэл анхан шатны шүүх прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл дутуу, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлоогүй, мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн гэж дүгнэн яллагдагч А.Дийг гэм буруугүй гэж үзэн түүнийг цагаатгаж шийдвэрлсэн нь ойлгомжгүй байна. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Н “А.Д намайг цохих үед би гараараа хаахад миний гарны яс хугарсан” гэж мэдүүлсэн. Тухайн үед хамт байсан гэрч Э.Мөнхжин “А.Н, А.Д нар харилцан зодолдсон. А.Н тухайн үед намайг хүргэж өгөөд гэмтлийн эмнэлэг явсан” зэрэг мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар А.Нийн биед учирсан хохирлыг А.Д учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч /хохирогч/ А.Н тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А.Н миний бие Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/1013 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө А.Д бүдүүлэг зан авир гаргаж, маргалдсаны улмаас миний зүүн гар руу цохиж чигчий хурууны алганы шивнүүр ясыг хугалсан. Гэтэл миний биед учирсан гэмтлийг А.Д учруулаагүй гэж дүгнэж, түүнийг цагаатгаж холбогдох хэргийг нь хэрэгсэхгүй болгосонд маш их гомдолтой байна. Миний биед учирсан гэмтэл тухайн маргаан болсон өдөр л учирсан байхад гэм буруутай этгээдийн бусдад учруулсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь прокурор хэт талыг баримтлаж байгаа бус шүүх хэт нэг талд үйлчилж ийм шийдвэр гаргалаа гэж үзэж байна. Иймд хэргийг дахин хянаж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд /хохирогч/ А.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Би А.Нийг цохиж зодоогүй, анхан шатны шүүх хэргийг үнэн зөв шийдсэн. Тийм болохоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд А.Дийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хохирогч А.Н нь 2020 оны 1 дүгээр сард гадагшаа яваад 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ирээд, энэ өдрөөс эхлэн гэмт хэргийг шалгуулсан. Үүнийг анхан шатны шүүх маш үндэслэлтэй дүгнэсэн. Прокуророос “А.Д нь А.Нид гэмтэл учруулсан” гэх боловч үүнийгээ мөрдөн шалгах ажиллагааны явцад хангалттай нотолж чадаагүй. Мөн анхан шатны шүүхийн мэтгэлцээний явцад энэ нөхцөл байдлыг тогтоож харсан гэж үзэж байна. Хэрэг учрал болсноос 3 сар гарангийн дараа буюу 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр А.Нийг хохирогч болгоод, зөвлөгөө авах гэдэг бичгээр дүгнэлт гаргуулсан нь үндэслэлгүй байна. Прокурор хэргийг шалгахдаа хэт нэг талыг барьж хохирогчийг шүүгдэгч болгож байгаа нь зүйд нийцэхгүй гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүхээс “Учралгэрэл гэж хүн миний өмгөөлөгч биш, уг асуудлыг хэлэлцүүлгийн явцад хэлэлцэнэ” гээд нээлттэй орхисон. Анхан шатны шүүх хуралдаан маш их мэтгэлцээнтэй болсон тул бодитой шийдвэрлэсэн гэж үзэн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл болон давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч А.Н, цагаатгагдсан этгээд А.Д нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлыг хянаж, шийдвэрлэх ёстой байдлыг шийдвэрлээгүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно” гэж заажээ. Эрүүгийн хэргийн нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болох гэдэг нь тухайн эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлах, шалгах, үнэлэх процесс ажиллагааны цогц утгаар илэрхийлэгддэг.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан нотлох баримтаар хязгаарлахгүй бөгөөд шүүх хуралдааны явцад хэлэлцсэний үндсэн дээр нотолбол зохих байдлыг тогтоох боломжтой юм.

Хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан тэднийг нягт нямбай хянасны үндсэн дээр шүүхээс гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн, бодитой тогтоож, энэ тухай хууль зүйн дүгнэлт гаргадаг.

Шүүгдэгч А.Н, цагаатгагдсан этгээд А.Д нарт холбогдох хэргийн үйл баримтын талаар шүүхээс цугларсан нотлох баримтын хүрээнд бүрэн, бодитой дүгнэлт хийх, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг дахин мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх үзлээ. 

Учир нь Зөвлөгөө авах бичигт “...Нэр: А.Н, нас:20, хүйс: эр, 2019.12.15 /СД-1ш/, Зүүн сарвууны 2 байрлалын рентген зургаар зүүн гарын чигчий хурууны алга ясанд зөрүү багатай, хөндлөн сэлтэрсэн хугаралтай. Дүгнэлт бичсэн эмч: С.Чулуунсүх 2020.03.30...” гэж бичигдсэн бөгөөд уг дүгнэлтийн үндэслэж, Шүүхийн шилжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 4092 дугаартай шинжээчийн дүгнэлт гарчээ. /хх 29, 30/

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч /хохирогч/ А.Н “...хоёулаа харилцан зодолдсон. ...тухайн үед миний зүүн гарын савхан яс хугарсан. А.Д намайг гараараа цохиход нь би зүүн гараараа хаахад миний гарыг цохисон. Тухайн шөнөдөө гэмтлийн эмнэлэгт очиж зураг авахуулахад зүүн гарын савхан яс хугарсан байсан. Тэгээд нэг хэсэг гараа гипсдүүлж яваад гибсээ авахуулаад гадагшаа явсан. ...тухайн үед миний зүүн гарны савхан яс хугарсан. ...Тухайн шөнөдөө гэмтлийн эмнэлэгт очиж зураг авхуулахад зүүн гарын савхан яс хугарсан байсан. ...” /хх 17, 18, 52/, гэрч Мөнхжин “...тэгээд А.Н, А.Д нар харилцан бие биенийгээ цохилцоод зодолдсон. ...А.Н тэндээ гараа бариад үлдсэн. ...гэмтлийн эмнэлэг рүү очиж гараа үзүүлж гипсдүүлсэн гэсэн...” /хх 20/, цагаатгагдсан этгээд /хохирогч/ А.Д “...А.Н эхлээд намайг нэг цохиход өөрийн рефлексээрээ урдаас нь гар далайсан, гэвч оновчтой цохиж чадаагүй гэж үзэж байна. ...” /хх 59/, шинжээч эмч М.Золжаргалын “...чигчий хурууны алганы шивнүүр яс руу цохих, цохигдох хүч үйлчилсэний улмаас дээрх гэмтэл учирна. Гараа цангидаж байгаад аливаа нэг биетийг цохиход өөрийнх нь чигчий хурууны алганы шивнүүр яс хугарах боломж бага байдаг. ...” /хх 69/ гэх мэдүүлгүүдийг өгсөн байна.

Дээрх хэрэгт авсан нотлох баримт, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүдийг үнэн зөв гэж дүгнэж яллах дүгнэлт үйлдсэн атлаа гэмт хэрэг гарсан байдлыг сайтар шалгаж тогтоогоогүй, шүүхээс хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй, эргэлзээтэй байна.

Хэрэгт авагдсан Зөвлөгөө авах бичиг, хохирогч А.Нийн гэмтлийг тогтоосон Шүүхийн шилжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт гэмт хэрэг болсон цаг хугацаанаас хойш 3 сар 16-29 хоногийн дараа тус тус гарсан байна.

Мөрдөн шалгах ажиллагаанд явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн нотлох баримт цагаатгагдсан этгээд А.Д 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө 03 цагийн орчим хохирогч А.Нийн эрүүл мэндэд зүүн сарвууны чигчий хурууны алганы шивнүүр ясны далд хугарлыг учруулсан эсэхэд цаг хугацааны хувьд илэрхий эргэлзээтэй байхад түүнийг шалгалгүй орхигдуулсан нь ойлгомжгүй байна.

 Шүүгдэгч /хохирогч/ А.Н гэмт хэрэг гарсан цаг хугацаанаас хойш эмнэлэгт үзүүлсэн эсэх, эмнэлгийн байгууллага чухам ямар онош тавьж, түүнд эмчилгээ хийсэн болох, хэрэгт эд мөрийн баримтаар ирээгүй ч шаардлагатай бол 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн СД-1-г бэхжүүлэх зорилгоор хэрэгт хувийн сонирхолгүй тусгай мэдлэг, туршлага бүхий мэргэжилтэнг оролцуулж түүнд байгаа зүйлийг тодруулах.

Дээрх ажиллагааг хуульд нийцүүлэн хийж гүйцэтгэснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, зорилтод нийцэх учиртай.

Энэхүү магадлалд заасан үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан тул прокурорын бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл, шүүгдэгч А.Н, түүний өмгөөлөгч П.Учралгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлыг энэ удаад хянан шийдвэрлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/1013 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.Н, цагаатгагдсан этгээд А.Д нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан прокурорт буцаахаар шийдвэрлэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/1013 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч А.Н, цагаатгагдсан этгээд А.Д нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан прокурорт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч А.Н, цагаатгагдсан этгээд А.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл тэдэнд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, прокурор эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

                               

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              М.ПҮРЭВСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                                        Д.МЯГМАРЖАВ

 

 

ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ